Categories
мэдээ нийгэм

Хачгийн идэвхжил эхэлсэн тул хачигт хазуулахаас сэргийлээрэй

Хачгийн идэвхжлийн үе эхлээд удаагүй байгаа ч ЗӨСҮТ-д 2019 оны 4 сарын 10-ны байдлаар хачигт хазуулж, эрсдэлд өртсөн 55 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

2005-2018 онд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдвараар 1952 өвчлөл бүртгэгдэн, 20 нь нас барсан. Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

Иймд ЗӨСҮТ-өөс ард иргэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах.
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Categories
мэдээ нийгэм

100 айлын замын ажил энэ сард эхэлнэ

100 айлын барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэх ажлын хүрээнд авто замыг шинээр барьж, өргөтгөх ажлыг дөрөвдүгээр сард эхлэхээр болсон байна.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгаас тодруулахад “Шинээр барих замын зураг хийгдсэн, төсөв нь батлагдсан. Зам барих ажлыг энэ сард багтаан эхэлнэ. Дөрвөн эгнээ зам барих юм. Ингэснээр замын ачаалал хоёр дахин багасна. Замын хоёр талд явган хүний зам барьж, дугуйн замын асуудлыг ч шийдвэрлэсэн, гэрэлтүүлэг, ногоон байгууламж шинээр хийнэ. Мөн 2-3 байршилд машин зогсоолтой байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 гаруй хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 09-ний байдлаар, амбулаторийн 88.046 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3619 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар их байна.

Нийт өвчлөгсдийн 38.5 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4, 16.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 926 дуудлага ирснээс 42.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Сар бүрийн 9-ний өдөр их цэвэрлэгээ хийнэ

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ‘’Бидний эрүүл мэнд аюулгүй байдал’’ аяныг зохион байгуулж байна.Тус аяны хүрээнд сар бүрийн 09-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон Төрийн бус байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайн 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх юм.

Түүнчлэн аяны хүрээнд гэмт хэрэг, үер усны болон болзошгүй аюул ослын гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох албаны хүмүүс цаг тухайд нь авч ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд сар бүрийн 9-нд зохион байгуулагдах их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан. Энэ асуудлыг хайхралгүй орхивол бүтэн нэг үе шүдний асуудалтай үлдэх байсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотор талаасаа олон өвчлөлийн эхлэл болдог. Тиймээс хөтөлбөр онц чухал үүрэгтэй.

Бид 2-12 насны хүүхдүүдээ эмчлэхээс гадна амны хөндийн эрүүл ахуйн талаар дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна.

Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас 2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.

Эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй бүрэн ойлгоцсоны үндсэн дээр хөтөлбөрийг эхлүүлж байна.

Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлыг 30 хувь бууруулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Эмнэлгүүдийн жагсаалтыг зарласан. Иргэдийн зүгээс цахим орчинд үнэгүй юм бол чанаргүй гэх сэтгэгдлийг илэрхийлж байна. Тиймээс үүнийг би үнэгүй биш гэдгийг онцолж хэлье. Эмчилгээний зардлыг төрөөс гаргаж байгаа.

2-12 насны 700 гаруй мянган хүүхдийн шүдийг бүгдийг нь нэг жилд эмчлэх боломжгүй.Тиймээс эхний ээлжинд 2-6 насны, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх уян хатан бодлого баримталж байна.

Зайлшгүй гэдэгт тухайн хүүхэд цаг алдалгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдий ч санхүүгийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тохиолдлыг хамруулна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний хэмжээний томоохон музейтэй болох шийдвэр гаргажээ

Шинэ театрын барилгын ажлыг дахин эхлүүлнэ. Үндэсний хэмжээний томоохон музейтэй болох талаар яаралтай шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын захирамж гарсан.

Газрын асуудал зураг төсөв хөрөнгө оруулалтыг судлаад ойрын хугацаанд Засгийн хуралдаанаар оруулж шийдвэр гаргана гэлээ.

Мөн зургаан настнуудын элсэлтийн талаар “Сургуулиуд элсэлтээ хэрхэн зохион байгуулах нь өөрсдийнх нь шийдэх асуудал. Яамны зүгээс элсэлт зохион байгуулах ажилд оролцохгүй. Зургаан настай хүүхдүүдийг сургуульд элсүүлэхдээ ялгавартай хандахгүй л гэж байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Түрээсийн орон сууц өмчлүүлэх журмыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууц өмчлүүлэх журмыг баталсан байна. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан танилцууллаа.

Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу асуудлыг судалсны үндсэн дээр “Түрээсийн орон сууц өмчлүүлэх” журмыг батлаад байна. Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлт гаргаж хоёр нөхцөл хангаснаар өмчилж авч болно.

  • Байрны төлбөрийн 30 хувийг төлснөөр ипотекийн зээлд хамрагдаж болно.
  • Төлбөрийн чадвартай бол таван жилийн дотор байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлөх зарчмаар худалдан авч болно.

Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү журмын дагуу орон сууцаа хувьчилж авч болно. Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй.

Байр олгож буй байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр гурав эсвэл таван жилийн хугацаанд 30 хувийг төлж барагдуулах зэргээр энэ асуудлыг шийдвэрлэж байна.

Одоогоор хувьчлах боломжтой 1,512 айлын түрээсийн орон сууц байна. Өөрөөр хэлбэл, энэ 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломжтой болж байна.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь болгон бууруулах тал дээр ажиллаж байна. Ингэснээр зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс олгож байгаа зээлийн эх үүсвэрийг 1 хувиар олгоод бууруулж байгаа ч Монголбанк үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа. Үүнийг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан.

Энэ онд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна гэдгийн гэрээнд тусгасан.

Гаднын зээл тусламжаар түрээсийн орон сууцыг нэмэгдүүлж болно. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дэнжийн 1000-д 1,008 айлын орон сууц баригдаж байна. Боломжтой бол бид ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулна.

Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын нэгний дотор нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобусыг камержуулна

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн автобусанд үйлдэгдэх халаасны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон байна. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн газраас нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт компани, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай уулзалт хийсэн байна. Ингэхдээ ирэх зургаадугаар сарын нэгний дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобусыг камержуулахаар болжээ.

Мөн цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчилж, шалгасан байна. Хууль бусаар гар утас худалдан борлуулдаг гурван ченжид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж буй аж. Энэ ченжүүдээс хууль бусаар олж авсан, гарал үүсэл нь тодорхойгүй 70 гаруй гар утсыг хурааж авчээ. Одоогоор утсыг таниулах, эздэд нь хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна Тиймээс гар утсаа хулгайд алдсан иргэд нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт хандах боломжтой.

Цагдаагийн байгууллагаас цаашид хууль бусаар гарт утас худалдан борлуулж буй ченжүүдтэй эрчимтэй тэмцэнэ гэдгийг хэлж байна. Энэ хүрээнд Монтел, Теди төвүүдтэй гэрээ байгуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замыг дотоодын нөөц бололцоогоор барих шийдвэр гаржээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замын 247 км замыг барих үйл ажиллагааг идэвхжүүлэх тогтоол гарч байсан. Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг өөрсдийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан барих шийдвэр гаргалаа. Учир нь энэ жил “Эрдэнэс тавантолгой” 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдан авах замаар барихаар болж байна. Бонд гаргагч нь Монголын төмөр зам, худалдан авагч нь “Эрдэнэс тавантолгой” хэрэгжүүлэгч нь ЗХЖШ. Өмнө нь “Дорнын зам” компаниас нэг км төмөр замыг 3.2 сая ам.доллараас барих санал ирсэн. Өөрсдөө барих болсон учир саналаа татсан. Монголчууд өөрсдөө барихад 1.2 сая ам.долларт багтааж байна. ЗХЖШ-т судалгаа хийсэн. 1800 цэргийн албан хаагч, зэвсэг, техник шаардлагатай. Таван рот 30:30 км төмөр зам барихаар тооцсон. Энэ зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой. Нийтдээ Тавантолгойгоос 60 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо байна хэмээлээ. Мөн УБ-Дархан чиглэлийн замын ажил хийгдэж эхэлсэн, ажил хугацаандаа дуусна гэж байсан юм.

Categories
мэдээ спорт

Их Монголын Хүчтэнүүдийн барилдаан баасан гаригт болно

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан, сар тутам зохион байгуулдаг тус дэвжээний бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан дөрөвдүгээр сарын 12 буюу Баасан гарагийн 13:00 цагаас “Мөнхийн Үсэг” группийн “Мөнх спорт төв”-д болно. Энэхүү барилдаанд Их Монголын Хүчтэн Дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхчүүд зодоглоно.

2018-2019 оны улиралд тус дэвжээний бөхчүүдийн зургаан барилдааныг зохион байгуулсан бөгөөд улсын начин Л.Батзориг, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар хоёр удаа, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар тус бүр нэг удаа түрүүлжээ.

Энэ сарын ээлжит барилдааныг улсын өсөх идэр начин Д.Дашжамц, улсын начин С.Сугар, С.Жаамаа, Л.Наранбаатар, Б.Сугаржаргал, Л.Батзориг нарын хүчтэнүүд төрөн гарсан Өлзийт сумын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон байна.