Categories
гадаад мэдээ

Сураггүй болсон Японы сөнөөгч онгоц олджээ

Өчигдөр орой далай дээгүүр нисэж байхдаа сураггүй болсон Японы F-35 сөнөөгч онгоцны үлдэгдлийг олсноо тус улсын батлан хамгаалах яам зарлажээ. Гэхдээ онгоцны нисгэгч олдоогүй байгааг энэ үеэр мэдээлсэн байна.

Далайд унасан F-35 сөнөөгч нь АНУ-ын Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн байлдааны техник бөгөөд ашиглагдаж эхлээд жил болоогүй байсан аж. Япон улсын засгийн газар Хятадын цэрэг зэвсгийн хүч өсөн нэмэгдэж байгаагийн улмаас агаарын хүчиндээ шинэчлэл хийж, ийм загварын сөнөөгч онгоц 87 ширхгийг авахаар захиалаад түрүүчээс нь хүлээж аваад байгаа юм.

Үйлдвэрлэгч Lockheed Martin компани ослын шалтгааныг тогтоохын тулд Японы өөрийгөө хамгаалах агаарын хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Пентагон мөн нөхцөл байдлыг анхааралтай хянаж байгаагаа мэдээлжээ.

Японы тал Lockheed Martin компаниас F-35A загварын онгоцны эд ангиудыг нь авч, Нагояагийн ойролцоох Mitsubishi Heavy Industries Ltd компанийн үйлдвэрт угсарч байгаа юм. Ингэж угсрахад нэгж онгоцны зардал $100,000,000 болсон нь бүрэн угсарсан онгоц авахаас яльгүй өндөр өртөгтэй болж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шүдний 199 эмнэлэг 2-6 насны хүүхдэд үнэгүй үйлчилнэ

Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгууллаа.

Хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Шүд, эрүү, нүүрний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус төлөөллүүд оролцов.

Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах боллоо.

Дээрх эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулаад байна.

Эрүүл мэндийн сайдын баталсан “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжих юм.

Categories
мэдээ нийгэм

Прокурор олны анхааралд орсон хэргүүдийг хянана

Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах болжээ.

Хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарахыг даалгасан байна. Ажлын хэсгээс өгсөн чиглэл, даалгаврын хэрэгжилтийг хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэт явуулж дууссаны дараа бодитой мэдээллийг нийтэд хүргэж байхаар шийдвэрлэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөв хүмүүсээ дэмжих нь электорат хөдөлгөөний тэргүүн зорилго

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


-Электорат хөдөлгөөнийг яагаад санаачлах болов. Ямар учиртай, яадаг хөдөлгөөн бэ?

-Бид 2000 оноос нийгмийн судалгаа хийж ирсэн. Хамтарч ажилладаг хэд хэдэн судалгааны баг бий. Сонгуулийн өмнө хойно ч судалгаа хийж байсан. Зөвхөн улс төр, сонгууль гэлтгүй компаниудын захиалгаар ч судалгаа хийдэг. Энэ нь манай ажлын нэг хэсэг л дээ. Сонгуулийн судалгаанууд амархан шалгагддаг. Сонгуулиар дүн нь гараад ирнэ. Манай судалгааны дүн сайн таардаг. Сүүлийн хориод жил хийсэн улс төрийн судалгаагаар одоогийнх шиг улс төрийн намуудын нэр хүнд ийм болтлоо уначихсан тохиолдол байгаагүй. Хоёр том намын нийлбэр рейтинг хэзээ ч тавин хувиас доош орж байгаагүй. Одоо улс төрийн гуч гаран нам байна, бүгдийнх нь нийлбэр рейтинг гучин хувь хүрэхгүй байна. Улс төрийн хувьд Монголд шинэ нөхцөл байдал үүсчээ. Бид сонгуулиар өөрсдийгөө төлөөлүүлж сонгогдсон тодорхой тооны хүмүүст төрийн эрхээ даатгадаг хуультай ард түмэн. Хүмүүс хоёр намд дөрөв дөрвөн жилээр ээлжлэн итгэл үзүүлсээр явж ирсэн. Гучин жилийн турш ингэж явсаар сүүлдээ сонгогчдын санаа сэтгэл эргэжээ. Намуудад итгэх итгэл үгүй болж, бие даасан улсыг дэмжих хандлага маш их болжээ.

-Манайх чинь олон намын тогтолцоотой биш бил үү. Энэ тогтолцоог эвдэж буй хэрэг үү?

-Сайн ч муу ч ардчилсан тогтолцоот нийгэмд улс төрийн намуудын өрсөлдөөн, чөлөөт сонгуулиар төрийн эрх баригчид тодордог. Учир нь улс төрийн нам бол улс орныг дараагийн хэдэн жил яаж авч явах программ, зорилтоо тодорхойлон нийгмээс дэмжлэг авахаар өрсөлдөнө. Монголын нялх ардчилал энэ шаардлагыг хангаж чадахгүй явсаар 30 жил өнгөрч олон түмний улс төрийн намд итгэх итгэлийг алджээ. Энэ нь түр зуурын үзэгдэл байх. Иймээс хүмүүс улс төрийн тогтвортой байдлыг эрэлхийлж энэ удаад намуудад биш, бие даагчдад итгэл үзүүлэх хандлага хавтгайрч буйг судалгаа харуулж байна.

-Сонгогчид намуудыг дэмжихгүй шинжтэй боллоо гээд ийм хөдөлгөөн санаачилж байгаа хэрэг үү? Нам гэж нэгэн үзэл бодолд нэгдсэн хүмүүс хоорондоо алалцаад байхад. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг олон хүн гарч ирээд зөв шийдвэр гаргаж чадах уу?

-Үнэхээр дараагийн сонгуульд бие даагчид төрийн эрх барих дээд байгууллагад суудлын дийлэнхийг эзэлбэл нэгдсэн бодлогогүйн хувьд энэ нь Монголын улс төрийн үйл явцад ихээхэн том ухралт болно. Бие даагчдын ээлж ирснийг ихэнх хүмүүс, ялангуяа горилогчид сайн мэдэж байгаа. Ийм горилогчид санасныг бодвол маш олон. Янз бүрийн зорилго сонирхолтой, нэгдсэн үзэл баримтлалгүй бие даагчид янз бүрийн арга саамаар олноороо төрийн эрх барих дээд байгууллагад орж ирэх нь тийм ч сайн зүйл биш. Ирэх сонгуулиар гишүүн болох хүмүүс ядахнаа тун энгийн шалгуурыг урьдчилан давсан байх шаардлагатай гэж үзэж байна.

Олон түмэн өнөөгийн нөхцөл байдалд нам гэхээсээ бие даасан улсуудыг илүү дэмжих хандлагатай байна. Ийм үед нэр дэвшигч тойргийн иргэдийнхээ өмнө ил тодоор, юу хийж болох, юу хийж болохгүй гэдгээ илээр амласан байх хэрэгтэй гэсэн шалгуур тогтоох сэдлээс энэхүү Электорат хөдөлгөөний санаа үүссэн юм. Судалгаанаас харахад шинэ, залуу үеийн, боловсролтой, соёлтой, хулгай зэлгий хийдэггүй хүнээ сонгоно гэсэн хандлага байна. Тэгвэл тэр хандлагыг дагуулан баталгаажуулсан дэмжих хүмүүс хэрэгтэй юм гэдэг үүднээс Электорат хөдөлгөөнийг санаачилсан хэрэг.

-Анх хэн санаачилсан юм?

-Содном гуай, Чойжамц хамба, Гомбосүрэн гуай, иргэн Ламжав, Жанцанноров, сайд асан Бямбажав гуай гээд есөн хүн цуглаад ярилцсан. Нэгэн чиглэл рүү орохгүй бол одоогийн байдлаасаа ч дордох нөхцөл бүрдээд байна гэдэг санаагаар ярилцсан. Тэгээд санаачлагчид Электорат хөдөлгөөн байгуулъя гэж тогтсон. Энэ дэлхий дээр чинь сонгууль өчнөөн болдог ч манайх шиг задгай, замбараа дэс дараалалгүй сонгууль явуулдаг нь ховор юм байна. Америкт Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх ард түмнээсээ санал авдаг ч хамгийн сүүлд нь 540 хүн л эцэслэн шийддэг. Давхар сонгууль явуулчихаж байна гэсэн үг. Олон орон ингэж давхар сонгууль явуулдаг. Европын орнуудад намууд өөрсдийнхөө нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг тойрог тойрог дээр нь өрсөлдүүлээд хамгийн их дэмжлэг авч байгаа улсуудаа сонгуульд илгээнэ. Тэр нь бас давхар сонгууль гэсэн үг. Албан бус болон албан гэх мэтчилэнгийн давхар давхар шалгуураар дамждаг. Манайх бол сонгуулийн сурталчилгааны 45 хоногт палхийтэл дэвшүүлээд баахан мөнгө тарааж байгаад ч юм уу, худлаа ярьж байгаад гараад ирдэг нэг тийм задгай юм болчихоод байна. Сонгогчид ихэнх тохиолдолд сонгож буй хүнээ таньж мэддэггүй, хэд хоногт өөрийнх нь ярьснаар хагас дутуу ойлголт авдаг. Сонгосныхоо дараа бөөн гомдол. Тэгэхээр энэ сонгох гэж байгаа хүмүүсээсээ сонгогчид хоосон амлалт биш, бодит баталгаа авдаг механизм хэрэгтэй гэж тогтож ярилцсан. Ингээд эхний алхам болгож гурван зуу гаруй хүнд захидал бичин энэ санаагаа танилцуулж “Бид ийм нэг юм санаачилчихаад байна. Үүнийг дэмжээч ээ” гэсэн. Ингэж л жар гаруй хүнтэй Электорат хөдөлгөөнөө долоо хоногийн өмнө албан ёсоор байгууллаа.

-Электорат хөдөлгөөн гэж яагаад нэрлэх болсон юм?

-Нэрний хувьд ийм юм. Бид өөрсдийн санаа бодлоо хуваалцаж, гурван зуугаад хүнд захидал бичихдээ “Үндэсний сэхээтнүүд үндэстнээ аварна” гэж уриалсан. Бид сэхээтэн гэдгийг сэхээрсэн хүмүүс гэж ойлгож байна. Нийгмийн ухамсартай хүмүүс. Энэ нь шууд утгаараа дээд сургууль төгссөн дипломтой хүн гэсэн үг хараахан биш. Ухамсартайгаар төрийнхөө сонгуульд оролцож, төрөө зөв байгуулж чаднаа гэж үздэг учраас сэхээрсэн гэж байгаа юм. Электорат гэж бол давхар сонголтынхныг л хэлдэг. Анхны санал болгож байгааг, эсвэл зэрэгцүүлэн нэр дэвшүүлж буй бүлгийг Электорат хөдөлгөөн гэдэг л дээ. Энд тэндгүй байдаг үг. Одоо зарим нь гуйвуулж нэрлээд “электрод” гээд байна лээ. Надад бол тэр нэршил сайхан санагдаж байгаа. Электродоор юм гагнадаг биз дээ. Тэгж гагнахад оч үсэрдэг, очоос дөл үүснэ, дөлөөс гал үүснэ гээд сайхнаар хүлээж авбал гомдох юм үгүй. Электрон хөдөлгөөн гээд л зарим нь хоч зохиох юм. Энэ ертөнц өөрөө электрон шүү дээ. Надад тэр ч бас л таалагдаж байна.

-Танай хөдөлгөөнд ямар шаардлага хангасан хүмүүс багтаж байгаа вэ. Анзаарах нь ээ, олны танил, буурь суурьтай хүмүүс л харагдана лээ. Гэхдээ бас зарим хүн шүүмжлээд эхэлсэн байна. “Социализмын үед амьдарч байсан “хуучин” хүмүүс яаж шинэ соргог сэтгэж, зөв хүн олж гаргах юм” гэцгээгээд л…

-Электорат хөдөлгөөний гишүүн болох хүмүүсийг нэлээд хэдэн зүйлийн шалгуураар сонгон санал тавихаар бид эхнээсээ тогтсон юм. Нэгдүгээрт, Электорат хөдөлгөөнд орсон хүмүүсийг олон түмний ихэнх нь таньж мэддэг байх ёстой. Энэ хүн биднийг буруу зам руу хөтлөхгүй биз гэсэн итгэл үнэмшил сонгогчдод төрүүлөх болов уу. Хоёрдугаарт, энэ хөдөлгөөнийхөн өөрсдөө сонгуульд нэр дэвшиж болохгүй. Чингэвэл дэндүү зөрчилтэй харагдана. Гуравдугаарт, энэ хөдөлгөөнийхөн ямар нэгэн ашиг сонирхол хөөгөөгүй, зөвхөн улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалд санаа зовсон эх оронч сэтгэлээр нэгдсэн учир сонгууль дуусмагц шууд тарж цаашид үйл ажиллагаа явуулахгүй. Дөрөвдүгээрт, энэ хөдөлгөөн өөрийнхөө нэр дэвшүүлж байгаа хүнийг дэмжинэ. Нэг үгээр өөрийнхөө нэр хүндээр дэнчин тавьж буй хэрэг. “Энэхүү нэр дэвшиж байгаа хүн бол ёс суртахууны хувьд гайгүй юм байна” гэж хэлж байгаа хэрэг. Гэхдээ хөдөлгөөний аль ч гишүүн хувь хүнийхээ хувьд өөр бие даагч болон нам эвслээс нэр дэвшигчийг дэмжиж болно. Энэ нь хэт явцуурахаас зайлсхийж буй хэрэг. Ийм тохиолдолд Электорат хөдөлгөөний нэрийг ашиглаж болохгүй л гэсэн үг. Тавдугаарт, хэний ч эсрэг сөрөг сурталчилгаа хийхгүй. Зарим сайтаар хэнийг ч сурталчлахгүй гээд буруу бичээд байна лээ. Хэн нэгнийг нийлж хараахгүй, харин зөв хүнийг нийлж ерөөнө гэсэн үг.

-Бие даагчдыг дэмжих хөдөлгөөн гэж гарч ирчихээд одоо зөв хүн гээд яриад эхлэх юм?

-Бид анх үнэхээр “Бие даагчдыг дэмжих хөдөлгөөн” гэж нэрлэж байсан. Хөдөлгөөн байгуулах цугларалт дээр олонхийн саналаар “Зөв хүнээ дэмжих хөдөлгөөн” гэж албан ёсоор нэрлэхээр шийдлээ. Манайх бусад нэр дэвшигч болон бусад намын эсрэг хөдөлгөөн биш. Зөв хүн байвал хэнийг ч дэмжиж болно гэсэн үг. Ер нь бие даагч гэдэг бол Монгол Улсын өнөөдөр үйлчилж байгаа хуулиар намын гишүүн ч байж болно, нам бус ч байж болно. Хамгийн анхны бие дааж, сонгогдсон хүн бол 1992 онд Говь-Алтайгаас нэр дэвшсэн МАХН-ын гишүүн Зуунай гэж байв. Энэ мэт бие даагч өнгөрсөн сонгуулиудад олон гарсан, хуулиар ч үүнийг зөвшөөрдөг. Бие даана гэдэг бол нам бус байна гэсэн үг биш. Тиймээс өөр нам бүлэглэлээс нэр дэвшигч зөв хүнийг дэмжих нь зүйтэй гэж үзвэл дэмжинэ. Ямар нэг юмыг эсэргүүцэн тодорч буй нэгдэл биш, тэр дундаа улс төрийн намаар дамжин төрийн бодлого тодорхойлдог өнөөгийн тогтсон механизмыг сөрж байгаа хэрэг бүр биш. Өнөөдөртөө бие даагчдыг дэмжих хандлага манай олон түмний дунд хавтгайрчихаад байгаа учраас энэ нь хүсээгүй үр дүн рүү аваачих вий гэсэн болгоомжлол эрхгүй төрж байна. Электорат хөдөлгөөн бол төрийн болон олон нийтийн байгууллага биш, сайн дураараа хэдхэн зарчим дээр тодорхой хугацаанд нэгдсэн хүмүүс шүү дээ, бид. Энэ улсууд маань санал болгож байгаа нэр дэвшигчидтэй гэрээ байгуулна. “Чамайг дэмжье. Чи Их хурлын гишүүн болвол чамтай гэрээ байгуулна. Хулгай хийхгүй, худлаа ярихгүй, давхар дээл өмсөхгүй” гэдэг юм уу, “элдэв популизмаар хөөсрүүлээд явахгүй, сонгуулийн хугацаанд мөнгө тараахгүй” гэх мэтээр гэрээндээ тусгана. “Ийм тохиолдолд бид нэр төрөөрөө чамайг дэмжиж байнаа” гэсэн утгатай л юм. Электоратад орсон хүмүүс маань янз бүрийн хувийн бодолтой. Иймээс сая цуглахад “Манайхаас нэр дэвшиж байгаа хүн дараагийн парламентыг хоёр танхимтай болгохоор Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын төлөө тэмцэх ёстой”, “Халдашгүй эрх гээч ямбыг үгүй болгох хэрэгтэй” гэх мэтийн олон санал гаргацгаасан. Энэ бүхнийг хоорондоо ярилцан зөвшилцөлд хүрэх байх.

-Гэрээ зөрчвөл яах уу?

-“Би Их хурлын гишүүн болох юм бол ийм, ийм буруу зүйл хийхгүй” гэх мэт заалттай гэрээг биднээр дамжуулан тойргийн сонгогч түмэнтэй хийх шаардлага тавина. Өнөөгийн жидүү, 60 тэрбум маягийн хэрэгт нэр холбогдохгүй гэсэн санаа. Иймэрхүү муугийн олон жишээ байна л даа. “Хэрвээ холбогдвол шууд нэрээ татна” гэх мэт гэрээ тойргийн сонгогчидтойгоо хийж амлалт авах ёстой.

-Та нарыг хэн санхүүжүүлж байгаа юм. Нэг их сайхан сэтгэлтэй, эх орноо гэсэн хүмүүс үнэхээр цаг заваа гарздаад ингээд явна гэж үү. Бас нөгөө нэр дэвшигчид чинь санхүү тааруухан байвал яах юм. Зөв хүн ч гэсэн мөнгө санхүү муутай юм гээд орхих уу?

-Энэ хөдөлгөөн улс төрийн нам биш учраас нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бололцоогүй. Олонд танигдсан нэр хүндээрээ л дэмжинэ. Олон түмний таньж мэдэх улсууд байгаа учраас нэр дэвшигчиийг гэхээсээ араас нь баталж байгаа улсуудыг хараад итгэнэ гэж найдаж байна. “За даа, Урианхай гуай ч худлаа яриад байх хүн биш дээ” гэх жишээтэй. Түүнээс биш огт танихгүй хүн орж ирээд ямар ч баталгаагүйгээр сонгогддог тохиолдол олон бий. Бид одоо хэдэн зуун хүнээс хэнийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгааг нь тодруулсан санал анкетаар авна.

-Гишүүн болчих санаатай хүн дэндүү олон шүү дээ. Тэд бүгдээрээ танай Электоратад тоогдчих санаатай анкетаа ирүүлвэл яах юм?

-Мянга ч юм уу, найман зуу ч юм уу хүний нэр ирэг л дээ. Энэ нэр ирэхээр нэг тойрог дээр таван хүн янз бүрийн газруудаас санал болгоод ороод ирэг л дээ. “За та нар өөрсдийгөө тойрогтоо танилцуул. Бид ар талаас нь судалгаа явуулъя. Яг үнэндээ та тав дотроос хэнийг нь сонгогчид илүү дэмжээд байгаа гэдгийг тодруулъя. Сонгогч сонгогдогч хоёр юун түрүүн биенээ таньсан байх хэрэгтэй. Танай тойрогт хүмүүсийн үзэж буйгаар таван хүнийг зөв хүн гэж байна. Энэ таван нөхөртэй та нар сайн танилцаадах”. Танилцсаных нь дараа бид судалгаа явуулъя. Энэ таваас хоёрыг нь огт дэмжихгүй байна. Үлдсэн гурван нөхрөөс энийг илүү дэмжээд байна. Өнөөх үлдсэн гурван хүн дээр Электоратынхан ярилцъя. Өөрийнх нь түүх ямар юм, элдэв хэрэг төвөгт орж байсан уу гэж дахиж судлаад тэндээсээ нэг хүн шалгаруулна. Энэ маань маш урт хугацаанд буюу долоо найман сар үргэлжлэх процесс.

“Тэр тойрог дээр Электоратынхан тэр хүнийг дэмжиж байна” гэж хэлтэл нэлээд хугацаа орно. Яагаад гэвэл энэ хооронд дараалсан шалгаруулалт болох нь ээ дээ. Юун түрүүн тойргийн сонгогчид өөрсдөө шалгаруулна. Хамгийн гол нь Электорат хөдөлгөөн сонгогчийг сонгогдох сонирхолтой хүнтэй нь холбох зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гээд байгаа хэрэг шүү дээ.

-Нэр хүндээрээ дэнчин тавин танай хөдөлгөөнд багтсан энэ хүмүүсийг яаж сонгосон бэ? Олны танил, зөв хандлагатай гэвэл өөр олон хүн гадна үлдэж байна шүү дээ…

-Олон нийтэд танигдсан хүмүүс. Дээр шалгуурыг нь хэлчихсэн. Жишээ нь Бадарч гуайг ч юм уу, Гангаамааг ч юм уу хүмүүс таньдаг болчихсон шүү дээ. Гэхдээ бүх хүнд танигдсан гээд эрүүгийн том хэрэгтэнг бол авахгүй нь тодорхой. Бас томоохон бизнесмэн улсаас нэгийг ч аваагүй. Манайхны нэг зөрчил бий. Нэг бизнесмэн авчихаар цаад хүн нь хар биш ч харлуулах гээд зүтгээд байдаг. Тиймээс хэдийгээр олон түмэнд танигдсан ч бизнесмэнүүдийг оруулаагүй. Гэхдээ тэднийг муу хүмүүс гэж байгаа юм биш шүү, элдэв хэл аманд тийм хүмүүсийг амархан холбодог учраас. Одоо төрд сонгогдсон болон өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаа хүмүүсийг хөдөлгөөнд уриагүй. Тэднийг бас л муу хүмүүс гэж байгаа юм биш, нийгмийн дунд тэднийг янз бүрийн өнцгөөс хардаг нийтлэг ойлголт байдаг учраас.

Электоратууд ямар нэг хэмжээгээр нийгэмд сөргөөр үнэлэгдэж байгаагүй, өөрөө дэвшихгүй гэх зэрэг нь чухал шалгуур. Электорат өөрөө сонгууль дуусмагц хар аяндаа тарна гэдэг ч бас нэг сүрхий шалгуур. Энд багтсанаараа ямар нэгэн ашиг завшаан хайгаагүй гэдгийн илэрхийлэл. Бид нар нэр дэвшиж байгаа хүнээсээ ёс суртахууны шаардлага их тавина гэдэг нь төрөө төгс цэвэр байлгаж чадахгүй юмаа гэхэд ядахнаа цэвэрхэндүү болгоход зүтгэе гэдгээ илэрхийлж, үүний төлөө өөрийнхөө нэр хүндийг дэнчин болгон тавьж байна гэсэн үг. Олон талаас бодож ийм бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Би өөрийгөө энэ жагсаалтад багтаагаад бүр санаачлагчдын нэг болчихсон цохиж явааг ч зарим нэг нь өөлөх л байх. Болор хүн гэж байдаггүй, хэнийг ч ухаж төнхөөд байвал ямар нэг дутагдал илрүүлэх л байх.

Гэхдээ ерөнхий имиж нь нийгэмд эерэг гэдэг л гол үзүүлэлт. Миний хувьд гэхэд би сүүлийн 20 жил улс төр, нам хөдөлгөөнд огт оролцоогүй, манай нийгмийн байдал тийм ч таатай биш байна гэж үздэг учир хөндлөнгөөс нь шүүмжлэх, засаж залруулах талаас нь санал тавьдаг, зөв гарц хайдаг бие даасан нэгэн. Гарц, санал маань хүн болгонд таалагдаж байх албагүй. Бүгдэд зуун хувь таалагддаг хүн л үнэндээ явдалтай байдаг юм шүү дээ.

-Намууд бас өөрсдийн хүнээ тойрог бүрт дэвшүүлнэ. Тэр дотор зөв хүн байвал Электорат яах вэ?

-Намуудын нэр дэвшигч, бие даагч нар гээд зөндөө хүмүүс дэвшихээр гарч ирнэ. Тэд нартай харьцуулж үзнэ. Ардын намаас нэр дэвшигчийг дэмжвэл дэмжихээр хүн байна. Ардчилсан намаас, эсвэл ХҮН-аас энэ хүнийг гаргах хэрэгтэй гэх мэт. Үүнийг би дээр хэлсэн. Тиймээс Электорат сая хуралдаад нэрээ “зөв хүнээ дэмжих хөдөлгөөн” гэж тодотголоо. Бид зөв хүн гэдгийг голдуу ёс суртахуунтай холбож ярьдаг. Судалгаанаас үзэхэд өнөөдөр сонгогчид санал өгөх хүнээ голдуу хувь хүнийх нь ёс суртахуунтай холбон ойлгож байна.

Эрдэм номтой хүн ч юм уу, мундаг дуучин, эсвэл тамирчин гэдгийг нь голлохгүй. “Ер нь энэ зөв хүн дээ” гэж ярьдаг шүү дээ. Магадгүй нарийвчилбал хүн хүний “зөв хүн” янз бүрийн шалгууртай л байх. Гэхдээ ерөнхий нэг ойлголт тогтсон байдаг, ноён нуруу ч гэж хэлдэг. Тэр утгаараа Электоратынхан цуглаж хуралдахдаа бие даагчдыг дэмжих гэдэг нь явцуу ойлголт байна, зөв хүнээ дэмжье гэж шийдлээ.

-Та нар зөв нэр дэвшигчиддээ зориулж дундын мөрийн хөтөлбөр ч юм уу гаргах уу?

-Нэр дэвшүүлэх 76 хүнээ тодорхой болгож байж мөрийн хөтөлбөр яримаар байна. Одоо хэтэрхий эрт байна. Ер нь судалгаанаас харахад хүмүүс олон жилийн ороо бусгаа явдлаас болоод ямар нэгэн мөрийн хөтөлбөр гэхээсээ хүндээ илүү ач холбогдол өгөх шинжтэй болжээ.

-Электорат хөдөлгөөн зөв хүнийг гаргаж ирэхийг зорьж байгаа. Гэтэл зөв биш хүн судалгаагаар олонхийн санал аваад байвал яах вэ?

-Маш сайн дэмжлэг авчихсан ч шал буруу аргаар дэмжигдсэн байвал яахав.Жишээ нь өнөөх дэмжлэг аваад байгаа нөхрийг “Сонгуулийн дараа бүгдэд нь хөргөгч авч өгнө” гэсэн ойлголтоор хүмүүс дэмжээд судалгаагаар нэгээр гарвал бид тийм хүн дэмжиж болохгүй шүү дээ. Ийм тохиолдол манайд гарсаар байгаа, тодорхой жишээ мундахгүй. Тиймээс бид хэлэлцэнэ. Магадгүй дараагийн боломжит хувилбарыг дэмжинэ. Судалгаагаар нэгдүгээр байраар гарч ирсэн ч та тиймэрхүү нөхөр байнаа. Баахан худлаа амлах нөхөр бололтой. Эсвэл судалгаагаар нэгээр гарч ирсэн ч хүн амины хэргээр арван жил суучихсан эр байж дээ гээд хэлнэ.

-Гэтэл үл бүтэх нөхрийг дэмжээд гаргаад ирснээ хожимдож ойлговол яах вэ?

-Надад одоохондоо хариулт алга. Амлалтыг нь дахин ил тавьж ичих булчирхайтай нь л тооцоо хийдэг байх даа. Ер нь нэр хүндээрээ дэнчин тавьсан шүү гэдгээ Электоратынхан ойлгож сонгон шалгаруулахдаа их л хариуцлагатай хандах хэрэгтэй байхаа.

-Сөрөг сурталчилгаа хийхгүй гэдэг нь юу гэсэн үг юм. Жишээ нь та сонгуулийн үеэр нэг олиггүй хүн нэр дэвшээд гарчих гээд байгааг хараад дуугүй байж тэвчих үү?

-Сөрөг сурталчилгаа хийхгүй гэдэг маань ийм учиртай юм. Хэн нэгнийг нэр дэвших гэж байхад нь Электоратын нэр барьж “Энэ хүн дэмий” гэж сурталчилж болохгүй. Бусад нам, бүлгээс болон гадуур бие дааж байгаа нэр дэвшигчийг Электорат хөдөлгөөний нэр барин муулж гүйхгүй. Харин Электоратын нэрээр биш бол хувь хүнийхээ хувьд хэн нэгнийг “Энэ их дэмий хүн шүү” гэхийг хориглохгүй. Мөн Электоратын дэмжиж буй нэрэнд багтаагүй хүнийг найз нөхөр ах дүүгийн утгаар хувиараа дэмжихийг хорьж болохгүй биз дээ. Гээд “Манай Электорат дүүг минь дэмжиж байгаа” гэж гүжирдэж болохгүй гэсэн санаа. Тэгвэл үндсэн утга алга болно.

-Танайх шиг ийм хөдөлгөөн, эсвэл эсрэг хөдөлгөөн гараад ирвэл яах вэ?

-Нэг юм санаачлаад явахаар өрсөлдөх, хорлох, зэрэгцэн санаачлах холбоод зөндөө гарна. Тэртэй тэргүй тэр мэтийг бид ойлгож байна. Аль хэдийнээ Электоратыг гүтгэх доромжлох гутаах үзэгдэл нийгмийн сүлжээгээр зэрэгцээд гараад ирсэн. Тэрийг тоох хэрэггүй байхаа. Эцсийн бүлэгт үр дүн нь чухал. Ашиг сонирхол хөөгөөгүй гэдэг нь хар аяндаа тодрох биз. Аяндаа биднийг дэмжих өөр хөдөлгөөнүүд ч гарч ирнэ гэж итгэж байгаа. Жишээ нь Электорат хөдөлгөөнийг дэмжих сэтгүүлчдийн хөдөлгөөн байгуулагдахыг үгүйсгэх аргагүй.

-Электорат хөдөлгөөний бодож байгаа юм монголчуудын эрх ашигт нийцнэ гэж яагаад бодсон юм. Хэдхэн л хүний бодол биз дээ. Бидний зөв гэж боддог хүн та нарыг зөв гэж боддогтой яагаад нийцнэ гэж…

-Бид зөвхөн сонгуулиар дамжиж л төрөө барьдаг. Гурван сая хүн цуглаж хоорондоо ярилцаад төр барина гэж үгүй. Тодорхой хугацаагаар тодорхой төлөөлөгчөөрөө дамжуулж, төрөө барьдаг, төрийнхөө шийдвэрийг гаргадаг. Үүнийг бид “ард түмний мэдэл” гэж нэрлэдэг. Ард түмэн төрөө төлөөллийн хүнээрээ дамжуулж төрөө мэднэ үү гэхээс өөрсдөө цугларч хуулиа батлаад, өөрсдөө хүн шийтгээд яваггүй биз дээ? Бидний яриад байгаа нь төрийн эрх барихаар сонгогдох төлөөлөгч маань үнэхээр олон түмний төлөөлөл байгаасай л гэсэн санаа.

Үнэндээ өнгөрсөн гучин жилийг ч юм уу, тэр байтугай 1924 оноос эхлэн сонгууль явуулж эхэлснээр тооцоход сонгогдогч маань яг ард түмнийг төлөөлж чадаж байна уу, үгүй юу гэдгийг бодоод үзээрэй. Ард түмнийг төгс төлөөлсөн төр гэж хаана ч байдаггүй. Ерөөсөө ч бололцоогүй. Тэгэхээр аль болохоор ард түмэн рүүгээ дөхсөн шийдвэр гаргуулах тухай яриад байгаа юм. Жишээ нь нэр дэвшигч 51 хувийн саналаар гишүүн болчихлоо гэхэд цаана 49 хувийн санал тэр чигээрээ гээгдэж байгаа биз? Австрали, Шинэ Зеландын сонгуулийн хуулинд тэр үлдсэн 49 хувийн саналыг тооцдог механизм оруулсан байдаг, тэднийг нь төлөөлөх хүнийг ч парламентад оруулдаг. Нэлээд төгс сонгуулийн хэлбэр. Бид тэр хэмжээнд хүртэл хол байна. Ихэнх оронд парламентын гишүүн болохын тулд заавал тойргийн сонгогчдынхоо талаас илүү хувийн дэмжлэг авах ёстой байдаг. Хэн ч тэгж чадаагүй бол эхний хоёр нэр дэвшигчийг үлдээгээд дахин сонгууль явуулдаг. Энэ бол бас л давхар шалгуурын нэг хэлбэр. Гэтэл одоо манайд хэрэгжиж буй сонгуулийн систем бол дэлхийд анхлан ардчилсан сонгууль явуулж байх үеийн нэлээд болхи хувилбар. Манайд хэдэн хүн нэг тойрогт өрсөлдөөд саналаа хэсэглэн хуваагаад авчихвал дэвших хамгийн доод талын шалгуур нь 25 хувь. 1996 онд Гомбожав гэдэг хүн 26 хувийн саналаар III хорооллоос гарч ирж байв. Цаана нь 75 хувийн санал хаягдаж байгаа биз? Тэр 75 хувийн саналыг бусад өрсөлдөгчид хуваагаад авчиж. Яг энэ тохиолдолд ард түмнийг төлөөлж чадаж байгаа эсэх нь их эргэлзээтэй болчихож байгаа юм. Сонгогчдыг өөрсдийнх нь санал руу аль болох дөхүүлж өгье гээд байгаа нь ийм учиртай. Тэгэхийн тулд сонгогчид тэр хүнээ юун түрүүн харьцангуй сайн мэддэг таньдаг байх шаардлагатай. Түүнээс нэг танихгүй хүн гарч ирж дэвшээд л Монгол Улсыг сансарт нисгэнэ гэдэг юм уу, далайн ёроол эзэмшүүлнэ гэж амлахаар, тэр амлалтад баталгаа гаргах бололцоогүй зүйл шүү дээ.

-Олон хүн бие даагаад гараад ирлээ гэж бодъё. Тус тусдаа бие даагаад яваад байх уу, нийлж байгаад бүлэг холбоо болох юм уу?

-Манайд хийж байгаа анхны туршилт маягийн зүйл учраас бие даагчид нийлээд засгийн эрх авчихаар тийм хэмжээнд хүрнэ гэж бодохгүй байна. Нарийн яривал би мэдэхгүй байна. Юутай ч электоратынхан дараагийн жидүүчин дэвшүүлэхгүй байх нь чухал баталгаа болно. Дажгүй хяналт болж чадна гэж бодож байна. 2012 онд пропорциональ сонгууль явуулахад Энхбаярын нам арван суудал авсан. Энхбаяргүйгээр юу ч шийдэж чадахгүй том хяналт болж байсан, тийм үү? Нэлээд том хяналттай төр болсон гэсэн үг. Электоратаар дэмжүүлж гарч ирэгсэд нь хангалттай хяналт тавих бүрэлдэхүүн болох болов уу гэж найдаж байна.

-Электоратын дэмжсэн хүмүүс ядаж бүлэг байгуулах хэмжээнд гарч ирэх болов уу?

-Үндсэн хуулинд хорьсон юм байхгүй. Жишээ нь Л.Гүндалай УИХ-д орж ирээд хоёр гурван нам байгуулаа биз дээ. Тэгээд байхаар нь 2012 онд үүнийг хориглосон хууль гаргачихсан. Энэ бол Үндсэн хуульд тусгаагүй ердийн хууль болохоор хүчингүй болгох эрх нь УИХ-д бий. Яахыг өөрсдөө шийдэх байх. Засгийн газар байгуулахаар хэмжээнд гарч ирлээ гэхэд тэр улсууд яахыгаа өөрсдөө шийдэх болов уу. Би бол тийм хэмжээнд хүрнэ гэж арай ч итгэхгүй байна. Хяналтын их том систем л гарч ирнэ. Хяналтын том систем гарч байж нөгөө эрх барьж байгаа улсаар буруу юм хийлгүүлдэггүй нөхцөл үүснэ.

Эцэст нь хэлэхэд Электорат хөдөлгөөний дэмжсэн нэр дэвшигч болгон сонгуульд ялна гэж төсөөлбөл хэтэрхий хөөргөн, бололцоогүй зүйл гэж бодож байна. Тойргоо байнга “усалсаар” байгаад тэндээ гарцаагүй сонгогдохоор болчихсон олон хүн бий. Тухайн тойрогтоо үнэхээр нэр хүндтэй, эсвэл сонгогчдоо бараг бүхлээр нь худалдаад авчихсан нэр дэвшигчдийг бид яагаад ч дийлэхгүй. Олон жил үргэлжилж тогтсон хэвшлийг хэн ч нэг далайлтаар өөрчилж чадахгүй. Одоо УИХ-д суугаа төрийн түшээдийн гуравны хоёр нь ямар нэг шударга бус үйлдэлд нэр холбогдчихсон явна. Энэ маягаараа явбал цаашид тэдний эзлэх талбай улам нэмэгдэх аюултай. Иймээс та бидний амь амьдрал хувь заяаны талаар шийдвэр гаргаж буй эрх баригч нарын доторх зөв бус хүмүүсийн тоог цөөлж, зөв хүмүүсийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилтыг Электорат хөдөлгөөн юун түрүүн өмнөө тавьж байна.

-Би бас эцэст нь асуухад зөв хүнээ шалгаруулах гэж зөндөө удах юм байна. Тэр ажил чинь сонгуулийн хууль зөрчсөн асуудалд орох вий?

-Энэ талаар олон хуульчтай зөвлөлдсөн. Хэсэг хүмүүс сайн дураараа цуглаад хэн нэгнийг сайн хүн, ноён нуруутай, гишүүн байхад тохирох нэгэн гэж хэлэлцэх нь иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ийм маргаан, зөвшил, хэлцэл айл гэр албан газар, болгонд болж байгаа. Аль ч нээлттэй нийгэмд иргэд сонгуулийн бус цагаар төрийн түшээдийнхээ тухай шүүмжлэн хэлэлцэх, оронд нь тавих хүмүүсийг нэрлэн товлохыг хориглодоггүй байлгүй. Сонгуулийн бус цагаар иргэд, олон түмэн төрийн эрх баригч нарынхаа тухай ярилцах, шүүн хэлэлцэх, орны хүний тухай санал бодлоо илэрхийлэхийг хориглосон хууль арай ч гаргахгүй байлгүй дээ, энэ чинь!

Ярилцсан Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг аль хэдийнэ эрх чөлөөтэй болгочихсон байх ёстой


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн нь бичлэгээр тогтоогдсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрүүдэн шүүсэн тухай долоо хоног шуугиад л нам жим болчихлоо. Энэ нь манайд л их энгийн үзэгдэл шиг байгаа юм. барууны орнуудад ийм асуудал гарсан л бол арга хэмжээ авч таарна. Аль хэдийнэ тухайн ажиллагаанд оролцсон хүмүүсийг цагдан хорьж, эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг эрх чөлөөтэй болгочихсон байгаа. Өнөөдөр бид үүнийг ердийн үзэгдэл мэт хүлээж авч болохгүй. Сая томилогдсон Улсын ерөнхий прокурорт шинээр үүссэн нөхцөл байдлаа бичээч гэхэд судалж үзнэ гэсэн ерөнхий хариулт өгч байна лээ. ийм байдалд бид ч, нийт иргэд ч дасчихжээ. Хүнийг зодож, занчиж хэрэг хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэр гарснаас хойш тогтоогдсон л бол үүнийг шинэ нөхцөл байдал гэж үзнэ. Саяын үйл явдлаас өөр юуг шинэ нөхцөл байдал гэх юм бэ. Хууль зүйн сайд байсан хүн нь ч “Энэ хэрэг биш” гэж ярилаа шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах тухай асуудлыг ч ярих бололтой. Яг ямар тодорхой өөрчлөлтүүд орох бол?

– Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүхтэй хэт хамаарал бүхий байгаа. бид цаашид Европын загварыг авах ёстой юм.

Ер нь бол шүүх эрх мэдлийг болоод шүүхийн органик хуулиудыг шинэчлэх эрх нь өнөөдөр хууль тогтоогчдод байгаа. Заавал Үндсэн хууль өөрчлөхгүйгээр шүү дээ. Тэртэй тэргүй Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн зохицуулалтыг хийх боломжийг хууль тогтоогчдод үлдээчихсэн юм. Тиймээс Засгийн газар өнөөдөр ажлаа хийх ёстой байна. Бид тогтолцоог өөрчлөөгүй хэрнээ энд байсан томилгооны эрхийг тэр хүнд шилжүүлчихээд цаашдаа гажуудал гарахгүй гээд суугаад байж болохгүй. Бид хэдий чинээ шударга шүүхтэй болно, төдий чинээ гадны хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирна.

Хэдэн шүүгчид, цагдаагийн дээд албан тушаалтнуудыг хооронд нь зодолдуулаад гадны хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулдаг байдлыг Салхитын мөнгөний ордын жишээн дээрээс харлаа шүү дээ. Ийм хууль бус тогтолцоо яваад байна. Хэрвээ шүүх, засаглал нь шударга, нээлттэй, тоглоомын дүрэм нь ойлгомжтой бол гадны хөрөнгө оруулагчид манайд орж ирж л таарна.

Дээрээс нь манайхан далайлган сүрдүүлдэг, эд хөрөнгийг нь булааж авдаг тогтолцоогоор яваад байна.

Мөн бид тусгай хяналтын байгууллагуудыг нэг талдаа гаргаж авахгүй бол Тагнуулын байгууллагыг удирдаж байгаа хүмүүс улстөрчдийг дарамталдаг тогтолцоо руу орох нь. АНУ-д яг ийм байсан гэдэг. АНУ-ын Холбооны мөрдөх товчоог 48 жил удирдсан эрхэм “Би энэ улстөрчдийг дөрөв, дөрвөн жилээр нь томилдог юм” гэж шоглож хэлсэн байдаг. Ийм байдал руу орохоос сэргийлж бид энэ асуудлыг нэг талдаа гаргах хэрэгтэй.

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог УИХ тогтоох тэр эрхийг олж авахаар яригдаж байна. Миний хувьд одоогийн өөрчлөлтийг реформын шинжтэй биш гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг ахалж байгаа Д.Лүндээжанцан дарга болон бусад хүмүүс “Огцом өөрчлөлт хийх цаг нь биш” гэдэг байр суурьтай хандаж байна. Бид тоглоомынхоо дүрмийг тогтох ёстой юм. Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэхээ энэ өөрчлөлтөөр шийдэх ёстой. Хувь хүнийхээ хувьд би дээрх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж боддог. Өнөөдрийн засаглалтай байгаа тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн байгаа сонгуулийн системийг өөрчлөхөд маш түвэгтэй. Учир нь нэг хэсэг нь жагсаалтад бичигдэнэ гэнэ, мөн тойрогт очиж өрсөлдөх сонирхолтой хүмүүс ч байна. Эргээд яг адилхан эрх мэдэлтэй УИХ-ын гишүүд байгаа хэрнээ хүлээх үүрэг хариуцлагын хувьд ондоо болчихно. Нэг нь тойроггүй, сонгуульд өрсөлддөггүй, намын жагсаалтад бичигдчихдэг

байх жишээтэй. Хэрэв бид цаашдаа парламентын засаглалтай явъя гэж бодож байгаа бол хоёр танхимтай болох, эсвэл одоогийн парламентыг өргөтгөх ёстой. Тэгэхгүй бол 20 хүний лоббигоор хууль батлагддаг асуудлууд гарах болно. Хоёр танхимтай байгаад, нэг нь том тойргийн системээр, нөгөөх нь орон нутгийн төлөөллийн заримыг хангасан байдлаар явах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Л.Чулуунцэцэг: Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшсэн Д.Ганзориг жирийн иргэнд хилс хэргээр ял онооход гар бие оролцсон

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшээд буй Д.Ганзоригтой холбоотой асуудлаар иргэн Л.Чулуунцэцэг, Л.Оюунцэцэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий шүүгчийн албан тушаалд яригдаж буй Д.Ганзориг хууль бус ямар үйлдэл хийсэн талаар Л.Чулуунцэцэгээс тодруулга авсан юм.


-Та Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр нь яригдаж буй Д.Ганзоригийг эсэргүүцэж байгаа гэсэн. Ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа юм бэ?

-Би хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн ар гэрийнхний төлөөлөл. Жирийн иргэдийг хохироож, хилс ял оноосон Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Газориг гэдэг хүн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болох чадваргүй хүн гэж үзэж байна л даа. Гэртээ унтаж байсан хүнд хилс ял оноож хохироосон хүн УДШ-ийн ерөнхий шүүгч болох гээд нэр дэвшиж байгааг эсэргүүцэж байна. Хууль хяналтын байгууллагууд нэг нэгнийхээ хууль бус шийдвэрийг хаацайлан хамгаалж, хэлмэгдсэн хүнийг улам хохироодог явдал байсаар байгааг эсэргүүцэж өнөөдрийн хурлыг хийж байна.

-Ямар хилс хэрэгт хэнийг ялласан талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Д.Ганзориг ямар оролцоотой байсан юм бол?

-2012 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод Л.Эрхэмбаяр гэдэг хүн бусдад зодуулсан юм билээ. Харин миний төрсөн дүү Л.Гансүх уг хэргийг үйлдсэн хэмээн хилсээр гүтгэгдэн ял сонссон. Яг үнэндээ тухайн хэрэг болох үед миний дүү хэргийн газар огт байгаагүй, гэртээ унтаж байсан байдаг юм. Ээжийндээ ирж унтсан гэдгийг нь хоёр хүн гэрчилдэг. Дүүгээ хилс хэргээс мултлахын тулд би зургаан жилийн хугацаанд 40 гаруй сая төгрөгөө зарцуулан тэмцээд дийлсэнгүй.

-Танай дүүг хэргийн газарт байсныг хэн яаж нотолсон бэ?

-Хуулийн байгууллагын ажилтнууд архины хамааралтай болсон Б.Ариунжаргал гэх эмэгтэйд 500 мянган төгрөг өгнө гэх мэтээр хууран мэхэлж мэдүүлэг аваад өөр ямар ч нотлох баримтгүйгээр дүүг минь ялласан. Миний дүүг гэмт хэрэгтэн болгож худал мэдүүлэг өгсөн Б.Ариунжаргалын өгсөн бүх мэдүүлэг нь худал байсныг сүүлд шүүх өөрөө тогтоочихсон байдаг. Гэхдээ хуурамч мэдүүлгийнх нь улмаас ял сонссон дүүгийн минь ялыг хэрэгсэхгүй болголгүй, хэвээр үлдээсэн. Хүмүүс шүүгчдэд мөнгө өгөхгүй бол хэргээс гарахгүй дээ гэж удаа дараа зөвлөж байсан. Гэвч би шударга зантай учраас шударгаар явна гэж тэмцээд дийлсэнгүй. Миний дүүг зургаан жилийн хугацаанд эрүүдэн шүүж залхаан цээрлүүлсэн. Зургаан жилийн турш өвөл, зунгүй цагдаагийн үүд сахиулж залхаан цээрлүүлж байсан нь эрүү шүүлт байсан.

-Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Ариунжаргалаас өөр гэрч дэргэд нь байгаагүй юм уу?

-Гэмт хэрэг гарах үед байсан хоёр дахь гэрч С.Ганбаатарыг цагдаа нар эрүүдэн шүүж амь насыг нь хохироосон ноцтой явдал гарсан. Миний дүүг л буруутан болгох явдал хууль шүүхийн байгууллагад чухал байсан болохоос биш хэргийн жинхэнэ үнэн мөнийг олох хүсэл байгаагүй. Дүү минь албан тушаалтан биш жирийн барилгачин хүн байсан.Мөнгө өгөөгүй хүнийг гэртээ унтаж байхад нь гэмт хэрэгтэн болгож ял оноодог цаг иржээ.

-Өмнө нь энэ хэргийн талаар яагаад олонд мэдэгдэж байгаагүй юм. Яагаад Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдох болсон цаг хугацаатай давхацуулж энэ мэдэгдлийг хийж байгаа юм. Та бүхнийг хэн нэгний захиалгатайгаар мэдэгдэл хийж байгаа гэх мэдээлэл гарсан байсан?

-Би намын гишүүн биш. Надад өнөөдөр хэн ч шахалт үзүүлээгүй. Би таван цаасны төлөө хүний гар хөл болж дуугарах хэмжээний хүн биш.

-Шүүхийн шийдвэр гарсан тухайн цаг үед яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж болоогүй юм бэ?

-Тухайн шийдвэр гарсан цагаас хойш бид өөрсдийнхөө хэмжээнд төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн яам гээд бүх газарт хандсан. Өнөөдөр л энэ асуудал яригдаж байгаа биш. Энэ зөвхөн Д.Ганзоригийг эсэргүүцсэндээ биш л дээ. Буруу шийдвэр гаргасан Шүүх бүрэлдэхүүний таван шүүгчийг эсэргүүцэж байна. Энэ таван шүүгчийн хэн нь ч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшихэд би орилоод босоод ирэх байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахад улам л зуудаг гэж хүн надад зөвлөж байсан. Иймээс л өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагад хандаагүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Иргэд цайны цагаараа Туул голыг зорьдог

“Их тэнгэрийн ам”-ны замын хойно баригдаж буй орон сууцны хотхон. Уг барилгын ажлыг зогсоож, газар чөлөөлөх ёстой ч өчигдөр очиход иймэрхүү байдалтай угтлаа. 2019.04.02-ны 15:30 цаг

Туул гол бол Улаанбаатарын иргэдийн амралт, зугаалгын бүс гэж хэлж болно. Өчигдөр нийслэл хот орчимд өдөртөө нэмэх 17 хэм хүртэл дулаан байлаа. Өдрийн 14 цагийн үед Зайсангаас “АСЕМ Вилла” хотхон хүртэл явж Туул голын эргэн тойрныг сурвалжлав. Хэдийгээр голын мөс хайлаагүй байгаа ч өдрийн дулаан, цайны цагаа ашиглан иргэд агаарт гарч салхилж байлаа. Хүмүүс Зайсангийн танктай хөшөөний дэргэдэх сандал дээр хоёр гурваараа суун нарлаж, ойр орчмын оршин суугчид хүүхдүүдээ салхилуулж байгаатай таарлаа. Тэндээс хөдлөөд Маршалын гүүрний баруун талд очив. “Халуун хуушуур, хорхог, шорлог” гэсэн бичигтэй бүхээгтэй цагаан машин зогсжээ. Арын хаалга нь дэлгээтэй. Хүмүүс хуушуур хайруулж, шорлогныхоо хачирыг авч байлаа. Б.Түмэнбаяр яг энд шорлог хийж зараад таван жил болж байгаа юм байна. Өмнө нь Зайсанд зургаа, долоон жил шорлог хийжээ. Зайсан хилл цогцолбор баригдаж, тэр хавийг тохижуулахад тэнд худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэд тарж, Б.Түмэнбаяр энд ирж зогсчээ. Тэрнээс хойш эндээ тасралтгүй шорлог зарж өөрийн гэсэн худалдан авагч, үйлчлүүлэгчтэй болсон байна. Шорлогныхоо зуухыг саяхан дэлгэж, модны нүүрсээ шатааж байлаа. Хоёр тусдаа зуух. Нэг зууханд нь модны нүүрс түлж, нөгөөд нь шорлогны махаа утна. Мэргэжлийн хяналтын газар болоод холбогдох хүмүүс нь байнга ирж хяналт тавьдаг юм байна. Б.Түмэнбаяр ардаа битүүмж сайтай зориулалтын хайрцагт гялгар уутанд хөлдөөсөн шортой махаа хийжээ. Тэрээр “Бид шорлогны махаа “Гацуурт” компаниас авдаг.

Эрүүл ахуйн шаардлага хангасан, бичигтэй махаар шорлогоо хийдэг. Би энд ганцаараа зогсч байгаа болохоос биш шорлогны махаа гуянаас нь шулахаас эхлүүлээд шорлоод хөлдөөх хүртэл нь дамжлага бүрт нэг нэг хүн ажилладаг. Бид эрүүл ахуйн тал дээр өндөр шаардлага тавьдаг. Махаа амталдаг бидний өөрсдийн жор бий л дээ. Би анх хоёр Узбек залуутай хамтарч Зайсанд шорлог хийдэг байсан юм. Манай узбек шорлогт дуртай хүмүүс их бий. Тэр хоёр маань нутаг буцаж би үндсэн жороор нь ийнхүү шорлогоо амталдаг юм” гэлээ.

“Ард түмний талбай”

Түүний байнгын үйлчлүүлэгчид нь утасдаж “Баяраа ах аа, төдөн шорлог шарж байгаарай. Төдөн минутын дараа яваад очно” гэж урьдчилаад захичихдаг юм байна. Б.Түмэнбаярыг шорлогнуудаа шарах зуур тэнд замын хоёр талаар машинууд зогссоор байлаа. Захисан шорлогоо авах гээд машин дотроо хүлээж байгаа нь тэр юм байна. Шорлог 15-20 минутын дараа бэлэн болно. Эхний хэдэн шорлог бэлэн болж хачир дээр нь савлаад өглөө. Арын хайрцагнаасаа шортой махаа гаргаж ирээд зуух дээрээ тавина. Шорлог хийхэд хамгийн тохиромжтой нь хонины гуяны зузаан мах юм байна. Та өнөөдөр шорлог хийх гэж байгаа бол хоёр хоногийн өмнө махаа амтлаад хөргөгчнийхөө хамгийн доод талын ногоо хийдэг хэсэгт тавибал тохиромжтой гэдгийг Б.Түмэнбаяр хэлээд “Гэртээ шорлог хийх, энд ирээд шорлог идэх хоёрын хооронд асар их ялгаа бий.

Шорлог нь хүний биед хуралдсан хийг дарж, ядаргааг тайлдаг гэж хүмүүс ярьдаг нь үнэн шүү. Урин дулаан цагт манай шорлогийг идэх гэсэн хүмүүсийн хөл тасардаггүй” гэж байлаа. Эдний шорлог 10 мянган төгрөгийн үнэтэй. Өдөр 12 цагт ирээд орой болтол энд байдаг юм байна. Арав гаруй том, жижиг машин замын хоёр талд зогсч, шорлогоо аваад явангуут суларсан зогсоолд нь өөр нэг машин ирж зогсоод шорлог захиж, тэр зуур бүхээгт машин дээр очиж дугуй хуушуур хайруулаад голын эрэг дээрх модон сандал дээр суусан шигээ өдрийн хоолоо идэцгээж байлаа. Хуушуур нь 1000 төгрөг.

Тэндээс хөдлөөд жаахан явахад замын хойд талд Туул голын хөвөөн дээр гаргасан талбай бий. “Ард түмний талбай” гэж хүмүүсийн дунд нэрлэгддэг энэ хэсэгт агаар салхинд гарсан хүмүүс их байна. Сүүдрэвчинд нь сууж хүүхдээ салхилуулж буй эцэг эхчүүд, ач зээгээ хөтөлсөн ахмадууд явж харагдана. Хэдийгээр Туул гол мөсөн хучлагаа тайлаагүй байгаа ч дулаан өдөр учир цэвэр агаарт гарах гэсэн иргэд замын хоёр талд машинаа тавьж голын хөвөөгөөр алхацгааж байлаа. Ихэвчлэн бага насны хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, тэрэгтэй хүүхдээ түрсэн гэр бүлүүд харагдав. Маршалын гүүрний цаана, Их тэнгэрийн амны эсрэг талд Туул голын онцгой хамгаалалтын бүсэд “Зүүнбаян рефайнери” гэх компанийн захиалгатай орон сууцны хотхоны барилгууд баригдаж байгаа нь хууль бус гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, мэдээлж байсан билээ. Уг барилгуудыг хууль бус гэж үзэж газрын зөвшөөрлийг нь 2017 онд цуцалж, барилгын ажлаа зогсоохыг БОАЖЯ-наас удаа дараа шаардсан ч үргэлжилсээр байсан юм. Өнгөрсөн жилийн өдийд энэ тухай мэдээ, нийтлэл олон нийтэд хүрч энэ ажил бараг зогсох байх гэж ард иргэд найдаж байсан ч өчигдөр дэргэдүүр нь өнгөрөхөд барилгын ажил зогсоогүйгээр тогтохгүй барилгууд нь сүндэрлэсээр байгаа нь илт. Энэ барилгыг өнгөрөөгөөд “АСЕМ Вилла” хүртэл явахад Богд уул, Туул голын хөвөөг дагасан уртаас урт төмөр хашаанууд замын хоёр талаар үргэлжилнэ. Удахгүй барилгажих нь тодорхой. Түүнээс биш юу боллоо гэж ингэж хашаалах билээ.

“АСЕМ Вилла” хотхон Туул гол руу бохироо урсгаж байсан нь илэрч таван сая төгрөгөөр торгуулсан гэх харамсалтай мэдээ яваад байсан. Уг хотхоныг өнгөрөөд явахад замын баруун гар талд үерийн далан дээр хориглосон тууз татсан, хуучин төмөр хашааг нь зориуд эвдэж хэмхэлсэн, ойр орчмын газрын хөрсийг эргүүлсэн байхыг хараад энд газар шорооны ажил саяхан хийжээ гэж таамаглалаа. Хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн юм байна. Уг хотхон одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн ч өнгөрсөн намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан холбоогүйгээс байгаль орчин болоод нийслэлчүүдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсан энэ үйл явдал болсон юм байна.

Иргэд өдрийн цайны цагаа тааруулан гэр бүлээрээ Туул голын хөвөөг бараадан салхинд гарангаа шорлог, хуушуур идэж цагаа аятай таатай өнгөрүүлж байхад нөгөө нэг хэсэг нь онцгой хамгаалалттай газарт хотхон барьсан шигээ, бохироо гол руу урсгасан шигээ байх нь үл зохилдох мэт. Энэ бүхнээс нэг зүйл тод анзаарагдлаа. Иргэд агаарт гарах гэж, эрүүл мэндээ бодож голын эрэг дээр гишгэхийн тулд машинаа хомсхон зайд, замын хажууд чадан ядан багтааж, чихэлдэж байхад Туул голын хөвөөг хэдэн км-ээр нь хашаалж, ай савд нь хотхон хүртэл барьж байгаа нь хэр нийцтэй болоо. Ямар сайндаа иргэд Туул голын хөвөөнд жирийн иргэдийг хөл тавихыг зөвшөөрдөг ганц газраа “Ард түмний талбай” гэж нэрлэх вэ дээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “МАН төр барих бүрдээ арбитраар дамжуулж Монголыг цөлмөж байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Зөв хүмүүсээ дэмжих нь электорат хөдөлгөөний тэргүүн зорилго” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “Боловсролын сайд Ё.Баатарбилэг: Олимпиад зохиохгүй байх нь хүүхдийн голлох хичээлүүддээ өсч, дэвжихэд сөргөөр нөлөөлөхгүй” хэмээн ярьжээ.

“Түмэн олон багш нарынхаа үгийг төрд хүргэхэд би бэлэн” хэмээн “Боловсрол” нүүрт өгүүлжээ.

“Удаан дуншсан 300 ортой эмнэлэг удахгүй үйлчлүүлэгчдээ хүлээж авна” хэмээн “Боловсрол” нүүрт бичжээ.

Төрийн шагналт зураглаач Ойдовын Уртнасангийн охин Сарантуяа: Аавын минь “Ардын элч”, “Өглөө”, “Их говийн дархан газар” зэрэг кинонууд олон улсын шагнал хүртсэн хэмээн “Миний аав” нүүрт ярьжээ.

“Энэ өдөр” нүүрт “Хонгор нутгийнхан Ламын гэгээнээ амилуулах л байлгүй дээ” хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

НББСШУБХ: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.04.09/ хуралдаан 15.07 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан ба үүнд: “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд …20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт албадан шахуу гаргасан байна. Хууль болон хууль хэрэгжүүлэхээр гаргасан холбогдох шийдвэр нь дээрх насны эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан буюу хөдөлмөрлөх эрхээ эрт хасуулж, олон арван жилийн туршид тэдгээр эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болжээ хэмээн хууль санаачлагчид үзэж буй аж. Хэдийгээр төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон дээрх эхчүүдээс 15.4 мянган эхчүүд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа нь анх тогтоолгосон эхчүүдийн 46 хувь нь юм байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 1990 онд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоохоор заасны дагуу тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээгүй ч хүүхдийн тоогоор насны тэтгэвэр тогтоолгож одоог хүртэл авч байгаа эхчүүд болон 1997 оны 2 дугаар сараас өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгосон эхчүүд хамаарах ажээ.

Нийгмийн даатгалын газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300,0 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа юм байна. Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачилсан хэмээн танилцуулгад дурдсан. Засгийн газар дээрх хуулийн төслийг хэлэлцээд хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо судалгааг хийх шаардлагатай гэж үзсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн. Мөн Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний ачаалал ирэх нь тодорхой байгааг тэрбээр дурдаад Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхдээ гишүүдийн гаргаж буй дээрх саналыг тусгах боломжтой гэж Засгийн газрын хуралдаанаар үзсэн гэж мэдээллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн үйлчлэлд хэдий тооны хүн хамрагдах, тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэдий хэрийн мөнгө шаардлагатай талаар лавлаж байлаа. Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хариулснаар, улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийг тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” захад тахианы мах зарахыг хоригложээ

Нийслэлийн “Singapore school of Mongolia” сургуульд өнгөрсөн долоо хоногт хоолны хордлого гарч багш, сурагчдын нийлсэн 80 гаруй хүн хордсон талаар мэдээлсэн. Тэгвэл тухайн сургуулийн цайны газраас болон хоол хүнснээс дээж авч шинжилгээнд оруулсан байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цусан суулгаар 30 хүн өвчилсөн байна. Сурагчдын олонхи нь тахианы мах идсэн гэх мэдээлэл байгаа. Тус сургууль тахианы махаа “Хүчит шонхор” захаас худалдаж авсан байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус захад тахианы мах зарахыг түр хориглосон байна. Харин “Хүчит шонхор” захын тахианы мах борлуулдаг цэгүүдээс найман төрлийн дээж авч, шинжилгээнд өгчээ.