Categories
мэдээ нийгэм

Геодези, зурагзүйн тухай хууль тогтоомжий хэрэгжилтийг хангуулах сургалт хийв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяны хүрээнд Барилгын салбарын хууль, эрх зүйн орчин сургалтаар Геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомж, стандартын хүрээнд Барилгын геодезийн ажил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээрдэд бүтцийн салбарын 40 мэргэшсэн, зөвлөх инженерүүдэд сургалт хийлээ.

Сургалтаар Геодези, зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06, Хөрс. Барилга, байгууламжийн буурийн хэв гажилтыг хэмжих аргууд MNS 3672:1984 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, барих, ашиглах үед хийгдэх геодезийн ажил, геодезийн хэмжилт зураглал хийх нарийвчлал, геодезийн хэмжилт хийх технологийн дараалал, зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, байгаль орчны хяналтад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, Засгийн газрын 2011 оны 311дүгээр тогтоолоор дотоод хяналтыг зохион байгуулах талаар танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарыг өөрчилнө

Орон сууцнуудын нэг давхарт нийтийн хоол болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд их болж байгаатай холбоотойгоор иргэдээс ирэх гомдол, санал мөн ихсэж байгааг АТГ-аас мэдээллээ.

Түүгээр зогсохгүй сүүлийн үед нийтийн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдийн дунд хоолны хордлого авсан тохиолдолд ч нэмэгдэж байгаа.

Тиймд энэ чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллаж буйг эргэн харах зорилгоор өнөөдөр “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-аас холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгууллаа.

ТӨРИЙН БАЙГУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО, ЭРХ ЗҮЙН ОРЧНОО НЭГ МӨР БОЛГОХ ЗЭРЭГ АСУУДАЛ НЬ ДУТМАГ БАЙГАА НЬ АЖИГЛАГДСАН

Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад хяналт тавьж, асуудал шийдэх ёстой байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл “Нийтийн хоолны үйлчилгээний газруудад төрийн хяналт шалгалтын ажил явагдаж байгаа төдийгүй энэ чиглэлээр иргэдээс ирэх гомдол их гарч байна.

Төрийн байгууллагууд хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийгээгүй бол тэр чинь ч гэсэн ардаа авлига байж болно.

АТГ-аас баг гаран нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүгдийнх нь ажилтай танилцсан. Санасныг бодоход төрийн байгууллагууд ажлаа хийж байгаа нь харагдсан. Гэхдээ төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх зүйн орчноо нэг мөр болгох зэрэг асуудал нь дутмаг байгаа нь ажиглагдсан. Дээрээс нь эрсдэлийг зөв тодорхойлоход анхаарах ёстой нь харагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын газар гэхэд нийтийн хоолны салбарын үйл ажиллагаанаас олон зөрчил илрүүлдэг. Тэгээд зөрчил гаргасан газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг холбогдох газруудад нь буюу Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлдэг боловч тэр болгон цуцалдаггүй. Энэ нь зөрчил буурахгүй байх бас нэгэн шалтгаан болж байна.

Мөн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашиглалтын тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байгууллагуудыг улсын бүртгэлийн газар битгий бүртгээрэй гэхэд бүртгэчихсэн байх жишээтэй. Энэ байдал нь төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ 4,008 ОБЪЁКТ БИЙ

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 315 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр зарлагдсан ба тус ажил 25 хувьтай явж байна. Мөн нийслэлийн хэмжээнд мэргэжлийн хяналтад бүртгэлтэй архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй түүгээр үйлчлүүлэх нийт 4,008 объект бий.Тэдгээр газрыг аддестатчилах хяналт шалгалтыг бусад харьяа байгууллагуудтай хамтран явуулж байгааг НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Хонгор хэлсэн юм.

Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудтай холбоотойгоор иргэдээс,

  1. Нийтийн зориулалттай орон сууцны нэг давхарт зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг
  2. Хоолны газрын гал тогооны өрөө стандартад нийцэхгүй жижиг талбайтай
  3. Механик агааржуулалтын моторын дуу чимээ их, хоолны үнэр байнга үнэртдэг
  4. Агааржуулалт болон цэвэр бохирын хоолойгоор жоом дамжиж амгалан тайван байдал алдагдуулдаг.
  5. Шөнийн цагаар дуу чимээ их гаргаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг
  6. Шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг орон сууцанд байрлуулж, хэрэглэдэг
  7. Хоолны газраас болж бохирын шугам бөглөрдөг зэрэг гомдлууд дийлэнхдээ ирдэг байна.

Харин нийслэлийн захирагчийн албанаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрын судалгаанаас харахад нийслэлийн есөн дүүрэгт нийт 1,158 ресторан, 1,057 баар, 324 кафе байдаг аж.

2018 онд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тоо 2017 онтой харьцуулахад 54 хувиар, түдгэлзүүлсэн тоо 30 хувиар өссөн байна.
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 3 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 14-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 70,000,000 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөмж

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл өнгөрөгч гуравдугаар сард анхдугаар хуралдаанаа зохион байгуулсан. Тус хурлаас орон нутгийн зөвлөл, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагад хандан зөвлөмжийг гаргаад байна.


Нэг. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүд, орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдэд:

1.1. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах;

1.2. Улсын хэмжээнд онц чухал обьектын жагсаалтыг шинэчлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, гамшгаас хамгаалах алба, шинэчлэн баталсан улсын онц чухал обьектын хэмжээнд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, үнэлгээ хийх;

1.3. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, үнэлгээнд суурилан орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

1.4. Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, холбогдох санхүүжилтийг улс,орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн болон салбарын бодлого, төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх;

1.5. Ашиглалтын шаардлага хангаагүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, нийтийн үйлчилгээний барилгуудын судалгааг гаргаж, газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээг улсын хэмжээнд зохион байгуулж, их засвар, хүчитгэл, шинээр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;

1.6. Гамшгаас хамгаалах улсын алба бүрт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.2-т заасны дагуу гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны алба хаагчийг батлагдсан төсөв, орон тоонд багтаан томилох, гамшгаас хамгаалах улсын албаны бэлэн байдал, харилцан ажиллагааг хангаж ажиллах;

1.7. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас баталсан “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх;

1.8. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт гамшгийн аюулаас амжиж анхааруулах, эрт зарлан мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;

1.9. Аюулт үзэгдэл, осол, гамшгийн цагийн байдлын талаарх мэдээ, мэдээллийн найдвартай, эх сурвалжийн нэгдмэл байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагууд хоорондын ажлын уялдааг хангах;

1.10. “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах” журмын хэрэгжилтийг хангаж ажиллах.

Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт:

2.1. Олон улсын түвшинд батлагдсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгүүдийг үндэсний хэмжээнд харилцан уялдаатай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах.

Гурав. Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын яаманд:

3.1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх.

Дөрөв. Гадаад харилцааны яаманд:

4.1. Гамшгаас хамгаалах салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах;

4.2. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн болон бүс нутгийн платформоор дамжуулан үндэсний зөвлөлийн чадавхыг нэмэгдүүлэх.

Тав. Сангийн яаманд:

5.1. Даатгалын өнөөгийн эрх зүйн болон санхүүгийн зохицуулалтын орчинд суурь судалгаа хийж,Монгол Улсын нөхцөл байдалд нийцсэн гамшгийн даатгалын болон давхар даатгалын тогтолцоог бий болгох.

Зургаа. Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухааны академид:

6.1. Аймгуудын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг боловсруулж, газар зүйн болон зайнаас тандан судлах технологийг хөгжүүлэх,гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

Долоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яаманд:

7.1. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба, эрчим хүний улсын алба, зам тээврийн улсын албанд эрсдэлийн тойм судалгаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх.

Найм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд:

8.1. Ган, зудын эрсдэлийг тооцох, аюулыг эртнээс сэрэмжлүүлэх, эрт хариу авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.

Ес. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд:

9.1. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүх насны хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадавхыг нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.

Арав. Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт:

10.1. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн орон сууцны барилга, байгууламжийг газар хөдлөлтийн аюулд тэсвэртэй байх нөхцлийг хангах, хяналтыг дээшлүүлэх.

Арван нэг. Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газарт:

11.1. Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинэ техник, технологи, инновацийг нэвтрүүлэх.

Арван хоёр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд:

12.1. Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөр, салбаруудын бодлого, төлөвлөлт, аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн бодлого, хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгасан байдалд дүн шинжилгээ хийх.

Арван гурав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст:

13.1. Олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг олгох, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангах.

Арван дөрөв. Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд:

14.1. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах эрх зүйн орчин, механизмыг бий болгох зэрэг зөвлөмжийг гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газрас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүнийг тагнаж чагнасан гэх асуудалд Ц.Нямдорж албан бичгээр хариу өгчээ

Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр албан бичгээр хариу өгсөн байна.

Тэрбээр уг хариу бичигтээ, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгтэй тань холбогдуулан дараах үнэн бодит мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд,

1.С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулан иргэн Г.Батсүхийг гадаадаас баривчлан ирэх ажиллагаа 1999 оны 04 дүгээр сард буюу Ж.Наранцацралт Ерөнхий сайд байх үед хийгдсэн. Үүнээс хойш 1 жил 4 сарын дараа миний бие 2000 оны 08 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.

2.Иргэн Д.Энхбатыг 2003 онд Франц улсаас хүч хэрэглэн баривчилж 4 улс дамжуулан Монголд авч ирэх ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын ажилтан Б.Хурц тэргүүтэй хүмүүс гүйцэтгэн, уг асуудлыг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар нууцын журмаар шалгасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газар уг ажиллагаанд огт оролцоогүй.

Б.Хурцыг уг хэрэгт холбогдуулан Англи, Герман улсад удаан хугацаагаар хоригдож байсныг бүх хүн мэднэ.

Хуулиар Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдад шууд харьяалагддаг бөгөөд тэнд явагдаж буй аливаа нууц ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайд мэдэх, удирдах, чиглэл өгөх, ажиллагааных нь явцад хяналт тавих хууль зүйн бололцоо байхгүй, эрүүгийн хэрэгт хяналт тавих ажлыг прокурорын байгууллага гүйцэтгэдэг.

3. Та 2019 оны 03 дугаар сарын 14-нд Эрдэнэт хотод болон Жи Тайм сүлжээний хохирогч нартай уулзах үеэр уулзалтын болон олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн нэр бүхий 2 ажилтан уг уулзалтыг ажиглаад гарсан, тэр үед өөрийн тань туслах хуучны танил Баттогтохтой тааралдаж хэзээ явах, хамт хоолонд орох талаар ярилцаад явсан байна. Өөрөөр хэлбэл, өөрийг тань тагнах чагнах ямар ч ажиллагаа явагдаагүй, тийм шаардлага ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

Categories
гадаад мэдээ

Филиппинээс хүний шинэ төрөл зүйлийн олдвор илрүүлжээ

Филиппиний Лузон арлын Каллао агуйгаас хэмээх хүний шинэ төрөл зүйлд бүртгэгдэх амьтны олдворууд олж илрүүлсэн байна. Энэ нь 50-67 мянган жилийн тэртээ амьдарч байсан, хоёр том хүн, нэг хүүхдийн чулуужсан олдворууд байсан аж. Уг агуй Филиппиний Кагаян мужийн нийслэл Тугегарао хотоос зүүн хойд зүгт 24 км зайд оршдог бөгөөд газар доогуур долоон хонгилтой, хонгил тус бүрээр нарны гэрэл нэвтэрч орохоор нүхтэй байжээ.


Судлаачид 2011, 2015 онд малтлага хийж, агуйгаас 12 гар, хөл, гуяны яс болон шүд олж илрүүлжээ. Эрдэмтэд эдгээр олдворуудыг Лузон арлаас олсон тул “лузоненсис” хэмээн нэрлэсэн байна. Урьд нь 30-40 мянган жилийн өмнөх хомо сапиенсийн олдвор Палаван арлаас олдож байжээ. Лузоненсисыг неоандерталь, хомо сапиенс, хомо флорисиенс зэрэг зүйлийн амьтадтай нэгэн цаг үед амьдарч байсан гэж үзэж буй юм байна.



Эрдэмтэд олдвороос ДНК ялгаж авах оролдлогыг нэг бус удаа хийсэн ч одоогоор хараахан амжилтанд хүрээгүй байгаа гэнэ. “Сүүн тэжээлтний биеийн хэмжээг шүднийх нь хэмжээнээс мэдэх боломжтой байх нь олонтаа. Тиймээс бид Лузоненсисыг биеэр жижиг хүмүүс байсан байх хэмээн таамаглаж байгаа. Хэр хэмжээтэй гэдгийг бид хараахан мэдэхгүй. Араг ясны бусад хэсгүүдийг олох хэрэгтэй. Тэдгээрийг олсноор энэ хүний биеийн хэмжээг нарийн тогтоох боломжтой” гэж эрдэмтдийн багийн гишүүн Пипер ярьсан байна.

Лузоненсис нь бусад төрлөөсөө юугаар ялгаатай вэ?

Энэхүү амьтан нь бусад төрлүүдээсээ жижиг араа шүдээрээ ялгаатайгаас гадна гар, хөл тавхайн яс нь тун өвөрмөц аж. Хурууны ясуудын хэлбэр хомочуудын өвөг 2,9-3,9 сая жилийн өмнө амьдарч байсан австралопитекустай төстэй байгаагаас харахад тэд амьд үлдэхийн тулд ямар нэг зүйл дээр авирдаг байсныг илтгэж байна гэж эрдэмтэд үзжээ.

Хомо флоресиенсис буюу хоббитууд Африкаас нүүж, зүүн өмнөд Азид ирснийг гэрчлэх хэд хэдэн олдвор байдаг аж. 2003 онд Индонезийн Флорес арлаас 100-60 мянган жилийн өмнө амьдарч байсан хоббитуудын яс олджээ. Тэд орчин цагийн хүн төрөлхтөнтэй харьцуулахад тархины хэмжээ нь 1/3-тэй тэнцэхүйц, метр орчим өндөртэй ч чулуу ашиглаж, заан агнадаг байсан гэж үздэг.

Эрдэмтэд хоббитууд газар нутгийн онцлогоос шалтгаалан улам бүр жижгирсэн ба магадгүй лузоненсисуудад ч ийм зүйл тохиолдсон байхыг үгүйсгэхгүй гэжээ. Мөн тэд “Уг олдвор эрт дээр үед хүний дүрст амьтад Зүүн Өмнөд Азид нүүдэллэн ирсний томоохон баталгаа” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Лусоны хүн” энэ арал дээр хэрхэн ирсэн, мөхөж устсан хүмүүсийн ямар төрлүүд энэ хүний ойрын төрөл байж болох талаар судлах шаардлагатай байгааг ч мөн онцолжээ.

Сануулахад, өнгөрсөн онд Лусон арлаас чулуун зэвсэг, чулуун зэвсгийн ул мөр бүхий хирсний яс олсон талаар эрдэмтэд мэдээлж байлаа. Тэдгээрийн насжилтыг ойролцоогоор 700 мянган жил гэж тогтоож байсан бөгөөд үүнээс өмнө арал дээрх эртний уугуул суугчид нь 67 мянган жилийн өмнө Каллао агуйд суурьшсан хүмүүс гэж тооцож байв.

Өмнө нь эрдэмтэд дээрх олдвороос гадна хүний гурван өөр төрөл зүйлийг амжилттай илрүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Суданы Ерөнхийлөгч огцорчээ

Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь огцруулж, шилжилтийн зөвлөл байгуулахаар хэлэлцэж эхэлсэн талаар тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Тус улсын Хойд Дарфур мужийн Үйлдвэрлэл, эдийн засгийн сайд Мажуб Хусейн “Al-Hadath” телевизээр “Ерөнхийлөгч аль-Баширыг огцорсны дараа төрийн эрхийг авах цэргийн зөвлөл байгуулахаар зөвлөлдөж байна” хэмээн мэдээлсэн байна.

Мэдээллийн “Baj News” порталд мэдээлснээр, Суданы цэргийн зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Авад бин Ауфаар удирдуулсан цэргийнхэн нэг жилийн турш улс орноо хүчээр авахаар бэлтгэж байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч асан Омар аль-Башир хаана байгаа талаар үнэн зөв мэдээлэл байхгүй байгаа аж. Зарим хэвлэлд цэргийнхэн түүнийг гэрийн хорионд байлгаж байгаа гэж мэдээлж буй бол зарим нь улс орноо орхин явсан гэжээ.

Суданы зэвсэгт хүчин тун удахгүй шилжилтийн үед улс орныг удирдах цэргийн зөвлөл байгуулснаа албан ёсоор зарлах юм байна. Гэвч одоогоор тус зөвлөлийг хэн тэргүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Шилжилтийн үе нэг жилийн хугацаанд үргэлжилж болзошгүй юм байна.

Цэргийнхэн улсын телевиз, радиогийн компанийн байранд хүрдэг замуудыг хаасан учир хотын замын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ. “Аl-Hadath” телевизээр Суданы Батлан хамгаалахын сайд асан, эрх баригч “Үндэсний конгресс” намын дарга Ахмад Харун болон аль-Баширын орлогч асан Али Усман Тах, Ерөнхийлөгчийн хувийн хамгаалагчдыг баривчилсан гэж мэдээлсэн байна. Суданы олон улсын нисэх онгоцны буудал хаалгаа барьжээ.

2011 онд АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, Өмнөд Судан салан тусгаарласны дараа Судан улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн билээ. 2018 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс талхны үнийг бууруулах шаардлагаас эхэлсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал аажмаар 30 жил тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Омар аль-Баширын улс төрийн дэглэмийг өөрчлөх тэмцэл болж өргөжсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн ажилтнууд жагслаа

Олон улсын статистикийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс явган зорчигчдод хамгийн эрсдэлтэй орны жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Тэр дундаа осолд өртсөн бага насны хүүхдийн тоогоор дэлхийн улс орны жагсаалтыг манлайлж байгаа юм. Өнгөрөгч онд гэхэд л 375 хүүхэд осол гэмтлээр амиа алдсан байна. Амиа алдсан хүүхдүүд ямар ч дайн байлдаан, алан хядах ажиллагааны золиос болоогүй зөвхөн авто замын ослын улмаас хорвоог орхисон нь харамсалтай.

Эмнэлгийн мэргэжилтнүүд  алаг үрсийнхээ төлөө “жагслаа”

Зам тээврийн осолд өртөгсөд ихэвчлэн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амь насаа алддаг бөгөөд ГССҮТ-д өдөртөө 500 гаруй иргэн яаралтай түргэн тусламжаар үйлчлүүлдэг аж. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр осол гэмтлийн 80 гаруй хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг бөгөөд ихэнхдээ суудлын бүс зүүгээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй зэргээс үүддэг байна.

Тэгвэл өнөөдөр /2019.04.11/ “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Тээврийн цагдаагийн алба хамтран “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 12.30-13.00 цагийн хооронд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өөрийн санаачлан боловсруулсан “Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1996 онд Орон сууц хувьчлах тухай батлагдаж, нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин, түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухайхууль батлагдан хэрэгжиж байна. Сууц өмчлөгчдийн холбоо 1997 оноос байгуулагдаж эхэлсэн ба 2015 оны IV улирлынбайдлаар 1022 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 881, орон нутагт 141 байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дод нийт 153.312 орон сууц бүхий 2368 байр хамрагддаг бол орон нутагт 42267 орон сууц бүхий 1009 байр хамрагддаг байна. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна. Хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажих, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулах, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болох, төрийн ба төрийн бус байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг шинэчлэн зохицуулах ач холбогдолтой” гэж хууль санаачлагч үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Далан давхарт гал гарчээ

Нийслэлийн баруун хойд хэсэгт орших “Далан давхар”-ын оршуулгын газарт түймэр гарчээ. Уг түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Гал гарсан тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 03.00 цагийн орчимд иржээ.

Галын шалтгааныг одоогоор урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлсэн бөгөөд орон гэргүй хүмүүс гал алдсан байж болзошгүй байгаа аж.