Categories
мэдээ нийгэм

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж байна

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 08-18-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллаж байна. Ажлын хэсэг дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай танилцах, төрийн албан, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцуулахаар ХЭҮК-ын гишүүний Шаардлага хүргүүлж, хүний эрхийг сахин хамгаалах зорилготой ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэсэн жендэр, хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах сургалтуудыг явуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон 2003 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг угтан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд МУ-ын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн дарга, хошууч генерал П.Даш болон Уул уурхайн аврах ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, стандарт, шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлэх, аливаа болзошгүй ослоос өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд Уул уурхайн аврах ангиас хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ үеэр тус стандартыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, туршлага солилцох уулзалт, хурал зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолоодох эрхгүй 15 настай хүүхэд машин барьж яваад онхолджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд нийт 555 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд хоёр хүн, орон нутагт гурван хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна. Тухайлбал,

Өнгөрсөн бямба гаригийн 13 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, “Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркийн, улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, арван настай Г гэмтсэн байна.

Мөн өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Тахилтын зам, нэгдүгээр автобусны буудлын замд T.Platz маркийн автомашины жолооч, 15 настай Д нь жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, өөрөөс нь гадна нэг хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж буй.

Өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр /2019.04.07/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, “Хүй 7 худаг”-ийн замд H.Sonata маркийн автомашин онхолдож, 55, 58 настай хоёр зорчигчийн амь нас хохирчээ. Хүний амь нас хохирсон гэмт хэргийн 60 орчим хувь нь онхолдох хэлбэрээр гарч байгаа бөгөөд энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэнээс шалтгаалж байна.

Хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь T.Estima маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Singapore school of Mongolia” сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхэд хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарчээ. “SSM” сургуулийн 30 гаруй хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношлогоо хийлгэсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр хүүхдүүд гэнэт гэдэс нь хүчтэй базалж өвдөх, хар хөлс нь цутгах, өндөр хэмтэй халуурч, дотор нь муухай оргиж, бөөлжих, шингэн алдах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Хичээлийн завсарлагаанаар сургуулийн цайны газарт хоол идсэн хүүхдүүдэд хоолонд хордсон бололтой шинж тэмдэг илэрчээ. Тус сургуулийн зүгээс хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг дуудаж, ХӨСҮТ-ийн эмч нарт яаралтай үзүүлжээ. Анхан шатны үзлэгээр хоолны хордлого байна гэх онош тавьж, хордлого тайлах эмчилгээг яаралтай хийсэн байна. ХӨСҮТ эмч нар хордлогын голомтод ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэнэ. 43 хүүхэд, багш нар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Хоёр хүүхдийн биеийн байдал маш хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн гэнэ.

“ХҮҮХДҮҮДИЙН ХОРДЛОГО БҮРЭН ТАЙЛАГДАХГҮЙ БАЙНА”

Хоолны хордлогын талаар “Singapore school of Mongolia” сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б-ын ээжтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.


-Хүүхдийн тань биеийн байдал ямар байна вэ. Юунаас болж хоолны хордлого авчихсан юм бол?

-Биеийн байдал эмнэлэгт анх ирснээ бодвол сайжирсан. Хичээлийн завсарлагаанаар сургуулийнхаа цайны газарт тахианы мах идсэн гэсэн. Тэгээд л хичээлдээ сууж байхад нь хэвлий хэсгээр маш хүчтэй өвдөлт өгч, дотор нь муухай оргиод эхэлсэн байсан. Бас өндөр хэмтэй халуурч эхэлсэн. Хэдхэн цагийн дотор хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн. Юунаас болж хордсон бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй л байна. Сургуулийн зүгээс хордлого авсан хүүхдүүдэд анхаарал тавьж бидэнтэй холбоотой байгаа. Гэхдээ ийм хариуцлагагүй байж болохгүй биз дээ. Хүүхдийн амь нас хохирвол яах вэ.

-Бусад хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа бол?

-Хамт хоол идсэн хүүхдийн аав, ээж нь “Хүүхэд маань гүйлгээд зогсохгүй байна” гэж ярьж байна лээ. Олон хүүхдийн аав, ээжүүд хордлого нь тайлагдахгүй байна гэдгийг хэлж байна. Хоолны хордлогонд орсон үед бүрэн эмчилгээ хийлгэхгүй бол маш аюултай гэсэн. Дараа нь гэдэсний ямар нэгэн эмгэгтэй болох, нян тээх гээд амь насанд аюултай олон сөрөг зүйл байдаг юм байна лээ. Үүнээс л айж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ярьж, мэдүүлэг авсан. “Хохирлын хэмжээ, эм тариа худалдан авсан мөнгөний баримтаа өгөөрэй. Нөхөн төлбөрийг гаргуулж өгнө” гэсэн.

Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байдаг. Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний таван түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.


Categories
мэдээ спорт

Ардчиллын 30 жилийн ойн барилдаанд Харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан намыг үүсгэн байгуулсаны 29 жилийн ойн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2019.04.07/ Бөхийн өргөөнд болж Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, Монгол Улсын Харцага Б.Бат-Өлзий түрүүллээ.

Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Монгол Улсын Арслан Э.Оюунболд үзүүрлэсэн байна. Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн харьяат Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Н.Түвшинбаяр нар тунажээ.

Categories
гадаад мэдээ

“Korean Air”-ийн ерөнхийлөгч таалал төгсжээ

БНСУ-ын хамгийн том компаниудын нэг болох “Ханжин” группийн ерөнхийлөгч, агаарын тээврийн “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо уушгины хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Ийнхүү 70 насандаа хорвоог орхисон Чо Ян Хо нь хоёр долоо хоногийн өмнө “Ханжин” группийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөөд байсан юм.

Сүүлийн жилүүдэд “Korean Air” компани Чо Ян Хогийн гэр бүлийн гишүүдийг тойрсон дуулиан шуугианы бай болоод байсан юм. Тухайлбал, өнгөрсөн жил Чо Ян Хог хөрөнгө мөнгө шамшигдуулсан, эхнэр нь компанийн ажилчдаа зодсон, охид нь ёс бус үйлдэл гаргасан гээд хэл ам дагуулсан дуулиан тариад байсан нь түүнийг огцроход хүргэсэн гэж болно.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах сургуулийг 111 аюулгүй талбайд зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиудыг зохион байгуулна.

Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломжоо тодорхойлох юм.

Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Даншиг наадам Хүрээ цам 2019” наадмын тов гарчээ

“Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадмын тов гарчээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр болох юм. Тодруулбал, наймдугаар сарын 3, 4-нд “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмын зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргажээ.

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам. Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулдаг нь гадаад болон дотоодын жуулчдын үзэх дуртай наадмын нэг болсон юм.

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болон хөгжжээ. Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болсон түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2019 оныг “Иргэн төвтэй үйл ажиллагааны жил” болгон зарлаж байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөр нийгмийн хамгаалал, уул уурхайн чиглэлээр сар бүр тодорхой ажлууд зохион байгуулахаар боллоо.

Тухайлбал, энэ дөрөвдүгээр сарыг иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт болон эрүүл аюулгүй орчин сэдвийн хүрээнд хяналт, шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх ажээ.

Жилийн аяны нээлтийн арга хэмжээнд МХЕГ-ын удирдлага болон Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 60 байгууллагын 100 гаруй иргэн оролцсон юм. Аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгөх аж. Ялангуяа төлөвлөгөөт шалгалтад хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллах гэнэ. Мэргэжлийн хяналтын газар нь 24 чиглэлээр хяналт, шалгалт хийдэг байна.

Categories
гадаад мэдээ

Олон улсад болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр эхэлж буй шинэ долоо хоногт болох томоохон үйл явдлуудыг Их Британийн “BBC” суваг онцолсон байна.


  • “Brexit”-ийг хойшлуулах эсэх

Европын холбооны удирдагчид лхагва гарагт уулзаж, Их Британийн тус холбооноос гарах хугацааг хойшлуулах эсэх талаар хэлэлцэнэ.

Онцлох болсон шалтгаан?

ЕХ-ны удирдагчид “Brexit”-ийг хойшлуулах тухай Тереза Мейн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Их Британи зөвшилцсөний дагуу энэ долоо хоногийн баасан гарагт ЕХ-ноос гарах юм.

Брюссельд болох Европын холбооны удирдагчдын ээлжит бус хуралдаанаар “Brexit”-ийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах Т.Мейн саналыг хэлэлцэх ажээ.

“Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарахаас зайлсхийхийн тулд “Brexit”-ийг хойшлуулах нь зүйтэй” хэмээн Т.Мей үзэж байна. Хэрэв гэрээгүй гарсан тохиолдолд бизнесийн үйл ажиллагаануудад асуудал үүсэж, боомтуудад хүндрэл учирна хэмээн ЕХ-ны удирдагчид болон Их Британийн парламентын олон гишүүн үзэж байгаа юм.

Баасан гарагт Их Британи гэрээгүйгээр ЕХ-ноос гарах магадлал өндөр байгаа хэдий ч дахин тааварлашгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм.

  • Энэтхэгийн сонгууль

Пүрэв гарагт Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлнэ. Энэхүү сонгуулийг дэлхийн хамгийн том ардчилсан сонгууль хэмээн нэрлэж байгаа ба 900 сая хүн саналаа өгөх юм. Сонгууль ирэх тавдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.

Онцлох болсон шалтгаан?

Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ыг /1.39 тэрбум хүн амтай/ Энэтхэг улс /1.34 тэрбум хүн амтай/ хүн амын тоогоороо ойрын ирээдүйд гүйцэж түрүүлэх төлөвтэй байна. Ийм учраас дээрх сонгуульд ялалт байгуулагчид нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсыг удирдан жолоодох юм.

Одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийгөө улиран сонгогдоно хэмээн найдаж байгаа нь тодорхой. Харин ажиглагчдын хувьд Н.Моди олонхийн саналыг авч улиран сонгогдох уу? аль эсвэл сөрөг хүчний удирдагч Рахул Гандигийн сорилттой тулгарах уу? гэдэгт санал хуваагдаад байна.


  • Израилд ч мөн сонгууль болно

Удирдагчаа сонгох сонгууль Энэтхэгээс гадна Израилд болох ба тус улсын иргэд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг тав дахь удаагаа сонгох эсэхээ шийдэх юм.

Онцлох болсон шалтгаан?

Хэрэв Б.Нетаньяху Израилийн зэвсэгт хүчний штабын дарга асан Бенни Ганцыг ялах аваас тэрбээр Израилийн Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан нэгэн болох ажээ. Урьдчилсан санал хураалтуудаас харахад Б.Нетаньяхугийн баруун жигүүрийн эвсэл ялалт байгуулах магадлал өндөр байна. Үүний зэрэгцээ палестинчуудын талаар хатуу байр суурь баримтлагч хийгээд каннабисын талаар хууль тогтоомж батлахыг уриалж буй Зехут нам ч мөн ялалт байгуулахыг үгүйсгэхгүй юм.


  • Израил саран дээр газардах уу?

Израилын сансар судлалын төхөөрөмж пүрэв гарагт саран дээр буух оролдлого хийнэ.

Онцлох болсон шалтгаан?

Энэхүү үйл явдал нь сансар огторгуйн судалгаанд шинэ эрин үеийг нээнэ. Хэрэв Израилын “Beresheet” робот саран дээр амжилттай газардвал хувийн санхүүжилтээр явуулсан энэ төрлийн анхны оролдлого амжилттай болсон тохиолдол болох юм. Урьд нь АНУ, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын Сансар судлалын агентлагууд л энэ төрлийн үйл ажиллагааг явуулж байсан билээ.

“Beresheet” робот хэдийнэ томоохон амжилт гаргаад байгаа ба өнгөрсөн долоо хоногт Израил улс сарны тойрог замд төхөөрөмжөө оруулсан долоо дахь улс болсон юм.

Хэрэв “Beresheet” амжилттай газардах аваас гэрэл зургуудыг авч, дэлхий рүү илгээхийн зэрэгцээ судалгаа хийх гэнэ.