Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт”-ыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгуулах гэж байна. Тус зөвлөлдөх уулзалтад УУХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, ОБЕГ, АМГТГ, МХЕГ, МҮЭ, НЭМҮТ болон ДЭМБ-ын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбарын хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, харилцан сайн туршлагаа хуваалцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алддаг байна.

Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвс шатаахгүй байхыг анхаарууллаа

Энэ онд хуурайшилтын түвшин өндөр, цаашлаад ногоон бүсэд гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээллээ.Тиймээс зуслангийн чиглэл болон гэр хороололд оршин сууж байгаа айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гаргаж иргэд, олон нийтэд хохирол учруулахгүй байхыг анхаарууллаа. Хэт хуурайшилттай байгаа тул өнжмөл хуурай өвс хурдан шатах, цаашлаад өөрийн болон бусдын эд хөрөнгийг шатаах, зусланд гарсан айл өрхүүд ой хээрийн түймэр гаргах эрсдэлтэй тул ийнхүү хог цэвэрлэхдээ ил гал гаргаж өвс, хогоо шатаахгүй байхыг сануулсан. Хэрэв анхааруулга, сануулгыг эс тоон хог болон өнжмөл өвс шатаасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирол нөхөн төлбөрийг барагдуулж, хариуцлага хүлээлгэх аж. Жил бүрийн 3-6 дугаар сар хүртэл хуурайшилтын үе, ой хээрийн түймэр гарах өндөр эсрдэлтэй байдаг тул аймгийн нутагт дэвсгэрт 6 дугаар сарын 15 хүртэл ойт хээрийн бүсээр аялж зугаалахыг хориглосон ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томиллоо

ТӨБЗГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу орлогч захирлуудыг томиллоо. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлыг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлын шийдвэрээр томилохоор заасны дагуу Х.Бадамсүрэнг улираан томилсон байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилж, шинэ захирлууд ажлаа хүлээн авлаа.

Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. “Эрдэнэт үйлдвэр”–т 30 гаруй жил ажиллаж байна.

Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа эдийн засагч, удирдлагын менежер, мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх мэргэжилтэй. 2017 оноос Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нефтийн эдийн засагч, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат дулааны инженер, эрх зүйч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрийн РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Categories
гадаад мэдээ

Өнөөдөр “Хар нүх”-ний анхны гэрэл зургийг дэлхий даяар харуулна

Өнөөдөр бол астрономийн шинжлэх ухааны хувьд түүхэн өдөр болж байна. Учир нь өнөөдөр EHT (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэд анх удаа “хар нүх” хэмээх сансрын биетийн гэрэл зургийг анх удаа буулгаж чадсанаа хүн төрөлхтөнд зарлах юм.

EHT төсөл нь дэлхий даяар байрлах олон телескоп дурангуудын хүчийг нэгтгэн манай нарны аймгийг багтаадаг Сүүн замын галактикийн цөмд орших супер масстай хар нүхний зургийг авч чадсан гэх урьдчилсан мэдээлэл байгаа. Шинэ нээлтийг танилцуулах хэвлэлийн хурал Бельги улс дахь Европын Судалгааны Зөвлөлийн байранд зохион байгуулагдах бөгөөд Чилийн Сантьягод испани хэлээр, Шанхай хотод мандарин хэлээр, Токио хотод япон хэлээр, Тайваний Тайпэйд мандарин хэлээр, Вашингтонд англи хэлээр ижил хэвлэлийн хурлууд зэрэг зохион байгуулагдах ажээ. Хар нүх зурагт хэрхэн дүрслэгдэж байгаагаас хамааран физикийн суурь ойлголтуудад өөрчлөлт орж магадгүй байгаа юм. 26,000 гэрлийн жилийн алсад орших сансрын нууцлаг биетийн дүрсийг та дараах видео шууд дамжуулалтаас Улаанбаатарын цагаар оройн 9:00 цагт үзэх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тэтгэврийг дундаж тэтгэврийн хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх төслийг дэмжив

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2019.04.09/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан ба үүнд: “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд …20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ.

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт албадан шахуу гаргасан байна.
Хууль болон хууль хэрэгжүүлэхээр гаргасан холбогдох шийдвэр нь дээрх насны эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан буюу хөдөлмөрлөх эрхээ эрт хасуулж, олон арван жилийн туршид тэдгээр эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болжээ хэмээн хууль санаачлагчид үзэж буй аж.

Хэдийгээр төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон дээрх эхчүүдээс 15.4 мянган эхчүүд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа нь анх тогтоолгосон эхчүүдийн 46 хувь нь юм байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 1990 онд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоохоор заасны дагуу тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээгүй ч хүүхдийн тоогоор насны тэтгэвэр тогтоолгож одоог хүртэл авч байгаа эхчүүд болон 1997 оны 2 дугаар сараас өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгосон эхчүүд хамаарах ажээ.

Нийгмийн даатгалын газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300,0 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачилсан хэмээн танилцуулгад дурдсан.

Засгийн газар дээрх хуулийн төслийг хэлэлцээд хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо судалгааг хийх шаардлагатай гэж үзсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн. Мөн Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний ачаалал ирэх нь тодорхой байгааг тэрбээр дурдаад Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхдээ гишүүдийн гаргаж буй дээрх саналыг тусгах боломжтой гэж Засгийн газрын хуралдаанаар үзсэн гэж мэдээллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн үйлчлэлд хэдий тооны хүн хамрагдах, тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэдий хэрийн мөнгө шаардлагатай талаар лавлаж байлаа. Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хариулснаар, улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийг тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалт хийнэ

УБЦТС ТӨХК-аас засвар үйлчилгээ хийж байгаа тул өнөөдөр дараах байршлууд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 3, 5-р хороо 5-р хорооллын Загийн 24, 25, 27, 18/3-р байрууд, Монгол эм импекс концерн, Дүүргийн гэрэлтүүлэг, Урбанек ХХК, Сант сургууль болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 5, 11, 21, 22-р хороо Алтан өлгийн баруун толгой, Дунд Дарь эхийн 10-11, ЖУӨ 1-12-р гудамж, ШШГЕГ-ын харьяа Хорих 441-р анги, Даяарх ХХК, 199-р цэцэрлэг, Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-4-р гудамжууд, Ногоон зоорь орчмоор, Ургах наран хороолол, Мобиком, Дэлхий Ази цогцолбор, Нью сервер, Харганат, Эрчим арт, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүүд ХХК-ууд, УСУГ-ын Завсрын усан сан, Бумбат амралт, 284-р Цэргийн анги болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 2, 3-р хороо 3, 23, 25, 25/4, 29, 30-р байрууд, МУИС-ийн 20, 30 айлууд, Тунгалаг /Рэт дэлгүүр/, Эжрис салон, Иргэн Сэлэнгэ, Өнөборгил, Үржинханд, Хишигсүрэн /дэлгүүр/, Нямбаяр /ком/, Оюундэлгэр /хоолны газар/, Жавхлан /үйлчилгээний төв/, Түмэн /үсчин, гоо сайхан/, Сөүл косметик, Би Эм Ди, Тэнгэр Алтай ХХК-ууд

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 1-р хороо УБ сувилал, Орчлон, УБ таун, Туулын өргөө хотхонууд, 115-р сургууль, ТМБ, Сутай ХХК-ууд, Тарваган шубаны үйлдвэр /хуучнаар/ болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 32-р хороо Эмээлт орчмоор
11:00-18:00 цагт: 7, 8-р хороо 67-р сургууль, Баянцагаан, Баянхошууны гудамж, Хуучин эцэс болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: 3-р хороо Уурхайнууд, 314-р Цэргийн анги, Бласт, Налайх Од, Угалзанцамхаг, Хөх сүлд, Дөл цамхаг, Баян Эрдэнэ бүрд, Хоргын чулуу, Гүрэн ХХК-ууд

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10.00-15.00 цагт: Үнэгтэй гэр хороолол, УСУГ-ын контор, Сургууль, Онцгой байдлын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн салбар

ТӨВ АЙМАГ

09:00-13:00 цагт: Аргалант сумын ЗДТГ, Хүн эмнэлэг, Сургууль, Марс арвай ХХК, Худаг, Цуглаан, Иргэн Бадамхорлоо зочид буудал, Аргалант-Атар ХХК орчмоор
09:00-19:00 цагт: Аргалант сумын Радио реле, Одон орон судлалын төв, Чингис цэргийн хүрээ, Баясгалан цайны газар, Петродел, Хонгор нутаг, Баяр худаг, Бурхан буудай хайрхан, Хос оюу, Жирмийн сайхан, Монголын СП жуулчны бааз, Баянтал, Сайлиг, Дун Чан, Налгар, Хусан багант ХХК-ууд
10:00-15:00 цагт: Зуунмод сумын ДЭХГ усны нөөц, Хаан банк, Ахмадын сувилал, Аймгийн бөхийн холбоо, Даяар Монгол, Хотол дэгжих ХХК, МТ Ойл, Шунхлай, Тэс петролиум ШТС-ууд, Бяцхан хөндлөн сувилал, Цагдаагийн зуслан, Иргэн Эрдэнбаатар, Дашдэмбэрэл, Жаамаа, Эрдэнэбат, Пүрэв
14:00-19:00 цагт: Аргалант сумын Гэр хороолол

Дэлгэрэнгүйг: УБЦТС ТӨХК-ийн www.tog.mn вэбсайтаас үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал-2” зусланг Хөвсгөл нуурын эрэгт байгуулна

Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн хүрээнд олон бүтээлч ажлыг өрнүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл нуурын эрэгт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар судалгааны ажлыг хийж эхэлсэн байна.

Тус зусланг байгуулснаар аялал жуулчлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авяьас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой ажээ.

“Найрамдал-2” зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс, хөрш зэргэлдээ болон гадаадын орнуудаас хүүхдүүд Хөвсгөл нуурыг үзэн далайн хөвөөнд амрах боломжтой олон улсын зуслан байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас олон зөрчил илэрчээ

Улс төрийн нөхцөл байдал нь нэлээд хурцадмал байгаа Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Мөн 2017 оны эхний 8 сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан гэх мэт олон зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн долоон жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн хөрөнгийг хэрхэн шамшигдуулсан талаарх ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгэж, Баянзүрх дүүргийн МАН-ын төлөөлөл АТГ-т баримтуудыг өнөөдөр хүргүүлэх юм

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогтыг шалгаж эхэлжээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж, шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байж болзошгүй хэмээн үзэж, Швейцариас дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлээд байгаа. Гэвч энэхүү дансны хуулгыг тэрбээр өөрөө хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч заавал албан ёсны эх сурвалжаас өөрсдөө тодруулна гэж үзсэнээр ийнхүү өнгөрсөн сард дансны хуулгыг нь авчээ.

Categories
мэдээ нийгэм

“Кембаб чонгүг” хоолны газрын үйл ажиллагааг зогсоолоо

Дүнбэгмайл ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Кембаб чонгүг салбарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулж чанар нь муудсан тос ашигласан, 1 хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчид олгодог, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зэрэг нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүссэн байсан тул Баянзүрх дүүргийн прокурорын №07 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээж, албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.