Categories
мэдээ нийгэм

Баянхошуунд төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төв ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нараар ахлуулсан баг өнөөдөр нийслэлийнхэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан байдаг ба “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслөөр дэд төвүүдийг бий болгох суурийг хэрэгжүүлдэг юм.

Төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх ба одоогоор төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 хувьтай хэрэгжиж байна.

Мөн Баянхошуу дэд төвийн хүрээнд барьж ашиглалтад оруулсан бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга, үйл ажиллагаа явуулах сургалт, иргэдийн мэдээллийн төв болон нэг цэгийн үйлчилгээний анги танхимыг үзэж, танилцлаа. Баянхошуу дэд төв нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон шугамын дагуу байрлах Хилчин хорооллыг эхний ээлжинд холбох юм. Ингэснээр нийт 7 ширхэг уурын зуухыг буулгах ба энэ нь жилдээ 10 мянган тонн буюу 6830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэх юм.

Түүнчлэн энэ төвд “Иргэд бизнес төлөвлөгөө бичих, хэрхэн банкнаас зээл авах зэрэг сургалтанд хамрагдахын зэрэгцээ Герман Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад нэг сая еврогийн үнэ бүхий, 5000 мэргэшсэн ажилтан бэлтгэх туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Тус сургалтын төв нь ойр орчмын хороодын ажилгүй иргэд гагнуурчин, цахилгаанчин зэрэг мэргэжлээр сурч, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад дадлагажих боломжтой” хэмээн төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр захын хорооллуудад хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Одоо ирээд байгаа Баянхошуу дэд төв бол бүхий л зүйлийг цогцоор нь шийдсэн төсөл. Захын хорооллын иргэд заавал хотын төв рүү явахгүйгээр бүхий л асуудлаа шийдэх боломжтой болж байна. Цаашдаа Засгийн газар хотын захиргаа, олон улсын байгууллагуудтай хамтраад ийм дэд бүтцийн төвүүдийг байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал гэр хороолол маань хөгжинө. Нийслэлд 200 мянган гэр хорооллын өрх бий. Эдгээр өрхийг орчин үеийн барилга, орон сууцны барилгаар хангах нь МУ-ын Засгийн газрын хамгийн том зорилт. Эдгээр дэд бүтцийн төвүүдээ ашиглаад гэр хорооллоо амины орон сууц болгож болж байна. Энэ ажлыг зохио байгуулж байгаа хотын захиргаа, төсөл хэрэгжүүлэгч та бүхэнд талархал илэрхийлье. Үүнийг цаашаа улам үргэлжлүүлэх ёстой” хэмээлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгын, бүтээн байгуулалтын улирал богино тул төслийн ажлыг хурдацтай хэрэгжүүлэхэд холбогдох газруудыг дэмжиж ажиллах үүрэг болгов. Түүнчлэн иргэд, оршин суугчид, ААН-үүд уг төслийн бүтээн байгуулалтын ажил, газар чөлөөлөлт, дэд бүтцэд холбогдож амьдрах орчноо сайжруулах үйлсэд идэвхи санаачилгатай оролцохыг уриалав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн хоолны эрсдэлийг бууруулахад АТГ хамтарна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх”-ээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт болон бусад нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай холбоотой иргэд, олон нийтээс гарч байгаа гомдол, мэдээллийг хэлэлцүүлгээр хөндсөнбөгөөд нийтийн хоолны үйлчилгээнд хийж буй мэргэжлийн хяналт шалгалт болон төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, санал, бодлоо хэлэлцэв.

Орон сууцны нэгдүгээр давхрын зориулалтыг өөрчлөн, ашиглалтын шаардлага хангахгүй орчинд нийтийн хоол хүнсний үйлчилгээ явуулж байгаа байруудад бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгож байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийхдээ эрсдэлийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бий болгох, бэхжүүлэх, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо үндэслэлгүй нэмэлт төлбөр хураамж авахгүй байх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэгт оролцогч талууд цаашид хамтран ажиллахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын ЭСЯ-наас визний талаар монголчуудад хариу өглөө

Монгол Улсын иргэн Хөх ордонд гаргасан хүсэлттэй холбоотой БНСУ-ын Элчин сайдын яамны байр сууриа илэрхийллээ.

1. Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байгаа талаар хэсэг бүлэг хүмүүс гомдол гарсан байна. Үүний нэг жишээ нь Солонгос улсад оршин суудаг Монгол улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасан.

2. Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос улсын засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал(ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурьдвал,

Нэгдүгээрт, Солонгос улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Сүүлийн үеийн тоон мэдээнээс харахад, өдөрт 800-1,000 гаруй визний материал хүлээн авч байгаа ба үүнийг долоо хоногоор нь авч үзвэл тухайн улсын нийт хүн амын 0.1%, нэг сараар нь авч үзвэл 0.4%, нэг жилээр нь авч үзвэл 5%-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна.

Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна.

Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна. Өнөөдрийг хүртэл шалгагдаж тодорхой болсон хуурамч бичиг баримтын төрөл нь ойролцоогоор 17 төрөл бөгөөд 2018 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж байгаа Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна. Үүнээс үүдэн ЭСЯ-нд мэдүүлсэн визний материалыг шалгах үйл явц хэвийн явагдах боломжгүй болж, бүх материалыг нарийвчлан шалгалт явуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

Хуурамч бичиг баримтын төрөл болон илэрсэн тохиолдол: OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, 5сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт

Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог.

Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна.

Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь ‘Соёл иргэншилт нийгэм’тэй, ‘Хууль журамт улс’ болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн ‘хууль бус үйлдэл’-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно. Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч байна.

3. Олон улс, даяарчлалын эрин үед аливаа улс орны хил хязгаарыг давсан “ард иргэдийн шилжих хөдөлгөөн” нь цаанаасаа урган гарч буй зайлшгүй хэрэгцээ болоод байна. Гэхдээ хилийн дээсийг давахын тулд дүрэм журмын дагуу визээ мэдүүлэх хэрэгтэй байдаг ба хоёр орны харилцаа(гэрээ хэлэлцээр)-ны дагуу визгүй зорчих тохиолдлууд ч байдаг. Энэ мэт гадаад иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх үүднээс зөвшөөрөл олгодог шалган нэвтрүүлэх ажил(визний материалыг шалгах, виз олгох, онгоцны буудал дээр хилийн шалганаар нэвтрүүлэх, оршин суух визийг шалгах, сунгах зэрэг)нь тухайн гадаад иргэнийг хүлээн авч буй(хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн) тухайн улсын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Виз нь виз мэдүүлж буй гадаад иргэн болон БНСУ-ын засгийн газар хоорондын “итгэлцлийн тэмдэг” юм. Тухайлбал, виз нь “Та БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн тохиолдолд таны бүрдүүлсэн бичиг баримтанд итгэж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно. Та БНСУ-ын газар нутагруу орсноос эхлэн визэн дээр хэвлэгдсэн визний зорилго болон хугацаа мөн БНСУ-ын хууль дүрмийг чандлан сахина хэмээн итгэж байна” гэсэн утгыг агуулж байдаг.

Гэсэн хэдий ч энэ итгэлийг эвдэх тохиолдол нэмэгдсээр байвал үүнтэй тэмцэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “итгэл алдсан тэдгээр хүмүүст болон бусад хэнд ч гэрийнхээ үүдийг нээж дураар нь оруулж гаргах боломжүй” гэдэгтэй утга нэг юм.

4. Солонгос, Монгол манай хоёр улс нь 1990 онд түүхэн найрамдалт харилцаа тогтоосноос хойш ойр дотно найрамдалт улсууд болсноороо хамтын харилцаагаа гайхалтайгаар хөгжүүлж ирсэн. Цаашдаа ч иргэд хоорондын солилцоо төдийгүй бүхий л салбар улам өргөжин хөгжих хэрэгтэй байна. Гэхдээ хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой.

Манай ЭСЯ нь “ахан дүүс үндэстэн” болох монгол иргэдийн Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчих визний мэдүүлгэд халуун дулаанаар хандан, “хүмүүнлэгийн” болоод “улс орны эрх ашгийн” үүднээс хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн ба яаралтай хагалгаанд орох, суралцах зорилгоор их, дээд сургуульд элсэн орох зэрэг тохиолдолд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгож буй “визний яаралтай шийдвэрлэх хүсэлт”-д тулгуурлан визний яаралтай шийдвэрлэх тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй юм. Энэ асуудал нь манай хоёр улсын харилцаа урт хугацаанд эрүүлээр хөгжихөд саад болох учир зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай.

5. БНСУ-ын виз нь БНСУ-ын холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан шат дараалалд үндэслэн шалгагддаг. Түүнээс солонгос танилтай эсвэл ЭСЯ-нд ажилладаг танилтай гээд хууль бусаар шалгагдах эсвэл виз олгогддоггүй болохыг мэдэгдэж байна. Солонгосын визтэй холбоотой визний брокер болон визний залиланд анхаарал сэрэмжтэй байж, хувь виз зуучлалын газар, хувь Солонгосын лавлах үйлчилгээний төв(Call Center) зэрэгт төөрөгдөн хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг хүсэж байна.

Манай ЭСЯ нь хууль бус үйлдэлтэй холбоотой асуудалд БНСУ-ын хууль, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу монгол, солонгос иргэнд адил тэгш хатуу чанга арга хэмжээ авах болно. Мөн сэжиг бүхий этгээдийн талаар манай ЭСЯ-ны мэйл хаяг(kormg2@mofa.go.kr)-руу мэдээллэхийг хүсье.

Монголын нийгэм, хоёр орны холбогдох хууль дүрмийг чандлан сахин, энэ мэт хууль бус үйлдэлд ажиглагчийн байр суурьнаас идэвхитэй хандаж, хууль бус үйлдлээс үүдэн гэм зэмгүй энгийн монгол иргэн хохирол амсахгүй болж, хоёр орны итгэлцэл сэргэн ирээдүйд чиглэсэн найрамдалт харилцаагаа өргөжүүлэн батжуулахад та бүхнээс хамтран ажиллахыг хүсье.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ хуралдаанаар Монголын багш нарын VII их хурал болж байгаатай холбоотойгоор багш нарын хөгжлийг дэмжих асуудлуудыгшийдвэрлэх тогтоол гаргахаар хэлэлцэж байна.

Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ их хурлаар багшийн хөгжлийн асуудлаас гадна ажлын ачаалал, цалин хөлсний асуудлыг хэлэлцэж буй юм. Их хурлын эхний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш нарт хандаж хэлсэн үгэндээ “Боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авах болно” гэдгийг онцолсон. Засгийн газрын тэргүүн хэлсэн үгээ ажил хэрэг болгохоор Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж буй бололтой.

Categories
мэдээ нийгэм

Дамбадаржаа дэд төвийн цэвэр усны шугам ашиглалтад орно

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Дамбадаржаа дэд төвтэй танилцлаа.

Дамбадаржаа дэд төв нь дээрх төслийн II шатны төсөл бөгөөд нийт 62 га газар нутгийг хамардаг, нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчилдэг, худалдаа соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дэд төв байхаар төлөвлөжээ.

Олон улсын судлаачдын дүгнэлтээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол гүний усаа бохирдуулах хэмжээнд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авахыг зөвлөдөг.

Дамбадаржаа дэд төвийн хамгийн эхэнд хэрэгжих төсөл болох ундны цэвэр усны 11.4 км шугам ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажлаа эхэлүүлжээ. Цэвэр усны шугам ашиглалтад орсноор Дамбадаржаа дэд төвийн 62 га нутаг дэвсгэрт байх айл өрх, албан байгууллагууд эрүүл аюулгүй цэвэр усаар хангагдах боломжтой болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар есөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн “Түр хороо байгуулах” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг тогтоол нь Олон улсын парламентийн холбооны Удирдах зөвлөлийн уриалгын дагуу С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан хуулийн хүрээнд шударга болсон эсэхийг шалгаж, УИХ-д танилцуулах түр хороо байгуулахаар тусгасан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүгдээрээ бүүдийж явахаар багаасаа тодрох нэг нь тодорч байг л дээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийнхөө гаргасан нэгэн тушаалыг нийтэд танилцууллаа. Түүний тушааснаар бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглолоо. Ингэснээр хүүхдүүд ямар нэгэн уралдаан тэмцээнд орох эрхгүй болов. “Олимпиад, уралдаан тэмцээн нь хүүхдүүдийг их стресстүүлдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл болоод байна” хэмээн сайд мэдэгдэв. Үүнийгээ их сайн шийдвэр хэмээн андуурч бодоод байна. Харин ч хүүхдүүдийг олимпиад, тэмцээнд оруулахгүй байх нь өрсөлдөөнийг хориглож, байхгүй болгож байгаа хорон бодлого юм. Авьяас чадвар, мэдлэг, сурлагаараа бусдаас илүү гэсэн итгэлийг хүүхэд багаасаа мэдэрч өсөх нь буруудах юмгүй. Дээрх тушаал бол ийм итгэлийг байхгүй болгож байгаа хэрэг юм. Ангиас авьяас чадвартай, сурлагандаа сайн хүүхэд тодорч гарах нь бусдадаа халтай учраас ийм хүүхэд байлгахгүй гэж байгаа бололтой. Уул нь яг жинхэнэдээ хүүхдүүд биш, тэдний атаархуу эцэг эх л сайн хүүхдэд хорссондоо дээр сайдын дурдсан байдалд ордог шүү дээ.

Сүүлийн үед дүн гаргах, шалгалт авах, гэрийн даалгавар өгөхийг хориглох хэрэгтэй гэсэн үзэл давамгайлж, эцэг эхчүүд ч тэгж шаардах болжээ. Ганц манайх ч биш, дэлхий нийтийн үзэл хандлага иймэрхүү болчихож. Үүнийг сул доройчууд нийгмийг удирддаг болсноос үүдэлтэй хэмээн тайлбарладаг юм билээ. Энэ нь гялалзсан нэгнээ татаж унаган, бүгд ижилхэн байх хүслээс үүдэлтэй гэдэг. Тамын тогооны үлгэр бодит амьдрал дээр, бүр боловсролын салбарт биежиж эхэлж байна. Нэг нь уйгагүй мөлхөж оролдож арай гэж тогооны ирмэг дээр гарах дөхөхөөр доор байгаа хэсэг нь хөлнөөс нь татаад унагачихдаг. Ийм болохоор хэн ч тэр тогооноос гарч чаддаггүй, бүгд ёроолд нь үлддэг үлгэр бидний үр хүүхдүүдийн амьдралд бодит болох нь.

Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэж ардын сургаал бий. Яагаад хичээлдээ муу хүүхдийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг, сайн хүүхдийн эрх ашгийг бодож үзэхгүй байна вэ. Энэ улс оронд чинь хичээлдээ сайн хүүхэд хэрэгтэй, даанч ийм хүүхэд ховор заяадаг. Монголчуудаас яагаад зуун жил болоход Нобелийн шагналтан төрсөнгүй вэ. Манай сургалтын систем зөв байна уу, буруу байна уу гэдгийг бодож үзсэн хүн байна уу. Тэгэхлээр дээрээс нь тайрах биш, харин ч эсрэгээрээ доороос нь шахаж өгөх хэрэгтэй байна аа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хичээлийн талын уралдаан тэмцээнүүдийг харин ч олшруулж тэрэнд тэргүүлж байгаа хүүхдүүдийг магтан сайшааж урам өгч, эцэг эхийг нь цуг алдаршуулдаг, Монголыг авч явах хойч үе гэж үздэг болох хэрэгтэй. Ингэвэл хүүхдүүд харин ч муу байхаасаа ичих юм биш үү. Сайн ч адилхан, муу ч адилхан байхад хэн сайн байж биеэ зовоох юм бэ.

Е.Баатарбилэг сайд та энэ талаас нь бодох хэрэгтэй байсан юм. Тэгээд ч яаран ямар ч судалгаагүй, цахим санал комментэд тулгуурлан бодлого гаргаж болж байгаа юм уу. Хүүхэд онц сурлагтан, олимпиадын аваргаас болоод сэтгэл санаагаар унаж, хичээл номоо хаясан хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм бол. Хэн гэдэг эрдэмтэн үүнийг судалж, хаана ямар эрдэм шинжэлгээний хурал дээр илтгэл тавьж, ямар буурьтай хэвлэл дээр нийтлэл бичсэн байна вэ. Хаана ч ийм юм гараагүй гэдгийг бид бүгд л таамаглаж байгаа шүү дээ. Бид хойд үеээ гялалзсан ухаантай, өндөр боловсролтой, ямар ч бэрхшээл зовлонг даваад гарах хэмжээнд бэлтгэж үлдээх хэрэгтэй юм биш үү. Түүнээс өөрөөс нь дээш гарсан хүн харахаараа атаархасандаа бүтэж үхчих гээд өмдөндөө дусагнуулсан, нэгэнт боловсрол мэдлэг нь хүрэхгүй юм чинь тэр сайн хүнийг хорлохыг бодохоос өөр юм бодож чадахгүй хойч үе үлдээж болохгүй. Ухаантай боловсролтой хүнээ хорлоно гэдэг улсаа хорлож байгаа гэсэн үг.

Ийм нэгэн үеийг үлдээснээрээ та Монголын түүхэнд хараар бичигдэх болно гэдгээ бодож үзсэн үү. Үзээгүй бол одоо бодож үз. Тэгээд энэ ухаангүй шийдвэрээ даруйхан болиулах хэрэгтэй.

Дэлхийн хамгийн ухаалаг үндэстэн болох еврейчүүд хүүхдээ хэрхэн сургадаг тухай бид бишгүй л уншиж байв. Тэд хүүхдээ зургаан наснаас нь эхлэн том том номыг уншуулна. Уншуулаад зогсохгүй цээжлүүлнэ. Бага ангийн хүүхдүүдийн эцэг эх, тэр дундаа ээж нь илүү их хөдөлмөрлөх ёстой гэж сургууль нь шаарддаг. Америкт амьдардаг еврейчүүд хүүхдүүдээ сургах гэж тусгай сургууль байгуулдаг. Өөр бусад сургуульд хүүхдээ сургаж болох ч юм заадаггүй гэж үздэг болохоор өөрсдийнхөө стандарт сургалтаар хүүхдүүдээ сургах гэж байгаа нь тэр.

Америкийн бага, дунд сургуулиуд ч гэсэн анги бүр 3-4 түвшингээр нь хүүхдүүдээ хуваарилдаг байна. Жишээ нь, дөрөвдүгээр анги байлаа гэж бодоход математикийн хичээлээр дотроо дөрвөн түвшинтэй байх жишээтэй. Гоц сурлагатнууд нь нэгдүгээр түвшинд, гайгүй сайн сурдаг бол хоёрдугаар түвшинд, тоонд тааруу нь гуравт, бүр таг мэддэггүйнүүд нь дөрөвдүгээр түвшний ангид сууна. Түвшин бүрт хичээл заах арга барил өөр өөр байх нь тодорхой. Харин уран зохиолын хичээл дээр тоондоо таг хүүхдүүд нэгдүгээр түвшинд орж болно. Тэнд тогтсон нэг анги байхгүй бөгөөд хичээл тус бүр дээр өөр өөрийн түвшний хүүхдүүд нэг анги болдог байна. Энэ мэт тухайн хүүхдийн сонирхол, авьяас чадварыг нь үнэлж, түүнд нь таарсан арга барилаар хичээлээ заадаг. Манайд ингэж зохион байгуулахын оронд сайн хүүхдүүдийг дарж, нийтээр нь орк болгохоор шийджээ. Маш буруу бодлого гаргалаа. Орк гэдгийг хүүхдийнхээ хичээлийг хийлгэдэггүй, ажил хийдэггүй, хамаг цагаа facebook ухаж, телевизийн сериал үзэж өнгөрөөдөг хүмүүсийг хэлж байгаа юм.

Хүүхдүүд уралдаж, тэмцэж, олимпиадад орж, ялж ялагдаж сурах нь буруу биш. Нэг ангиас 1-2 хүүхэд тодорч бусад нь тэднийхээ бааз суурь нь болдог. Амьдрал дээр ч ялгаагүй, бүгд од болдоггүй, бүгд тэрбумтан болдоггүй, тэднийхээ бааз суурь, ажиллах хүчин, сайн боловсон хүчин, менежер нь болдог шүү дээ. Хал үзсэн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй. Улс орны хөгжил хүнийхээ чанараас шалтгаалж хөгждөг. Унаж босож, дийлж дийлдэж өссөн хүүхэд чанартай хүн болдог юм.

Ялалтын бахдал, ялагдалын гашуун нулимас хүнийг хатуужуулдаг. Үүнийг үзүүлэхгүй хэт халамжлах нь хүний чанарыг муутгадаг гэдгийг эцэг өвгөдийн сургаал бэлээхэн бидэнд хэлээд өгсөн байдаг.

Бидний хүүхдүүд харин ч багаасаа өөрийнхөө авьяас, хүч чадлыг мэдэрч өсөх нь олон давуу талтай. Доодхоо дээш нь татахын оронд гоц ухаантан, гойд сурлагатнуудыг доош нь дарсан бодлого гаргаснаа сайд маань мэдэж байгаа болов уу. Үүний оронд Бяцхан мисс, гүнж, ханхүү тодруулдаг, хэтэрхий хэлбэр хөөсөн шоу цэнгээний тоог хязгаарлавал илүү үр дүн гарч мэднэ. Ийм шоу цэнгээн харин хүүхдэд амар хялбарыг эрэлхийлсэн, нийгмээс бага хийж ихийг хүртэх гэсэн хүмүүсийг бий болгодог. Түүнээс хичээлдээ сайн хүүхдүүд сайн л хүн болдог юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар шиг бядгүй байгууллага Монгол Улсад байхгүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцүүлэхгүй байх асуудал орж ирж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар шиг бядгүй ийм байгууллага Монгол Улсад байхгүй болчихоод байна л даа. Тухайлбал, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт гацлаа. Миний хувьд ажлаа аваад гацсан ажлуудыг явуулахын тулд ажлын хэсэг байгуулсан. Гацсан шалтгаан нь маш инээдтэй. Засгийн газрын тусгай хэрэгцээнд авчихсан газар дээр нь сумын Засаг дарга газар олголт хийхдээ авлига аваад, түүн дээр нь шүүгч мөн авлига авч гурван шатны шүүхээр нэг талд нь гаргаад шийдчихсэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр сумын Засаг дарга дээрээ ялагдаад Захиргааны хэргийн шүүх биднийг дэмжсэнгүй гэж хэлээд хөрөнгө оруулалтаа зогсоочихсон Засгийн газар дэлхийд байх уу. Дэлхийн аль ч улсад Засгийн газартай холбоотой, ялангуяа захиргааны акттай асуудлууд Захиргааны хэргийн шүүх дээр очиж унадаггүй л дээ. Үүнээс болж асар их хэмжээний авлига, хээл хахууль цэцэглэж байна. Хянагдах бол Үндсэн хуулийн Цэц дээрээ хянагдах бүрэн боломжтой. Энэ мэт олон зүйл байгаа. Одоо дагуул хот байгуулна. Засгийн газар шийдвэр гаргахад, тэрийг нь шүүх дээр очоод унагаачихдаг асуудал гарна. Тэгээд хэдэн шүүгчид нь авлига аваад байдаг. Ийм л нөхцөл байдалд орчихсон. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал гээд л. Мөн Гутайн даваатай холбоотой асуудал байна. Шүүх дээр Засгийн газар дандаа ялагдаж байгаа. Учир нь Засгийн газар ямар нэгэн байдлаар хойноос нь хөөцөлдөж чаддаггүй. Нөгөө тал нь том том өмгөөлөгчид худалдаж аваад, шүүгчдэд нь авлига өгөөд шийдээд явчихдаг. Бид хөгжингүй орон биш. Халгиж цалгиж байгаа мөнгөтэй орон биш. Өрсөлдөх чадвараа сайжруулъя гэвэл цаг хугацаа үнэтэй шүү дээ. Тэгэхээр Засгийн газар хурдтай шийдвэр гаргаж явахад зайлшгүй энэ хуулийг эргэж харах нөхцөл байдал бүрджээ.

-Гутайн давааны орд газар Онон мөрнөөс 10 километр зайтай гэдэг. Тиймээс Онон мөрөнд сөрөг нөлөө үзүүлэх вий гэх зүйлс яригдаж байна. Энэ тухай?

-Газар дээр нь очоод үзэх хэрэгтэй. Хэнтий аймгийн байгаль орчинд хохирол учруулж байна гэхээсээ илүү Засгийн газрын хөгжүүлэх гэж байгаа түүхэн аялал жуулчлалын бүс нь уг аймаг байхгүй юу. Онон, Хэрлэн, Балж голын дагуух Хэнтий аймгийн Биндэр суманд 1206 онд манай эзэнт гүрэн байгуулагдсан. Өглөгчийн хэрэм нь бэхлэлт хийж байсан гэх түүхэн газар. Цаашаагаа Дадал сум Чингис хааны төрсөн нутаг. Норовлин суманд Шихихутаг Монголын нууц товчоогоо бичиж дуусгасан гэдэг. Бүр цаашилбал Хэрлэнгийн хөдөө арал, Баян-Адрага гээд явна.

Засгийн газрын зүгээс түүхэн аялал жуулчлалыг гуравхан бүст хөгжүүлэх гэж байгаа. Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалаар, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалаар, Улаанбаатар хотыг соёлын аялал жуулчлалаар тус тус хөгжүүлнэ. Бид гадны хөрөнгө оруулагчдад юу гэж хэлэх үү. Ийм л асуудал байгаа юм. Уул уурхайг дэмжилгүй яах вэ. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг хүртээмжгүй, амаргүй, алтаа зайлшгүй ухах нөхцөл байдалд байгааг ойлгож байна. Гэхдээ яав ч Батширээт сумыг ухаж болохгүй. Бид түүхэн газраа ухаад дараа нь харамсаад барахгүй нөхцөл байдалд орно. Тэр газрын баялаг нь нэг, хоёр жилийн дараа дуусчихна. Дараа нь хэчнээн нөхөн сэргээлт хийгээд түүхэн газар эргэж ирэхгүй. Азийн хөгжлийн банк зөвхөн Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын төсөлд зориулж, 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж байна. Дараа нь 130 сая дам.олларын хөрөнгө оруулалт яригдаж байгаа. Алтнаасаа хэд дахин илүү ашгийг аялал жуулчлалаараа олох боломж бий. Тиймээс манай хувийн хэвшлийнхэн үнэт зүйлийнхээ дэс дарааллыг бодооч ээ. Дүйцүүлэх болон бусад журмаараа энэ асуудлыг шийдээч ээ. Бид нар нэг хаан гэж ярьдаг. Өнөөдөр их эзэн Чингис хаантай холбоотой өв соёлын хүрээлэнг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулахаар болж байна. Засгийн газар ийм шийдвэр гаргаад байдаг. Гэтэл тэр үзүүлж, харуулах газрууд нь ухагдаад байдаг. Тэгэхээр ямар ч логик дарааллын уялдаагүй болчихоод байна л даа. Хоёрдугаарт, гол руу цианид натри орвол юу болох вэ гэдэг аймшигтай зүйл. Тиймээс өнөөдөр Өргөдлийн байнгын хороо дээр орон нутгийн иргэд гарын үсэг цуглуулаад, энэ асуудал яригдаад Засгийн газар руу чиглэл орох юм байна. Энэ асуудлыг би дэмжиж ажиллана. Ерөнхий сайд тухайн газар дээр мөн очиж ажиллахаар боллоо.

-Гутайн давааны асуудал дээр хариуцлагатай уул уурхайг гаргаад хаячих юм бол нинжа нар дайрч орох асуудал буцаад үүсэх юм биш үү. Мэдээж төр засгийн зүгээс аялал жуулчлалын бодлого явуулж байгаа ч гэсэн энэ асуудлыг харж үзэх хэрэгтэй байх?

-Засгийн газар болон засаглал нь зохимжгүй байгаа нь энэ дээр харагдаад байгаа юм. Шийдвэр гаргаад тусгай хэрэгцээнд авчихсан газар дээр хүмүүс ороод ажиллах тухай асуудал шүү дээ. Уг нь тэгэх боломжгүй л байхгүй юу. Цагдаа нар, орон нутгийн удирдлагууд өөрсдөө үүнийг боломжтой болгоод байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Жишээлбэл, алтны татвар нэмчихээр онгоцоор гаргаад алга болчихдог гэж яриад байдаг шүү дээ. Тэгвэл хил, гаальтай байж яах юм бэ.

Энэ бүх гаргалгааг бид бодож үзэхгүй бол болохгүй. Тиймээс үүнийг цэгцлэхийн тулд тодорхой хэмжээний хууль эрх зүйн акттай болох хэрэгтэй. Төр гэдэг үүнийг өөрөө хянана. Тиймээс шийдвэр гаргаж, хэрэгжилтийг нь сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ Монгол Улсад нэг үеэ бодвол юм цэгцрэх тийшээгээ явж байна гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Лханаагийн Мөнхтөр: Цэндийн Чимиддорж анхны номыг минь редакторлож, хавтасных нь зургийг өөрөө зурж байлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лханаагийн Мөнхтөртэй ярилцлаа.


-Та бол алдарт Хүйсийн говийн хүн. Урин цаг ирэхээр ус нутаг бүр чиг санагдах нь зовлонтой. Дээр нь та Монголдоо байхгүй учир Хүйсийн говио, Их Алтайгаа их санаж байна уу. Яриагаа нутаг уснаас тань эхэлье?

-Баруун хойноос салхилж байвал нутаг минь үнэртдэг гэж би боддог юм. Ер нь би төрсөн цагаасаа эхлэн нутгийнхаа салхин дор өсөж, өдөлж, өтөлж яваа хүн л дээ. Хүйсийн алдарт говь гунигт түүхээ хав дараад намрын хонгор салхинд агь нь цэнхэртээд ирэхээр цаглашгүйн хөх тэнгэр хүртэл дүрлийчихдэг юм. Энэ их буянтай говь доо. Хоёр аймгийн таван сумын малчид энэ л говийн хээлнээс аварга ч болж, алдар гавьяа ч хүртэж, бүр төрийн шагналт хоньчин хүртэл төрсөн юм даа. Яагаав, өнөө алдарт хоньчин төрийн шагналт Сономцэвээний Цогтгэрэл гэдэг хүн энэ говьд түмэн цагаан хонио хариулж, хотгүй отрын туршлагаа дэлгэрүүлж явсан. Энэ дашрамд нэг сонин хууч болгоход танай Хишиг-Өндөрийн алдарт хоньчин Зундуйн Очир гуай энэ хүний багш юмсанж. Цогтгэрэл гуай Улаанбаатараас онгоцоор нутаг руугаа явж байхдаа онгоцны үйлчлэгчид “За миний хүү Булганы нутаг дээгүүр өнгөрөх үед хэлээрэй” гэж захисан гэдэг. Тэгээд үйлчлэгч ч ёсоор болгож хэлэхэд Цогтгэрэл гуай суудлаасаа босон залбирсан юм гэдэг. Багш шавийн нандин харилцаа гэдэг тэнгэрт ч, газарт ч үргэлжилдэг байна даа. Хүйсийн говь, сумаа нэрлэсэн домогт Хөхморьт хайрхан, Цаст Сутай бүгд л надтай хамт оршном. Нэгэнтээ би:

Нутаг минь намайг дагаж явдаг

Нутгаа би дагуулж явдаг… хэмээн шүлгэндээ бичиж байсан.

-Ижий аавынхаа тухай ярихгүй юу?

-Миний аав бол нутаг усандаа шударга шулуунаараа гайхагдсан эгэл жирийн малчин хүн байлаа. Галиндэв гэж хүний гуравдугаар хүү. Үеийнхэн нь “ногоон” Лханаа л гэнэ, “дошгин” Лханаа л гэнэ. Ямар нь ч байсан миний л аав. Хүүхэд ахуйд манайх мал тооллого, ухуулга сурталчилгааны ажлаар төвөөс гарсан төлөөлөгчид хоног тааруулж ирээд хонодог тийм л олонтой айл байсан юм. Аав маань Үндэсний бөхийн ууган гавьяат мастер Бадам-Оргийн Түвдэндорж аваргатай нэг салааны цэрэг байж, улсад барилдаад ирэхэд гарыг нь атган баярлаж явсан хүн. “Бид ялав” медалиа хөвөнд боож нандигнасан ахмад дайчин байсан. Таван жил цэргийн алба хааснаас өөр ийш тийш явж эрдэм ном сураагүй амьдралын хар ухаанаараа насыг барсан хүн. Ээж маань Хургын Гүнсэн гэж эгэл жирийн л эжий байсан. Миний өвөө Хурга гэж лам хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд ахтайгаа хоёул баригдаж, ах нь Сүрэнжав маарамба гэдэг том лам байсан болохоор буудуулсан. Миний өвөө бол 10 жил шоронд суугаад гарч ирсэн юм. Өвөө маань намайг нэгдүгээр ангид орох жил жижиг гэртэйгээ сумын төв бараадан нүүж ирж намайг хооллоод зун нь бурханы хутгийг олсон. Намайг боловсрох замд босго алхуулсан буянтан. Би бол Лханаа гэдэг айлын өргөмөл ганц хүү. Дороо өргөмөл ганц эмэгтэй дүүтэй. Манайх гэдэг айл товчдоо ийм.

-Монголын арааживтай хэрхэн холбогдов. Тэр хувь тохиол сайхан байж таарна. Арааживаас л арай дөмгүүрүүд нь төрсөн юм биш үү?

-Би гэдэг хүн багш болдог бүх сургууль төгссөн. Архангай аймаг дахь Багшийн сургууль, Улсын багшийн дээд сургууль тус тус төгссөн. Гэвч намайг нэг зүйл байнга чангаадаг байсан нь уран бүтээлчийн зам мөр байлаа. Улсын багшийн дээд сургууль байхад нь элсэн орж, Улсын багшийн их сургууль болсон хойно нь төгссөн юм. Тэр үед намайг Монголын радио их уруу татсан. Бас нэг сонин нь миний аав малчин хүн мөртлөө Монголд гарсан бүх радионоос худалдаж авсан байдаг юм. Хамгийн сүүлд надад үлдсэн нь тэр үед хамгийн сүүлд гарч байсан “Эфир-М” гэдэг дээрээ пянз тоглуулагчтай радио байлаа. Түүнээс өмнө гарсан бүхий л загварын радиог эдэлсэн хүн бол миний аав. Нөгөөтэйгүүр сургуулиа төгсөхийн үед Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хороонд хамт ажиллаж байсан миний анд нөхөр Шархүүгийн Энхтөр гэдэг өндөр нөхөр “Чи радиод л оч гэж ятгасан явдал байлаа. Ш.Энхтөр бол сайн сэтгүүлч, сайхан хүн байсан. “Өдрийн сонин”-д ажиллаж байгаад залуугаараа бурханд зорьсон юм. Хүү нь Э.Соёл-Эрдэнэ гээд сэтгүүлч бий дээ. Ингээд л оюутан байхад радиогийн сэтгүүлч миний анд нөхөр Данзангийн Нямаа миний тухай “Морьтой хүн” хөрөг найруулал хийж байлаа. Сургуулиа төгсөөд л арааживд урвачихсан.

-Таны багш Радиогийн бүдүүн дуут Базарын Цэдэндамбааг танихгүй, тэр хүний тухай дуулаагүй, сонсоогүй хүн гэж үгүй. Багшийнхаа тухай дурсаач. Домог түүх тэр сайхан дурсамжуудыг нь яриач. Дамбаа бол хүний хувьд ч, уран бүтээлчийн хувьд ч аварга амьтан байж ээ?

-Хорин долоон жилийн тэртээ намрын шаргал өдөр энэ их айлын босгоор орсон. Багш маань тэр намар тэтгэвэртээ гарсан. Энэ хүнийг би Баянхонгорт байхаас таньдаг хүндэлдэг байлаа. Төмсний тухай сайхан нэвтрүүлгийг нь шонгийн мод түшиж байгаад цагаан хоолойгоор сонсож биширсэн нэгэн л дээ. Азаар радио надад “Ургацын далай” нэвтрүүлэг хийх оноолт өгсөн юм. Бөх хүн оноолтоосоо их бэргэдэг шиг би ч тэр үед ийм алдартай хүний хийж байсан нэвтрүүлгийг бардаг байгаа гэж их гэрэвшин бэмбэгнэж байлаа. Багш маань шар ширээгээ уудлан бичиг цаасаа нэг мөр аваад надад өгсөн. Тэгээд удалгүй радиогийн ой болж бид хүүхдийн 100-гийн тэнд “Солонго” ресторанд баяраа тэмдэглэхэд энэ их хүн олны өмнө өнөөх л том бүдүүн дуугаараа хүнгэнүүлж албан ёсоор алтан тоостой микрофоноо гардуулсан даа. Багш бид хоёр аав хүү хоёр шиг л байсан. Багшийнхаа тухай их бичсэн. Тэр бүхнээс манай уншигчид бас мэдэх байх аа. Багш маань нэг өдөр Зүүнхараагаас хот руу явж байхад ярьж байна. За Мөнхтөр өө. Цагаан сар гэдэг чинь “Баян хүний бахархлын сар, хоосон хүний хохирлын сар” гэж байгаа юм даа… Түүний оносон зүйрлэл хэлцүүд үнэндээ зүйр цэцэн үг шиг юм. Афоризм шиг юм. Багш Дорнод аймагт намрын ажлаар очоод аймгийн дарга нартай нь хадлангийн тухай ярилцаж байжээ. Дарга нар баахан хүснэгт гаргаад л тэр ч сум, энэ ч сум тийм, ийм хадлан бэлтгэнэ гээд л ярьж дээ. Маргааш өглөө нь багш радиогоор “Дорнодыхон харандаагаар хадлан хадаад л сууцгааж байна” хэмээн хээвнэгхэн хүнгэнүүлж байсан гэдэг. Энэчлэн олон цэцтэй егөө бий. Монгол Улсын гавьяат гэдэг эрхэм цол аваад радиодоо орж ирэхэд нь ММ-ийн сурвалжлагч ярилцлага авахад хэлсэн эхний өгүүлбэр нь “Монголын радиог сонсоогүй чих байхгүй” гэсэн өгүүлбэр байлаа. Радиог үүнээс илүү яаж “реклам”-дах вэ дээ. Би багшийгаа амьд сэрүүнд бага ч болов баярлуулж л байсан. “Ламын хөхүүртийн өвөлжөө” этнографийн роман, “Гилбэрийн хатан” баримтат романыг нь жил дараалан хэвлүүлж өгч байлаа. Төрсөн нутаг Дадалд нь Балжийн голын дэргэдэх Ламын хөхүүртийн өвөлжөөнд очиж хүндэтгэл үзүүлсэн дээ.

-Цэндийн Чимэддорж, Дамбын Шаагаа, Дашдамба.. өөр хэн хэн байна хүний хайлан болсон нөхдийнхөө тухай дурсахгүй юу. Бүгдтэй нь л та уухдаа ууж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, туйлахдаа туйлж явсан?

-Монголын радиог “Бага зохиолчдын хороо” гэдэг олон жилийн өмнөх нэр бий. Үнэхээр тийм юм. Агуу их С.Буяннэмэх, Ч.Лодойдамбаас эхлээд Мөнгөний Чимид, Бавуугийн Лхагвасүрэн, Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Зундуйн Дорж, Намжимын Очирбат, Бямбажавын Хүрэлбаатар, Пүрэвдоржийн Сандуйжав, Базарын Цэдэндамба, Лувсандорж, Дамбадаржаагийн Намсрай, Санжийн Пүрэв, Гангийн Жанчив, Билгийн Шонхор, Пүрэвжавын Баярсайхан, Цэндийн Чимиддорж, Данзангийн Нямаа, Доржзовдын Энхболд, Дамбын Шагдарсүрэн, Цэрэнжамцын Дашдамба, Ламжавын Мягмарсүрэн, Чимидравдангийн Мягмарсүрэн, Маналсүрэнгийн Баттөмөр Дэ.Мягмарсүрэн… за тэгээд Бавуудорж, дархад Мийгаа, Чилаажав, Бидэр Баяраа, Магваны Эрдэнэбат, Арлааны Эрдэнэ-Очир, Түмэн-Өлзийн Эрдэнэцогт нэрлээд баршгүй… 1990-ээд онд босгыг нь алхаж ороход миний редакцид миний үеийн хэсэг зохиолчид бужигнаж байсан…Ай даа, юу ч гэхэв дээ. Тэднийхээ тухай яривал олон арван өдөр хоногийн хугацаа шаардана. Зөвхөн нэрлээд л орхихоос өөргүй. Ингээд цөөн хэдэн нэрсийг нь хүндэтгэн жагсаахад л “Зохиолчдын бага хороо” байхаас өөр гарцгүй мэт ээ..

-Та чинь Багшийн дээд сургуулийг олон доктор, эрхэм хүмүүстэй хамт төгссөн байдаг. Багшийн дээд сургуулийн багш нар, эрдэмтэн профессоруудын тухай асуумаар байна. Оюутан ахуй цагийн гэгээн гэрэлт дурсамжаас тань хуваалцмаар байна?

-Улсын багшийн дээд сургууль бол эрдмийн том хүрээлэн юм. Багшийн дээдийн утга зохиолын дугуйлан гэж том “школ” байлаа. Энэ дугуйланг төрийн шагналт шүүмжлэгч Д.Цэнд гуай удирддаг байлаа. Дараа нь аман зохиолч судлаач Дашдорж багш удирдсан. Миний үеийн утга зохиолын дугуйланд О.Сундуй, Ж.Батцэцэг, Ц.Дашдамба, Ж. Батбаатар, Бөхбат, Дарь.Сүхбаатар, С.Бүрнээ, Олзвой гээд хэсэг нөхөд байлаа. Төгсөхийн үед Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир тэргүүтэй анхны утга зохиолын анги нээгдэж, бүхэл бүтэн “Монгол Горькийн сургууль” үүдээ нээсэн юм. Миний сургуулийн эрдэмтэн доктор багш нар бол Монгол Улсын олон үеийн багш нарыг хүмүүжүүлсэн сайхан хүмүүс. С.Шарав, Төмөрцэрэнгээс эхлээд Довчингийн Отгонсүрэн, Домийн Төмөртогоо, Лха.Дамдинжав, С.Надмид Б. Пүрэв-Очир, Ц.Өнөрбаян, Ж,Санжаа, С.Хөвсгөл, Д.Оюунбадрах гээд сайхан хүмүүс сайхан эрдэмтэд байлаа. Намайг эрдмийн замд хөтөлж эрдэмтэн болгосон ачтай хүн бол Монгол Улсын ардын багш эрдэмтэн Ц.Өнөрбаян багш минь юм. Энэ хүний зааж зөвөлсөн тэр зам миний эрдмийн аяны хөтөч болсонд цаг мөнхөд талархаж явдаг. Оюутны таван жил нэг тасагт амьдарсан Ү.Ариунболд, Г.Сүхбат хоёр маань ч бас доктор гэдэг алдар хүртсэнд баярлаж явдаг. Тасгаараа эрдэмтэн болсон гэсэн үг л дээ.

-Таны уран бүтээлийн анхны ном юу билээ. Хэн редакторлож эх барьж байв. Яруу найргийн багш гэвэл хэн байна, ер нь яруу найрагт таныг уруу татсан хүн хэн хэн байна….?

-Анхны юм бүхэн сайхан. Мартагдахгүй дурсамж байдаг. Миний анхны номын редактор бол миний дунд сургуулийн уран зохиолын багш Шагдарын Мягмар юм. Бөх бичдэг, “Бөх” сонинг олон жил тээж явсан ахмад зохиолч доо. Миний багшийн уйгагүй зан, хичээнгүй чанар надад их хэрэг болсон. Анхны ном маань “Адуун зүсмийн уул” гэж давжаахан шар хавтастай бичил өгүүллэгийн ном байдаг. Миний багш Ш.Мягмар өмнөтгөл бичиж уран зохиолын их замд дөрөөлүүлсэн. Тэр цагаас хойш яруу найраг, өгүүллэг, эссэ, нийтлэл, сэтгүүл зүй, судалгаа ажиглалтын 40 шахам ном бичлээ дээ. Уран зохиолын анд Ц.Чимиддорж шүлгийн анхны номыг редакторлож хавтасных нь зургийг өөрөө зурж байсан сайхан дурсамж бий. Тэр ном бол “Морин уул” юм. Гурав дахь номыг миний багш Б.Цэдэндамба редакторлож байлаа. Тэр ном бол “Хийморь уул” нэртэй. За иймэрхүү дээ.

Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай гэдэг мөн сайхан дуу. Эрдэнэбат гавьяат сайхан дуулж хит болсон. Энэ дуу Булган аймагт төрсөн гэж сонссон. Нанзадын Хишигдорж гэж Булган аймаг дахь Монголын радиогийн сурвалжлагч гоё хүн байлаа?

-Дууны яруу найраг бол миний хувьд 1992 оноос хойш хамаарах зүйл. Үүнээс өмнө дунд сургуулийн дууны багш найздаа “Сансарт ниснэ” гэдэг хүүхдийн дууны шүлэг бичиж өгч хийсэн ганц дуутай байсан. 80-аад оны явдал. Тэр үед дууны шүлэг бичээд түүнийгээ Монголын Зохиолчдын хорооны яруу найргийн зөвлөлөөр заавал батлуулдаг байлаа. Гурван бадаг шүлгээ бариад анх удау зохиолчдын хорооны босгоор алхаж байлаа. Бараг л дөчөөд жилийн өмнө юм санж. Д.Пүрэвдорж гуай энэ зөвлөлийг ахалдаг байж. “Ая хийхийг зөвшөөрөв” гэж гарын үсгээ зураад дугуй улаан тамгаа дарсан хуудас нь одоо ч байдаг л юм. 1992 онд радио гэдэг их айлд орж анхны томилолт Булган аймагт байлаа. Жавзмаа дарга байсан. Сум тойрч цуврал нэвтрүүлэг хийх ажилтай. Ингэж яваад шөнө Булган орох замдаа нэг их төөрсөн юм. Тэгж тэгж Булганы төв буудалд ирээд тэр шөнөө бичсэн хэдэн бадаг шүлэг л анх дуу болсон доо. Миний нэг ангийн найз О.Сундуй хэллээ. Би оюуны өмчийн газар ажилд орсон хө. М.Хатанбаатар гэж хөгжмийн зохиолчтой хамт ажиллаж байгаа. Бид хоёр “Хайрын хорвоо” гэж дуу хийсэн. Бүрнээбаяр дуулсан. Чи дууны шүлэг байвал надад өгөөрэй гэлээ. Тэгээд харж байтал нөгөө Булганд бичсэн замын тухай шүлэг маань л дуу болчихмоор санагдаад өглөө. Тэгээд л энэ дуу төрсөн юм. Тэр жилдээ “Морин хуур” наадамд орж сүрхий шуугиулаад байр майр ч эзлээгүй. Өөрийнхөө зөнгөөр л одоо хүртэл дуулагдаж байгаа юм. Булганд анхны томилолтоо авч Нанзадын Хишигдорж гэдэг сайхан хүнтэй танилцсан. Сайхан андууд явсан. Дэнсмаа, Шатар гээд олон сайхан нөхөд нэг түүнтэй анги байлаа. Н.Хишигдорж бидэнд ярих дурсах юм мөн ч их байсан. Анд минь хэтэрхий эрт буцчихсан юм. Түүний газар дээрх ганц хүү Дугарсүрэн (Дугдай) радиод ажиллаж байна. Түүнийг сургууль төгсөхөд нь бид олуулаа дарга дээрээ орж ажилд авч байсан. Сайн аавын буян үрдээ хүртэл хэрэг болдог доо. Дугараа маань сайхан шүлэг бичиж байна. Энэ бол аавын л үлгэр юм даа. Манай Хишгээ Д.Мандахсан багшийнхаа үүсгэсэн “Уран өд” дугуйланг олон жил удирдаж олон сайхан шавь төрүүлсэн. Ер нь нэг үе би Булганы зохиолчдын анд нөхөр нь явсан. Дамдинсүрэнгийн Мандахсан, Дамдинсүрэнгийн Баянтунгалаг, Намдагвын Дагвадорж, өнөө Сэлэнгийн Пүрэвдорж гуай, Нанзадын Хишигдорж, Банзрагчийн Цэрэнжамц, Батсайхан, Сувдаа, Болдсайхан… гээд явж өгнө. Тэд тэр үед орон нутагтаа сууж шүлэг найргаа туурвидаг байсан юм. Лхагвадоржийн хөшөөний баруунд нэг, зүүнд нэг гарч өдөржин хөлхдөг сөн…Тэд тэр хавиар нутагтай…

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг бол таны нэрийн хуудас болсон бүтээл. Чухам ямар цагт, яаж энэ бүтээл төрсөн юм бол. Хөгжмийн зохиолчоо ч алдаршуулсан дуу шүү дээ. Таны дууны энэ философи бол агуу. Монгол хүний фиолософи гүн шингээстэй санагддаг юм. Дууны шүлгийн мөрүүд ч гайхамшигтай…?

-“Зөв явбал зөөлөн замбуулин” энэ үг их энгийн юм. Нөгөө талаасаа их үнэн юм. Уран бүтээл бол хувь араншин байдаг. Миний араншингийн гадаад илрэл нь ч байж мэдэх. Найз нөхөд маань орж гарч байгаа нь мэдэгдэхгүй гэтсэн гээд л…ярих. Дэлхий цөмөрчих гээд тогоруу зөөлөн гишгэлдэг тухай байдаг даа. Тийм л зөөлөн хүн л дээ би. Энэ дууны тухай олон л хүн ярьдаг юм. Үнэнийг хэлснээрээ их олон хүнд түгсэн юм бол уу даа. Очсон газар бүхэнд надаас түрүүлж хүрээд нөхөрлөчихсөн байдаг болохоор намайг хөтлөөд яваад байгаа юм шиг. Хөгжмийн зохиолч нь Норовын Баасандорж. Сайхан аялгуутай залуу. Өөрөө сайхан дуулна. 1997 онд санагдана. Баасандорж Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хөгжмийн багш байлаа. Ц.Бавуудорж бид хоёр сурвалжлагаар очиж анх танилцсан юм. Тэгээд л сүүлээр нь хот хүрээ ирж Соёл урлагийн сургуульд сурсан. 2003 онд энэ дууны шүлгийг Баасандорждоо өгсөн. Нэг жилийн дараа дахиад өгсөн. Тэгээд Баасандорж маань Замын-Үүдэд түр ажиллаж байхдаа ая дан тааруулж утсаар надад сонсгосон. Нэг онцлог нь энэ дууг МУГЖ С.Батсүх л дуулна гэж бодож хийгээрэй гэж захиалга өгсөн дуу юм. Тэгээд л С.Батсүх дуулсан даа. Дараа нь Жавхлан, тэгээд Баасандорж маань өөрөө ч дуулсан. Энэ дууны шүлгийг олон хүмүүс янз бүрийн хэл дээр орчуулсан байдаг юм. Хятад, орос, англи, казах, солонгос гээд…

-Дээрх дуунуудаас гадна танд олон сайхан дуу бий. Тэр бүгдээсээ дээжлэн хэлбэл зүгээр байна. Мөн та бүтээл туурвилаа найман боть болгон гаргасан, ботийн тань талаар асуумаар байх юм. Та бол үнэндээ хийсэн ч юмтай, хэлэх үгтэй хүн?

-Дууны яруу найраг нэлээд бичсэн. Ная гаруй дуу хийсэн байдаг. Хорь гучийг нь хүмүүс мэр сэр дуулж л байдаг юм. Залуу дуучин Тамир, Оюунцэцэг хоёр оюутан ахуйдаа “Хайранд хоргодсон намар” гэдэг дуугаар олонд танигдаж байлаа. Түүндээ урамшаад миний хэдэн дууг дуулсан. “Дөргөн нуур”, “Хулстайн гурван даваа” гээд “Нутгийн зам”-ын араас хийсэн хоёр дуу бий. “Хулстайн гурван даваа” дуу нь Булган аймгийн дууны уралдаанд хоёрдугаар шатанд шалгарсан 15 дууны нэг болж, бас дээгүүр байранд орж мөнгөн шагнал хүртээд мөн л Хишигдорж, Баянтунгалаг Дэнсмаа, Шатар бид хэд үүр цайтал одоогийнхоор бол “шоу”-даад гэртээ ирэхэд 5000 төгрөгтэй орж ирж эхнэртээ нүүр тахалсан удаатай. “Явуулын цэнхэр дэлхий”, “Амин-Эрдэнэ”, “Зүрхэнд ойрхон амраг”, “Цэцэг сүлжсэн хайр” энэ тэр гээд нэлээн хэдэн дуу дуулагдсаар л байдаг. 2012 онд “Жаргалын найман морь” гэж шилмэл бүтээлийн найман боть номоо гаргаж байлаа. Хийсэн юмаа жаахан эмхэлсэн гэх үү дээ. Одоо дахиад л нэг эмхэлмээр болж байна.

-Сүүлд богино эссээ их бичиж байгаа харагдах юм. Амьдралын үнэнийг таньсан хүн шиг санагдах юм. Ургадаг алт гэж таны ном бий. Мэдээж Ургацын далай нэвтрүүлэгтэй чинь холбоотой байх. Таныг ч бас Ургацын далай-гийн гэж тодотгодог доо?

-Нас ахихын хэрээр илүү жаахан бодох юм даа. Эх хэлээ, их соёлоо, залуус дүү нараа их бодох юм. Баримтат уран зохиол руу дэлхийн утга зохиол даялаад байгаа болохоор энэ зүгт бас хөл нийлмээр. Сүүлийн жилүүдэд хүний сэтгэл зүй рүү хандсан эссээ бичлэгийн хэдэн ном гаргалаа. Хамгийн эхнийх нь “Сэтгэл”. Тэгээд “Нүд”, “Зүрх” гээд…Одоо “Элэг” гээд бичиж байна. Энэ хэдэн номыг бүгд кирилл болоод монгол бичиг дээр хадмалаар хэвлүүлж байна. Ар монголчууд нь монгол бичгээ сурахад, Өвөр монголчууд нь кирилл бичгээ сурахад хэрэг болуужин гэсэн үүднээс… Тэгээд ч сэтгүүлч хүний уран бүтээлийн нэгээхэн талбар бол эссээ баримтат зохиол байх юм. Бас олон жил “Ургацын далай” нэвтрүүлэг хөтөлж байсан. 25 жил гэдэг чамгүй хугацаа. Энэ 25 намар хавар надад мөн ч олон хүнийг танилцуулж элсэн манхан хүнгэнэсэн их говийн хүнд, амуу тариа шаргалтсан хангайн араншинг бөхөлж өгсөн юм. Олон зуун тариаланч нөхөдтэй болсон. Тэднийхээ тухай “Ургадаг алт” хэмээх хөрөг найрууллын ном найман цувралыг гаргаад байна. Цаашдаа ч бас үргэлжлэх байх. Ер нь “Ургадаг алт” хэмээх үгийг сэтгүүл зүйн өргөн талбарт миний бие оруулж ирж идээшүүлсэн юм. Тэртээ 30-аад жилийн өмнө “Ургадаг алт” хэмээх асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг хийж нийтлэл бичиж байлаа. Тариа ногоо бол ургадаг алт юм.

Түүнээс ухаад авдаг алт биш. Яваандаа энэ нь илүү болно. Ухаад авдаг алт нэг л өдөр дуусна. Ундардаггүй юм…Ингэж л Байгаль хамгаалах чиглэлээр дуугарч байсан. Энэ маань яван явсаар цуврал ном болж өрнөсөн дөө. “Ургацын далай” нэвтрүүлэг бэлтгэж 300 шахуу мянган км зам туулсан тооцоо гардаг юм. Бараг хоёр жил томилолтоор хавар, намартаа явсан байдаг юм. Их зам, их хугацаа. Сэтгүүлч хүний туулах зам барагдахгүй, уран бүтээлч хүний хийх ажил барагдахгүй…

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Эдийн засгийн өсөлт иргэдэд огт наалдахгүй байна

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-2011 онд 17.3 хувийн өсөлтийг үзүүлсэн Монголын эдийн засаг 2016 онд 1.2 хувь болтлоо буусан, өнгөрсөн жил эргээд 6.9 хувь болж өслөө. Эдийн засгийн энэ өсөлт нийт олонход хүртээлтэй байж чадаж байна уу?

-Эдийн засгийн өсөлтийг олон талаас нь тайлбарладаг. Миний хувьд эдийн засагч Мариана Мазукатогийн санал болгож буй шалгуур үзүүлэлтийг илүүд үзээд байгаа. Эдийн засгийн өсөлт нь Sustainable буюу тогтвортой, Innovate буюу дэвшилттэй, инновацид суурилсан, эцэст нь Inclusive буюу хүртээмжтэй байх ёстой гэсэн үзүүлэлт л дээ. Чанарыг нь ингэж хэмждэг гэсэн үг. Тэгэхээр бид зөвхөн хүртээмжийн тухай ч биш дэвшилттэй байна уу, тогтвортой өсөлт мөн үү гэдэгт санаа тавих ёстой.

-Тэгвэл сая таны хэлсэн гурван хэмжүүрээр манай улсын эдийн засгийн өсөлт ямар түвшинд явж байна. Хэмжиж үзсэн үү?

-Яг бүгдэнд нь нарийн тоон судалгаа хийж, дүгнэлтэд хүрэх боломжгүй санагдсан. Гэхдээ мэдээж тойм дүгнэлтүүдийг гаргаж болно л доо. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн хувьд бид дөнгөж саяхнаас л энэ зүг рүү чиглэж эхэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний станцууд, хариуцлагатай уул уурхайн концепцууд наад захын жишээ нь. Гэхдээ тогтвортой гэж хэлэх хүртэл өчнөөн зай байна. Эцсийн дүндээ манай эдийн засаг яг үүний эсрэг талын бизнесүүд дээр л тогтож байна шүү дээ. Тэгэхээр тогтвортой гэж одоогоор лав хэлэхгүй.Дараа нь дэвшилттэй, инновацид суурилсан байна уу гэвэл бас л хэцүү. Дэвшилттэй технологиудыг эрчимтэй нэвтрүүлбэл бүтээмж өсөх ёстой. Би БНХАУ, Монгол Улсын бүтээмжийн өсөлтийн сүүлийн арван жилийн дундаж ямар байгааг харсан юм. Манайх 5.71 хувь, БНХАУ-ынх 8.78 хувь байна лээ. Тийм том улс тэгж бүтээмжээ нэмэгдүүлээд байхад бид хамаагүй бага байна гэсэн үг. Бас нэг жишээ хэлье. Монгол Улсын эдийн засагт мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын эзлэх хувь ердөө 1.7 хувь. Гэтэл уул уурхайн салбар 24.2 хувь байдаг шүү дээ.

-Хүртээмжтэй байдлаараа бас муу байна уу?

-Хүртээмжтэй байдлыг хэмжихийн тулд эхлээд Жини-ийн индексийг харж болно. Энгийнээр хэлбэл орлогын хуваарилалтыг хэмждэг индекс байгаа юм. Гэхдээ эндээс ямар нэгэн дүгнэлт гарах боломжгүй санагдсан. Тэгээд хамгийн энгийн нэг тоог авч үзсэн юм. Бүр тодруулж хэлбэл Улаанбаатар хотод байгаа гэр хороолол болон байшин орон сууцны харьцаа үзүүлэлтийг. 2005 онд гэр хороололд амьдарч байсан өрх нийслэлчүүдийн 58.6 хувь байж. 13 жилийн дараа энэ үзүүлэлт 54.7 хувьтай байна. Ямар ч том бүтцийн өөрчлөлт гараагүй байгаа биз. Хэрэв эдийн засгийн өсөлтүүд хүртээмжтэй байсан бол иргэд орлоготой болоод орон сууцанд амьдрах хувь нэмэгдэнэ шүү дээ. Ипотекийн найман хувийн дэмжлэгтэй байсан гэхэд л ийм тоо гарч байна гээд бод доо. Баялгийн тэгш бус байдал л нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг энэ харьцуулалтаас харчихаж болохоор байна.

-Гэхдээ иргэдийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэсэн статистик гардаг шүү дээ…?

-Миний хувьд дундаж өрхийн өр, орлогын харьцааг бодож үзсэн. Хэрэв өрхүүдэд эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байвал хүмүүс өрөөр хэрэглээгээ санхүүжүүлж эхэлдэг. Ингээд өрийн дарамтанд ордог юм. Ийм санаагаар өр, орлогын харьцааг харахаар 2010 онд 35 хувь байсан бол 2018 онд 70 хувь хүрсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Орлого нь хангалттай өсөөгүй байхад өр, зээл нь л их нэмэгдсэн гэж ойлгож болно.

-Тэгвэл эдийн засгийн өсөлт иргэдэд наалдахгүй байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Монголын эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байжээ гэж дүгнэхээс аргагүй байна л даа.

-Одоо тэгээд бид яах ёстой вэ. Сая таны онцолсон гурван хэмжүүрээр хэмжигдсэн чанартай эдийн засгийн өсөлтийг яаж бий болгох вэ?

-Яг л ингэвэл өөр болно гэж хэлж мэдэхгүй юм. Дахиад нарийн судалгаанууд, түүнийг дагасан бодлогын зөвлөмжүүд гарах учиртай. Санаснаар болдог иргэд төрөөс эдгээр гурван шинжийг агуулсан өсөлтийг өгөх бодлогоо бидэнд танилцуул гээд жагсдаг бол үр дүн нь хурдан гарна л гэж бодож байна. Ерөнхий байдлаар зөвлөмж хэлэхэд тогтвортой өсөлт тал дээр тодорхой татварын дэмжлэгүүд хэрэгтэй. Жишээ нь ногоон бонд гэж ойлголт бий.

-Ногоон бонд гэдгээ тодруулаач?

-Ногоон бизнест зориулагдан хөрөнгө татахаар гаргасан нэг жилээс дээш хугацаат үнэт цаасыг ногоон бонд гэдэг. Үүнийг дэмжиж татваргүй орчин бүрдүүлж болж байна. Харин инноваци гэдэгт төсвийн дэмжлэг хэрэгтэй. Хүртээмжтэй өсөлт дээр хөрөнгийн зах зээлийн хөгжил чухал. Монголд хэтэрхий олон ХХК байна. Маш цөөн нийтэд нээлттэй ХК байна. Үүнээс болоод иргэд томоохон баялаг бүтээгч компаниудтайгаа хамтдаа урагшлах боломж нь хаалттай байна. Аль болох олон компани нээлттэй болвол сайн. Хүртээмжтэй холбоотой бас нэг зүйл нь боловсрол. Ер нь аливаа баялгаас хүртэж чадахгүй байгаагийн шалтгаан нь их энгийн. Тухайн зүйлийнхээ талаар ямар ч мэдээлэл, мэдлэггүйтэй л холбоотой байдаг. Товчхондоо мэдлэгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн цагт баялгийн хүртээмжтэй байдал хангагдана.