Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, ажлын цагийг 10:00 цагаас эхлүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ гэдгийг онцолсон юм. Мөн ”Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно.

Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулилт болно. Энэ өдөр өглөө 08:00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд маань заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах учиртай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 111 аюулгүйн талбай бий. Эдгээр талбайд заасан маршрутын дагуу нүүн шилжинэ гэсэн үг. Энэ үеэр буюу 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Тиймээс гурван цагийн хугацаанд ард иргэд маань хүлээцтэй байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэлээ.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ”Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг иргэддээ суулгахад чухал нөлөөтэй тул иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингэснээр үүсэж болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой. Тус арга хэмжээнд нийслэлд буй бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох ёстой” гэв.

Дээрх дадлага сургуультай холбогдуулан энэ өдрийн ажлын цагийг 10:00 цагаас эхлүүлэх юм. Гэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх тул иргэн та тэрхүү хуудсыг нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлийг хийлгэх юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, ард иргэдийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгч Дэвид Малпасс

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёрдугаар сарын эхээр нэр дэвшүүлсэн, АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал хариуцсан орлогч сайд Дэвид Малпасс Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Дэлхийн Банкны гүйцэтгэх зөвлөл баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ түүнийг дөрөвдүгээр сарын 9-нөөс ажилдаа орох талаар дурджээ.

Дэлхийн банкны ТУЗ Дональд Трампын томилгоог санал нэгтэй дэмжсэн байна. 63 настай Дэвид Малпасс Дэлхийн банкинд шүүмжлэлтэй ханддаг бөгөөд тус банкны үүрэг оролцоог бууруулж магадгүй гэсэн болгоомжлол бий аж.

Бүгд Найрамдах намын гишүүн байсан тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын Эдийн засгийн зөвлөх байсан нь анхаарал татаж буй юм байна. Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жим Ён Ким нэгдүгээр сарын эхээр ажлаа өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний үнэ хоёр дахин нэмэгдсэн гэсэн ташаа мэдээлэл тархсан гэв

Эрчим хүчний үнэ тарифийг хоёр дахин нэмэгдсэн байна гэх мэдээлэл тархаад байна. Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд айл өрхөөс авч буй цахилгааны тариф кВт тутамд гурван төгрөгөөр нэмэгдсэнийг тус хорооны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Цоожчулуунцэцэг хэллээ.

Харин “Эрчим хүчний зохицуулах хорооны 92 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн явдал гарсан байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны бичиг баримт засварлан, хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлэх, бухимдал үүсгэх зорилгоор худал ташаа мэдээлэл түгээж байгаа нэр бүхий аккаунт хаяг, Фэйсбүүк хуудас болон зарим иргэдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа аж.

Тиймээс хэрэглэгчдийг эрчим хүчний үнэ тарифтай холбоотой бодит мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.gov.mn сайтаас харахыг уриалж байна.

Эрчим хүчний үнийн тухай ташаа мэдээлэл тараасан гэв

Эрчим хүчний үнийн тухай ташаа мэдээлэл тараасан гэв

Эрчим хүчний үнийн тухай ташаа мэдээлэл тараасан гэв

Categories
гадаад мэдээ

Хүн төрөлхтөн анх удаа хар нүхний гэрэл зургийг харна

Энэ лхагва гаригт буюу 2019.04.10-нд “Event Horizon Telescope” төслийнхөн сансрын уудамд орших хар нүхний гэрэл зургийг олон нийтэд цацах гэж буйгаа мэдээллээ. 2006 оноос эхлэн хар нүхийг судлах ажлаа эхлүүлсэн уг байгууллага дэлхий даяар телескоп дуран байрлуулж, томоохон шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд ийнхүү дэлгэхээр болжээ. Хар нүхний зургийг танилцуулснаар өнөөг хүртэл дэвшүүлсэн эрдэмтдийн тооцоо таамгийг үнэн худал эсэхийг батлах аж. Стэфан Ховкинг, Альберт Эйнштэйн нар хар нүхний талаар онол, таамгуудыг гаргасан бөгөөд цаг хугацаа, орон зайг гажуудуулдаг сансрын уудамд орших оддын томоохон бөөгнөрлийн голд үүсдэг супер масстай нүх юм гэж тодорхойлдог билээ.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны зүгээс “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргажээ

Image result for капитал банк

Монголбанкны зүгээс “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргажээ. Албадан татан буулгаж банкны эрх хүлээн авагч томилжээ. Хадгаламжийн даатгалын корпораци 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжийг олгох юм байна. “Капитал” банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа гэдгийг Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдээллээ. Тус банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайдын айлчлал өндөрлөлөө

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтонтой уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны асуудлаар харилцан ярилцлаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газрын дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгаж, нэр бүхий гишүүдээс Конгрест өргөн барихаар бэлтгэж байгаа Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах үйл ажиллагаанд дэмжлэг хүсэв. Элчин сайд Ж.Болтон Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэн “Монголын зэвсэгт хүчин Америк цэргүүдтэй олон жил мөр зэрэгцэн тэмцэж байгаа, хоёр талын харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэв.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Шанахантай уулзахаар Пентагон хүрэлцэн ирлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Пентагонд хүрэлцэн ирэхэд ноён П.Шанахан АНУ-ын Нийслэл Вашингтоны цэргийн хүрээний хүндэт харуулын хамт угтан авч, хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авав. Уулзалтын эхэнд ноён П.Шанахан Монгол Улс ардчилалыг үлгэрлэгч орон, бүс нутгийн болон олон улсын түвшинд нээлттэй, чөлөөт орны эрх үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэгч улс, олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өөрийн чадах хэмжээнээсээ илүүгээр амжилттай үүрэг гүйцэтгэж байдагт АНУ-ын зүгээс машид ихээр талархаж байдаг, тиймээс ч АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пенс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрснийг тэмдэглэж байсан, бид Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг, цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагаа өргөжинэ гэдэгт итгэж байна хэмээн халуун дотноор хүлээн авав. Энэхүү уулзалтын дараагаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Үндэсний гвардын дарга генерал Ж.Генгиелтэй уулзаж, Мужийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Аляска мужийн Үндэсний гвардтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа, цаашид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд мужийн үндэсний гвардын үйл ажиллагаанаас суралцах, хамтран ажиллах хэрэгцээ байгааг талууд тэмдэглэв. Түүнчлэн өнөөгийн хүрсэн амжилтаа ахиулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлага байгааг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцлов.

Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны бүрэлдэхүүн оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын дөрөв дэх айлчлал бөгөөд хамгийн сүүлд буюу 2011 оноос хойш тасалдаад байсан юм.

Удаан хугацаагаар тасалдаад байсан Батлан хамгаалахын сайдын айлчлалыг дахин сэргээж, өндөр дээд хэмжээнд хүлээн авсан үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын удирдлагуудыг томилохдоо Томилгооны сонсгол хийх санал хүргүүлнэ

Т.Аюурсайхан нарын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-МАНАН бүлэглэл улс төрийн намуудад төлөөллөө бат бэх суулгажээ. Хууль, шүүхийн байгууллагад хүртэл төлөөллөө удирдлагын түвшинд тавьдаг. Үүнээс болоод томоохон хэргүүд шийдвэрлэгдэггүй. Тийм учраас бид хууль, шүүхийн байгууллагын реформыг тавьж байна. Улсын ерөнхий прокурорыг хэдхэн хоногийн өмнө томилсон. Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөхөөр хүргүүлээд байна. Өөрчлөлт шинэчлэлийг хийх үедээ УИХ-аар томилогддог бүх албан тушаалтныг Нийтийн сонсголоор явуулна гэж бид шийдсэн. АТГ-ын даргыг томилоход Томилгооны сонсголыг хийж болно. Өнөөдөр 19 гишүүн гарын үсэг цуглуулаад АТГ-ын даргыг томилохдоо Томилгооны сонсгол хийхээр албан бичгээ өргөн барина. Мөн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилоход Нээлттэй сонсгол явуулах санал хүргүүлж байна. Сонсгол явуулахгүй бол МАНАН бүлэглэл өөрсдийн хүнээ томилох магадлал өндөр байна хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилох саналаа УИХ-ын даргад хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.

Максимын Чинбат нь:

  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Содонгийн Алиманцэцэг нь:

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Д.Хүрэлбаатар: Чингис хаан цогцолборыг ард олны хандиваар босгоно

Хэнтий аймгийн Дадал суманд байгуулагдах Чингис хаан цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийлээ.

“Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар“Дэлхийн олон улс орнууд Чингис хааны онгон манай улсад байна гэсээр эрж хайдаг болоод удаж байна. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд Монгол Улсад Чингис хааны онгоныг 800 жилийн өмнө оршуулсан онгоны бодит мэт харагдуулах цогцолбор, хувилбарыг бүтээх төслийг гарган ажиллаж байна. Чингис хаан бол дэлхийн түүхэнд бичигдсэн агуу хүн юм. Гэтэл манай улсын төр засгийн зарим албан тушаалтнууд хуурамч цогцолбор, бүтээн байгуулалт байгуулж мөнгө олох нэг арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны нэрийг ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгон ажиллаж байгаа юм. Аливаа зүйлийг хуурч, мэхэлдэг зүйлээс татгалзмаар байна. Тийм учраас Чингис хааны онгоныг байх ёстой ном, журам ёсоор нь бүтээж, залах ажлыг эхлүүлмээр байна. Энэхүү төслийн ажлыг УИХ-ын зарим гишүүдэд танилцуулж, хөрөнгө оруулалт хүссэн ч татгалзсан хариу өгөхийн зэрэгцээ намайг онгоны талаар мэдээллээ бидэнд өгөхийг шаардаж, дарамталж байсан. Тийм учраас би эрх мэдэлтэй хүнээс хөрөнгө оруулалт хүсэлгүйгээр ард олны хандиваар босгохоор болоод байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүн шилжих дадлага сургуулийг 111 аюулгүй талбайд зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох юм. Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиудыг зохион байгуулна. Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломжоо тодорхойлох юм. Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна.