Categories
мэдээ нийгэм

Даваа гарагаас нөөцийн мах худалдаална

Энэ онд 4000 гаруй тонн мах бэлтгэж, нөөцөлжээ. Уг махыг даваа гарагаас эхлэн борлуулах юм байна. Махны жижиглэнгийн үнэ үхрийнх кг нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. ХХААХҮ-ийн яамнаас нөөцийн махыг 10 мянган тоннд хүргэхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн тоог ч нэмж байгаа юм. Албан ёсны нөөцийн махыг 2-3 кг-р савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошгожуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Лхамсүрэн: Бадмаараг эрдэнийн чулууг орчин үед лазерийн эмчилгээнд ашиглаж байна

Монгол Улсын ардын багш, ШУТИС-ийн профессор, Геологи, эрдэс баялагийн музейг үндэслэн байгуулагч Ж.Лхамсүрэнтэй Үнэт чулууны талаар ярилцлаа.


-Танай музейд хичнээн чулуу байна вэ?

-Манай музейд Монгол орны эрдэсийн өв соёл, сан байгуулагдсан гэж хэлж болно.Үүнд манай улсын нийт аймгийн газар дэвсгэр, хязгаар нутаг бүрээс сүүлийн 60 гаруй жилийн туршид цуглуулсан бүх төрлийн эрдэс, хүдэр, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулуу, ус , тос гээд бидний мэддэг байгалийн баялаг тансаг чулуунуудыг биет байдлаар нь харуулсан байгаа. Энд нийт 5000 гаруй нэр төрлийн эрдэс чулуулгийн зүйлүүд тавигдсан. Эдгээр чулуулгууд манай орны газрын гадаргуу дээр, уул хадан дээр мөн газрын гүнд буюу газрын хэвлийн байгаа бүх төрлийн эрдэс баялагууд юм. Чулуулаг бүрхүүл гэж ярьдаг дэлхийн чулуун мандал нь тэр чигээрээ ашигт малтмал болон эрдэнэсийн зүйл болж болно. Бид чулууны далд шидийг илрүүлж хүний нүдэнд харуулж, бариулж болох хэлбэрт оруулан төлөөлөх охь дээжүүдээ музейн үзмэрт тавьсан.

-Чулуу хэрхэн үүсч бий болдог юм бэ?

-Усан болорын том багшраа ургалттай чулуу байдаг. Энэ чулуу Ховд аймгийн Булган сумын нутагт бий. Энэ нь газрын гүний халуун уусмалаас ургадаг. Газрын гүнд ямагт бүх төрлийн чулуулаг дундуур халуун усан уусмал нэвчиж хөөрч газрын гадаргуу тийш явж байдаг. Жирийн ард иргэд сайн мэдэх халуун булаг рашаанууд, галт уулын дэлбэрэлтээс гарч ирдэг асар их хэмжээний уур, мөн хэдэн км зай эзлэх халуун усан хий оргилж гарч ирж байдаг. Үүний үрд дүнд газрын гүний халуун усан уусмал, хайлмаг магми зэрэг нь газрын гадаргуу дээр дөхөж ирээд царцаж тогтоход олон янзын эрдэсүүд бий болж байгаа юм. Энэ бүгдийг эрдэс чулуулаг гэдэг.

-Үнэт чулуу гэж ямар чулууг хэлдэг вэ?

-Чулуунуудын онцлог шинжүүдээс хамаарч эрт үеэс эрдэнийн чулуу, өнгөт чулуу, ашигт малтмал зэргээр нэрлэдэг байсан. Манай ард түмэн аливаа нэг эрдэс чулууны эрдэм чадлыг эртнээс үнэлж эрдэнийн чулуу гэж нэрлэж шүтэж биширсээр ирсэн. Үнэ өртөгөөр илүү чулууг үнэт эрдэнийн чулуу гээд байдаг. Үнэ өртөг арай багыг нь хагас үнэт эрдэнийн чулуу гэж нэрлэх гээд байдаг. Энэ бол зохицолгүй нэршил юм. Юм бүхэн тодорхой үнэтэй. Үүнийг манайхны мэргэжлийн бус улсууд орчуулахдаа буруу орчуулчихсан байна. Энэ бол цэвэр хэлний зүйн асуудал.

Үнэт чулууг дотор нь дээд зэрэглэлийнх, хоёрдугаар зэрэглэлийнх, гуравдугаар зэрэглэлийнх гэж хуваадаг. Орос тэргүүтэй бусад улс оронд эрдэнийн чулууг бүр 10 зэрэглэлд оруулаад жагсаачихсан байдаг юм байна лээ. Манайд бол гурав хувааж үзэж байгаа. Гэхдээ энэ нь тогтвортой байх нь ховор. Өөрөөр хэлбэл хоёрдугаар зэрэглэлийн чулуу нэгдүгээр зэрэглэлийн чулуу болох боломжтой. Сүүлийн үед жил ирэх тусам эрдэнийн чулууны хэрэглээ нэмэгдэж байна. Тухайн эрдэнийн чулууны шинж чанараас гадна ашигтай талуудыг нь судалж мэдсэнээр үнэлэгдэх байдал нь өөрчлөгддөг гэж ойлгож болно. Монголд 20 гаруй төрлийн эрдэнийн чулуу бий. Үүнд болор, молор, алмааз, биндэръяа, бадмаараг, индранил, маргад-эрдэнэ, болорын төрөл зүйлүүд, анар гэх мэтчилэн үнэт чулуу бий. Болор гэхэд л янз бүрийн нөхцөл байдалд үүссэн болохоор усан тунгалаг болор, утаат болор, хар өнгийн болор, шаргал өнгийн болорууд бий. Уул хаданд байгаа чулуунуудыг сайтар үзэж газрын гүн рүү ухаж судалбал олон янзын бөөрөнхий анар гээд таслтууд байдаг. Энэ нь 12, 24, 36 талтай улаан ягаан өнгөтэй янзын янзын чулуу байна.

-Үнэт чулуунуудыг нэрлэвэл?

-Алмааз буюу доржпалам, молор, бадмаараг, биндэръяа, нэрэлт чимэд, хаш, сувд, шүр, гартаам зэрэг чулуунууд ордог. Эдгээр үнэт чулууны онцлог нь өнгө үзэмж сайтай, эдэлгээ даах чанартай байдаг. Тийм учраас гоёл чимэглэл хийхэд өргөн ашигладаг. Нэгдүгээр зэрэглэлд алмааз, бадмаараг ордог. Үлдсэн чулуунууд нь хоёр л гуравдугаар зэрэглэлд хамаарна. Яагаад үнэт чулууг дотор нь зэрэглэлд хамруулж үзээд байна гэхээр тухайн чулууны хатуулаг чанар, өнгө, ховор байдлаас шалтгаалдаг.


-Үнэт чулуунууд хичнээн төгрөгийн үнэ хүрдэг вэ?

-Үнэ өртөгийг тодорхой хэлэх ямар ч боломжгүй. Мэдээж алмааз тэргүүтэй эрдэнийн чулуунууд хэдэн сая доллараар үнэлэгддэг. Зарим тохиолдолд үнэлж ч чаддаггүй. Эрдэнийн чулуунуудыг гаргаж аваад орчин цагийн техник ашиглан зүсэж, өнгөлж олон тал гарган маш олон ажлын дарааллаар гоёл чимэглэлд ашиглах боломжтой шигтгээг гаргаж авдаг.

-Бадмаараг, болор зэрэг эрдэнийн чулуунуудад ямар эрдэс агуулагддаг вэ. Бусад эрдэнийн чулуунуудаасаа яагаад ийм өндөр үнэтэй байна вэ?

-Болор бол цахиур, хүчилтөрөгч хоёрын нэгдэл юм. Судлаачид болорыг судалж эхэлснээс хойш 100 жилийн дараа эрдэм чадлыг нь мэдэж авсан. Хамгийн анхны мэдэж авсан гол зүйл бол болорын даралтаар цахилгаанждаг шинж чанар байсан. Үүний үр дүнд дэлхий дээр утсан харилцаа үүссэн. Энэ чулууны ачаар хүмүүс хоорондоо хичнээн хол байсан ч утсаар ярих боломжтой болсон гэсэн үг. Хэрвээ энэ чулууны эрдэм чадлыг мэдээгүй байсан бол одоо хүртэл утсаар ярьж чадахгүй байх байсан. Мөн болорыг маш нимгэхэн ялтас болгож зүсээд хоёр талаас нь шахвал цахилгаанждаг. Үүнийг цахилгаан оронд оруулбал хэлбэлзэлд орж долгион үүсгэдэг. Энэ долгионыг л ашиглаж телефоныг бүтээсэн.

Үнэ өртөгийн тухайд зарим газарт үнэгүй ч байдаг. Эртний Египетэд алт уснаас хямдхан байсан. Алт өнөөгийн нийгэмд үнэтэй гэдэг ч тийм ч үнэтэй биш шүү дээ. Ердийн эрдэнийн үнэт чулуунууд алтнаас 20 дахин илүү үнэтэй байдаг. Эрдэнийн чулууны үнэ цэнэ нь хүний ур чадал орж гарснаараа үнэлэгдэж гарч ирдэг. Алмааз эрдэнийн чулууны нэг шигтгээ хэдэн сая долларт ч хүрч болно. Үйлдвэрийн бүтээгдэхүүн шиг тогтсон үнэ байхгүй. Цаг үеэсээ хамаараад өөр өөр байсаар ирсэн. XIX зууны үе, XX зууны эхэн үед улс орон бүрт өөр өөр байсан. Болорын эрдэм чадлын хувьд сэрүүн чанартай, эрүүл мэндийн салбарт ашиглах боломжтой гэдгийг аль эрт мэдсэн. Түүнчлэн болорын найрлагыг ашиглаж нэг секундэд 300 мянган км хурдтай буюу гэрлийн хурдаар дуу хоолой мэдээ мэдээллийг дамжуулахад хэрэглэх болсон. Энэ мэтчилэнгээр үнэт эрдэнийн чулууны эрдэм чадлыг судалснаар үнэ ханш, үнэлэгдэх байдал нь өөрчлөгдөж байдаг. Харин алмааз нүүрстөрөгчөөс тогтсон үнэт чулуу. Бадмаараг бол хөнгөн цагаан, хүчилтөрөгч хоёрын нэгдэл юм.

Одоогоос нэг жилийн өмнө германд шохойн чулуунаас алмаз гаргаж авсан. Шнжлэх ухаан бүхнийг хийж байгаа өнөө үед хүний оюун ухаан бүхнийг бүтээнэ. Чулууг бол байгаль эх өөрөө бүтээчихэж байгаа. Харин үүнийг байгаль яаж бүтээсэн байна, яагаад бий болчихов гэдгийг геологичид судлаад 200 гаруй сая жилийн өмнө хоёр км газрын гүнд үүссэн гэдгийг тогтоосон. Харин өнөө үед болорыг яаж үүссэнийг тогтоосныхоо хүчинд лабораторийн аргаар ургуулж байна. Ганц болорыг ч бус алмаазыг ч жил хүрэхгүй хугацаанд ургуулж байгаа. Алмааз бол олддоггүй ховор эрдэнэ. Алмаазын ганцхан орд газар нь Африкт байдаг. Мөн Оросын Якутад байгаа. Алмаазыг олж ашиглахад асар их үнэтэй. Тийм учраас лабораторид ургуулах аргаар үйлдвэрүүдийг хангаж амьдралд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, байгалийн том лаборатори байгуулчихаад ажиллаж байна.

-Ганц элементээс тогтсон үнэт чулуунуудад ямар чулуу орох вэ?

-Алт, мөнгө, хүхэр, бал чулуу, зэс орно.

-Үнэт эрдэнийн чулууны онцлог юу вэ?

-Жил ирэх тусам үнэт чулууны хэрэгцээ өсч байна. Үнэт чулууг өөрөөр гоёл чимэглэлийн чулуу гэж хэлж болно. Үнэт эрдэнийн чулууны ачаар цоо шинэ техник бий болж хүн төрөлхтний түүхэнд хувьсгал хийж байна. Үүний тод жишээ бол бадмаараг эрдэнийн чулуу. Үүнийг лазерийн эмчилгээнд ашиглаж байна. Эрдэнийн чулууны гол онцлог шинж нь тунгалаг гоё өнгөтэй, зарим нь улаан, ягаан, цэнхэр гэх мэт төрөл бүрийн өнгөтэй. Энэ нь хүний анхаарал, сонирхлыг их татаж байдаг онцлогтой.

-Монгол оронд түгээмэл байдаг ямар чулуу байна?

-Монголын нутаг дэвсгэрт боржин чулуу түгээмэл тархацтай. Чулуу бол чулуулгуудаас бүрддэг. Богд уул, Хангай, Хэнтий нуруунуудын ихэнх хэсэг нь боржин чулуунуудаас бүрддэг. боржин чулуу хээрийн жонш, болор, бага зэрэг хар гялтгануур эрдэсийг агуулдаг.

-Хүмүүс эрүүл мэнддээ чулууг ашиглах болсон. Энэ талаар?

-Хүмүүс турманил гэдэг гялалзсан хар соронзтой чулууг эрүүл мэнддээ их ашиглаж харагддаг. Ямар ч чулуу хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байдаг. Гэхдээ хүмүүс мэдэгдэхүйц нөлөөтэй чулуунуудыг их сонирхдог. Үүнд байгалийн барагшунаас эхлээд жонш, турманилыг нунтаглаад пиоро цахилгаан гаргаж эрүүл мэнддээ ашигладаг. Хавдар болон шүдний өвчнийг дарахад жамц давны уусмалыг хэрэглэдэг. Жамц давс бол эрт галавын үед далайн ёроолд үүссэн.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Агуу математикч Гаусс ба Эварист Галуа

Дэлхий дахинаа
математикийн хаан хэмээн
нэрлэгдэн түүхэнд мөнхөрсөн
суут эрдэмтэн бол Германы
математикч Карл Фридрих
Гаусс юм. 1777 оны дөрөв­
дүгээр сарын 30-нд Германы
Бранушвэйг хотод мэндэлсэн
тэрээр хожмоо дэлхийд
гайхагдсан агуу эрдэмтэн
болсон билээ. Сод ухаан нь
хүүхэд байхаас нь тодорсны
нэг илэрхийлэл нь 1-100
хүртэлх тооны нийлбэрийг
хялбархаан гэгч нь бодсоноор
харагддаг. Нэгэн удаа
багш нь сурагчдадаа 1-100
хүртэлх тооны нийлбэрийг
олох даалгавар өгөхөд бараг
л хэлж дуусаагүй байхад
нь “Би олчихлоо” хэмээн
Гауссыг гараа өргөхөд
сурагчид бүү хэл багш нь ч
итгэсэнгүй. Эргэлзсэн багш
нь шалгаж үзэн, Гауссаар
өөрөөр нь бодсон аргыг нь
тайлбарлуулав. Маргаангүй
зөв бодсон байлаа.
Харин Гаусс уг бодлогыг
хялбархан аргаар бодсон
байв. 1-100 хүртэлх тооны
хамгийн эхнийхийг хамгийн
сүүлийнх нь тоон дээр нэмж
хос тоо гаргана. Жишээ
нь, 1+100=101, 2+99=101,
3+98=101 гэх маягаар явахад
нийт 50 хос тоо гарах бөгөөд
101 гэсэн тоонуудыг 50-иар
үржүүлэхэд 5050 гарна хэмээн
тооцжээ. Гауссын энэ суу
билгийн талаар түүхэнд олон
олон яриа домог бий. Түүнийг
дөнгөж гурван настай байхдаа
аавынхаа бодож байсан
тооны алдааг олж хэлээд засч
бодуулсан гэх мэт. К.Ф.Гаусс
хожмоо дурсахдаа “Би ярьж
сурахаасаа өмнө тоо бодож
сурсан” гэж хэлсэн нь бий.
Харин тэрээр 24 настайдаа
буюу 1801 онд бичиж дуусга­
сан “Арифтетикийн тухай яриа”
хэмээх бүтээл нь өнөөдрийг
хүртэл ач холбогдлоо алдаагүй
бөгөөд математикийн онолын
суурь бүтээл хэвээр байна.
Гайхамшигтай нь, тэрээр эл
бүтээлээ ердөө арван хэдхэн
насандаа бичиж эхэлсэн
байдаг.
Гаусс 19 настайдаа зөв
17 өнцөгтийн байгуулалтыг
нээлээ. Энэ нь удаан хугацаанд
дорвитой нээлт хийгдээгүй
байсан шинжлэх ухааны
ертөнцөд томоохон шуугиан
тарьсан нээлт байв. Энэ нь
“х17-1=0” гэдэг тэгшитгэл
бөгөөд, зөв 17 өнцөгтийн
байгуулалтыг гортиг, шугамын
тусламжтай байгуулсан
юм. Тэрээр энэхүү нээлтээ
насан туршдаа хамгийн их
хүндэтгэж, хайрладаг байсан
ба өөрийнхөө шарилын
чулуун дээр зөв 17 өнцөгтийг
сийлээрэй хэмээн гэрээсэлсэн
гэдэг. Гауссын агуу нээлт,
амжилтад 14 настайдаа
танилцаж байсан Карл
Вилгелм Фердинанд вангийн
дэмжлэг их байсан бөгөөд
түүнд санхүүгийн болон
бусад дэмжлэгийг боломжтой
хэмжээгээр өгч байжээ. 1795
онд Гаусс Гётингений их
сургуульд суралцаж эхэллээ.
Энэ хугацаандаа сонгодог
гүн ухаан, физик, одон орны
шинжлэх ухаан зэрэг олон
төрлийн судалгааны ажил
хийж байсан аж. Тэрээр 1799
онд докторын зэрэг хамгаалж,
ингэснээрээ математикийн
шинжлэх ухаанд төвлөрч,
судалгаа шинжилгээнд
өөрийгөө зориулж байв.
Тэрбээр цээж тоонд
гаргуун сайн байсан. Хоёр
мянгын доторх аль ч тооны
шинжийг огтхон ч түгдрэлгүй
хэлж чаддаг байсан юм.
Гаусс тооцон бодох агуу
авьяасынхаа ачаар шинэ
гариг болох “Церера”-г нээж,
хожмоо уг аргаар нь олон
гаригуудыг нээсэн юм. Уг нь
“Церера” гаригийг Италийн
одон орон судлаач Пиази
анх нээгээд байж. Гэсэн ч
нээлтээ олигтой судалж
чадахгүйд хүрээд байсан юм.
Учир нөгөө гариг нь наранд
ойртоод халхлагдаад байж
л дээ. Харин Гаусс мөнөөх
гаригийнх нь тойрог замыг
нарийн гэгч нь бодоод хаахна
байхыг нь яг таг олсон байгаа
юм. Тэрээр алгебрийн үндсэн
теоремийг баталж, хамгийн
бага квадратын аргыг үндэслэн
Эвклидийн бус геометрийн
анхны суурийг тавилцсан суут
нэгэн байлаа.
1812 онд Гаусс математик,
физикийн шинжлэх ухаанд
“ Тусгай функцууд ” гэж
нэрлэгддэг гипергеометрийн
функцыг зарлалаа. Дараа нь
1820-1830-аад онд улсынхаа
геодезийн томоохон судалгаа
хийж дэлгэрэнгүй газрын
зургийг хүртэл зуржээ. Дараа
нь 1830-1840-өөд онуудад
Гаусс физикийн салбарт
нэлээд анхаарч эхлэв.
Үүний нэг илрэл нь 1833 онд
Велгельм Вебертэй хамтран
анхны цахилгаан соронзон
телеграфыг байгуулсан байх
юм.
Тэгвэл Гауссаас хожим
төрсөн хэдий ч математикийн
шинжлэх ухаанд өөрийн
ул мөрөө тод үлдээсэн
өөр нэгэн математикч бол
Эварист Галуа билээ. Ердөө
хорьхон жилийн амьдралдаа
60-аадхан хуудас бүтээл
туурвисан ч тэрхүү бүтээл нь
түүнд асар их нэр хүнд, алдар
сууг авчирчээ. Ийм цөөхөн
хуудас бүхий бүтээл эзнээ
алдарт хүргэсэн нь урьд өмнө
лав байгаагүй. Галуа 1811
онд Францад төржээ. Тэрээр
мөн л сургуульд байхдаа
авьяас билгээ харуулж
чадсан юм. Бүхэл бүтэн
хоёр жил үздэг, тухайн үедээ
хамгийн шилдэг нь гэгдэж
байсан геометрийн сурах
бичгийг хоёрхон хоногт бүрэн
уншаад ойлгоод авчихсан
гэхээр үнэхээр ховор “толгой”
байжээ. Их математикч
Штурмын шинээр зохиогоод
бодож, баталж чадахгүй
байсан дээд математикийн
теоремийг хичээл дээрээ
сууж байхдаа л бодоод
баталчихсан гэдэг. Тэрээр 16
наснаасаа эхлээд алгебриар
бие даан судалгаа шинжилгээ
хийж байв. Сонирхолтой нь
үнэхээр байгалиас заяасан
гоц ухаантан тэрээр дээд
сургуулийн элсэлтийн
шалгалтанд хоёр ч удаа бүдэрч байж. Учир нь шалгалтанд
ирсэн бодлогыг хэт богино,
бас тайлбар байхгүй гэж
унагасан бол дараа нь
бас л иймэрхүү шалтгаар
сургуульд тэнцсэнгүй. Ер
нь түүний бодолтууд багш
нарын арга барил, мэдлэгээс
давчихсан байсан учраас
зарим нэг сэтгүүлд хэвлэгдсэн
нийтлэлүүд нь олонд тэр бүр
түгж чаддагүй байж л дээ.
Ямартаа ч 1829 онд Францын
багшийн их сургуульд элсэн
орлоо. Гэсэн ч 1830 оны
хувьсгалд оролцсон хэргээр
хоёр ч удаа хоригдоод үзэж.
Харамсалтай нь, цагдаа нарын
зохион байгуулсан дуэль
буюу халз буудалцаанд хүнд
шарх авч, шархаа даалгүй цэл
залуухан 20-хон насандаа нас
барсан юм.
Галуа дунд сургуульд байх­
даа дөрвөөс дээш зэрэгтэй
тэгшитгэлийг язгуураар
бодох асуудлыг судалж, дээд
зэрэгт зарим тэгшитгэлийг
язгуураар бодох ерөнхий
аргыг боловсруулах явцдаа
алгебрийн шинэ салбарын
онолын үндсийг тавьсан юм.
Өнөөдөр тэрхүү үндэслэсэн
онол нь Галуагийн онол хэмээн
нэрлэгдэж байна. Энэ онол нь
цэвэр математикийн төдийгүй
байгалийн ухааны бусад
салбаруудад ч хэрэглэгдсээр
байгаа юм. Тухайн үед өөрийн
эл бүтээлүүдээ Парисын
шинжлэх ухааны академи
руу явуулж байсан хэдий
ч ганц хариу авч чадаагүй
нь харамсалтай. Хожмоо
Францын нэрт математикч,
алгебрь судлаач Серрэ
түүний бүтээлийг маш удаан
судалсан боловч олигтой зүйл
ойлгож чадаагүй өнгөрсөн
нь үнэхээр цаг үеэсээ хол
тасарсан суутан байсныг
илтгэх нэгээхэн жишээ юм.
Хорин жил амьдрахдаа Галуа
XIX зууны их математикчдын
дунд нэрээ сийлэн үлдээхүйц
нээлт хийсэн билээ. Алгеб­
рийн тэгшитгэлийн онолын
бодлогуудыг бодож, орчин
цагийн алгебрийн суурийг бий
болгожээ. Мөн өмнөх үеийн
тоочдын бодож, шийдэж
чадаагүй олон асуудлуудыг
судалж амжсан байдаг. Жишээ
нь, дурын зэрэгт тэгшитгэлийн
ерөнхий шийдийг олох,
тэднийг коэффциентүүдын
тусламжтай, арифметик
үйлдэл ашиглах гэх мэт
багтана. Галуагийн хийсэн
бүтээсэн, судалсан ажлууд нь
зарим талаараа ойлгомжгүй
байсан ч 1840-д оноос
эрчимтэй судалж, “Абсракт
алгебрийн бүтэц” гэх онолын
шинэ ухагдахуун эрчимтэй
хөгжсөн юм.
Өнөөгийн математик асар
өндөр хөгжсөн. Бүх л шинжлэх
ухаанд математик хэрэглэгдэж
байна. Өнөөдрийн энэхүү
оргилд хүрэхэд зуу, зуун
математикчдын уйгагүй
хичээл зүтгэл, судалгаа
шинжилгээний үй олон ажлын
үр дүн нөлөөлсөн билээ.
Гаусс, Галуа нар байгаагүйсэн
бол шинжлэх ухаан бас л
суут хөвгүүдээр дутах байв.
Математик бол бүх шинжлэх
ухааны хаан нь ажгуу.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан цамц, хар фрак, чамин дохиур…

Удирдаач гэхээр ийм зураглал л санаанд буудаг. Телевизээр “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс эгшиглэх бүрд хөгжимчдийн өмнө зогсох дэгжин эрийг сониучирхан хараад суучихдаг байж билээ, хүүхэд ахуйдаа. Тэр үеийн мэдрэмжээс ургасан зураглал л даа. Ж.Чулуун гэж хүний тухай бичих хүсэл тэр цагаас эхтэй байх. “Удирдаач ер нь юугаараа давтагдашгүй, ямар онцлогтой мэргэжил вэ” гэсэн асуултыг хэд хэдэн хүнд тавьж байсан ч урлаг судлаач Эсүгийн “Өөр өөрийн хөгжимдөх аргатай олон хөгжимчний гараас нэг цул бүтээл төрүүлэх шид удирдаачийн дохиурт л бий. Тэр жижигхэн дохиурын дороос сэтгэл гэгэлзүүлсэн хүчирхэг аялгуу урсдаг. Ингээд бодохоор удирдаачдыг би аялгуу урлаачид гэмээр санагддаг. Хамгийн гайхалтай нь тэд биеэрээ хөгжимддөг. Буй биеэрээ хөгжим болж байж л хөгжимчдөө хөглөж, үзэгчдийн сэтгэлийг хөндсөн аялгуу төрүүлдэг өвөрмөц мэргэжил л дээ” гэсэн үг онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Яг л хүсч хүлээсэн хариу маань.

“Уран Хас” -ын Ж.Чулууныг буй биеэрээ, бүхий л сэтгэл, оюунаараа хөгжим байсан гэж хөгжимчид дурсдаг юм билээ. Хөгжим судлаачид Ж.Чулууны гарын хөдөлгөөнийг “жигүүртэн шувуу нисэн буун, нисэн буух мэт” гэсэн нь яалт ч үгүй онцгой зүйрлэл. Энэ эрхмийн чамин дохиурын дор аялгуу урлаж суусан нэг хөгжимчин “Чулуун багшийг удирдахаар өөрийн эрхгүй л нотоо тоглочихдог. Бүр дэгэлзэж гэгэлзэж, шаналж, уярч, шатаж, догдолж тоглодог. Нэг л мэдэхэд бүтээлээ тоглоод дуусчихсан сууна шүү дээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Ж.Чулууны хүү удирдаач Ч.Чинбаттай нэлээд хэдэн жилийн өмнө хуучилж суухад “Оркестрыг ховсдож байгаа юм шиг авч явж чаддаг. Нүүрнийхээ мимик, гарынхаа хөдөлгөөн, нүднийхээ харцаар удирддаг” гэж аавыгаа дурссан нь санаанд тодхон байна.

Түүний удирдсан оркестр чамин дуугаралт, сонсогчдыг хөглөх чадвараараа бусад удирдаачаас эрс ялгардаг байж. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч “Ж.Чулуун багшийн удирдсан оркестр эвтэй, зөөлөн, уран дуугардаг” гэж хэлсэн удаатай. Дэлхийн томоохон театруудад тоглох нь хаа газрын удирдаачдын мөрөөдөл л дөө. Ж.Чулуун мөрөөдлөө гүйцээсэн удирдаач. Москвагийн Большой театрын симфони оркестр 1980-аад онд Шостаковичийн “Баярын удиртгал”-ыг тоглох гэж байж л дээ. Удирдаач нь Ж.Чулуун. Тоглолт эхлэхээс өмнө оркестрын хөгжимчид хэд хэдэн нот буруу дуугаргаж Монголын удирдаачийг сорьж гэнэ. Тэр үед Ж.Чулуун нот алдангуут нь зогсоож засч өгснөө “Намайг шалгаж дууссан бол ажилдаа оръё” гэж байж.

Большой театраас гадна Болгар, Польшийн томоохон театр, Чех, Молдавын оркестрыг ч удирдаж явж. Тоглолт дууссаны дараа оркестр нь босч алга ташдаг байсан тухай хөгжимчид өнөөдөр ч өөр зуураа хуучилцгаадаг юм билээ. Сэтгэл нь хөдөлсөн Европын хөгжимчид “Гайхалтай. Үнэхээр сайхан хамтарч ажиллалаа” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Гадны удирдаачаар удирдуулсан оркестр барагтай л бол ийм хүндэтгэл үзүүлж, бахдан шагшдаггүй бичигдээгүй хууль хөгжмийн ертөнцөд үйлчилдэг. Гэхдээ ер бусын дотоод авьяас, гарын ур, торгон мэдрэмж, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гүйцэтгэлийн өмнө урлаг ихэмсэг загнадаггүйг харуулсан бахдам түүх дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө л дөө. Тийм түүхийн гол дүрүүдийн нэгд Монголын Ж.Чулуун бардам багтана.

Азийн Монголын хувьд удирдаач мэргэжлийн түүх тийм ч зузаан биш, дал гаруйхан жилийн настай. Анхны удирдаач нь Билгийн Дамдинсүрэн, тэгээд Жамъяны Чулуун гэсэн нэр бичигддэг юм. Хоёулаа сургууль соёлын мөр хөөж мэргэшээгүй, байгалийн авьяас дээр нэмэх нь орос мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөгөөр л оркестр удирдаад эхэлж. Гайхалтай нь тэд удирдаач мэргэжлийг дэлхий үнэлэхээр хэмжээнд эзэмшицгээсэн гэдэг.

Ж.Чулуун удирдаач Чехийн хөгжмийн академид сурахаар болж л дээ. Орос хэлэнд “а” ч үгүй учраас тусгай хэлмэрчтэй яваад очжээ. Монголын удирдаачийг шалгасан их сургуулийн доктор профессорууд “Энэ хүнд удирдаачийн талаас заах юм алга” гэцгээж байж. Гуч гаруй жил удирдаачаар ажиллаж, дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй дуурь, балет, 80 шахам симфони, бүтээлийг удирдан тоглуулах үед нь Ж.Вердийн “Травиато”, “Риголетто”, “Отелло”, Чайковскийн “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Шелкунчик”, А.Моцарт, Л.Бетховен, Б.Шуберт, Д.Шостаковичийн бүтээлүүд тайзнаа тавигдаж байсан юм.

Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмөө Ж.Чулуунаар удирдуулах сонголт хийж байжээ. Хөгжмийн зохиолч “Тэр их хүн миний хөгжмийг удирдсан нь бас намайг сонгосон хэрэг л дээ. Өчнөөн хөгжимчид, замбараагүй олон хөгжмийн зэмсэгтэй тийм нүсэр оркестрыг Ж.Чулуун багшаас өөр хүн тийм цэгцтэй удирдаж чадахгүй байсан гэж хөгжмийн мэргэжилтнүүд ярьдаг. Яах аргагүй үнэн. Ж. Чулуун багш удирдсан учраас үндэсний сэтгэлгээ хэв шинж талаасаа шинэчлэл хийж чадсан. Тийм ч учраас Н.Жанцанноров гэдэг хүн өдий дайны яваагийн нэлээд хувийг сая ярьсан хоёр киноны хөгжим эзэлдэг юм. Ер нь уран бүтээлч хүн хэний ухаан, авьяасын хүч дэмээр хаана хүрснээ бодох учиртай. Шолоховын “Дөлгөөн Дон”-гүйгээр Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” төрөхгүй, Моцартгүйгээр Бетховен мэндлэхгүй. Уран бүтээлчдийн жам л даа, энэ” хэмээн дурсамж сөхлөө. Дурсамж гэснээс “Мандухай цэцэн кино” –ны Исмэл тайжийг элсээр булдаг хэсэг дээр бөмбөрийн нүсэр дуу сонсогддог доо. Яг тэр бөмбөрийн цохилттой хэсгийг Н.Жанцанноров удирдаач Ж.Чулуунтай хамт хийж байж. Эхний удаад нь Б.Балжинням найруулагч баахан хүмүүсээр бөмбөр нүдүүлчихэж. Хөгжмийн хүн биш учраас ая дан таарсан цохилт хийлгээгүй нь тодорхой. Хөгжимтэйгөө уяхын тулд киноны хөгжмийн зохиолч, удирдаач хоёр сүүлд нь өөрсдөө бөмбөр нүдсэн хэрэг. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч хорьдугаар зууны сод удирдаачийн тухай бас нэгэн дурсамж сөхлөө. Хөгжмийн зохиолчийн найруулсан нэг концертын үеэр “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс эгшиглэж дээ. Мэдээж удирдаач нь агуу Ж.Чулуун. Найруулагч “Та хөгжмийн дундуур эхний хийлчээс хийлийг нь аваад тоглоорой” гэж. Үндэсний хэд хэдэн хөгжим тоглочихдог удирдаачийг хийл гайхалтай тоглодгийг урлагийнхан, сонгодог урлагт дурлагчид андахгүй. “Уран хас”-ын автор найруулагчийн хүсэлтийг дурамжхан хүлээж авсан ч зохиосон хөгжмөө өөрөө хийл хөгжмөөр амилуулжээ. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч тэр агшныг “Гайхамшигтай” гэж тодотгов. Сүүлд удирдаачийн хүү Ч.Чинбат ч үзэгчдэд ийм гайхамшигтай мэдрэмж бэлэглэж байсан юм.

Энэ эрхэм хөгжмийн урлагт ч өөрийн гэсэн тод мөртэй. ЮНЕСКО-гийн гишүүн зуу гаруй орны үндэсний радиогоор Монголын Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” эрх дархтайгаар эгшиглэдэг. Хийл найрал хөгжимд зориулсан “Ардын хоёр дууны найруулга” –ыг нь ЮНЕСКО 1973 онд Азийн хөгжмийн үнэт бүтээл хэмээн бүртгэж хамгаалалтдаа авсан түүхтэй.

Ж.Чулууныг “Ардын хоёр дууны найруулга”-аа Чех, Будапешт, Берлиний урлагийн наадмын тайзнаа эгшиглүүлэхэд үзэгчид тэр аяараа босч алга ташиж байсан гэдэг. Урлагийн өндөр мэдрэмжтэй барууны үзэгчдийг гайхшруулсан тоглолтынхоо талаар XX зууны сод удирдаач “Миний сайн тоглосных биш ээ. Морь малаасаа өөр юм бараг мэдэхгүй монголчууд ийм юм тоглочихлоо гэж гайхаа биз” хэмээн даруухан ярьж сууж. Бүр хожим хүү Ч.Чинбат нь “Ардын хоёр дууны найруулга тийм ч хөнгөн тоглочихоор зохиол биш л дээ. Одоогийн хөгжим бүжгийн сургуулийн дунд ангиас дээшээ тоглох бүтээл. Монголчууд ийм сайхан ая зохиож, хийл хөгжмөөр гайхалтай тоглолоо гэж л алга ташсан байх” хэмээн аавыгаа дурссан юм.

“Уран Хас” бүжгэн жүжгийн тухай урлаг судлаачдын дүгнэлт, шагшралыг түр орхиё. Уран гартай Хас хэмээх залуугийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг энэ бүжгэн жүжгийн вальсын аялгуу хүн бүрийн зүрхэнд эгшиглэдэг. “Уран Хас” бүжгэн жүжгийг үзсэн, үзээгүй хүн бүрийн сэтгэлд эгшиглэх вальсын хөг, аяз ирэх он жилүүдэд ч бүдгэрэхгүй биз ээ. Учир нь цаг мөнхөд амьдрах шид зөвхөн урлагт л харьяалагддаг. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Ж.Чулуун багшийн хамгийн том бүтээл бол “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжим. Чайковскийн “Хунт нуур”-тай харьцуулах боломжгүй. Адилхан хөгжмийн драмууд ч гэлээ Чайковскийнх өгүүлэмж, зөрчилдөөнтэй. Харин Ж.Чулуун багшийнх дүрслэлийг голчилсон. Хөгжмийн цоморлиг, өөрөөр хэлбэл хөгжмийн альбом. Тус бүрдээ гайхамшигтай илэрхийлэлтэй хөгжмийн альбом. Чулуун багшийн бүтээл нас урттай байгаагийн амин сүнс нь ерөөсөө л удирдаачийнх нь мэдрэмж. Тухай нь би гэхэд л Чулуун багш шиг найрал хөгжмийг тийм ойрхон, гүнзгий мэдрэх боломжгүй” гэсэн үгээр XX зууны сод удирдаач, авьяас төгөлдөр аялгуу урлаачийг дурссан бичил зураглалаа төгсгөе.


Categories
мэдээ цаг-үе

Э.Болд-Эрдэнэ: “Глобал удирдагч” сангаас АНУ, БНСУ, Тайвань улсад тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

“Глобал удирдагч сан”-гаас АНУ, БНСУ, Тайвань улсад тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож, 1+3, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Глобал удирдагч” сан UBS телевиз хамтран “Глобал удирдагч-2019” уралдаант нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа аж.

Нэвтрүүлгийн баг, оролцогчид 1+3, 2+2 хөтөлбөрийн талаар Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн сурагчдад өнгөрсөн баасан гаригт танилцуулга хийлээ.

Энэхүү нэвтрүүлэг нь гуравдугаар сараас эхлэн UBS телевизээр бямба гариг бүр гардаг юм. Нэвтрүүлэгт 100 гаруй оюутан залуус оролцсноос одоогийн байдлаар 16 оюутан шалгарч үлдсэн байна. Эдгээр 16 оюутныг дөрвөн баг болгон хувааж нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна.

Энэ хөтөлбөрийн талаар “Глобал удирдагч” дээд сургуулийн захирал Э.Болд-Эрдэнэ “Дэлхийн боловсролыг Монголдоо” гэсэн уриатай гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож “Глобал удирдагч сан” Глобал дээд сургуультай хамтран 1+3, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй шилдэг сургуулиудтай хамтарсан хос дипломын хөтөлбөр юм. Гадаадын шилдэг их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан энэхүү хөтөлбөрөөр өнгөрсөн хугацаанд 4500 гаруй залуус АНУ, Өмнөд Солонгос, Тайваньд тэтгэлэгтэй суралцаж төгссөн. Монгол Улсдаа мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож мэдээллийн технологийн эрин үед өрсөлдөх чадвартай дэлхийн иргэдийг бэлдэх нь энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго юм. XXI зуун бол мэдээлэл технологийн эрин. Энэ зуунд их, дээд сургуульд төгссөн хүн бус харин олон улсын их дээд сургуульд суралцаж нэгээс хоёр гадаад хэл суралцсан хүнийг ажилд авахыг ажил олгогчдын зүгээс илүүд үздэг болсон. Энэ боломжийг “Глобал удирдагч 2019” нэвтрүүлгээр дамжуулан олгож байгаа бөгөөд энэ нэвтрүүлэгт оролцогчид Тайван, Солонгос, Америкийн их дээд сургуулиудад 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой. Хамгийн гол нь гадаадад суралцахын тулд эхлээд хэлний мэдлэгээ сайжруулсан байх шаардлагатай” гэсэн юм.

Арван жилийн хугацаанд гадаадад мэргэжил эзэмшихээр явсан оюутнуудын ихэнх нь Америк улсад боловсрол эзэмшихээр явсан байна. Суралцаж буй мэргэжил нь ихэвчлэн бизнес, анагаах, шинжлэх ухаан, инженер гэсэн мэргэжлүүд байдаг аж. 3+1, 2+2 хөтөлбөр нь сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжиж байгаа хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрөөр дамжуулж гадаадад тэтгэлэгтэйгээр суралцахын тулд Глобал удирдагч дээд сургуульд нэгээс хоёр жил суралцсны дараагаар хэлний шалгалт өгөөд явдаг. Мэдээж хэлний шалгалтаа амжилттай өгсөн байх, тодорхой шаардагдах оноогоо хангасан байх ёстой. 3+1, 2+2 хөтөлбөрт хамрагдахын тулд заавал “Глобал удирдагч 2019” тэмцээнд оролцох шаардлагагүй. Гагцхүү уралдаант нэвтрүүлгээр дамжуулж гадаадад суралцах боломжтой гэдгийг олон нийтэд сурталчлахын сацуу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдыг гадаадын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй сурах боломжийг олгож байгаа юм байна. Сонирхуулахад “Глобал удирдагч 2019” уралдаант нэвтрүүлгийн оролцогчид нь энэ жил 12-р ангиа төгсч буй болон 1-4 дамжааны оюутнууд байна. Эдгээр оюутнууд дөрвөн баг болж хуваагдаад нэвтрүүлгээс даалгасан даалгавар, шаардлагыг хангаснаар өөрсдийгөө хөгжүүлж, хэлний мэдлэгээ зузаатгаж гадаадад 100 хувь үнэ төлбөргүй суралцах боломж олж авахын төлөө өрсөлдөж байгаа гэсэн үг. Энэ нэвтрүүлэгт оролцож шалгарч үлдсэн дөрвөн багийн нэг болох “Эвт шаазгай” багийн гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Багийн ахлагч МҮИС-ийн Хуульзүйн ангийн оюутан Б.Батдэлгэр “Бид энэ нэвтрүүлэгт оролцоод шалгарч үлдсэндээ маш их баяртай байна. Бид дөрвөн үе шатыг давж гарснаар гадаадын өндөр хөгжилтэй оронд өөрийн хүссэн мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурах боломжийн төлөө өрсөлдөж байна. Одоогийн байдлаар бид хоёрдугаар шатны даалгавраа хэрэгжүүлээд явж байна. Үлдсэн хоёр шатны даалгавраа амжилтай давах л үлдлээ. Хамгийн гол нь бид англи хэлний зохих оноонуудаа авч чадсан тохиолдолд бүх оролцогч гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжтой юм байна лээ”.

Багийн гишүүн н.Ганчимэг “Би Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн төгсөх ангийн сурагч Ганчимэг байна. “Глобал” дээд сургуулийн гадаад хэлний таван сарын эрчимжүүлсэн сургалтанд суусан. Эрчимжүүлсэн сургалтанд сууснаараа Глобал удирдагч сан UBS телевиз хамтран зохион байгуулж байгаа уралдаант нэвтрүүлэгт оролцох боломж нээгдсэн. Энэ нэвтрүүлэг надад маш том үүд хаалга болж өгсөн. Учир нь багш нар нь маш гадаад хэлийг маш ойлгомжтой заадаг. Ярих, бичих, сонсох хичээлүүдийг салгаж заахаас гадна гадаад, монгол багш хичээлүүдээ ордог. Мөн гадаадад сурахыг хүсдэг оюутнуудыг дэмжиж ажилладаг нь таалагдсан. Би хэлний шалгалтын оноогоо сайн аваад Америкт очиж сурахыг хүсч байна”.

Глобал удирдагч 2019 уралдаант нэвтрүүлэгт “Глобал” дээд сургуулийн оюутнууд болон бусад сургуулийн оюутнууд оролцож байна. Нэвтрүүлэг нь ирэх тавдугаар сарын сүүлээр ялагчаа тодруулна гэв.

Мэдээллийн технологийн эрин үед хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж эхэлснээр ирээдүйд одоо эрэлттэй байгаа ажлын байруудыг роботууд хийдэг болох боломж улам ихэсч байна. Өндөр мэдлэг боловсролоос гадна гадаад хэлний мэдлэг, чөлөөт сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, EQ (сэтгэлийн ухаан), дасан зохицох чадвар зэрэг хувь хүний манлайллын чадварууд нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж ирээдүйн амжилтад техникийн чадвараас илүүгээр нөлөөлөх болохыг олон судалгаа харуулсан байдаг. Тиймээс “Глобал удирдагч” дээд сургуулийн оюутан бүр Харвардын жинхэнэ болон зохицон манлайллын хөтөлбөр, хувь хүний хөгжлийн тусгай хөтөлбөрт хичээлийн хажуугаар хамрагддаг аж. Мөн LDG буюу манлайлалын хөгжлийн багт хуваагдаж жишээ, дасгал, эргэцүүлэмж эссэнүүдийн тусламжтайгаар хувь хүний манлайлах чадваруудаа сайжруулах боломжийг суралцагчдадаа олгодог байна. Энэ хөтөлбөрийн давуу тал нь эх орондоо 1-2 жил ерөнхий эрдмийн хичээл үзэхээс гадна англи хэлийг iBT TOEFL 60/IELTS 5.5 ба түүнээс дээш оноогоо авч чадснаар шилжин суралцах эрх нээгдэнэ. Тэгээд өөрийн сонгосон сургуульдаа сургалтын төлбөрийн 50, 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаас гадна стипенттэйгээр сурах боломжтой. Мөн тухайн сургуульд суралцаж байх явцдаа цагийн ажил хийх боломжийг нээж өгдөг байна. Гадаад явсан оюутанд хариуцлагын ямар нэгэн асуудал гарсан гэж бодоход тухайн гадаадын сургуулиас Монгол руу холбогддог байна. Харин “Глобал удирдагч” сан “Глобал удирдагч дээд сургууль” тухайн оюутантайгаа холбогдож асуудлыг шийддэг. Нэг үгээр хэлбэл эргэх холбоо сайтайгаараа давуу талтай гэдгийг удирдлагууд нь хэлж байлаа.

1+3, 2+2 хөтөлбөрийг тодорхой тайлбарлавал “1+3 хөтөлбөр бол англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнууд нэг жил Монголдоо суралцаж ерөнхий эрдмийн хичээлүүдээ үзэж 30 кредит цаг цуглуулах явцдаа англи хэлний бэлтгэлээ хангаж iBT TOEFL 60/IELTS 5.5 ба түүнээс дээш оноогоо авч чадснаар шилжин суралцах эрх нээгдэнэ. Энэ тохиолдолд тухайн сонгосон гадны их сургуульдаа үлдсэн гурван жилийн хугацаанд төлбөр төлөхгүйгээр, зарим тохиолдолд сарын 200 ам долларын стипенттэй суралцах боломжтой. Эхний жилдээ дотоодын төлбөрөөрөө хичээлээ үзэхийн хажуугаар хэлний бэлтгэлээ хангана. Үүний дараагаар тэтгэлэгт аливаа зуучлалын төлбөр төлөлгүйгээр хамрагдана.

2+2 хөтөлбөрт бол англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнууд нэг жил Монголдоо суралцаж ерөнхий эрдмийн хичээлүүдээ үзэж 30 кредит цаг цуглуулах явцдаа англи хэлний бэлтгэлээ хангаж iBT TOEFL 60/IELTS 5.5 ба түүнээс дээш оноогоо авч чадснаар шилжин суралцах эрх нээгдэнэ. Энэ тохиолдолд тухайн сонгосон гадны их сургуульдаа үлдсэн гурван жилийн хугацаанд төлбөр төлөхгүйгээр, зарим тохиолдолд сарын 200 ам.долларын стипенттэй суралцах боломжтой. Эхний жилдээ дотоодын төлбөрөөрөө хичээлээ үзэхийн хажуугаар хэлний бэлтгэлээ хангаж тэтгэлэгт аливаа зуучлалын төлбөр төлөлгүйгээр хамрагдах боломжтой гэдгийг байгаа нь зөвхөн “Глобал удирдагч” дээд сургуулийн оюутанд олдох ховор боломж юм. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй оюутнууд ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь хичээлүүд болох 60 кредит цагийн хичээлүүдээ үзэхийн хажуугаар англи хэлний эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдана. Англи хэлний зохих оноонуудаа авсны дараа 1+3 хөтөлбөртэй ижил зарчмаар тэтгэлэгтэй суралцах эрх нээгдэх бөгөөд ялгаатай нь хос дипломтой төгсөх болно. Тодруулбал “Глобал удирдагч” дээд сургуулийн болон тухайн сонгосон гадаадын их, дээд сургуулийнхаа дипломыг аль алиныг нь авах боломжтой гэсэн үг. Мөн эхний хоёр жилдээ дотоодын төлбөрөөрөө суралцаж хэлний бэлтгэлээ сайн хангаснаар цаг алдалгүй гадаадад үргэлжлүүлэн суралцаж боломжтой. Гадаадын их сургуулиудад суралцах хугацааны тэтгэлэг нь тухайн сургуулийн тэтгэлгийн журмаар зохицуулагдах бөгөөд дүнгийн голчоос шууд хамаарч сунгагддаг байна. Гадаадын их дээд сургуулиудад хувийн зардлаар суралцъя гэвэл нэг жилд дунджаар Америкт 89500 ам.доллараар, Тайваны их дээд сургуульд 11600 ам.доллараар, Солонгос улсад 32500 ам.долларын зардлаар суралцах болно. Харин “Глобал удирдагч” сангийн энэхүү хөтөлбөрт хамрагдснаар дээрх зардлыг 50-100 хувь хөнгөлөх боломжтойгоос гадна сар тутам стипент авах боломжтой юм. Энэ талаар Глобал дээд сургуулийн захирал Э.Болд-Эрдэнэ “Нэг жишээ авъя. Иргэн Дорж англи хэлний анхан шатны мэдлэгтэй мөртлөө АНУ-ын их сургуульд суралцахаар төлөвлөөд энэ 2+2 хөтөлбөрт хамрагдлаа гэхэд эхний хоёр жилийг “Глобал Удирдагч” дээд сургуулийн төлбөрөөр эх орондоо суралцаж, үлдсэн хоёр жилээ АНУ-д 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцахдаа кампус дээр 20 цагийн ажил хийж, зундаа бүтэн цагаар ажиллаж, төлбөртөө жилд 8000 орчим ам доллар нэмэрлэх боломжтой. Байр хоолондоо хэмнэлт гаргавал бүрэн биеэ даах боломжтой. Энэхүү 2+2 хувилбар нь АНУ-д 4 жил сурснаас хоёр дахин хямд бөгөөд цаг алдахгүй, Монголдоо хэлээ өндөр түвшинд яаралгүй бэлдэж гаргахад зориулсан онцгой боломж юм. Мөн “Глобал уирдагч” дээд сургуулийн болон АНУ-ын сонгосон их дээд сургуулийн дипломыг давхар эзэмшинэ гэв”.

Тус сургууль нь Америк, Солонгос, Тайваны 160 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг байна. Тухайлбал, Солонгосын Тэжан хотын Солбридж олон улсын бизнесийн дээд сургууль, Америкийн I global, Waldorf college, Тайваны Чон хуа, Нау хуа, Азийн их сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг ажээ. Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчид дээрх танилцуулгыг сонирхож мэдээлэл авлаа. Хамгийн гол нь дэлхийн боловсролыг гадаадад эзэмшихийг хүссэн оюутан сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай их дээд сургуулиудад боловсрол эзэмшихийг сануулж байв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн кабелийн утсуудыг цэгцэлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн шон дээгүүр татсан шилэн кабелийг цэгцлэх 14 хоногийн аяныг энэ сарын 1-нээс эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар болон шилэн кабелийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хотын төвийн 49 гудамжаар татагдаад байсан 60718м кабелийг цэгцэлжээ.

Categories
гадаад мэдээ

Трамп сумогийн тавдугаар сарын барилдаан үзнэ

Тавдугаар сарын сүүлээр Японд айлчлахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжлийн сүмо бөхийн барилдааныг биеэр үзэх хүсэлтээ илэрхийлсэн тухай Японы Сүмогийн Холбооны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Тиймээс албаны хүмүүс тавдугаар сарын тэмцээний сүүлчийн өдрийн буюу 26-нд болох барилдааныг үзүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Харин Дональд Трамп 26-наас 28-ны хооронд Токиод айлчлах төлөвтэй байгаа.

Вашингтоноос Трамп болон түүний туслахуудад зориулж Токиогийн Рёгоку Кокугикан ордны эхний гурван эгнээнд багц суудал захиалсан гэх мэдээлэл байна.

Тавдугаар сарын мэргэжлийн сүмогийн тэмцээн 12-ны өдөр эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын гишүүн Н.Учрал “Хүүхдийн тэтгэмжийг орлогоос хамааран тогтоох” тухай хууль санаачилна

УИХ-ын гишүүн Н.Учрал “Хүүхдийн тэтгэмжийг орлогоос хамааран тогтоох” тухай хууль санаачлахаар боллоо.

Манай улсад 76.9 мянган эмэгтэй, 20.6 мянган эрэгтэй өрх толгойлдог. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 43.8 хувь нь, эрэгтэйчүүдийн 34.8 хувь нь ядуу амьдарч буй нь дээрх судалгаагаар тогтоогджээ.

Шүүхээр гэр бүл цуцлуулахад хүүхэд асрах, тэжээн тэтгэхтэй холбоотой ямар нэг нэхэмжлэл гараагүй бол хүүхдийн асуудлыг шийдэхгүй орхих тохиолдол бий. Өөрөөр хэлбэл гэр бүл салахад хүүхдийг эцэг эхийн хэнд нь үлдээх ёстойг шийдвэрлэдэггүй гэсэн үг. Гэр бүл цуцлалтын дараа хүүхдийн тэтгэмжийн төлөлт, үүргийн талаарх хараа хяналт байхгүйн улмаас хүүхэд хохирч байна. Эцэг, эхийн эдийн засгийн шийтгэл нь бага, хяналт сул байх тохиолдолд хүүхдийн төлөөх үүргээ тэд уландаа гишгэж салах шийдвэрийг хялбархан гаргадаг. Иймд гэр бүл цуцлуулсан тохиолдолд эдийн засгаар нь хянах шаардлагатай. Мөн тухайн хүүхдэд зориулсан үйлчилгээ хэрэгтэй байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал дээрх хуулийн төслийг санаачлахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Соёлын биет бус өвийн “Шавь” сургалтынхан сурч мэдсэнээ тайлагналаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран зохион байгуулсан Соёлын биет бус өвийн “шавь” сургалтын эхний шатны хөөмийн сургалтын тайлан өчигдөр болж өнгөрлөө. Уг сургалтын тайланд Соёл, урлагийн газрын Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан, СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцон суралцагсдын Монгол үндэснийхээ соёлын биет бус өв “хөөмий”-н урлагийн анхан шатны суурийг сурч мэдсэнтэй танилцлаа.

Сургалтыг хөөмийн багш, МУСТА Э.Сандагжав удирдаж 7 хоногт 3 удаа “Монгол хөөмийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтыг явуулан Монголчуудын дунд түгээмэл хэрэглэдэг хархираа хөөмий, шахаа хөөмий, исгэрээ буюу шингэн хөөмийлдөх суурийг тавив. Суралцагсад мөн үргэлжид магтаал, Монгол ардын дууг дээрхи гурван төрөл дээр хөөмийлдөж сурахаас гадна Алтай магтаал дуугаргаж сурсан байлаа.

Тус сургалт нь “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн, уламжлуулах зорилготой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Саа өвчний эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины нэг тунгаар дархлаажуулж эхэллээ

Халдварт саа өвчин нь дархлаажуулалт нэвтрэхээс өмнө дэлхий дахинд өргөн тархсан бөгөөд уг өвчнийг дэлхий даяар устгах хөтөлбөр хэрэгжүүлж вакциныг 1988 оноос тогтвортой хэрэглэж эхэлснээр 2015 он гэхэд өвчлөлийг 99 хувь бууруулж, зөвхөн хоёр улсад /Афганистан, Пакистан/ өвчлөл нутагшмал хэвээр үлджээ. Манай улсад анх тахал дэгдэлт 1962-1963 онд бүртгэгдэж, 1965 оноос халдварт саагийн эсрэг уудаг /амьд/ үрлэн вакциныг товлолын дархлаажуулалтад нэвтрүүлсэн ба 1966 оноос өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртгэгдэж байсан юм. 1982-1983 онд сүүлчийн тахалт дэгдэлт бүртгэгдэж, дархлаажуулах өндөр идэвхтэй шингэн вакциныг нэвтрүүлсэн.