Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Баянхошуунд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд ажиллаж байна.

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж байна.

Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд бүтцийн Дэд төвүүд байгуулах зорилтын хүрээнд гэр хорооллыг төвийн дулаанд холбох инженерийн дэд бүтцийн барилга гүйцэтгэлийн ажил СХД, СБД-т тус тус хийгдэж байна. Энэ онд 7220 өрх төвийн дулаанд холбогдох боломжтой болж, ирэх өвөл 28,500 орчим иргэн 10,000 тонн нүүрсийг хэрэглээнээсээ халах бодит нөхцөл бүрдэх юм. 2020 онд Баянхошуу, Сэлбэ дэд бүтэц байгуулагдснаар тухайн хэсгийн айл өрхүүдийн хэрэгцээ бүрэн хангагдана. Дэд бүтцийг дагасан орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлснээр иргэдийн 60,000 тонн нүүрсний хэрэглээг жил тутамд халах боломжтой болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш Дэд бүтцийн төв болон Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа Сэлбэ дэд төвийн усан сан, насос станцын барилгын гүйцэтгэлтэй танилцах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнөөдөр /2019.04.11/ ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ тухай өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Миний бие НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчийн хувиар нийслэлчүүдийнхээ санал, бодлыг цаашид хийж хэрэгжүүлэх шинэ удирдлагын багийн ажилд хүргэж ажиллах болно” гэдгээ мэдэгдлээ.

Улаанбаатар хотын даргаар С.Амарсайхан бүтцийн өөрчлөлт хийж, нийслэлийн хоёр орлогч, төлөөлөгчийг шинээр томилсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Жанцангийн Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Шижирбаатарын Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Оросбаатарын Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Мягмаржавын Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Дашнямын Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн Отгонсүхийг тус тус томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-д сураггүй болсон эмэгтэй эмнэлэгт хэвтсэн байжээ

АНУ-ын Чикаго хотод амьдардаг 32 настай монгол эмэгтэй, Н.А сураггүй алга болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Дээрх мэдээллийн дагуу бүсгүйг эрэн хайх ажиллагааг Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд идэвхтэй зохион байгуулжээ. Эрлийн үр дүнд бүсгүйг өчигдөр /2019.04.10/ тус хотоос олсон ажээ. Бүсгүй алга болсон хугацаанд гэмт хэргийн золиос болоогүй бөгөөд арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас холбоо барих боломжгүй байсан гэдгээ хэлсэн байна.

Болсон явдлыг сануулбал, А гэх эмэгтэй нь 2019 оны гуравдугаар сарын 30-ны Бямба гаригт Чикаго хотын хойд дүүргээс алга болсон бөгөөд тус хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн ч өчигдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гаргаагүй байсан юм. Бүсгүйг алга болсны дараа Чикаго хотод оршин суудаг монголчууд нэгдэн, түүний унаж явсан автомашиныг хайж, хувийн мөрдөгч хөлслөхөөр хандивын аян өрнүүлж байжээ. Түүнийг эрэн хайх ажилд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

Туул голын эрэг дагуух газрын төлөвлөлтийг олон нийтэд зарлахыг шаарджээ

НИТХ дахь АН-ын бүлэг өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн “Зүүнбаян Рэфайнери” компани Туул голын бургасыг хядан барилга барьж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлснээр 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Харин ч бүр хууль бус үйл ажиллагаа явуулахыг нь эрх мэдлийн хүчээр хамгаалж, өөгшүүлж байсан байж болзошгүй хэмээн үзэж буй аж.

Түүнчлэн “Зүүнбаян рэфайнери” компанийн газрын хугацаа 2013 оны найман сард дууссан боловч 2014 оны дөрөвдүгээр сараас газрын эзэмших эрхийг сунгаж, үе шаттай хууль бус ажиллагаа явуулж ирсэн байна.

Иймд Нийслэлийн удирдах дээд байгууллагад ажиллаж байхдаа ахынхаа компанийн хууль бус үйл ажиллагааг нууж, нийслэлийнхний төдийгүй Туул голоос ундаалдаг Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн С.Амарсайханыг хотын даргаар ажиллах ёс зүйгүй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлэг үзжээ.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн шаардлагад хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн хамаарал бүхий этгээдээ хамгаалж, нуун дарагдуулсан С.Амарсайханд хариуцлага тооцох, компанийн учруулсан 13 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, Туул голын хойд болон урд эргийн дагуух төлөвлөлтийг олон нийтэд ил тод зарлах зэргийг дурдсан байна.

image

Categories
мэдээ нийгэм

Узбекстан улс энэ онд визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол улсыг хамруулахаар шийдвэрлэв

Энэ сарын 10-ны өдөр Узбекистан Улсын Ташкент хотноо Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, узбекистаны талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Х.Ахатов нар ахалж, Монгол, Узбекистаны харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбарт уялдаа холбоотой хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, экспортыг дэмжих чиглэлд явуулж буй тус тусын бодлогыг танилцуулав. Узбекистан Улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээ авсны дүнд ердөө нэг жилийн дотор гаднаас ирэх жуулчдын тоог нэг дахин өсгөж 5.3 саяд хүргэж чадсан туршлагаасаа танилцуулав. Хоёр улсын худалдааны эргэлт одоогоор бага хэмжээтэй боловч өсөлттэй байгааг дурдаад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох, машин техник, автобус, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, жимс жимсгэнэ зэрэг хүнсний эко бүтээгдэхүүн Монголын зах зээл рүү экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Төв Азийн улс орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хоёр талын мэргэжлийн байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоож хамтран ажиллахыг санал болгов.

image

Талууд тээврийн коридоруудыг хөгжүүлэх талаар үргэлжлүүлэн ярилцахаар тогтов. Узбекистан Улс энэ онд гадаадын улс орнуудаас иргэд визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж, Агаарын харилцааны хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг мөн санал болгов.

Монгол Улс гадаад улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өв, дурсгалуудаа бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ хүрээнд Узбекийн музей, архивт хадгалагдаж буй түүх, соёлын өвөөс олон нийтэд танилцуулахад чиглэсэн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахыг монголын тал санал болгов. Мөн “Дэлхийд тархсан монгол өв” ном нийтлүүлэх төслийг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улсын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Рашид-Ад-Дины “Судрын чуулган” бүтээлийн перс хэл дээрх хамгийн эртний эх хувь зэргийг хувилан авч уг номонд оруулахад дэмжлэг хүсэв. Узбекийн тал эдгээр саналыг нааштай судлан үзэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий прокурор эрүүгийн хэргийн шийдвэрийг нийтэд мэдээлж байхыг үүрэг болголоо

Авлигын гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг болон улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас нийтэд хүргэхэд чиглэсэн энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч нартай хамтран ажиллах, хуулиар хориглосноос бусад тохиолдолд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, прокурорын байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх ажлыг идэвхжүүлэхийг нийт прокурорын газруудад даалгасан байна.

Categories
гадаад мэдээ

Олимпын наадмыг хариуцах шинэ сайдыг томилжээ

Японы нийслэл Токио хотноо 2020 онд Олимпын наадам болон Паралимпын наадмыг зохион байгуулах ажлыг хариуцсан сайд Ёшитака Сакүрадаг лхагва гарагт огцорсны дараа уг албан тушаалд Сюнъити Сүзүкиг дахин томилсон байна. Тэрбээр энэ албан тушаалыг 2017-2018 онд хашиж байжээ. Энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээллээ.

“Тэрбээр олон нийтийн итгэлийг сэргээж, Олимпын наадмыг амжилттай зохион байгуулаасай гэж би хүсэж байна” хэмээн Абэ цохон тэмдэглэсэн байна.

Сакүрада утга агуулгын хувьд зохисгүй хэд хэдэн мэдэгдэл хийснийхээ хариуцлагыг хүлээж огцорсон юм. Тэрбээр өмнө нь эрх баригч Либерал ардчилсан намын гишүүн Хинако Такахашид зориулсан арга хэмжээний үеэр “хатагтай Такахаши бол 2011 оны газар хөдлөлт болон цунамид өртсөн бүс нутгуудыг сэргээн босгох ажлаас чухал хүн юм” гэж мэдэгджээ. Харин Такахаши нь байгалийн гамшигт хамгийн их өртсөн Ивата мужийн хүн аж.

Сакүрадагийн мэдэгдлүүд нь олон нийт болоод сөрөг хүчний намын шүүмжлэлд ихээхэн өртжээ. Тэрбээр 2011 оны байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн ар гэрийнхнээс олон нийтийн өмнө уучлалт хүсэхээс аргагүйд хүрсэн юм.

Сакүрада урьд нь мөн хэд хэдэн удаа иймэрхүү мэдэгдэл хийж байжээ. Тухайлбал, Олимпын хөдөлгөөний гол зарчмыг тодорхойлсон Олимпын Харти-г уншаагүй гэж хэлсэн байна. Тэрбээр мөн Японы Засгийн газарт кибер аюулгүй байдлын асуудлыг хамтран хариуцдаг боловч суурин компьютер ашиглаж чаддаггүй гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдэж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Т.Ариунаа Европын орноор аялан тоглоно

Гал цогтой эрч хүчээрээ үргэлж фенүүдээ байлдан дагуулдаг уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Т.Ариунаа. Тэрбээр удахгүй Европын орноор аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Швейцарь улсын Женев хотоос эхлэх түүний аялан тоглолт Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар үргэлжлэх юм байна.

Поп дива дуучин маань хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг татсан. Энэ уран бүтээл нь түүний удахгүй өлгийдөн авах “Тэнгэр шиг бай” долоо дахь цомогт багтсан уран бүтээлийн нэг аж. Дуучин Т.Ариунаа 2017 онд 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо фенүүддээ танилцуулсан.

Categories
мэдээ нийгэм

Монголд Сонгуулийн олон улсын ажиглагчийн бүсийн сургалтын төв байгуулна

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгуулийн ахлах зөвлөх ноён Стивэн Мартин, Монголыг хариуцсан ажилтан ноён Улви Ахундлу нарыг хүлээн авч уулзав.

Тус албаны төлөөлөгчид Гадаад харилцааны сайдын хүсэлтээр Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд Монгол улсын сонгуулийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сонгуулийн хуулийн төсөлд санал, зөвлөгөө өгөх, бусад орны туршлагаас хуваалцах юм. Мөн Монгол Улсад байгуулах Сонгуулийн олон улсын ажиглагчийн бүсийн сургалтын төвийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад тусална.

Уулзалтын үеэр, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсанаас гадна тулгарч буй зарим хүндрэл бэрхшээлийн талаар товч мэдээлэл өгч, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба нь хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байгаад талархалаа илэрхийлэв.

АИХЭА нь олон улсын сонгуулийн ажиглагчдаас бүрдсэн Сонгуулийн ажиглалтын хороог 57 гишүүн орон (Европ, Төв Ази, Хойд Америк)-нууддаа байгуулан тухайн орны сонгуулийн үйл ажиллагааг бүх талаас нь судлан, ажиглаж өөрсдийн санал, зөвлөмжөө боловсруулан танилцуулдаг олон улсын сонгуулийн мэргэжлийн байгууллага юм.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтон хотноо хүрэлцэн очжээ. Талууд БНАСАУ-ийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай АНУ-БНАСАУ-ын хэлэлцээг үргэлжлүүлэх арга замын талаар хэлэлцэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон билээ. Энэхүү уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш АНУ-БНАСАУ-ын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.

Д.Трамп Ким Жөн Унтай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг БНСУ-ын Ерөнхийлөгчөөс хүссэн билээ. Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн хугацаанд гурван удаа хоёр талын уулзалт хийсэн бөгөөд дөрөв дэх удаагаа уулзахыг эрмэлзэж байна.

“БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-БНАСАУ-ын хэлэлцээний талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон зэрэг тус улсын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаны дараа Мүн-Трамп нарын дээд хэмжээний уулзалт болно” гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Иний АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайвныг цогцлоох арга замыг эрэлхийлэх боломж болно хэмээн найдаж байгаагаа БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын төлөөлөгч илэрхийлсэн байна.

БНСУ-АНУ-ын удирдагчид ганцаарчлан уулзах гэж буй анхны тохиолдол энэ бөгөөд Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн албыг 2017 оны тавдугаар сард хашиж эхэлснээс хойш тэд зургаан удаа уулзсан юм.

Төрийн тэргүүн нарыг ганцаарчлан уулзсаны дараа хоёр талын өндөр түвшний төлөөлөгчид тэдэнтэй нэгдэж, цөөн хүний бүрэлдэхүүнтэй уулзалтыг зохион байгуулах ба үүний дараа төлөөлөгчид Цагаан ордонд оройн зоог барих ажээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагийн орой нутаг буцна.