Categories
мэдээ нийгэм

760 кг чулуу хилээр нууж гаргахыг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зорчигч тээврийн суудлын автомашинд 760 кг чулууг нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг үйлдлийг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлж Прокурорт шилжүүлжээ.

2017, 2018 онд гаалийн ажилтнууд байгалийн чулуу хилээр гаргахыг оролдсон 90 зөрчлийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоосон байна. Өнгөт чулууг голчлон машины эд ангид 7-15 кг-аар нууж гаргахыг оролддог, илрүүлэхэд хүнд байдаг гэнэ. Чулууг иргэдээс худалдаж авдаг ченжүүдэд хуулиар оноох ял шийтгэл байхгүй учраас зөрчил гаргасан иргэнтэй адилхан арга хэмжээ авч, 200 мянга хүртэл төгрөгөөр торгож, чулууг нь хурааж авдаг гэв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын багш нарын VII их хурлын үеэр Ардын багш, гавьяат цол хүртээлээ

Гэгээрлийн яам /Орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага/-ны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээж байгааг зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаа.

Монгол Улсын Ардын багш цолоор:

“…Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв”.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан:

  • Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг,
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа,
  • Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш Пэрэнлэйн Дулмаа
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахмад багш Гончигийн Дуламжав,
  • Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпил,
  • Архангай аймгийн Эрдэнбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн,
  • ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Монгол Улсын ардын болон гавьяат цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, Монголын багш нарын VII их хуралд оролцож байгаа болон нийт багш нарт хандаж үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Монголын багш нарын VII их хурлын хүндэт зочид төлөөлөгчид,

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид,

Монгол Улсын Ерөнхий сайд, сайд нар болон УИХ-ын гишүүд Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монголчууд үеэс үед багшийг хүндлэн дээдэлж ирсэн. Монголын ирээдүй хойчийг ёс суртахуунтай, эрдэм мэдлэгтэй, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг эх оронч, нийт иргэншлийн үнэт зүйлсийг хүндэтгэдэг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа эрхэм хүмүүс бол багш та нар билээ.

Монголын мянга мянган багш нарынхаа өдөр тутмын тасралтгүй их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, ирээдүй хойчийнхоо өмнө байгуулж буй гавьяаг төлөөлүүлэн, зарим багш нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цолоор шагнаж, нийт багш нарынхаа өмнө, энэ өдөр хөдөлмөр бүтээлийг нь зүй ёсоор үнэлж байгаадаа туйлын баяртай байна. Баяр хүргэе.

Монголын сурагч багачууд өнгөрсөн онд Олон Улсын физик, математик, биологийн олимпиадаас 3 мөнгө, 8 хүрэл медаль, 3 тусгай байр, хими, мэдээлэл зүйн олимпиадаас 3 хүрэл медаль хүртэж, анх удаа Олон Улсын математикийн олимпиадад оролцсон Монголын багийн бүх гишүүд медальтай ирсэн түүхэн амжилтын цаана багш нарын хөдөлмөр, зүтгэл байгаа. Манай хүүхэд, залуучууд ой тогтоолтын спортоор дэлхийн рекордыг 30 удаа, Гиннесийн рекордыг 3 удаа тогтоож, олон улсаас медаль, цом 900 гаруйг авч, олон улсын их мастер цолтон 40 гаруй төрж чансаагаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байна. Энэ бол бас л багш та бүхний хөдөлмөрийн үр дүн.

Гэсэн хэдий ч өнөөгийн боловсролын салбарт шийдвэрлэгдээгүй асуудал, суурь бэрхшээл дэндүү их байна. Бүхэлд нь авч үзвэл Монголын боловсролын салбарын хөгжил цаг үеийнхээ шаардлагад нийцэхгүй, нийгмийн эрэлтэд зохист хариуг өгч чадахгүй түвшинд хүрчээ. Хүний нөөц бэлтгэхэд салбар хоорондын уялдаа муу, боловсролын салбарын бодлогын залгамж чанар, тогтвортой байдал алдагдсан, улс төрөөс хэт хамааралтай болсон нь бүх доголдлын уг шалтгаан юм. Боловсролын салбарынхан яам, түүний харьяа байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн албан хаагчид, бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, ажилтнууд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн оронд дээд шатны байгууллагаас тасралтгүй буулгаж буй улс төрийн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хамаг цаг, хүчээ барж, ямар ч хэрэгцээгүй давхардсан олон тайлан, тооцоо гаргах, төрийн болон төрийн бус байгууллагаас сонгуульд эртнээс бэлтгэх агуулга бүхий тэмцээн, уралдаан, олныг хамарсан ажилд нухлагдан, ажлын байрны хиймэл ачаалалд дарагдаж байна.

/Сургуулийн өмнөх боловсрол/

Цэцэрлэгийн хүртээмж муу байгаагаас сургуулийн өмнөх боловсролын багш нарын ажлын ачаалал их, сургалтын хөтөлбөр, багш, эцэг эхэд зориулсан зөвлөмж, гарын авлага дутагдалтай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хангалтгүй байна. Цэцэрлэгийн багш нар өдөрт 10-12 цаг 30-50 хүүхэдтэй тогтмол хэт ачааллаар буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан долоо хоногийн ажлын 40 цагаас 10-20 цагаар илүү ажиллаж байна. Хүүхдээ цэцэрлэгт өгөх, авах цаг ба эцэг эхчүүдийн ажил эхлэх, тарах цагийн зөрүүтэй байдлыг зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдаад удаж байна. Тэглээ гээд байнга илүү цагаар ажилладаг багшид дахин нэмэлт дарамт үүсгэж хэрхэвч болохгүй. Цэцэрлэгийг ээлжийн багштай болгох замаар багш хичээлийн бэлтгэл хангах, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнддээ анхаарал тавих боломжоор хангах асуудлыг Засгийн газар судалж үзэх нь зүйтэй.

/Ерөнхий боловсролын сургууль/

Ерөнхий боловсролын сургууль цөөн байгаагаас энэ хичээлийн жилд гэхэд 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Анги дүүргэлт нормативаас давчихаад байхад боловсролын салбарын зардлын ихэнх хувийг барилга байгууламжийн ашиглалтын зардал эзлэх болсон нь зохистой зүйл биш. Уг нь урсгал зардлын ихэнх нь хүүхдийг хөгжүүлэх, багшийн тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахад чиглэгдэж байвал зохилтой. Боловсролын тогтолцоог шинэчлэх нэрийдлээр сургалтын хөтөлбөрийг 4-5 жилийн давтамжтайгаар өөрчилдөг, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, ашиглалт тааруу байгаа зэрэг багшлахуй ба суралцахуйд хүндрэл учруулж, боловсролын чанар, сурагчдын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг олон асуудал байсаар байна. Дэлхийн боловсролын тэргүүлэх хандлага нь зөв ёс суртахуунтай, амьдралд бэлтгэгдсэн иргэдийг төлөвшүүлэх болоод байгааг сэхээрч, сурагчдыг хэт их хичээл даалгавраар дарахаас илүүтэй зөв иргэн, зөв хүн төлөвшүүлэх, улс орны итгэл даах ирээдүйг бэлтгэхэд ерөнхий боловсролыг чиглүүлэх учиртай.

Бид улс орныхоо ирээдүйг бэлтгэдэг сургууль, цэцэрлэгийн багш нараа тогтвортой ажиллах, үр бүтээл гаргах боломжоор хангалгүй, цалин бага, нийгмийн баталгаагүй, эмзэг байдалд орхиод удлаа. Нэг жилд, Монголын 47.6 мянган багшийн хэд нь Солонгосын виз мэдүүлж, хэд нь хар ажил хийхээр явж, хэд нь эргэж ирэлгүй хараар ажиллахаар үлдэж байгааг тооцож үзэхэд л багш нарын нийгмийн баталгааны талаар тодорхой дүгнэлт гарах болно. Багш нарын нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл нь орон сууцаар хангах юм.

2018 оны байдлаар 6390 айлын орон сууц борлогдоогүй байгаагаас 5822 нь нийслэлд, 568 нь орон нутагт байна гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс нэг метр квадрат талбайг нь 1.6 сая төгрөгийн үнэтэйгээр борлуулах боломжтой 2118 орон сууц байгаа гэсэн судалгааг Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсэг гаргасан. Орон сууц хүссэн төрийн албан хаагчдын тоо 56 мянга байгаагийн ихэнх нь багш, сурган хүмүүжүүлэгчид, тэдний ихэнх нь гэр хороололд амьдарч, орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийн нөхцөлийг хангаж чадахгүй байгаа юм. Засгийн газраас ажлаа хийж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч, тэр дундаа багшид чиглэсэн орон сууцны зээлийн зорилтот хөтөлбөрийг гаргаж, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш миний бие багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдэнд тохирсон орон сууцны зээлийн бодлого бий болгох, “Орон сууцжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхийг санал болгож, шахаж, шаардсаар ирлээ. Захаас нь шийдээд явах боломж бий. Шийдвэр гаргах улс төрийн зориг, эрмэлзэл гүйцэтгэх засаглалд дутагдалтай байна. Ивээл дороо Багш нарын их хурал зохион байгуулж байгаа Ерөнхий сайд, шинээр томилогдсон Боловсролын сайд нар энэ индрээс багш нарын нийгмийн баталгааг хангах үүрэг амлалтыг авч байгаа гэж найдаж байна.

/Мэргэжлийн боловсрол/

Мэргэжлийн боловсролд олон жилийн турш санаа тавьж, шийдэл гаргахаар эрмэлзэж ирсний хувьд өнөөдөр эргээд харахад төр, хувийн хэвшлийн 86 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 4624 багш ажилтан ажиллаж, 37 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж байгаа юм байна. Нийт төгсөгчдийн 62,3 хувь нь төгсмөгцөө ажлын байртай болж байгаа нь олзуурхууштай баримт мөн. Мэргэжилтэй ажилчны хэрэгцээ маш их байна. Улс оронд хөгжил дэвшил авчрах бүтээн байгуулалтыг мэргэжлийн ур чадвартай, бүтээлч, хариуцлагатай ажилчид л гардан гүйцэтгэнэ. Тийм учраас мэргэжлийн боловсрол сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан дэлгэрүүлэх нь нэн чухал зорилт юм. Цаашид их дээд сургуулиудыг чанаржуулах, нэгтгэх замаар тоог цөөлж, мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжилд нийгмийн түншлэлийн үүрэг, нөлөө, хамтын ажиллагаа онцгой чухал байна. Нэг талаас багш-суралцагч-төгсөгч төвтэй, нөгөө талаас ажил олгогч-үйлдвэрлэлийн дадлага-хөдөлмөр эрхлэлтийг хослуулан дэмжсэн төрийн бодлого шаардлагатай.

/Их, дээд сургууль/

Хүн амын тоотой харьцуулахад хэт олон их, дээд сургууль, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс давсан, зөрсөн мэргэжилтнүүд бэлтгэж, ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлж, дээд боловсролын нэр хүндийг унагаж, улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа дүр зургийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн үндэсний хэмжээний цөөн дээд сургуультай болох зорилтыг дэвшүүлье, хэрэгжүүлье. Нийслэл хотын даац хэтэрч, бохирдол, түгжрэл, ажилгүйдэл, ядуурлын уурхай болж байгаа сөрөг үзэгдлийг саармагжуулах нэг шийдэл нь их, сургуулиудыг хотхон хэлбэрээр нийслэлээс зайдуу байршуулах, орон нутаг дахь их, дээд сургуулиудыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж, төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.

/Тусгай хэрэгцээт боловсрол/

Тусгай хэрэгцээт боловсролын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих хэрэгцээ, сурах онцлогийг дэмжсэн, ялгаатай байдлыг хүндэтгэсэн сургалтын болон тохируулгат орчин, хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл дутмаг, багшийн арга зүйг дэмжих ажил хангалтгүй байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахад хүндрэл учруулж улмаар хүүхдийн хөгжих, сурах эрх зөрчигдөж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах тогтолцоог бэхжүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад дэмжлэг үзүүлэх бүтцийг бий болгох, хүүхдийн хөгжих, сурах онцлогийн талаарх мэдлэг, ойлголт, эерэг хандлагыг бүх багш, эцэг эхэд төлөвшүүлэхэд анхаарч ажиллахыг бас хүсэж байна.

Хөгжил дэвшил гэдгийг юуны өмнө хүний хөгжил, боловсролтой холбон ойлгодог болсон өнөө үед “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгасан насан туршийн боловсролын тогтолцоо бүрдүүлэх зорилгоо хэрэгжүүлэх нь чухал байна. Иргэд тасралтгүй, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг хангахын тулд боловсролд зарцуулах санхүүжилт, эрх зүйн орчныг сайжруулах, салбар хийгээд салбар дамнасан зохицуулалтын механизм, уялдаа холбоог оновчтой болгох нэн тэргүүний шаардлага бидний өмнө тулгамдаж байна.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар:

Засгийн газраас Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагаа, ажиллагчдын нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэх бодлогоо зарлах, хэрэгжүүлэхийг шаардаж, боломжтой бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно.

Бүх түвшний сургалтын байгууллагуудаас сургалтаа иргэдэд чанартай амьдрахад шаардагдах цогц чадамжуудыг эзэмшүүлэх, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд чиглүүлж, сургалтын орчин, агуулга, арга зүйдээ ахиц дэвшил гаргахыг мөн шаардаж, хамтран ажиллах болно.

Багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхнээс хүүхэд, залуусыг хүнлэг ёс суртахуунтай, эх оронч үндэсний үзэлтэй, өргөн мэдлэгтэй, эрүүл чийрэг, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсэж, уриалан, хамтран ажиллах болно.

Монголын багш нарын VII их хурлын зочид, төлөөлөгчид Та бүхэнд баяр хүргэж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Баярлалаа” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Ц.Нямдорж цагтаа сайн хуульч байсан гэсэн. Одоо бол зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг болчихсон

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн. Энэ талаар Шадар сайд мэдээлэл хийхдээ төлөх мөнгөн дүнг хэлэлцээрээр бууруулсан гэсэн. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Ө.Энхтүвшингээс би энэ талаар мэдээлэл шаардсан. Одоогоор хариу ирээгүй байна. Хов живийн шинжтэй асуудлууд дуулдсан. Жишээлбэл, 120 сая ам.долларыг 40 болгож багасгасан гэсэн ойлголт үнэн ч юм уу. Дээр нь Эрдэнэт үйлдвэр 100 хувь улсынх болчихсон учраас зэсийн гэрээн дээр жуулчлал хийж үлдсэн алдагдлаа нөхөхөөр тохирсон байж магадгүй гэсэн яриа гарсан. Энэ бүгдийг шалгахын тулд материалтай танилцъя гээд ажлын хэсгийн дарга Я.Санжмятавт хэлсэн. Ойрын хугацаанд шаардсан материалыг өгөхгүй бол дараагийн арга хэмжээнд ордог л байх даа.

-Байнгын хороогоор С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хороог байгуулахыг дэмжлээ. Удахгүй чуулганаар хэлэлцэх байх. Энэ түр хороонд та орох уу?

-Би нэг хэсэг Өргөдлийн байнгын хороон дарга хийсэн юм. Тухайн үед Б.Жавзмаа гэх эмэгтэйгээс “Хүүг маань хилс хэргээр ял үрүүлэх гэж байна” гэсэн гомдол ирсэн. Дараа нь Б.Булганы ээжээс өргөдөл ирсэн удаатай. Тиймээс энэ асуудлын газар дээр нь очиж шалгасан. Дараа нь 2017 онд миний бие албан ёсоор Тагнуулын байгууллагад эрүүдэн шүүсэн асуудлаар өргөдөл өгсөн. Эрүүдэн шүүсэн гэх асуудал тодорхой боллоо гээд прокурорын байгууллагаас өргөдлийн дагуу Тагнуулын байгууллага руу бичиг явуулна. Тагнуул цаашаагаа прокурорт хандсан юм уу яасан юм эрүүгийн хэрэг үүсгээд хавтаст хэрэгт тодорхой зүйл гарлаа гэсэн зүйл л яригдаж байна. Гишүүд 26 минутын бичлэг үзсэн. Эрүүдэн шүүсэн асуудал надад таалагдаагүй. Өнөөдөр хэнийг ч эрүүдэн шүүж, яргалж болохгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Түр хороо байгуулах асуудал орж ирсэн. Түр хороо ямар нэгэн ажлыг хийж дуусгасан бол автоматаар тардаг.

-Энэ түр хорооны зорилго нь юу вэ?

-Хэргийг цагаатгая гэж үзвэл Улсын ерөнхий прокурор Дээд шүүхэд бичиг өгөөд Дээд шүүх авч хэлэлцдэг. Хэрэв энэ хэрэг шинээр илэрсэн гэж үзвэл мөрдөн байцаалтад буцааж хэргийг цагаатгадаг хуультай. Тэгэхээр бид прокурор руу тэр бичгээ өгөх гээд байгаа юм уу, эсвэл өөрсдөө шууд Дээд шүүхэд бичиг өгөх гээд байгаа юм уу. Хоёрдугаарт, тодорхой материалтай танилцъя гээд байгаа. Ямар материалтай танилцах юм. Ил болсон материалтай танилцах гээд байгаа юм уу, эсвэл захиалагчийг шалгаж буй маш нууц материалыг шалгах юм уу. Мөрдөн байцаалтын зарим нэг юмыг авчихаад үзүүлэхгүй байна гээд түр хороо байгуулахаар санал гаргасан. Гэтэл УИХ-д мөрдөн шалгадаг чиг үүрэг байхгүй.

-С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй иргэдийг та хэлмэгдсэн гэж үзэж байна уу. Таны тойргийн иргэн энэ дунд бий учраас асууж байна л даа?

-Гэм буруугүй гэж итгэж байгаа. Энд хоёр л зүйл байна. С.Зоригийн хэрэг илэрчихсэн. Ямар ч гэмгүй хүнд ял өгсөн гэдэг нь зохион байгуулалттайгаар хэргээ нуун далдлах зорилготой.

Эсвэл энэ хэргийг хийсэн нь үнэн. Гэхдээ энэ хүмүүс хийгээгүй байлаа ч энэ хүмүүсээр халхавч хийгээд жинхэнэ захиалагч руу очих гэж байтал замаас нь хаасан. Энэ чинь хоёр тусдаа хэрэг явж байгаа шүү дээ. Нэг нь захиалагчийн хэрэг. Нөгөөх нь гүйцэтгэгчийн хавтаст хэрэг. Гүйцэтгэгчийн хавтаст хэрэг хүчингүй болж болно. Хамаагүй. Гэхдээ захиалагчийн хавтаст хэрэг жинхэнээсээ илрэх гэтэл нөгөө хэд нь сандраад хуурамч гүйцэтгэгч нараар халхавчилж өөрсдөө зүгээр гарах вий. Эд нар С.Зоригийг алаагүй гэдэг дээр илүү ач холбогдол өгөөд байна. Надад энэ хэргийн үнэн, худал биш, хүн хэлмэгдэхгүй байх нь чухал. Эрүүдэн шүүгдэхгүй байх нь хамгийн чухал. Тэр нэг ядарсан эмэгтэй Б.Жавзмаа гуай болон тэдний гэр бүлийн зовлонгоор улс төр хийлгэхгүй байх нь чухал.

-Таны өгсөн саналын дагуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ хэргийн зарим материалыг нууцаас гаргасан санагдаж байна?

-Би тагнуулд нэг удаа, Ерөнхийлөгчид хоёр удаа бичиг өгсөн. Ц.Элбэгдоржид энэ хэргийг ил болго гэсэн бичиг өгсний дагуу энэ хэрэг нээлттэй болоо биз дээ. Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ шүүх хурлыг нээлттэй болго гэсэн бичиг өгсөн. Бүгд энэ хэргийн талаар гоё ярина. Бичиг өгөөд хариу ирлээ гэж хэн ч ярьдаггүй. Эсвэл буцаад 37 он болчихсон юм уу. Н.Энхбаярыг өмгөөлдөг байхад хүмүүс түүнтэй уулзахаас айдаг байсан. Хамт хэрэг хийгээгүй мөртлөө тааралдахаасаа айдаг. Ө.Энхтүвшин гэхэд л бүр хачин байдлаар уулздаг. Энэ байдал нь эргээд ард түмнийг талцуулаад байна. Шулуухан хэлэхэд “би”-гийн өвчнөөр өөрийгөө магтуулах гэсэн солиорлоос болж хүмүүст их гай тарьж байна.

-Жишээлбэл ямар гай болж байна вэ?

-Швейцарь явахад С.Баярцогтын оффшор яригдсан. Бичиг аваад ирсэн бол өгч болно. Гэтэл шоудаж хэвлэлээр ярьснаас болж дараагийн оффшортонгуудын мэдээллийг Швейцарийн талаас өгөхгүй гэсэн. Оффшорт 72 сая ам.доллартай хүн байна. 150 сая ам.доллартай хүн бий. Энэ хүмүүсийн бичгийг авах зам таг мухардчихсан. Ингэж хуулийн байгууллагын дотоод үйл ажиллагааг илчилж, ажилд нь гай болсон. Би Улсын ерөнхий прокурорт оффшорыг илрүүлж өгнө үү гэсэн бичиг өгсөн. АТГ-ын даргатай очиж энэ талаар уулзсан. Тухайн үед С.Баярцогтын дарааллаар явж байгаа гэсэн. Гэтэл АТГ-ынхан хэвлэлийн хурал хийхдээ “Бичиг авах арга мухардсан” гэж байна лээ. Сураг дуулах нь ээ “Танайх манайхыг эвгүйгээр мэдээлээ. Хүний банкны мэдээллийг олон нийтэд дэлгэдэг. Хуйвалдаж ажилладаг гэсэн зйүл ярьсанд гомдож байна” гэжээ. Хүмүүсийг шоронд хийх нь гол биш. Гэм буруутайг тогтоох нь гол.

-Капитал банкийг дампуурна гэдгийг эрх баригчид эртнээс мэдэж байсан уу?

-ОУВС-гийнхан ирээд 14 банкийг шалгасан. Зарим банкуудыг татан буулгах хэрэгтэй, танай эдийн засагт сөрөг нөлөөтэй гэсэн санал тавьсан. Түүний дотор Капитал банк явж байгааг би дуулсан. Уг банк нийт зээлийн 80 хувь нь эргэн төлөгдөхгүй гэдэг нь батлагдсан. Нийт зээл авсан нөхдийн нэрсийг гаргая. Чанаргүй зээл гэхээр тэдний төлөх мөнгийг өмнөөс нь улс төлчихдөг. Анод банкны мөнгийг хэн төлсөн бэ гэдгээс л эхэлнэ. Хотош банкнаас эхэлж ярих хэрэгтэй. Уг банкнаас 72 мянган ам.доллар дутсан. Тэр үед нэг ам.доллар 530 төгрөг байсан. Тэгэхээр банк дампуурахаар зарим хүмүүс хождог. Энэ бүхний ард улстөрчидийн хуруу явдаг. Тиймээс Капитал банкны дампуурлыг шийдье гэвэл эхлээд томоохон зээлдэгчдийн нэрийг гарга. Хэдэн тэрбумаар хэн авсан. Түүн дотор улстөрчид байвал зарла. Ингээд шударга ёс тогтоно. УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийнхөө компаниа дампууруулъя гэж гүйхгүй байлгүй дээ. Өөр бас хоёр, гурван банк дампуурна гэж дуулдсан. Нэг талаасаа банкууд цөөхөн болох сайн. Монгол Улсад байгаа нийт мөнгөн хөрөнгө цөөхөн банкинд төвлөрч, ахиу хуримтлал үүсвэл зээлийн хүүгийн хэмжээ буух боломжтой. Дахиад л намайг Капитал банктай холбоотой ажлын хэсэгт оруулаагүй. Хууль зүйн байнгын хороонд би байдаггүй. Хуульч хүн ороогүй гэдэг чинь юу гэсэн үг вэ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй та танилцсан байх. Уг төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН Үндсэн хууль өөрчлөх ёстой. Яагаад гэвэл ард түмэн МАН-ыг Үндсэн хуулиа өөрчил гээд сонгосон. 56-аас дээш хүн сонгосон бол Үндсэн хуулийг өөрчил гэсэн үг. Тэгэхээр 65 хүнийг сонгож, Үндсэн хуулийг өөрчилж болно гэжээ. Үндсэн хууль дээр гурван янзын байр суурь бий. Нэг нь бүгдийг өөрчил. Энэ нь Үндсэн хуулийг урж хаяад шинээр бич гэсэн үг. Хоёр дахь нь ерөөсөө өөрчилж болохгүй. Гуравдугаарт, багахан өөрчил гэдэг. Зөвлөлдөх санал асуулга гээд Төрийн ордонд 1500 хүн цуглуулсан. Эндээс хуулийн төслийг гаргаж ирсэн юм. Үүнийг бид иргэдээсээ асууж, эрэмбэлээд үзэхэд заримыг нь 80 хувь дэмжиж байна. Заримыг нь 60 хувь гээд янз бүр. Миний байр суурь гэвэл ард түмнээс 100 хувь дэмжсэн саналыг баталъя гэсэн. Ард түмэн 60 тэрбумаас салахыг хүссэн. Энэ нь төрийн албыг улс төрөөс хараат бус болго, сум, хороон дээр улс төр явдагийг болиул гэсэн үг. Үүн дээр 100 хувийн санал авсан. Хоёрдугаарт, утаанаас салъя гэсэн. Тэгвэл Улаанбаатарыг тэлэх, өөр газруудад шинэ хотыг хөгжүүлэх ёстой. Гуравдугаарт, долоон удаа сонгууль хийхдээ бүрэн утгаа алдчихсан. Нэг нам ялахаараа мөнгөний сонгууль хийдэг. Мөнгөтэй хүн ялдаг болчихсон. Түүнээс биш мэдлэгтэй бодлого гаргадаг хүн гарч ирдэггүй. Энэ гурван зүйлийг л хийчих хэрэгтэй. Түүнээс Засгийн газар, шүүх, Ерөнхийлөгч нь яах вэ гэх нь МАН-ын ажил биш. 49 ашиг сонирхлын зөрчилтэй хүн ийм юм хийж болохгүй. Харин энэ гурван зүйлий иргэнийхээ хувьд хийж болно.

-Ц.Нямдорж сайдтай байнгын хорооны хуралдаан дээр ширүүн маргаан өрнүүлсэн. Юунаас болсон бэ?

-Ц.Нямдоржийн зүгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ноцтой мэдээллүүд дэлгэсэн. Яргачин, алуурчин хэн байна уу шалгагдаж байгаа. Хуулиар мөрдөн байцаалтын төлөвлөгөөн дээр хэн хэн оролцсон, ямар гарын үсэг зурсан гэдгийг ярих хориотой байхад задалсан. Сүүлийн үед Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар мэтийн хүмүүс зохион байгуулалттайгаар миний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх гэсэн хэрээс хэтэрсэн үйлдлүүд хийх боллоо. Энэ бол сүүлийн анхааруулга. Би Л.Болдтой холбоотой асуудлаар олон улсын шүүхэд хандаж болно. Намайг нэг жилийн дараа гудамжинд гарна ч гэх шиг. Гудамжинд гарвал сайн л биз. Гудамжинд байгаа гэж ард түмнээ хэлээд байгаа юм. Гэхдээ гудамжинд гэдэг чинь муухай амьдардаг хүмүүс биш. Илүү эрх чөлөөтэй, тайван амьдарна. Энэ хэд хонгилоороо чирэхийгээ хэлээгүй л байлгүй дээ. Миний ойлгож буйгаар хулгайчууд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Би өмгөөлөгч хүн хэнийг ч өмгөөлж болно. Энэ баян хулгайчууд олон болох тусам дотроо би бизнес сэтгэлгээгээр “Бушуухан УИХ-ын гишүүн биш болдог юм билүү. Энэ хүмүүсийг өмгөөлж, арав, хорин цаас олох юмсан” гэдэг бодол төрж байна.

-Ц.Нямдорж сайд эрүүгийн мөрдөгчөөр таныг мөрдүүлдэг тухай та хэлсэн. Яагаад тэр вэ?

-Удахгүй зөндөө зүйл ил болно. Манай хүн асар их шатаж байна. Ингэж шатахдаа асар их мэдээллийг ард түмэнд хэлсэн. Ц.Нямдорж цагтаа сайн хуульч байсан гэсэн. Одоо бол зүүдээ ярих гээд хулгайгаа их ярьдаг болчихсон. Үнэн гэдэг юм араас нь мөшгөсөөр байгаад олдог. О.Баасанхүү ганцаараа байж болно. Гэхдээ шударга төрийн албан хаагч, иргэд, улстөрчид олон бий. Энэ хүмүүсийн хууль бус үйлдлүүдийг нотолно.

-Шүүх хяналтын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр томилох, чөлөөлөх орчин бүрдсэн гэж болно. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-З.Энхболд “Зөвлөх үүрэгтэй учраас хэнд ч зөвлөж болно. Зөвлөмжөө зөв гэж үзвэл үндэслээд аваад явж болно. Үгүй гэвэл үндэслэхгүй байж болно. Зөвлөмж яахаараа Үндсэн хууль зөрчдөг юм” гэсэн. Томилсон байгууллага гэж тусдаа. Томилох процесс гэж тусдаа асуудал. Түүн шиг томилогдсон албан тушаалтан гэж тусдаа. Албан тушаалтанг чөлөөлөх гэдэг тусдаа юм. Ийм дөрвөн зүйл бий. Томилсон байгууллага гэдэг Ерөнхийлөгч гэж бий. Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг зөвшилцдөг. Гэтэл Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг зөвшилцөхгүйгээр чөлөөлдөг байж болохгүй. Уг нь зөвлөмж гарлаа гэвэл УИХ-аар оруулаад зөвшилцөх ёстой. Ингэхээр Үндсэн хуулийн асуудал болно. Хоёрдугаарт, засаглал гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох гэсэн гурван элементтэй. Энэ гурвын удирдлага хоорондоо нийлээд шийдвэр гаргах нь хууль бус. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван удирдлага системийн бодлогын шийдвэр гаргаж болохгүй. УИХ-ын даргыг огцруулахдаа “Зүгээр нэг спикер” гээд л байсан. Гэтэл манай 76-гийн өмнөөс очоод хүн огцруулах тухай яриад байж болохгүй биз дээ. Ерөнхий сайд ч мөн адил. Ерөнхийлөгч нийт ард түмнийг төлөөлдөг. Гэтэл Ерөнхийлөгч төрийн байгууллагын зарим удирдлагуудтай нийлээд чөлөөлөх үндэслэлийг тодорхойлж болохгүй. Чөлөөлөх үндэслэлийг хуулиар тогтоодог. Хүн гэмт хэрэг хийгээгүй бол ажлаа хийх ёстой. Тэгэхээр гэмт хэрэг хийсэн эсэхийг хэн тогтоох юм. Манай энэ Ж.Батзандан тэргүүтэй нөхдүүд “Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нийтийн сонсгол хийнэ гэж 19 гишүүн гарын үсэг зурсан” гэлээ. Би үүнийг гайхаад байгаа юм. Ерөнхийлөгчийг муу хүн оруулж ирлээ гээд байгаа юм уу. Тэгвэл Ерөнхийлөгчөө сольчих хэрэгтэй. Хоёрдугаарт, АТГ-ын даргыг УИХ томилдог. УИХ-аас АТГ-ын даргыг огцруулна гэдийг яаж мэдсэн юм. Ингэж даварч болохгүй.

-АТГ-ын дарга огцрох ёстой юу?

-Би тэгж бодохгүй байна. 49 улстөрчийн но-г илрүүллээ шүү дээ. С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж гээд арваад хүн. Үүн дээр 49 хүнээ нэмэхээр жараад хүн болно. 49 хүний асуудлыг бариад орж ирж байна гэдэг бас л улс төрийн эр зориг. Энэ талаас нь бодох ёстой. Х.Энхжаргал сайн хүн үү, үгүй юу гэдэг хувийн асуудал. МАНАН мафийн бүлэг байгаа юу, үгүй юу гэдгийг гаргаад ир. Сая Эрдэнэтийн 49-ийг авах гэсэн Худалдаа хөгжлийн банкны нөхдүүд Багануурыг бас авах гэсэн юм. Баганууртай холбоотой шүүх хурлын гадаа нөгөө тав харагддаггүй. Би л очсон. Тэмцэж байгаа бол дуустал яв. Нэг нэг сэдэв сэмлээд явах юм. Тэгээд нам байгуулна гээд байгаа шүү. Ийм байж болохгүй. Төр түшилцэнэ гэдэг айл гэртэй адил. Унь нь унана, багана нь хазайна, тооно нь яйжийна. Төрийн түшээ үүнийг хараад шоолж, гэрээ шатааж шинэ гэр барина гэж гадуур, дотуур гүйдэггүй. Чимээгүйхэн очоод унь, багана, тооноо засаад явдаг. Ингэж хийж байгаа бүх хүмүүсийг муу муухай гэх юм. Багана нь хазайчихаад байхад дээр нь ирж бүжиглэж буй хүнийг харахаар уур хүрч байна. 20 жил хуулийн тогтолцоо хазайчихжээ. Юунд гайхаж хараад байгаа юм бэ. Одоо засаж, янзалъя.

-Таныхаар энэ тогтолцоог яаж засах вэ?

-Эрх мэдэл өгвөл янзлаад өгнө. Ядаж Хууль зүйн байнгын хорооны дарга болго. Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа яаж ажиллах ёстойг харуулсан биз дээ.Ярьсны оронд ном бичсэн дээр. Тэрийг уншаад чадах хүн нь ажиллаад яваг. Ний нуугүй хэлэхэд Монголд шударга ёсны хувьсгал хэрэгтэй. Түүний дотор дахиад нэг зүйл нь мэдлэгт суурилсан төрийн бодлого бүр их хэрэгтэй. Мэдлэгт суурилсан төрийн бодлогоор шударга ёсны хувьсгал хийхгүй бол мэдрэмжид суурилсан төр хэнийг ч хэлмэгдүүлж магадгүй.

-Таныг Б.Хурцын тагнуул байж мэднэ гэж Ц.Нямдорж сайд хэлсэн. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?

-БиХүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржийн хийх ажлыг өмнөөс нь хийгээд явдаг. Б.Содномдаржаагийн ар гэр, эхнэр, хүүхэд ямар хэцүү амьдардаг гэж бодно. Тэгээд дэмжиж тусалж байгаа тухай ярингуут Ц.Нямдорж “Чи өглөө ээжтэй нь золгочихоод орой нь яргачинтай нь уулздаг. Чи Б.Хурцын тагнуул” гэж намайг гүтгэсэн. Гэтэл би Б.Хурцыг таньдаггүй байсан юм. Харин сүүлийн үед таньдаг болсон. Үүнийг л тагнуул гэж хэлсэн байх. Иргэн Б.Хурц хоёр, гурван удаа над дээр ирж хуулийн зөвлөгөө авсныг нөхдүүд баримтжуулсан юм болов уу. Төрийн ажилд ярих, ярихгүй юм бий. Харин зохион байгуулалттай юм хийгээд байгаа нь таалагдахгүй байна. Жишээ нь, Газрын тосны тухай хуулийн 46 дугаар зүйлд “Энэ хууль “Петрочайна дачин тамсаг” ХХК-д хамаарахгүй” гэсэн утгатай заалт бий. Өөрөөр хэлбэл 1991 оны гэрээ энэ хуульд хамаарахгүй гэсэн байдаг. Гэрээ хуульд байхгүй гэсэн ганцхан хууль энэ. Уг хуулийг Ц.Нямдорж ахалж хийсэн. Ц.Нямдоржид газрын тос ямар ч хамаагүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд 2020 он аймшигтай биш. Би гудамжиндаа гарахад баян хулгайчууд байгаа цагт би баян л амьдарна. Надад 49 үйлчлүүлэгч гарах нь байна.

-Албан тушаалтны гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил учраас ял үүрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэж дуулсан?

-Албан тушаалын гэдэг чинь хоёр талтай. Албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал тогтоох нэг өөр. Албан тушаалын байдлаа ашиглан бусдаас авлига авах өөр. Зуучлалын хөлс гэдэг чинь авлига. 200 сая төгрөг гээд яриад байгаа чинь зуучлалын хөлс. Манай хэд хэдэн гишүүдийн эхнэрийнх нь дансанд багадаа 10 мянган ам.доллар, ихдээ 100 мянган ам.доллар орчихсон. Энэ чинь АТГ дээр тогтоогдчихсон. Өмнө нь хянаж байсан прокурорууд явчихсан. Шинээр хүмүүс ирж байгаа. Прокуроруудаа хурдан ажилд нь оруулж үр дүнг үзмээр байна.

Э.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нэг хүүхдэд 200-300 төгрөгийн үдийн цай ногдож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхийг гишүүн Л.Болд нар горимын санал гаргалаа. Гэвч хурууны хээ уншигч төхөөрөмж гацсан тул цаг орчим санал хураалт гацлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Тамгын газрынхан ямар төхөөрөмж авсан юм. Хурууны хээ уншигч төхөөрөмж гацаж, чуулганы үйл ажиллагаа нэг цаг тасалдаад байна. УИХ-ын Тамгын газрын даргын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Цолмон үүнээс болж огцорвол таарна” хэмээн бухимдав. УИХ-ын Тамгын газраас “Программ төхөөрөмжид ямар нэг асуудал байхгүй. Ирцэнд бүртгүүлсэн гишүүд саналаа өгөхдөө хуруугаа зөв өнцгөөр тавих ёстой. УИХ-ын Дэгийн хуулиар хурууны хээ уншигч төхөөрөмж гацсан тохиолдолд ил санал хураалтыг гар өргөж өгч болно гэж заасан байдаг” гэсэн тайлбар тайлбар хийлээ.

Ийнхүү гишүүд гар өргөн илээр саналаа өглөө. Гишүүдийн олонхийн саналаар Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхийг дэмжив.

Ингээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-“Үдийн цай” хөтөлбөр өөрөө асуудал дагуулж байгаа. Гэтэл “Үдийн хоол” хөтөлбөр гэж байна. Энэ хөтөлбөрт хэдэн төгрөг төсөвлөж байна вэ? Монголын нэртэй сургуулиудад хоолны хордлого их гарч байна. Сургуулийн гал тогоо, технологич байна уу? Эсвэл хэн нэг компанид өгөөд, гэрээсээ хоол зөөх юм уу. Зөөврийн хоол аюултай шүү. Хүнсний аюулгүй байдлыг яаж тооцсон байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Ханган нийлүүлэлт, хадгалахтай холбоотой асуудал анхаарал татаж байгаа. Өнөөдөр хүүхдийн үдийн цайнд 600 төгрөг. Гэтэл энэ мөнгөний 400 орчим нь түрээсийн төлбөрт яваад, хүүхдэд 200 төгрөг ногдож байна. Шалгалтаар дотоод хяналт байхгүй, зориулалтын бус гал тогоотой байсан нь 50 хувьд гарчээ.

Сургуулийн зориулалтын гал тогоотой болоход 9.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог 2017 онд гаргасан. Үүнийг 2020 оны улсын төсөвт багтаагаад явж болно.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулиудад хоолны хордлого их гарч байна. Тухайн сургуулиудын хоолонд шалгалт өгч шалгах хэрэгтэй. Хамгийн сүүлд “Сингапур” гэх сургуульд нийтийг хамарсан маш том халдвар гарсан. Цусан суулга өвчний нян нийт ажилчид, сурагчдын 80 хувьд илэрсэн. Үүнийг шалгах ажлын хэсэгт би багтсан. Нийслэлийн мэргэжлийн хяналт ажиллахгүй байна. Асуудал гарахаар л гарч ирдэг. Мэргэжлийн чиглэлээр зөвлөмж үзүүлдэггүй. Олноороо хордож байгаа асуудал эрүүл мэндийн салбарт эрсдэл их учруулдаг. Санхүүгийн болоод бусад чиглэлээр. Эрүүл мэндийн салбарт учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ? Анх энэ хуулийн төслийг боловсруулж байсан үеэс байдал өөр болжээ. Тиймээс ажлын хэсэг асуудал байгаа учраас энэ хуулийн төслийг эргэж харж, өөрчлөх саналтай байна.

Ц.Нямдорж: 80-тай эмээ дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. УИХ-ын гишүүн Л.Болд “ОУПХ-ноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргий шийдвэрлэхдээ эрүүдсэн шүүсэн талаарх бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлчид үзсэн. Өнөөдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг асуудлаар судлах Түр хороо байгуулах тогтоолын төслийг байнгын хороо дэмжсэн. ОУПХ энэ асуудлаар манай улсад ирж, судлах юм. Монголын парламент энэ асуудлаар зөвлөл байгуулж, хариулт өгмөөр байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-ОУПХ-ноос энэ асуудалд анхаарч, шүүх хурал биш байна, хэлмэгдүүлэлт болсон байж болзошгүй гэж хэлсэн. Энэ асуудлаар чихнээс хонх уяж байгаа. Ноцтой дүгнэлт хийсэн. ОУПХ энэ асуудалд анхаарч байхад Монголын парламент мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг явсаар гурван жил болж байна. Тийм учраас Түр хороо байгуулахыг шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа. Монголд гарч байгаагүй асуудлаар УИХ дүгнэлт хийхгүй бол болохгүй шүү. Би хувьдаа 2016 оны намар энэ хэргийн анхан шатны шүүх хурал болоогүй байхад МАН-ын бүлгийн хурал дээр “65 суудалтай эрх барьж байгаа нам энэ асуудалд анхаарахгүй бол болохгүй шүү” гэж хэлж байсан. Миний бодож, төсөөлж байснаас долоон дор юм болсон байна. Үүнийг хэлэлцэж, анхааралдаа авахгүй бол бид энд суугаад байх шаардлагагүй. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл балмад зүйлийг өчүүхэн хэсэг шүү. Цаашаа яривал ноцтой зүйл ярина. 70, 80 гарсан эмээ нэр дээр яах гэж гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм бэ гээд асуудал гарна хэмээлээ.

Ингээд Л.Болд, Ц.Нямдорж нарын гаргасан саналаар санал хураалт явууллаа. Гэвч хурууны хээний төхөөрөмж гацсанаас санал хураалт явагдахгүй хойшиллоо. УИХ-ын Тамгын газрынхан хурууны хээ уншигч төхөөрөмжийг засч байна.

Categories
мэдээ нийгэм

Виз олгох ажиллагааг цахимжуулна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад ирэх гадаадын иргэнд 30 хүртэл хоногийн визийг Гадаад харилцааны яам, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яамаар дамжуулан, харин 31-90 хүртэл хоногийн виз болон түр ирэгчийн визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газраас олгож байна.

“Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам” зэрэг хууль тогтоомжийг зөрчиж зөрчил гаргасан байгууллага, хуулийн этгээдийг судлан үзэхэд 2017 онд 35, 2018 онд 75 байгууллага, аж ахуйн нэгж 3-аас дээш удаагийн зөрчил гаргасан байна. Тухайлбал:

Д/д Аж ахуйн нэгж байгууллага 2017 он 2018 он Нийт
1. Бөөрөгдэлийн элс ХХК 21 5 26
2. Дархан ээж шүтээн ХХК 5 13 18
3. Косинус инженеринг ХХК 11 11
4. Монгол зам гүүр ХХК 12 12
5. Оюун далай цаг ХХК 15 15
6. Си эф си групп ХХК 19 19
7. Сод тэнгэр түшээ ХХК 4 14 18
8. Төв морьт хангай ХХК 12 10 22
9. Цадигт гэгээн ХХК 10 10
10. Монлаа ХХК 10 10

Төрийн байгууллагууд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн бүртгэлийн систем гадаадын иргэн визийн зөвшөөрөл авах бүртээ шинээр материал бүрдүүлж өгдөг нь шат дамжлага ихтэй, хүнд суртал үүсгэх шалтгаан, нөхцөл болдог байна. Визийн хураамжийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр авахаар зохицуулсан байхад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 213 дугаар тушаалаар “Визийн наадаг хуудас”-ны төлбөр гэж 3 ам.доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тэмдэгтийн хураамжин дээр нэмж авахаар тогтоосон нь үндэслэлгүй төлбөр, хураамж гэж үзэх үндэстэй.

Шалган туслах ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хилийн боомт дээрх визийн зөвшөөрөл”, “Олон удаагийн бизнес ангиллын орох, гарах визийн зөвшөөрөл” гэсэн хоёр үйлчилгээг цахимаар шууд бүртгэж, хүлээн авч олгохоор шийдвэрлэлээ. Цаашид бусад төрлийн виз олгох үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байхаар болов.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, Виз зөвшөөрөл харьяатын газраас үзүүлж буй үйлчилгээний онцлогоос хамаарч иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар гадаадын иргэдэд зориулсан хэлний сонголттой мэдээллийг нийтэд хүргэх, виз олгох үйл ажиллагааг цахимжуулах, үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байгаа хууль бус тушаалыг хүчингүй болгох, удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын зөрчлийн судалгааг гаргаж, хар жагсаалтад оруулах, гаргасан зөрчлийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид зөвхөн торгууль тавиад зогсохгүй гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх чиглэлээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг асуудлыг тусгасан Зөвлөмжийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүллээ.

Categories
гадаад мэдээ

БНЭУ-ын сонгууль эхэллээ

Улс орон даяар 900 сая сонгогчтой Бүгд Найрамдах Энэтхэг улсын /БНЭУ/ парламентын сонгууль өнөөдөр /2019.04.11/ орон нутгийн цагаар 07.00 цагт албан ёсоор эхэллээ. Тавдугаар сарын 23-ны өдөр 29 муж, долоон бүс нутгийн саналыг нэгтгэж тоолсны дараа эцсийн дүн гарна гэж тус улсын Сонгуулийн хороо мэдээлжээ. Уг сонгуулиар энэтхэгчүүд одоогийн Ерөнхий сайд Нарендра Модиг албан тушаалд нь үлдээх эсэхийг шийдэх юм. Ерөнхий сайд Нарендра Модигийн үндсэрхэг үзэлт “Бхаратия Жаната” нам 2014 онд парламентын доод танхимд нийт 282 суудал аван ялалт байгуулж, 30 жилийн хугацаанд тасралтгүй Энэтхэгийн парламентын олонхын байр сууриа хадгалсаар ирсэн юм.

Энэтхэгийн парламентын доод танхимын 543 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт долоон үе шаттай явагдах ба тавдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Доод тал нь 272 суудал авсан нам эвсэл сонгуульд ялалт байгуулах юм байна. Хамгийн сүүлд болсон 2014 оны сонгуульд нийт сонгогчдын 66 хувь оролцож байжээ. Энэ удаагийн сонгуульд ойролцоогоор нэг сая орчим санал хураах байр ажиллаж байна.

Энэ сонгуулийн хамгийн гол нэр дэвшигч бол яах аргагүй ерөнхий сайд Нарендра Моди. Хэдий түүнийг эх оронч удирдагч гэгддэг ч түүний удирдлага дор дэлхийн зургаа дахь том эдийн засагтай Энэтхэг улсын эдийн засгийн өсөлт саарсаар байгаа юм. Мөн Энэтхэгийн ард түмэн шашинд хэт автан туйлшрах хандлагатай болсон байна.

Энэтхэг улсад тулгамдаж буй гол асуудал бол ядуурал, ажилгүйдэл. Дээрх асуудлууд бүх цаг үед тус улсын тулгамдсан асуудал байсаар ирсэн ч яг энэ цаг үед оргил цэгтээ хүрээд байгаа аж. Тиймээс ихэнх нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгахад чиглэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдал” сэдэвт сургалт болж байна

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо буурахгүй, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байна. Хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алджээ.

Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа “Ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдал” сэдэвт сургалт, зөвлөлт уулзалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтад УУХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, ОБЕГ, АМГТГ, МХЕГ, МҮЭ, НЭМҮТ, ДЭМБ болон уул уурайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын 100 орчим төлөөлөл оролцож байна.

Оролцогчид уул уурхайн салбарын хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, харилцан сайн туршлагаа хуваалцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Зөвлөлдөх уулзалт энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.04.10/ Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байна. Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж амьдарч байгаад алга болсон Монгол иргэдийг эрэн сурвалжилж байна

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас тус улсад ажиллаж амьдарч байгаад сураггүй алга болсон иргэдийг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, БНСУ-д ажиллаж, амьдарч байсан 22 монгол иргэн ор сураггүй алга болоод байгаа ба эдгээр иргэдийн ар гэрийнхний хүсэлтээр эрэн сурвалжилж эхэлжээ. Сураггүй болсон иргэд тус улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд 3-12 хүртэлх хугацаанд ар гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй хүмүүс багтжээ. Иймд дээрх иргэдийн харсан үзсэн хүмүүс Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яаманд мэдэгдэхийг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

60 гаруй мянган иргэний жолооны үнэмлэх хүлээгдэж байна

Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байгаад удаж байна. Учир нь бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа юм.
Уг нь энэ он гараад хэвлэгдэж эхэлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хэвлээгүй байна. Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Энэ сарын 15-наас эхэлж жолооны үнэмлэх хэвлэгдэнэ. Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 гаруй мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж байна. Дашрамд дуулгахад, одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утас руу холбогдож байгаа газраа хүргүүлээд авч болно. Мөн Дүнжингарав, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас жолооны үнэмлэхээ авч болно” гэжээ.