Categories
мэдээ нийгэм

Өглөгт охин одтой, шарагчин туулай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 12, Сугар гариг. Билгийн тооллын 7, Өглөгт охин одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6:10 цагт мандан, 19:37 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улай гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Баярлалаа та нартаа гэхийн оронд баярлах ёстой та нар ч гэх шиг…” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Баярлалаа та нартаа гэхийн оронд баярлах ёстой та нар ч гэх шиг…” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “Багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэв” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Таван толгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам дотоод, гадаад урсгал аль аль нь мөн” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Монголбанк том, жижиг банкуудад ялгаатай ханддаг уу” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт “М.Оюунчимэг: ЕБС-ийн сурагчдын нэг өдрийн үдийн цайнд оногдож байгаа мөнгө 200 төгрөгт л эргэлдэж байгаа” хэмээн ярив.

“Их хотын тренд унаа
СКҮҮТЭР” хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлэв.

“МУСГЗ, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ: Манай үндэсний сэтгүүл зүй “Монголын нууц товчоо”-ноос эхтэй” хэмээн “Хүмүүс” нүүрт ярьжээ.

“Агуу математикч Гаусс ба Эварист Галуа” хэмээн “Шинжлэх ухаан” нүүрт өгүүлжээ.

“Нэг ангийнхан” нүүрт “Элэгдсэн зурагны эзэд хаана явна?” хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр: Монгол авлигын хямралд орчихоод байна. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, иргэд л татаж гаргана” хэмээн ярьжээ.

“Үндэсний Аудитын газрын санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг: Аудитын газар нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагыг торгоогүй, торгох эрх ч байхгүй” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Таамаг төдий байсан хар нүх бодит болохыг батлан харууллаа” хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлэв.

“Ил харагдах, үл харагдах хоёр” номын тухай “Энэ өдөр” нүүрт өгүүлэв.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

170 дугаар цэцэрлэгийг хаажээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах 170 дугаар цэцэрлэгийн зургаан анги, гал тогоонд мөөгөнцөр үүсч, цууралт үүссэн тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Цэцэрлэг бүрэн чадлаараа ажиллавал 21 бүлгийн 760 орчим хүүхдийг хамруулан сургах боломжтой аж.

Тус цэцэрлэгийг барилгыг 2016 онд 2.6 тэрбум төгрөгөөр барьж байсан байна. Гэвч гуравхан жилийн дараа мөөгөнцөртөж, цуурч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул барилгын гүйцэтгэгч “Санхеро” команийг холбогдогчоор татан, Зөрчлийн хэрэг нээгээд байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Багш нарын хоолны мөнгийг хүүхдүүдийнхтэй цуг тусгаж болохгүй юу

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Өнөөдрийн байдлаар нэг сурагчид ногдох үдийн цайны өртгийг 600 төгрөгөөр тооцож байгаа. Уг хууль батлагдсанаар 600 төгрөгийн үдийн цайг 1,200 төгрөгт багтаан үдийн хоол болгох юм.

Хуулийн төслийг Б.Ундармаа нарын найман гишүүн өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-нд өргөн барьсан билээ. Өргөн баригдсан хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг мөн оныхоо аравдугаар сарын 11-нд хэлэлцэн дэмжсэн боловч эхний хэлэлцүүлгийг хийлгүй хойшлуулсаар өнөөдөр хэлэлцэж буй нь энэ юм.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үдийн цайг үдийн хоол болгож байгаа нь сайн хэрэг. Сургууль бүр өөрийн гэсэн цайны газар байгаа юу. Хэдэн сургууль дотроо цайны газартай байна вэ. Зөөврийн байдлаар шийдэх үү. Зөөврийн хоол хүнс аюултай. Бүтээгдэхүүний хадгалалт дээр хэрхэн хяналт тавих вэ. Хэрхэн тооцоолсон талаар мэдээлэл өгнө үү.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сүүлийн 10 жил судалгаа хийж байна. 2018 онд ЕБС-ийн бүх анги танхимд шалгалт хийхэд 50 гаруй хувь нь дотоод хяналтгүй, зориулалтын бус гал тогоогүй байгаа юм. Нэг хүүхдийн 600 төгрөг гэдгийг бүгдийг нь хоолондоо зарцуулж, шаардлагатай хоол хүнс хэрэглэх бололцоо байгаа ч мөнгөний тал нь хоолонд зарцуулагдаж байгаа учраас бид стандартын шаардлага хангасан болгох зорилго тавьж байна. Цаашид хоол хангамжийн систем бий болох анхны алхам бүрдэх боломж байна. Нийслэлийн хэмжээнд 141 сургууль байгаагийн 80 нь зориулалтын гал тогоотой, огт гал тогоогүй долоон сургууль байна.

УИХ-ын гишүүн Ц.Сарангэрэл: Сүүлийн үед ЕБС-иудад хоолны хордлого их гарч байна. Хамгийн сүүлд “Singapore school of Mongolia” сургуульд нийтийг хамарсан маш том халдвар гарсан. Цусан суулга өвчний нян ажилчид, сурагчдын 80-д нь илэрсэн. Сургуулиудын хоолны газрын хяналтыг МХЕГ, НМХГ хийдэг. Гэтэл энэ олон удаагийн хоолны хордлого гарч байхад мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байна.

Л.Эрдэнэчулуун дарга хааяа гарч ирж сүртэй мэдэгдэл л хийж байна. Энэ олон удаагийн хордлого гарч байхад урьдчилан сэргийлэх, таниулах ажил хангалтгүй байснаас эрүүл мэндийн байгууллагад хүн хүч, хөрөнгө санхүүгийн хүндрэл учруулж байна. Хуулийн төсөл боловсруулж байх үеийн нөхцлөөс өнөөдрийн нөхцөл өөр болсон тул дахин харах хэрэгтэй гэж бодож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Үдийн цайг үдийн хоол болгохыг дэмжиж байна. Гэвч буруу зохион байгуулснаас болоод хэл ам хийж байна. Би анх энэ ажлыг эхлүүлж байсан юм. Тухайн үед улсын төсөвт мөнгө суугаагүйгээс Мобиком корпорациас 300 сая төгрөг авч эхлүүлж байсан юм. Тухайн үеийн парламент ичээд дараа нь төсөвт тодотгол хийж байсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж чадах уу, улсын төсвийн тодотгол хийхгүй гэж байгаа тэгэхээр амьдрал дээр бэлтгэл хангагдаж чадах уу.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 600 төгрөгөөр юу авах вэ. Иймэрхүү юмыг БСШУСЯ анхаарч үздэг үү. Хүүхдийн биеийн өсөлтийг судалж үздэг үү. Үдийн хоолоо өгсөн шиг өгөх хэрэгтэй.

Сургууль яагаад туслах аж ахуй эрхэлж болдоггүй юм. Хоёрдугаарт багш нарын асуудал байна. Багш нарын цалин ямар билээ. Гараад хоол аваад идэх боломж бага. Хэдхэн багш нарынх нь хоолны мөнгийг хүүхдүүдийнхтэй цуг тусгаж болохгүй юу.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Бид нэг хүүхдийн хоолны зардал тэд байна гэж тогтоож болохгүй. Харин нийт хүүхдэд ногдох нормативыг инфляцын түвшинтэй уялдуулах ёстой гэж Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Мөн багш нарын үдийн хоолыг энд багтаах ёстойг дэмжиж байгаа. Энэ асуудлыг хоёр дахь хэлэлцүүлэгтээ оруулж болно.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хүүхдийн хоол хүнсний асуудлыг дэмжих хэцүү дэмжихгүй байх хэцүү байна. Ямар хоол өгөх гэж байна вэ гэдгийг бодохоор дэмжих хэцүү байна. Яг ямар ямар хоол өгөх задаргаа байна уу.
300 гаруй тэрбум төгрөгийг таван жилийг хугацаанд хүүхдийн үдийн цайнд зарцуулна гэж байна. Үүнийг өөрөөр яаж шийдэх арга байна вэ. Үдийн цайнд уламжлалт хоол хүнсээ оруулж ирэх боломж байна уу гэдгийг тодруулъя.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хоолны эрүүл ахуй, илчлэг хамгийн чухал. Хуулийн есдүгээр зүйлд Хоол зүйчийн эрх үүрэгт хүүхдийн хоолны цэс боловсруулах тухай заалт оруулсан байгаа. Уламжлалт хоол хүнс оруулах бүрэн боломжтой. Импортоор оруулж ирсэн, янз бүрийн орц найрлагатай бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллохгүйн тулд энэ хуульд зааж өгсөн. Яаж хяналт тавихыг нь ч тодорхой заасан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хоол зүйч монголд хэр олон байдаг вэ. Алслагдсан суманд, багт байдаг сургуульд хоол зүйч очиж ажиллах уу. Энэ хуулийг хотод, төвийн дүүрэгт байдаг сургуульд зориулж гаргаад байгаа юм уу. Говийн сумдад очиж ажилладаг багш ч ховор байхад хоол зүйчтэй байж чадах уу. Хоол зүйч байтугай зарим алслагдсан сумдад багш ч хангалтгүй байхад энэ хуулийг 2020 оноос хэрэгжүүлж чадах уу. Тиймээс хууль хэрэгжих хугацааг анхаарах хэрэгтэй байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Олон Улсын гэрээний тухай хуульд “Монгол Улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар хуульчилжээ.

Энэ нь Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах талаарх Үндсэн хуулийн зохицуулалтад нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн байна.

Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 19-ний өдөр болно гэж Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дэн буудлын өрөөнд амиа хорлосон хэрэг гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орших нэгэн дэн буудлын өрөөнд 31 настай эрэгтэй амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, дээрх хэрэг энэ сарын 9-ний өдөр 13.00 цагт гарсан бөгөөд О нь өөрийгөө ангийн буугаар буудан хөнөөсөн байна. Талийгаач нь тухайн дүүрэгт оршин суудаг гэх бөгөөд эрүүн тус газраа буудаж амиа хорлосон байдалтай нас барсан байсныг буудлын ажилтан мэдэж цагдаад мэдээлжээ. Түүнийг буудал руу амиа егүүтгэх зорилгоор буу авч орсон байж магадгүй хэмээн буудлын ажилчид хардаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгт хамааралтай гэх баримт материалыг бэхжүүлэн шинжилгээнд хамруулахаар явуулсан бөгөөд тухайн дэн буудлын эздээс болон ээлжид гарч байсан ажилчдаас мэдүүлэг тайлбар авчээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай тэмцэх газар “Сургалт, мэдээллийн тэнхим”-тэй боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.04.11/ боллоо.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, өсвөр үеийн залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор тэнхмийг байгуулжээ.

2019 он гарсаар Хар тамхитай тэмцэх газраас 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуус байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тэнхмийг нээж байгаа юм.

Тэнхмийн нээлтэд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгддэг байна

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо буурахгүй, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд “Эко алтан заамар” компанийн уурхайд нуралт үүсч дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн хөдөлмөрийн чадвараа алдсан билээ. Ер нь хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алджээ. Тиймээс ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас салбарын яамтай хамтран “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулжээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун: Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьж буй орнуудад арга хэмжээ авна

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун улсынх нь эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, шахан гадуурхаж буй орнуудын удирдлагуудад хандан анхааруулга хүргүүлсэн талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн цахим хуудаст нийтэлсэн байна. Удирдагч “Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьж буй орнуудад хатуу арга хэмжээ авах болно. Мөн хэзээ ч уучлахгүй” гэж хатуухан мэдэгдлээ.

Тэрбээр мөн эрх баригч намдаа “дотооддоо түшиглэх” бодлогыг эрчимжүүлэх өгсөн гэж албаныхан уламжлав.

Хойд Солонгост шинээр сонгогдсон парламентын гишүүд өнөөдөр анхныхаа чуулган уулзалтад оролцож буй юм. Уг уулзалтаар Хойд Солонгосын эдийн засгийн өөрчлөлт, томоохон бүтээн байгуулалтын талаар хэлэлцэхээр болжээ.

ТРАМП, КИМ нарын хоёр дахь уулзалт хэдий зөөлөн уур амьсгалтай болсон ч уулзалтын төсгөлийн үеэр удирдагчид харилцан тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцацгаасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны хуралдаан болов

Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулав. Хуралдааныг Гадаад харилцааны сайд, Үндэсний хорооны дарга Д.Цогтбаатар удирдан явуулсан бөгөөд энэхүү хуралдаанд ХХААХҮЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, ХХМТГ, ҮХГ, МҮХАҮТ-ын төлөөлөл болон Азийн хөгжлийн банкны “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн зохицуулагч нар оролцов.

Үндэсний хороо ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна гадаад худалдаанд оролцогч Монголын аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдэд экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай гадаад болон дотоод таатай нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хуралдааны үеэр Үндэсний хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2019 оны үйл ажиллагаанд тусгагдсан ажлын явцын талаар хэлэлцлээ. Үүнд худалдаатай холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангах “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” болон гадаад худалдаанд оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах “Цахим нэг цонхны систем”-ийг байгуулах асуудал багтав. Түүнчлэн манай улсаас мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед тулгарч буй асуудал болон Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох шаардлагын талаар мэдээлэл солилцож, харилцан ярилцаж холбогдох шийдвэр гаргахаар болов.