Categories
энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийн дуу “itunes”-ыг тэргүүлжээ

Монголын метал рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн ”Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм.

“The HU” нь 2018 онд байгуулагдсан ба “хүн” гэсэн утгатай аж. Тэдний гаргасан хоёр дууны клип нь “YouTube” дээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж олон фентэй болсон байна. Тэдний “Yuve Yuve Yu” дуу 12 сая , “Wolf Totem” дуу нь 7 сая хандалт авсан байна.

Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж байгаа тус хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа “Youtube”-т 18 сая хүний хандалт авч, дэлхийн алдартай сайтууд тэдний уран бүтээлийг онцлоод буй. Тус хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо гаргасан бөгөөд цомгийнхоо нээлтийг гадаадад хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа Опен”-д тав дахь удаагаа түрүүлэв

Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн өчигдөр /04.07/ “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 гэсэн 10 жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болж өндөрлөв. Эхний өдрийн жин тус бүрийн тоймыг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 57 кг (17 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Петр Константинов 3. Тамир Гармаев (хоёул ОХУ), Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол)
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин МУГТ Э.Бэхбаяр бүх хүчтэй өрсөлдөгчөө ялж, “Монголиа Опен”-д сүүлийн таван жил дараалан түрүүлэв. Бэхээ гавьяат 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Чинзоригийг 7:1-ээр, таван жилийн өмнө нь Ташкентийн дэлхийн аваргад өөрийг нь ялж хүрэл медаль хүртсэн Беларусийн Владислав Андреевийг 7:2-оор, өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилээс доод жиндээ барилдах болсон ОУХМ Т.Түвшинтулгыг 3:0-ээр, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Якутын Петр Константиновыг 4:0-ээр ялсан.

65 кг (29): 1. Риома Анракү (Япон) 2. Дарханбаярын Тэнгис 3. Төмөр-Очирын Тулга, Батсайханы Нэмэхбаяр (бүгд Монгол)
2017 оны залуучуудын Азийн аварга Японы Риома Анраку “Монголиа Опен”-д аваргаллаа. Хүчтэй өрсөлдөгч олонтой энэ жинд япон залуу үнэхээр уран сайхан барилдаан үзүүлж түрүүлсэн. “Монголиа Опен”-д анх удаа оролцсон “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчин Д.Тэнгис мөнгө, 2013, 2015 оны тус тэмцээний аварга хашир туршлагатай ОУХМ Б.Нэмэхбаяр, 14 хоногийн өмнө нь Азийн аваргад түрүүлсэн ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртэцгээв. Энэ жинд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин эхний даваанд Т.Тулгад ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Энэ жилийн 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Т.Тулга урамтай сайхан барилдаж “Монголиа Опен”-ий анхны медаль,түрүүгээ хүртлээ.

74 кг (15): 1. Арсалан Будажапов 2. Евгений Жербаев (хоёул ОХУ, Буриад) 3. Яжүро Ямасаки (Япон), Гантулгын Шижир (Монгол)
Улаанбаатарын дэвжээнд өмнө нь хоёр удаа түрүүлж байсан монголчуудын эчнээ танил буриад эрчүүд болох Евгений Жербаев, Арсалан Будажапов нар 74 кг-ын жинд финалдав. Будажапов өмнөх хоёр жил нь доод жинд буюу 70 кг-д аваргалсан нутаг нэгт Жербаевыг 7:0-ээр илүүрхсэнээр гурав дахь удаагаа түрүүллээ. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Японы Яжүро Ямасаки, 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Шижир (өмнө нь Идэрхүү нэрээр барилддаг байсан) хүрэл медаль хүртэв.

86 кг (10): 1. Оргодолын Үйтүмэн 2. Ганбаатарын Ганхуяг 3. Баатарын Нямбаяр, Энхтүвшингийн Батмагнай (бүгд Монгол)
Энэ жинд бүх медалийг манайхан хамав. “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, хашир туршлагатай ОУХМ О.Үйтүмэн “Монголиа Опен”-д хараахан түрүүлээгүй байсан бөгөөд анх удаа алтан медалийн эзэн болов. Үйтээ 2013, 2017 онд мөнгө, 2012, 2015 онд хүрэл медаль хүртэж байв. Өнгөрсөн жилийн тус тэмцээний мөнгөн медальт ОУХМ Г.Ганхуяг дахин үзүүрлэсэн бол залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Нямбаяр, өсвөр үе, залуучуудын улсын аварга, Баянхонгор аймгийн 18 настай тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо. Залуу тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөхөд 5:6-гаар хожигдож яваад цаг дуусах мөчид ялалтын оноог авсан.

97 кг (9): 1. Өлзийсайханы Батзул (Монгол) 2. Такэши Ямагүчи (Япон) 3. Лувсандоржийн Төртогтох, Пүрвээгийн Өсөхбаатар (хоёул Монгол)
ОУХМ Ө.Батзул анх удаагаа “Монголиа Опен” ОУТ-ий аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд 2015, 2018 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2015 оны “Монголиа Опен”-ий хүрэл медальт Такэши Ямагүчиг 6:0-ээр ялснаар алтан медалийн тавцанд зогссон юм. Хүрэл медалийг өмнө нь “Монголиа Опен”-д аваргалж байсан ОУХМ П.Өсөхбаатар, Л.Төртогтох нар туршлага заан хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг (11): 1. Буяндалайн Чимгээ 2. Нандинцэцэгийн Анударь 3. Бямбасүрэнгийн Мөнхнар (бүгд Монгол), Валерия Чепсаракова (ОХУ)
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Чимгээ “Монголиа Опен”-ий анхны медаль,түрүүгээ хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий медальт, спортын мастер Н.Анударьтай учраа таарсан юм. Энэ жилийн Иван Ярыгиний Гранприд тэд хоорондоо таарахад Н.Анударь ялж байсан бол энэ удаа Б.Чимгээ даагаа амжилттай нэхэж аваргын тавцанд зогсов. Хүрэл медалийг өмнөх хоёр жилийн “Монголиа Опен”-ы аварга ОХУ-ын хашир туршлагатай бөх Валерия Чепсаракова, чөлөөт бөхөөс хэсэг хугацаанд завсарлаад байсан өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Алдар”-ын Б.Мөнхнар нар хүртлээ. Энэ жингийн лидерүүд болох ОУХМ Э.Нарангэрэл өнжсөн бол ОУХМ Ц.Намуунцэцэг сугалаанд оролцсон ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй.

55 кг (7): 1. Болормаагийн Дөлгөөн 2. Бат-Оршихын Болор-Эрдэнэ 3. Эрдэнэчимэгийн Сумъяа (бүгд Монгол)
Энэ жинд “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт, Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн урамтай сайхан барилдаж түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяад 4:8-аар хожигдож яваад цэвэр дарж, шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Болор-Эрдэнийг 7:2-оор ялснаар анх удаа аваргалав.

59 кг (8): 1. Баатаржавын Шоовдор (Монгол) 2. Лили (БНХАУ) 3. Алтанцэцэгийн Батцэцэг, Наранцацралын Энхтуяа (хоёул Монгол)
“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг гээд манай урдаа барьдаг хоёр шилдэг хүчтэн нэг хэсэгт багтаж хэн ялсан нь аваргалах дүр зураг харагдаж байлаа. Энэ нь ёсоор болж “Хасу-Мегастарс” клубийн хоёр мастер хагас шигшээд хоорондоо таарч насаар эгч Б.Шоовдор ялав. Гол өрсөлдөгчөө ялсан тэрбээр хагас шигшээ болон алтан медалийн төлөөх барилдаанд урд хөршийн бөхчүүдийг илт давуу ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, тус тэмцээний хошой аварга боллоо. А.Батцэцэг “Монголиа Опен”-оос зургаа дахь, спортын мастер Н.Энхтуяа анхны медалиа хүртэв.

65 кг (7): 1. Зоригтын Болортунгалаг 2. Хүрэлхүүгийн Болортуяа 3. Энхбаярын Цэвэгмид (бүгд Монгол)
Энэ жинд хамгийн цөөн буюу долоон нядхан барилдсан. Хоёр хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс хоёр тамирчин хагас шигшээд өрсөлдсөн. Алтан медалийн төлөөх барилдаанд “Аврагч”-ийн Х.Болортуяа, “Хилчин”-ий З.Болортунгалаг нар шалгарч үлдсэн. Өнгөрсөн жилийн аварга З.Болортунгалаг өрсөлдөгчөө 5:0-ээр ялснаар “Монголиа Опен”-ий хошой аварга боллоо. Х.Болортуяа гурван удаа хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж үзүүрлэсэн бол ОУХМ Э.Цэвэгмид гурав дахь хүрэл медалиа зүүсэн юм.

72 кг (8): 1. Очирбатын Насанбурмаа 2. Ганбатын Ариунжаргал 3. Найгалсүрэнгийн Загардулам, Цэрмаагийн Хулан (бүгд Монгол)
Дан манайхан барилдсан энэ жинд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин О.Насанбурмаа гурав барилдахдаа бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялан дэлхийн энтэй бөх гэдгээ харуулж, “Монголиа Опен”-д тав дахиа түрүүллээ. Тэрбээр үүнээс гадна хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болж байв. Мөнгөн медалийг “Алдар”-ын Г.Ариунжаргал, хүрэл медалийг “Хангай хайрхан уул” клубийн Н.Загардулам, Сэлэнгэ аймгийн Ц.Хулан нар хүртлээ. Тэд бүгд “Монголиа Опен”-оос анхны медалиа зүүв.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Хар тамхитай тэмцэх албатай хамтарсан сургалт эхэллээ

Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албатай хамтран хар тамхитай тэмцэх нэгжийн удирдах алба хаагчдад зориулсан сургалтыг 2019.04.08-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг сургалт нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн сургагч багш нар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, нутаг, дэвсгэр хариуцсан нэгжийн удирдах алба хаагч нар болон прокурорын байгууллагын ажилтнуудад хичээл сургалт орох юм.

Сургалтын үйл ажиллагааны нээлтэд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар оролцож үг хэллээ.

Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул Хар тамхитай тэмцэх газрыг цагдаагийн төв байгууллагын даргын шууд удирдлагад байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, алба хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын цагдаагийн байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна. Алба хаагч та бүхнийг сургалтад идэвхтэй оролцохыг хүсч, амжилт хүсье хэмээв.

Мөн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

Монголын парламентын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 140 дүгээр чуулганд оролцож байна

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Г.Солтан, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо 2019 оны 04 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохиогдож буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулганд оролцож байна.

Чуулганд дэлхийн 160 орны парламентын гишүүд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын шинжээчид, парламентын ажилтан, зөвлөх, Элчин сайдын яамдын төлөөлөл, нийт 2000 орчим хүн хүрэлцэн ирсний дотор парламентын тэргүүн 80, дэд тэргүүн 40 оролцож байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид чуулганы эхний өдөр ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Бүлгийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэн батлах ОУПХ-ны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудал, тогтоолын төслүүдэд баримтлах парламентуудын байр суурийг нэгтгэлээ. Хуралдаанд ОУПХ-ны Ерөнхийлөгч, хатагтай Габриэла Куэвас оролцож, үг хэлэхдээ ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулга уулзалт энэ оны тавдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.

Мөн хуралдаанаас ОУПХ-ны байнгын хороодын гишүүнд Ази, Номхон далайн бүлгээс нэр дэвшүүлэх үйл ажиллагаа болов. Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н. Оюундарь, Нэгдсэн Үндэстний Байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал нар нэр дэвшжээ.

Монгол Улсаас УИХ-ын гишүүн Б. Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг билээ.

Categories
мэдээ улс-төр

Шинээр зөвшөөрөл бий болгох, олгохыг хориглоно

Монгол Улсын Засгийн газар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд яамд 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга долоон төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгохоор заасан. Гэвч одоогийн байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна. Дээр нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гарган зөвшөөрөл бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах нь түгээмэл болжээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог зэргийг таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Засгийн газар хуулийн төслийг боловсруулсан байна. Хууль нь үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахаас сэргийлж, тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, төрийн нийтийн зориулалттай өмч, эд зүйл эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм. Хуулиас гадуур тусгай зөвшөөрөл бий болгож иргэдийг чирэгдүүлдэгийг хориглох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, цуцлах, сэргээх зэрэгтэй холбоотой журмыг нарийвчлан тогтооно. Ингэснээр олон шат дамжлага үгүй болох юм байна. Иргэн хүн хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг нь баталгаажуулах нөхцлийг хангана. Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд шинээр зөвшөөрөл бий болгох, олгохыг хориглохоор тусгажээ. Зөвшөөрлийн ангиллаас хамаарч зөвшөөрөл олгох нийтлэг хугацааг уртасган тогтоож, зөвшөөрөлтэй холбоотой хяналт-шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгах юм. Хуулийн төсөл батлагдсанаар зөвшөөрлийн тоо хоёр дахин багасна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түймрийг цурманд оруулав

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг 04 дүгээр сарын 04-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан 04 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн унтрааж, тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн. /Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

Харин Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар анги, сумын ЗДТГ-ын нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Архивын ерөнхий газрын өнгөрсөн сард хийсэн ажлын тоон мэдээ

Categories
мэдээ нийгэм

Хахууль авсан МХЕГ-ын дарга нарыг шүүнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 05-нд болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ. Тодруулбал, тэд өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан. Т.Баярсайхан нарын хахуулийн хэрэгт 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ лхагва гарагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна. Тодруулбал, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн гэм бурууг нь шүүх хурал болсон бөгөөд тэд хүсэлт гаргасан учраас өмнөх хурал хойшилсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай авто худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүллээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машиныхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх газруудад хугацаатай шаардах хуудсыг өгөөд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй ажиллаж байсан хоолын газруудыг хаалаа

ХУД-ийн 2,10,15 дугаар хороонд байрлах Түргэн хоол, Монгол хятад хоолны газруудын үйл ажиллагааг зогсоожээ. Орон сууцны нэг давхарт зохих зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн байрны агааржуулалтын системийг стандарт шаардлагын дагуу байршуулаагүй, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй зэрэг олон зөрчил эдгээр хоолны газраас илэрсэн байна. Орон сууцны зориулалтыг өөрчлөн засварлаж зөвшөөрөлгүй хоол үйлдвэрлэсэн эдгээр газруудын хиншүү, агааржуулалтын зохистой бус шийдэл оршин суугчдад таагүй нөлөө үзүүлсээр иржээ. НМХГ-аас хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулахаар арга хэмжээг авч ажиллаж байна.