Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Хордлого авсан 30 хүнээс цусан суулгын нян илэрсэн

“Singapore school of Mongolia” сургуульд өнгөрсөн долоо хоногт хоолны хордлого гарсан. Тэгвэл 73 хүнд лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд 30 хүнээс нь цусан суулгын нян илэрсэн байна. Хордлого тахианы бүрмэл шницель, кимбаб, алим, шарсан төмснөөс үүсэлтэй байж магадгүй аж. Одоогоор шинжилгээг мэргэжлийн хяналтын лабораторт хийж байгаа бөгөөд хордсон өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын зэрэг 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-ыг үндэслэн томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан ч энэ хуульд заасан Томилгооны сонсголыг өнөөдрийг хүртэл огт хийгээгүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн олон нийтийн хүлээлт, шаардлага бий болсон. УИХ-ын дарга Та УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж онцолсонд бид баяртай байгаа. Хуульд заасны дагуу Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн, томилгооны сонсгол хийх асуудлыг бид өргөн дэвшүүлж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.
Иймд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн бид Танд хандан “Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан нэр дэвшиж байгаа хүмүүсээр томилгооны сонсгол хийх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж өгнө үү” гэдэг хүсэлтийг тавьж байна. Энэ асуудлыг “УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хүртэл нэр дэвшигч тус бүр дээр” гэж онцгойлж бичсэнийг Та анхаараарай. Хоёр хүн нэр дэвшинэ. Нийтийн сонсгол хийгээд, болж бүтэхгүй янз бүрийн асуудал гараад буцаавал, дараагийн хүн дээр нь ялгаагүй дахиж хийнэ шүү гэдэг утга агуулгатай юм.

Харамсалтай нь Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-тай зөвшилцдөг албан тушаалтанд томилгооны сонсгол хийх боломжгүй байна. Тийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд бид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар дээр нээлттэй хэлэлцүүлгийг өөрсдийн бүрэн эрхийн дагуу олон нийт, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан зохион байгуулна гэсэн байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийг эрхээ хэрэгжүүлж, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжоор хангах, өрөө тасалгаа гаргаж өгөх тал дээр Та анхаарч өгнө үү. Цаашид Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, томилгооны сонсголыг зөвхөн УИХ-аас томилогддог биш, зөвшилцдөг албан тушаалтанд ч хийдэг өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

-Өмнө нь хэрэгжиж байгаагүй учраас анхны, шинэ ажил болно. Анхаарах хэдэн асуудал байна.
Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга чөлөөлөгдөөгүй байгаа. Сая шинэ гарсан хууль, эрхзүйн үндэслэлээр ҮАБЗ-өөс УИХ-д зөвлөмж ирүүлэх юм бол чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, олон улсын туршлагаас харахад бусад зөвшилцдөг албан тушаалууд дээр Ёс зүйн хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, дүгнэлт гаргаад, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг явуулдаг практик байна. Түүнчлэн онцгой нөхцөл үүссэн үед, тухайлбал саяынх шиг иргэнээ эрүүдэн шүүсэн гэх мэт асуудал гарвал шүүгч, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх асуудлыг Ёс зүйн хорооны санаачилга (манайхаар бол Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо байж болно)-аар хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалт байна. Энэ болон бусад хүрээнд зөвшилцөх албан тушаалтны асуудлаар хэлэлцүүлэг, сонсгол хийх, дүгнэлт гаргах чиглэлээр хууль санаачилж болно.

Гуравдугаарт, манайх Дэд хорооддоо ач холбогдол өгөхгүй байна. Хүний эрхийн, Тусгай хяналтын, Ёс зүйн дэд хороодод хуулиар олгосон эрх хангалттай бий. Парламентын хянан шалгах үүргийг хэрэгжүүлдэг, мөрдөн байцаах ажиллагаатай танилцдаг гэх мэт. Ёс зүйн дэд хороо манайд парламентын хэдэн гишүүнийхээ ёс зүйн хүрээнд эргэлддэг. Уг нь төрийн бүх шатны алба хаагчид, түүн дотроо удирдах албан тушаалтны ёс зүйн асуудлыг ч хэлэлцэх боломжтой. Эдгээр асуудлыг цаашид анхаарах ёстой гэлээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Оргил цаг 4” кино нээлтээ хийнэ

Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чан, Америкийн жүжигчин Крис Такер нарын тоглосон “Rush Hour” буюу “Оргил цаг” киноны дөрөвдүгээр анги бүтээгдэж байгаа ба тун удахгүй кинотеатруудын дэлгэцнээ гарах гэж буй тухай “Hypebeast.com” сайт мэдээлжээ. Киноны хамгийн сүүлийн анги “Оргил цаг 3” кино одоогоос 12 жилийн өмнө гарч байсан билээ. Жаки Чаны 65 насны төрсөн өдөр өчигдөр /2019.04.07/ тохиосон бөгөөд жүжигчин Крис Такер түүнд баярын мэнд хүргэж, хамт авхуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулсан байв. Уг зурган дээр хөгжилтэй хамтрагчид хоёулаа дөрвөн хуруугаа гаргасан нь дээрх мэдээллийг баталсан байна. Найруулагч Брэтт Раттерийн найруулсан “Оргил цаг” цувралын эхний анги 1998 онд гарсан бол “Оргил цаг 2” кино 2001 онд, “Оргил цаг 3” кино 2007 онд гарч байжээ. Уг цуврал гарсан даруйдаа “Box Office”-ийн жагсаалтуудыг тэргүүлж, нийт 850 сая ам.долларын орлого олсноос гадна маш олон шагнал хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг бөгөөд ХАЧИГТ ХАЛДВАР гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйл болон урьдчилан сэргийлэх аргуудын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хурал болов

Өнөөдөр 13.30 цагаас Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болов. З.Баянсэлэнгэ М.Болортуяа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд З.Баянсэлэнгийн өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлт ирүүлэн шүүх хуралдааныг 4 дүгээр сарын 10 өдрийн 09:30 цагт товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

Сувилахуйн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх уулзалт боллоо

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн зорилт, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвийн дарга нарын хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллаж байгаа билээ.

2019 онд сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн сувилахуйн албаны дарга нартай энэ сарын 04-нд уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, АӨСҮТ, ЭХЭМҮТ, СЗҮТ, ГҮТ, ЦССҮТ-ийн сувилахуйн албаны дарга нар болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албаны дарга нар оролцож, сувилахуйн тусламж, үйлчилгээ болон сувилагч нарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэхэд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн сувилахуйн албаны үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулдаг тус сургалтанд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнийг хамруулах, мөн ажлын байранд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дүүрэгчилсэн сургалт зохион байгуулан үр дүнг тооцож ажиллахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албаны дарга нар төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн сувилахуйн албаны үйл ажиллагаа, сувилахуйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ туршлага, техник технологи, тоног төхөөрөмж, сувилагч нарын санаачлан хэрэгжүүлсэн шинэ бүтээл зэрэгтэй танилцаж, өөрсдийн хэрэгцээг тодорхойлох, тэр дагуу сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг туршлага судлуулах нь үр дүнтэй гэж үзсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Нүүрс тээвэрлэгч компаниуд жолооч нарынхаа цалинг хоёр дахин нэмэх боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.

Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх авто замын засварын ажил болон тэмдэг, тэмдэглэгээг зургаадугаар сарын нэгний дотор шинэчлэн сайжруулахыг “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайтын авто зам” компанийн удирдлагад үүрэг болгов.

Мөн:

– Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн замын дагуу 10-15 км тутамд 5-10 хүнд даацын тээврийн хэрэгсэл түр зогсох талбайтай, шаардлага хангасан бие засах газар, хогийн цэг бүхий зогсоолыг наймдугаар сарын нэгний дотор байгуулах

– “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд зам засвар, арчлалтын нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

– Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт чиглэлийн зам дагуу эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулах, шаардагдах зардлыг хоёрдугаар улиралд багтаан шийдэх

– Нүүрс тээвэрлэж байгаа жолооч, тээвэрчдэд үйлчилж байгаа хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийх

– Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж байгаа цагдаагийн албан хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр наймдугаар сарын нэгний дотор хангах

– Уурхайн гадна болон хилийн боомтод урт дараалал үүсгэхгүйн тулд хятадын талаас авч байгаа нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулан уурхайн ачилт, гаалийн бүрдүүлэлтэд зохицуулалт хийх

– Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчим барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас зээл өгч дэмжлэг үзүүлэх. Эдгээр барилга, байгууламжийг түшиглэн төрийн Нэг цэгийн үйлчилгээ ажиллуулах

– Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх

– Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Ганц модны боомт дахь салбар байгуулах хэрэгцээ, шаардлага, боломжийг судалж, хятадын талтай зургаадугаар сарын нэгний дотор яриа хэлэлцээ хийж, эргэн танилцуулах

– Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолооч нар болон төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг сан байгуулах талаар судалж танилцуулах

– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр жил бүр 300-аас багагүй жолоочийг хүнд даацын тээвэр хийх чиглэлээр сургаж мэргэшүүлэх, ажилд зуучлахыг долоодугаар сарын нэгний дотор зохион байгуулах

– Улс хоорондын байнгын ачаа тээвэр хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын амрах байр байгуулахад нь зориулж газар олгож дэмжих

– Нүүрсний тээвэр эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүд парк шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, танилцуулах

– С зөвшөөрөлтэй холбоотой авлигын асуудал байж болзошгүй тул шалгах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга, Засаг дарга, банк, компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Мөн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд жолооч нарынхаа цалинг хоёр дахин нэмэх боломжтой гэж үзэж байгаагаа захирлуудад нь сануулав.

14 мянган жолоочийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга, захирлуудад хатуу анхаарууллаа.

Нүүрс тээвэрлэж байгаа зам дээр 2017 онд зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, 12 хүн нас барсан байна. 2018 онд 56 хүн гэмтэж таван хүн нас барсан бол 2019 он гарсаар гурван хүн нас баржээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд томоохон хэргүүдийг яаралтай шийдвэрлэхийг шаардаж албан бичиг хүргүүлж байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын таван гишүүн цаг үеийн асуудал болон сүүлийн үед өрнөөд байгаа хууль шүүхийнхний томилгооны талаар мэдээлэл хийлээ. Тэд хууль шүүхийн байгууллагыг шүүмжилж, томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийхийг салбарын сайд болон Засгийн газраас шаардаж байгаагаа энэ үеэр уламжлав.

Түүнчлэн шинээр томилогдсон Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд томоохон хэргүүдийг яаралтай шийдвэрлэхийг шаардаж албан бичиг хүргүүлж байгаа аж. Тухайн шаардлагад:

-Стандарт банкны хэрэгтэй холбоотой асуудлаар хариуцлага алдсан алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардав. Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьсан гэх асуудал

-Монголбанкнаас ААН-үүдэд зээл олгосон гэх асуудал

-Хөгжлийн банкнаас зээл гаргасан асуудал

-Төрийн банкнаас барьцаа хөрөнгөгүйгээр “Шинжиан шинфа” гэх Хятадын компанид их хэмжээний зээл гаргасан гэх асуудал,

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал,

-Оффшорт хөрөнгөө нуусан албан тушаалтнуудыг илчилж, хариуцлага тооцох асуудал,

-Концессын гэрээний луйврын хэргийг шалгах асуудал,

-60 тэрбум төгрөгийн хэргийг шалгаж нэг тийш нь болгох асуудал,

-АСЕМ-ын зардал хөрөнгө мөнгийг зувчуулсан гэх хэргийн асуудал,

-Хан ресурсын 70 сая ам.долларын хэргийг яаралтай шалгаж шийдвэрлэх асуудал,

-Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг соёлын өвийг хулгайлсан уу, үнэт зураг хулгайд алдагдсан уу гэх асуудал,

-Засгийн газрын харъяа тусгай сангуудыг шалгах асуудал,

зэргийг яаралтай шалгаж шийдвэрлэхийг шаардаж байгаа аж.

Түүнчлэн хотын дарга С.Амарсайханд хаяглаж, албан шаардлага хүргүүлж байгаагаа ч дуулгав. Тухайлбал, “Нийслэлд хууль бусаар албан тушаалаа ашиглаж бусдад өгсөн газрын зөвшөөрлүүдийг цуцлахыг шаардаж байгаа ажээ. Иргэдэд олдохгүй байгаа газруудыг эрх баригчид авчихаад бусдад дамлан зарж байгаа асуудлыг таслан зогсоохыг шаардаж гишүүд гарын үсэг зурсан байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

SMART UB аппликейшн ашиглалтанд орлоо

SMART UB апликейшн ашиглалтад орлоо. Жил бүрийн эхний улиралд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр /ОНХСХ/ хийх ажлын саналыг иргэдээс авдаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд уг саналыг цаасаар авдаг байсан бол энэ жилээс сонгогдсон дүүргийн 42 хороонд цахим буюу ухаалаг утасны апилкейшнаар авдаг боллоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийг 2015 оноос хойш Нийслэлийн гэр хорооллын 87 хороонд хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн нэгдүгээр зорилтын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг цахим хэлбэрээр буюу ухаалаг утасны SMART UB апликейшнаар авах боломж ийнхүү бүрдлээ. SMART UB апликейшныг өнгөрсөн онд 19 хорооны 13,000 иргэнийг хамруулж, санал асуулга авч туршжээ.

Энэ жил SMART UB апликейшныг ашиглан хороо, дүүрэгтээ 2020 оны ОНХСХ-гөөр хэрэгжүүлэх ажилд өгөх иргэдийн саналыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 4-ны хооронд эхлүүлжээ. Харин туршилтын бүсэд хамрагдаагүй үлдсэн хороодын иргэд уламжлалт хэлбэрээр өөрийн саналаа өгөх юм байна. SMART UB апликейшныг ухаалаг утсандаа суулгаснаар иргэний санал өгөх эрх нээгдэх бөгөөд нэг иргэн нэг л санал өгөхөөрөө онцлог аж.

Иргэд цахимаар саналаа өгснөөр ОНХС-ийн ойлголтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зарцуулах, төсөв захиран зарцуулагчдад бодит судалгаа мэдээлэл өгөх, төсвийн үргүй зардлыг бууруулах, санал авах зардал хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх олон ач холбогдолтой аж. Шинэ техник, технологи учраас систем ачааллах, хороодын техникийн хүчин чадал зэргээс шалтгаалж нийслэлийн хороодыг хэсэгчлэн авч туршиж эхэлжээ. Энэ жил 42 хороонд туршсанаар алдаа, эрсдэлийг тооцон шалгаж, нэмэлт сайжруулалт хийж 152 хороонд Smart UB апликейшнийг ашиглах бэлтгэл ажлыг хангана хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

68 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уул уурхайн ангийн алба хаагчид ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагаагаа олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд олон талт ажлыг өрнүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд жагсаалын талбайгаа шинэчлэн цутгахын зэрэгцээ бялдаржуулах танхим, цайны газруудыг орчин үеийн техник, технологиор шинэчилжээ.

Харин байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлын хүрээнд Албаны түүхэн музей, Иргэдэд үйлчлэх танхимыг байгуулаад байна. Мөн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шинжилгээ хийх Химийн лаборатори зэргийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийсэн бөгөөд нийт 68 сая төгрөгийг зарцуулжээ.

Тус ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой байдлын албаны нүүр царай ийм л байх ёстой. Та бүхнээр бахархаж байна. Гар, сэтгэл нийлсэн хамт олны хийж бүтээж, босгосон олон сайхан бүтээлч ажлуудыг хараад баяртай байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье“ гэлээ.

Дашрамд дурдахад Уул уурхайн ангийн алба хаагчид он гарсаар улсын хэмжээнд тохиолдсон уул уурхайн 4 удаагийн ослын дуудлагаар ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.