Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн “Дэлхийн цом”-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулна

Монголын Самбо бөхийн холбооноос санаачлан ДАШТ, Ази тивийн АШТ, “Дэлхийн цом”-ын АШТ-үүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг эрэгтэй ес /52 кг, 57 кг, 62 кг, 68 кг, 74 кг, 82 кг, 90 кг, -100 кг, +100 кг/, эмэгтэй есөн /48 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 68 кг, 72 кг, – 80 кг, +80 кг/ жингийн ангиллаар, ирэх тавдугаар сарын 29-30-нд зохион байгуулах юм. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид манай улсад зохиогдох холимог багийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Categories
мэдээ нийгэм

“Бүтээлч өрсөлдөөн” уралдаанд тэргүүллээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оныг бүтээн байгуулалт “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан зарласан “Бүтээлч өрсөлдөөн” хаягжуулах ажлын хүрээнд “Эх хэл, бичгээ эрхэмлэн дээдлэе” уриан дор төлөвлөгөө гарган ажиллаж, хийж бүтээсэн ажлаараа тэргүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын газар, Сайнцагаан сум дахь Улсын нөөцийн салбарын гэрэлтүүлэгтэй хаягийг крилл болон монгол бичгээр хослуулан байгууллагын өнгө үзэмж сайжрууллаа.

Алба хаагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор офицер алба хаагчдын нэр, шүлэг, онч мэргэн үгс, зүйр үгс зэргийг үндэсний бичгээр бичиж өрөө, тасалгаанд байршуулаад байна.

Мөн алба хаагчдынхаа дунд “Монгол бичгээр хэн сайхан цэвэр, зөв бичих вэ?” уралдааныг зохион байгуулж, аваргуудаа шалгаруулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: Усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.10) хуралдаан 11 цаг 18 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байна. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 хувь орчим эзлэх талбайд бүрддэг. Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая.м3 орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн судалгаагаар Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 608,300.0 сая.м3 (мөнх цас, мөсөн голын усны нөөц буурснаас 564,800.0 сая.м3 болсон), үүний 34,600.0 сая.м3 гол, мөрний, 500,000.0 сая.м3 нуурын, 62,900.0 сая.м3 (19,400.0 сая.м3 болж буурсан) мөнх цас, мөсөн голын, 10.800 сая.м3 газрын доорх ус байдаг байна. Монгол Улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байна.

Түүнчлэн “Усны тухай хууль”-д газрын доорх ус ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудал болсон. Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжиж буйтай холбогдуулан энэхүү салбаруудад газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооног битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдлын түвшинг тогтоох, хянах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгэм-эдийн засгийн шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд нэмэлт болон өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсруулж усны нөөц хамгаалах, хомсдлоос сэргийлэх, хариуцлагатай ашиглалт, хяналтыг сайжруулах, хүн амын унд, ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газрын доорх усны эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 22.19, 22.20 заалтуудад орхигдсон цооногийг сум дүүргийн Засаг дарга нь улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэх үүрэг хүлээж байгаа нь газар доорх усны бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр юм. Гэхдээ энэ нь буруутай этгээд үүргээс чөлөөлөгдөж буй хэлбэр биш бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэх аж.

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 41 дүгээр зүйлд ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоон өгч үүний тэргүүн ээлжинд Хүн амын унд, ахуйн хэрэглээг оруулж өгсөн нь Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.1-д “Усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, хариуцлага хүлээх тогтолцоог бий болгож, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.”, мөн Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ын Зорилт 2 “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.” гэх зорилтуудыг хангахад оршиж байгаа юм байна.

УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.4-д “Газрын доорх цэнгэг усны томоохон ордууд, гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах, цэвэр усны нөөц бүхий томоохон нуурын сав газарт аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах замаар усны нөөцийг хамгаална”, УИХ-ын 1997 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс экологийн талаар баримтлах бодлогын 3.7.1-д “Монгол орны гадаргын ба газрын доорх усны нөөц нь байгаль болон амьдралын эрүүл орчны шүтэлцээг хангагч үндсэн эх үүсвэр хэмээн үзэж усны нөөц, чанарыг хадгалан гамтай ашиглаж, нөхөн сэргэх, арвижих боломжийг хангах нь төрийн бодлогын зангилаа асуудал мөн” гэж тус тус заасан нь Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамжийг нэмэгдүүлэх, ус ашиглагчийн хариуцлага, хяналтыг сайжруулах бодлогыг баримталж байна. Үүнтэй холбоотойгоор Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 41.2 дахь заалтыг оруулсан байна. Өнөөг хүртэл Монгол Улсад усны нөөцийн хомсдол болон түүний түвшинг тогтоох нэгдсэн аргачлал байхгүйн улмаас аж ахуйн нэгжүүдийн усны нөөцийн хавтгайрсан хэрэглээ бий болж үүнд улсаас тохирсон хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Иймд усны хомсдлоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгохын тулд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 10.1.31, 25.7 заалтуудыг тус тус нэмэлтээр оруулжээ.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь тус тус 1 зүйлтэй.

Ашигт малтмалын тухай хуульд гүний ус гэж орсон ойлголтын зөрүүг засч Усны тухай хуульд заасан газрын доорх ус гэсэн нэр томьёог оруулна. Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна. Эдгээр төслүүдэд ус ашиглагч нь усны нөөцийг хомсдуулсан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар тус тус тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхболд, Б.Батзориг, Н.Цэрэнбат, Л.Элдэв-очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, төсөл батлагдсан тохиолдолд үүсэх үр нөлөөг бүрэн тооцох шаардлагын талаар Д.Эрдэнэбат гишүүн хэлсэн юм. Газрын гүний усыг ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр гол мөрний сав газар дахь барилга байгууламжуудыг хэрхэх, энэ дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар тооцох нь зүйтэй гэдгийг тэрбээр хэлсэн. УИХ-ын гишүүн А.Сүхбат цэвэр усны нөөц болон өнөөгийн усны хэрэглээний талаар анхаарч, усны менежментийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авах цаг болсныг дурдаад нийслэлийн усны хэрэглээний талаарх тоо баримт, нийслэлчүүдийн бохирдуулсан уснаас үүдэн Туул голын ай сав дагуух бүс нутгуудад гарч буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл дуулгав. Түүнчлэн бусад орны усны менежментийн талаар жишээ татаж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авахгүй бол ойрын 4 жилийн дотор нийслэлчүүдийн ундны усны хангамжийн асуудал үүсгэх эрсдлийг хэлж байсан. Төсөл санаачлагч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Л.Энхболд, гүний усны ашиглалтад хязгаарлалт тавьж, хариуцлага тооцохгүй бол уул уурхай тэргүүтэй бизнесүүд аль хямд, өртөг багатай гэдгээр нь гүний усыг ашиглаж байна гэв. Төсөл батлагдсан тохиолдолд усны хомсдол үүсгэх эрсдлийг тодорхойлж, үүн дээр хариуцлагын асуудал хөндөгдөнө. Түүнчлэн гол ач холбогдол нь усны менежментийг сайжруулж, гадаргын усыг ашиглах арга технологиудыг аж ахуйн нэгжүүд нэвтрүүлэхэд хөшүүрэг болно хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү төслийн зохицуулалтын хүрээнд мал аж ахуй болон газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт, хориглолт, төлбөр нэмэгдүүлэхгүй байхад анхаарах ёстойг Б.Батзориг гишүүн хэлж байв. Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг ажлын хэсгийн ахлагчаар томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд гэмт хэрэгт их холбогдож байна гэв

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

“Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16,4 хувиар буурч илрүүлэлт тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал,
-Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь,
-Дээрэмдэх гэмт хэрэг 42.7 хувь,
-Хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь,
-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь,
-Халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурчээ.

Үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр дүн шинжилгээ хийхэд хөдөө орон нутгаас нийслэл хотод ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байна. Эдгээр иргэд хотод ирээд тодорхой оршин суух хаяггүй, нийтийн байруудад амьдарч, шөнө оройн цагаар гарч дээрмийн болон бусад гэмт хэрэг үйлдэж байна. Иймээс нийслэлд нийтийн байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг 649 байгууллагад шалгалт хийхэд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж илрүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар – Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ

Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож байгаа юм. Эхний ээлжид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байна. 1996 оноос хойш их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зогсох эрхгүй 24 цаг” буюу хариуцлагатай уул уурхай

Уул уурхайн Үндэсний Ассоциацаас энэ сарын 3-нд “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөнийг олон нийтийн сүлжээг ашиглан зохион байгууллаа. Энэхүү хөдөлгөөний зорилго нь уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар үүрэгтэйг макро болон микро төвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэл тулгуурлан харуулах, хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд тодорхой, цэгцтэй ойлголт өгөхөд чиглэгдсэн байна.

Энэ хүрээнд бүтэн нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгдөг вэ гэдгийг салбарын Яам, Агентлаг болон Үндэсний Статистикийн Хорооны тооцоолж гаргаснаар олон нийтэд хүргэжээ. Судалгааны дүнгээс сонирхуулахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 Тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг нэг хоногт хуваан тооцож үзэх юм бол 24 цагийн хугацаанд уул уурхайгаас 8,1 Тэрбум төгрөг төсөвт орж байгаа аж.

Нэг хоногт уул уурхайн салбараас төвлөрүүлж буй мөнгөний 40 хувийг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар эзэлдэг байна. Энэ мөнгөөр 50 өрхийг орон сууцжуулах боломжтой. Дээрх 8,1 Тэрбум төгрөгийн 10 хувийг уул уурхайн салбарын нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлдэг бөгөөд үүгээр 37720 төрийн албан хаагчийн нэг сарын цалин, 70887 өндөр настны нэг сарын тэтгэврийг өгч болох ажээ. Эсвэл 24 цагийн дотор уул уурхайгаас оруулж буй нийт мөнгөөр 1000 хүүхдийн цэцэрлэг барьж болох ажээ.

Уул уурхайн салбар нэг хоног сул зогсох юм бол эдийн засагт ийм хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн үг. Зөвхөн ийнхүү мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна уул уурхайн үр өгөөжийг нийгмийн олон салбарт оруулах материаллаг болон материаллаг бус ашиг, үр шимээр хэмжиж ч болно.

24 цагийн үр шимийг бас нэгэн компанийн улсад оруулж буй орлогын жишээн дээр авч үзэж болох юм.

Монголд гаднын бус, дотоодын зуун хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарын томоохон компани тоотой хэдхэн бий. Түүний нэг нь “Монголын Алт” корпораци буюу “МАК” компани гэдгийг бид сайн мэднэ. Тус компани нь татвар төлөлтөөрөө “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн дараа ордог Монголын тэргүүлэгч аж ахуй билээ. Энэ компани өнгөрсөн жил буюу 2018 онд улсад 230 Тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төлжээ. Харин 2019 он гарсаар өнөөг хүртэл буюу гурван сарын хугацаанд улсад 8.3 Тэрбум төгрөгийн татвар төлсөн мэдээ байна.

Үүнийг 24 цаг буюу нэг хоногоор тооцож үзвэл өдөр бүр 92 сая төгрөгийг дээрх компани улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Энэ компанийн үйл ажиллагаа 24 цаг зогсвол улсын төсөвт орох мөнгөн хэмжээ ийнхүү 92 сая төгрөгөөр хасагдах буюу буурах болж байна.

Тэгвэл энэхүү компанийн 24 цагийн үр шимээр юу хийж болох вэ?

184 (нэг зуун наян дөрвөн) төрийн албан хаагчийн нэг сарын цалинг олгочихно. Мөн цэцэрлэгийн 30666 хүүхдийн нэг өдрийн хоолыг даачихаар байна. Харин тус компанийн нэг хоногийн татварын мөнгөөр 306 ахмадын тэтгэврийг өгөх боломжтой аж. Энэ мөнгөөр хоёр өрхийг орон сууцжуулах ч боломжтой.

Ингээд бодоод үзэхэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж компаниуд Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг нуруун дээрээ үүрч яваа нь тодорхой харагдахгүй байна гэж үү. Уул, уурхайн салбарт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг компани манай улсад байхгүй биш байгаа. Үүнийг улс төрийн эрх мэдэлтнүүд бодлого гаргаж, хуулийн байгууллагууд нь хуулийн хүрээндээ хариуцлагаа тооцоод явах ёстой. Тэднээс болоод уул уурхайн салбарыг бүхэлд нь харлуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд дарамт учруулдаг, улстөржүүлдэг явдлаас болж уул уурхайн салбараа санасан хэмжээнд нь хөгжүүлж, тулсан хэмжээний ашгийг аль аль талдаа хүртэж чадахгүй 30 шахам жил болжээ.

Улсын төсвийг нуруун дээрээ үүрч яваа гол салбарынхаа бодлого, аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд саад учруулдаггүй байхыг уул уурхайн салбарынхан Монголын төрөөс хүсэж байгаа.

Төрийн зүгээс хариуцлагатай уул уурхайн бодлогыг бэхжүүлж, хувийн аж ахуйн нэгж компани, бизнес эрхлэгчдэд зах зээлд чөлөөтэй өрсөлдөх боломжийг нь олгож, үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд дэмжиж явахгүй бол Монгол Улсын хөгжил бахь байдгаараа байран дээрээ зосчих төдийгүй, ухарч ч мэдэх хандлага анзаарагдаж байгааг анхаарууштай.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.04.10) 10 цаг 11 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд “Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний аудитын газар 2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг Төрийн аудитын тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн 2018 оны 02 дүгээр сарын 07-ны өдөр батлуулж, мөн 04 дүгээр сарын 14-ний 04 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан. Дээрх тогтоолууд батлагдсанаар аудитын сэдвийн хүрээнд ҮАГ 2018 оны 09 дүгээр сараас эхлэн аудиттай холбоотой судалгаа хийх, төлөвлөлтийн үе шатны ажлуудыг зохион байгуулах, аудитын сэдвийн эрсдэл, хамрах хүрээг төлөвлөж, аудитын үр өгөөжийг судалсан. Судалгааны явцад зарим аудитын нэрийг өөрчлөх, хугацаанд өөрчлөлт оруулах, тогтоолд ерөнхий нэрээр орсон аудитыг тодотгох, тогтоолын хавсралтаас зарим аудитын сэдвийг хасах, шинэ сэдэв нэмэх зайлшгүй шаардлага гарсныг дурдав.

Тухайлбал, тогтоолын хавсралтад тусгагдсан “Монголын цахилгаан холбоо төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагааны үр дүн”, “Мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, үр дүн”, “Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулалтын байдал”, “Төмөр замыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн”, “Гадаадын анчдаар ан агнуулсны ан, амьтан агнуурын нөөц ашигласны төлбөр ногдуулалт, барагдуулалтын байдал” зэрэг аудитыг судалгааны явцад хийх шаардлагагүй болсон.

Үүнээс гадна аудитын зардал нь батлагдаагүй “Оюутолгой төслийн 1,2 дугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчдэд ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөх өр төлбөрийн байдлын аудит”, “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт”, “Газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоолол” гэсэн гурван аудитыг хасах саналтай байгаагаа тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчид болох тэргүүлэх аудитор С.Бүрэнбат, С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлснээр аудитын байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарч байгаа эсэх, Оюутолгойн Дубайн гэрээний аудитын тайланг бэлэн болсон талаар илүүтэй тодруулсан. Мөн Оюутолгой төслийн 1,2 дугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчдэд ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөх өр төлбөрийн байдлын аудит”, “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт” аудитыг хавсралтаас хасч, хойшлуулах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, аудит хийх зардлыг багасгах шаардлагатай гэж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, Өнгөрсөн оны 01 дүгээр сард аудитын сэдвийг зардалтай нь тооцож оруулаад батлуулсан. Сангийн яаман дээр хянагдахдаа нэр дурдсан гурван аудитын зардлыг хассан. Энэ асуудлаар 10 дугаар сараас хойш Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд бүх шатны байгууллагуудад хандсан боловч батлагдсан төсөвтөө багтааж аудит хийх шаардлагатай гэсэн хариу албан тоотыг ирүүлсэн байгаа. Ер нь бол аудит хийх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж байлаа. Түүнчлэн Оюутолгой төслийн 1,2 дугаар шатны буюу 7.5 тэрбум ам долларын өртөгтэй хөрөнгө оруулалтын гэрээнд хийх аудитын хувьд Үндэсний аудитын газар өөрийн хүчээр хийх боломжгүй. Гадны хөндлөнгийн шинжээч, зөвлөхүүд, олон улсын мэргэжлийн байгууллагын тусламж шаардлагатай байгаа учраас аудитын зардлын төсөвт өртөг өндөр байгаа гэж хариулсан. Мөн Үндэсний аудитын газрын даргын эрхийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түдгэлзүүлсэн учир гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангууд баталгаажиж гараагүй. Дуусаагүй буюу царцсан барилгын ажилд 46 обьект хамруулан хийсэн аудит болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт буюу Дубайны гэрээнд аудит хийгээд дууссан. Гэвч Монгол Улсын ерөнхий аудиторын эрх түдгэлзсэнтэй холбогдож дээрх аудитын тайлангууд баталгаажаагүй гацсан байдалтай байгаа гэж Ажлын хэсгийн зүгээс хариулж байв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Үндэсний аудитын газрын 2018 оны тайланг судалсны дараа 2019-2020 оны сэдэв батлах асуудлыг хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг хойшлуулах, энэ асуудлаар тогтоолын төсөл бэлтгэж батлуулах Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Мөн уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасангаар ахлуулж, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолын төсөлд Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “389” гэснийг “394” гэж өөрчлөхөөр тусгагджээ. Үндэсний аудитын газрын орон тоог 5-аар нэмэгдүүлэхдээ батлагдсан төсөв, цалингийн зардалд өөрчлөлт орохгүй гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолсон юм. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсний дараа уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Суудлын тэрэгний импорт нэмэгджээ

Энэ оны эхний гурван сард 281.3 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 30.0 сая ам.доллараар буюу 11.9 хувиар нэмэгджээ.

Үүнээс бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 242.5 сая ам.долларт хүрч, 2018 оны мөн үеийн дүнгээс 87.9 сая ам.доллараар өссөн байна.

Эхний гурван сард суудлын автомашин 19,705, ачааны автомашин 4,498 буюу нийт 24,203 тээврийн хэрэгсэл хилээр орж иржээ. Үүнийг өнгөрсөн оны эхний гурван сарын үзүүлэлттэй харьцуулахад суудлын автомашины импорт 8,256-аар, ачааны автомашины импорт 641-ээр тус тус нэмэгдсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийнхэн сагсанбөмбөг, гар бөмбөгийн спортоор өрсөлдөнө

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой, MNB спорт суваг байгуулагдсаны 1 жилийн ойд зориулан МҮОНРТ-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын /Сонин, телевиз, радио, сайт гэх мэт/ дунд сагсанбөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

Тэмцээн 2019 оны тавдугаар сарын 11-12-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд болно. Шагнал урамшууллыг волейбол, сагсанбөмбөг тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй багаас шалгарсан эхний 3 багт /1, 2, 3 дугаар байр тус бүрт/ олгоно.

1-р байр: Өргөмжлөл, Алтан медаль, 2,000,000 төгрөг

2-р байр: Өргөмжлөл, Мөнгөн медаль, 1,500,000 төгрөг

3-р байр: Өргөмжлөл, Хүрэл медаль, 1,000,000 төгрөг

Мөн эрэгтэй, эмэгтэй “Шилдэг тоглогч”-дыг шагнаж урамшуулна.

ХМБ-ын ажилтан, албан хаагчдын нөхөрлөл холбоог бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн салбарт биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэхэд уг тэмцээний зорилго орших юм байна.