Categories
мэдээ нийгэм

Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулах шалгалтад бүдэрлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахад хяналт шалгалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, үйлчилгээний 1 төвд байрлах “Миний дэлгүүр112 салбар”, Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа 35-01 тоотод байрлах “Монгол кореа сторе” ХХК-ийн худалдааны төв, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хорооллын эцсийн буудал, Ард Аюушийн ӨЧ-23 тоотод байрлах Скайхапермаркет ХХК-ний Е-март” худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтаар Худалдааны газрын агуулах нь эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн хүнсний бүтээгдэхүүний дээгүүр бохирын хоолой хамгаалалтгүй тавигдсан, нарны хэт их туяа шууд туссанаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимд өөрчлөлт оруулах нөхцлийг бүрдүүлсэн, шал, хана нь зориулалтын бус, арчиж цэвэрлэхэд хялбар бус, шал нь тоосжилт ихтэй, хүнсий бүтээгдэхүүний ул мөрийн мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.3, 10.25 дугаар зүйлийн 5 дах хэсэг үндэслэн 2 аж ахуйн нэгж, 1 албан тушаалтанд холбогдох арга хэмжээг авчээ. Илэрсэн зөрчлийг арилгуулах улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлсэн байна

Categories
мэдээ нийгэм

“Хотын соёл-иргэн бүрээс” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Хотын соёл–иргэн бүрээс” зөв дадал хэвшил тогтоох, иргэдийн хандлагыг өөрчлөх сайн үйлсийн аяныг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд тус төвийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сайн дурын оролцоог дэмжин Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцсийн буудал орчмын нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэж, сандал, хогийн сав, мэдээллийн самбар зэргийг угааж цэвэрлэлээ.

Тус төвийн ажилтан албан хаагч, иргэдийн сайн дурын бүлэг төв зам дагуу ХМК-ын эцсийн буудлаас МУБИС-ийн автобусны буудал хүртэлх маршрутаар явж, авто замын хөвөө, явган хүний зам дагуу хаясан тамхины ишийг түүж цэвэрлэн, замд тааралдсан иргэдэд хогоо зориулалтын саванд хийх, зам хөндлөн гарахдаа зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор, гарцаар гарч хэвшүүлэх, хотоо цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүр үг үйлдлээрээ үлгэрлэн дагуулахыг уриаллаа. Автобусны буудлын ойролцоох аж ахуйн нэгжийн ажилтнуудад орчны 50 м талбайгаа тогтмол цэвэрлэж, хотын цэвэр цэмцгэр, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа.

Уг арга хэмжээг хотын иргэд тааламжтайгаар хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Мөн таксины зогсоол дээр байсан жолооч нар автомашинаасаа бууж ойр орчмын тамхины ишийг түүлцэн, цаашид бусад жолооч нарт уриалгыг хүргэж ажиллахыг хүсэж байгаагаа хэлж, бидний ажилд амжилт хүслээ.

Categories
мэдээ улс-төр

Орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулав

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлсэн юм. Энэ үндсэн дээр УИХ-ын залгамж чанар, парламентын засаглалын чадавхыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл байгуулжээ. Үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан гурван үеийн эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг Бодлогын зөвлөлд хамруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль ирэх есдүгээр сард болно

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Дорноговь аймагт 09 дүгээр сарын 09-23-ны өдрүүдэд Өмнөд бүсийн аймгуудыг хамруулан зохион байгуулах юм.

Дадлага сургууль Дорноговь аймагт болохтой холбогдуулан ОБЕГ, АНУ-ын Цэргийн атташе болон холбогдох албаны төлөөллүүд тус аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах болон мэргэжлийн анги, салбаруудыг чадавхжуулах Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэрэн, Бадам “дорж”-ууд ба Чен И

Б.Цэнддоо Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг (ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын хэсгээс толилуулж байна.


Дорж гэдэг бол “Бат бэх” гэсэн утгатай төвд үг. Самгардиар “Важра” гэх бөгөөд монгол хэлнээ “базар”, “очир” болон дуудагдана. Түрэг хэлтний “Бек”, “бег” хэмээх нэр нь монгол хэлнээ “Бэх”(бат, бэх) болон суусан байж тун магадгүй. Автономит Монголын сүүлчийн өдрүүдэд өөрийн нэрэндээ “дорж” зүүсэн хоёр том улс төрийн фигур өөр өөрийн байран дээр маш “бат бэх” байдлаар зогссон байдаг нь Гончигжал(н)цангийн Бадамдорж, Балингийн Цэрэндорж нар. Монголын автономийг устгахын өмнөх богинохон хугацаанд лам-сэхээтэн ба алтан ургийнхны хооронд болсон тэмцлийн үзүүрт энэ хоёрын нэг явж байсан юм.

Г.Бадамдорж нь шавьд малчны гэрт төрөөд бага наснаасаа хуврагийн мөр хөөн, Шанзавын бичээсээс эхлэн дэвшиж өөрийгөө боловсруулжээ. Харин Б.Цэрэндорж Богдын хүрээний хятад хотхон болох Наймаачинд төрж өсөн, тэндээ манж сургуульд суралцан төгсгөсөн бололтой. Хатуу дэгтэй тэр сургуульд сурагчдыг сахилгагүйтвэл гэзгээр нь холбон залхаадаг байсан гэдэг.

Чингийн үеийн төрийн албан хаагч бэлтгэдэг сургуулиар дамжсан түүний ажилдаа хандах хандлага, хүмүүжил нь ихээхэн үлгэр дуурайл болж “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан ажээ. Б.Цэрэндорж нь цаг үеийн байдалд тохируулан биеэ авч явж чаддаг, хашир догь чанараараа шалгаран үлдэж гамин, бароны шилийг харж, бүүр большевикуудад хүртэл биеийн хүчин үнэлжээ. Тэрээр ардын Засгийн ерөнхий сайдын албыг 1923-1928 онуудад хааж байв. Г.Цэрэндорж Монголынхоо автономийг устган Хятадын ерийн муж болгох үйлст идэвхийлэн зүтгэснийхээ нэгэн адил улс орноо Зөвлөлтийн дагуул БНМАУ болгон тунхагласан 1924 оны Үндсэн хуулийг ч батлалцсан сонин тавилантай нэгэн. Түүнийг улс төрийн тавцанд тодрон гарч ирэх бүрийд монгол туургатны хувь заяа Хятад, Оросын аль нэгэн рүү хэлтийн гулгаж байж.

Б.Цэрэндоржийг ямар ч үед, ямар ч аргаар хамаагүй Монголыг Хятадад нийлүүлэх, эсвэл Оросын дагуул болгохыг санаархагч этгээд, улсынхаа тусгаар тогтнолыг нэг нүдээрээ үздэггүй амьтан байсан мэтээр ойлгож бас болохгүй. 1917 онд Октябрийн хувьсгалын дараагаас онцгой идэвхтэй болсон түүний байр суурийг цаг үеийн байдалтай холбон авч үзүүштэй.

Юуны өмнө тэрээр Хаант орост туйлын дургүй болсон нэгэн байв. Монголын тусгаар тогтнолд тусална гэж найдаж байтал өөрийн протекрат болгосноос эхлээд Хаант оросын түрэмгий бодлогыг анзаарснаас энэ үзэл санаа нь бүрэлдсэн байж магадгүй. Учир нь тэрээр хар багаасаа, манж сургуулиар дамжин бэлтгэгдсэн төрийн албан хаагч байсан бөгөөд тэр чанар нь өөрийн үеийнхэндээ үлгэр болжээ. Энэ чанар, чадвар нь Хаант оросын санаархлыг болон тухайн үеийн нөхцөл байдлыг өөрийнхөөрөө үнэлэхэд хүргэж “Өнөөгийн нөхцөлд Хятадтэй эргэн нэгдэж тэндээс цэргийн тусламж авсан цагт л улааны аюул, Семёновын өнгөлзөлгөөс монголчуудыг хамгаална” гэсэн логик дүгнэлт гаргасан байж мэднэ.

Гурван улсын гэрээнд Хятадыг төлөөлөн оролцоод улмаар Хүрээний сайдаар ажилласан Чен Лу бээр Б.Цэрэндоржийг тодорхойлон бичихдээ

{1915 оны 11 сарын} 3-ны өдөр Гадаад яамны сайд Цэрэндорж ирж уулзлаа. Энэ бол 50 гаруй настай, эцэг нь Шаньсигийн худалдаачин явсан хүн юм…Арванзургаатайдаа Заргачийн яамнаа(Гадаад монгол дахь Манж, хятадын шүүхийн салбар) ажиллаж эхлээд, хожмоо Амбаны яамнаа орчуулагч хийх болсон. Маш сайд хятад хэлтэй. Хятадын түүхийг нэвтэрхий судалсан. Уг хүн нь ур чадвар сайтай. Шүүн таслах яамны үйл ажиллагааг тун сайн мэддэг. Гадаад Монголын түшмэд дундаа их мэдлэгтэйд тооцогдоно. Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарлахад тэрээр засгийн газраа зохион байгуулж, дүрэм журмыг нь тогтоосон билээ. Хиагтын хэлэлцээрт Гадаад монголын зөвлөхөөр оролцсон. Байр байдал, биеэ авч яваа нь урьд Манж Чин улсын яамны бичээч түшмэлтэй их төстэйi хэмээн үнэлжээ.

Богд хаант Монгол Улс байгуулах үед ч, дараа нь Автономи болоход ч, хожмоо Ардын засаг байгуулахад улсын хэмжээгээр, уртаашаа ганцхан ширхэг мэргэшсэн төрийн албан хаагч байсан нь Б.Цэрэндорж бололтой. Тийм болоод л угсаа гарвал, урьдын байр суурийг нь үл харгалзан, байгуулагдсан төр болгон Б.Цэрэндоржид найдан итгэж чухал албандаа томилсоор ирсэн байх нь.

Тэрээр Хиагтын Гурван улсын гэрээг алдаа болсон үздэг Оросын нөлөө тал нутагт нэвтэрснийг буруушаадаг нэгэн байв. Монгол нь Хятадын бүрэлдүүнд, Оросын ямар ч оролцоогүй, онцгой эрхт Автноми байсан бол дээр гэж үздэг болохоо Чен И-д илэн далангүй хэлжээ. Түүнийхээр бол Монголын хувь заяа ганцхан Бээжингээс хамаарч байсан бол одоо Петербург, Бээжин хоёртой уягдаж, илүү түвэгтэй болсон ажээ.

Чен И 1919 оны нэгдүгээр сарын 01-нд Цэрэндоржтой дэлгэрэнгүй ярилцсан тайлангаа илгээжээ.

Хоёр сарын өмнө (1918 оны аравдугаар сар орчимд бололтой) Урьд өмнө Гадаад Монгол тусгаар тогтносон нь угтаа Төв засгийн газар ба Гадаад Монгол өөрөө алдаа гаргасны үр дүн юм. Тэр үед Төв засгийн газар анхнаасаа Гадаад монголын автономит эрхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Богд хаан хоёр талын гэрээ хийхийг зөвшөөрч, Орос улсыг мөнөөх хэрэгт оролцуулахгүй байлаа.Тэгвэл ажил хэрэг хоёр талд нэн ашигтайгаар эргэх байв. Гэтэл тухайн үед Төв засгийн газар харьяа бүс нутагтайгаа гэрээ хийхгүй гэж мэдэгдсэн. Иймээс Гадаад Монголын мэдлэг хомс хүмүүс оросуудад итгэж, өөрсдийн эрх ашгаа золионд гаргаснаар харийн хүчээр ДИУ-ыг шахсан билээ. Бид өдий хүртэл тэднээс зүсэн бүрээр хамаарч явнаii

хэмээн халагласан ажгуу.

Чен И мөн өдөр түүнд Автономийг устгах санаагаа Г.Цэрэндоржид нууцлан цухуйлгахад тэрээр маш уриалагхан сонссон байна. Тэрээр бараг л өөрөө Гадаад харилцааг нь тэргүүлж байгаа улсаа татан буулгах асуудлыг баярлах нь холгүй хүлээн авсан нь сонин юм.

Түүгээр ч барахгүй, 1911 оны хувьсгалын талаар маш тоомжиргүй гэмээр дүгнэлттэй явдгаа Чен Лу-д нэг удаа ярьжээ. Түүний үгээр бол, хэрвээ Өвөрмонголчууд ирж тусгаар тогтнох хэрэгтэй гэж ухуулаагүй бол, Чин ван Ханддорж тэр санааг уухайлан дэмжээгүй бол, Сандо-гоос өөр аядуу ухаалаг амбан байсан бол 1911 оны хувьсгал гарч, Богд хаант Монгол Улс байгуулагдахгүй байжээ. Эхний яриа 1916 оны нэгдүгээр сарын 15-ны үдээс хойш болжээ. Бүүр нарийн яривал, Б.Цэрэндорж үдээс хойш гурван цагт Чен Лу-гийнд ирж хууч хөөрөхдөө,

Чингэтэл Өвөр монголоос Хайсан, Удай нар Хүрээнд ирж элдвийн яриа гаргаад, өдөөн хатгалга явуулсанд юун түрүүн Ханддоржийн сэтгэл хөдлөсөн юм…Тэр хүн Монголд ирээгүй баймааж нь монголчууд тусгаар тогтноно чинээн санахгүй… Анх Өвөр монголын Засагт вангийн хошуунд нууц бүлгэм байгуулагдаж, Бөхбаян Хүрээнд ирж зар тараагаад буцсан болой. Ингээд Засагт ван Удайг ятгаж өөрийн талд оруулсан байдаг. Тусгаар тогтнолын үйл хэрэгт Ханддорж ганцаараа татагдаад зогсоогүй. Тухайн үед хан хүнгүй, дээр доргүй учраа олохгүй үймж явсан болой. Бодоод үзэхэд, Бөхбаян, Хайсан хоёр Хүрээн ирээгүй бол ийм хэрэг гарахгүй л байсан болов уу. Яньжи амбан (Сандо-гийн өмнөх амбан) хэвээр үлдсэн бол байдал хэрхэх байсныг бид мэдэхгүйiii гэдгээ нэмж сонирхуулсан аж.

Бээжингийн Монголын тусгаар тогтнолын талаар “өөрийн” дүгнэлттэй, өнөөгийн нөхцөл байдал нь монголчуудыг Бээжинг бараадан дагахаас аргагүй байдалд хүргэж байгааг ойлгосон нэг хүнтэй болоод авлаа. Тэр хүн нь Автономийнхаа Гадаад бодлого хариуцсан сайдыг ч хэлэх үү. Чен И 1919 оны нэгдүгээр сарын 17-нд ээлжит цахилгаанаа шидэж,

Өнөөдөр Гадаад Монголын талд саналаа хүргэлээ. Өчигдөр Цэрэндоржтой энэ талаар нууцаар хэлэлцэхэд тэрбээр гаргасан саналыг маань дэмжсэн болно. Үүнээс гадна Дийлэнх ван гүнгүүд эртнээс нааш ийм санаа агуулах болсон ч хэлж зүрхлэхгүй явлаа. Тиймээс энэ хэрэгт хариуцлага хүлээх хүн үгүй байлааiv

гэж мэдээлсэн байна. Хятадууд энэ байдалд дор нь дүгнэлт хийж

Цэрэндорж дийлэнх ван гүнгүүд эртнээс нааш ийм бодолтой болсон гэж хэлснээрээ лам нарт сэтгэл хангалуун бус явдгаа илчлээд зогсохгүй төвийн санаа бодлыг танджээ. Гадаад Монголын автномит эрхийг лам нараас ван гүнгүүдэд шилжүүлж авах хүсэлтэй яваа нь Шашин төрийг салгах хэрэгтэй гэж хэлснээс тод харагдана гэсэн дүгнэлтийг хийж байсан нь бодитой. Ван гүнгүүд Жавзандамбаас өөр санаа бодол агуулж зүхлэхгүй байгаа нь Өөрийн бодлыг илэрхийлэх зүрхгүй, энэ хэрэгт хариуцлага хүлээх хүн үгүйv гэж хэлснээс илэрхий гэж дүгнэжээ.

Харин Богдын нэр хүнд дээр тулгуурласан Г.Бадамдорж тэргүүтэй лам нарын бүлэглэл нь автономи байдлаа хадгалах нь зүйтэй гэж үзэж байсан бөгөөд Гурван улсын гэрээн дэх “цэрэг үл байрлуулах”, “Хятадын засаг захиргааг үл байгуулах” заалтууд нь Монголыг Хятадын түрэлт, улаантан, цагаантан, нармай Монголын цэргийн халдлагаас хамгаалах олон улсын эрх зүйн хамгаалалт болно гэж үзэж байв. Зөвхөн лам нар ч биш маш олон ноёд Нармай Монголыг үл сайшаан Бүх монгол овогтныг нэгтгэх гэсэн самуун этгээдийн саналыг үл зөвшөөрөн, Гурван этгээдийн гэрээг сахихыг хүснэvi гэдгээ илэрхийлж байсан нь ийм учиртай.

Цэрэндорж нь улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгд-сэнээсээ болоод автономио устгахаар шийдсэн ван, гүнгүүдийн даалгавраар Чен И-тэй нууцаар харилцаад гаргасан шийдвэрийнхээ байдлыг Богдод танилцуулсан бололтой. Гэхдээ, автономийг устгахад чиглэсэн алхмуудаа хийхийн өмнө биш, харин хийснийхээ дараа Хаандаа мэдээлэх замаар харилцаж байсан бололтой. Гэхдээ Ерөнхий сайд Г.Бадамдоржийг эс хэрэгсэн “алгасах” байдлыг нэг биш удаа гаргасан шиг байна.

Хувьсгалт түүхнээ, Чен И-тэй хуйвалдан автномио устгасан байдлаар хараагдаж ирсэн Г.Бадамдорж харин ч эсрэгээрээ байв. Учир нь, Цэрэндоожтой ойр дөт байсан Чен И Монголын төрд лам нарын бүлэглэлийг нөлөөтэй болсонд сэтгэл дундуур байсан юм. Тэрээр, ван гүнгүүдтэй Цэрэндоржоор дамжуулан харилцахдаа лам нарыг буюу тодорхой утгаараа Г.Бадамдоржийг засгийн эрхээс холдуулах бодлого баримталж байв.

Тэрээр Монголын автономийг буулгах асуудлаар Цэрэндоржийг анх тандан үзэхдээ, лам нарыг засгийн эрхээс холдуулан Автономийг хадгалах бодолтой байсан билээ. Гэтэл ван гүнгүүд лам нараасаа л салж байвал автномио устгахыг юман чинээн санахгүй байгааг олж хараад бодлоо өөрчилсөн, ийм л юм болсон билээ.

“Нью-Йорк таймс” сонины 1919 оны аравдугаар сарын 31-ний дугаарт Ассошиэтэд Прэсс агентлагийн Бээжингээс дамжуулсан “Автономиосоо залхсан монголчууд Хятадаас өөрсдийг нь эргүүлэн авч ван гүнгүүдэд цалин өгөхийг хүсжээ” гэсэн гарчигтай мэдээг нийтэлсэн байв.

Бээжин, аравдугаар сарын 24. Ар Монголын нийслэл Өргөө хот дахь Хятадын элчин сайд Чэн И-гээс Хятадын засгийн газарт Монгол удирдах бүлгийн тэргүүн нарын өргөх бичгийн талаар шуурхай мэдээ ирүүлжээ. Өргөх бичигт хэдэн жилийн өмнө монголчууд буруу явуулгад хууртагдан автономи зарласан бөгөөд тэр цагаас хойш Оросуудад дээрэлхүүлж буй талаар дурджээ. Тэд Хятадын засгийн газраас тусгайлан сайхан ханддаг Өвөр Монголын ван, гүнгүүд, удирдагч нарт атаархаж байгаа гэнэ. Өөртөө засах эрхийг цуцлан, далбаан дороо дахин авахыг Хятадын засгийн газраас хүсч буйгаа энэхүү бичигт илэрхийлжээ. Түүнчлэн Өргөөгийн засгийн газар Орос улстай хийсэн зээлийг барагдуулж, ван гүнгүүд болон удирдагч нарт төв засгийн газраас цалин, тэтгэмж олгохыг хүссэн байна. Засгийн газар тээнэгэлзэж цаг алдах аваас, дахин ийм боломж гарахгүй тул өргөх бичгийг хүлээн авна уу хэмээн Чэн-И зөвлөсний дагуу засгийн газраас уг саналыг зөвшөөрөн, цалин тэтгэмжинд 800,000 доллар төсөвлөн өгөхөө амлан хариу цахилгаан илгээв

гэснээс харахад Монголын ноёд нь улсынхаа автономийг цалингаар арилжих болсныг дэлхий нийт мэдээд авчээ. Шившиг гэх нь ч хаашаа, биш гэх нь ч хаашаа.

Үүнээс ч өмнө, улаантнуудын самуун намын болон атмаан Семёновын “Нармай Монгол”-ын халдлагаас хэрхэн хамгаалах асуудлыг хэлэлцэх учиртай 1919 оны Хүрээний чуулган болоогүй байхад Б.Цэрэндорж нар санаачлан Ерөнхий сайдаа алгасаад “Автономио татан буулгах” асуудлыг Чен И-тэй хэлэлцэж эхэлсэн нь Бадамдоржийн дургүйг хүргэсэн бололтой.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ эс хэрэгсээд, улсынхаа автономи засгийг татан буулгаж Хятадын ерийн нэгэн муж болгох, бас түүний намыг засгийн эрхээс зайлуулах асуудлыг гадаадын төлөөлөгчтэй хуйвалдан хэлэлцэх нь ямарч Ерөнхий сайдын хувьд үл тэвчих явуулга юм. Энэ утгаараа Автономийг татан буулгах нь ерөнхий сайд Бадамдоржийн ч, түүний төлөөлдөг лам-сэхээтний давхаргын ч ашиг сонирхолд харш байлаа.

Хэдийгээр Чен И-тэй хэлэлцэн гэрээ байгуулж, улсаа худалдсан хэрэгт хожим гүтгэгдсэн ч “64 зүйлт” гэгдэх алдарт гэрээний саналыг (бүтэн нэр нь Гадаад Монголын автономит засгийг цуцалсны хойно төв засгийн газраас гадаад монголд хэрхэн хандах, жич хойчийг сайжруулах бичиг ажгуу.) Г.Бадамдорж чадах ядахаараа эсэргүүцсэн төдийгүй хэзээ ч эцэслэн дэмжээгүй байдаг. Алдарт Сю Шүжан ирж асуудлыг цэргийн хүчээр шийдэхээс өмнөхөн Чен И Гадаад Монголын ван гүнгүүд автономитыг цуцлах тухай хүсэлт бэлэн болсныг дурдаад, чин ван лам Бадамдорж, Эрдэнэ Шанзодба, Да лам нарын тухайд чуулганы үеэр санал нэгдсэн ч хожим санаагаа өөрчилсөн тул тэнд гарын үсэг зураагүйvii тухай мэдээлж байв.

1919 онд Монголын автономийг цэрэг зэвсгийн хүчээр дарамтлан унагасны дараа Г.Бадамдоржид ч ямар нэгэн шагнал ногдсонгүй. Хожим хувьсгалт түүхнээ түүнийг асар их мөнгөөр улсаа худалдсан байдлаар гөрдсөн болохоос биш тухайн үеийнхэн түүний юу ч үгүй хоосон хоцорсныг мэдэж л байлаа. Тусгаар тогтнолын хэрэгт зүтгэсэн амьд гэрчүүд хүртэл …эл шагналын дотор Бадамдоржийн нэр орсонгүй нь тэр Чен И лүгээ тал нүүр үгүйгийн дээр тэдгээр Чен И лүгээ сүлбэлдэж байсан ноёд цөм Ба-д дургүй тул Чен И-д муулснаас болсон мэтviii гэдгийг сануулан үлдээжээ.

Тэрээр өөрийн тэргүүлдэг автономит засгаа эцсээ хүртэл амиараа дэнчин тавин хамгаалж байлаа. Ерөнхий сайд Г.Бадамдорж эхэндээ Монголынхоо автономи байдлыг амиараа хамгаалахаа илэрхийлэн Сю Шүжаны тулгалтыг эсэргүүцсэн байдаг. 1919 оны арваннэгдүгээр сарын 17-нд Чен И төвдөө цахилгаан бичиж, Сю Шүжан автономийг хүчээр татан буулгахыг тулгаж харин Г.Бадамдорж хэрхэн эсэргүүцсэнийг тодорхойлон бичихдээ

Өнгөрсөн орой Сю Шүжан дур мэдэн найман зүйл гэрээ боловсруулаад цэргийн дарга нараа дагуулан Бадамдоржийн өргөөнд очиж гарын үсэг зурахыг шаарджээ. Да лам үүнд балмагдсан хэдий ч амиа алдлаа ч гарын үсэг зурж хүлээн авахгүй хэмээсэнix тухай мэдээлжээ.

Гэвч Сю Шүжан хугацаа заан цэрэг жагсааж, Бадамдоржийн төдийгүй Богд хааныг баривчлан Бээжин хүргүүлнэ хэмээн заналхийлсэн тул гарцгүй болсон ерөнхий сайд тулган шаардсан бичигт гарын үсэг зурсан гэдгийг бид мэдэх билээ.

Categories
мэдээ улс-төр

Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.04.10) хуралдаан 14 цаг 31 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэмэлт протоколыг соёрхон батлах хуулийн төслийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Дэлхийн шуудан холбоо (ДШХ) нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 орон гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд манай улс 1963 онд бүрэн эрхт гишүүнээр элссэн аж.

ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал 4 жил тутамд хуралдаж холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг агаад уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.

Монгол Улс анх 1964 онд Австрийн Вена хотноо болсон их хурлаас хэлэлцэн баталсан ДШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар 2003 онд уг дүрмийн 3, 4, 5, 6 дугаар нэмэлт протоколыг, 2006 онд 7 дугаар нэмэлт протоколыг, 2011 онд 8 дугаар нэмэлт протоколыг Улсын Их Хурлаас тус тус соёрхон баталсан байна.

ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт” төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, А.Ундраа нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулж гишүүдээс санал гарсангүй. Иймээс Дэлхийн шуудан холбооны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө

Дараа нь “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийгзөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хэлэлцээрийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.

Монгол Улс 1995 онд анх чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, 2002 онд Улсын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан бол 2015 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгг ’”Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж хуульчилжээ.

Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосны зэрэгцээ Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож, орон тоог баталсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж. гадаад. дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдаад Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан. Өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөг, 58.8 сая ам. долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажлууд хийгдээд байгаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд хүргэх”, 2019 оны үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 80 хувьд хүргэх” зорилтууд тусгагдсан.

Энэ үндсэн дээр Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох, үндсэн чиглэлүүдэд дэвшүүлсэн бүсийн зорилтыг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулах асуудал чухал бөгөөд энэ чиглэлд талууд анхаарч, тодорхой алхмууд хийгдэж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулж, 2016 оны 5 дугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэдгийг онцоллоо.

Дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 16 дугаар захирамжаар Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж ажиллуулжээ. Уг ажлын хэсэг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчны угтвар нөхцөл бий болсон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр “Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хоёр улсын яамдын хооронд байгуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 онд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулж, төслийг хэд хэдэн удаа Засгийн газрын түвшинд хэлэлцжээ.

Хятадын тал 2019 оны 2 дугаар сард манай Засгийн газраас хүргүүлсэн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, тодорхой санал ирүүлснийг Ажлын хэсэг дахин боловсруулж, холбогдох яамдын санал авч, төсөлд тусган 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хятадын талтай ойлголцлын зөрүүтэй зарим асуудлаар хэлэлцээ хийж, харилцан тохиролцохыг даалгасны дагуу хоёр талын Ажлын хэсэг энэ оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Бээжин хотноо хэлэлцээ хийсэн байна. Энэхүү уулзалтаар хоёр талын Ажлын хэсгүүд ойлголцлын зөрүүтэй болон тодорхой бус байсан зарим асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, хэлэлцээрийн төслийг үзэглэснийг Засгийн газар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ.

Энэхүү хэлэлцээрийн төсөл Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор дэмжигдсэн тохиолдолд энэ оны 4 дүгээр сарын сүүлчээр төлөвлөгдөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурах боломжтой. Мөн энэ хэлэлцээр нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр болон БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын уялдааг хангах, харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзэж, ихээхэн ач холбогдол өгч буйг Шадар сайд илтгэлдээ онцоллоо.

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл нь 7 бүлэг, 24 зүйлтэй. Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгааг хууль санаачлагч дурдаж байв.

Мөн уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбодуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Х.Баделхан, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс аль тэртээ 1995 онд эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, улмаар энэ тухай хууль баталж шинэчлэн багагүй хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч хэлэлцээр байгуулах ажил удаан явагдаж, санамж бичиг байгуулах төдийгөөр хязгаарлагдаж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудалд тодорхой ахиц дэвшил гарч, хоёр талын Ажлын хэсгүүд идэвхтэй хамтран ажилласнаар хэлэлцээрийг үзэглээд байна.

Манай улс анх удаа хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа учраас энэ ажлыг анхнаас нь зөв эхлүүлэх нь чухал гэж үзэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ үүднээс 2019 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгасан, цаашдаа жил жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгагдаад явна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тодорхой асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа. Хэлэлцээр байгуулагдсанаар хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжих эрх зүйн боломж бүрдэнэ. Бүсийн ерөнхий төлөвлөлтийг эцэслэн гаргана. Цаашдаа бүсийн үйл ажиллагаа худалдаа-үйлдвэрлэл-аялал жуулчлал гэсэн үе шаттайгаар хэрэгжээд явна гэдгийг тодотголоо. Мөн гишүүдийн асуултад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн болон Шадар сайдын ажлын албаны зөвлөхүүд, гааль, татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар, тодруулга өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Боловсролын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

Categories
мэдээ цаг-үе

Омотэнаши ба тосгоны гэр бүл

Магадгүй япончуудыг зочломтгой, эелдэг найрсаг ард түмэн гэдгийг та нэг биш удаа дуулж, мэдэрсэн болов уу. Энэ нь тэдний “Омотэнаши” гэх соёлтой салшгүй холбоотой болохыг “Jenesys 2018” хөтөлбөрийн хүрээнд тус оронд зочлохдоо мэдэрч явлаа. Учир нь аяллын эхний өдөр Японы “Омотэнаши” холбооноос биднийг хүлээн авч уулзаж, уг соёлынхоо талаар танилцуулсан юм.

Омотэнаши гэдэг нь орчуулагдахгүй үг боловч бүх сэтгэлээ таньд зориулъя гэх утгыг илэрхийлнэ. Сэтгэлээ дэвсэн бусдад чадах бүхнээ зориулах дадлыг омотэнаши соёл япончуудад бий болгожээ. Мэдээжийн хийх ёстой зүйлийг өшөө илүү давж биелүүлэхийг, хийж бүтээж буй зүйлээрээ хүнд тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг омотэнаши гэнэ. Хэрэв та үйлчилгээний газар ажиллуулдаг бол зочин тус бүрийн хэрэгцээнд нь зориулсан үйлчилгээг маш эелдэгээр, нягт нямбай хүргэхийг хэлж байгаа юм. Омотэнаши хийхийн тулд орж ирсэн үйлчлүүлэгчээ сайтар анзаарч ажиглаж, мэдрэх хэрэгтэй. Улмаар ажигласан зүйлээ үйлдлээр дамжуулах ёстой. Тухайлбал, ядарч, халууцсан хөгшин настай хүн ороод ирвэл час халуун, эсвэл цэв хүйтэн цай хийгээд өгчихөж болохгүй. Амны цангааг нь тайлахаар ихээхэн хэмжээтэй бүлээн уух юм өгвөл зөв болох нь. Үүнийг уг соёлд “Нүд, сэтгэл, гар” буюу “Харах, бодох, гараа сунгах” гэж хэлдэг байна. Энэ нь зөвхөн үйлчлэх соёлоос гадна япончуудын өдөр тутмын амьдралдаа мөрдөх зарчим, ёс суртахууны хэм хэмжээ нь болдог гэж болно. Тэд бүхий л ажилдаа чин сэтгэлээсээ, өөриймсөг хандаж, аливааг давуулан биелүүлэхийг хичээдэг. Энэ хэрээрээ тэд өөрсдөдөө сэтгэл ханамжийг бий болгож чаддаг байна. Омотэнаши гэх соёлын талаар мэдэж авснаар япончуудын элэгсэг найрсаг, хөдөлмөрч зан чанар болоод улс орных нь богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн шалтгааныг олчихсон гэхэд хилсдэхгүй болов уу. Тэд энэхүү соёлоо өдөр тутмын амьдралдаа ягштал биелүүлж байна. Биелүүлэх ёстой гэж тээршаан бодох бус угаасаа л ийм байдаг гэх үзлээр хандаж байна. Ийм байхад тэдний гараас нь гарсан ажил бүхэн нь үр дүнтэй, үйлчилгээ бүр нь хүний сэтгэлд хүрэхээс өөр яах билээ.

Омотэнаши гэх үг дэлхийн сонорт хүрч эхэлсэн нь Япон улсад болох 2020 оны олимптой салшгүй холбоотой. Учир нь омотэнаши соёл нь япончуудад олимп зохион байгуулах эрхийг авчирсан юм. Энэхүү соёлынхоо талаар илтгэл тавьсан нь эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг их наран улсад авчирчээ. Омотэнаши нь дэлхий дахинд саяхан танил болсон боловч япончуудад эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн соёл юм. Омотэнашиг цайны ёслолоос үүдэлтэй соёл гэж үздэг. Уг соёлын баримтлал нь японы цайны ёслолд нэвт шингээстэй байдаг. Амьдралд ганц л тохиох завшаан гэж бодон бусадтай үнэн сэтгэлээсээ харилцахыг цайны ёслол илэрхийлдэг. Тэд “Нэг удаагийн уулзалт 1000 жилийн нөхөрлөл” хэмээн бодож сэтгэл зүрхээ зориулан бэлтгэсэн цайгаа зочиндоо барьдаг байна. Дашрамд дурдахад, Японы цайны ёслол нийтдээ дөрвөн цаг үргэлжилдэг гэсэн.

ТОСГОНЫ ЭГЭЛ ЖИРИЙН ЯПОН ГЭР
БҮЛД ЗОЧИЛСОН НЬ

Ийнхүү бид Кюшю арлын Күмамото мужийг зорив. Күмамотогийн онгоцны буудлаас автобусаар хоёр цаг явж Минами Асо тосгонд ирлээ. “Jenesys-2018” хөтөлбөрт хамрагдсан 91 хүнийг гурван группт хуваасан юм. Тэдний 42 нь нэгдүгээр группт багтан тус тосгонд ирсэн нь энэ. Бидний найм нь сэтгүүлч, бусад нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байв. Хөтөлбөрийн дагуу бид хуваагдан япон айлд зочлох юм. “Зочлох гэхээсээ илүү тэрхүү гэр бүлийн нэгэн гишүүн нь болох юм шүү. Тухайн айлын эздийг аав, ээж гэж дуудаж ч болно” хэмээн хөтөч, орчуулагч Б.Болормаа хэлж байлаа. Мөн тэрээр “Минами Асо тосгон нь Асо гэх галт уултай. Газар хөдлөлт их, бага хэмжээгээр мэдэгддэг. Та бүгдэд ч мэдрэгдэх байх. Хэрэв хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд гэрийн эздийнхээ зөвлөгөөг дагаарай” гэж байв. Таван уулаар хүрээлэгдсэн уг тосгоныг тойроход 120 км байдаг аж. Өнөөх Асо уулыг холоос харахад цагаан утаа хаялан байв. Өмнө нь галт уулыг ийм ойроос хараагүй бидэнд сүрдмээр ч юм шиг. Асо уул нь 2016 онд дэлбэрч нэг км орчим газарт халуун лаав цацагдаж, ойролцоох суурьшлын бүсэд их хэмжээний үнс, нурам унаж байжээ.

Минами Асо тосгонд ирэхэд нутгийн иргэд халуун дулаанаар угтан авлаа. Тосгоны дарга биднийг хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, айлд байх үед ямар нэгэн асуудал гарвал дариу мэдэгдэхийг хүслээ. Хоёр сэтгүүлч, хоёр сурагчийн хамтаар миний бие Ямабэ гэх айлд хувиарлагдсан юм. Ерөнхий боловсролын хоёр сурагч маань япон хэлний дугуйланд суралцаж, чамгүй эзэмшжээ. Ямартаа ч бид Ямабэ болон түүний гэрийнхэнтэй ойлголцож, өөрсдийгөө танилцуулаад амжсан юм. Гэрийн эзэгтэй бидний цүнхийг ачсаар портер машинаа хөлөглөөд яваад өгөх нь тэр. Араас нь бид Ямабэ гуайн машинд суун гэр рүү нь явав. Тэд хоёр давхар тохилог байшиндаа гурван зээ, хүргэнийхээ хамтаар амьдардаг. Биднийг очих үед хоёр зээ охин нь хичээлтэй байв. Харин зээ хүү нь хотдоо их сургуульд сувилагчаар сурдаг гэсэн. Ямабэ гуайнх хүү, охин хоёртой. Хүүгийнх өөр хотод амьдардаг байна. Харин охин нь хүнд өвчний улмаас нас баржээ.

Ямабэ гуай, түүний эхнэр хоёр энэ нутгийн л хүмүүс. Насаараа ч энэ нутагтаа амьдарч буй нь энэ. Тэд байшингийн урд байрлах хүлэмждээ будаа, нэрс, хятад байцаа тарьдаг. Мөн үхэр тэжээдэг бөгөөд тугалаа зарж борлуулдаг. Минами Асо тосгон газар тариалан төдийгүй үхэр, адууныхаа махаар их алдартай. Тэр дундаа адууны махны амтаараа алдартай гэсэн. Мал аж ахуй их хөгжсөн учир ойр орчмын уулынхаа өвсийг тэр чигт нь шатаадаг аж. Уулнууд л түймэрт автсан мэт харагдаж байсны учрыг бид ийн ойлгосон юм. “Удахгүй уулын өвсийг шатаана. Би ч гэсэн тэр ажилд оролцох болно. Уулын өвсийг шатаах нь элдэв шавьж ихэсч мал, амьтанд нөлөөлхөөс сэргийлдэг. Мөн шинээр ургасан өвс нь шим сайтай байдаг” хэмээн Ямабэ гуай хэлж байлаа. Минами Асо тосгон уул нурууд ихтэйгээс гадна ус ихтэй. Тиймдээ ч сэрүүхэн өдөр нь их жиндүү, зэвэргэн байдаг юм билээ. Ямабэ гуайнх хоолны ширээн дороо цахилгаан халаагууртай. Ширээн доогуур хөлөө жийн суухад тун чиг дулаахан. Сэрүүхэн өдөр байсан тул бид халуун хоолны ширээний хажуугаас холдолгүй хууч хөөрцгөөсөн юм. Ямабэ гуайгаас бид Монголын талаар юу мэддэг талаар асуухад “Монголыг уудам ногоон талаар төсөөлдөг. Морин хуур хөгжмийн тухай мэднэ. Од тод гардаг гэдгээрээ Монгол алдартай. Монголын сумочдыг мэдэхгүй япон хүн гэж байхгүй” гэж байв. Японы ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурах бичигт морин хуур гардаг байна. Тиймээс морин хуурын талаар мэддэгүй япон хүн цөөхөн байдаг гэсэн. Уг тосгон нь далайн түвшнээс өндрөөрөө Монголтой адилхан гэнэ. Тиймдээ ч өмнө нь 30 см хэртэй цас унадаг байж. Одоо дэлхийн дулааралтай холбоотойгоор шувууны мөр төдий л цас ордог болжээ. Цэвдэг хайлж, их ус орж ирэх аюул тулгараад буй нь энэ нутгийнхны нэгэн санаа зовоосон асуудал болоод байгаа аж. Галт уултай учир тус тосгон онсен буюу халуун рашаанаараа алдартай. Тиймдээ ч бид Ямабэ гуайн зөвлөснөөр ойролцоох нийтийн халуун рашаанд ороод амжсан. Биднийг гэрт ирэхэд тэдний зээ охид иржээ. Усны дусал шиг адилхан охид бидэнтэй мэндлээд эмээдээ оройн хоол бэлдэхэд нь тусалж байв. Монгол хүмүүс ирсэн учраас ч тэр үү мах их хоол бэлджээ.

Зээ охид ч сурах бичгээс морин хуур, мөн телевизээр монгол дээл, малгай харж байсан гэв. Бид гэрийн эздэд зэхэж очсон гарын бэлгээ өглөө. Дөрвөн бэрх, эсгийгээр хийсэн тэмээ зэрэг зүйлс тэдэнд их сонирхолтой санагдаж байгаа нь илт байв. Охид дөрвөн бэрхийг хурдан гэгч нь сурч, өвөө, эмээдээ зааж байлаа. Том зээ охин цэцэрлэгийн багш болох мөрөөдөлтэй бол дүү нь ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй байна хэмээн ичингүйрэх нь тэр. Эгчдээ эрхэлж, толгой руу нь тоншиж байгаа нь ч харагдав. Ямабэ гуай эхнэрийн хамт гал тогооныхоо өрөөний өндөр ширээн дээр аяар аяархан ярилцан суух аж. Охид бидэнд цаасан шувуу хийхийг зааж өгч, зааснаар нь зөв хийхэд ихэд баярлаж байсан. Охид ухаалаг утсаа нөгөө өрөөнөөс гаргаж ирэн бидэнтэй зургаа даруулсан юм. Тэдний аав сошиал сүлжээ ашиглахыг одоогоор зөвшөөрөөгүй байгаа гэсэн. Ямабэ гуайн хүргэн гал сөнөөгч. Түүний нисдэг тэрэгний өмнө гал сөнөөгчийнхөө хувцастай авахуулсан зураг хананд өлгөөтэй харагдана. Тэрээр оройн 21:00 цагийн үед гэртээ ирлээ. Бага охин нь аавдаа эрхлэнгүй тэвэрч, хоолоо идээрэй хэмээн хэлж байлаа. Охид дээд давхартаа аавынхаа хамт байдаг аж. Харин бид зочны өрөөнд нь амарсан юм. Тэрхүү өрөөний хойморт бурхан, тахил өрөөстэй, бурхан болоочдынх нь зураг өлгөөстэй үзэгдэнэ. Үүд хэсэгт хөнжил, гудас хураалгаастай байлаа.

Бид 08:00 цаг гэхэд өглөөний цайгаа уучихаад тус тосгоны онцгой сонин газруудыг үзэж сонирхохоор хөдөллөө. 2000 жилийн настай модны томоос том үндсийг цэвэрлэн янзалж, сүмийнхээ хажууд нандигнан залжээ. Мөн л 2000 жилийн тэртээх жижигхэн агуйг үзэж сонирхов. Агуйн эзэн өнөөг хүртэл ирсээр байдаг хэмээн тосгоныхон итгэдэг, сүсэлдэг байна. Сүм өөд өгсөхөд байх ханын самбарт нутгийн идэвх, санаачилгатай иргэдийн зургийг зуран байршуулжээ. Түүн дотороос Ямабэ гуай өөрийн зургаа үзүүлсэн юм. Түүний хувьд манайхаар бол ИТХ-д нэр дэвшиж ч явсан, нийгмийн идэвх сайтай нэгэн ажээ. Өдгөө 75 настай ч тэрээр хөнгөн шингэн. Ямар сайндаа ч өвс шатаах ажилд гар бие оролцоно хэмээн ярьж суухав. Бидний явах цаг дөхсөн учир бид эргээд Ямабэ гуайнд ирлээ. Мөн л гэрийн эзэгтэй бидний ачааг портертоо ачсаар, бид Ямабэ гуайн машинд сууснаар тэднийхээс хөдлөв. Хөгжлийн түүчээ болсон энэ оронд ирээд тосгоны эгэл жирийн нэгэн гэр бүлийнд зочилсондоо бид ч тун олзуурхаж байлаа. Биднийг очиход группийн бусад гишүүд зочилсон гэрийн эздийнхээ хамтаар иржээ. Автобус хөдлөх үед Ямабэ гуай “Эх орондоо очоод улам их хичээж сайхан амьдраарай. Хамгийн гол нь гэр бүлтэй болоорой. Амжилттай сайн явж, өнөр өтгөн болоод буцаад ирээрэй. Аав, ээжийгээ нандигнаж яваарай” гээд нулимсаа арчиж байлаа. Япончууд ирсэн гийчдээ машинтайгаа хөдлөөд бараа тасартал нь даллан үдэж өгдөг юм билээ. Биднийг автобусан дотроос олж харангуутаа ихэд баярлан гараа даллан зогсох тэр хоёр буурайн дүр төрх одоо ч санаанд тодхон. Хамгийн эхэнд дурдсан Японы омотэнаши соёлыг тосгоны энэ гэр бүлээс ч олж харсан юм. Бусдад чин сэтгэлээсээ хандах, хүндлэх, хүн бүрийг ойлгож мэдрэх тэр соёлыг зөвхөн үйлчилгээний газрууд л мэдрүүлдэг гэх ойлголтыг энэ жишээ үгүйсгэсэн. Тиймдээ ч тэд нэг л сайхан дулаахан орон зайг сэтгэлд үлдээжээ.

САНО НОРИМАСА: ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХ ҮЕД БИД
АГААРТ 20 ГАРУЙ СМ ХӨӨРСӨН

Бид нэгэн өдрийг өнгөрүүлсэн Минами Асо тосгоноосоо Күмамото мужийг зорьсон юм. Бид гурван жилийн өмнө Күмамотод болсон газар хөдлөлтийн хор уршигийг нүдээр үзэхээр яваа нь энэ. Газар хөдлөлт идэвхтэй бус учир тэд хэзээ ч 7.3 баллын хүчтэй хөдлөлт болно гэж төсөөлөө ч үгүй явжээ. Гэсэн ч 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 21-ний хооронд болсон газар хөдлөлтөөр 49 хүн нас барж, 1100 иргэн бэртэн, 8416 байшин нурсан харамсалтай явдал болжээ. Газар хөдлөлт шөнө болсон тул хохирол бага учирсан нь энэ гэнэ. Гэсэн ч Күмамоточууд бүхнийг урьдын хэвэнд нь оруулахын төлөө өнөөдрийг хүртэл хичээж байна.

Газар хөдлөлтийн голомтод очиход 200 метр гүүр нуран унаж, цаана харагдах уул голын энгэр хэсгээсээ нуран орж иржээ. Гүүрний наад хэсгийг торлож хүн оруулахааргүй болгожээ. Тухайн үед тэрхүү гүүрэн дээр машинтайгаа явж байсан 20 настай залуу унаж нас баржээ. Газар хөдлөлтийн дараа түүний эцэг, эх хоёр нь өдөр бүр ирж, эвдэрч нурсан гүүрийг харан гуниглан зогсдог байжээ. Тэр хүнд хэцүү үе нутгийн иргэдийн сэтгэлд одоо ч мартагдаагүй хэвээр байдаг гэсэн. Хүүгийн цогцсыг дөрвөн сарын дараа зайдуу байх голоос олсон байна. Нутгийн иргэн Сано Норимаса гуай “Тэр өдөр би эхнэр, хоёр ачтайгаа хамт байшингийнхаа нэг давхарт унтаж байсан. Газар хөдлөлт болох үед бид агаарт 20 гаруй см гаруй хөөрсөн юм. Цонхтой ойр унтаж байсан хүмүүс байшингийнхаа цонхоор ч шидэгдсэн байна билээ. Бид тайван байх ёстой гэдгээ л мэдэж байв. Чичирхийлэл багасах үед арай аюул багатай болов уу гэж бодон автомашиндаа суусан” гэж байлаа. Хүн амьдарч буй хэсэгт болсон сүйрлийг тогтоосон боловч бусад газар хэрхэн сүйдсэнийг одоо ч бүрэн тогтоож дуусаагүй байгаа аж. Ямартаа ч өдөр бүр дрон нисгэн хайсаар байгаа гэсэн. Биднийг очихоос хэдхэн өдрийн өмнө ч хөрсний гулгалт болсон газар шинээр бүртгэгддэг” гэв.

Түүнчлэн газар хөдлөлтийн үеэр Күмамотогийн амин сүнс болсон есөн км төмөр зам нь сүйджээ. Үүнийг засахад 70 сая ам.доллар шаардлагатай гэсэн. “Накамацү” өртөөнд очиход төмөр зам сүйдсэнтэй холбоотойгоор ихэнх ажилчид нь ажлаасаа гарчээ. Хэдий тийм ч төмөр замын ахмад хол замыг туулан ажилдаа ирж, бүх ажлыг нугалж байгаа хэмээн ярьсан юм. Тэрээр “Бүх зүйл хэвэндээ орох сайхан өдрийг хүртэл ганцаараа ч хамаагүй ажиллах болно. Бид хандив цуглуулахын тулд бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэн зарж байгаа. Төмөр зам байхгүйгээс хүмүүс ажилдаа, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахад хүндрэлтэй болсон. Тиймээс төмөр замаа засах нь бидний хүсэн хүлээсэн зүйл болоод байна” гэв. Тэрээр өөрийн машинаараа хол зам туулан ажилдаа ирж, өмнөхөөсөө ч бага цалингаар олон хүний ажлыг зэрэг амжуулдаг ч энэ бүхэнд үл төвөгшөөн төмөр замаа ашиглалтад орохыг л хүлээж байгаа аж. Энэ нь өнөөх омотэнаши гэх соёл япон хүний яс маханд шингээстэй байдгийг харуулж байсан юм. Тэр өөрийнхөө бус бусдын сайн сайхны төлөө үнэнчээр цаг тутам хөдөлмөрлөж байгаа нь олзуурхам санагдсан. Мөн монголчууд бид огтхон ч зовлон үзээгүй, ямар их аз жаргалтай ард түмэн бэ гэх бодол өөрийн эрхгүй бодогдож байлаа.

Categories
мэдээ цаг-үе

М.Алтангэрэл: Шөнийн цэнгээний газарт хоорондоо зодолдох гэж байсан залуусын хажуугаас “Нэг хором” гэж хэлээд эвлэрүүлсэн байна лээ

Цагдаагийн ерөнхий газар өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаатай Нэг хором аяныг өрнүүлсэн билээ. Сарын хугацаанд өрнүүлсэн аян үр дүнгээ өгч уураа тэвчээгүйгээс болж бусдын биед халдаж, гэмтэл учруулсан гэмт хэрэг 20 орчим хувиар буурсан байна. Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын харьяа Хэрэг бүртгэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Нэг хором аяныг улс орон даяар өрнүүлэх болсон гол шалтгаан юу вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт зааснаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Энэ гэмт хэргийг судалж үзэхэд сүүлийн таван жилийн судалгаагаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж байсан. Харин 54 хувийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь тодорхой болсон. Энэ төрлийн гэмт хэргийг 18-39 насны залуучууд үйлддэг. 2018 оны статистик мэдээгээр энэ төрлийн гэмт хэргийн 88.6 хувийг “Бусдын биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг эзэлж, цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргалдан зодолдох, уур бухимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байгаа нь тогтоогдсон. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан орон нутгийн цагдаагийн газартай хамтран энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр гардаг гуравдугаар сарыг сонгож гуравдугаар сарын 01 -ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл улсын хэмжээнд “Нэг хором” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын дунд хууль, эрх зүйн мэдлэг сорих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг санал, санаачилга нэвтрүүлэх зорилгоор “Хуульч ажиллагаа” тэмцээнийг 2019 оны хоёрдугаар сарын 20- нд гурван үе шаттайгаар зохион байгуулж, тэргүүн байрт шалгарсан багийн дэвшүүлсэн санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилласан.

-Ямар ямар тодорхой ажлуудыг аяны хүрээнд хийсэн бэ?

– Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нэг хором” аяны хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, веб сайт, цахим хуудсанд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулдаг гэмт хэргийн шалтгаан нөхцөл хариуцлагын талаар шат дараалсан тодорхой ажлуудыг байршуулсан байгаа. UB Раlасе” концертын их танхимд өнгөрсөн сарын 05-ны өдөр Хууль сахиулах их сургууль, МУИС, ХААИС, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дөрвөн мянга гаруй оюутан залуусыг хамруулсан “Ухаалаг залуус-Амьдрал аварна” сэдэвт уулзалт ярилцлагыг хийсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, ардын жүжигчин Н.Сувд, “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Оюунболд, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү нарын нэр алдар бүхий хүмүүс оролцож залууст зориулан лекц уншсан байгаа. Мөн Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Скаутын Холбоотой хамтран өсвөр насны 3500 гаруй хүүхдэд дээрх аяныг үргэлжлүүлэн хүргэсэн. Тус аяны хүрээнд цагдаагийн 42 байгууллагын 9906 алба хаагч, Төрийн 667 байгууллага, төрийн бус 258 байгууллага, аж ахуйн нэгж байгууллага 2458-ыг хамруулж, 936 сургалт, 72 зөвлөгөөн, 33 өдөрлөг, 49 тэмцээнийг Их дээд, ерөнхий боловсролын сургууль, Монголын мотоциклчидын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын оюутны холбоо, сагсан бөмбөгийн холбоо, хөлбөмбөгийн холбоотой хамтран ажилласан. Иргэд олон нийтэд хүргэх зорилгоор богино хэмжээний 45 видео шторк, 15 анимейшин, хоёр дуу хийсэн. Хүний биед халдахгүй, уур бухимдлаа нэг хором тэвчих, “Ухаалаг залуус-Амьдрал аварна” зурагт хуудас зэргийг тараасан.

-Нэг хором аян хэр үр дүнд хүрсэн гэж бодож байна вэ. Залуус нэг хормын уураа тэвчих талаар ойлголт авсан уу. Энэ аяныг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарсан бэ?

-“Нэг хором” аяны хүрээнд улсын хэмжээнд 3024 аж ахуйн нэгж байгууллага шалгаснаас 232 зөрчлийг илрүүлж 171 байгууллагад хуульд зааснаар хариуцлага тооцсон. Нэг сарын хугацаанд өрнүүлсэн аян үр дүнгээ өгсөн гэдгийг хэлмээр байна. Хүүхэд, залуус энэ төрлийн мэдээлэлтэй болсон. Уур бухимдлаа тэвчихгүй бол дараа нь гарах сөрөг үр дагаврыг сайн ойлгож ухаардаг болсон байна. 2019 оны гуравдугаар сард уур тэвчилгүй бусдын биед халдсан 768 бүртгэгдсэн байна лээ. Үүнийг өмнөх оны гуравдугаар сартай харьцуулхад 168 гэмт хэргээр буюу 18 хувиар буурсан эерэг үзүүлэлт харагдаж байна. Аяныг хэрэгжүүлснээр иргэн бүрийн ухамсар, биеэ барих чадварт тодорхой нөлөөлсөн нь мэдрэгдэж байна. Бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлага идэвхижсэн байгаа юм. Жишээ нь, өнгөрсөн сард шөнийн цэнгээний газар хэсэг залуус хоорондоо маргалдсан байсан. Тэднийг зодолдох гэж байхад хөндлөнгөөс үл таних хүн ‘Нэг хором” гэж хэлэхэд хоорондоо маргалдахаа зогсоож, инээж эвлэрсэн байсан. Мөн ангийн хоёр хөвгүүн муудалцаж байхад ангийнхан нь “Нэг хором” гэж хэлэхэд тэр хоёр эвлэрсэн байна лээ. Энэ мэт эерэг зүйлс олон гарч байна.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм

“Holiday Inn” зочид буудалд хог хаягдлын менежментийн мэдлэг олгох зорилго бүхий “Өнгө нэм” өдөрлөг болно.

08.30 цагт Барилгын хөгжлийн төвд МХЕГ-аас “Замын байгууламжийн ашиглалт, аюулгүй байдал” сургалт зохион байгуулна. Утас: 91989890

09.00 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт” болно. Утас: 86150069, 96010235

09.00 цагт “Orient Plaza” төвд Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн ахлах бүлгийн багш нарт зориулсан “Миний биеийн аюулгүйн дүрэм” сургалт болно. Утас: 99881249, 80709688

09.00 цагт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байранд “Орон нутгийн дулааны эрчим хүчний хэмнэлт, ашиглалтыг дээшлүүлэх зөвлөгөөн” болно. Утас: 88087817

09.00 цагт МХЕГ-т “Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах нь” сургалт болно. Утас: 91989890

09.30 цагт “Пума Империал” зочид буудалд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын уулзалт болно.

10.00 цагт ЭМЯ-нд ЗТХЯ, БСШУСЯ, НЭМҮТ, ГССҮТ-өөс “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу?” өдөрлөгийн талаар мэдээлнэ. Утас: 99256399

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Авлигад залгиулсан Монгол” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлт болно. Утас: 99010499

11.00 цагт “Само” корпарицийн байранд Шинжлэх ухаан, технологийн сангаас эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулна. Утас: 96656561

14.00 цагт ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуульд “Авто зам, гүүрийн виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-ийн нээлт болно. Утас: 99004497, 99078483

Төрийн ордонд

08.30 цагт Багш нарын VII их хурал болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина. Утас: 91020880

“Үндэсний мэдээллийн төв”д

11.00 цагт Хуульч Д.Түвшин Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй “Цайрт минерал” компанийн туслан гүйцэтгэгч “Хун Юн Син Хан” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

11.30 цагт Иргэн Д.Батдэлгэр Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Д.Батбаатар хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.