Categories
мэдээ нийгэм

Монголчуудын угсарсан “TBC-2MС” агаарын хөлгийн туршилтын нислэгийг хийжээ

“TBC-2MС” агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ.

Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн байна.

“TBC-2MС” агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгджээ.

Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагч материалаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиур хийжээ.

Түүнчлэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системээр тоноглож, ариун цэврийн өрөөг суурилуулан, нийлүүлэлт элбэг ТС маркийн нисэх онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болж байгаа аж.

ТПЕ-331-12 хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25,000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна.

“TBC-2MС” онгоцны угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн Монголын тэнгэрт нисч ирснийг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий” гэдгийг онцлов.

Тэрбээр МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллаж, TBC-2MС агаарын хөлгийн угсралтын явц, үзүүлэх нислэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт улстөрч халдлагад өртөж амиа алджээ

Энэтхэгийн төв хэсэгт өнгөрсөн Мягмар гаригт бөмбөг дэлбэрсний улмаас Бхаратяяа Жаната намын (BJP) дарга тэргүүтэй таван хүн амиа алдсан талаар орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Амиа алдсан улс төрч Бхима Мандави нь Чхаттисгарх мужийн хууль тогтоох байгууллагын гишүүн бөгөөд сонгуулийн цуглаанаас буцаж явахдаа ийнхүү халдлагад өртжээ.

Чхаттисгарх мужийн Дантевада дүүрэгт гарсан энэхүү халдлагыг маоист босогчид үйлдсэн хэмээн сэжиглэж буй талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Тус мужийн цагдаагийн газрын даргын туслах Чандрамохан Сингх нас барсан бусад дөрвөн хүний хувьд ч улс төрийн зүтгэлтнүүд байсан талаар CNN-д мэдээлжээ. Тэднийг гурван машин хамгаалж явсан байна. Энэхүү халдлагыг сайжруулсан тэсрэх төхөөрөмж ашиглан үйлдсэн хэмээн Сингх нэмж хэлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди маоистуудын халдлагыг зэмлэн буруушааж байгаагаа твиттер хуудастаа жиргээд, бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан таван хүний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

“Google” компани Австралид дроноор бараа хүргэдэг боллоо

Google-ийн эцэг компани Alphabet-ийн Wing төслийнхөн өчигдрөөс Австралийн нийслэлийн орчимд дрон ашиглан иргэдийн захиалсан барааг хүргэж эхэлжээ.

Канберра хотын ойролцоох Крэйс, Палмерстон, Фрэнклин дүүргүүдийн 100 орчим өрх айлыг эхний ээлжинд хамруулсан байна. Тэдгээр айлууд эм тариа, кофе, хүнс хоол зэрэг жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг орон нутгийн дэлгүүр, үйлчилгээний газруудаас дроноор хүргүүлэн авч болох юм.

Цаашдаа хамрагдах хүлээн авагчид болон бараа борлуулагчдын хүрээг бага багаар тэлэх зорилготойгоо Wing төслийнхэн мэдээлжээ.

Тус төслийнхөн 2014 оноос эхлэн дрон бараа хүргэлтийг Австралид туршиж эхэлсэн юм. Саяхан Австралийн Иргэний Агаарын Тээврийн Аюулгүй байдлыг Хянах газар зөвшөөрөл өгснөөр үйлчилгээгээ эхлэх боломжтой болжээ.

Дронууд нь Даваагаас Бямба гарагийн хооронд өглөө 7 цагаас өмнө нисэхгүй байх хязгаартай. Харин Ням гарагт өглөөний 8 цагаас хойш нисэх зөвшөөрөлтэй гэнэ.

Мөн гол замуудын дээгүүр нисэхгүй, зөвхөн орон байрнуудын дээгүүр нисэхийг зөвшөөрсөн байна. Ачаа бараагаа буулгахдаа хүлээн авагч хүнээс доод тал нь 5 метрийн өндөрт, 2 метрийн зайтай байх ёстойг нарийвчлан заажээ.

Одоо Wing төслийнхөн туршилтын үйлчилгээгээ Финландын Хельсинкид эхлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

199 шүдний эмнэлэг хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэллээ

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 шүдний эмнэлэг энэ сарын 8-наас эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж 2-6 насны хүүхэд, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэллээ.






Categories
мэдээ нийгэм

Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэг үргэлжилж байна. Тодруулбал Хаврын тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 35.6 мянган тонн, ТЭДС болон Улсын нөөцийн салбарт 11.4 мянган тонн, нийтдээ 47.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдэж, дутагдах 10.0 мянган тонн үрийг импортоор нийлүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд квот олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн энэ хаврын тариалалтад зориулан дотоодын эх үүсвэрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг зөвхөн ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулж, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр ОБЕГ-ын Улсын нөөцийн салбартай тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тариалангийн салбарын технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4.8 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор шийдвэрлэж, хэрэгцээт нийт шатахууны 30 орчим хувь болж байна. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 468.1 тонн ургамал хамгааллын бодис, 3.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1518 тонн нийлмэл бордоо, 257 тонн гумины бордоог тус тус 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Даатгуулагчийн түр тодорхойлолт олгож эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хэрэглээнээс халж, эрүүл мэндийн даатгалын цахим систем ажиллаж эхэлсэн. Ингэснээр даатгуулагч эмнэлэгт очихдоо заавал дэвтрээ авч очих шаардлагагүй. Харин даатгуулагчийн мэдээлэл эрүүл мэндийн даатгалын цахим системд ороогүй тохиолдолд “Даатгуулагчийн түр тодорхойлолт”-ыг ашиглахаар боллоо. “Түр тодорхойлолт” нь даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх баримт бөгөөд даатгуулагчийн мэдээлэл цахим системд бүртгэгдэх хүртэл ашиглах боломжтой.

Шинээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа болон хугацаагаа сунгуулан даатгуулж байгаа болон зарим тодорхойлолт шаардлагатай иргэдэд 9 орон бүхий серийн дугаартай түр тодорхойлолтыг Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын байгууллага оршин суугаа харьяаллын дагуу олгож байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг 0-18 насны хүүхдэд түр тодорхойлолт олгохгүй эрүүл мэндийн байгууллагууд төрсний гэрчилгээг үндэслэн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлнэ.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөгч даатгуулагч шаардлага гарвал иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн очиж түр тодорхойлолт авах боломжтой. Даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл мэндийн даатгуулагчийн түр тодорхойлолт”-ыг үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн даатгуулагчид хүндрэл,чирэгдэлгүй үзүүлэх юм

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батмөнх: Хар нүх нүдэнд харагддаггүй л болохоос нэг төрлийн од

Хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн хар нүхний зургийг маргааш танилцуулах гэж байна. Хар нүхийг судалдаг “EHT (Event Horizon Tele­scope) төслийн эрдэмтэд 2006 оноос ажиглалтаа эхэлжээ. Тэд хоёр хар нүхийг сонгож ажигласан хэмээн мэдээлээд байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын Одон орон судлалын холбооны гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал ”Төслийнхний сонгосон хоёр хар нүхний нэг нь манай сүүн замын галаксийн төвд байдаг маш их масстай хар нүх. Нэр нь Sagittarius A. Биднээс 26 мянга орчим гэрлийн жилийн алсад оршдог. Хамгийн ойр гэж хэлж болох хар нүх л дээ. Бодитойгоор мэдэгдэж байгаа хамгийн ойр гэгдэх хар нүх. Нөгөө нь Virgo A галаксид орших M87 хар нүх.Хүн төрөлхтнөөс 56 сая орчим гэрлийн жилийн алсад байрладаг. Ийм хоёр нүхийг ажигласан. Төслийнхөн эхлээд нэг телескоп байрлуулсан. Дараа нь дэлхий даяар, Америк, Өмнөд Америк, Европ сүлжээний телескопууд гэсэн үг. Энэ төслийнхөн дөрөвдүгээр сарын 10-нд үр дүнгээ танилцуулах юм билээ” хэмээн сонирхууллаа. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Д.Батмөнхтэй хар нүхний талаар ярилцсанаа хүргэе.


-Хар нүх гэж юу вэ?

-Орчлонд олон янзын объект байна. Хар нүх, цагаан нүх, энгийн бидний хардаг одод, хар матери, харанхуйн энерги гээд өчнөөн л дөө. Тэдгээрийн нэг хэлбэр нь хар нүх. Эйнштейний харьцангуйн тэгшитгэл гэж бий. Тэрний тооцооны үр дүнд “Онолын хувьд ийм объект байж болох юм” гэсэн төсөөлөл гарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл хар нүх рүү ямар нэгэн матери, түүний дотор гэрэл орох юм бол эргээд сугарч гарч ирж чадахгүй. Ийм шинж чанартай од гээд ойлгочихож болно. Тэндээс гэрэл гарч ирэхгүй учраас нүдэнд харагдахгүй. Иймэрхүү объект байх гэх онолын таамаглал л бий. Ажиглалтаар яаж илрүүлэх вэ гэсэн асуудал тавигдаж байгаа. Нэгэнт гэрэл гарахгүй учраас бидний мэддэг гэрэл зургийн хэмжээнд шууд авах боломжгүй. Тэгэхээр өөр ямар арга зам байх вэ гэсэн асуултыг эрдэмтэд тавьж, эрэл хайгуул хийж байна.

-Эрдэмтдийн дунд хар нүхийг ямархуу гэж таамаглацгаадаг вэ?

-Янз бүрийн таамаг дуулддаг. Хар нүх бол ууршдаг гэсэн таамаглал бий. Энгийнээр хэлбэл дандаа нэг янзаараа байхгүй, өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Ууршиж, агшилт явагдсаар эцэст нь тэсрэлт болж төгсдөг гэсэн таамаг байна л даа. Ууршина гэдэг чинь энерги гадагш гаргана гэсэн үг. Тэр эффектийг ашиглаж болно гэсэн яриа ч сонсогддог. Хар нүх гэрлийг залгихдаа шууд залгихгүй, гэрэл хар нүхийг тойрч эргэлдэж байгаад ордог гэдэг. Ингэх үед тодорхой зайд рентген туяа гарч болох юм байна гэж үздэг. Гэх мэтчилэнгээр эрэл хайгуул нэлээд хийсэн байдаг. Хэдэн жилийн өмнө гравитацийн долгионыг илрүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал авч дэлхийг шуугиуллаа. Гравитацийн долгионыг хүн төрөлхтний түүхэнд анх удаа шууд “чагнасан” Райнер Вайс, Барри Бариш, Кип Торн нар физикийн салбарын Нобелийн шагналын 111 дэх удаагийн эзэд болсон.

-Гравитацийн долгион гэдгээ тодруулж тайлбарлаач?

-Асар том масстай хоёр хар нүх мөргөлдсөний үр дүнд үүсдэг долгион. Америкийн хоёр том лаборатори энэ долгионыг бүртгэсэн нь том нээлт болсон л доо. Өөрөөр хэлбэл хар нүх хүчтэй мөргөлдөх үед тэр хавийн орон зайд долгион үүснэ. Чулууг ус руу шидэхээр хээ, долгион үүсдэг дээ. Яг тэрэн шиг долгион гаргах нь л дээ, огторгуйд. Тэр долгион явсаар хүн төрөлхтний хэрэглэдэг багаж төхөөрөмж дээр ирж, хэмжилтэд нь нөлөөлсөн хэрэг. Тэгж л гравитацийн долгионыг анх удаа бүртгэсэн юм. Бид гурван хэмжээст огторгуйд амьдардаг. Гэтэл огторгуй өөрөө өөрчлөгдөж болно. Нэг метр зүйл байлаа гэж төсөөлье. Гравитацийн долгион ирээд оронг нь хэлбэлзүүлэх юм бол өнөө зүйлийн урт нь өөрчлөгдөнө гэсэн үг. Бид энэ орчлонд ийм өөрчлөлт мэдрэхгүй. Товчхондоо хар нүхнүүд мөргөлдөхөд орон зайг тодорхой хэмжээнд хэлбэлзүүлдэг гээд ойлгочихож болно. Энэ мэтээс харахад хар нүх байгаа гэдэг нь тодорхой болчихсон. Гэхдээ янз бүрийн байдлаар зургийг нь авсан юм алга л даа.

-Хүн төрөлхтөн энэ сарын 10-нд хар нүхний зургийг харах нь дээ…?

-Хар нүх энэ орчлонд маш олноороо бий гэж үздэг. Галактикийн төвд асар том хар нүх байгаа гэж таамагладаг. Ер нь хар нүхээр төгсөж буй одод ч бий. Бидэнд харагддаг асар том одод агшсаар байгаад маш нягттай болж, маш бага орон зайд хар нүх үүсдэг. Зургийг нь авлаа гэж байна. Олон газар дурангууд тавьж, зэрэг ажиглалт хийж, авсан мэдээллээ супер компьютерийн тусламжтайгаар боловсруулж хөрвүүлээд бидний мэддэг зураг болгожээ гэж ойлгож байгаа.

-Хар нүхийг голлож судалсан эрдэмтэд гэвэл ямар хүмүүс байна?

-Ер нь онолын физикийнхэн бүгд судална. Эйнштейний харьцангуйн тэгшитгэл гарч ирснээс хойш энэ тэгшитгэлийг янз бүрийн хэлбэрээр бодохоор гарсан нэг шийд нь хар нүх байгаа юм л даа. Хар нүх гэдэг шийд гарч ирж байна гэсэн үг. Тэгээд л тэр шийдийг цааш нь судлаад яваа. Ийм судалгаа хийсэн, хийж яваа эрдэмтэн Эйнштейнээс эхлээд маш олон. Стивен Хокинг хар нүх ууршдаг, энергиэ алддаг гэсэн онолыг дэвшүүлж тавьсан. Галактикийн төв бүр хар нүхтэй гэсэн санаа орчин үед давамгайлж байна. Ингээд харахаар хар нүхийг орчлонд хаа сайгүй байж болохоор одны хэлбэр гэж хэлэх бүрэн үндэстэй. Ер нь нүдэнд харагддаггүй л болохоос нэг төрлийн од шүү дээ. Хар нүхийг харанхуйн энергитэй хольж хутгаж болохгүй.

-Харанхуйн энергийн тайлбараар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Орчлонгийн байж болох бүх энергийг тооцоод үзэхээр нэг хэсэг энерги дутдаг. Бидний мэддэг хар нүх, галактик, материудыг бүгдийг нь нийлүүлэхээр байх ёстой энергийн хэмжээ хүрдэггүй. Орчлонгийн байж болох энергийн зөвхөн таван хувь нь бидний мэддэг зүйлс. Үлдсэн 95 хувь нь үл мэдэх энерги. Орчлонгийн мэдэгдээгүй энергийг хоёр хуваадаг. Хориод хувь нь харанхуйн матери, далан хувь нь харанхуйн энерги.Одоогоор энэ хоёр энергийн талаар хүн төрөлхтөн нарийн мэдэж чадаагүй яваа. Гэхдээ орчлонд жигд тархсан ийм энерги бий гэдгийг ажиглалтаар баталчихсан. Энэ энерги яг ямар шинж чанартай вэ гэдгийг эрдэмтэд ид судалж байна.

-Бидний мэддэг энерги тавхан хувь гэхээр сонин юм шүү. Хар нүх бидний мэддэг таван хувийн энергид багтах уу?

-Багталгүй яахав. Биетэй од шүү дээ.

-Харанхуйн материйн судалгаа хэр эрчимтэй яваа бол?

-Сансрын элдэв аппарат хөөргөөд судалж байгаа. Судалж болохоор зүйл гэж үзэж байна. Харанхуйн матер бол бидний мэддэг матери, харанхуйн энергийн дундах зүйл. Бидний мэддэг материтай бага зэргийн төстэй, гэхдээ бас нөгөө талд байгаа харанхуйн энергитэй ч ижил талтай гэсэн таамаглал бий.

-Харанхуйн энергийг судлахад хэцүү гэж ойлголоо…?

-Тэгж ойлгож болно.

-Хар нүхнээс гадна цагаан нүх байдаг гэж та ярилаа. Судлаачдын сонирхлыг хэр татдаг зүйл вэ?

-Хар нүхтэйгээ харьцуулбал тэгтлээ сонирхол татахаар биш л дээ. Энгийнээр тайлбарладаг хар нүх бүхнийг татдаг бол цагаан нүх ойртсон бүхнээ ойлгодог. Хар нүх маш их масстай. Гравитацийн хүч ихтэй учраас орон зайгаа маш айхавтар мурийлгадаг. Эйнштейн дэлгэсэн даавуун дээр шаариг тавихад хэлбэр нь өөрчлөгддөгтэй хар нүхний нөлөөг зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хар нүх ойр хавийнхаа орон зайг мурийлгаж хотойлгодог гэсэн үг. Гравитацийн талаас ингэж тайлбарладаг юм.

-Хар нүх орон зайг огт өөр болгодог гэж ойлголоо. Цаг хугацаанд яаж нөлөөлөх вэ?

-Цаг хугацаа огт өөрөөр явагдана. Хар үгээр тайлбарлавал хүний хөдөлгөөн хугацаагаа өөрчлөөд явна. Жишээ нь, та гүйлээ гэхэд хөдөлгөөн тань хугацаатай холбоотой болчихно. Бидний ертөнцөд та гүйлээ, зогслоо гээд цаг хугацаа урагшилж, зогсохгүй. Таныг яаж ч байсан цаг хугацаа нэг хэмээр л урагшилна. Харин та гривитацийн тийм айхавтар орчинд очвол цаг тань өөрөөр явна. Гүйвэл урагшилж, зогсвол удааширна гэсэн үг.


Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай 4 толгой”, “Төгсгөлгүй” сюитыг тоглоно

Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.

“Учиртай дөрвөн толгой”-г нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэн худалдаачин, дагуулууд, бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган Хоролмаагийн хослол, бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулгаар тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлнэ гэж Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хэлсэн юм. Үүгээрээ мэргэжлийн сургалттай их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг баяжуулахыг зорьсон аж.

Морин хуурын чуулга нь 2015 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд урын сангаа баяжуулсан шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг уламжлалтай. Энэ жилийн “Novel melody” тоглолтын өнгө “Учиртай дөрвөн толгой” байх нь.

Дашрамд дурдахад, тус чуулгын уран бүтээлчид 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглосон нь олны анхаарлыг татаж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 76.7 хувьтай гарчээ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан нийт 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97 буюу 71.9 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 буюу 91.9 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 буюу 14.1 хувь нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14 буюу 10.4 хувь нь Төрөөс баримтлах бодлоготой, 3 буюу 2.2 хувь нь Үндэсний хөтөлбөртэй уялджээ. Үүнээс нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар холбогдох яам, агентлагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлэхэд биелэлт 76.7 хувьтай гарчээ. Энэ нь 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилттэй харьцуулахад 25.8 хувиар өссөн дүн аж. Үндсэн чиглэлийн биелэлт бодлогын төрлөөр авч үзвэл макро эдийн засгийн бодлого 81.5 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого 82.2 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувийн хэрэгжилттэй дүгнэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг хаана

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хязгаарлана. 20,9 км авто замыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино. Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.