Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: ҮАБЗ-ийн гурван хүнд УИХ-ын эрх мэдэл шилжчихлээ


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ гишүүдийнхээ барьцаанд оржээ. Саяын баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл үүнийг баталлаа гэж ярьж байна. Энэ тухай?

-Би энэ хуулийг хэлэлцэхэд хамгийн идэвхтэй эсрэг байр суурийг илэрхийлж байсан шүү дээ. Манай нам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн их хурлаараа үзэл баримтлалаа баталсан. Энэ үзэл баримтлалын гол зарчим нь хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлал бүхий нам байна гэж зарласан. Батлагдсан үнэт зүйлийнхээ төлөө намын даргын хувьд би тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм. Тиймээс УИХ-аас гарч буй удаа дараагийн хууль бус үйлдлүүд дээр би үгээ хэлж ирсэн. Сая гэхэд хамгийн сүүлд батлагдсан хууль дээр аймшгийг бий болгох замаар, нийгэм, УИХ-ын гишүүдэд айдас бий болгож, уг хуулийг баталчихлаа шүү дээ. Эрүүдэн шүүсэн гэх тэр бичлэгийг үзээд би бодит үнэнийг л хэлсэн. Эрүүдэн шүүсэн гэх энэ асуудал гэнэт гараад ирсэн юм биш. Социализмын үед 70-80 жил эрүүдэн шүүж ирсэн коммунизмын сонгодог арга барил байхгүй юу. Хэдэн арван мянгаар нь эрүүдэж, шүүж, буудаж, цаазалж Монголыг байхгүй болгоо биз дээ, коммунистууд. Тэгснээ гэнэт огт үзээгүй юм гараад ирчихсэн юм шиг олон юм ярьцгаагаад. Хэдэн мянган ээж, эмэгтэйчүүд, жирэмсэн ээжүүдийг хүртэл буудаж хороогоо биз дээ. Өчнөөн жил, сараар гянданд хорьж, эрүүдэн шүүж, дүүжилж хороогоо биз дээ. Коммунистууд ийм зэрлэг, бүдүүлэг арга барилтай байсан. Тэгчихээд өнөөдөр юуг нь гайхаад байгаа юм. Эрүүдэн шүүхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан Монгол Улсад байж болохгүй асуудал. Гэтэл ардчилсан Монголын 30 жилийн түүхэнд энэ асуудал байсан л байгаа байхгүй юу. Ардчилсан Монгол гэж бид яриад байгаа боловч энэ 29 жилийн түүхийн 22-д нь өнөөгийн коммунистууд засаглалаа тогтоолоо шүү дээ. АН 1996, 2012 онуудад хагас засагласан. Хэзээ ч дангаараа засаглаж үзээгүй. Энэ эрүүдэн шүүж, тамлан зовоож, хувь хүний эрх чөлөөг зөрчиж байгаа асуудлыг коммунистууд л хийдэг.

Өчнөөн хүн золгүй байдлаар амь насаа алдаж байна. Урьдчилан хорих төвд шүүгч нас барлаа. Дахиад урьдчилан хорих төвд хүн нас барсан мэдээлэл гарч байна. Батлан хамгаалах яаманд гэхэд дахиад л хүн үхсэн сураг дуулдаж байна. Хэн хариуцлага хүлээж байгаа юм. Хэн ч хүлээхгүй байна. Хамгийн ноцтой нь гурван шатны шүүхээр гэм буруутай гэдэг нь нотлогдоод ялаа авчихсан этгээдүүдээс Хууль зүйн сайд нь уучлалт гуйгаад л, эмнэлэгт хэвтүүлээд л. Яагаад ингэж үйлчлээд гүйгээд байгаа юм. Шорон гянданд хилсээр хүртэл хэлмэгдчихсэн өчнөөн хүн байгаа шүү дээ. Тэдэн рүү яагаад тэр Хууль зүйн сайд гүйхгүй байгаа юм. Энэ хэрэгт яагаад ингэж ач холбогдол өгч, үхэн хатан гүйгээд байгаа юм. Үүнийг өөр зорилготой гэж би харж байгаа. Тэд С.Зоригийн аллагын захиалагч илэрчих вий гэдгээс үхтлээ айж байгаа байхгүй юу. Одоо энэ хэргийг яг угаах гэж байна. Одоо эд нар ямар нэгэн байдлаар шүүх хяналтын байгууллагын шийдвэрийг цуцлуулж, тэр нөхдүүдийг суллаж, энэ хэрэгт дахиад эхнээс нь мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ. Энэ хооронд нотлох баримтууд нь устаж алга болно. Дахиад энэ хэрэг эзэнгүй өчнөөн жил явна. Энэ хэргээр баахан улс төр хийнэ. Энэ бол зүгээр л бичигдчихсэн кино харагдаж байна. Үүнийг Ц.Нямдорж гэх Хууль зүйн сайд л хийж байгаа юм. Энэ хүн Хууль зүйн сайдаар хэдэн удаа сонгогдсон бэ. Энэ хүн өөрийнхөө хариуцсан салбарын ажлыг сайжруулах талаар юу хийсэн юм. Эрүүдэн шүүх, тамлан зовоох энэ бүх үйл ажиллагааг тэр хүн мэдээгүй гэвэл хэн итгэх юм. Хэн ч итгэхгүй.

-Таны хувьд С.Зоригийн хэргийг үнэн зөв илэрсэн гэж үздэг үү?

-Бид өнөөдөр хууль, шүүхдээ итгэхгүй юм бол өөр хэнд итгэх юм. Би өөрөө хуулийн засаглалыг дээдэлнэ гэж үзэл баримтлалдаа оруулчихсан намын дарга шүү дээ. Энэ улс хуульгүй, шүүхгүй болчихвол үнэн хаана байх юм.

-Саяын хууль батлагдсанаар ҮАБЗ Үндсэн хуульд халдаж байна гэж байна л даа. Үнэхээр шүүх эрх мэдэл, Үндсэн хууль руугаа халдаад байх юм бол цаашдаа дарангуйлал тогтож магадгүй. Энэ тухай?

-Үндсэндээ ҮАБЗ-ийн гурван хүнд УИХ-ын эрх мэдэл шилжчихлээ. Парламентын засаглалтай улс шүү дээ. Их хурлын 76 гишүүн хууль санаачилж, баталж, хяналт тавьдаг чиг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр засаглал, эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуулийн бус хэлбэрт шилжүүлчихлээ. ҮАБЗ чинь Үндсэн хуулийн бус байгууллага. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад ордог институци биш байхгүй юу. Хууль тогтоох, гүйцэтгэх, төрийн тэргүүн гэсэн төрийн гурван өндөрлөгийн хоорондын уялдаа холбоог хангаж байх үүрэгтэй зөвшилцлийн байгууллага бол ҮАБЗ. УИХ хараат болсноор Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль, шүүхийн засаглалын хараат бус байдал алдагдчихлаа шүү дээ.

-Энэ нөхцөл байдалд Үндсэн хууль өөрчлөх асуудал хаврын чуулганаар орж ирэх байх. Сөрөг хүчний зүгээс энэ талаар юу гэж бодож байна. Тогтолцоог өөрчилнө гэж яриад байгаа шүү дээ?

-Ийм эрх зүйн чадамжгүй их хурал Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Гар хүрэх эрх ч байхгүй. Юун өөрчлөлт оруулах. Энэ их хурал тарах ёстой. Энэ их хурлын 51 гишүүн ЖДҮ гэх хулгайд их бага хэмжээгээр орооцолдчихжээ. Эрх мэдэл албан тушаалаа ашиглавал өчнөөн жилийн ял авах гэмт хэрэг. Зөрчлийн хуулиар зохицуулагдахгүй. Шууд Эрүүгийн хуулиар зохицуулагддаг асуудал. Өөрсдийгөө өмгөөлөхдөө ЖДҮ бол жижиг хулгай гэнэ. Хулгай л бол хулгай. Жижиг том гэж байдаггүй. Том хулгай илрүүлэх гэж байгаа юм чинь жижиг хулгай хийсэн ч яадаг юм гэнэ үү. Юу яриад байгаа юм бэ. Хууль бол хууль. Хуульд хууль бус гэж заачихсан л бол шийтгэлтэй байх ёстой.

-Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцална гэдэг дүгнэлт гарсан гэх мэдээлэл бий. Ингэж хамаагүй халдаж болох уу?

–Би анхнаасаа Оюу толгойн гэрээг батлахын эсрэг байсан цөөхөн гишүүний нэг. 2009 онд Оюу толгойн гэрээг батлах гээд явж байхад нь их хурал дээр удаа дараа асуулга тавьж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Нэгдүгээрт, техник эдийн засгийн үндэслэл байхгүй. Анхны хөрөнгө оруулалт нь эргэн төлөгдөх хугацаа нь зарлагдаагүй. Бүх юм нь түүхий. Энэ том орд руу яаран сандран орж болж байгаа юм уу. Гэрээний нөхцөл яагаад ийм байгаа вэ гэх мэт асуудлыг тавьдаг байсан. Оюу толгойн асуудлаас болж би тухайн үедээ Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг хоёр удаа огцруулахаар УИХ-д өөрийнхөө бланк дээр санал оруулсан боловч цөөнхийн санал авсан. Тэгж тэмцэж байсан. Өнөөдөр харин нөхцөл байдлыг арай өөрөөр харах ёстой. Нэгэнт энэ төсөл хөдөлчихсөн. Олон улсын гадны хөрөнгө оруулагчид ороод ирсэн. Энэ уурхайд манай улсын олон мянган иргэд ажиллаж байна. Амьдарч байна. Цалин авч байна. 17 мянга орчим ажлын байр бий болгосон байна. Үүнийг зогсооно гэдэг буруу. Харин Рио Тинтотой хэлэлцээрт орж, гэрээ ийм алдаатай байна. Бид нарт ийм саналтай байна гэж гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар шийдэхийн төлөө явах ёстой. Гэрээг сайжруулахаар Монголын тал явах ёстой. Гэхдээ ийм хааж, булаасан коммунист аргаасаа татгалзах хэрэгтэй.

-Энэ жагсаалыг ямар шалтгаанаар зохион байгуулсан вэ?

-Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд өнөөгийн эрх баригчдын үйлдэл, үйл ажиллагаанд АН хүлээцтэй хандаж ирсэн. МАН 2016 онд сонгуульд өрсөлдөхдөө чихэр, бурам шиг гоё амлалтуудыг ард иргэдэд өгч байв. Эрх баригчид үнэмлэхүй олон байсан учраас саад болох улс төрийн хүчин, ямар нэг гадаад дотоодын нөлөөлөл байсангүй. Үндсэн хуульд ч дангаараа өөрчлөлт оруулах бүрэн эрх нь байсан. Ийм том боломжийг маш сайн ашиглах болов уу гэж би харж байлаа. Энэ хугацаанд улс орны эдийн засаг тааламжтай нөхцөл байдалд байлаа шүү дээ. Гадаад зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ маш өндөр байгаа. Өнөөдөр зэс болон бусад уул уурхайн түүхий эдүүдийн үнэ 2012-2016 оны үеэс нэг дахин өссөн. Үүнийг дагаад гадаадаас Монгол Улс руу ирэх мөнгөний урсгал эрс нэмэгдсэн. Түүнчлэн маш их хэмжээний зээл, тусламж, бонд босгох замаар хөрөнгө оруулалтыг маш их хэмжээгээр босголоо шүү дээ. Ойролцоогоор таван тэрбум долларын хөрөнгө босгосон. Гэхдээ эдгээр мөнгөнүүд эргээд төлөгдөх өр зээл байхгүй юу. 2016 онд 22.4 тэрбум долларын нийт гадаад өртэй Монгол Улсыг хүлээлгэж өгч байсан бол энэ оны эхний улирлын байдлаар гадаад өр 28.4 тэрбум доллар болжээ. Түүнчлэн эрх баригчид бүх төрлийн татварыг нэмсэн. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн газрын төлбөр 10 дахин нэмэгдсэн. Энэ их мөнгө хаашаа ороод байна вэ. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болж, нийгмийн зорилтод бүлгүүд рүү очиж чадаж байна уу гэвэл үгүй. Тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдсэнгүй. Татвар л нэмэгдээд байна. Сангийн сайд гээд нэг мундаг худалч нөхөр байгаа шүү дээ. Тэр нөхөр гадаад өр дарж байгаа, АН-ынхны өрийг дарж байна гэж ярьдаг. Яс юман дээрээ өнгөрсөн парламентад АН 2.4 тэрбум ам.долларын бонд босгосон байдаг. Энэ мөнгөөр АН маш их бүтээн байгуулалт хийсэн.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригчдын хийсэн бүтээн байгуулалт гэж байхгүй. Маш олон худлаа амлалтууд өгсөн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгоно, оюутны 70 мянгыг үргэлжлүүлж олгоно, өрийг өрөөр дарахгүй, өр нэмэгдүүлэхгүй гээд л дурдаад байвал маш олон амлалтууд нь худлаа байсан. МАН-ын 2016 оны амлалтууд тэр чигээрээ эсрэгээрээ болсон. Үүнээс харахад эрх баригчид худал амлаж, хууран мэхлэх замаар төрийн эрхийг авсан байна. Хоёрдугаарт, 60 тэрбумын схемээр төрийн эрхийг худалдаж авсан. Ерөнхий сайд нь хүртэл үүнийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Монгол төрийн эрхийг хууь бусаар авсан нөхөд засаглаад сууж байна. Гуравдугаарт, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан ард иргэдийн боломжийг хэдэн тэрбумаар нь булаагаад авчихсан асуудал. ЖДҮ-д одоо 51 хүн холбогдчихоод байна. Ийм нөхцөл байдалд байгаа энэ УИХ тарвал яасан юм бэ. Манай намд лав энэ УИХ-ыг хууль батлаад, улс орныг авч явж чадна гэсэн итгэл байхгүй. Бид жагсаалаар эдгээр бүх үндэслэлүүдийг гарган тавьж, УИХ-д тар гэсэн шаардлагыг л тавьсан.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын даргад УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг зүтгүүлнэ гэх мэдээлэл гарсан байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Манай намын дүрмээр тийм боломж байхгүй. Мянган их хурал хуралдаад, мянган үндэсний бодлогын хороо хуралдаад ч нэмэргүй. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах болгондоо намын даргын асуудал яригддаг байсан. Одоо манай дүрмээр зөвхөн ээлжит сонгуульд олонх болж чадаагүй тохиолдолд ажлаа өгнө. Нэг бол нас барсан буюу өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд намын даргыг өөрчилнө. Манай нам өмнө нь даргын асуудал байнга ярьж, энд тэндээс чулуу шиддэг байсан. Энэ нь тогтвортой байдлыг хангадаггүй. Тиймээс шинэ дүрмээ батлахдаа ийм заалттай болгосон. Энэ мэдээлэл зүгээр л энд тэндээс шидэж байгаа чулуу л байх.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сум, багийн дарга гэх феодалууд уул уурхайгаас авлига нэхэж улс орныг хорлож байна

“Геологи хайгуул-2019” чуулган өнгөрсөн долоо хоногийн пүрэв баасан гаригт даруухан болж өнгөрөв. Чуулганы үеэр хайгуулын төсөл хэрэгжүүлж яваа компанийн төлөөлөлтэй уулзаж жаргал, зовлонг нь яриулах санаа байсан ч бүтсэнгүй. Хандсан болгон “Асуудал бэрхшээлээ ярьчихаар сум, орон нутагт хэцүү байдаг юм” гэсэн утгатай шалтгаан хэлээд үг унагасангүй. Засгийн газрын төвшинд хайгуулын төслөө хэрэгжүүл гээд зөвшөөрөл өгчихдөг ч орон нутагт очоод баргар царайлдаг нь геологийнхны нийтлэг зовлон. Тодруулж хэлбэл орон нутгийн засаг дарга, ИТХ-ын удирдлага, гишүүд гэсэн “өндөр” босгыг давж чадахгүй үгээ барж суугаа компаниуд өчнөөнөөрөө. Бүр тодруулж хэлбэл сум, багийн дарга гэх феодалууд уул уурхайгаас авлига нэхэж улс орноо хорлож байна.

Дорнодод алтны төсөл хэрэгжүүлж буй “Степп голд”-той холбоотой нэг баримт сонирхуулъя. “Дисковер Монголиа”-гийн үеэр энэ компанийн хайгуулын дээж болсон чулуунуудыг голын усанд үйж эсэргүүцлээ илэрхийлсэн орон нутгийнхны үйлдэл маш том кейс болж яригдсан юм. Өчнөөн мөнгө зарж гаргаж ирдэг дээжийг нь үгүй хийсэнд гайхшаа барсан компанийн удирдлага орон нутгийн ИТХ-ын хуралд хандаж л дээ. Бүр нулимс унаган байж тайлбар хийж. Тэр хуралд сууж байсан ИТХ-ын хэдэн төлөөлөгч энэ үйл явдлыг бахархангуй, шоолонгуй ярьж суусан жишээ бий. “Степп голд”-ын хувьд олон улсын хөрөнгийн биржээс амжилттай мөнгө босгож ирсэн компаниудын нэг.

Хайгуулын төсөл бүтэлгүйтсэн олон жишээний нэг нь уран. Францын “Арева” Дорноговьд том төсөл хэрэгжүүлэх гээд барахгүй яваа. Мөн л орон нутгийн хурган дарга нар, уул уурхайнхныг дарамталж мөнгө олж амьдардаг хэсэг бусаг улсын шантаажаар гацсан төсөл. Цөмийн эрчим хүчийг дэлхий нийтээрээ илүүд үзэх болсон, атомын энерги цаашдаа ч моодонд байх нь тодорхой ийм үед ураны төслөө хөдөлгөвөл эдийн засагт том хөшүүрэг болно.

Шатдаг занар дээр Америкийн “Жени ойл” төсөл хэрэгжүүлэх гэж ирээд мөн л толгойгоо сэгсрээд Монголыг орхисон. Газрын тосыг зах зээлээс шахах ирээдүйтэй бүтээгдэхүүн гэгдэж буй занар дээр хамгийн шилдэг технологитой нь АНУ. Технологио ашиглаад занарыг чинь олборлож, нүүрс, зэснээс өөр доллар олдог сувагтай болгоё гээд зориод ирэхэд нь орон нутгийн феодал дарга нар хэсэг бүлэг иргэд, иргэний хөдөлгөөн, эх оронч бүлэглэлтэйгээ нийлж шантаажилж, дарамталж, эсэргүүцсээр байгаад хөрөнгө оруулагчдыг төслөө орхиход хүргэсэн нь бодитой үнэн.

Хайгуулаас гадна олборлолтын төслүүд ч мөнгө нэхсэн засаг ноёд, иргэд, бүлэглэлийн шантаажаар хөдлөхгүй гацсан жишээ олон бий. Сүүлийн тод үйл явдал нь Ноён уулын эргэн тойронд өрнөсөн. Канадын “Сентерра голд”-ын хэрэгжүүлэх гэсэн алтны төсөл мөнгө нэхсэн орон нутгийнхан, иргэний хөдөлгөөнийхний балгаар өнөөг хүртэл гацаад буй. Сүүлдээ гуравдагч орны цөөхөн хөрөнгө оруулагчдын нэг болох “Сентерра голд” лицензээ зараад Монголыг орхисон.

Ер нь орон нутагт уул уурхайг эсэргүүцэх нь хавтгайрсан үзэгдэл болчихсон. Манайх шиг уул уурхайн орлогоо авилгаас ангидаар улсын хөгжилдөө шингээх улс төр, засаглалын чадавхи сул орнуудад уул уурхай орон нутгийн хурган дарга нарын дэмжлэгийг авахад асар хүнд, бараг боломжгүй гэсэн гутранги дүгнэлтийг салбарын шинжээчид хэлдэг юм билээ. Ганц эм уугаад эмчлэх хэмжээний хялбар согог биш, маш олон шалтгаан хавсарч нөлөөлдөг ч гэлцдэг. Байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнуудын хувьд цөөн хэдэн ашигт малтмалаас хэт хамааралтай гэсэн нийтлэг зураг харагддаг. Өнөөхөө зарж олсон олон тэрбум ам.долларын орлогыг эдийн засаг, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт болгож чадахгүй улстөрийн хэрүүл тэмцэлтэй аж төрдөг гэсэн онцлог бас бий.

Манай улс уг нь холбооны гэсэн тодотголгүй. Холбооны улсын тухайд муж муждаа дүрэм хууль зохиогоод аж төрдөг бол Монголын хувьд аймаг аймгийн засаг ноёдод тусдаа хууль, дүрэм зохиох эрх байхгүй. Засгийн газраас шийдвэр гарсан л бол орон нутгийн засаг дарга, ИТХ-ын удирдлага толгой дохиод суух учиртай. Геологи уул уурхайн хайгуул, олборлолтын төслүүд засгаас зөвшөөрлөө авсан л бол саадгүй хэрэгжиж байх ёстой л доо, засаглалаа харвал. Гэвч энэ зарчим эсрэгээрээ хэрэгждэг зовлон төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор байна. Нуулгүй хэлэхэд Засгийн газар нь ч орон нутгийн даварсан засаг ноёддоо үг хэлж, хариуцлага тооцохгүй өөгшүүлээд суугаа анзаарагддаг. Хачирхмаар нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлдэг том хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлэх гэж буй төслүүд дээр ийм зураг маш тод харагддаг. Эхлээд орон нутгийн засаг ноёд, хэсэг бүлэг иргэд, хөдөлгөөнүүд эсэргүүцнэ, дараа нь Засгийн газар нь дуугарахгүй суусаар хөрөнгө оруулагчдыг төслөө орхиход хүргэдэг. Бүр гайхмаар нэг хандлага засаг төрийн өндөр суудалд суусан эрхмүүдэд байдгийг онцлохгүй орхиж болохгүй. Уул уурхайг муухай харагдуулдаг “нинжа” нарын эсрэг орон нутгийн хурган дарга, Засгийн газрын тэргүүн, цаашлуулж яривал попрох дуртай, уул уурхайд харшилтай эх оронч улстөрчид ч ганц үг ганхийдэггүй. “Нинжа” нарын ард эрх мэдэлтнүүд байдаг, мөнгө ашгийг нь хүртдэг жинхэнэ эзэд нь улстөрчид гэсэн хардлага яриа бий. Сая онцолсон ажиглалтыг харахаар үнэнд ойрхон хардлага санагддаг юм. Хариуцлагагүй уул уурхайн жинхэнэ буруутнууд бол “нинжа” нар.

Уул уурхай хариуцлагагүй боллоо гэж шүүмжилдэг хэрнээ хариуцлагагүй уул уурхайн гол баатруудыг өөгшүүлж суугаа орон нутгийн хурган дарга нар, засаг төрийн эрх мэдэлтнүүдэд дайх нэг л үг байна. Энэ улсын эдийн засгийн талаас хол илүү хувийг уул уурхайн салбар нуруундаа үүрдэг. Хамгийн хүнд ачааг нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж яваа том компаниуд үүрч яваа. Уул уурхайгаа томруулж, эрчтэй хөгжүүлэхийн тулд хайгуулаа эрчимжүүлэх учиртай. Хайгуулын төслүүдээ гацаагаад байвал уул уурхай хөгжихгүй, улсын эдийн засаг томрохгүй. Тэгэхээр хайгуулын төслүүдийг гацаадаг орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцож хатуу сануулга өгмөөр байна, Ерөнхий сайд аа. Ингэж чадвал та илүү эх оронч, сүртэй, хүчтэй харагдана.


Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 08-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

НҮБ-ын байранд сургалтыг ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Мэдээлэл, харилцаа холбооны технологийг (МХХТ) заах арга зүйд тусгахад чиглэсэн, цогц чадамжид суурилсан багш бэлтгэх анхдугаар сургалт зохион байгуулна.

09.30 цагт ГХЯ-нд “Бидний цөөхөн монголчууд” төслөөс 1000 ширхэг гэрэл зураг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өгнө.

10.30 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Үндэсний чуулган зохион байгуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99027019

10.30 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ. Утас:91887887

11.00 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 88109945, 88081693

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд ОБЕГ, НЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаар мэдээлнэ. Утас: 99088881, 88114737, 88249813

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Л.Чулуунцэцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Ялалтын талбайд “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” нээлттэй хаалганы өдөрлөг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “MONGOLIAN MINING -2019” уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн зохион байгуулагч мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо” ТББ-аас Чингис хааны түүхэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас жижиглэн худалдаа эрхлэгчдийг ЖДҮХС-гийн зээлд хамруулах, бизнесийн орчинг сайжруулах талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганцэцэг: Ханьдаа зориулж хийнэ гэж тав, зургаан жил бодсон кино зохиолоороо “Халуун зүрх”-ийг бүтээлээ

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын байгуулсан Аримун продакшны анхны бүтээл Халуун зүрх уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм. Уг киноны талаар болон уран бүтээлийнх нь тухай жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэгтэй ярилцлаа.


-Танай продакшн анхны бүтээлээ дэлгэцэнд гаргасанд баяр хүргэе?

-Маш их баярлалаа, яг одоо “Өдрийн сонин”-ыг уншиж байгаа бүх уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. “Аримун” продакшны зүгээс аз жаргал, амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Хэд хоногийн өмнө Зэрлэг цэцэгсийн хүлэмж-ийг үзсэн юм. Таны хоолойг сонссон чинь шууд Сааралаа санагдаж байна?

-Тийм үү (Инээв).

-Жүжигчин хүн аль нэг дүрээрээ хүний зүрх сэтгэлд ингэж хүрнэ гэдэг сайхан байх шүү. Та шинэ кинондоо ямар дүр бүтээв?

-“Халуун зүрх” кинонд би Содгэрэл гэж дүр бүтээсэн. Үзэгчид үзээд шүүх байх аа. Нэг талаасаа хүүгийнхээ төлөө зүтгэж байгаа эх. Нөгөө талаасаа эрх мэдэл, эд хөрөнгөнд шунаж байгаа эмэгтэй. Хүн эд хөрөнгө, эрх мэдэлд хүрэх тусмаа улам их шунадаг. Хүн сэтгэлээ алдаад ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрч, ямар ч хамаагүй аргаар баяжихыг хүсдэг. Тийм зүйлийг харуулдаг дүр дээ.

-Бидний амьдарч байгаа нийгэм дээрээсээ авахуулаад доороо хүртлээ хүйтэн зүрхтнүүдээр дүүрсэн болохоор л та бүхэн кинондоо Халуун зүрх-ийн талаар дуугарсан, нийгмийг бүлээсгэх гэж оролдож буй уран бүтээлчид гэж ойлгоод байна. Зөв үү?

-Энэ уран бүтээл жүжигчин Д.Ганцэцэг гэдэг хүний ханьдаа зориулж хийсэн бүтээлээс үүссэн. Үүсэл нь тэр. Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёр “Аримун” продакшнаа байгуулаад ямар бүтээлээр уран бүтээлийн ажлаа эхлүүлэх вэ гээд олон санал гаргаж, хэлэлцсэн. Манай Гануухай (Жүжигчин А.Ганчимэгийг хэлэв.сурв) хоёр ч кино зохиол бичээд бэлэн болгочихсон байсан юм. Тэгснээ “Ерөөсөө Ганаа эгчээ таны ханьдаа зориулж кино хийнэ гэж надад ярьж байсан санаа тань зөв юм биш үү дээ. Эхнийхээ уран бүтээлийг энэ санаагаар хийе. Тэнгэрээс таны хань харж байгаа юм чинь” гэсэн. Би бодохдоо, анх удаа бүтээл найруулах гэж байна, ханьдаа зориулж хийнэ гээд тав, зургаан жил бодож байсан юмаа ажил болгоно гээд муу хийчихвэл, муухай болгочихвол яана гээд харамсалтай санагдаад эргэлзэж байсан. Гануухай “Та битгий эргэлз. Таны ярьж байсныг би буулгаад ирье” гээд долоо хоногийн дараа надад анхныхаа хар зургийг үзүүлсэн юм. Үнэхээр гоё болсон байсан, Гануухайгийн бичсэн зохиол. Тэгээд л “Энүүгээр л хийе” гээд хоёулаа ярьж байгаад засвараа оруулсан юм. “Халуун зүрх” гэх энэ бүтээлийг минь үзэх юм бол сэтгэл дотор минь нуугдаж, хадгалагдаж явсан маш их харуусал, гуниг бас баяр жаргал, инээд, хайр гээд бүх юм багтсан. Дээр нь би маш сайхан хайрыг үзсэн эмэгтэй гэж боддог, өөрийгөө. Хэдийгээр бодит байдал дээр мөнх бус ч гэсэн бодит бусаар энэ хайр миний сэтгэлд үргэлж мөнх оршиж байгаа. Тэр утгаар нь Гануухай маань “Халуун зүрх” гэж нэрлэе гэсэн. Өөрөөр хэлбэл, таны асуусан шиг хүйтэн зүрхтэнүүд олширсон өнөөгийн нийгэмд халуун зүрхтэй байгаасай. Хүн болгон хайраа нандигнаж, ариун нандинаар нь хадгалаасай гэсэн үүднээс энэ нэрийг өгсөн юм. Бидний бүтээсэн киног үзвэл үнэхээр л хайрандаа үнэнч, тэр хайрыг маш ихээр нандигнаж чаддаг, хамгаалж чаддаг, энхрийлж чаддаг тийм сайхан хайрын тухай гарна.


-Тэгвэл бүх хүн үзэх ёстой кино болж таарлаа?

-Кино театрууд гаргах гэж байгаа киногоо эхлээд өөрсдөө үзээд үзлэг хийдэг л дээ. Үзлэгээ хийгээд Гануухай бид хоёрт халуун баяр хүргээд “Бүх насныханд зориулсан уран бүтээл байна” гэж хэлсэн. Кинонд тоглосон отгон хүү Хангалын минь бүтээсэн дүрээр хүүхдүүд маш их зүйлийг ухаарах болно гэж кино театрынхан хэлсэн. Дээр нь уран бүтээлийг зөвхөн үзэгчдэд зориулаад зогсохгүй уран бүтээл гэдэг нийгмийн толь байх ёстой, нийгэмд амьдарч байгаа иргэд, хүн бүрт ухаарал, гэгээрэл хайрлах ёстой гэдэг үүднээс, мөн төр засагт ямар нэгэн харанга, дохио болж очих ёстой гэдэг санаагаар бид маш эмзэг сэдэв хөндсөн. Киног маань үзсэн хүмүүс маш ихээр ойлгоно. Монголд энэ өвчин, энэ зовлон, энэ хагацал газар аваад байгаа. Энэ бүхнээс бид төр засгийн дэмжлэгтэйгээр иргэн бүр хүн гэдэг үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байж тулгарч буй аливаа зовлонгоос ангижирч чадах байх аа гэдгийг ойлгуулахыг зорьсон бүтээл.

-Танай киноны багийг харахад их хүчтэй баг бүрдүүлсэн байна билээ?

-Хоёр жилийн хугацаанд ярилцаж байж, маш их бодож тунгааж байгаад гаргасан бүтээл шүү дээ. Тэр утгаараа дүрүүддээ ч маш их анхаарал хандуулсан. Гол дүр буюу миний ханийн дүрийг бүтээх дүр нь Эрдэнэ гэж нэртэй. Энэ дүрд тоглож байгаа жүжигчин ур чадвартай байхаас гадна хувь хүнийхээ хувьд тодорхой хэмжээнд зөв хүн байх ёстой гэж бодсон. Нөгөө талдаа уран бүтээлчийнхээ хувьд рейтинг өндөртэй хүн байх ёстой гэж бодоод Гануухайтайгаа ярилцаад “Фантастик” продакшны найруулагч, УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байхдаа маш олон дүрийг чадварлаг бүтээж байсан Б.Тамирыг сонгосон. Бид хоёрын хувьд юу хүндрэлтэй байсан бэ гэхээр Б.Тамирыг жүжигчнээр ажиллуулахын тулд зөвшөөрүүлэх нь хүндрэлтэй байсан. Б.Тамир маань зохиолоо уншаад “Би зөвшөөрч байна. Гэхдээ би тодорхой хэмжээнд байгууллага удирдаж байгаа хүн. Тэр олон хүмүүсээсээ зөвшөөрөл авах ёстой” гэсэн. Тэгээд “Фантастик” продакшныхан маань хуралдаад шийдвэр нь гурав хоногийн дараа гарч Б.Тамир маань “Халуун зүрх” кинонд тоглохоор болсон. “Фантастик” продакшны уран бүтээлчдэд хамгийн гол цөм болох найруулагчаа бидний уран бүтээлд жүжигчнээр ажиллахад зөвшөөрсөнд хоёр Ганаа нь баярлаж явдгаа хэлж байна. Б.Тамир энэ дүрийг маш сайхан бүтээсэн. Үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажилласан. Бидний урилгаар жүжигчнээр ажилласан хэдий ч миний хувьд анхны найруулга байсан учраас найруулагчийн ажилд минь маш их тус дэм болсон. Олон олон сцений ард бид хоёртой хамт байсан. Өөрөө зурганд ороогүй байхдаа ч сценүүдийн ард хамт байж, найруулагчийнхаа хувьд дэм болсон.

-Хүүгээ та хориод хориод дийлсэнгүй юу. Эсвэл та тоглуулав уу?

-(Инээв). Буржаакийг би сонгоогүй ээ. А.Ганчимэг сонгосон юм. Бондгор гэж нэртэй байсан юм. Бид хоёр бараг 50 гаруй бондоохой хүүхдийг шалгасан л даа, энэ дүр дээр. Өөрөөсөө эгч буюу киноны гол дүр Анхилуун буюу А.Ганчимэгт дурласан жаахан хүүгийн дүр байхгүй юу. Хэвлүүхэн, том хүн шиг ярьдаг хүүхдийн дүр л дээ. Олон бондгор хүүхдүүдийг цуглуулаад болоогүй юм. тэгээд А.Ганчимэг “Көк (Б.Хангал) чадна аа” гэсэн. Би эргэлзээд байсан. Тэгээд нэг өдөр проб хийсэн хэсгүүдээ Көкөөр цээжлүүлчихээд утсаараа бичлэг хийгээд Гануухай руу явуулсан чинь “Яг мөн байна, Ганаа эгч ээ, та битгий эргэлз. Яг болно” гэлээ. Тэгтэл дүр нь Бондгор нэртэй байдаг. Хүү маань туранхай байдаг. Тэгсэн чинь Гануухай “Үсийг нь буржийлгаад Буржаак болгочихъё” гэсэн. Тэгээд л хүүгийнхээ үсэнд хими хийлгээд Буржаак гэдэг дүрд тоглуулсан л даа. Миний хүү үнэхээр сайн тоглосон. Өөрийг нь сонгосон А.Ганчимэг эгчийнхээ итгэлийг алдаагүй, сайн тоглосон гэж бодож байгаа.

-Хүмүүст ойрын үед үзэх нэг шинэ кино нэмэгджээ гэж бодож байна?

-Би боддог юм. Хүн болгоны сэтгэл, зүрхэнд маш нандин, үнэн, ариун хайр үргэлж байж байдаг. Тийм ээ. Одоо цаг дээрээ ч оршсоор байдаг. Ийм хайрыг үргэлжийн, мөнхийн, яг одоо чигээр нь, халуунаар нь байлгаасай гэж боддог юм. Тийм байлгахын тулд хоёр хүн хоёулаа бие биендээ маш их хүндэтгэлтэй, маш их итгэл дүүрэн хандах ёстой болов уу. Зүрх нь үргэлж халуунаараа байгаасай. Миний үргэлж баримталдаг зарчим бий л дээ. Хүн нэгдүгээрт, өөрийгөө хайрладаг байгаасай. Яагаад вэ гэвэл бид бусдыг хайрлаж байна гээд л бусдын төлөө өдөр шөнөгүй зүтгээд, өөрийн эрүүл мэнд, өөрийн хүсэл сонирхол, дур хүслээ үргэлж хоёр, гуравт тавьдаг. Өнөөдөр та эрүүл мэндээрээ маш сайн байж байж, та ажил үйлсдээ манлайлагч байж байж, та өөрөө өөртөө эзэн нь байж байж өөртөө хайртай бүх хүнийг хайрлаж чадах хүчтэй болж чадна. Тийм учраас хамгийн нэгдүгээрт өөрийгөө хайрлаж байгаарай. Эрүүл мэндийн боловсролд маш ихээр суралцаасай. Өөрийгөө хайрласан цагт та бусдад үргэлж хайр түгээх чадалтай болно гэсэн үг. Зүрхээ халуунаар нь, сэтгэлээ дулаанаар нь үргэлж инээмсэглэл дүүрэн амьдраасай гэж ерөөе.

Манай киног үзээд үнэн хайр гэж ямар аугаа байдаг юм бэ гэдгийг Эрдэнийн дүрээс харах болно. Манай киноны бүх эрэгтэй дүр үнэхээр сайхан, гайхалтай эрчүүдийг харуулсан. Одоо цагт эрчүүдийг их доош нь хийдэг болсон. Эрчүүд маань эр хүн шиг байхаа болилоо гэж их ярьцгаах болсон л доо. Миний бодлоор маш олон эрчүүд эр хүний мөн чанараа хадгалаад байж л байгаа гэж боддог. Тэр ч утгаараа энэ кинонд гарч байгаа ялангуяа эрэгтэй дүрүүдээ эр хүний мөн чанарыг харуулсан сайн, сайхан дүрүүдээр харуулахыг хичээсэн. Ирээдүйд аав, эцэг болох, ирээдүйд өрх толгойлох залуус олноороо үзээсэй. Кинон дээр гарч байгаа Ням, Билэгт, Эрдэнэ шиг, бас тэр Буржаак шиг тийм зөв эрчүүд байгаасай.


Categories
мэдээ цаг-үе

Л.Жавзмаа: Тэр их яргалал зодуур, нүдүүр, доромжлолыг хүү минь яаж тэсч тэвчиж байсан бол гэж бодохоор сэтгэл өвдөж, яс минь янгинаж, зүрх шархирч байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээр Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүхээс дээрх гурван хүний хэргийг хянан хэлэлцээд 20 жилийн хорих ялаар шийтгэсэн. Сүүлийн үед Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх асуудал яригдаж эхэлсэн. Тагнуулын ерөнхий газрынхан Б.Содномдаржааг Ц.Амгаланбаатар болон хүн амины хэргээр ял эдэлж байгаа хоригдол И нараар зодуулж, олон хоног нойргүй хонуулж, эрүүдэн шүүж байгаа. Т.Чимгээгийн хоригдож байгаа өрөө рүү Ц.Амгаланбаатар цээж нүцгэн орж, дарамталж байгаа зэрэг 27 минутын түүвэр бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлч нарт үзүүлсэн. Мөн Б.Содномдаржааг зургаан хоног унтуулахгүй, галуун цуваагаар алхуулж, олон цагаар явган суулгах, С.Зоригийг алсан гэдгээ хүлээ хэмээн Ц.Амгаланбаатар, хоригдол И нар ээлжлэн зодож, хүний өтгөн, шингэнтэй ялгадсыг толгой руу цацаж эрүүдэн шүүсэн нь ил болоод байгаа. Энэ талаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцлаа.


-Таны хүүг Төв аймгийн хорих ангид хоригдож байх хугацаанд эрүүдэн шүүсэн гэдэг нь ТЕГ-ынхны нууц бичлэгээр тодорхой болсон. Та тэр бичлэгийг үзсэн үү?

– Тэр их яргалал зодуур, нүдүүр, доромжлолыг хүү минь яаж тэсч тэвчиж байсан бол гэж бодохоор сэтгэл өвдөж, яс минь янгинаж, зүрх шархирч байна. Би хүүгээ хилс хэрэгт гүтгүүлж байна. Миний хүү төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэдгийг олон төрлийн нотлох баримттайгаар хэлж ирсэн. Олон ч удаа Орхон аймгаас Улаанбаатар хотод очсон. Хэвлэлийн бага хурал сэтгүүлч нарт хийж, миний хүү энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. 20 гаруй жилийн өмнө гарсан хүн амины хэргийг гэм буруугүй хүмүүст тохож, хэргийг илрүүлэхгүй байх сонирхолтой улс төр, хууль хяналтын байгууллагын бүлэглэл бий болсон гэдгийг хэлж байсан. Хүүг минь анх тагнуулынхан баривчилж цагдан хорьсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хүний эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн. Ар гэрийнхэн бидэнд хаана ямар үндэслэлээр баривчилж байгаа гэдгийг хэлэхгүй байснаас эхлээд аль хорих ангид саатуулсан. Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэхгүй байсан. Өмгөөлөгчгүйгээр байцаалт авдаг байлаа. Биднийг эргэлтээр уулзуулахгүй олон хоног, сар болгосон гээд тоочоод байвал хэдэн ч цаг ярьж болохоор хэмжээнд эрхээ зөрчүүлсэн. Монголын хууль хяналтын байгууллагын хүнд сурталд дөрвөн жил гаруй хугацаанд дарлуулж, доромжлуулсан. Миний хүү С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй. Хорих ангид дарамтлуулж, зодуулж байна гэдгийг хэлсэн. Харамсалтай нь цөөн хэдэн хүнээс бусад бүх хүмүүс тоохгүй байсан шүү дээ.

Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн гээд байгаа улс оронд миний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа гэдгийг удаа дараа хэлсэн. Ц.Нямдорж сайд болон УИХ-ын гурван гишүүнээс бусад нь огт тоож хүлээж аваагүй. Цагдаа, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд надад өргөдөл бичээгүй, гомдлоо өөрийн биеэр хэлэх гэж үүдийг нь сахиж зогсоогүй газар гэж байхгүй. Шоронд бусдын дарамтад эрүү шүүлтэд орж байгаа хүү Б.Содномдаржаа болон ар гэрийнхэн болон би, эхнэр, алаг үрсийнх нь эрхийг хамгаалуулах гэж ёстой л хөлөө хүрэх газар бүрт очиж байсан даа. Би нэг л зүйлд итгэлтэй байдаг. Миний хүү С.Зориг агсны амь насыг хөнөөгөөгүй. Хүн амины хэрэг үйлдэх тийм хүмүүжил, сэтгэл зүрхтэй ч хүн биш.

-Та бүхэнд бусдад дарамтлуулж байгаа талаараа хэзээ хэлсэн бэ?

-Өнгөрсөн жил хүүтэйгээ хорих ангид очиж уулзсан юм. Хорих ангийн дарга уулзах зөвшөөрөл олгосонд одоо ч гэсэн баярлаж явдаг. Би хүүтэйгээ эргэлтээр гурав хоног хамт байхдаа бүгдийг эхнээс нь асуусан. Хэрэг хийгээгүй хүнийг энэ хүмүүс яадаг юм бэ. Ямар аргаар хэрэг хүлээлгэсэн бэ. Энэ хэрэгт холбогдож хоригдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Ээж хүний хувьд хүүгээсээ асууж байна гээд л олон зүйлийг асууж байгаа юм. Тэр үед миний хүү энэ талаар надад дэлгэрэнгүй хэлсэн. Тагнуулын ажилтан махлагдуу биетэй хүнийг бэлдчихсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагч, Ц.Амгаланбаатар, хүн амины хэрэгт хорих ялаар шийтгүүлсэн хоригдол нар айлган сүрдүүлж, дарамталдаг байсан. Хоригдож байгаа жижигхэн өрөөнд ёстой л дайн болдог байсан. Баас, шээс толгой дээр асгах энүүхэнд. Чамайг ална. Нүдийг чинь сохолно. Чих, хамрыг нь огтолно гээд л байнга зоддог. Ц.Амгаланбаатар нэг хоригдол нарт яаж ч зодуулж байсан хорих ангийнхан огт тоодоггүй. Бусдаас аврал эрж хашгираад хэн ч ирдэггүй байсан гэсэн. Өөр өрөөнд хоригдож байгаа Ц.Амгаланбаатар яахаар чиний хоригдож байгаа өрөө рүү яваад ордог байсан юм бэ. Цоож цүү гэж байдаг биз дээ гэхээр зориудаар над руу явуулдаг байсан байх. Намайг алж байсан ч хорих ангийнхан мэдэх юмгүй л чихээ бөглөөд нүдээ аньчихсан юм шиг л ханддаг байсан. Зовохын дээдээр зовж, эрүү шүүлтийн зовлон гэдгийг амсаж тарчилж байгаа гэдгээ хэлсэн. Хүүгээ эрүүдэн шүүлгэж байгааг анх сонсоод сэтгэл зүрх минь урагдаж, мөн ч хэцүү байсан даа. Ямар нэгэн үг хэлэхээр л миний хүүг сахилгад аваачаад хийчихдэг байсан гэсэн. Хүүгээ зодуур нүдүүрийг даахгүй амиа алдчих вий гэхээс айгаад миний хүү энэ хүмүүсийн үгнээс битгий гараарай гэж захиж хэлж байлаа. Аргаа барсан даа л тэгж захиж байгаа юм.

-Гэхдээ Б.Содномдаржаа үйлдсэн хэргээ хүлээж байгаа мэдүүлэг байдаг. Хэргийг мөрдөн шалгаж байгаа хууль хяналтынхан хүүнийг нь камераар бичлэг хийж бэхжүүлж авсан байдаг ш дээ?

-Тэгж их дарамталж, зодож, нүдэж байхад ямар ч хүн тийм мэдүүлэг өгөх байх. Зургаан хоног нойргүй хоноод хавиргаа хуга өшиглүүлээд нүүр нүдгүй зодуулахаар ямар хүн тэсэх юм бэ. Амьд үлдчих юмсан. Эрүү шүүлтээс амьд гарчихвал хэдэн хүүхэд дээрээ эсэн мэнд уулзах хувь тавилан байгаа болов уу гээд л тэдний зааж өгч, хэлснийг ярьсан байх. МҮОНРТ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг талаар мэдээлэл гаргасан. Ц.Амгаланбаатар нэг орон сууцны өрөөнд хэргийн талаар тайлбар хийж яриулсан байдаг. Тагнуулынхан Ц.Амгаланбаатараар худлаа яриулсан байдаг юм билээ. Үндэсний телевизээр хэт нэг талыг барьсан нэвтрүүлэг гаргасанд харамсаж гомдож явдаг даа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шалгагдаж эхэлсэн цагаас хойш бүх зүйл нь худлаа байсан. Цаанаасаа бүх зүлийг нарийн бодож бэлтгэсэн хэрэг илрүүлэх жүжиг байсан юм. Хорих ангид хоригдож байгаа Ц.Амгаланбаатар анх мессэж бичдэг байсан. Тэгээд л гэнэт хүмүүстэй маргалдсан болгоод аваад явсан. С.Зориг агсны эхнэр Б.Булган хоёр хүн энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд байхад дөрвөн хүн болгосон. Хэргийн гэрчүүдийн ярьж байсан зүйл одоо огт өөр болчихоод байгаа юм. Тэр үед 35-40 насны тийм тийм хүн алсан гээд ам зураг хүртэл гарсан байдаг. Гэтэл 16-тай, 21-тэй хүүхдүүд очоод хүн алчихсан болж хувирсан. Үүний дараа Отгонбаатар гэх хүнийг эхнэр, хоёр хүүхэдтэй нь хамт гэрийг нь шатааж амь насыг нь хөнөөсөн болгосон. Отгонбаатар нарын дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан тэр шөнө миний хүү гэртээ байсан. Миний хүүгийн том охин төрөөд наймхан сартай байлаа. Шөнийн гурван цагт эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан хүнийг л айл шатаагаад явж байсан болгочихож байгаа юм. Хэн ч бодсон нялх хүүхэдтэй хүн айл шатаах гээд явахгүй нь тодорхой байсан шүү дээ. Тагнуулын ажилтан бүдүүн биетэй залуу зодуур нүдүүрийг хажуугаар өрөөнд нь орж ирээд “Миний дүү хэргээ хүлээчих. Хүүхдүүддээ хурдан очье гэж бодож байгаа бол ийм мэдүүлэг өг гээд л бүх зүйлийг нь зааж өгдөг байсан гэсэн. Бүр миний хүүд мансууруулах бодис хоолонд нь хольж өгдөг байсан. Үүнээс болоод хөл гар нь салгалж, зүрх судасны өвчтэй болсон.

-Шүүх хурлыг нээлттэй хийх талаар та бүхэн санал гаргаж, шүүхийн байгууллагад хандаж байсан. Б.Булганыг шүүх хуралд оролцуулахгүй байсан шалтгааныг юу гэж боддог вэ?

-Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж өгөх хүсэлтийг шүүхийн байгууллагад олон удаа хандаж хүсэлт өгсөн. Бидэнд олон нийтэд энэ хүмүүс хэрэг үйлдсэн үү гэдгийг нууж хаагаад байх зүйл байгаагүй. Шүүх хурлыг нээлттэй хийхээр хэрэгт холбогдсон хүмүүс буруугүй гэдэг нь илэрчих гээд байсан юм билээ. Үнэн илэрнэ гэж айхдаа бүх зүйлийг хааж боож нууц гэж үзсэн. Би хүүтэйгээ ярилцаж байхдаа “Миний хүүг Булгантай уулзуулсан уу” гэхэд “Булган харин намайг биш гэж хэлсэн” гэж хэлж байна лээ. Тийм учраас л хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг гэрч биш, яллагдагч биш болгочихсон. Б.Булган шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэрэгтэн биш гээд хэлчих байсан учраас хууль хяналтынхан бүгд айсан байх. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний том ах С.Баяр шүүх хурлын үеэр “Миний төрсөн дүү С.Оюун шүүх хуралд оролцохгүй гэж хэлээгүй. Гадаадад ажилтай, олон улсын хуралд оролцох учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө болгосон. Энэ шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсье” гэж хэлсэн. С.Оюун, С.Баяр нар энэ хэрэг илэрсэнд итгэлгүй байгаагаа хэлсэн. Мөн шүүх хурлыг орхиод гарсан байдаг. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрүүлсэн гэдэг нь худлаа болж байгаа шүү дээ.

-Одоо яах ёстой вэ. Б.Содномдаржаа нар энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг мөрдөн шалгаж ажиллагаа хийгдэж эхэлсэн үү?

-Би эхлээд хүүгээ хэлмэгдэж байгаа хэлээд л өөрсдийнхөө чадлаар явж байлаа. Тэр үед үнэн мөхөсддөг юм байна. Хэзээ нэгэн цагт үнэн заавал ялж, хүү минь хүн амины хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогдох байх гэж боддог байлаа. Итгэл найдвар байсан. Миний хүү ч үнэн зөв тогтоогдох ёстой гэж надад хэлдэг байлаа. Хууль зүйн сайд Ц.Нямдорж л хэлмэгдчихээд аргаа барж явахад наашаа гэж шударга үнэний төлөө хандаж байлаа. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь худлаа байсан гэдэг нь эхнээсээ тогтоогдож эхэлж байна. Үнэнд гүйцэгдэж эхэллээ. Энэ хэргийг маш хурдан илрүүлж хаах сонирхол хэнд байв. Яагаад хилсээр гэм зэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлж, эрүү шүүлтэд оруулав. Хэний өгсөн үүрэг даалгаварыг ТЕГ, прокурор, шүүхийн нэр бүхий хүмүүс хийж гүйцэтгэв гээд хууль бус олон зүйл шалгагдаж эхэлж байна. Мэдээж тодорхой цаг хугацаа орох байх. Гэхдээ хүү минь хилс хэрэгт хэлмэгдэж байсан гэдэг нь тогтоогдож, ээждээ, эхнэр, алаг үрсдээ дээрээ ирэх цаг ойрхон иржээ гэж мэдрэгдэж байна. Би энэ бүхний дараа нэг л зүйлийг та бүхэнд хэлэх байна. Миний хүү энэ хэрэгт ямар ч холбоогүй шүү. Ядарсан эгэл жирийн бидний амьдралаар хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүсийг гар хөлөө болгосон улс төрчид дэндүү их тоглож, хүний эрхийг улан доороо гишгэж доромжиллоо. Нүднээс гарах нулимасгүй болтлоо уйлж, зовлон гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож, сэтгэл урагдаж, зүрх шархирсан хар дарсан жилүүдийг тууллаа. Хэлмэгдүүлэлт зогсож байгаа гэж л найдаж итгэж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Прокурор Л.Отгонбаярын гэх тодотголтой Дугархорлоогийн хэрэг буюу “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз” дуулианыг эргэн сануулахад

Зүүн гар талаас хурандаа Гантулга, Ж.Шарав

Улсын прокурорын орлогч Л.Отгонбаяр гэж хүний сэдэж зохион байгуулсан Дугархорлоогийн хэрэг гээчийг Монголын ард түмэн мэднэ. Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн агент Дугархорлоо гэдэг хүн 1982 онд Эрдэнэт хотод өөрийгөө буудаж амиа алдсан юм. Гэтэл гурван жилийн дараа энэ хэргийг Зүүнхараагийн хорихын ялтан Мягмар үйлдсэн хэмээн мэдүүлж, уг хэрэгт арван хүнийг яллагдагчаар татсаны дөрөв нь цаазын ял сонсоод чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан. Харин нэрт зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай 1989 онд Үнэн сонинд Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз гэх нийтлэл бичсэнээр тухайн хэрэг задарч, цаазын ял болон гянданд хоригдох хатуу шийтгэл хүлээсэн хүмүүс хилсээр хэрэгт тохогдсон нь үнэн болж хэрэгсэхгүй болсон түүхтэй. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Дугархорлоогийн хэргийг мөрдөж шалгасан цагдаагийн хурандаа Гантулга, ахлах мөрдөн байцаагч Ж.Шарав нартай уулзлаа.


Дугархорлоогийн хэрэг буюу гучин долоон жилийн өмнө болсон энэ хэргийн дуулианыг мэдэх хүмүүс нь сайн мэднэ. Мөрдөж шалгаж байсан хүний хувьд юу хэлэхсэн бол?

-Ахлах мөрдөн байцаагч Ж.Шарав: Би шударга үнэний төлөө тэмцэж ирсэн хүн. Миний 30 жилийн тэмцлийн зөвхөн нэг агшин нь энэ иргэн Д-гийн (Дугархорлоо) хэрэг юм. Хүн төрөлхтний аль ч цагийн түүхэнд хэлмэгдэл гэдэг зүйл байсаар иржээ, цаашид ч байсаар байх болов уу. Энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрийн Улсын Их хурлын чуулган дээр Х.Нямбаатар гишүүн зохиолч Ж.Барамсайн бичсэн “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз” гэсэн нийтлэлийн тухай хэлсэн. Энэ бол улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтээ холбогдуулж хэлсэн үг байв. Х.Нямбаатар гишүүний чуулган дээр хэлсэн дээрх үгтэй холбогдуулж бид бүхэн уулзаж байна. Эрдэнэт хотын төв зам дээр иргэн Дугархорлоо амиа алдсаныг хуулийн байгууллагууд шалгаж үзээд гадны нөлөөгүй гэж үзсэн байдаг. Үндсэндээ уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгтэл гурван жилийн дараа дээрх хэрэг задарч, 10 хүнийг хилсээр хэлмэгдүүлэн татан оролцуулсны дөрвөн хүн нь ялын дээд хэмжээ буюу цаазын ял сонсоод амь хэлтэрч 15 жилээр гянданд хоригдох ялаар шийтгүүлэн, цаадах хүмүүс нь бүгд хуулийн дагуу зохих хэмжээний ял шийтгэл хилсээр хэлмэгдэж хүлээсэн юм билээ. Энэ бол маш ноцтой аймшигт хэлмэгдүүлэлт. Ж.Барамсайн нийтлэлийн дараа хуулийн байгууллагуудаас хэргийг шалгах групп томилогдсон. Тус группт эрүүгийн төлөөлөгч, ахлах мөрдөн байцаагчаар миний бие томилогдож ажилласан. Эрүүгийн ахлах төлөөлөгч хурандаа Гантулга группийг удирдсан. Миний бие олон жилийн хугацаанд төрөлжөөгүй онц ноцтой гэмт хэргүүдийг олон жил мөрдсөн учир намайг томилсон байх. Мөн сүүлийн жилүүдэд нь мөрдөн байцаах газрын нэгдүгээр хэлтэст хяналт тавьж шалгах ажлыг зааварлаж байсан. Энэ хэрэгт туршилт хийгдээгүй байсан. Намайг туршилтаараа мэргэшсэн хүн гэдгийг хуулийнхан мэднэ байх, тэр тухайд үнэлдэг нь ойлгогддог. Шалгалтын явцад иргэн Дугархорлоог алсан гэх Ж.Мягмар, мөрдөгчийн аманд хөтлөгдөөд өөрийнхөө зохиосон үйлдлийг мөрдөгчийн амаар мэдүүлсэн нь надад мэдрэгдсэн. Мягмар бол Эрдэнэтийн хивсний үйлдвэрт байхдаа хэрэг хийж Зүүнхараагийн хориход есөн жилийн ялтай очсон хүн. Тэр хүн худал мэдүүлэг өгч, ийм юм сэтгэж Дугархорлоогийн хэрэг гээч зохиомол хэргийг гаргаж ирсэн.

-Хэнд хэрэгтэй гэж зохиомол хэрэг сэдэж гаргаж ирсэн байх уу?

-Ахлах мөрдөн байцаагч Ж.Шарав: Хивсний гэмт хэргээр өөрийг нь илрүүлж мөрдөн эрүү үүсгэсэн эрүүгийн төлөөлөгч, мөрдсөн мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тэгээд өөрийг нь ялласан прокурор нарыг яллуулахын тулд ийм зохиомол хэргийг эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн удирдлага дор зохион байгуулсан. Хэргээ нотлохын тулд маш олон хүнийг гэрчээр татсан. Гэм зэмгүй хүмүүст ял тулгасан. Тухайлбал, Хялгантын модны үйлдвэрт ажиллаж байсан дөнгөж хорин настай Уранчимэг гэж хүүхнийг энэ хэргийн зохион байгуулагч гэж татсан. Мягмар Уранчимэгийг өмнө нь зүгээр таньдаг л хүн байсан. Мөн цаазын ял сонсож 15 жилийн ял хүлээсэн Авирмэд, Буджав нартай шоронгоос гарсан үед нь Эрдэнэт хотод эмэгтэйчүүдийн хорин ангид ял эдэлж байгаад гарсан Тамарагийнд архидаж байгаад танилцсан хүмүүс байна лээ гэдэг нь хэргийг явцад ойлгогдсон. Тэр бүгдийг гэрчээр дуудаад энэ хэрэгт маш олон хүнийг огтооос үндэслэлгүй хэлмэгдүүлсэн байгаа юм. Тэдний дунд өргөсөн тангарагтаа үнэнч хуульчид, эмч нар хэлмэгдэж хань ижил үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь уй гашуу, гай гамшиг хагацал харуусал нүүрлэж нөхөж баршгүй хор хохирол амссаныг нүдээр үзээд сэтгэл эмзэглэж байлаа. Тэр хүмүүсээс амь насаа ч алдсан шүү дээ. Ахлах мөрдөн байцаагч ахмад Цэндсүрэн амиа алдсан. Энэ бол Мягмар гэж шоронгийн хоригдлын өшөө авалт байсан. Ер нь хүнд хэрэгт яллагдсан увайгүй нэгэн хэнийг ч, магадгүй төрсөн эхийгээ ч юу ч гэж хэлж гүтгэж болдгийн жишээ энэ юм. Зөвхөн мөч хором бүрийг өөртөө аль болох ашигтайгаар өнгөрөөхөөр яахаас ч буцдаггүй, үүнийг хоригдлуудын дунд “ял наймаалцана” гэж хэлдэг, тийм үгтэй юм. Шоронгийн шийдсэн ялтнуудаас гардаг ял наймаалцахыг Мягмар өөрийн өргөдлөөрөө бий болгосныг бид бүхэн нарийн нягталж шалгаад Дугархорлоогийн хэрэг гадны нөлөөгүй гэж үзэн прокурорын хяналтад шилжүүлж байсан. Наймдугаар сарын 27-ны өглөө хэргийн газар бүх шинжээч, мэргэжлийн хүмүүс очиж зураг авч үзлэг хийгдсэн. Үзлэгийн протколыг Эрдэнэт хотын цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Цэндсүрэн хийсэн. “Аавын цээж” гэж нэрийддэг машины тэвшин дээр нас барсан хүн ямар байрлалтай байсан зэргийг маш нарийн хийсэн байдаг. Дараа нь туршилт хийхийг миний бие санаачилж группийнхээ хүмүүст танилцуулсан. Ингээд туршилтыг Туулын бурсанд хийхэд үзлэгийн протколтой яг таарч байсан юм. Амиа алдсан Дугархорлоогийн хувийн байдал, зан араншин, ахуй амьдрал, тооцоо өр төлбөр зэргийг шалган тогтоосон. Дугархорлоо амьдралын хувьд нэн ядуу, Ингэт толгойн САА-д агент байхдаа 40 мянган төгрөгийн алдагдалд орсон байдаг. Тэр үеийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 63-ын “В”-д зааснаар өмчийн дээд хэмжээ 25 мянган төгрөг байсан. 25 мянган төгрөгөөс дээших хохирлыг онц ноцтой хэрэг гэж үздэг байсан. Энэ дашрамд цохон хэлэхэд нэрт зохиолч, сэтгүүлч Ж.Барамсайн гавьяаг үнэлэх л байсан юм.

-Хурандаа Гантулга: 1982 оны наймдугаар сарын 26-27-нд шилждэг шөнө Булган аймгийн Ингэт толгойн САА-н агент Дугархорлоо гэдэг хүн ар дагз руугаа буудаж өөрийнхөө амийг хорлосон. Гол шалтгаан нь 40 мянган төгрөгийн өрөнд орсон явдал гэж хэлж болохоор. Араас нь нягтлан нь явлаа, хэсгийн төлөөлөгч нь явлаа л гэдэг. Тухайн нөхөр зугтаад байжээ. Ингээд 26-ны шөнө Эрдэнэт хотын төвд байдаг ганц төрсөн эгч дээрээ очсон байгаа юм. Ганц эгчдээ уйлж байгаад хэлсэн үг бий. “За миний эгч. Би тантай хамгийн сүүлчийн удаа уулзаж байна” гээд агентынхаа бараанаас алчуур, плаж зэргийг бэлэглээд явсан байдаг. Энэ тухай эгч нь мэдүүлэг өгсөн нь хэргийн бүртгэлд байгаа. Ямар логикоор бодоод үзсэн тэр хүн өөрийгөө нь хорлосон нь тодорхой. Түүнээс өөрийг нь хүн ална гэдгийг мэдэхгүй байх. Ямар учраас ялтнууд ял наймаалцаж, зохиомол хэргийг үүсгэдэг юм бэ гэхээр ерөөсөө л төрийн өндөр албан тушаалтнууд, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой. Албан тушаал олж авах гэсэн, эрх мэдлээ дээшлүүлэх гэсэн нөхдийн зорилготой явуулж буй харгис заваан үйлдэл. Иргэн өөрийгөө буудсан хэргийг Зүүнхараад ял эдэлж байсан Мягмар гэдэг зальтай, худалч, луйварчин нөхөртэй шорон дотор очиж уулзаад, энэ хүнийг ашиглаж болох юм байна гэж боджээ. Тэгээд ял наймаалцах маягаар тухайн нөхрийн хэргийг хөнгөлөөд, улсын прокурорын орлогч дарга байсан Л.Отгонбаяр, мөн намын төв хорооны улс төрийн хэлтэст ажиллаж байсан “улаан хамарт” Даваахүү гэж энэ хүмүүс зохион байгуулсан байдаг. Даваахүү бол бүр нууц ноёнтон. Хэргийг бүр дээрээс удирдаж байгааг хэн ч мэддэггүй. Отгонбаяр цагдаагийн байгууллагын удирдлага ажилтнуудтай нийлж С.Зоригийн хэргийн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал шиг ийм зохиомол хэргийг бий болгосон. Ямар ач холбогдолтой юм, ингэснээрээ хэнд хэрэгтэй байв гэсэн асуулт гарна. Ноцтой гэмт хэрэг илрүүлсэн хүмүүс албан тушаал дэвшдэг байсан. Орлогч прокурорыг улс төрийн товчооны нууц ноёнтнууд нь магадгүй ерөнхий прокуророор тавина гэж тохиролцчихсон ч юм билүү. Гэвч бодит амьдрал дээр худал, үнэн хоёр гэдэг чинь хар цагаан шиг хоёр шиг байдаг байхгүй юу. Зургаан сар гаруй хугацаанд хоёр удаа мөрдөн групп явсан. Нэг группт нь Монгол Улсын гавьяат хуульч мөрдөн байцаагч Дамдин, нөгөөд нь алдартай мөрдөн байцаагч Шарав гуайтай явж энэ хэргийг 1990 онд хэрэгсэхгүй болгосон. Туршилтыг хуулийн дагуу, ном журмын дагуу өндөр түвшинд хийсэн. Шарав мөрдөн байцаагч туршилт хийдгээрээ алдартай хүн юм. Хүн ар дагз руугаа буудаж болох уу гэж үзэхэд болж байсан. Харин Дугархорлоо гэдэг тэр хүн ар гэр үр хүүхэддээ нэр төрөө хамгаалж үлдэхийн тулд хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй гэдэг байдалд оруулсан.

-Ж.Барамсай зохиолч уг хэргийг яаж мэдэж сонинд гаргасан юм бол?

-Хурандаа Гантулга: Барамсай Зүүнхараагийн хориход санамсаргүй очоод сурвалжлага хийж явтал Мягмар, Уранчимэг нар мэдүүлгээсээ буцсан байсан. С.Зоргийг алсан гэх Амгаланбаатар мэдүүлгээсээ буцдаг шиг юм болохгүй юу. 10 хүн гүтгэгдсэний 2, 3 нь цагдаагийн ажилтан прокурор, эмнэлгийн ажилтнууд байдаг. Захын гэрчийг дуудаж авчираад эрүүдэн шүүлт хийж байсан. Энэ дуулиант зохиомол хэргийг цагдаа биш хууль шүүхийнхэн биш сэтгүүлч илрүүлсэн юм. Барамсайн нийтлэл сонинд гарсны дараа Цагдаагийн ерөнхий газраас намайг ахлуулаад мөрдөн шалгалтын групп гаргасан юм. С.Зоригийн хэрэг Дугархорлоогийн хэрэгтээ тун төстэй нөхцөл байдалтай байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. 2017 оны намар Эрдэнэтийн цагдаагийн газрын дарга Саадэлэг бид уулзсан. Тэгэхэд Саадэлэг гэж туршлагатай, мэргэжлийн мундаг хүн надаас “Чи Зоригийн хэргийг юу гэж харж байна. Энэ Амгаланбаатарыг юу гэж бодож байна. Дугархорлоогийн хэргийг мөрдөж хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг удахгүй задарна, харж л байгаарай. Амгаланбаатар мэдүүлгээсээ буцна даа” гэж хэлж байсан. Гэтэл яг тийм зүйл боллоо. Зоригийн хэргийг би үнэндээ гадарлаж байгаа. Тэр тухай хэлж болно. Гэхдээ одоо яршиг биз дээ. Харин Оюун-Эрдэнэ сайд үнэхээр шударга хүн юм бол би уулзаад хэлнэ. Худлаа хүн шиг санагдвал би хэлэхгүй.

Ц.Нямдорж саяхан хэргийг задалж Содномдаржаа, Чимгээ нараас уучлалт гуйсан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг шүүх л өөрөө шийдэж үнэн мөнийг нь олдог болохоос иргэн хүн амаараа цагаатгаж шийддэггүй. Нямдорж хэдий Хууль зүйн сайд мөн боловч шүүхийн шийдвэр гаргадаг хүн биш. Түүнийг уучлалт гуйж мэдэгдэл хийхийг хараад би гайхсан. Ер нь Нямдорж гэдэг хүн сайд болонгуутаа л Зоригийн хэргийг мөрдөж байгаа группийг өөрчилж сольдог. Энэ бол маш сэжигтэй. Дээрээс нь Хууль зүйн сайдаар таван удаа томилогдохдоо яагаад энэ хэргийг илрүүлчихэж болоогүй юм. Энэ удаа илрүүлэлгүй ингээд орхивол бүр айхтар байдал үүснэ. Нямдорж хичнээн уучлалт гуйгаад, энэ хүмүүс алаагүй байна, хилс хэрэгт гүтгэгдсэн байна гэж хэлсэн шүүхийн шийдвэр бол шүүхийн шийдвэр л байдаг. Их хурал саяхан Аюулгүйн зөвлөмжийн тухай хуулийг баталлаа. Хэрвээ энэ хуулиар С.Зоригийн хэргийг илрүүлэхгүй зүгээр өөрсдийнхөө хүмүүсийг хууль шүүхийн байгууллагыг толгойлуулаад цааш явна төрийн гурван өндөрлөг, цаашлаад энэ хоёр том улс төрийн хүчин зүгээр нэг төрийн хутган үймүүлэгч болно. Арай тэгэхгүй байлгүй дээ гэж харж байна. Ц.Амгаланбаатар гэдэг нөхөрт С.Зоригийн хэргийг үүрүүлснээс хойш Монголын цагдаа ажиллахаа больсон. Хуулийн байгууллагын завхрал хэрээс хэтэрсэн.

-Ахлах мөрдөн байцаагч Ж.Шарав: Хуулийн байгууллагынхан гучин долоон оноос хойш хэлмэгдүүлэлт тасраагүй гэдгийг ойлгох учиртай. Ялангуяа бидний эргэн сөхөж байгаа иргэн Д буюу Дугархорлоогийн хэрэг гээч айхтар хэлмэгдүүлэлт. Үүнийг хуулийнхан огтоос хайхралгүй өнгөрч боломгүй. Энэ бол хуулийнханд өгсөн маш том сургамж. Прокурор хяналтаа тавьдаг, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад хяналтнаас өөр юм хийдэггүй л байвал болох нь тэр. Энэ бүгдийг зөвхөн шүүх л шүүдэг байвал болох нь тэр. Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлд прокурор өөрөө гардаад явах юм бол замбараагүй хэлмэгдүүлэлт гарч ирнэ. 1937 оны үеийн онцгой комисс гэж яригддаг чинь ийм учиртай. 1982 оны Мягмарын зохиомол энэ хэргийг прокурор өөрөө мөрдсөн болохоор бүх зүйл хяналтгүй болсон. Энэ явдлыг Монголын хуулийн байгууллага давтахгүй байх хэрэгтэй.

Тэмдэглэсэн Д.БАТТӨР

Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 8, Сумьяа гариг. Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6:18 цагт мандан, 19:31 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй өөр юугаар гаргах юм бэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы уламжлалт нүүр болох “Танайд өнжье” булан энэ удаа Манлай малчин Б.Улаанхүүгийнд өнжлөө.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй өөр юугаар гаргах юм бэ?” хэмээн өгүүлжээ.

“Singapore school of Mongolia” сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаатай холбогдуулан хордсон хүүхдийн ээжтэй ярилцлаа.

“Эдийн засаг” нүүрт “Дубайн гэрээний эргэн тойронд” сонирхолтой нийтлэлийг уншаарай.

Уран барилгын тухай өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Чанаргүй зээл нэмэгджээ

Өнгөрсөн сард чанаргүй зээл 56 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ нь өмнөх сараас гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр чанаргүй зээлийн хэмжээ нийтийн зээлийн 10.7 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх нь нэг талаас банкуудыг эрсдэлд оруулж, эргэж зах зээлд гарах мөнгөн урсгалыг багасгадаг. Нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгааг илэрхийлдэг.

Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сард 926.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 92.2 тэрбум төгрөгөөр өссөн юм. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өссөн байна.

Categories
мэдээ спорт

Ардчилсан нам байгуулагдсаны ойн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болж байна

Ардчилсан нам байгуулагдсаны ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Уг арга хэмжээнд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болж байна.

Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга Э.Оюунболд, Улсын заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Улсын харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн тэргүүтэй бөхчүүд зодоглохоор бүртгүүлээд байна.