Categories
мэдээ нийгэм

Тендерт шалгарсан ч ажлаа хийгээгүй компанийг шалгаж байна

АТГ өнгөрсөн долоо хоногт 8 хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Үүнд байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 объект бичиг баримттайгаа хамт алга болсон. Сум хөгжүүлэх сангийн 100 орчим сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий этгээдүүдээ олгосон. Ажилд орсон хүмүүсээс хахууль авсан. Мөн 2017 онд 8.9 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан боловч өнөөдрийг хүртэл уг ажлыг хийгээгүй, 233.74 ам метр газрыг ашиглах эрх олгохдоо бусдад давуу байдал олгосон, байгууллагадаа хуучин, эвдэрхий зөөврийн цахилгаан үүсгүүр болох генераторыг тендер зарлалгүй 25 сая төгрөгөөр худалдан авсан зэрэг үйлдлүүдийг шалгаж байна.

Categories
гадаад мэдээ

Казахстанд зургадугаар сард ээлжит бус сонгууль болно

Казахстаны түр Ерөнхийлөгч Касым Жомарт зургадугаар сарын 9-ний өдөр ээлжит бус сонгууль зохион байгуулах гэнэтийн шийдвэр гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ сонгуулийг нээлттэй, шударга зохион байгуулахаа амласан бөгөөд өөрөө нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна.

Казахстан улсыг 28 жил удирдсан Нурсултан Назарбаев өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр суудлаасаа буух шийдвэр гаргасан билээ. Харин маргааш нь Касым Жомарт Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр томидлогдсон. Ерөнхийлөгч асан Назарбаев улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болж, эрх баригч Нур-Отан намын даргын суудалд хэвээр үлдсэн юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусч, ээлжит сонгууль зохион байгуулагдах ёстой байв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг ГХЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо.

Мөн талууд Монгол, Америкийн улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх болон Монгол, Америкийн Залуучуудын жилийн хүрээнд саяхан ГХЯ дээр зохион байгуулагдсан “Peacebook forum” арга хэмжээний талаар ярилцав.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 09-ны 08.00 цагт эхэлж, 19 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар 2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох, Соёлын биет өв эргүүлэн авчрах тухай, Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах талаар хэлэлцэх юм. Мөн Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай, Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай, Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайд, ХНХ-ын сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайдын гадаад томилолтын үр дүнгийн тухай мэдээллийг сонсох юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ “Капитал банк”-наас 135 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Монгол банкнаас “Капитал” банк дампуурсныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, ЭМДЕГ-аас тус банкинд байршуулсан мөнгөө нэхэмжлэхээр болжээ.

“Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн (ЭМДС) 135 тэрбум төгрөг байршиж байгаа аж. Тухайлбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө “Капитал” банкинд байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) бие даан байгуулагдсанаар ЭМДС-аас “Капитал” банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй юм байна. Харин хадгаламжийн хүү болох найман тэрбум төгрөгийг Төрийн санд авсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл дуусахад зургаа хоног үлдлээ

Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ-ын бүртгэл орон даяар хаагдахад ЗУРГАА хоног үлдээд байна.

ЭЕШ-ын бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлээд байсан бөгөөд хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдаж, хаагдах юм.

Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаад байсан. Тус шалгалтад нийт 18,500 шалгуулагч бүртгүүлснээс 16,100 шалгуулагч шалгалтад оролцож нийт 87 хувийн ирцтэй зохион байгуулагдсан юм.

Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй шалгуулагчдад зориулсан хоёр дахь шалгалт дөрөвдүгээр сарын 20-ны Бямба гарагт дахин зохион байгуулагдах юм. Тус шалгалтад ойролцоогоор 5,000 орчим шалгуулагч оролцох тооцоо гараад байна. Монгол хэл бичгийн хоёр дахь шалгалтад орох шалгуулагчид дахин бүртгүүлнэ.

Энэ жил ЭЕШ-ын хичээл тус бүр 5,800, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна. Мөн шалгалтын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглаж байгаагаараа онцлогтой.

Бүртгүүлэх холбоос: https://eyesh.eec.mn/home

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 17-ноос 20-ны хооронд орон даяар зэрэг явагдана.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ нэмэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ литр тутамд 40-50 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, АИ-92 автобензин 1785-1790 төгрөгөөр борлуулагдаж эхэлсэн байна.

Яагаад шатахууны үнэ нэмэгдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад “Гурав, дөрөвдүгээр сард гадаад зах зээлийн үнэ өссөн. Үүнтэй холбогдон шатахууны үнэ нэмэгдсэн” гэх тайлбарыг өглөө. Мөн цаашид ч шатахууны үнэ өснө гэдгийг албаныхан хэлж буй юм.

2018 онд шатахууны үнэ 5-6 удаа нэмэгдэж хоёрдугаар сарын 07-ны өдөр УУХҮЯ-аас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлж шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулж байсан. Тухайн үед салбарын сайд шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг мэдэгдэж байсан ч одоо ийнхүү нэмэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Даатгалын компаниудад дутагдлаа арилгах үүрэг өглөө

Санхүүгийн зохицуулах хороо иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол болон зарим хэвлэлд гарсан нийтлэлийн мөрөөр ажиллаж, даатгалын нэр бүхий компаниудад “Орон сууцны эзэмшигч, өмчлөгчийн хариуцлагын даатгал”-ын бүтээгдэхүүний борлуулалтын үйл ажиллагаа, гэрээ болон холбогдох хуулийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлээ.

Олон нийтийн дунд “орон сууцны даатгал” гэж нэрлэгддэг дээрх бүтээгдэхүүнийг өнөөдрийн байдлаар ердийн даатгалын 15 компанийн найм нь борлуулж байна. Эдгээр компаниуд 2014-2018 онд нийт 413,855 айл өрхийг орон сууцны даатгалд хамруулж, 9.7 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлэн, 1.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

Дээрх үзлэг шалгалтаар даатгалын гэрээнд даатгуулагчийн өмнөөс гарын үсэг зурсан, нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй, илүү дүнгээр хураамж авсан, орон сууцны компаниуд даатгалын төлөөлөгч, зуучлагчийн тусгай зөвшөөрөлгүй атлаа айлуудаас хураамж төвлөрүүлж ажилласан, зарим айл өрхтэй гэрээ байгуулалгүй хураамж авсан зэрэг зөрчил, дутагдал цөөнгүй илэрлээ. Мөн Хорооны баталсан маягтаас өөр маягтаар даатгалын гэрээ байгуулсан, тусгай зөвшөөрөлгүй этгээдэд гэрээжүүлэлтийн төлбөр төлсөн, даатгалын тохиолдлыг шалгаж баримтжуулах ажилтан, хохирол үнэлэгчийг холбогдох журамд заасан хугацааны дотор томилоогүй, гэрээ болон хохирлын тайланд туссан хураамжийн дүнгүүд зөрсөн зэрэг зөрчлүүд баримтаар тогтоогдоод байна.

Иймд Хороо үзлэг шалгалтаар илэрсэн алдаа дутагдалыг нэн даруй арилгах, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй ажиллахыг даатгалын компаниудад үүрэг болгож, хэд хэдэн чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар хүргүүлээд байна.

Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, шалгалтын ажлын тайлан дүгнэлтэд үндэслэн Хороо иргэд, олон нийтэд хандан дараах зөвлөмжийг өгч байна. Иргэн Та даатгалын гэрээг өөрийн сайн дураар байгуулаагүй, гарын үсэг зураагүй бол хураамж төлөх ёсгүй. Танд мэдэгдэлгүй гэрээ хийж, төлбөр хураамж авч байсан бол нийт хугацааны хураамжийг даатгалын компаниас нэхэмжлэн, буцааж авах эрхтэй. Харин Та өөрөө “Орон сууцны эзэмшигч, өмчлөгчийн хариуцлагын даатгал”-д даатгуулах нь зүйтэй гэж үзвэл даатгалын компаниасаа мэдээлэл авч, гэрээний нөхцөлтэй сайтар танилцан, баталгаажуулахыг зөвлөж байна.

Орон сууцны болон бусад даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн гэрээ болон даатгалын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол маргааныг Хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Улсын Их Хурлаас 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж иржээ.

Тус хуулийг хэрэгжүүлэх хугацаанд хийгдсэн улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч үзэж байна.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

-шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн тус салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болгох;

-яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байх;

-эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагааны үндсэн чиглэлээрээ гэрээт ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн тусгай мэдлэг шаардлагатай эрүү, иргэн, захиргааны хэрэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинжээчээр ажиллах;

-шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх;

-шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тэдгээрийн шууд харьяалах дээд байгууллагатай нь хамтран тогтоож, санхүүжилт олгох;

-улсын захиалгат төслийн захиалагч шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг тодорхойлон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон оюуны бүтээлийг өмчлөх;

-эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор аттестатчилал явуулж байх зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүд туссан байна.

Дээр дурдсан нэмэлт, өөрчлөлтүүд нь судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанар, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх замаар төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг бэхжүүлэх, оюуны болон материаллаг нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.09) хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 55.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2011 онд Улсын Их Хурлаас баталсан Нотариатын тухай хуулийн талаар санал боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тухайлбал, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, нотариатын шинэ төрлийг хуульчлах, нотариатчдыг сургах, давтан сургах, тэдний ажиллах хугацаа, насыг тодорхой болгох зэрэг нэмэлт зохицуулалтыг шинээр тусгасан гэж байлаа.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс нотариатчдын гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн дагуу хүлээлгэх хариуцлагыг хуульд тодорхой тусгасан эсэхийг лавлалаа. Мөн нотариатын үйлчилгээний үнэ, тарифыг хэн хаанаас тогтоодог, өмгөөлөгчид нотариатын үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа эсэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нотариатын үйлчилгээг хаанаас авахыг илүүтэй тодруулсан.

Хуулийн төслийн хүрээнд нотариатчдын хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргасан. Тухайлбал, нотариатын үйлдэл хийсний дараах үр дагавар, зөрчлийг илрүүлээд хариуцлага тооцох хугацаа нэг жил байдаг нь нотариатчдад сахилгын хариуцлага хүлээлгэх боломжгүй болгодог байсан. Хуулийн төсөлд энэ хугацааг хоёр жил болгосон. Түүнчлэн зөрчил гаргасан нотариатчинд сануулах, үйл ажиллагааг нь тодорхой хугацаанд зогсоох, эрхийг нь хүчингүй болгох заалтууд оруулж ирсэн. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд ч, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ч өмгөөлөгч нотариатын үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Нотариатын үйлчилгээний үнэ тарифыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталдаг. Энэ дагуу нотариатын үйлчилгээний үнийн дээд хэмжээ нь 300 мянган төгрөг хүртэл байгаа. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүрд аль нэг дипломат ажилтанд нь нотариатын үүрэг эрхлэх давхар эрхийг ХЗДХЯ-аас олгодог. Өөрөөр хэлбэл, дипломат төлөөлөгчийн газар бүрд нотариатын үүрэг гүйцэтгэгч байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хариулж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Түр хороо байгуулах асуудал жил гаруй саатаж, цаг хугацаа шаардсан, нэлээд хэдэн чуулган дамжсан. УИХ өмнө нь Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороон дээр хоёр ч ажлын хэсэг байгуулан ажилласан ч хууль эрх зүйн хязгаарлалтад орж, үйл ажиллагаа нь мухардалд орсон юм. Иймд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дагуу энэ асуудлаар Түр хороо байгуулах шаардлагатай гэсэн шийдэлд хүрээд энэ асуудлыг өргөн барьсан. УИХ-аар энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргах цаг нь болсон. С.Зоригийн хэргийн асуудлаар Олон улсын парламентын холбооны 50 гаруй тогтоол болон ойрын өдрүүдэд болж байгаа ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гарч байгааг танилцуулгадаа онцлов.

Тэрбээр, энэ асуудал С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, нөгөө талд нь энэ гэмт хэргийг бусдад тохох гэж эрүүдэн шүүсэн бас нэгэн гэмт хэрэг болсныг онцлохын зэрэгцээ Түр хороо байгуулаад хууль, прокурорын байгууллага, бүх гэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг дуудан ирүүлж, парламентад хариулт өгч, хуулийн өмнө хариуцлага үүрэх цаг болсон гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.