Categories
мэдээ нийгэм

Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Дархан цаазат Богдхан ууланд түймэр гарсан дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 11:17 цагт ирсэн бөгөөд Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалт болов

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хэвлэл, мэдээллийн ажилтны хэрхэн оролцох талаар зөвлөмж өгөх зорилготой “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалт өчигдөр болов. Гурван үе шаттайгаар, энэ сарын 24-26-нд болох “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус сургалтад хэвлэл, мэдээллийн салбарын 20 гаруй байгууллагын сэтгүүүлч, зураглаачид хамрагдсан.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Энэхүү сургууль нийслэлийн бүх иргэд оролцоно. Нийслэлд сүүлийн 30 жил бүх нийтийг хамарсан дадлага, сургууль хийгээгүй юм. Сургууль эхлэх буюу энэ сарын 24-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр, захиргааны байгуулагаас эхлээд олон улсын байгууллагыг хамруулахаар төлөвлөж байна. Харин 25-нд олон нийтийг хамарсан сургууль зохион байгуулах бөгөөд 07.00-10.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөнийг мөн зогсоох юм. Түүнчлэн төр, захиргааны байгууллагын ажлыг ч түр завсарлуулна. Сургууль цэцэрлэг орохгүй. Нийслэлийн зарлан мэдээ өгөх дуут дохио бүхий 60 цамхаг бий. Тэдгээр дохио 08.00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд орон байрнаасаа гарах дадлага сургууль хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа юм. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авах хэрэгтэй” гэв. Мөн тэрээр, сургуулийн үеэр зам хаах зэрэгт иргэд бухимдахгүй, тэвчээртэйгээр иргэний үүргээ ухамсарлахыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд уриалах, зөв мэдээллийг хүргэж хамтран ажиллахыг хүсээд, ОБЕГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагынхаа автомашиныг бүртгүүлж тусгай дугаар авахыг сануулав. Тухайн дугаарыг автомашин дээрээ байрлуулснаар сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын автомашин замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай тэмцэх чадвараа дээшлүүлэв

АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн багш нар манай улсын хар тамхитай тэмцэх чиглэлийн цагдаа, прокурорын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхээр энэ сарын 08-12-нд сургалт заав.

Сургалтын төгсгөлд ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Бат-Өлзий, Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд болон АНУ-ын хар тамхитай тэмцэх албаныхан хар тамхитай тэмцэх чиглэлээр мэргэшсэн алба хаагчдад сертификат гардууллаа.

Монгол Улсын цагдаагийн байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул алба хаагчдыг мэргэшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан энэхүү сургалт үр дүнтэй байв.

Categories
мэдээ нийгэм

“Өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын ажилд эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалт боллоо

Өргөх байгууламжийн угсралт, засвар шинэчлэлтийн ажилд захиалагч, зураг зохиогч, гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, техник технологи, хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй байдал, нийгмийн харилцааны асуудалд анхаарах талаар мэдээлэл хүргэх зорилгоор МХЕГ, Монголын Өргөх байгууламжийн үндэсний холбоо хамтран “Өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын ажилд эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвтэй сургалтыг зохион байгууллаа.

Өнөөгийн байдлаар кран, лифт, эскалатор, сагстай өргөгч, барилгын болон уурхайн өргүүр, манипулятортай кран, бетон шахуурга, уулын ган татлагат зам зэрэг 12500 гаруй өргөх байгууламж улсын бүртгэлд, 8000 гаруй бага оврын өргөх байгууламж байгууллагын дотоод бүртгэлд бүртгэгдэн ашиглагдаж байна. Эдгээр 20500 гаруй өргөх байгууламжуудыг тусгай зөвшөөрөл авсан 250 гаруй мэргэжлийн байгууллага үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, сургалтыг хариуцан ажиллаж ажилладаг.

2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагын өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагчид нийт 2256 зөрчлийг илрүүлснээс 82 хувийг нь хугацаатай үүрэг өгч арилгуулжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн алдаа дутагдлаас зураг төслийн боловсруулалт, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний ажил, ашиглалтын байдал, бичиг баримтын бүрдэл зэрэг зөрчлүүд нийт зөрчлийн 82 хувийг эзэлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо” сэдэвтэй сарын аяныг улсын хэмжээнд иргэд, ажиллагсдын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зохион байгуулж байна.

Аяны хүрээнд тус салбарт илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний ажил эхлэхээс өмнө сэрэмжлүүлэх, шаардлагатай мэдээллийг хангуулах, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Зургаан дээд сургуулийг хаах дүгнэлт гарчээ

Засгийн газраас их дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлогыг тууштай баримталж буйг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлж байна. Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурчээ. Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн байна. Үүнээс 6 сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, 4 сургууль бусад сургуультай нэгдэж, 4 сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд “Хү” хамтлагийнхантай уулзжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүннү рок хэв маягаар тоглодог “Хү” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Рок хөгжмөөр дамжуулан эх орноо дэлхийд сурталчилж, Youtube-д 12 сая гаруй хандалт авна гэдэг бол бахархмаар хэрэг. Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулж, хөгжмийн зэмсэг, хувцас, гутал зэргээ маш сайхан өвөрмөц хийсэн нь хүн бүгдийн сонирхлыг татаж байна” хэмээн онцоллоо. Мөн Гадаад харилцааны яам “Хү” хамтлагийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд уран бүтээлийн амжилт хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд түймэр гарчээ

Дархан цаазат Богдхан уулын Богинын ам буюу Соёмбот уулын хажуугийн модонд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид яг одоо ажиллаж байна. Түймэр гарсан шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна.

Богд ууланд түймэр гарчээ

Богд ууланд түймэр гарчээ

Богд ууланд түймэр гарчээ

Categories
мэдээ нийгэм

Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол дөрөвдүгээр сарын 14 буюу ням гарагт “Боловсрол” телевизээр шууд явагдана. Иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм. Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 70 сая төгрөг байх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энх-Амгалан: Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дотоод, гадаад урсгал аль аль нь мөн

УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барихаар боллоо. Улсын хил рүү биш, дотогш барьж байгаа нь ямар учиртай вэ?

-Таван толгой–Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих тухай УИХ, Засгийн газрын тогтоолууд, ҮАБЗ-ийн зөвлөмж тус тус гарч албажсан байдаг. Энэ төмөр замын ач холбогдол нь нэгдүгээрт, Таван толгойн бүлэг орд, Оюу толгой, Хармагтай, Цагаан суварга, Хүрмэн гэх мэт ирээдүйд улс орны эдийн засагт томооохон үр нөлөө үзүүлэх орд газруудыг дайран өнгөрнө. Энэ төмөр зам тавигдах бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл 37, хайгуулын тусгай зөвшөөрөл 39 олгогдсон. Хоёрдугаарт, Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө. Дотоодын нөөц бололцоо хүч хөрөнгөө гаргаад хийхэд гадны өгч байгаа үнийн саналаас даруй хэд дахин хямд байна. Гадны санал 2.8-3.2 сая ам.доллараар нэг км төмөр зам босно. Дотоодын хүчээ ашиглаад барихад 1-1.3 сая ам доллараар нэг км төмөр зам босно. Гадны хүч хөрөнгөөр босгоно гэвэл валютаар тооцож материалаа авна. Гадны ажилчид валютаар цалинжина. Хөрөнгө оруулалтынх нь үр өгөөж гадагш урсгалтай байна гэсэн үг. Тэгвэл монголчууд өөрсдөө барьснаар цалин төгрөгөөр, худалдан авалт дотоод, үлдэц болоод үр өгөөжийг нь өөрсдөө хүртэнэ. Олон улс оронд арми нь томоохон бүтээн байгуулалт хийж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үр өгөөжөө өгдөг мэргэжлийн инженерийн байгууламжийн анги нэгтгэлүүдтэй. Бид яагаад чадахгүй гэж. Цаашид улс орныхоо томоохон бүтээн байгуулалтыг өөрсдөө хийдэг болбол сайн үзүүлэлт биз дээ.Энэ зам бол дотоод,гадаад урсгал аль аль нь мөн гэж ойлгож болно. Цаашлаад аж үйлдвэржилтийг дэмжихэд энэ замын үр өгөөж өндөр. Сүхбаатар-Наушки чиглэлд шууд Ханги-Мандал, Эрээнцав-Находка чиглэлд яваандаа ачаа тээвэр төмөр замаар явна. ОХУ-ын төмөр замаар нэгдсэн нэвтрэх тарифаар 66.4 хувь хүртэл хөнгөлөлтийг эдэлж болно. Ийм давуу талуудтай. Монгол Улс ган хайлуулдаг, эрчим хүч, нефть үйлдвэрлэдэг болно гэдэгт эргэлздэггүй. Бид үргэлж байгалийн баялгаа үнэ хямд түүхийгээр нь экспортлогч орон байхгүй байлгүй дээ.

-Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын ажил яах вэ?

-Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам цаашаа явна. Яагаад гэвэл эдийн засгийн үр өгөөж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, үр ашиг, дотоод өгөөж хамгийн өндөртэй төсөл юм. Дотоодын болоод гадны хөрөнгө оруулагчид шууд сонирхох зам. Суурь бүтэц нь тодорхой хэмжээнд хийгдчихсэн. Үүн дээр нь шууд үргэлжлүүлж болно. Оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд авчихна. Олон жил ашиг хүртэнэ. Товчоор хэлбэл татгалзахын аргагүй санал гэж ойлгож болно. Ачаа нь бэлэн, жилд энэ төмөр замаар 30 сая тонн коксжих нүүрс зөөвөрлөх боломжтой.

-Энэ төмөр замыг барихад нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Төсөвт орсон байсан уу?

-Төсөвт суугаагүй. “Монголын төмөр зам” ТӨҮГ бонд гаргана. “Эрдэнэс Таван толгой” ХК бондыг худалдаж авна. БХЯ-ны Жанжин штаб эр цэргүүдийн хүчээр, туслан гүйцэтгэгчдийн тусламжтайгаар бүтээн босгоно. Суурь бүтцэд 750 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. “Эрдэнэс Таван толгой” ХК 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, энэ мөнгөнөөсөө үлдэх бүтээн байгуулалт хийх гэж байна.

-Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулна гэсэн. Цэргүүд ямар ажил хийх вэ. Хэдэн төгрөгийн цалин авах вэ?

-Цэргүүдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэхгүй, сайн дурын үндсэн дээр ажиллуулна. Хүүхдээ битгий өгөөрэй, хөдөлмөр битгий эрхлүүлээрэй амийг нь авч одно шүү гээд шуугиад байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа. Бааранд битгий оруулаарай, архи битгий уулгаарай, хар тамхинаас хол байлга, дэлгэцийн хамааралтай болгож болохгүй шүү гэж яагаад ярихгүй байгаа юм. Эр цэрэг болно, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоно, мэргэжлийн ур чадвартай болно, дайчин нөхөд хамт олонтой болно, хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлнэ цалин хөлс авна, халагдахдаа байрны урьдчилгаа мөнгөтэй болоод ирнэ. Яагаад энэ талаас нь ярихгүй байгаа юм. Яагаад монголчууд юу ч хийж чадахгүй гээд байгаа юм. Хүрз жоотуу бариад дайр гэж байгаа биш шүү дээ. Мэргэжлийн инженер техникийн ажилчид, техникийн хүчээр л давах ажил.

-Хаврын бүтээн байгуулалт түрүүчээсээ эхэллээ. Авто замын бүтээн байгуулалт, засварын ажлуудын талаар танилцуулахгүй юу?

-Дархан- Улаанбаатарын чиглэлийн 204 км дөрвөн урсгалтай том замын ажил, Улаанбаатар-Налайхын чиглэлийн 20,9 км дөрвөн урсгалтай замын ажил, Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км, Загастай-Улиастай чиглэлийн 67 км, Байдраг-Алтай чиглэлийн 126,9 км, Ховд-Улаанбайшинт чиглэлийн 29 км, Баян-Өлгий-Цагаан нуур чиглэлийн 25 км замын ажлууд бүгд эхлэнэ. Энэ жил их л олон бүтээн байгуулалтын ажил манай салбарт явагдана. Замчид маань шар нар бор хоногтой уралдаж ажиллана.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ улс-төр

OECD-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд захидал ирүүлжээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр илгээсэн захидлыг албан бус орчуулгаар толилуулж байна.

Уг захидалд,

Хүндэт Ерөнхий сайд танаа,

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний хурлын үеэр батлагдсан Монгол Улсын авлигын эсрэг тэмцлийн талаарх мониторингийн тайланг танд хүргүүлж буйдаа баяртай байна.

Тайлан нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (IAAC) – ын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн асуудал тулгарч буйг тэмдэглэж байна. Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдалд заналхийлж, хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлэхэд нь хөндлөнгөөс саад учруулах оролдлогуууд гарч буй нь Монгол улс авлигаас ангижрах зорилгодоо хүрэхэд санаа зовниход хүргэж байна. Тайлан нь Авлигатай тэмцэх газар өөрийн эрх үүргээ аливаа зүй бус нөлөөллөөс ангид гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой гэж дүгнэж байна. Монгол Улс нь Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлах ёстой. Мөн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулж, хариуцлагатай ажиллуулахыг зөвлөж байна.

Тайлан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсаныг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газрыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг зөвлөж байна.

Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийн системээ сайжруулсан нь магтууштай үйл явдал юм. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлууд санаа зовоосон хэвээр байгааг онцолж байна.

Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын авлигын эсрэг стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна. Монгол Улс шүүгч, прокуроруудын хараат бус, шударга байдлыг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд улс төрийн болон гадны аливаа хэлбэрийн нөлөө оруулахгүй байх орчинг бий болгохын тулд шүүх, хууль сахиулах байгууллагын шинэтгэлд төвлөрч ажиллах ёстой.

Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах их хүчин чармайлтынх нь илрэл мөн. Гэвч Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Түүнчлэн авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний, авлигын хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын өндөр эрсдэлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн бөгөөд Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна.

Миний бие Монгол Улсын холбогдох байгууллагууд ялангуяа тус мониторингийн Үндэсний зохицуулагчаар ажилласан Авлигатай тэмцэх газарт энэхүү тайланг бэлтгэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цаашид Монгол Улстай үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Хүндэтгэсэн,

Ангел Гурриа