Categories
мэдээ нийгэм

Өөх соруулах мэс ажилбар хийсэн “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Өөх соруулах мэс ажилбар хийхдээ хариуцлагагүй алдаа гаргаж хүний амь насанд хүрсэн хувийн эмнэлэг болох “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цусан суулгын нян 30 хүнд илэрчээ

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар /2019.04.08/ тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ. Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Гучин айлын мөлжлөгөөс чөлөөлөх нөхөд маань гурван айлын дарлалд аваачих нь уу

Одооны төр барьж байгаа нөхөд 30 айлын мөлжлөг, олигархиудын дарлалаас иргэдээ чөлөөлж, шударга ёсыг тогтоож өгнө гэх мэтээр ард түмний чихэн дээр цэцэг ургуулж гарч ирцгээсэн. Ард түмэн юу яриулахыг хүснэ, тэр бүгдийг нь эд нар ёстой нэг сайхан ярьж өгдөг. Амаараа бол аль хэдийнэ диваажин бүтээгээд амьдралыг нь дээшлүүлээд, дундаж давхаргын хүрээг тэлчихсэн л дээ. Гэтэл бодит байдал дээр ард түмний амьдрал улам дордчихоод байгааг бүгд мэдэж байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжөөр Авлигатай тэмцэх газрын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болгохоор баталчихлаа. ҮАБЗ нь гурван гишүүнээс бүрддэг. Тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, гишүүд нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Ийм бүрэлдэхүүнтэй ҮАБЗ зөвлөмж гарган прокурор, шүүх, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлдөг болох өөрчлөлтийг хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хуульчид хэлж байгаа. УИХ-ын чуулган дээр Д.Лүндээжанцан гишүүн ярьсан шүү дээ, “ҮАБЗ-д Ерөнхий сайд ордог. Энэ хүн бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх, прокурор, АТГ-ын даргыг солино гэхээр эрх ашгийн зөрчил үүсч мэднэ. Эрх ашгийн энэ зөрчил нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ” гэж. Үүнтэй холбоотой “Шүүх засаглалын хараат бус байдал алдагдлаа” гэдгийг нийтээрээ шахуу хэлж, үүнд яаралтай анхаарал хандуулж засах ёстой гэцгээж байна.

Хуульд орсон энэ өөрчлөлтөөр шинэ дарга гарч ирээд өөрсдийнхөө хүмүүсийг томилдог болж байна л даа. ҮАБЗ-ийн гурав гурвуулхнаа ширээ тойрч суугаад “Энийг тавина, тэрийгээ тавья. Чиний хүн, миний хүн” гээд дуртайгаараа бүхнийг хийх боломжийг нь бүрдүүлээд өгчихлөө. Ингэхээр Монгол Улсын асуудлыг ҮАБЗ-ийн гурван айл л ерөнхийдөө шийдэх болчихлоо доо.

Юун 30 айлаасаа салах вэ, эсрэгээр нь энэ гурван айл бүгдийг мэдэх болов. Хамаг эрх мэдлийг энэ гурван айлдаа атгуулж оройдоо залсан нь ямар учиртай юм бэ. Учирсаад ч байх юм байхгүй л дээ. Хуульд ийм өөрчлөлт оруулахыг дэмжсэн, хаалтгүйгээр шууд батлах боломжийг чуулган дээр гаргаж өгсөн хүмүүс бол ЖДҮ-д барьцаалагдсан УИХ-ын өнөө 40 гишүүн. Ард түмэн хэн хэн кнопоо дарж дэмжиж байгааг харж л суусан. Харсаар байтал ийм увайгүй, Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийг инээж байгаад л баталчихсан.

Гэхдээ ингэлээ, ингэлээ гээд эрх баригчид чадахгүй л дээ. Чадахгүй шүү. Жилийн дараа сонгууль болно. Дахиад цаана нь жилийн дараа бас нэг сонгуультай. Энэ дараалсан хоёр сонгуулиар эд нар арчигдана. Үйлийн үрийн хууль гэдэг шиг сонгууль бол нэг ёсны цэвэрлэгээний маш том механизм шүү дээ. Сонгууль бол болох цагтаа болдог, маш хүчирхэг цэвэрлэгээ. Энэ цэвэрлэгээгээр арчигдах ёстой нь арчигдаад, дэвсүүлэх нь дэвсүүлээд ор мөргүй болдог.

Ард түмний аж амьдралыг сайжруулах талаар юу ч хийгээгүй, зөвхөн үзвэр л үзүүлж байгаа эрх баригчид дараа жилийн сонгуулиар арчигдаад алга болно. Ийм ч прокурор, тийм сайдын элдэв бичлэг, ийм ноцтой үйл явдлын баримт энэ байна гээд гаргаж тавиад байх. Зүгээр үзвэр үзүүлсээр байгаад л хоёр жил гарны хугацааг үр дүнгүй гээчихлээ. Ард түмний амьдрал сайжрахгүй, аяган дахь боорцогны хэмжээ нэмэгдээгүй байхад мянга үзвэр үзүүлээд тэр чинь худлаа л болно шүү. Сонгуулиар та нарыг арилгаад хаячихна.

Ямар юмных нь 30 айлын мөлжлөгөөс салгах вэ, гурван айлын дарангуйлалд аваачих л мөрөөдөлтэй. Энэ гурван айл нь Монголыг мэддэг байх тийм мөрөөдөл тээсэн, Монголыг дарангуйлах гэж горьдож байгаа улс сонгуулиар тэсэхгүй. Юу ч хийгээгүй, үзвэр л үзүүлсэн улс яаж тэсэх юм бэ. Үзвэр үзлээ гээд ард түмний сэтгэл нэг удаа цадаад хоёр дахь удаагаа бол үгүй. Тэгээд л дургүй нь хүрч эхэлдэг. Үнэндээ эд нар үзвэрээс өөр юм юу ч хийгээгүй. Өнөөдрийн Монголын улс төр, улс төрийн амьдрал, улстөрчдийн хийдэг юм нь нэг үзвэрээс нөгөө үзвэрийн хооронд л хий дэмий сэтгэгдлээ ярих. Ингэж ард түмний эсрэг, аль муу муухай болгоныг хийж байгаа этгээдүүдийг сонгуулиар аваад хаячихдаг нь Ардчилсан нийгмийн давуу тал. Ямар нийгэмд амьдарч байгаагаа хүртэл мартсан эрх баригчид өнөөдөр Монгол Улсыг гурван айлын дарлалд аваачих хуулийг баталсан ч жилийн дараа ардчилсан сонгууль та нарыг хүлээж байгаа гэдгийг сана.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ тарах ёстой


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ардчилсан намаас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Жагсаалын гол зорилго нь юу байв, хичнээн хүн оролцсон бол?

-60 тэрбумын схемээр гарч ирсэн УИХ, Засгийн газар бол хууль бус юм. Тэдний гарч ирсэн үйл явц нь ч өөрөө Үндсэн хуулийн эсрэг хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор АН эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Дээрээс нь 60 тэрбумын схемээр гарч ирсэн гишүүд юу ч хийж, яаж ч төрийн мөнгийг идэж болно гэдгийг ЖДҮ-ээр харууллаа. ЖДҮ бол гэмт хэрэг. Гэмт хэргээр барьцаалагдсан УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг саяын ээлжит бус чуулганаар гаргасан. Барьцаалагдсан УИХ энэ хавар хэлэлцэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж болохгүй. Зарчмын зөрүүтэй саналаар ямар ч асуудал гаргаж ирээд эсрэг шийдэх, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч бид УИХ-ыг тарахыг шаардаж байгаа.

Ард түмэн нэг зүйлийг мартсан. Өөрөөр хэлбэл, МАН-ын 2016 онд амласан мөрийн хөтөлбөрийг шаардахаа мартчихсан. Ганцхан жишээ хэлэхэд, МАН 2016 оны сонгуулиар “Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо” гэж ард түмнийг айлгаж байгаад ялалт байгуулсан. Гэтэл өнөөдөр нэг ширхэг ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийж, ард түмний амьдралыг сайжруулсангүй. Бүр нэг хүнд ногдох өрийг 24 сая 450 мянган төгрөгт хүргэчихлээ. Есөн сая 450 мянган төгрөгөөр нэг хүнд ногдох өрийг нэмэгдүүлчихээд тухайн аймаг, сум, дүүрэгт ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй байна. Тиймээс жагсаалын нэг зорилго нь МАН-ын амлалтуудыг сануулах байсан.

-УИХ-ыг тарах ёстой гэж та бүхэн хэлж байна. Гишүүдийн гуравны хоёр нь таръя гэсэн санал өгсөн нөхцөлд УИХ тарах боломжтой талаар Үндсэн хуульд заасан байдаг. Эрх баригчид УИХ-ын буюу өөрсдийнхөө эсрэг кноп дарна гэж үү?

-Улсын Ерөнхий прокурор УИХ-ын хэд хэдэн гишүүдийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг УИХ-д оруулсан боловч МАН гэмт хэрэг хийсэн хүмүүсээ хамгаалж үлдсэн. Ер нь бол ЖДҮ-ийн зээл гэж ярих ёсгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс энэ хөрөнгийг зувчуулсан. ЖДҮ-ийн зээл Т.Бадамжунайг Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхаас олгогдож эхэлсэн. Тухайн үед зээл авсан маш олон хүний материал байхгүй. Мөнгийг нь зувчуулаад алга болсон тохиолдлууд байдаг. УИХ-ын гишүүд энэ мөнгийг зээлээр аваагүй. Зувчуулна гэж авсан. Харамсалтай нь ЖДҮ-ийн асуудал дэгдсэнээр энэ хүмүүсийн хулгай луйвар ил болсон. Тиймээс бид тэднийг гэмт хийсэн хүмүүс л гэж ойлгож байгаа. Тиймээс гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ тарах ёстой гэсэн зарчмын байр суурин дээр АН байгаа юм.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хууль орчихсон. Үндсэн хууль хэлэлцэхээр болчихвол тухайн нөхцөлд сөрөг хүчний зүгээс ямар байр суурь илэрхийлэх бол?

-Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлсэн гэж ярьж байгаа. Үүнд нь ихэнхдээ МАН-ыг дэмждэг хүмүүс зохион байгуулалттайгаар оролцож, Монгол Улс даяар хэлэлцүүлэг явуулсан гэж ярьдаг. Харамсалтай нь сөрөг хүчний зүгээс тодорхой саналууд бүрэн дүүрэн ороогүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар хийх ёстой. Тэгэхээр МАН-ын ЖДҮ-д барьцаалагдсан гишүүд өөрсдийгөө хамгаалахын тулд кноп дарж магадгүй. Дээрээс нь 60 тэрбум, ЖДҮ гэж хуваагдсан МАН кнопныхоо тоогоо хүргэх үү, хүргэхгүй юу гэдэг нь асуудал. Ер нь бол МАН-ын олон гишүүд өөрсдөө өнөөдрийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамжгүй гэж тодорхойлж эхэлсэн. Би үүнтэй санал нэг байгаа.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа. Ингэснээр Ерөнхийлөгчид давуу эрх мэдэл олголоо гэж хуульчид шүүмжилж байгаа. Энэ тухайд?

-Манай Үндсэн хуульд засаглалын хуваарилалтыг зөв хийсэн байдаг. Харамсалтай нь шинээр АТГ-ыг байгуулж, тодорхой албан тушаалтнуудын хэргийг шийддэг болсон. Тэднийг Ерөнхийлөгч томилдог байснаар улстөрчдийн өөрсдийнх нь хэлдгээр нэгийгээ хонгил руу чирдэг систем бүрдсэн гэж үздэг. Ерөнхийлөгч ерөнхий прокурор, дээд шүүх, АТГ-ын даргыг санал болгож шийдвэрлэдэг. Ингэснээр нэг хүнд хууль хүчний байгууллагын эрх мэдлийг өгч, үүнээс болж хонгилын асуудал үүсдэг гэх шүүмжлэл бий. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулгын үед ч энэ хэвээрээ байх хандлагатай байгаа. Тиймээс хууль хүчний байгууллагуудын удирдлагыг томилох асуудлыг зөв зохистой хуваарилан, тус тусын субьектүүдэд хянах байдлаар өгөхгүй бол хонгилын систем хэвээрээ байсаар байх болно. Энэ талаарх өөрчлөлтийг бид яаралтай хийх ёстой.

-Дээрх хуулийг өөрчлөхийн тулд эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг гаргаж ирлээ, үүнийг өнөөдрийг хүртэл салбарын сайд нь мэдээгүй байсан хэрэг үү гэх зэрэг байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс ч байна. Та энэ үйл явцыг юу гэж харж байна вэ?

-Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг Хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ бол өнгөрсөн 20 жилийн туршид хуулийн байгууллагыг толгойлж байсан Ц.Нямдорж гэдэг хүний өөрийнх нь түүх юм байна л гэж би харсан.

-Я.Санжмятав Ардчилсан намын дарга болох нь гэх мэдээлэл гарсан байсан. Мөн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч, АН-ын удирдлагатай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Ардчилсан нам дотроо ямар нэгэн өөрчлөлт хийх үү?

-Нэг зүйлийг хэлэхэд, бид 2016 онд маш том ялагдал хүлээсэн. Дотроо зөрчилдөөнтэй, фракцид хуваарилагдчихсан, дээрээс нь лидер дагасан бүлэглэлүүд бий болчихсон байна тиймээс дотоод эв нэгдлээ хангаад ир гэж бидэнд сануулга өгсөн гэж ойлгодог. Хатуу алганы амт үзүүлсэн. Үүн дээр бид дүгнэлт хийгээд 2016 оны сүүл 2017 оны эхээр гурван удаагийн их хурал хуралдуулж, дүрэм журмаа өөрчилж авсан. Ингээд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар намын даргын сунгаанд оролцсон юм. Дүрмийнхээ дагуу л С.Эрдэнэ дарга томилогдсон. Өнөөдөр энэ дүрмийн дагуу АН-ын сонгуульт албан тушаалтан буюу сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын хороо, ҮБХ, бүх шатны дарга нар бүгдээрээ жирийн иргэдээсээ сонгогддог болсон. Бид энэ дүрмийнхээ дагуу л явж байгаа.

С.Эрдэнэ даргатай холбоотой асуудал байгаа бол дүрмийн дагуу асуудлаа тавих ёстой гэж бодож байна. Миний зарчим бол ямар дүрэм байна, тэр дүрмийнхээ дагуу л явах. АН дүрмийнхээ дагуу л тоглолтоо хийж байх ёстой гэж боддог. Тэр дүрмийнхээ дагуу ажиллах ёстой гэсэн үг. Өөрсдөө тухайн үедээ болно, бүтнэ гэж дүрмээ баталчихаад дүрмийн бус тоглолт хийж байгаа бол түүнийг нь дэмжих боломж байхгүй.

-Шадар сайд Стандарт банкны өрийг төлж дууссан гэх мэдэгдлийг хийлээ. Энэ хэр зөв шийдэл юм бэ. Ер нь та Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-49 хувийн асуудал дээр Засгийн газарт үүрэг өгсөн тогтоолыг УИХ гаргачихсан юм. Харамсалтай нь Засгийн газар энэ тогтоолыг бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байгаа. Шүүх Засгийн газрын шийдвэрийг цуцалсан асуудал бий. Гэхдээ 49 хувийн асуудал УИХ-ын зүгээс хийх ёстой зүйлээ хийчихсэн. Одоо Засгийн газрын л ажил үлдсэн.

МАН-ынхан Эрдэнэтийн 51 хувийн асуудлын буруутнуудыг олж, өрийг нь төлүүлнэ гэж ярьдаг. Гэтэл 2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар аливаа цагаан захтнуудын авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгосон. Энэ хуулиар тэрхүү зээлийг “Жаст”-д авч өгөх шийдвэр гаргасан Засгийн газар, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой бүх албан тушаалтнууд хэргээс мултарна. Хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийнэ таван жилээсээ өнгөрчихсөн учраас тэр хүмүүст хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Мөн шоронд хоригдож байгаа Ш.Батхүү гэдэг хүн хамаг хөрөнгөө ийш, тийш нь бэлэглээд, тараагаад, зувчуулчихсан. Одоо “Би сохор ч зоос төлөхгүй. Чихийг минь ав” гээд сууна. Тэгэхээр энэ төлбөрийг хүссэн хүсээгүй Эрдэнэт үйлдвэр, Засгийн газар төлөхөөс өөр аргагүй болж байгаа юм.

Өрийг хямдруулж шийдвэрлэх арга дэлхийд байдаг. Энэ аргыг Монгол Улс ашиглалаа гэж ойлгож байна. Өмнө нь манай улс “Хан ресурс”-ийн хэрэг дээр яг ийм байдлаар өр барагдуулж байсан. 300 сая ам.долларын өрийг 70 сая ам.доллар болгон хямдруулж шийдэж байсан.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Харин 11.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэнэ. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай, “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл багтжээ. Мөн “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсох юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсоно.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 09-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулган болно.

09.00 цагт МҮЭСТО-нд “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган болно. Утас: 88005110

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчны шинэчлэл” хэлэлцүүлэг болно. Утас: 91915340, 99047423, 99519677

10.00 цагт “Туушин” зочид буудалд “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР” сэдэвт өдөрлөг болно. Утас: 99832535, 11-315563

11.00 цагт Чингис Соосэ их сургуулийн Урлаг танхимд “Хөдөлмөр эрхлэлт-2019” өдөрлөгийн нээлт болно. Утас: 99010499

11.00 цагт Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Хүүхэд хөгжил-Хамгаалал” чуулган зохион байгуулна. Утас: 96646863, 99286863

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дэлхийн Монгол нэгдлээс “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлнэ.

11.40 цагт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Олон улсын хэмжээний мастер Д.Отгонбаярын “Монгол Зо” номын нээлт болно.

12.00 цагт “Рокмон билдинг”-т “Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал: Сэтгэл судлаачдын үүрэг оролцоо” эрдэм шинжилгээний хурал болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баянзүрх дүүргийн ЗТДГ-аас тус дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

14.00 цагт СЕХ-ны байранд улс төрийн намуудын дунд “Үндсэн хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон багш нарын төлөөлөл “ Багш нарын VII их хурал”-ын талаар мэдээлнэ. Утас: 88008781, 99012549

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Э.Хашчулуун: ҮАБЗ-өөр шүүгчийн асуудлыг шийдвэрлэх нь шүүх эрх мэдэл рүү шууд халдаж буй хэрэг

Хуульч Э.Хашчулуунтай ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулсан. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр дээрх хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг чөлөөлөх, томилох боломжтой болсон. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Үндсэн хууль руу халдсан хууль гарлаа гэсэн байр суурьтай байгаа. Хууль зүйн хувьд энэ гурван хуулийг тус тусад нь салгаж ярих хэрэгтэй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан уу. Хоёрдугаарт, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байсан уу, үгүй юу гээд яримаар санагдаад байгаа юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл уг зөвлөмжийн дагуу шүүгчийг халах, солих асуудал яригдаад байгаа юм. Үүнийг дэмжихгүй байна. Олон хуульчид ч ийм байр суурьтай байгаа. Шүүхийн хараат бус байдлыг үгүй болгочихлоо гэж харагдаж байна. Зөвхөн шүүхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, дүрмэнд шүүгчийн хараат бус байдал гэж юу вэ, шүүгчийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлыг бүгдийг нь зохицуулсан байдаг. Манай Үндсэн хуульд ч тодорхой зохицуулалтууд бий. Гэтэл ҮАБЗ-өөр шүүгчийн асуудлыг шийдвэрлэх нь өөрөө шүүх эрх мэдэл рүү шууд халдаж буй хэрэг юм.

-Шүүхийн ерөнхий зөвлөл ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэхээ шийднэ гэсэн тайлбарыг хууль санаачлагчийн зүгээс өгсөн. Зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байх бололцоо Шүүхийн ерөнхий зөвлөлд бий юу?

-ҮАБЗ-ийн зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх ёстой, ёсгүй гээд яриад байна. Янз бүрээр өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад байгаа юм. ҮАБЗ бол зөвлөмжийн шинжтэй. Өөрөөр хэлбэл, тогтоол, шийдвэр, тушаал, зарлиг гаргадаггүй. Баримт бичгийн хувьд зөвлөмжийн шинжтэй. Гэхдээ субьектийнхээ хувьд авч үзвэл зайлшгүй биелүүлэх шаардлагатай болно. ҮАБЗ-ийн зөвлөмж гэхээр заавал биелүүлэх шинж бүхий, гэхдээ зөвлөмж учраас заавал дагаж биелүүлэх шаардлагагүй гэж тайлбарладаг. Өөрсдөө хүсвэл биелүүлдэг ийм л шийдвэр гэсэн үг. ҮАБЗ-ийн зөвлөмжтэй холбоотойгоор ийм асуудал оруулж байна гэвэл үүнийг хүлээж авах эсэх нь тухайн субьектээс хамаарна. Түүнээс биш зөвлөмж учраас заавал хэрэгжүүлэх албагүй, энэ хууль хэрэгжихгүй ч байж болно гэж тайлбарлах гэж буй бол тийм биш. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь хэн байна, Ерөнхийлөгч хэн байна гэдгээс шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн зөвлөмж ирсэн учраас энэ шүүгчийг түдгэлзүүлэх хэрэгтэй гэж үзвэл эрх мэдэлтэй этгээд өөрийнхөө дураар шийвэр гаргачихна гэсэн үг.

-Ерөнхий сайд ҮАБЗ-ийн гишүүн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань шүүх засаглалын удирдлагуудыг томилоход оролцох боломжтой боллоо. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үү гэсэн асуулт гарч ирээд байна л даа?

-Эрх мэдэл хуваарилах зарчим гэж бий. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багшийн хэлсэн үг ч бий. Эрх мэдлийг гурав хуваарилна гэдэг нь гурван субьектэд хандаж шилжүүлж буй асуудал биш. Энэ бол тэнцвэржүүлж балансыг хадгалж буй тогтолцоо юм. Үндсэн хууль гэдэг нь энэ улсын нутаг дэвсгэр дээрх бүх хүмүүсийн хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ юм. Иргэн хүн иргэнийхээ эрхийг хязгаарлаж буй хууль биш. Бүх иргэн өөрсдийгөө төлөөлж хууль тогтоох шийдвэр гаргадаг, Засгийн газар хуулийг нь хэрэгжүүлдэг, шүүх нь аль алинаас нь нөлөөлөлгүйгээр үнэн шударгаар шийддэг энэ тэнцвэрийг хадгалах л байхгүй юу. Гэтэл одоо давхар дээлийг бүгд мэдэж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө Засгийн газрын гишүүн болчихсон. Үүнтэй холбоотойгоор ЖДҮХС-гаас зээл авчихсан. Арав гаруй гишүүн үүнд нь хамрагдчихсан. Таван гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулахаар УИХ-аараа хүлээж авдаггүй. Уг нь Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцах ёстой. Засгийн газрын гишүүд ийм асуудалд оролцсон бол УИХ-аас хариуцлага тооцож, тараах асуудлыг ярих ёстой юм. Гэтэл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл давхардсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй кноп дараад байна. Үүнээс хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл зааглагдаагүйгээс дордуулсан долоон өөрчлөлтөд ордог асуудал яригддаг. Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дээр, захиргааны буруу шийдвэрүүд нь Захиргааны хэргийн шүүх дээр шийдэгддэг.

-Тэгвэл Ерөнхий сайд Засгийн газрын эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг солих эрх мэдэлтэй болчихлоо гэж та харж байна уу?

-Засгийн газрын шийдвэрийг хянах ёстой Захиргааны хэргийн шүүх болон шүүгчид, Ерөнхий шүүгчдийг томилох асуудал нь Ерөнхий сайдын өөрийнх нь үзэмжийн асуудал болчихож байгаа юм. Ерөнхий сайд орж ирээд Ерөнхийлөгч, УИХ даргатай зөвшилцөнө. Яг өнөөдрийнх шиг гурвуулаа нэг ашиг сонирхолтой нөхцөл байдалд Засгийн газрын үйл ажиллагааны эсрэг шийдвэр гаргаж буй шүүгчдийг солих боломжтой болчихлоо. Үүний үндэс нь ҮАБЗ. Гэтэл ҮАБЗ нь өөрөө шүүгч томилох асуудлыг шийдэх, санал оруулах эрхтэй субьект биш. Үндсэн хуульд зааснаар шүүчгийг Ерөнхийлөгч томилно. Өөрөөр хэлбэл, засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэж хуваахдаа Ерөнхийлөгч гэдэг хүнийг гаргаж ирсэн. УИХ, Засгийн газрын шийдвэрт хориг тавих эрхтэй. Тиймээс шүүгчийг томилох асуудлыг Ерөнхийлөгчид хадгалуулдаг. Гэтэл одоо орсон өөрчлөлтөөр шүүгч нарын аюулгүй байдал, бүрэн эрх УИХ дээр хамаардаг боллоо. УИХ-ын дарга гэдэг тухайн олонх болсон намын хүн. Засгийн газар мөн адилхан. Тэгэхээр төрийн дээр нам гэдэг тогтолцоо руу орчихлоо. Намынх нь дарга Ерөнхий сайд. Тэр намын эсрэг шүүгчийг Ерөнхий сайдын зүгээс огцруулах санал оруулж болох нь. УИХ-ыг даргалж буй хүн бас энэ талаар санал оруулна. Гэтэл Ерөнхийлөгч буюу балансыг бариулах ёстой хүн маань энэ хоёртойгоо нэгдэнэ. Яваандаа хоёр, нэгээр шийдвэр гаргахаар бол яах вэ. Ерөнхийлөгч л шийдэх ёстой тусгай эрх байхгүй болно. Ерөнхийлөгч хичнээн хүсээд ч тэр шүүгчийг огцруулж чадахаа болино. Цаашдаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр энэ асуудлыг олонхоороо шийдээд явах боломжтой үр дагавар гарна.

-Иргэд шүүгч нар ил далд шударга бус шийдвэр гаргадаг гэж шүүмжилдэг. Шүүгч нарыг халж, солих тогтолцоотой болсон нь зүйтэй гэх хүмүүс байна. Тэгэхээр үүнээс өөрөөр шүүгч нарын хууль бус ажлыг хэрхэн таслан зогсоож, хариуцлага тооцох боломжтой вэ?

-Энэ оруулсан өөрчлөлт эрх зүйн орчныг сайжруулсан зүйлгүй. Жишээлбэл, эрүүдэн шүүсэн асуудал гэж байна. Эрүүдэн шүүх нь Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг. Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийг дагаж мөрдөж буй оронд эрүүдэн шүүх явдал гарвал үүнийг гэмт хэрэг гэж үзнэ гээд заачихсан байдаг. Тэгэхээр эрүүдэн шүүсэн этгээд шууд эрүүгийн хариуцлага хүлээх хэрэгтэй болно гэсэн үг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх нотлох, цагаатгах үүрэг хүлээхгүй. Шүүх хавтаст хэрэг цугласан баримтыг үзэж шийдвэр гаргадаг. Шүүх эрүүдэн шүүсэн гэсэн ойлголт оруулж ирсэн. Ийм ойлголт огт байхгүй. Эрүүдэн шүүнэ гэдэг маань бие махбод, сэтгэл санааны хувьд дарамтанд оруулах байдлаар хэрэг хүлээлгэхийг хэлнэ. Олон улсын гэрээ, конвенц дээр ч ингэж заасан. Хэргийг шийдвэрлэж буй хүн сэжигтнийг очиж тамлан зовоох эрх зүйн орчин Монголд байхгүй. Үүнийг буруугаар тайлбарлаж ийм байдал үүсгэсэн. Хоёрдугаарт, албан тушаалынхаа хэмжээг хэтрүүлдэг, шүүх авлигажсан гэдэг. Авлигын эсрэг болон Эрүүгийн хуульд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхлоороо асуудалд хандах нь бүгдээрээ гэмт хэрэг гэж заасан. Үүнийг шалгадаг, шийддэг тогтолцоо одоогийн хуулиудад бий. Энэ хуулиудыг яаж үр дүнтэй хэрэглэх вэ гэдэг асуудлыг ярилгүйгээр зүгээр л шүүгчид авлигажсан гэх юм. Үнэхээр шүүгчид авлига авч, хэргийг хувийн сонирхлоор шийдсэн бол үүнийг шийдэх тогтолцоо нь бий. Хууль зөрчсөн нь тогтоогдвол тэр шүүгч бүрэн эрхээ алдана. Шүүхийн шийдвэрт ард түмэн итгэхгүй байж болно. Учир нь шүүхийн шийдвэр хүнд 100 хувь таалагдах албагүй. Энэ нэмэлт, өөрчлөлт асуудлыг шийдэж буй тогтолцоо нь дэвшилттэй, шинэ асуудлыг шийдэж байгаа үзүүлэлт биш. Өөрийнхөө нөлөөлөл, хонгилыг шийдэх гэж байгаа асуудал.

-Хэрэг хийгээгүй хүнийг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн явдал олонд ил боллоо. Үүний цаана өшөө олон ийм хэрэг гарсныг үгүйсгэх аргагүй. Бид энэ байдлаас хэрхэн гарах вэ?

-Мэдүүлэг, байцаалт авч буй мөрдөгчийн асуудал. Тэр мөрдөгч эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол өөрөө хариуцлага хүлээж, гэмт хэрэгт холбогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотолгооны зарчим гэж бий. Хуульд заагаагүй арга хэрэгслээр буюу эрүүдэн шүүж яллах нотлох баримт бүрдүүлсэн бол шүүх үүнийг нотлох баримт гэж үзэх эрхгүй. Бүр цаашилбал оролцогчийн хүсэлтээр нотлох баримтаас хасах арга хэмжээ авах ёстой. С.Зориг агсны хэрэг дээр эрүүдэн шүүсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд явна. Эрүүдэн шүүсэн нь нотлогдвол хэргийг дахин хянаж болно. Ийм тогтолцоо байсаар байтал шүүх байгууллага эрүүдэн шүүдэг учраас ҮАБЗ-өөс зөвлөмж оруулна гэдэг нь өөрөө зарчмын хувьд өөрчлөлт биш. Зүгээр л хэн нэгний эрх мэдлийг нэмэгдүүлж буй асуудал. Гарц гаргалгаа биш.

-Ерөнхий прокурорыг ажлаас нь чөлөөлсөн. Хаврын чуулганаар дараагийн хүнийг томилно гэж байна. Үүнийг та ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна уу?

-Прокурорын байгууллагын тухай хуульд прокурорын хараат бус байдлын тухай зохицуулалт бий. Бүр нарийн яривал 46 дугаар зүйлд Ерөнхий прокурор Ерөнхийлөгчтэй яаж харьцах вэ, УИХ-тай яаж харьцах вэ гэдгийг тусгасан. Жишээлбэл, Ерөнхий прокурор жилд нэгээс доошгүй удаа УИХ-д хүний эрхийн танилцуулга хийх үүрэгтэй. Хэрвээ аль нэг хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл өөрийнхөө санаачилгаар Цэцэд мэдээлэл өгч, тэр асуудлыг шийдвэрүүлэх эрхтэй байх жишээтэй. Прокурор хэрэг мөрдөх, хянан шалгах ажиллагаанд хяналт тавьдаг. Улсын нэрийн өмнөөс яллагчаар оролцоно. Прокурорыг заавал хүн яллах гэж дайрдагаар ойлгох хэрэггүй. Хэн нэгэн хүн гэмт хэрэг хийсэн байвал тэр хүнийг буруутайг нотлохын тулд өөр өмгөөлөгч ажиллаж болохгүй. Яагаад гэвэл төрийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээлгэдэг учраас прокурор л оролцох ёстой. Прокурор оролцохдоо яллах, цагаатгах аль аль байр сууринаас нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Тийм учраас прокурорын хараат бус байдлыг хангаж өгөх үүрэгтэй. Гэтэл одоо Ерөнхийлөгч энэ саналыг өргөн мэдүүлэхээсээ өмнө прокурорын жилийн тайлангийн хурал дээр ороод иргэнийхээ хувиар ийм материал шалгуулъя гэсэн. Энэ бол нөлөөллийн хэлбэр. Иргэний хувиар хандаж буй бол өргөдөл, гомдлын дагуу мэдээллээ өгч хариулт авах ёстой. Гэтэл иргэн прокурорын тайлангийн хурал дээр ороод гэмт хэргийн тухай яриад, шалгаж өг гэж хэлж чадахгүй. Хоёрдугаарт, Ерөнхий прокурорыг сольж буй асуудал ихээхэн ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Намрын чуулганаар ЖДҮ-тэй холбоотой таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулсан. УИХ дээр хамгаалаад гарсан. Хаврын чуулганаар дахиад оруулна гэдгээ прокуророос мэдэгдсэн. АТГ-аас энэ талаар мэдээлэл өгсөн. Яг хаврын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаад үүгээрээ энэ хуулиудад өөрчлөлт хийж буй нь ард түмнийг төлөөлж шударга ёсыг эрэлхийлж байсан прокурорыг сольчихож байгаа юм. Тэгэхээр энэ хуулийнхаа дагуу өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдийг томилох боломжтой болно. ЖДҮ-тэй холбогдож буй сайд нарыг толгойлж буй Ерөнхий сайд нь ямар прокурор томилохоо шийдэх эрхтэй болж байгаа юм. Үүнээс эхлэн шударга ёс алдагдаж байна. Шүүгч нар авлигажаад улс орон сүйрэх гээд байгааг тогтоосон судалгаа бий юу. Зүгээр л авлигын индекс буурсан гэдгээр ийм хууль баталсан. Энэ бол ноцтой. Залуу хуульчдын зүгээс Цэцэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганболд: Манай улсад хувийн мөрдөгчийн эрх зүйн орчин байхгүй

Монголын хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ганболдтой ярилцлаа.


-Хүний хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч нууцаар бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацах тохиолдол их болжээ. Үүнийг ямар хуулийн, ямар зүйл заалтаар зохицуулдаг вэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр хүний хувийн халдашгүй дархан байдалд халдсан утга агуулга бүхий дүрс, дуу бичлэг цацагдах хандлага их ажиглагдаж байна. Энэ бол хууль зүйн зохих хэм хэмжээний хүрээнд хийгдэх ёстой хүний ухамсарт үйлдэл юм. Тиймээс хэн нэгэн дуртай этгээд бусдын эрхэмсэг оршихуй, дотоод ертөнц, нандин чанарт дур мэдэн халдаж хөндлөнгөөс нөлөө үзүүлж оролцох нь зохисгүй хэрэг болдог. Ийм учраас энэ харилцааг хууль тогтоомжийн хүрээнд нарийвчлан зохицуулсан байдаг. Тухайлбал, МУ-ын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт. Жишээ нь, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй /13/, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална /17/. Хэрэв энэ үйлдэл хууль бус шинжтэй байвал Эрүүгийн хуулийн 13.5, 13.6, 13.8, 13.10, 13.11, 13.12, Зөрчлийн тухай хуулийн 6.21, 6.22 зэрэг аль тохирох зүйл заалтаар зүйлчлэн хууль зүйн хариуцлага тооцно.

– 2017 онд шинэчлэхэд Эрүүгийн хуулиас хассан гэсэн. Өмнө нь ямар зохицуулалттай байсан бэ. Нууцаар бичлэг хийсэн этгээд ямар хуулийн шийтгэл хүлээдэг байсан бол?

-Асуулт ба хариултын аль алиныг нь дэлгэрүүлж ойлгож, тэр хэмжээгээр хариулах хэрэгтэй болж байх шиг санагдлаа. Учир нь хоёр хуулийн шинэчлэл ба харьцуулалттай холбоотой асуудал гэж ойлголоо. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байх үедээ 2015 онд Гэмт хэргийн тухай хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн л дээ. Энэ хуульд зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор анх тусгасан юм. Харин үүнийг академич С.Нарангэрэл үгүйсгэн шүүмжилж байсан талтай. Энэ байдлаас улбаалан авч үзэхэд “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу, дүрсний бичлэг хийсэн бол /13.8.1/”… бичлэгийг олон нийтэд тараасан бол /13.8.2/” гэсэн 2015.12.03-ны өдрийн Эрүүгийн хуулийн заалтыг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол” гэж 2017.05.11-ний өдрийн Эрүүгийн хуулиар өөрчлөн найруулж, ингэхдээ “… бичлэгийг олон нийтэд тараасан бол /13.8.2/” гэсэн хэсгийг нь хүчингүй болгосон.

-Эрүүгийн хуулиас хассанаас хойш энэ төрлийн зөрчил нэмэгдсэн үү. Хассан шалтгааныг та яаж харж байна?

-Хуулиар гэмт хэрэгт тооцохоо болих, эсхүл зөрчил ба гэмт хэрэгт тооцох зэргээс хамаарч зөрчлийн гаралт ихсэх, эсхүл багасах гэдэг нь харьцангуй утга юм. Нарийвчилсан статистик тоо мэдээ судалгаанд тулгуурлан гаргах нь илүү үнэ цэнэтэй. Тийм учраас асуудлын гол шалтгаан, нөхцөлийг тооны бус аргаар олж шийдвэрлэх нь зохимжтой. Эрүүгийн хуулиас хассан буюу зөрчил, гэмт хэрэг өөр хоорондоо сүлэлдэх нь дур зоргын хэрэг биш, харин эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь ба хавсарга шинжлэх ухааны нарийн асуудал байдаг. Би энэ талаас нь л хардаг. Харин хувийн амбиц гаргах болон улстөржих зэрэг бохир арга замаар хуульд хуруу дүрэх нь хамгийн хортой бөгөөд өөрөө хуулийн хулгайн гэмт хэрэгт тооцогддог.

-Энэ төрлийн зөрчлийг Эрүүгийн хуулиар зохицуулах тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би зөвхөн судлаачийн хувьд хариулах юм бол тэр бүр үйлдлийг эрүүлжүүлэх нь сайн санаа биш. Харин практик хуульчийн нүдээр харахад амьдрал дээр гарч байгаа бохир заваан зүйлийг бодохоор эрүүдэн шүүх нь болохоор мэт. Яагаад ингэж хариулж байна вэ гэхлээр шууд л энэ бол гэмт хэрэг, эсхүл энэ бол зөрчил, яав ч гэмт хэрэг биш гэж их мэдэж хэлэх нь боломжгүй. Учир нь эрүүгийн эрх зүй гэж айхавтар зүйл бий. Харамсалтай нь бүх л эрх зүйч, хуульч нар эрүүгийн эрх зүйг их л мэдэж ярих юм. Би хувьдаа 20 жил судалж байгаа ч гүнд нь нэвтэрч чадаагүй л өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл судалгаа, нотолгоо, үндэслэл, шалтгаант холбоо байх ёстой учир тэр юм.

-Хүний хувийн орон зайд нэвтэрч нууцаар бичлэг хийсэн зөрчлийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зөв үү. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Эхлээд нэг зүйлийг тайлбарлая. Анх ямар хууль байгаад дараа нь яаж өөрчилж, хүчингүй болгосныг өмнө нь хэлсэн. Энэ бүхнийг яриад байгаа нь энэ асуултыг хариулахад зориулагдсан хэрэг. Одоо дагаж мөрдөж байгаа хуулиар бол … бичлэг хийсэн бол зөрчил /2017.05.11-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 6.22/, … бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол гэмт хэрэг /2017.05.11-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.22/-т тооцогдоно. Үүнээс бид ялгаа заагийг олж харах нь чухал. Гэхдээ нэг үйлдэл тус бүрдээ бус үргэлжлэн хийгдэж, нэг нь нөгөөгийнхөө шат дамжлага болж илрэх байдал практикт түгээмэл учир нэг салбар эрх зүйн хувьд багтааж үзэх нь зөв.

-УИХ-ын гишүүд, томоохон албан тушаалтнууд “Миний гэрт эсвэл ажлын өрөөнд чагнах төхөөрөмж байршуулсан, намайг тагналаа, чагналаа” гэж Төрийн ордонд хүртэл ярих болжээ. Чагнах төхөөрөмж байршуулах эрхийг хаанаас олгодог вэ?

-Улс төрийн сенсаци, амбиц зэргийг би хувьдаа хэлж мэдэхгүй. Төрийн ордон бол улс төрийн тоглоомын талбай бус төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх институцийн талбар л гэж би хардаг. Хууль зүйн хувьд төрөөс тогтоосон хууль бий. Жишээ нь, Гүйцэтгэх ажлын тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай гэх мэт хуулиар зохицуулагдана.

-Ямар байгууллага чагнах төхөөрөмж байршуулах эрхтэй байдаг юм бэ?

-Дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, эрх бүхий албан тушаалтанд энэхүү бүрэн эрх бий. Тухайлбал, нөгөө алдарт гурван үсэгтэй байгууллага. Жишээ татахад Сангарагчаа гэх хүнийг АТГ-ын дарга байхдаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж ял оногдуулсан шийтгэх тогтоол гарч байсан практик бий.

-Хүний хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч чагнах төхөөрөмж байршуулсан иргэн баригдсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Иргэнд бол ийм эрх ч байхгүй, үүрэг ч байхгүй. Энэ бол төрийн чиг үүрэг, эрх хэмжээний нарийн асуудал. Манай улсад хувийн мөрдөгчийн эрх зүйн орчин байхгүй. Хэрэв хувь хүн ийм үйлдэл хийсэн бол “мөрдөн мөшгөсөн” гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Өмнөх сэдэвтэй уялдуулан хэлэхэд хүний хувийн орон зайд халдаж бичлэг хийх явдал нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, хувь хүний нууцын задруулах, нэр төрд халдах, заналхийлэх зэрэг эрүүгийн шинжтэй олон гэмт зан үйлийг дагуулж байдгаас гадна ёс зүйн хувьд эвгүй сэтгэгдэл төрүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэх, нийгэмд талцал хуваагдах үүсгэх гэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болгодог.

-Тухайн хохирсон иргэн хаана, ямар байгууллагад хандаж болох вэ?

-Өргөдөл, гомдол хүсэлтийг хаана ч хэзээ ч гаргах нь иргэдэд нээлттэй. Гагцхүү хуулиар харьяалал тогтоосон бол тэр журмаар хандах ёстой. Өөр тусгайлан нөхцөлийг хуулиар тогтоосон буюу хориглосон зүйл байхгүй болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гадаад паспортыг хүн бүрт олгодгийг зогсоох цаг болжээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы уламжлалт нүүр болох “Өдрийн сурвалжлага” булан энэ удаа Туул голын Яармаг орчим дахь бургасыг хэзээ мөдгүй хядах гэж байна хэмээн сурвалжлав.

“Улс төр” нүүрт “Хан ресурс”-ын 70 сая ам.долларын өрийг шалгахыг шаардав гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Гадаад паспортыг хүн бүрт олгодгийг зогсоох цаг болжээ” хэмээн өгүүлжээ.

Бичил уурхай эрхлэгч хоёр ээжийн хүйн цусанд мөнгөн ус өндөр тунгаар илэрчээ хэмээн нийтэлжээ

Х.Нямбаатар: Эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг аль хэдийнэ эрх чөлөөтэй болгочихсон байх ёстой гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Эмч” нүүрт Ж.Амарсанаа: С вирусийн эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо хангалтгүй байна гэсэн яриа дэлгэжээ.

Америкийн энхийг сахиулагчид дайнтай Ливийг орхиж байна хэмээх нийтлэлийг “Дэлхийн мэдээ” нүүрээс уншаана уу.

“Соёл урлаг” нүүрээс “Б.Дашдондог: HU хамтлаг Америк, Европоор тоглолтоо хийнэ” хэмээх сонирхолтой ярилцлагыг уншаарай.

Л.Чулуунцэцэг: Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшсэн Д.Ганзориг жирийн иргэнд хилс хэргээр ял онооход гар бие оролцсон гэв.

Д.Батмөнх: Хар нүх нүдэнд харагддаггүй л болохоос нэг төрлийн од хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат: “Зүүн баян рефайнери” 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн мэдээлэл бий

Image result for Н.Цэрэнбат

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар тодруулга өгчээ. Тэрээр, “Зүүн баян рефайнери” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалчсан. Гэсэн ч үйл ажиллагаа явуулсаар байна. Шүүхийн байгууллагаас асуух хэрэгтэй. Оюунхоролыг БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үед тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Миний үед дахиж олгосон асуудал байхгүй. Шүүх дээр маргаан үүсч талуудын оролцоог түдгэлзүүлчихсэн” Мөн “Оюунхоролоос өмнө сайдын албан тушаал хашч байсан хүмүүс зөвшөөрөл олгосон байдаг. Богд уул, Туул голтой холбоотой асуудал шүүх дээр шийдэгдвэл шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Та бүхний хардаад байгаа шиг би тэдэнтэй тохирчихоод байгаа зүйл байхгүй. Ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад дүгнэлт гаргачихсан. 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн мэдээлэл бий.” гэжээ.