Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд автозамын зөрчлийн 80 орчим хувийг газар дээр нь арилгуулжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монголын Авто замчдын холбоотой хамтран энэ сарын 11-ний өдөр сургалт зохион байгуулжээ.

Авто замын салбарт 2018 онд Монгол Улсын төсөв, гадаадын гадаадын зээл тусламж, хөнгөлттэй зээл, орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1420.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, 15 гүүрийн барилга, их засварын ажил, 2 нүхэн гарцын барилгын ажлыг хийжээ. Мөн улсын чанартай 12.967 км авто замын засвар арчлалтын ажил зэрэг төсөл арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас авто замын ажилд хийсэн хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 1662 зөрчил илрүүлэн 80 орчим хувийг нь газар дээр нь арилгуулжээ.

Сургалтаар ЗТХЯ-наас авто замын салбарыг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, МХЕГ, НМХГ-аас авто замын барилга, засварын ажилд гарч буй нийтлэг алдаа, дутагдал, анхаарах асуудал, МХЕГ-ын ХНХТХГ-аас эрсдэлийн менежмент авто замын салбарт үүсэх аюул ба аюулын шинжилгээ, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах арга зүй, нийгмийн хамгаалалд анхаарах асуудлаар мэдээлэл өгчээ.

Түүнчлэн эрсдэлд суурилсан дотоод хяналт шалгалт хийх арга зүй, “Авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм” ЗЗБНбД 15-002-2016-ийн талаар танилцуулав.

Энэхүү сургалтад 61 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд хамрагдсан. Тус салбарт илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын салбарын барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажил эхлэхээс өмнө сэрэмжлүүлэх, шаардлагатай мэдээллийг хангуулах, иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн ажлыг аяны хүрээнд үргэлжлүүлэн хийх аж.

Categories
мэдээ улс-төр

Чуулган: Зөвшөөрөлгүй их дээд сургуулиудыг хаана

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариуг танилцуулж байгаа юм.

Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөл байгуулж ажиллаж байгаа юм байна. Чанарын баталгаажуулалтын талаар сургуулийн удирдлага, оюутнууд, олон талын хүмүүст сургалт явуулжээ. Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд бэлэн болжээ.

Оюутныг хөгжүүлэх орчин бүрдүүлээгүй төрийн бус их, дээд сургуулиадад сургалтын материалаг баазаа авч хэрэгжүүлэх талаар хяналт хийсэн байна. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлого барьжээ.

Энэ хичээлийн жилд төрийн бус байгууллагын 18 дээд сургуульд хяналт хийснээс 6 сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд үүрэг даалгавар өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах сургалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн онцгой байдлын газар хамтран өнөөдөр /2019.04.12/ хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлч, зураглаачид оролцож, дөрөвдүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д ямар журмаар оролцох, нийтэд мэдээллийг хэрхэн түгээх талаар тодорхой зөвлөмж, сургалтыг авлаа.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан сэтгүүлчдэд хандан “Юун түрүүнд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт өртсөн тохиолдолд хохирлыг яаж богино хугацаанд даван туулах чадвар, дадлыг олгоход энэ сургуулилт өндөр ач холбогдолтой юм. Нийслэлд хүүхдүүдэд зориулсан сургуулилтыг олон удаа зохион байгуулж байсан. Харин энэ удаагийнх Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн бүх иргэдийг хамарсан өндөр зохион байгуулалттай, гамшгаас урьдчилан сэргийлэх томоохон сургууль болох гэж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхтэй оролцож, олон нийтэд зөв мэдээллийг хурдан шуурхай хүргэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгуулагуудаас авахуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно” гэсэн ерөнхий үйл ажиллагааны танилцуулгыг хийлээ.

Мөн “Иргэдийг замын хөдөлгөөнийг хаах үед бухимдахгүй, тэвчээртэй иргэний үүргээ ухамсарлаж, сургуульд идэвх санаачлагатай оролцохыг хүсээд сэтгүүлчдэд иргэдийг уриалахад хэвлэл мэдээллийн нөлөө чухал болохыг уламжлаад, зөв мэдээллийг нийтэд хүргэн хамтарч ажиллахыг хүслээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд албаны машиныхаа дугаарыг урьдчилан албан ёсоор ОБЕГ-т өгч бүртгүүлснээр үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрх үүснэ” гэдгийг онцолж хэллээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран 6 дүүрэгт зохион байгуулна.

Categories
гадаад мэдээ

“World Press Photo-2019” уралдааны шилдэг бүтээл тодорчээ

Энэ оны “World Press Photo-2019” уралдааны шилдэг бүтээл тодоржээ.

Америкийн гэрэл зурагчин Жон Мурын АНУ-Мексикийн хилийн зурваст авсан уйлж буй бяцхан охины зураг уг нэр хүндтэй шагналыг хүртсэн аж.

Тус зургийн гол дүр охиныг Янел гэдэг бөгөөд эцэг, эхийнхээ хамтаар Гондурас улсаас ирсэн байна. Америкийн хилийн хамгаалагчид охины ээжийг нэгжих үед Янел уйлсан байна. Энэхүү агшинг фото хальснаа буулгасан зурагчин “Ганцхан зургаас л айдас түгшүүрийг мэдрэх боломжтой” гэж ярьжээ.

Латин Америкийн орнуудаас ирэх асар их цагаачдын урсгал Америк руу чиглээд буй юм. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх цагаачдыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлснээр болж, хоёр улсын хил хүндхэн байдалд ороод байна.

Categories
мэдээ нийгэм

Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн салбар нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус төслийн 2 дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ.

120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагын хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос авахуулаад дэлхийн сонгодогууд, хууль дүрмийн эмхэтгэлүүд ч байгаа юм.

Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой. Энэ талаар Засаг дарга Ж.Сандагсүрэн “Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном уншаад суух нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Ном унших гэж номын сан орж цаг алдалгүйгээр гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөн ажиллаж байна. Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй гээд байгаа. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байна” хэмээн ярилаа.

Уг номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн 2 номын сангийн номын фондыг үүсгэх юм гэж Сонгинохайрхан дүүргээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

13 давхраас унаж амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг орон сууцны 13 давхраас дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө 22 настай Ц гэгч эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Оршин суугчдын хэлж буйгаар талийгаач Ц нь өөрийн найз залуу болох 25 настай, Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан ба хэрэг гарсан өдөр хоорондоо маргалдаж байхыг байрны хүмүүс харсан гэв. Өөр нэгэн эх сурвалж талийгаачийн найз залуу Б тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээллээ.

Дээрх хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад талийгаачийн найз залуу гэх 25 настай Б нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс түүнийг амиа хорлох хэмжээний сэтгэл зүйтэй хүн байгаагүй гэсэн байр суурийг илэрхийлж хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтнүүд үнэмлэхээ гардлаа

Онцгой байдлын байгууллага 2019 онд Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд шилжих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтэн”-ий орон тоог бүтцийн шинэчлэлээр баталсан. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд Азийн хөгжлийн банкны “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр сургаж, бэлтгэн мэргэжлийн үнэмлэхийг нь гардууллаа.

Сургалтын 45 хоногийн хугацаанд гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, цэргийн хэргийн мэдлэг дадлагыг эзэмшлээ.

Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадын уялдаа холбоог хангаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх юм

Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Багш нарын их хурлыг таван жил тутам зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2019.04.12/ ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газар Багш нарын Их хурал болж байгаатай холбогдуулан зарим шийдвэр гаргасан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Засгийн газар ээлжит бус хуралдаанаар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх холбогдох журам баталсан байна. Багшийн эрүүл мэнд, багшийн хөгжлийг дэмжсэн эл журам батлагдсанаар багш нарын урамшууллыг сэргээх, тогтмолжуулах боломж бүрдэж байгаа аж.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ хуралдаанаар Багшийн хөгжлийн дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол батлагдан гарлаа. Энэ тогтоолоор багш нарын их хурлыг таван жилд нэг удаа зохион байгуулдаг болохыг Засгийн газраас шийдвэрлэж байна.

Мөн багш нарын зүгээс хамгийн их ярьдаг багшийн хичээл практикийн үйл ажиллагаан зардлыг шийдвэрлэхээр болж байна. Хичээл практикийн үйл ажиллагааны зардал өмнө нь олгогдож байгаад хуулийн өөрчлөлтөөр олгогдохоо болиод байсан юм.

Үйл ажиллагааны зардлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг ердийн сургалттай сургуулийн нэмэгдэл урамшууллын асуудал байгаа. Улсын хэмжээнд нэлээд олон ердийн сургалттай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа. Тэдгээр багш нарын урамшууллын асуудлыг шийдэхээр болсон.

Энэхүү шагнал урамшууллын асуудлыг 2019 оны есдүгээр сарын 1-нээс шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн.

Мөн багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэнд, БСШУС-ын сайд нарт үүрэг болгосон. Жилд нэг удаа багш нарыг эрүүл мэндийн багцын үйлчилгээнд хамруулах асуудал ийнхүү шийдэгдэж байна.

Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвийг байгуулахаар болж байна. Дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудал орхигдсон байсан. Ялангуяа багш бэлддэг сургуулийн багш нарыг мэргэжил дээшлүүлдэггүй. Тэгэхээр энэ асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр болсон.

Түүнчлэн “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Эдгээр асуудлуудыг Засгийн газраас тогтоол гарган баталлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

1000 алба хаагч Сүхбаатар талбайд “цугларна”

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой ирэх зургадугаар сард тохионо. Түүхэн ойг угтан ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооноос Онцгой байдлын алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалыг 1000 алба хаагчаар Сүхбаатар талбайд хийлгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдах юм. Орон нутгаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж, үүргээ амжилттай биелүүлж байгаа дасгал сургуулилтын бичлэгийг хүргэж байна.

Categories
мэдээ улс-төр

Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 14 минутад 50.7 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 7-10-ны өдрүдэд Катар улсын Доха хотод болсон Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны ээлжит чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын төлөөлөгчид оролцож, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ОУПХ-ны Нэгдсэн Үндэстний Байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоныг гишүүдэд дуулгаж, баяр хүргэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахааар өчигдөр гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжсэн юм.

Ингээд тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав.

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан иргэд, олон нийтийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа юм. Хэргийг илрүүлэх чиглэлээр хуулийн байгууллагаас олон удаа ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар 18 жилийн хэргийг илрүүлэн ял оноосныг Улсын дээд шүүх эцэслэн шийдсэн хэдий ч энэ хэргийг тойрсон маргаан, эргэлзээ, талуудын зөрчилтэй байр суурь байсаар байгаа, эрүүдэн шүүх замаар хэргийг тулган хүлээлгэсэн байх магадлалтай болоод байгаа. Иймээс хэргийг тойрсон эргэлзээг тайлж олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх, хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн асуудлыг нягтлан тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны үүднээс тавигдах зүй ёсны асуудал юм.

Мөн 2018 оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад албан бичиг ирүүлж, 2017 онд шийдэгдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг Олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа дурдаад эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс Улсын Их Хурал дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалжээ. Түүнчлэн Улсын Их Хурлаас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байгаагаа дурдсан байна.

Иймээс ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийн дагуу Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан асуудлыг нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсныг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Дараа нь уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, Ц.Гарамжав нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Төсөл санаачлагч гишүүн Л.Болд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлыг Монголын парламент анх удаа парламентын түвшинд авч хэлэлцэж, өөрийн бүтцэд Түр хороо байгуулж анхаарал хандуулахаар болж байгаа нь тун чухал алхам. Энэ нь Монгол Улсын олон улсын нэр хүндэд ч хамаатай асуудал гэдгийг бодолцох ёстой. Энэ хэргийн шийдвэрлэлтийг тойрсон эргэлзээ, маргааныг нэг мөр эцэс болгож, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг бусармаг явдлыг таслан зогсоох цаг болсон, үүний тулд энэ Түр хороог байгуулах зайлшгүй шаардлагатайг тодотголоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хэрэв энэ Түр хороо байгуулагдвал Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад ямар ямар хуулийн аль аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж таарна. Үүний цаана гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрх зөрчсөн асуудал яригдаж байгаа, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, тэдний ар гэрийнхнийг айлган сүрдүүлж дарамталсан гэх зэрэг асуудлыг маш нарийн шалган тодруулах шаардлагатай болно гэдгийг хэллээ. Мөн тэрбээр иргэдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг, мөрдөж мөшгөдөг, айлган сүрдүүлж дарамталдаг хууль зөрчсөн үйлдэл, бусармаг явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах үүднээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар үг хэлж Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Катар улсын Доха хотод болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд оролцож, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор тус хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан Монгол Улсын Их Хурлаас хүргүүлсэн болохыг танилцуулж, уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг танилцуулсан тухайгаа гишүүдэд дуулгав.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжив.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойш үргэлжлүүлнэ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүний санаачилж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.

Хуулийн төсөл санаачилсан Улсын Их Хурлын гишүүд өөрийн тойргийн зарим сонгогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор 1990 оны Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эхчүүдийн судалгааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулж үзэхэд тэр үед энэ нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс үлдсэн, одоо үргэлжлүүлэн тэтгэврээ авч байгаа хүмүүс 2018 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй хэмжээтэй тэтгэвэр авч байгаа аж.

1990 оны Тэтгэврийн хуульд заасан эхчүүдийн насны тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, ажилгүй болохоос хамгаалах сайн талтай ч 35-45 насандаа тэтгэвэрт гарсан тул хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг тал их байжээ. Судалгаанаас үзэхэд 1991 онд 288.5 мянган хүн тэтгэвэр авч байсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 45,9 хувь нь буюу 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, нөхцөлийг хангаагүй 44,4 мянган иргэдийн тэтгэврийг түдгэлзүүлж, авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор”-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш 2017 он гэхэд дээр дурдсан 44,4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжиж дуусчээ.

Эдгээр иргэдээс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 21,3 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 15,4 мянга буюу 72,3 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 4 мянга буюу 18,9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 1,8 мянга буюу 8,7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм. 1997 оны 2 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 18,6 мянга буюу 87,5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр 342,8 мянгантөгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр хууль санаачлагч болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нараас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Нийгмийн даатгалын газраас 2018 оны эхний хагаст гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа. Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэх үүднээс хуулийн төслийг санаачилсан. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамаарах нэг хүнд дунджаар 50 мянгаас 70 мянган төгрөг нэмж олгохоор байгаа гэдгийг төсөл санаачлагч хариултдаа дурдлаа.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэлд мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.