Categories
мэдээ спорт

Шатарчин Ц.Анударь Азийн аварга болов

Монголын өсврийн шатарчид Шри Ланк улсын Калутар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилтыг үзүүлэв. Энэ сарын 1-10-ны өдрүүдэд болсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 300 гаруй шатарчин 8, 10, 12, 14, 16, 18 насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа.

Монголын багаас охидын 12 насанд Ц.Анударь есөн өргийн тоглолтоос долоон хожил, хоёр тэнцээ хийж 8,0 оноогоор тивийн аварга боллоо. Энэ ангилалд Вьетнам, Казахстаны шатарчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Г.Халиунаа шагналт дөрөвдүгээр байрыг эзэлжээ. Нийт 12 орны 55 шатарчин өрсөлдсөн байна.

Хөвгүүдийн 12 насанд Л.Очирбат дөрвөн хожил, таван тэнцээ хийж 6,5 оноогоор хүрэл медаль хүртжээ. Энэ ангилалд нийт 57 шатарчин өрсөлдөж, БНХАУ, Энэтхэгийн тамирчин алт, мөнгөн медалыг хүртсэн байна.

Манай бусад шатарчид рапид, блиц төрөлд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалыг хүртжээ. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Шенгений виз мэдүүлэх төв нээгджээ

Гадаад улс орнуудын засгийн газрууд болон дипломат төлөөлөгчийн газруудад аутсорсингийн болон технологийн үйлчилгээ үзүүлдэг “Ви Эф Эс Глобал” компани энэ сарын 5-нд Герман улсын Элчин сайдын яамны Шенгений виз мэдүүлэх төвийг Улаанбаатар хотноо албан ёсоор нээжээ. Тус нээлтийн арга хэмжээнд Германы Элчин сайд Штефан Дуппел оролцсон байна.

Улаанбаатар дахь Герман улсын Элчин сайдын яам нь Шенгений бүсийн нийт 15 улсад богино хугацаагаар зорчих визийн мэдүүлгийг хариуцан ажилладаг. Эдгээр төрлийн визийг “Ви Эф Эс Глобал”-аар дамжуулан мэдүүлэхээр болж байгаа аж.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дагаад Улаанбаатар дахь Герман улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо өнгөрсөн жилүүдэд ихээр өссөн байна. Иймд виз мэдүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор, ялангуяа виз мэдүүлэх цаг авахад удаан хүлээлгийн хугацаа бий болгохгүйн тулд Улаанбаатар дахь визний мэдүүлгийг “Ви Эф Эс Глобал” компаниар дамжуулж авахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тамга, тэмдэг хуурамчаар үйлдэж бусдыг залилдаг этгээдүүгийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх бусдыг залилдаг байсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон ААН-ийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомт дээрх визийн зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс цахимаар шууд хүлээн авч олгоно

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад ирэх гадаадын иргэнд 30 хүртэл хоногийн визийг Гадаад харилцааны яам, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яамаар дамжуулан, харин 31-90 хүртэл хоногийн виз болон түр ирэгчийн визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газраас олгож байна.

“Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам” зэрэг хууль тогтоомжийг зөрчиж зөрчил гаргасан байгууллага, хуулийн этгээдийг судлан үзэхэд 2017 онд 35, 2018 онд 75 байгууллага, аж ахуйн нэгж 3-аас дээш удаагийн зөрчил гаргасан байна. Тухайлбал:

Төрийн байгууллагууд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн бүртгэлийн систем гадаадын иргэн визийн зөвшөөрөл авах бүртээ шинээр материал бүрдүүлж өгдөг нь шат дамжлага ихтэй, хүнд суртал үүсгэх шалтгаан, нөхцөл болдог байна. Визийн хураамжийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр авахаар зохицуулсан байхад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 213 дугаар тушаалаар “Визийн наадаг хуудас”-ны төлбөр гэж 3 ам.доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тэмдэгтийн хураамжин дээр нэмж авахаар тогтоосон нь үндэслэлгүй төлбөр, хураамж гэж үзэх үндэстэй.

Шалган туслах ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хилийн боомт дээрх визийн зөвшөөрөл”, “Олон удаагийн бизнес ангиллын орох, гарах визийн зөвшөөрөл” гэсэн хоёр үйлчилгээг цахимаар шууд бүртгэж, хүлээн авч олгохоор шийдвэрлэлээ. Цаашид бусад төрлийн виз олгох үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байхаар болов.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, Виз зөвшөөрөл харьяатын газраас үзүүлж буй үйлчилгээний онцлогоос хамаарч иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар гадаадын иргэдэд зориулсан хэлний сонголттой мэдээллийг нийтэд хүргэх, виз олгох үйл ажиллагааг цахимжуулах, үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байгаа хууль бус тушаалыг хүчингүй болгох, удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын зөрчлийн судалгааг гаргаж, хар жагсаалтад оруулах, гаргасан зөрчлийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид зөвхөн торгууль тавиад зогсохгүй гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх чиглэлээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг асуудлыг тусгасан Зөвлөмжийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ука кинонд тогложээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука анх удаа кинонд тогложээ. Авьяаслаг дуучин бүсгүй энэ сарын 5-нд “Corporate Convention Center”-т нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кино тоглосон байна.

Дуучин Ука өмнө нь “Mongolian Connection”, “Ээжийн дайсан 2”, “Сахиулсан тэнгэр” зэрэг цөөнгүй уран сайхны киноны дууг дуулж байсан бол энэ удаа өөрөө тоглосон нь олны анхаарлыг татаж байна. Түүний тоглосон “Hi Honey” уран сайхны кинонд реппер Жий, “Гурван охин” хамтлагийн дуучин Ану, Э.Агиймаа нарын дуучдаас гадна хошин урлагийн жүжигчин М.Баярмагнай, Б.Баттөмөр, Б.Батмаа, У.Цогтбаяр зэрэг уран бүтээлчид хамтран тогложээ.

Categories
гадаад мэдээ

Брекситийг аравдугаар сарын 30 хүртэл хойшлуулав

Брюссельд болсон шуурхай хуралдааны үр дүнд Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон Европын Холбооны удирдлагууд Брекситийг аравдугаар сарын 31-нд болгон хойшлуулахаар тохиролцлоо.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск “Британий эрх баригчдад Европын Холбооноос гарах хамгийн сайн шийдэл олоход нь зориулж зургаан сарын нэмэлт хугацаа олголоо” гэж мэдэгджээ.

Уг нь Британийг Европын Холбооноос гаргах хугацаа гуравдугаар сарын 29 байсан ч ерөнхий сайд Тереза Мэй өөрийн гэрээний хувилбарыг парламентаараа дэмжүүлж чадаагүй тул хойшлох нь тодорхой болоод байв. Түүний хэлэлцүүлсэн гэрээний нөхцөлийг Британийн парламентын гишүүдийн олонх дэмжээгүй тул нийтдээ гурван удаа буцаагаад байгаа юм.

Евро Комиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер гэрээ байгуулахгүйгээр Британийг гишүүнээсээ хасах нь “сүйрэл” болно гэж үзэж байгаагаа илэрхийлээд Брюсселийн эрх баригчид гэрээг байгуулахын тулд чадах бүхнээ хийхийг амлажээ. Брекситийн дараах Британи улс болон Европын Холбооны улс төр, эдийн засгийн харилцааг зохицуулах гэрээ талуудын хувьд чухал ач холбогдолтой юм.

Тереза Мэй Брекситийг зургаадугаар сарын 30-ныг хүртэл хойшлуулах саналыг Брюссельд тавиад байв. Гэвч Европын Холбооны удирдлагууд Британичуудад илүү уян хатан нөхцөл олгохын тулд санал болгосон хугацааг нь хоёр дахин уртасгахаар шийджээ. Тереза Мэй парламенттайгаа тохиролцож чадвал заасан хугацаанаас өмнө Brexit-ийг хэрэгжүүлэх боломж нээлттэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Дамба-Очир гишүүнд холбогдох хэргийг хаахаар болжээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компани, аж, ахуйн нэгжид зээл авсан УИХ-ын нэр бүхий 49 гишүүнийг мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулж байгаа.

Дээрх 49 гишүүнээс УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын гишүүнийг яллагдагчаар татсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт холбогдох яллагдагчаар татагдсан хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Би зээл аваагүй. Миний хамаарал бүхий этгээдийн компани ч биш. Би УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан. Тиймээс прокурорын байгууллагаас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон. Өөрөөр хэлбэл, намайг яллагдагчаар татсан хэргийг удахгүй хаана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Эрүүдэн шүүсэн бичлэгийг иргэний нийгмийн байгууллагуудад үзүүлнэ

С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн.

Уг бичлэгийг Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд өнөөдөр 15.00 цагт үзүүлэхээр болсон байна.

Бичлэгийг Төрийн ордонд үзүүлэх аж.

Categories
xурдан-морь мэдээ нийгэм

Бүсийн морин уралдааны тов гаржээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд зохиогдох морин уралдааны бүсийн наадмын товыг баталжээ. Энэ жил бүсийн найман уралдаан болох бөгөөд ирэх тавдугаар сард Төвийн бүсийн уралдаанаар эхэлж, бусад уралдаан долдугаар сард зохион байгуулагдахаар болжээ.

БҮСИЙН УРАЛДААНЫ ТОВ:

  • Төвийн бүсийн уралдаан. Улаанбаатар хот – 2019.05.12
  • Төвийн бүсийн зуны уралдаан. Говьсүмбэр аймаг – 2019.07.28-29
  • Хангайн бүсийн зуны уралдаан. Хөвсгөл аймаг – 2019.07.28-29
  • Баруун бүсийн зуны уралдаан. Баян-Өлгий аймаг – 2019.07.28-29
  • Зүүн бүсийн уралдаан. Дорнод аймаг – 2019.07.28-29
  • Говийн бүсийн уралдаан. Өмнөговь аймаг – 2019.07.28-29
  • Монголын уяачдын баяр. Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан. Улаанбаатар хот – 2019.07.20-21
  • Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 280 жилийн үйн зуны бүсийн уралдаан. Баянхонгор аймаг – 2019.07.28-29
Categories
мэдээ нийгэм

Явган хүний замыг чөлөөлж эхэллээ

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд, иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээг өнөөдрөөс дахин эхлүүлж, Чингэлтэй дүүргийн 1,2,3-р хороонд нийт ес, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд нийт таван байршилд газрын зөрчил арилгах, явган хүний зам талбай, орц гарцыг чөлөөлөх ажлыг хийж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс