Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зорчих визний хариу хойшлогдож байгаатай холбоотой Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл

СҮҮЛИЙН ҮЕД БНСУ-Д ЗОРЧИХ ВИЗНИЙ ХАРИУ ХОЙШЛОГДОЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР СУУРЬ:

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН “ХӨХ ОРДОНД ГАРГАСАН ХҮСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР СУУРЬ

1. Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байгаа талаар хэсэг бүлэг хүмүүс гомдол гарсан байна. Үүний нэг жишээ нь Солонгос улсад оршин суудаг Монгол улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасан.

2. Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос улсын засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал(ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурьдвал,

Нэгдүгээрт, Солонгос улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Сүүлийн үеийн тоон мэдээнээс харахад, өдөрт 800-1,000 гаруй визний материал хүлээн авч байгаа ба үүнийг долоо хоногоор нь авч үзвэл тухайн улсын нийт хүн амын 0.1%, нэг сараар нь авч үзвэл 0.4%, нэг жилээр нь авч үзвэл 5%-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна.

Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна.

Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна. Өнөөдрийг хүртэл шалгагдаж тодорхой болсон хуурамч бичиг баримтын төрөл нь ойролцоогоор 17 төрөл бөгөөд 2018 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж байгаа Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна. Үүнээс үүдэн ЭСЯ-нд мэдүүлсэн визний материалыг шалгах үйл явц хэвийн явагдах боломжгүй болж, бүх материалыг нарийвчлан шалгалт явуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

* Хуурамч бичиг баримтын төрөл болон илэрсэн тохиолдол: OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, 5сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт

Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог. Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна.

Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь ‘Соёл иргэншилт нийгэм’тэй, ‘Хууль журамт улс’ болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн ‘хууль бус үйлдэл’-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно. Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч байна.

3. Олон улс, даяарчлалын эрин үед аливаа улс орны хил хязгаарыг давсан “ард иргэдийн шилжих хөдөлгөөн” нь цаанаасаа урган гарч буй зайлшгүй хэрэгцээ болоод байна. Гэхдээ хилийн дээсийг давахын тулд дүрэм журмын дагуу визээ мэдүүлэх хэрэгтэй байдаг ба хоёр орны харилцаа(гэрээ хэлэлцээр)-ны дагуу визгүй зорчих тохиолдлууд ч байдаг. Энэ мэт гадаад иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх үүднээс зөвшөөрөл олгодог шалган нэвтрүүлэх ажил(визний материалыг шалгах, виз олгох, онгоцны буудал дээр хилийн шалганаар нэвтрүүлэх, оршин суух визийг шалгах, сунгах зэрэг)нь тухайн гадаад иргэнийг хүлээн авч буй(хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн) тухайн улсын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Виз нь виз мэдүүлж буй гадаад иргэн болон БНСУ-ын засгийн газар хоорондын “итгэлцлийн тэмдэг” юм. Тухайлбал, виз нь “Та БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн тохиолдолд таны бүрдүүлсэн бичиг баримтанд итгэж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно. Та БНСУ-ын газар нутагруу орсноос эхлэн визэн дээр хэвлэгдсэн визний зорилго болон хугацаа мөн БНСУ-ын хууль дүрмийг чандлан сахина хэмээн итгэж байна” гэсэн утгыг агуулж байдаг.

Гэсэн хэдий ч энэ итгэлийг эвдэх тохиолдол нэмэгдсээр байвал үүнтэй тэмцэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “итгэл алдсан тэдгээр хүмүүст болон бусад хэнд ч гэрийнхээ үүдийг нээж дураар нь оруулж гаргах боломжүй” гэдэгтэй утга нэг юм.

4. Солонгос, Монгол манай хоёр улс нь 1990 онд түүхэн найрамдалт харилцаа тогтоосноос хойш ойр дотно найрамдалт улсууд болсноороо хамтын харилцаагаа гайхалтайгаар хөгжүүлж ирсэн. Цаашдаа ч иргэд хоорондын солилцоо төдийгүй бүхий л салбар улам өргөжин хөгжих хэрэгтэй байна. Гэхдээ хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой.

Манай ЭСЯ нь “ахан дүүс үндэстэн” болох монгол иргэдийн Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчих визний мэдүүлгэд халуун дулаанаар хандан, “хүмүүнлэгийн” болоод “улс орны эрх ашгийн” үүднээс хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн ба яаралтай хагалгаанд орох, суралцах зорилгоор их, дээд сургуульд элсэн орох зэрэг тохиолдолд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгож буй “визний яаралтай шийдвэрлэх хүсэлт”-д тулгуурлан визний яаралтай шийдвэрлэх тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй юм. Энэ асуудал нь манай хоёр улсын харилцаа урт хугацаанд эрүүлээр хөгжихөд саад болох учир зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай.

5. БНСУ-ын виз нь БНСУ-ын холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан шат дараалалд үндэслэн шалгагддаг. Түүнээс солонгос танилтай эсвэл ЭСЯ-нд ажилладаг танилтай гээд хууль бусаар шалгагдах эсвэл виз олгогддоггүй болохыг мэдэгдэж байна. Солонгосын визтэй холбоотой визний брокер болон визний залиланд анхаарал сэрэмжтэй байж, хувь виз зуучлалын газар, хувь Солонгосын лавлах үйлчилгээний төв(Call Center) зэрэгт төөрөгдөн хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг хүсэж байна.

Манай ЭСЯ нь хууль бус үйлдэлтэй холбоотой асуудалд БНСУ-ын хууль, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу монгол, солонгос иргэнд адил тэгш хатуу чанга арга хэмжээ авах болно. Мөн сэжиг бүхий этгээдийн талаар манай ЭСЯ-ны мэйл хаяг(kormg2@mofa.go.kr)-руу мэдээллэхийг хүсье.

Монголын нийгэм, хоёр орны холбогдох хууль дүрмийг чандлан сахин, энэ мэт хууль бус үйлдэлд ажиглагчийн байр суурьнаас идэвхитэй хандаж, хууль бус үйлдлээс үүдэн гэм зэмгүй энгийн монгол иргэн хохирол амсахгүй болж, хоёр орны итгэлцэл сэргэн ирээдүйд чиглэсэн найрамдалт харилцаагаа өргөжүүлэн батжуулахад та бүхнээс хамтран ажиллахыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Нью-Йоркт улаан бурхан өвчний улмаас онц байдал зарлажээ

АНУ-ын томоохон хот халдварт өвчинд нэрвэгдэн хотын эрх баригчид ваkцинжуулалтад хамрагдахыг оршин суугчиддаа уриалжээ.

АНУ-ын Нью-Йорк хотод улаан бурхан өвчний цар тахал дэгдэж эрх баригчдыг онц байдал зарлахад хүргэлээ гэж мэр Биллде Блазио ярьжээ. Өнөөгийн байдлаар Нью-Йоркийн нэг район улаан бурхны халдварт нэрвэгдээд байгаа аж. Хотын хэмжээнд энэ өвчний нийт 300 тохиолдлыг бүртгэсэн байна. Нью-Йорк хотод хоёр жилийн өмнө улаан бурхны хоёр тохиолдол бүртгэгдэж байжээ. Одоо тус районд онц байдал зарласан бөгөөд урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаагүй иргэд нэн ялангуяа хүүхдүүдийг вакцинжуулалтад хамрагдахыг эрх баригчид сануулсан байна.

Вакцинжуулалтад хамрагдахаас татгалзвал 1000 хүртэл доллараар торгох аж. Өнгөрсөн оны намраас хотын 285 иргэн уг өвчнөөр өвчилсөн ба тэдний 21 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын 3000 тэмдэг, тэмдэглэгээг солих шаардлагатай байна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт авто замын тэмдэг, тэмдэглэлд үзлэг, шалгалт, тооллого хийх ажлыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран энэ сарын 02-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тэмдгийн хулгайтай тэмцэх, нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

Түүнчлэн нийслэлийн гудамж замд байрлуулсан зар сурталчилгааны самбар, техник хэрэгслүүд нь тэмдгийн утга алдагдуулах, үзэгдэх орчинг халхалсан, хөдөлгөөн зохион байгуулалтад сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлын талаар холбогдох албан тушаалтан, байгууллагад мэдэгдэл, шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

2018 оны судалгаагаар нийслэл хотын хэмжээнд авто замын нийт 12000 орчим тэмдэг, тэмдэглэл байдгаас 3000 орчмыг солих шаардлагатай байсан байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

Уг хуулийн төслөөр 1991 оны Засгийн газрын тогтоолоор наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 17 мянган эхчүүдийн тэтгэврийг тэнцвэржүүлсэн тэтгэврийн хэмжээнд хүргэх асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүд хуулийн төсөл боловсруулан өргөн барьжээ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд 9 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.

Ийнхүү өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааы завсарлалаа. Үдээс хойш дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг саатуулжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг саатууллаа.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн 10 гаруй иргэнийг саатууллаа. Хэргийн газраас их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис илрүүлжээ. Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт энэ оны эхний улирлын байдлаар 67 гэмт хэрэгт 130 хүн шалгагджээ. Үүнийг насны байдлаар авч үзвэл 18-35 хүртэлх насныхан дийлэнх нь байсан аж.

Categories
мэдээ нийгэм

“Хилчин” хорооллыг эхний ээлжинд төвлөрсөн дулаанд холбоно

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан байдаг ба “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслөөр дэд төвүүдийг бий болгох суурийг хэрэгжүүлдэг юм.

Төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх ба одоогоор төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 хувьтай хэрэгжиж байна.

Мөн Баянхошуу дэд төвийн хүрээнд барьж ашиглалтад оруулсан бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга, үйл ажиллагаа явуулах сургалт, иргэдийн мэдээллийн төв болон нэг цэгийн үйлчилгээний анги танхимыг үзэж, танилцлаа. Баянхошуу дэд төв нь төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсоноор сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон шугамын дагуу байрлах Хилчин хорооллыг эхний ээлжинд холбох юм. Ингэснээр нийт 7 ширхэг уурын зуухыг буулгах ба энэ нь жилдээ 10 мянган тонн буюу 6,830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэх юм.

Түүнчлэн энэ төвд “Иргэд бизнес төлөвлөгөө бичих, хэрхэн банкнаас зээл авах зэрэг сургалтанд хамрагдахын зэрэгцээ Герман Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад нэг сая еврогийн үнэ бүхий, 5,000 мэргэшсэн ажилтан бэлтгэх туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Тус сургалтын төв нь ойр орчмын хороодын ажилгүй иргэд гагнуурчин, цахилгаанчин зэрэг мэргэжлээр сурч, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад дадлагжих боломжтой” хэмээн төслийн зохицуулагч Д.Авирмэд өчигдөр Монгол Улсын Ерөхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр ярилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

“Өнөөдөр захын хорооллуудад хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Одоо ирээд байгаа Баянхошуу дэд төв бол бүхий л зүйлийг цогцоор нь шийдсэн төсөл. Захын хорооллын иргэд заавал хотын төврүү явахгүйгээр бүхий л асуудлаа шийдэх боломжтой болж байна. Цаашдаа Засгийн газар хотын захиргаа, олон улсын байгууллагуудтай хамтраад ийм дэд бүтцийн төвүүдийг байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал гэр хороолол маань хөгжинө.

Нийслэлд 200,000 гэр хорооллын өрх бий. Эдгээр өрхийг орчин үеийн барилга, орон сууцны барилгаар хангах нь Монгол Улсын Засгийн газрын хамгийн том зорилт. Эдгээр дэд бүтцийн төвүүдээ ашиглаад гэр хорооллоо амины орон сууц болгож болж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа хотын захиргаа, төсөл хэрэгжүүлэгч та бүхэнд талархал илэрхийлье. Үүнийг цаашаа улам үргэлжлүүлэх ёстой” хэмээлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгын, бүтээн байгуулалтын улирал богино тул төслийн ажлыг хурдацтай хэрэгжүүлэхэд холбогдох газруудыг дэмжиж ажиллах үүрэг болгов.

Түүнчлэн иргэд, оршин суугчид, ААН-үүд уг төслийн бүтээн байгуулалтын ажил, газар чөлөөлөлт, дэд бүтцэд холбогдож амьдрах орчноо сайжруулах үйлсэд идэвхи санаачлагатай оролцохыг уриалав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны төвүүдийг нүүлгэж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Авто худалдааны нэгдсэн төвийг байгуулж, автомашины худалдаа эрхлэгчдийг хотоос гаргаж буй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ ажлыг эрчимжүүлж эхэллээ. Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Тухайлбал, ХУД-ийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төв болон Нарны зам дагуух авто худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлээд байна.

Зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Б.Батцэцэг Узбекстаны хөдөө аж ахуйн сайдтай уулзав

Узбекстан Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тус улсын Хөдөө аж ахуйн сайд Ж.А.Ходжаевтай 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Сайд Ж.А.Ходжаев энэ салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа, юуны өмнө хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд ажил хэргийн хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичиг байгуулах нь зүйтэй гэв. Тэрээр Узбекстаны хөдөө аж ахуйн салбарт тус улсын хөдөлмөрийн хүн амын 60% ажилладаг бөгөөд энэ салбарт инновацийг нэвтрүүлж, кластерийг хөгжүүлэх нь чухал зорилт болж байгааг онцлов. Узбекистаны хөдөө аж ахуйн яамны дэргэд энэ салбарын боловсон хүчинг бэлтгэдэг академи, коллеж байдаг бөгөөд Монголоос оюутан хүлээн авч сургах боломжтой талаар узбекистаны тал дурдав. Дэлхийн 80 гаруй улсад жимс, жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо экспортолдог Узбекстан манай улсад хүнсний эко бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг тэмдэглээд мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудаа шууд холбож ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Узбекстаны Аялал жуулчлалын Улсын Хорооны дарга А.У.Аккулов, Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тэргүүн дэд сайд Л.Ш.Кудратов нартай уулзав. А.У.Аккулов Узбекстанд аялал жуулчлал сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа нь төр засгаас энэ салбарыг татварын болон төсвийн дэмжлэг, хөшүүргээр тэтгэж байгаатай холбоотой гээд Аялал жуулчлалын сан байгуулж, улс орныхоо сурталчилгааг хийхэд уг сангийн хөрөнгийг ашиглаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр мөн манай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд зориулж Узбекстантай танилцах аялал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тэргүүн дэд сайд Л.Ш.Кудратов Узбекстанд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлд дэс дараатай арга хэмжээ авч байгааг дурдаад Монголын хөрөнгө оруулагчид, бизнесменүүдтэй хэлхээ холбоо тогтоож, хамтарсан форум, уулзалтыг Ташкент, Улаанбаатар хотуудад зохион байгуулах санал дэвшүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээгээр өвчтэй болон үхсэн малын мах болох нь тогтоогдлоо

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд СХД дэх МХХ-ийн улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилж Нийслэлийн Мал эмнэлэгийн лабораторид 5 дээж авч шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6,6-7,5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу дүгнэлт гарлаа. Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах, ариутгалын ажил хийгдэнэ.

Энэ хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас холбогдогч М-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардага хангахгүй үхсэн малын махыг их хэмжээгээр бэлтгэж , Нийслэл хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай тул зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй учир Ц.Нямдорж та ажлын хэсэгт орох зохимжгүй юм биш үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, байнгын хорооны санал дүгнэлтийг Х.Нямбаатар нарын гишүүд танилцуулав.

Ингээд тогтоолын төсөл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эх оронч парламентын гишүүнээ хөнөөчихөөд хээв нэг сууж байдгаа хэзээ болих вэ. Олон улсын парламентын холбооноос та нар О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан нараа алсан гэдэг.

Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж байдаггүй юм. 21 жил нуулаа. 16 настай хүүхэд хоёр настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг дагуулж очоод алсан гэдэг жүжгээ хэзээ болих вэ. Г.Эрдэнэбат прокурор хангалттай нотлох баримттай гээд байгаа. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад хэргээ хүлээ гээд хорих өрөөнд нь зодоод байдаг юм бэ.

Одоо Түр хороо байгуулж, асуудлыг шийдэх ёстой. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Түр хороо байгуулна гэдгийг ойлгож байгаа. Буруу шүүсэн, энэ хоёр хүн алаагүй гэдэг маргаан нийгэмд байна. Баахан эр орончдыг алчихдаг мэтээр ярьж байна. Үнэхээр тийм юм болсон юм уу. Бид Монголдоо ингэж ярьж болох юм. Гэхдээ дэлхий ертөнц биднийг сонсож байгаа шүү.

Эрүүдэн шүүсэн явдалтай хэн ч эвлэрэхгүй. Гэхдээ бид юманд учиртай хандах ёстой. Ам л ангайвал МАНАН мафи хүн алдаг гээд л ярих юм.

Энэ Түр хороо байгуулагдсанаар яг ямар үр дүн гарах вэ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Түр хороо нь байнгын хороотой адил эрх мэдэлтэй байдаг. Түр хороо юу хийх талаар Ц.Нямдорж сайд мэдээлэл өгөх байх.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Ямар хуулийн ямар ямар заалт зөрчигдсөнийг ил болгоно. Нэг хэргийн хоёр холбогдогчийг хамт хорьж болохгүй. Мөрдөгдөж байгаа хүнийг яллагдагчтай хамт хорьж болохгүй. Эрүүдэн шүүж болохгүй. Энэ болгон зөрчигдсөн.

Тагнуулын даргын дээр үед өгсөн ярилцлагад энэ ажиллагаанд 200-300 хүн оролцсон гэж байсан. Яагаад тийм олон хүн ажилласан юм.

Дээр нь энэ хэрэгтэй холбоотойгоор дуртай хүнээ тагнаж чагнасан. Үүнийг ил болгоно. Хүний амь хохирсон хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар хор хөнөөл учруулах гээд байсан юм. Үүнийг ил болгоно.

Хэрэгтнийг мөн гэж таньсан нөхөр мөрдөгчтэй нь нэг ангид байсан. 18 жилийн өмнө орцонд зогсож байсан нөхөр нь бас нэг мөрдөгчтэй нь нэг байранд хамт удаан амьдарсан байдаг. Ийм юмнуудыг нотлох баримт гээд байгаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Нямдорж сайдаас асууя. Ж.Батзандан гишүүн С.Зоригоос гадна улстөрчдийг алсан гэж хэллээ. Тэр хүмүүс үнэхээр Ж.Батзандан гишүүний хэлсэн шиг зэрлэгээр алагдсан юм уу.

Цэрэгт эрүү шүүлт байна. Сошиалд үхтлээ нүдүүлсэн цэргийн зураг байгаа. Үүнийг яах вэ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Паар гэж гэртээ нас барсан залуу байгаа. Гэрч эмэгтэй тэр залууг хот ороод их мөнгөтэй ирсэн хүүхдэдээ мөнгө өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл паар гэх Отгонбаатар нь 1997 онд цэрэгт татагдаад 1998 онд нэг эмэгтэйтэй танилцаад анхны хүүхэд нь 1999 онд төрсөн. Гэтэл гэрч эмэгтэй болсон явдлыг 1998 оны арванхоёрдугаар сард гэж мэдүүлсэн.

Ж.Батзандан гишүүний хэлсэн О.Дашбалбар, М.Зэнээ О.Энхсайхан нарыг би сайн мэднэ. Тэр гурван хүн гурвуулаа өвчний улмаас нас барсан.

ЗТХЯ-нд гарсан хүн амин хэргийн шүүх хурлыг яагаад хойшлуулаад байгааг би ойлгохгүй байна.
ШШГЕГ-ын харьяа хорих ангиудыг би шинэчилсэн. Тэнд эрүү шүүлт явуулах боломж байхгүй. Тийм учраас Төв аймгийн хориход С.Зоригийн хэрэгт холбогдсон таван хүнийг хорьсон юм билээ.

Зодож цохьсон асуудал яригддаг. ХЭҮК янз янзын юм яриад байхаар нь илтгэлээ явуул гэсэн. Удахгүй надад илтгэл нь ирнэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Зоригийг аравдугаар сарын 2-нд хөнөөсөн. С.Төмөр-Очирыг мөн аравдугаар сарын 2-нд хороосон. Цагдаагийн дугаар чинь 102 байх аа. Бүх юм чинь утга учиртай. Монголын ард түмэн зөв билэгтэй, бүхнийг мэддэг юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Тэр аравдугаар сарын 2-нд хоёр том алдаа гарсан. Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ болоод бүх цаашаа замхарсан. Үүнийг шалгадаг газар нь хууль бусаар байгуулагдсан. Энэ хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад гараад Ерөнхийлөгч байхад нь хуурамчаар илэрсэн.

Өнгөрсөн долоо хоногт цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн удирдах албан тушаалын нэг нэг хүнийг дуудаж С.Зоригийн хэрэгтэй холбоотой байцаасан. Үүнийг прокурорын шахалтаар хийсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Зоригийн хэргийг цөөхөн хүн мэднэ. Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг, М.Энх-Амгалан прокурор нар л мэднэ.

Яагаад Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулж болохгүй байгаа вэ. Түр хорооны гишүүнд ямар хүмүүс орох вэ. Би Ц.Нямдорж гуайд дургүйдээ хэлж байгаа юм биш. Хууль зүйн сайдын хувиар ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй учир Ц.Нямдорж та ажлын хэсэгт орох зохимжгүй юм биш үү. Таныг таван асуудлаар шалгаж байгаа гэсэн.

Мөн энэ Түр хороо ямар үр дүнд хүрээд татан буугдах вэ.

1998 оноос хойш олон ноцтой хэрэг гарсан. Нууц гэдэг шалтгаанаар олон хэргийг хаагаад, заримд нь ял өгсөн. Мэдээлэл нь ил биш. Тийм хэргүүд дээр Түр хороо анхаарч ажиллах уу.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Би ажлын хэсэгт орно. Их хурлын удирдлага, намын бүлэгтээ санал тавьж байгаа орно. Би 37 оны хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно гээд амлачихсан юм.