Categories
мэдээ цаг-үе

“Нарлаг өндөр Алтайн ууланд намрын хяруу унаа даа Настай буурал аав минь намайгаа харуулдан суугаа даа”

Түндэвийн Юмсүрэн гуайн шүлэг, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнгийн хөгжим “Буурал аав” дуу олны дунд ардын дуу шиг мөнхөрч дээ. Хааяа хааяахан аавыгаа санахаар энэ дууны аялгуу сэтгэлд орж ирж ер бусын тайвшрал хийгээд эс бөгөөд тийм гэж хэлэхийн аргагүй гуниг төрүүлэх нь бий. Тэр жилийн намар сан. Юмсүрэн гуай өөрөө уг дууныхаа түүхээс өгүүлсэн цөөхөн хэдхэн өгүүлбэрийг номын хуудаснаас нь уншаад эрхгүй уйлж билээ.Тэрхүү дурсамжийг нь миний бие эргэн эргэн санах дуртай. Юмсүрэн зохиолч жаран оны намар оюутны амралтаараа холын Алтайдаа очиж амарчээ. Аавынх нь бие барагтайхан, бараг л хэвтэрт ороод байсан цаг. Нэг өглөө аав нь гадаа гаран Алтайн их уулсаа ширтэж сууснаа “Газар нутаг маань мөнх, эзэн бид нар л хэврэг юм шив дээ” гэж бодлогошрон гунигтайхан хэлсэн байдаг. Ийн хэлэх үед нь айлын бага хүү тэрээр аавынхаа нүдийг эгцлэн харжээ. Цаст Алтайн оргилд идэр залуухан бүргэд мэт шунгаж явсан аавынх нь нүдний гал бөхсөн байхыг анх удаагаа үзсэн нь тэр. Эцгийнхээ нүдний гал бөхсөн байхыг харна гэдэг ямар их уйтай нь мэдээж. Ингээд л санхүүгийн сургуулийн оюутан хөвгүүн Юмсүрэнгийн сэтгэлд гунигийн манан хуралдсан нь тэр.

Ахтайгаа хамт аавыгаа аймгийн төвийн эмнэлэг бараадуулаад хот руу сургуульдаа мордсон байна. Оюутны хичээл эхэлсэн шуугиант өдрүүд нэг л гунигтай байсан нь тодорхой. Ерөөсөө л “Газар нутаг маань мөнх, эзэн бид чинь хэврэг юм” хэмээн хэлсэн аавынх нь шаналант харц цээжинд нь үргэлжид хадаатай явна. Ингээд цас будагнасан намрын тэр орой хөдөө гэрээс нь цахилгаан ирэв гэнэ. Аав минь яасан юм бол, бие нь дээрдсэн болов уу, баяртай мэдээ ирсэн байж ч магад гэж горьдлого тээн уншлаа. Ах нарынх нь бичсэн тэрхүү цахилгаанд “аав чинь өнгөрсөн” гэх харуусалт мэдээ иржээ. “Аав чинь өнгөрсөн” гэх хоёрхон үгийг уншихуйд манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Эмээлцэгийн минь уул нурах шиг болсон гэж бичсэн байдаг. Мөн ч айхавтар юм шүү. Газар дээр аавгүй болсон, Эмээлцэгийн их уулсаа сэтгэлдээ нураасан хүү намрын хайлган цагаар ачит эцгийгээ, авралт тэргүүн Алтайгаа санаж орчлон дээр ганцаардахдаа

Нарлаг өндөр Алтайн ууланд

Намрын хяруу унаа даа

Настай буурал аав минь

Намайгаа харуулдан суугаа даа

Сүрлэг өндөр Алтайн ууланд

Шүүдэр хяруу унаа даа

Сүргийн дэргэдээс аав минь

Сүүмийх алсыг ширтээ дээ

Будант өндөр Алтайн уулаар

Буурал хяруу ороо доо

Буцаад хүү минь ирнэ гээд

Буурал аав минь хүлээгээд ээ гэх гурван бадаг шүлгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт нулимстай бичиж үлдээсэн гэдэг. Ийм шүлэг тэрлэчихээд хэнд ч үзүүлэхээ мэдэхгүй явтал найз охин нь “Мяасүрэн багш манай сургууль дээр концерт бэлтгүүлж байгаа. Дууны үг байвал ая хийнэ гэж байна. Чамд шүлэг байвал өгөөч” хэмээн хэлснээс улбаалж аавын тухай дуу төрөх үүд хаалга нээгджээ.

“Буурал аав”-ын хөгжмийг бичсэн Дашийн Мяасүрэн гуайг Монголын ард түмэн домогт “Жаран хар”-ын удирдаач гэдгээр нь сайн мэднэ. Ямар сайндаа Цэгмидийн Гайтав гуай Мяасүрэн гуайн ажил дээр ирчихээд “Жаран харын ганц цагаан хэрээгээр юу байна” гэж шоглон хэлж байсан гэхэв. Мяасүрэн гуай “Буурал аав” дуунаас гадна Будан татаад дуниартсан

Буурал хангайн сайхныг ээ

Буурь нь хүртэл арилаагүй

Буянтай аавын нутаг аа

Цэцгийн гурван сардаа

Эцгийн нутгаар буугаарай… хэмээн мөн л ардын дуу шиг цээжинд хоногшсон, “Монголын радиогийн бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаагийн шүлэг “Хангайн дуу”-ны аялгууг бичсэн. Явсан зүгийг чинь ширтээд би

Янагийн дуугаа аялаад

Яралзах ододтой нөхөрлөөд

Явж л байна даа хонгор минь хэмээн Шаравын Сүрэнжав найрагчийн шүлэг “Итгэлийн дуу”-г ч бичсэн, ийм л нэрт хөгжмийн зохиолч юм. Мяасүрэн гуайн хүү Энхбаатар гэж сайхан ахтай уулзаж, ярьж хөөрч явлаа. Энхбаатар ах аавынхаа тухай хачин гоё ярина. Нэг удаа Долгорын Нямаа гуай “Мяасүрэнгийн тэр хүү аавыгаа ямар сайн мэддэг юм” гэж бүр нэг баяртайгаар хэлж билээ. Үнэхээр л аавыгаа яриад асгаруулдаг нэгэн билээ. Тэрээр аавынхаа “Буурал аав” дууны түүхийг яриад уйлдаг. “Аав минь энэ дууныхаа түүхийг өөрөө уйлаад ярьдаг юм” гээд нулимсаа арчдаг юм. Энхбаатар ахын ярьсныг одоо хүргэе.

“Аав минь Ховд аймгийн төвөөс аавыгаа аваад хот руу гарч л дээ. Тэгээд өсч төрсөн нутгаараа дайрч Сутай хайрхан, Бумбат хайрхандаа сүслээд голын хөвөөн дээр зогссон байгаа юм. Тэгэхэд өвөө маань жаран хэдтэй хөгшин байжээ. “Энэ сайхан уул, ус голдоо эргэж ирэх заяа байдаг болов уу” гээд өвөө минь голынхоо чулуунаас адислаад алгандаа бөмбөрүүлэн уйлаад зогсож байх агшинд аавд дууны аялгуу ороод ирж л дээ. Тэгээд тэр ая эгшиг сэтгэл оюунд нь хадаатай явж байтал Юмсүрэн гуайн “Буурал аав” хэмээх шүлэг сонинд гарсныг үзээд “Нарлаг өндөр Алтайн ууланд намрын хяруу унаа даа, настай буурал аав минь намайгаа харуулдан суугаа даа….” гэх эхний мөрүүдийг нь унших ахуйд өвөг эцэг нь Сутай хайрхны өвөр бэлийн голын хөвөөн дээр ус нутгаасаа салж ядан нулимстай зогсох агшинд зурсхийгээд ороод ирсэн өнөө аялгуу шууд л буучихсан гэдэг. Тэгж л ард түмний сэтгэлд ардын дуу болтлоо мөнхөрсөн аавын минь бүтээл төрсөн. “Буурал аав” дуу дуулагдаагүй найр хурим, тэр дууны аялгууг сонсоогүй газар ус гэж ховор байх. Хүмүүс уг дууг дуулаад л Алтай, Хангай шиг аав нараа санагалзан уйлж байх агшныг зөндөө үзсэн. Гэхдээ тэр бүгдэд “Энэ дууг чинь миний аав зохиосон юм шүү” гэж онгирч, омойтож явсангүй ээ, ах нь” гэж хэлж байж билээ.

Хоёр жилийн өмнө, есдүгээр сарын эхээр өндөр их Алтайгаа нар зөв халиаж Сутай хайрхан, Баян Богд хайрхан, Бурхан буудай, Хасагт хайрхан, Хантайширын нуруу, Хар азаргын нуруу, Дарвийн нуруунаа гарч, алдарт Шаргын говь, Хүйсийн говийг туулан Эрээн нуурын эгшиглэнт үдшийг үзэн баяссан сан.Тэрхүү аялал минь Говь-Алтай аймгийн Чандмань сумын улаан сахиусны тахилгатай Чандмань хайрхнаас эхэлж билээ. Чандмань хайрхны тэргүүн овоонд хадаг яндар намиран, судар ном хөглөрч арц хүжсийн үнэр сэнхийн маани хөгжөөх цаг дор баруун хойноос, Эмээлцэгийн нуруунаас мөндрийн цагаан зурвас наашилж, удаа ч үгүй цагаан бороо налмайтал асгасан сан. Алтайн хөх тэнгэр ийнхүү бороошиж сэтгэлийн нүд чийгтэх ахуйд Эмээлцэгийн нурууны өвөр бэл дэх ертөнцийн бүх аавын алдрыг дархалсан хөшөөнд очсон юм.

“Аав хөшөө” хэмээн ард зоноороо биширдэг тэрхүү хөшөөнд “Ертөнцийн бүх аавыг уул болгон бөхлөв, удам хойчид мөнхлөв. Үеийн үед үрийн үрд биширтүгэй” гэх үгсийг сийлж үлдээсэн байна. Юмсүрэн гуайн сэтгэлд нурсан Эмээлцэгийн их уул намрын тэргэл өдөр даан чиг дүнжгэрхэн ханайж байсан даа. Харахад сэтгэл уужрам сайхан уул. Энэ орчлонд ачит эцгээ алдахад ийм сайхан уул сэтгэлд нурахаас өөр яанам билээ хэмээн тухайн агшинд бодогдож байв. Бичгийн эрхэм хүмүүнтэй уулынх нь өврөөс мэндчилсэн. “Ах нь ойрд Алтайдаа, ууландаа очиж чадаагүй юм. Дүүгээ ингээд ярихад унаган нутагтаа очсон юм шиг боллоо” хэмээн Юмсүрэн гуай утасны цаанаас өнөө л зөөлхөн дуугаараа хэлж байв. Тэрбээр туйлын даруу, бүр хэтэрхий гэмээр даруу нэгэн. Нэртэй зохиолч, нийтлэлчээс гадна манайдаа урдаа барихаар яриа байхгүй гаргуун орчуулагчдын нэгэн. Дэлхийн сонгодгуудыг шилж орчуулдаг эрхэм. “Хүн дүрст хонинууд” тэргүүт Нобелийн шагналт зохиолчдын шилдэг бүтээлүүд нь үүнийг нотолно.

Зарим цагт бүр нэг сайхан зохиол уншмаар санагдах ахуйдаа миний бие Юмсүрэн гуайгаа барьж аваад хэвтчихдэг. Миний гарын дор ойр байдаг номнуудын нэг “Цаг цагийн шуурга” юм. Түүнд алдарт Буниний “Идэр нас ба өвгөрөл”, Туркийн алдарт зохиолч Азиз Несиний “Өөрийн байшин”, Энэтхэгийн Махип Синхийн “Цагийн аясаар”, за тэгээд Людмила Улицкаягийн “Оросын тосгоны хүүхнүүд, Испанийн Кармен Мартин Гайтегийн “Конча” гээд “зэвүүн” өгүүллэгүүд бий. Төрийн шагналт Далхаагийн Норовоос аваад Алтайгаас тодорсон авьяас билэгтнүүд Юмсүрэн гуайг багшаа гэдэг. “Манай Т.Юмсүрэн багш маш олон зүйлийг хэлж өгсөн. Хаанахын ямар ч зохиолчийн уран бүтээлийнх нь шигтгээ, зангилааг утга зохиол шүүмжлэгчид, хүн төрөлхтөн үнэлдэг юм, юунаас нь болоод тэрийг шүтдэг юм гэдэг юмыг захидлаар ч хүртэл бичиж надад хэлж өгч байсан. Тэгээд утга зохиолын замаар явсан нь дээр гэдгийг шулуухан хэлж ятгаж ойлгуулж, ухааруулж өгсөн хүн” гэж Норов ах нэгэнтээ хэлж билээ. Тэртээ жаран онд “Буурал аав” дууны шүлгийг оюутан ахуй цагтаа нулимстай бичсэн Юмсүрэн ийм л бичгийн сод туурвилч юм. Өнөөдөр хэнд ч үл анзаарагдам нэг л ажин түжин алхалж явна. Ёстой нөгөө их мөрөн дөлгөөхөн гэдэг шиг.

Мяасүрэн гуайн тухай Сутай хайрхных нь хүү Довдонгийн Данзан доктортой мөн ч олон удаа ярьж, дурсан санагалзаж явжээ. Тэр хоёр, аав хүү хоёр шиг амь нэгтэй явсан хүмүүс. Амь амьдралаараа ч, уран бүтээлээрээ ч нягт холбогдсон хүмүүс юм. “Түшээт ханы Намхай аварга” гэж аралтай сайхан дуу бий. Мяасүрэн гуайн хөгжим, Данзан гавьяатын шүлэг. Уг дууг амьдруулсан өмнийн говийн Батсүрэн гуай саяхан гавьяат авна билээ. Мяасүрэн гуай бөх сайн мэдэхгүй хэрнээ ач зээ нараа гэртээ дэвүүлж байгаад “Намхай аварга”-аа бичсэн юм гэдэг. Чөргөр жаалхан хүүхдүүд дэвэхчээн аядахад Халх Монголын их хүчтэний дуу тийм сүрлэг бадрангуйгаар төрнө гэдэг бас л сонин юм.

“Буурал аав” дууны түүхээс улбаалаад эл бүгдийг бичиглэлээ. Өндөр их Алтайгаасаа сэтгэл салгаж ядан байх гэгээн гэрэлт хүмүүсийн дотоод оршихуйнх нь дуудлага бол яахын аргагүй “Буурал аав” дуу юм. Монголын их Алтай цагийн цагт мөнх оршсоор байх цагт энэ дууны аялгуу үл тасрах биз ээ гэж эрхгүй бодогдном. Хоёр мянга долоон оны намар Аж богд уулын хажууханд, Алтай сумын хилийн заставт зохиолч уншигчдын уулзалт болох үест хилчин залуу Мөнхбат “Буурал аав” дууг дуулсныг би хэзээ ч мартдаггүй. Эх орныхоо торгон хилийг манаж суугаа тэр залуугийн аавыгаа санасан, Алтайгаа хайрласан нэг л зөөлөн дулаан аялгуу цээж рүү минь нулимстай урссан билээ. Юмсүрэн гуай шүлгээ нулимстай бичиж, ардын жүжигчин Дашийн Мяасүрэн аялгуугаа цаст цагаан Сутайнхаа бэлд нулимстай олсон юм чинь, арга ч үгүй биз дээ.


Categories
мэдээ нийгэм

Хэрцгий охин одтой, шар бар өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 11, Бархасбадь гариг. Билгийн тооллын 6, Хэрцгий охин одтой, шар бар өдөр. Өдрийн наран 6:12 цагт мандан, 19:35 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Цэрэн, Бадам “дорж”-ууд ба Чен И” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг Өдрийн сонин”ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Цэрэн, Бадам “дорж”-ууд ба Чен И” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрээс Засгийн газрын хуралдаанаар ямар ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар унших боломжтой бол тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй, 11 дүгээр нүүрнээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюунэрдэнэтэй хийсэн ярилцлагыг тус тус уншиж сонирхоорой.

Баримт үйл явдлын долдугаар нүүрэндээ “Капитал” банкны дампуурлын эргэн тойрондох асуудлуудын талаар сурвалжилж нийтэллээ. ОУВС-гаас дэлхийн эдийн засаг энэ жилийн сүүлийн хагас гэхэд сайжирч эхэлнэ хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар есдүгээр нүүрнээс унших боломжтой.

Арванхоёрдугаар нүүрнээс дэлхийн эдийн засагт үр өгөөжөө өгөх Монголын ордуудын талаарх сонирхолтой нийтлэлийг уншаарай.

Түүнчлэн “Багш”, “Удам судар” булангуудаа маргаашийн дугаартаа нийтлэн уншигчдадаа хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг Өдрийн сонин”ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

ӨДРИЙН СОНИНӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Хар нүхний зургийг харуулаа

“Event Horizon Telescope” төслийн эрдэмтэд дөнгөж сая хар нүхний гэрэл зургийг анх удаа буулгасан тухайгаа албан ёсоор хүн төрөлхтөнд зарлалаа. Энэ бол дөнгөж саяхан дэлхий нийтэд харуулсан хар нүхний зураг юм.

Яг одоо тун удахгүй хэдхээн минутын дараа Event Horizon Telescope төслийн эрдэмтэд хар нүхний гэрэл зургийг анх удаа буулгасан тухайгаа албан ёсоор хүн төрөлхтөнд зарлах гэж байна. Дэлхийд байх олон телескопуудыг тусламжтайгаар Сүүн зам /Тэнгэрийн заадас/ галактикийн голд орших хэт хүнд масстай хар нүхний зургийг авч чадсан хэмээн урьдчилсан мэдээлсэн билээ. Нээлтийг танилцуулах хэвлэлийн хурал Бельги улс дахь Европын сансар судлалын зөвлөлийн байранд болох бөгөөд Чилийн Сантьягод испани хэлээр, Шанхайд мандарин хэлээр, Токиод япон хэлээр, Тайваний Тайпэйд мандарин хэлээр, Вашингтонд англи хэлээр адилхан хэвлэлийн хурлуудыг зэрэг зохион байгуулах юм. Уг хэвлэлийн хурлыг Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

“TOP 20” индекс 0.74 хувиар өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 56,204,808 төгрөгийн үнийн дүн бүхий 274,121 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мик Холдинг” ХК (MIK +14.89%) болон “Нийслэл Өргөө” ХК (NUR +11.32%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR -15.00%) болон “АйТүүлс” ХК (ITLS -8.16%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.74 хувиар өсч, 19949.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,353,622,574,618.85 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Монос шинжилгээнд хамруулаагүй бүтээгдэхүүн худалдаж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийлээ.Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй худалдаанд гаргасан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж чадахгүй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны шатнаас боомилж үхжээ

Өөрийн оршин суудаг байрны шатнаас боомилж нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын нэгэн байрны оршин суугч долоон давхрын орцны шатнаас өөрийн зүүж явсан суран тэлээгээр хоолойгоо боосон байдалтай нас барсан байжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байгаа бөгөөд нас барсан эрэгтэй 22 настай И нь тухайн байранд оршин суудаг байсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач оройн 18:10 цагт өөрийгөө боосон байдалтай нас барсан байсан гэх ба оршин суугч гэр лүүгээ орохдоо харж цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

А.Цэрэнсодном прокурорыг шалгаж эхэллээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Цэрэнсодномыг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийг шалгах хэлтсээс шалгаж эхэлжээ. Учир нь А.Цэрэнсодном хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орсон Г.Наранхүү хэргээ нуун далдлахын тулд таван сая ам.долларыг бусдад өгч, хэргээ хаалгаж, эрүүгийн хариуцлагаас зугтсан” хэмээн ярьсан аж. Үүнтэй холбогдуулан иргэн Г.Наранхүү цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, “Хэрэг шалгагдаж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд түрэг бичээсийг Монгол байсан гэв

Монголчууд түрэг бичээсийг тайлж уншиж чаддаг болсон гэж “Sergelen international expedition” ТББ-аас өнөөдөр /2019.04.10/ мэдээллээ. Тодруулбал, Орхон голын сав нутаг дахь Бильгэ хаан, Гол тэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг дахин шинээр тайлж, уншсан байна. Өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хадны бичээсийг судлах ажлыг гаднын эрдэмтэд хийдэг байсан ба монгол хэлний үгийн баялаг, зүй тогтлыг сайн мэдэхгүйгээс өөрсдийнхөөрөө тааж тайлсан тохиолдол их байжээ.

“Sergelen international expedition” ТББ-ын үүсгэн байгуулагч, С.Сэргэлэнгийн хэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан Түрэг улсын соёлын гайхамшигт дурсгал хадны бичээсийг тайлж уншдаг болсноор одоогийн Монгол хэлнээс өөр байсан гэх ташаа үзэл бодлыг арилгажээ.

Энэ нь бас Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болж байгаа юм. Гэхдээ ШУА-ийн Хэл уран зохиолын хүрээлэн энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ч гэсэн явуулсан сургалтаар дамжуулан олон хүн хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хадны бичгийг судлах ажил XX зууны эхэн үеэс эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт МЭӨ VI-VIII зууны үед хамаарах Түрэг улсын хадны их бага бичээс 70 гаруй байдаг аж. Энэ хадны бичиг 2000 гаруй жилийн өмнө Хүн улс зохиож, мянга гаруй жилийн турш Түрэг, Уйгарын төрт улсууд өөрсдийн төрийн албан бичиг үсэг болгон хэрэглэж байгаад манай эриний XII-XIII зууны үед Их Монгол Улсын үед уйгур бичгийг төрийн албан бичиг болгон авч хэрэглэснээр аажимдаа мартагдах болсон юм. Гэвч 2000 жилийн дараа энэхүү хүн бичгээ дахин сэргээж уншиж байгаа нь энэ аж. Энэ талаар Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Би түүх археологийн шинжлэх ухаанд олон жил ажилласан судлаач хүнийхээ хувьд тусгай мэргэшсэн хүмүүс л тайлж уншиж чадна хэмээн боддог байлаа. Гэтэл бидний монгол хэлний үндсэн зүй тогтлоор уншиж болох бичиг гэдгийг С.Сэргэлэн багшаар заалгаж, ухаарсан юм. Тэгэхээр энэ хэл нь харь бичиг биш Монголчуудын өвөг дээдсийн бичиж үлдээсэн бичиг гэдэгт бат итгэж байна” гэлээ.

“Sergelen international expedition” ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хадны бичээсийг тайлж унших талаар судалж ирсэн аж. Тус төрийн бус байгууллагаас Түрэг бичээсийг тайлж уншиж чаддаг болсон нь монголчууд малгайгаа сольсноос бус хэлээ солиогүй гэдгийн баталгаа гэдгийг онцолсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Хачигт хазуулсан 55 тохиолдол бүртгэгджээ

Өнөөдрийн байдлаар хачигт хазуулж, эрсдэлд өртсөн 55 сэжигтэй тохиолдол Зоонозын өвчин судлалын үндэсний төвд бүртгэгджээ. Хачгийн идэвхжил эхлээгүй байгаа энэ үед их тоо гэдгийг дээрх төвөөс мэдээлэв. Сүүлийн гурван жилийн хугацаанд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдварын 1952 өвчлөл бүртгэгдэн, 20 нь нас баржээ. Иймд ЗӨСҮТ-өөс зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх, хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах хэрэгтэйг анхааруулав. Мөн хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх, хачигт хазуулсан тохиолдолд хачгийн хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авахыг зөвлөв. Түүнээс гадна хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх хэрэгтэй гэнэ.