Categories
мэдээ нийгэм

Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ

Ер нь өвчнийг эдгээхээс урьдчилан сэргийлэх нь хялбар, бас санхүүгийн хувьд дарамт багатай байдаг шүү дээ. Гадны ховор бараа биш харин дэлгүүр болгонд зарагдаж буй энгийн хүнсний ногоогоор дархлаагаа дэмжинэ гэхээр сайхан сонсогдоно, тийм биз?

Хоол хүнсэндээ анхаар.

Аливаа нян вирустэй тэмцэхийн тулд хүний биемахбодод энерги хэрэгтэй байдаг. Гэтэл ихэнх энерги бидний идсэн хүнд хоолыг боловсруулахад зарцуулагдаж байдаг гэхээр ямар хэрэг байхав дээ тийм ээ?

Хэрэв эргэн тойронд чинь хүмүүс ханиад тусаад байвал, эсвэл та ханиад хүрэх гээд байх шиг байгаа бол юуны өмнө хоол хүнсэндээ анхаарахыг зөвлөе. Фаст-фүүдээс эхлэн элдэв амттан, лаазалсан гэх зэрэг үйлдвэрийн аргаар бүтсэн хоол хүнснээс аль болох татгалзаж үз! Ийм хоолны дараа ядраад ч байгаа юм шиг, нэг л нозоорч, хэвтэж амрахаас өөр юм бодогддоггүй гэдгийг та анзаарсан л байлгүй дээ.

Өдөрт хоёрхон удаа их хэмжээгээр идэж байснаас өдрийн туршид хэд хэдэн удаа гэхдээ бага багаар хооллож сур. Шинэ ургацын, органик ногоо элбэг энэ үеийг ашиглан жимс ногоог аль болох түүхийгээр нь идэхийг хичээгээрэй.
Дархлаа дэмжигч хүнсний зүйл түлхүү хэрэглэ.

Намрын энэ өдрүүдийн хамгийн гоё нь гэвэл миний хувьд шинэ ургацын жимс, ногоо байдаг. Хаяг нь тодорхойгүй гадаад ногоог бид арга буюу өвөлжингөө идэхээс хойш ядаж намартаа организмаа органик жимс, ногоогоор бөмбөгдөж биеэ ханиад томууны улиралд бэлдэх нь зүйтэй санагддаг юм. Дархлаа дэмжигч хүнсний зүйл гэхээр уртаа жагсаалт болох тул энэ удаад хамгийн ойр буюу олдоц сайтайгаас дурьдая гэж бодлоо.

Ойн жимс: Гаднаас орж ирж буй жимс жимсгэнэтэй харьцуулахад байгалийн гаралтай эдгээр жимс нь саахар багатайгаас гадна антиоксидант маш ихээр агуулдаг. Чацаргана, аньс, нэрс зэрэг жимс олдоц гайгүй байгаа дээр авч идэхээс гадна хөлдөөх, чанамал хийх зэрэг аргаар өвлийн улиралд хэрэглэх нөөцөө бэлдээд аваарай.

Цагаан гаа: Цагаан гаа үрэвсэл дарах үйлчилгээтэйгээс гадна хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, биемахбодын өөрөө өөрийгөө цэвэрлэх процессыг дэмждэг. Өвчин намдаадаг нь түүний бас нэг давуу тал. Тийм учраас л цагаан гааг сонгино, сармисын адил өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөдөг юм шүү дээ.

Цагаан гааг хоолноос гадна ундаа цайнд хэрэглэх бүр ч дуртай. Жишээлбэл, миний дуртай нэг жор бол цагаан гаатай цай. Японд оюутан байхдаа өвлийн хүйтэн өдрүүдэд ногоон цайнд маш нимгэн зүссэн цагаан гаа хийгээд, сайхан хандалж байгаад ууж сурснаас хойш одоо хүртэл үе үе уудаг хэвээр. Дотор сайхан халаад, даарахгүй. Ханиад томууны вирусыг хөөчихнө. За тэгээд ногоон цайтай нийлэхээрээ бөөн бөөн антиоксидант шүү дээ. Аан бас өөх шатаачихна гэж бас итгэнэ, тэрүүхэндээ Туршаад үзээрэй, гоё цай шүү!

Ногоон ногоо, байцааны төрөл зүйл: Кэйл ногоо (Emart-д зарж байна лээ шүү), буйцаа бол тэр чигээрээ байгалийн гаралтай дархлаа дэмжигч ногоо! Нимбэгнээс дутахааргүй С аминдэм агуулах тул элдэв нян вирустэй амжилттай тэмцдэг. Харин брокколи, хятад байцаа зэрэг байцааны төрөл зүйлүүд маань хүний дархлааг дэмжих олон төрлийн аминдэм, эрдэс бодисоор баялаг байдаг. Хамгийн чухлаас гэвэл холин буюу В4 их хэмжээгээрээ агуулагддаг гэх юм билээ. Холин нь хүний эд эс устаж гэмтэхээс хамгаалдаг гэж та сонсож байсан уу? Тэгэхээр маш чухал эд байгаа биз?Эдгээр ногоог аль болох түүхийгээр идэж байх нь чухал. Чанаж шарахаар ихэнхи аминдэм нь үгүй болох учраас тэр. Мэдээж байцааг дангаар нь зүгээр зажилж сууна гэдэг гунигтай л даа. Элдэв салат хачир хэлбэрээр идэж болох ч ногоогоо өөр бусад ногоо, жимстэй холиод сайхан миксердээд жүүс, смузи болгоод уух шиг үр дүнтэй бөгөөд шилдэг арга байхгүй дээ.

Ногоон цай: Энэ хорвоогийн хамгийн эрүүл гэгдэх уг цайнд маш их эрдэс, шим тэжээл агуулагдах тул хүний бие организмд бүхэлд нь эерэг нөлөөтэй. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр дархлаа сайжрахаас гадна дээр дурьдсанчлан илүүдэл жингээс салах, хавдрын өвчлөлийн эрсдэлийг багасгах боломжтой гэж үздэг аж.

Алимны цуу: Биемахбодын pH түвшин буурах тусам хүний энерги, эрч хүч буурч улмаар элдэв халдварт өртөмтхий болдог гэж эрдэмтэд баталдаг. Тэгвэл уг чухал үзүүлэлтийг хэвийн түвшинд барихад тусалдаг зүйл бол алимны цуу юм байна лээ. Элдэв хэцүү жор хайлгүй зүгээр л алимны цуугаар салатаа зуурах эсвэл устай найруулж ууж байхад хангалттай.

Шингэн сайн уу.

Ус, ургамлын цай, ногооны смүзи, жимсний шахсан шүүс гэх мэт шингэн сайн уух хэрэгтэй. Харин дэлгүүрийн ундаа, тэр дундаа гаазтай, хийжүүлсэн ундаанаас эрс татгалзах нь зүйтэй. Тэнд хоосон саахар, химийн бодисоос өөр юм байхгүй!

Сайн амарч бай.

Хүний биемахбодыг сулруулдаг зүйл бол стресс, ядаргаа. Тэгэхээр юун түрүүнд сайн унтаж байх чухал байгаа биз? Нөгөөтээгүүр, амралтын нэг өдрийг зөвхөн өөртөө зориулаад үзээрэй. Утас, компьютераа ер асаахгүй, сошиал сайтуудаа цаг тутамд шалгахгүй. Харин салхинд гарах, үзэсгэлэн үзэх, гоо сайхнаар үйлчлүүлэх, дэлгүүр хэсэх гэх мэтээр ажлын улмаас амжихгүй байсан зүйлүүдээ амжуул. Ингэж байж бид өдөр тутмын стрессээ дарж чадна шүү дээ. Улмаар биеийн өөрийгөө хамгаалах эрч хүчийг нэмээд өгчихнө.

Уг нь энгийн зөвлөмж байгаа биз. Танд эрүүл энхийг хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганы хуралдаанаар ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ирэх долоо хоног буюу энэ сарын 15-19-нд ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 15-ны Даваа гарагт:

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 15-ны Даваа гарагт:

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийвдэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

04 дүгээр сарын 16-ны Мягмар гарагт:

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас В” танхимд;

-Улаанбаатар хотын цэргийн хүрээний зарим анги, нэгтгэлийн үйл ажиллагаатай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд 10:00 цагаас танилцана;

-Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

-Үндэсний аудитын газрын 2019, 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;

-Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

04 дүгээр сарын 17-ны Лхагва гарагт:

-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

-Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 16-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай, хаалттай/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсох;

-Өргөдлийн байнгын хорооны 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Ажлын хэсэг байгуулах тухай /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/;

-“Хорт хавдарын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох.

04 дүгээр сарын 17-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэсён хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;

Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудал.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудал;

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;

-“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/.

Categories
мэдээ цаг-үе

Орос багш нараар А үсэг заалгасан 10б-гийнхэн

“1975 оны намар оросоор нэг ч үг хэлж үзээгүй бид хэдхэн хоног бэлдсэний үр дүнд шалгалтандаа тэнцэж нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэж билээ. Ингээд гурван бүлэгт хуваагдаж байсан юм. Нэг л мэдэхэд арван намар, арван хавар өнгөрч сургуулиа төгссөн дөө” гэж энэ удаагийн зочин 10б ангийнхаан маань хэлж байв.

Тухайн үед 23 дугаар сургууль орос сургууль байсан юм. Бүх хичээл, хичээлээс гадуурх арга хэмжээнүүд орос хэл дээр явагддаг байжээ. Хуучнаар ЗХУ-аас уригдаж ирсэн мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж байсныгаа “Бидний эрдэм номын их аянд хөтөлж, хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж өгсөн хүн бол манай бага ангийн багш нар юм. Зөвлөлтөөс ирсэн багш нараар хичээл заалгаж байсан нь их хувьтай хэрэг” гэцгээж байлаа. Анх 1А Адашева Тамара Сергеевна багштай 35 сурагч, 1Б Беляева Алла Сергеевна багштай 42 сурагч, 1В Галина Степановна багштай 36 сурагчтай гурван бүлэг нийт 113 хүүхэд элсэн орж байжээ. “Манай сургуулийн хүүхдүүдийг унаган орос хэлтэй, монгол хэлэндээ сул гэж хүмүүс тухайн үедээ ярьдаг л байсан. Хэдийгээр монгол хэл дээр ордог хичээл тун цөөхөн байсан ч түүнийг зааж байсан монгол багш нарын маань мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага өндөр байсан юм. Монгол хэл, уран зохиол, Монголын түүхийг Монгол багш нар ордог. Бид зургадугаар ангиасаа Монгол хэл үзсэн” хэмээн ангийн сурагч Р.Нора хэлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Одоо эргээд бодоход 23 дугаар сургуулийнхаа багш нарыгаа чадварлаг мэргэжилтнүүд байжээ гэж бодогддог. Жишээлбэл, математикийн багш Кисина Ирина Александровна, Валентина Васильевна, биологийн багш Галина Сергеевна, физикийн багш Януто Николай Николаевич, химийн багш Нила Михайловна, орос хэл, уран зохиолын багш Соломатина Людмила Романовна, Надежда Алесандровна, түүхийн багш Коломиец Юрий Александрович, Костылёва Лидия Михайловна, хичээлийн эрхлэгч Галкин Алексей Александрович, Зоя Ивановна гээд үнэхээр гайхамшигтай багш нараар хичээл заалгаж байжээ. Багш нар дүнг бодитой байхыг илүүд үздэг, зарчимч, хатуу байсан. Бидний дунд муухай бичдэг хүүхэд ер нь л их цөөхөн. Бичгийн сайхан хэвтэй байсныгаа бид бага ангийн багштайгаа холбож ойлгодог” гэлээ.

Бүх хичээл дээр өндөр шаардлага тавьдаг байсан тул онц дүн авна гэдэг үнэндээ хэцүү. Гэсэн ч тэрхүү өндөр шаардлага, хатуу байдал бидний хойчийн амьдралд сайнаар нөлөөлсөн гэлээ. Энэ нь оюутан болсон хойно 23 дугаар сургуулийн хүүхдийн чансаа бусад хүүхдүүдийнхээс хол илүү байсан гэх зэргээр ажиглагддаг гэнэ.Эдний ангийнхан дунд ангид сурч байхдаа бүгдээрээ ном уншдаг, тэмдэглэл хөтөлдөг байжээ. Бүгд сургуулийн номын санд тодорхой хуваарийн дагуу суудаг байсан аж. Түүнчлэн ДСНК буюу одоогийн РЦНК дээр бямба гариг болгон очиж кино үзэж, уулзалт зохион байгуулан, шинжлэх ухааны үзэсгэлэн үздэг байсан талаараа бидэнд дурслаа. Энэ талаар Р.Нора “Ер нь л манай сургуулийн хичээл болон хичээлээс гадуурх ажлууд уялдаа холбоо сайтай, хүүхдийн бүх талын өв тэгш хүмүүжил, анги хамт олны коллектив, нийгэмшилд онцгой ач холбогдолтой байсан юм. Анги хамт олон бүрэлдэхийн хэрээр охид, хөвгүүд гэлтгүй хоорондоо их тоглодог байсан. Сургуулийн он жилүүд, хүүхэд нас, гэгээлэг амьдралын хамгийн сайхан агшин мөчүүдийн гэрэлт хуудас яах ч аргагүй мөн. Үерхэл нөхөрлөл, хайр хүндлэл, хүн чанар гээд бүхий л нандин чанаруудыг бидэнд хайрласан зөвлөлтийн мэргэжилтэн багш нарын ач гавьяаг яахин мартах билээ” хэмээн хуучлав.

23 дугаар сургуулийн 1985 оны төгсөгчид. 30 жилийн ойн уулзалт

Ангийн хөвгүүдийн нэг онцгой хобби бол хөл бөмбөг. Энэ тухай Ж.Бат-Өлзий Бид ангидаа хичээлийн завсарлагаанаар, заримдаа бүр багшийн нүдийг хариулж байгаад хичээл дээрээ цаас ашиглаад ширээн дээрээ 2-3 төрлийн хөл бөмбөг тоглоно. Бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг байлаа шүү дээ. Хичээл тарахаар гадаа шайб, лааз, гурвын бөмбөг, хөлбөмбөг гээд хэд хэдэн төрлийн бөмбөг өшиглөдөг байсан шүү. Дүрмийг нь өөрсдөө зохиочихно оо. Хөл бөмбөг бол манай ангийнхны “өвчин” юм” гээд инээлдлээ.

Тэр үед цэрэгжилтийн хичээл ордог байжээ. Дуут жагсаалын тэмцээнийг их өндөр түвшинд зохион байгуулдаг байсан цаг. 10б-гийнхэн төв цэнгэлдэхэд болдог улсын хэмжээний том арга хэмцээнд Будёновын хувцастай мөн жагсаалын форм хувцастай оролцдог байсан гэнэ.

Хүүхэд насны сайхан баяруудын нэг яах аргагүй шинэ жил. 23 дугаар сургууль тухайн үед биеийн тамрын зааландаа ихээ том амьд сүлд мод засч, хүүхдүүд өөрсдийн гараараа хийсэн тоглоомоор чимэглэдэг байжээ. Сурагчид өөрсдийн гараараа хийдэг болоод ч тэр үү, чимэглэл бүр нь тун үзэмжтэй санагддаг байсан гэнэ шүү. Харин зурах авьяастай хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар хачин гоё ханын сонин хийдэг байсан гээд ангийн нөхөд ам уралдан ярьцгаав.

23 дугаар сургууль тухайн үедээ л гар бөмбөгийн секцийн сургалтаараа улсын хэмжээнд толгой цохьдог байж. Энэ нь Базарсад багштай салшгүй холбоотой ажээ. Эдний ангиас хэд хэдэн сурагч гар бөмбөгөөр хичээлэдэг байсан гэнэ. “Базарсад багш их цэмцгэр, цагийг чанд баримталдаг, шаардлага өндөр, хүүхдэд үнэхээр хайртай, ажилдаа хариуцлагатай хүн байсан юм. Хүүхдүүд биеийн тамирын зааланд талбай дундуур гуталтайгаа явах нь бүү хэл орохдоо бараг мөргөж ордог байлаа. Бэлтгэл эхлэхийн өмнө заалаа цэвэрлэдэг, шалаа тосолдог, волейболын секцний сэмэрч, урагдсаныг оёж, янзлах ёстой. Хэрэв муу сурсан, эсвэл бэлтгэл дээр багшийн нүдийг хуурдаг, шалтгаангүй хичээл тасалдаг, хүмүүжлийн доголдол гаргасан хүүхдүүдийг секцнээсээ шууд хасдаг ийм л зарчимч хүн байлаа” гэж ангийн нөхөд хэлэв.

Ангийн сурагч Ч.Энхмэнд “Манай сургуулийн ахлах ангийн сурагчид зун болохоор Төв аймгийн Баянчандмань суманд байрлах хөдөлмөр зусланд ажиллаж, амардаг байлаа. Нэг ангиас тодорхой тооны хүүхдүүдийг явуулдаг байсан тул хүүхэд бүр нэг л удаа явах завшаан олддог. Хөдөлмөр зусланд өглөө эрт босож шүүдэртэй өвсөн дээр волейболынхоо бэлтгэлийг хийнэ. Өдөр нь ногоон талбай дээр зэрлэг зулгааж, орой нь хөл бөмбөг, теннис тоглоцгооно. Мөн заримдаа гитар тоглож дуулж, бүжиглээд л цагийг зугаатай хөгжилтэй өнгөрөөдөг байж билээ. Ер нь тэр үеийн дунд сургуулиуд бүгдээрээ л хөдөлмөрлөх, амьдрах ухаанд сургадаг байжээ. Сургалтын энэ хэлбэр одоогийн хүүхдүүдэд үнэхээр үгүйлэгдэж, бие даан хөдөлмөрлөж, хариуцлага хүлээн амьдрах чадварт сургах арга зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь харагддаг” гээд өөрийн санал бодлоо хуваалцав.Эдний төгсөлтийнхөн долоо хоног бүр төрөлх сургуулийнхаа биеийн тамрын зааланд цугларч, спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг юм байна.

Тус ангиас төрсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Байт сурын спортын гавьяат тамирчин Ц.Бадамхатан өдгөө тэнгэрт дэвшжээ. Түүний дасгалжуулсан тамирчин нь Паралимпд Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж алтан медалийн эзэн болсон билээ. Мөн Ц.Батамхатны нэрэмжит байт харвааны улсын аваргын тэмцээн жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг юм байна. Ангийн нөхөд нь түүнийг “Энгийн, нийтэч, сургуулийн хамт олондоо нэр хүндтэй мундаг хүн байсныг дурсан ярилцдаг. Монголын байт харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг өдий хүртэл шавь нар нь төдийгүй олон түмэн хүндэлж, дурсаж явдагт нь бид бахархдаг” хэмээн нэхэн дурслаа.

Эдний ангийн Я.Очирсүх Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр төгсөлтөөсөө ганцаараа онц дүнтэй төгсөж байсан гэнэ. Мөн Б.Энхээ эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд хувийн эмнэлгээ байгуулан амжилттай ажиллаж байна. Мөнхбат Оюу толгой ордыг илрүүлэхэд гар бие оролцсон геологич юм.

И.Балжмаа Алтанбулаг чөлөөт бүсэд ерөнхий менежерээр ажилладаг. Түүний хөдөлмөрийг үнэлж Алтан гадас одонгоор мялаажээ. Ж.Баярмаа “Гедеон Рихтер” фармацептикал компанийн суурин төлөөлөгчөөр ажилладаг гэнэ. Санхүүгийн бүртгэл, эдийн засгийн багш, доктор Ж.Бат-Өлзий докторын зэргээ хамгаалж амжжээ. Доктор Д.Батжаргал ШУТИС-ийн Дарханы салбар сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна. Ангийн охин Байгал Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар очжээ. Болормаа гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна. Б.Буянхишиг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээнд инженерээр, Ган-Очир мебелийн үйлдвэрт ажилладаг. Мэндбаяр гуравдугаар сургуулийн ерөнхий менежер, түүнийг төр засгаас Алтан гадас одонгоор шагнажээ. Б.Энхтуяа өдөр өнжүүлэх сургалтын төв захирал юм. Эдний анги В.Сэлэнгээ, В.Сэргэлэн гэсэн төрсөн ах, дүү бий. В.Сэлэнгээ нь Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Алтан гадас одонт юм. В.Сэргэлэн банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түвшинтөр Сүлжмэлийн хувийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал гэнэ. Ангиас хоёр нягтлан бодогч төрсөн нь Б.Тунгалаг болон Л.Уянгатуул нар юм. Энэ хоёр маань мэргэжлээрээ ажиллаж буй гэнэ. Мөн хэд хэдэн сурагч хувиараа бизнес эрхэлж байгаа юм. Тодруулбал, Алтангэрэл, Гантулга, Төртүвшин, Б.Баярмаа нар бизнес эрхэлдэг. Мөн Наранчимэг “Русская колбаса” хиамны үйлдвэрт гүйцэтгэх захирал, Р.Нора “Хайрхан Ойл” ХХК-ийн захирал, Ч.Энхмэнд хувийн компанид менежер гэнэ. Түүнчлэн О.Алтантуяа Польш улсад, Гэрэл Америкт, Саруул Киргизстан улсад гэр бүлийн хүний хамт, Эрдэнэбилиг Швейцарь улсад ажиллаж амьдарч байна. Харин Ш.Бат-Эрдэнэ өдгөө бурхны оронд заларчээ. Түүнийг анд нөхөд, хамт олон нь санан дурсаж байв.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Зургаан дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална

Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн байна. Үүнээс зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, гурван сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурчээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Салбарын төлөө төр засаг ч багш нар ч бүгд нэг зүгт нэг зорилготой харж байна


Монголын багш нарын долдугаар их хурал энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордноо зохион байгуулагдах гэж байна. Багш нарын их хуралтай холбоотой зарим асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.


-Багш нарын их хурал зохион байгуулах хэрэгцээ шаардлага, хүлээлт их байх шиг байна. Багш нарын долдугаар их хурлын гол зорилго юу вэ?

-Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурал 1935, 1937, 1961, 1975, 1989, 1996 онд зургаан удаа хуралдсан байдаг. Энэ удаагийн их хурал зургадугаар их хурлаас 23 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. 23 жилийн хугацаанд боловсролын салбар тогтолцооны хувьд, хууль эрх зүйн хувьд ч нэлээд шинэчлэл хийгдсэн. Сургалтын хөтөлбөр нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалаад олон удаа өөрчлөгдлөө.

Тэгэхээр үүний үр дагавар юу байв, шинэ цаг, шинэ нийгэмд ирээдүйн монгол хүүхдийн дүр төрх ямар байх ёстой вэ, тэднийг сургах, төлөвшүүлэхэд багш нар ямар үүрэг оролцоотой байх юм бэ, боловсролын зорилго юунд чиглэж байна гэсэн асуудлуудыг хэлэлцэн ирээдүйгээ илүү дэлхийн түвшинтэй нийцүүлэх шаардлага байна. Багш бэлтгэх тогтолцооны талаар нийгэмд шүүмжлэл их байдаг. Багшийг зөв чанартай бэлтгэх, нийгмийн баталгаа, багш нарын үнэлэмжтэй холбоотой асуудлуудыг яг багш нарын өөрсдийнх нь оролцоотой ярилцаж зөвлөлдөх нь их хурлын зорилго гэж ойлгож болно.

-Багш нарын их хурал Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдана. Төр засаг багш нарын асуудалд нэлээд ач холбогдол өгч, анхаарч байгаагийн илэрхийлэл гэж харж байна?

-2018 онд Тогтвортой хөгжил үндэсний хэмжээний зөвлөгөөнийг улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын чиглэлээр бүсчилээд зохион байгуулсан. Энэ удаагийн их хурал дээрх зөвлөгөөнүүдээс ялгаатай. Төр засгаас хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, хуулийн шинэчлэл дээр боловсролын салбарын төлөөллөөс санал авах, тусгах зорилготой зөвлөгөөнүүд хийж байсан. Үр дүнд нь бодлого шийдвэрт өөрчлөлт орж, тодорхой үе шаттай ажлууд явж байна. Бид бодлого шийдвэрээ өөрчлөөд байдаг. Тэгвэл яг нэгж дээр ажиллаж байгаа багш нарт яаж хүрч байна вэ, гаргаад байгаа бодлого маань хөрсөн дээрээ бууж байна уу, багш нарт дэм болж байна уу, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсронгуй болж, багшийн нийгмийн баталгаа хангагдаж, хууль эрх зүйн шинэчлэл хэрэгцээнд нийцэж байна уу гэдгийг яг бодлого шийдвэрийн үр дүнг хүртэж, хэрэгжүүлээд ажиллаж байгаа багш нараас сонсож байна. Өчигдөрхөн БСШУС-ын сайд багш сурагчдын ачааллыг бууруулах чиглэлээр тушаал гаргалаа. Багш үндсэн ажлаасаа гадна олон төрлийн ажилд дайчлагддаг, тэмцээн уралдаан зохион байгуулдаг нь зохиомол ачаалал үүсгэж байна гэдгийг багш нар өөрсдөө дүгнэж тавьсан.

-Багш нарын долдугаар их хурлаар яг ямар асуудлуудыг онцлон хэлэлцэх вэ?

-Их хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж бодлогын дэмжлэгээ үзүүлээд явж байгаа. Их хурал зохион байгуулах ажлын хэсэгт Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо, Монголын залуу багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд оролцон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Ажлын хэсгүүд ярилцаад, их хурлаас гарах шийдвэрүүдээ цэгцтэй байлгах үүднээс дөрвөн үндсэн чиглэлд хурлынхаа үйл ажиллагааг чиглүүлэхээр тогтсон. Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн үндсэн дөрвөн агуулгад нийгмийн баталгаа цалин хөлс, багшийн мэргэжил дээшлүүлэх, багш бэлтгэх тогтолцооны асуудлаа багтаан хэлэлцэх болно.

-Багшийн үнэлэмж гэж ярилаа. Хөдөлмөрийг нь үнэлэх үнэлэмжээс гадна багшийн нэр хүндийн асуудал байгаа байх. Дээхнэ үед багш бол хамгийн нэр хүндтэй нэгэн байсан бол өнөөгийн нийгэмд арай өөр болж. Багшийн нэр хүнд унасан шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Хүн бүр өөр өөрийн байр сууринаас хандах байх. Би хувьдаа багшийн нэр хүнд унасан, боловсролын салбар чадамжгүй болоод уруудаад доройтсон гэж үздэггүй. Нийгэм хөгжихийн хэрээр боловсрол түүнийг дагаад өөрчлөгдөж, хөгжих ёстой. Нийгмийн хөгжил хэрэгцээгээ дагаад боловсролд маш олон өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байна. Бид сургалтын хөтөлбөрөө сүүлийн 16 жилд ойр ойрхон өөрчилсөн. 2002 онд батлагдсан Боловсролын тухай хуульд 24 удаагийн өөрчлөлтөөр давхардсан тоогоор 300 гаруй зүйл заалт өөрчлөгдсөн. Ерөнхий боловсрол гэхэд тогтолцооны хувьд 10 жилээс 11 жил, 11 жилээс 12 жилд шилжсэн шилжилтийн үед янз бүрийн хүндрэл бэрхшээл тулгамдсан асуудал гарах нь мэдээжийн хэрэг. Энэ хооронд багш бэлтгэх тогтолцоо, дээд боловсролын асуудал давхар яригдаж ирсэн. Шилжилтийн цаг үед гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийг бид хамтын хүчээр л давах ёстой. Тиймээс ч энэ удаагийн их хурлаараа багш нар яаж бүтээлч байх вэ, намайг хөгжүүлээд өг гэх биш, харин яаж багш нар өөрсдийгөө хөгжүүлэх вэ гэсэн өнцгөөс нэг зүгт зорилготой харж салбарынхаа төлөө хичээл зүтгэлтэйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандсан, би биенээ дэмжсэн хурал болно гэдэгт итгэлтэй байна.

-Долдугаар их хуралд оролцох багш нарын хүлээлт хүсэл их байх шиг. Төлөөлөгчдийг хэрхэн сонгож байна вэ?

-Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, их дээд, мэргэжлийн боловсролын салбарт 50 шахам мянган багш ажиллаж байна. Тэднийг төлөөлсөн 800 төлөөлөгч л энэ хуралд сонгогдож оролцоно. 100 төлөөлөгч нь боловсролыг дэмждэг, бидэнтэй хамтран ажилладаг хүмүүс урилгаар оролцоод 700 төлөөлөгч нь багш нарын төлөөлөл байна. Бид Монгол Улсын өнцөг булан бүрээс хүн оролцоосой, эргээд их хурлаас гарсан шийдвэр, уриалгыг орон нутагтаа очиж танилцуулдаг, энд яригдсан зүйлсийг орон нутагтаа очиж багш нараа манлайлж уриалдаг манлайлагч хүмүүс сонгогдож ирээсэй гэсэн агуулгаар Монгол Улсын сум бүрээс багш нарын төлөөлөл байхаар төлөөлөгч сонгох даалгавартаа тусгасан. Дээрээс нь тусгай хэрэгцээт боловсрол, албан бус боловсрол, насан туршийн боловсролын төлөөлөл, насны хувьд бүх насны төлөөлөл байхаар заавар гаргаж, төлөөлөгч сонгох эрхийг орон нутагт нь өгсөн. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Аймгуудын ажлын хэсэг ажиллахдаа сургууль бүрт багш нарын зөвлөлийн хурал зохион байгуулж 80-аас доошгүй хувийн ирцтэйгээр төлөөлөгчөө сонгох чиглэл өгсөн. Багш бүр төлөөлөгчид нэр дэвших эрхтэй. Их хурлаас гарсан уриалга шийдвэр Монгол Улсын сум суурин газар бүрд хүрч, сонгогдсон төлөөлөгчид орон нутагтаа их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж зүг чиг болж ажиллана гэж харж байгаа.

-Багш нарын биш, удирдлагуудын их хурал болох нь гэсэн шүүмж гарч байна. Энэ тухайд?

– Засаг даргын байгуулсан ажлын хэсэг дээр энэ асуудал яригдаж байгаа. Урьдчилаад сонгогдоод ирсэн нэрсийг харахад дийлэнх буюу 60-аас дээш хувь нь багш нар байна. Мэдээж хамт олон нь гараа өргөөд захирлаа, сургалтын менежерээ сонгосон тохиолдолд бид болохгүй ээ гээд буцаах эрхгүй. Төлөөлөгч сонгох үйл ажиллагааг орон нутгийн удирдлага, хамт олных нь мэдэлд өгсөн. Ганц нэг хэт олон удирдах ажилтан сонгогдсон тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд бид заавар зөвлөмж өгөөд явж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Багш нарын долдугаар Их хуралд амжилт хүсье.


Categories
мэдээ цаг-үе

Домогт мөнхөрсөн цэцэгс

ЖАМЬЯНМЯДАГ

Жамьянмядаг цэцэг бол холтсон цэцэгтний овгийн нэгэн төрөл. Энэ төрөлд 30 орчим зүйл ургамал багтдаг. Энэ цэцэг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээр, чийглэг, шаварлаг хөрсөнд ургадаг. Ихэнх зүйл нь Азиас гаралтай юм. Тийм ч болохоор ялангуяа Бурханы шашинт орнуудад энэ цэцгийг гэгээрсэн хүмүүний цэцэг хэмээх нь бий. Зуны дунд сарын шинийн 15-нд жамьянмядаг цэцгийг түүгээд Манзушир бурханд өргөхөд түмэн зул өргөсөнтэй дүйцдэг хэмээдэг. Зарим сүсэгтэн уг цэцгийг таслахаас цэрвэж, мөргөдөг. Ихэнхдээ хутагт, хувилгаад ихээр төрдөг нутагт энэ цэцэг элбэг ургадаг гэж үздэг бөгөөд жамьянмядаг их хэмжээгээр ургавал тухайн нутагт оюун ухаан, билгийн мэлмий нь нээгдсэн гэгээнтэн төрнө хэмээн бэлгэшээдэг юм байна. Монгол оронд жамьянмядаг цэцгийн гурван зүйл нь ургадаг юм байна. Азийн жамьянмядаг (Латин нэр нь Trollius asiaticus L), Алтайн жамьянмядаг (Латин нэр нь Trollius altaicus C.A.Mey). Ледербурын жамьянмядаг (Латин нэр нь Trollius Ledebouri Reichb). Азийн жамьянмядаг нь өвслөг, олон наст ургамал. Энэ цэцэг нь нуга, ойн чийглэг хөрсөнд ургадаг. Азиас гаралтай учир ийнхүү Азийн жамьянмядаг гэдэг нэр авчээ. 20 сантметрээс дээш өндөртэй ургадаг бөгөөд долоогоос наймдугаар сард 5-15 дэлбээтэй, гурван см том голчтой, улбар шар, шар өнгийн гоёмсог цэцгээр чимдэг. Цэцгийн дэлбээ нь үрийн орондоо олон тооны дохиуртай. Азийн жамьянмядаг нь балт цэцгийн ургамалд ордог.

БЭР ЦЭЦЭГ зурган илэрцүүд

БЭР ЦЭЦЭГ

Энэ цэцгийг монголчууд эрүүл энх, дайн дажингүй, амар амгалан байхын бэлгэ тэмдэг болгон хүндэтгэж “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж иржээ. Орон нутгийн нэр нь Баавар цэцэг, Бэр цэцэг, Тосон тором. Шинжлэх ухааны нэр нь Скабиоса.

Цэцгийн гадаад төрх нь уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааврыг санагдуулдаг учир ийнхүү баавар цэцэг гэдэг аж. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг. Бэр цэцгийг таримлаар ургуулж болдог бөгөөд арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, гени сайтай, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхтай цэцэг гэж үздэг юм байна.

Энэхүү цэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушгины халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай. Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул “Эрвээхэйн цэнхэр” хэмээн ганган нэрээр алдартай. Нарлаг орчинд байх дуртай. “Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ” гэсэн домогтой.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн бэлгэдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарласан билээ. Гэвч уг цэцгийн домог зарим хүмүүст хэт хар бараан сэтгэгдэл төрүүлдэг учир “Үндэсний бахархалт цэцэг”-ээр тодруулах ёсгүй байсан гэдэг эсэргүүцэл нэг хэсэг гарсан билээ. Бэр цэцгийн домог Оросын ард түмнээс гаралтай бөгөөд дайнд явсан эр нөхрөө хүлээсэн бүсгүйн нулимсаар услагдаж ургасан цэцэг гэдэг. Оросоор энэ цэцгийг “Вдовушка” хэмээх нь бий. Үүнийг монголчилбол “Бэлэвсэний цэцэг” гэж ойлгож болох аж. Харин манайд бэр цэцэгтэй холбоотой зохиол, зохиомж байдаг нь орос үндэстний домгоос сэдэвлэсэн байжээ.

Image may contain: plant, flower, nature and outdoor

ЦАГААН УУЛ

Англи хэлээр Еdelweiss, латин хэллэг нь Leontopodium alpinum.

Нийлмэл овогтны, олон наст ургамал юм. Биологийн нэр Leontopodium грек хэлний “lion” буюу “арслан”, “podion” буюу “савар” гэсэн үгнээс гаралтай. 6-8 дугаар сард цэцэглэдэг хэдий ч жилийн бусад улиралд өнгөө алддаггүй. Тиймээс ч үхэшгүй мөнхийн бэлгэдэл болгон монголчууд шүлэг, дуундаа мөнхөлж иржээ. Дэлхийд 40 гаруй цагаан уул бүртгэгдсэн ч манай оронд 2-3 төрөл бий. Түүнийг энгийн хүн хараад ялгах аргагүй. Ерөнхийдөө хад чулуурхаг ууланд далайн түвшнээс дээш 2000-2900 метр өндөрлөг газар ургана. Ургамал судлаачид цагаан уул цэцгийг Альпын, Сибирийн гэж ангилдаг бөгөөд Монгол, Манжуур, БНСУ зэрэг газарт ургадгийг нь Сибирийн төрөлд оруулдаг юм байна.

Үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон энэ цэцгийг үхэл даллагч хижиг өвчинтэй тэмцэхэд оточ маарамба нар хэрэглэдэг байжээ. Ямар тунгаар яаж хэрэглэдэг байсан нь тун бүдэг. Цэцгийг нь буцалсан халуун усанд хандалж цус алдсан хүнд уулгадаг. Цусны даралт ихсэхэд буулгах зорилгоор өргөн хэрэглэдэг байжээ. Намар үндэсийг нь гэмтээлгүй газарт нь үлдээж цэцгийг нь түүж харанхуй сэрүүн газар хатаагаад даавуун уутанд хийж дэрлэдэг. Ингэхэд анхилуун үнэр нь хүнийг тайвшруулж цусны даралт буулгаж тайван унтахад тусална.

Цагаан уул цэцэгтэй холбоотой олон домог улс бүрт бий. Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл, зун гэсэн хоёр улирал л ээлжлэн ирдэг байсан цагт нэгэн хаан хатан, гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнжийг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ. Эцэст нь гүнж “Надад хосгүй үзэсгэлэнт Цагаан уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайжууд мордоцгоож гэнэ. Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байжээ. Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ.


ВАНСЭМБЭРҮҮ

Монгол орны хувьд устах аюулд орсон 132 ургамлын нэг бөгөөд Улаан номонд 1997 онд бүртгэгдсэн дархан цаазтай ургамал. Өндөр уулын чулуулаг асганд ургадгаараа онцлог. Вансэмбэрүүг Гималай, түүний ойролцоох Төв Азийн уулнаас гаралтай гэж үздэг. Монгол оронд Нөмрөгт банздоо, Байгалийн банздоо, Дорогостайн банздоо, Бургас навчит банздоо зэрэг зүйлийн вансэмбэрүү мэдэгдээд байна.

Нөмрөгт банздоо нь Хөвсгөл Хангай, Монгол Алтай уулсын тагийн бүслүүрт чийглэг асганд 13-25 сантиметр өндөр ургадаг. Байгалийн банздоо нь бараавтар нил ягаан өнгийн баг цэцэгтэй бөгөөд Хэнтий, Хөвсгөл Хангай, Монгол Алтай уулсын намагжсан нуга, ширэнгэжсэн асга, горхины эрэг даган 15-60 сантиметр өндөр ургадаг. Дорогостайскийн Банздоо нь хүрэндүү өнгийн олон тооны том сагс бүхий баг цэцэгтэй, зөвхөн Хөвсгөл, Хэнтийн уулын хад асганд 20-40 сантиметр өндөр ургадаг. Бургас навчит банздоо нь Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянган, Дундад халх, Дорнод Монголын тойрогт элсэрхэг чулуулагтай энгэрт ургана. Вансэмбэрүүний цэцэгс нь атгасан гараас том хэмжээтэй багц цэцэг бөгөөд түүнд хэдэн зуун жижигхэн цэцэгс багтана. Ерөнхийдөө үнэр нь эхүүн, хурц. Вансэмбэрүүний үндэс нь маш хүчирхэг хөгжсөн байдаг бөгөөд хад чулууны зай завсраар тор мэт сүлжилдэн бөх бат ургаж газрын хөрснөөс шим тэжээлээ авдаг. Цэцэглэх явц маш удаан байдаг ба цэцэглэх хүртлээ 3-5 жил, зарим үед бүр найман жил хүртэл зарцуулна. Нас, амьдралын эргэлт, үржил нь дэндүү хязгаартай бөгөөд үрээр үржих чадвар маш муу.

Вансэмбэрүү цэцэгтэй холбоотой домгууд ард түмний дунд элбэг ч тэдгээрийн ихэнх нь энэ цэцгийг тасалбал амь насаа ч алдахад хүргэнэ шүү гэдгийг сануулдаг. Нөгөө талдаа хүмүүсийг “айлгасан” тэдгээр домгууд нь “Тэнгэрийн цэцэг” гэгддэг Вансэмбэрүүг ард түмэн хамгаалж иржээ гэдгийг харуулдаг юм.

Холбоотой Зураг

УДВАЛ

Холтсон цэцэгтний овгийн төрөл. Энэ төрөлд 100 орчим зүйл хамрагдах бөгөөд тэдгээр нь гол төлөв дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан байдаг. Удвалын 35 зүйлийг тарималжуулан олон хэлбэр, сортуудыг гарган авчээ. Удвал гэх нэр нь төвд хэлний Удбала гэсэн үгнээс гаралтай. Харин Aquilégia гэдэг шинжлэх ухааны нэр нь ус-хураах, цуглуулах, бүргэд гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Цэцэг нь 6-10 см голчтой, хөх заримдаа шаравтар дэрвэнтэй, бүдүүн гоодой цоморлигийн навчинцрыг бодвол хоёр дахин богино. Европ, Азид ургах зүйлүүдийн цэцэг нь цагаан, хөх, цэнхэр, ягаан өнгөтэй бол Америкт ургадаг зүйлүүд алтлаг, улбар шар, улаан өнгөтэй байдаг юм байна. Удвалын төрлийн 102 зүйл цэцэгт ургамал бүртгэгдсэнээс Монголд Ганболдын удвар, Шүүсэвчит удвал, Сибирь удвал, Ногоон гэсэн дөрвөн зүйл тэмдэглэгджээ. Удвал цэцгийг бясалгагчид ихэд дээдэлдэг бөгөөд Төвд, Энэтхэгт энэ цэцэгтэй холбоотой олон домог яриа байдаг ажээ. Хүүгээ олон жил хүлээсэн эх Төвдийн өндөр уулнаас бууж ирж хоол ундгүй, өлсч цангаж байсан ч Манзушир бурханд сөгдөн мөргөсөөр амь эцэслэжээ. Гэтэл настай эмэгтэйн бие цогцос төд удалгүй газарт шингэхэд тэр газарт нь удвал олноор ургажээ. Иймээс энэ цэцгийг эхийн хайр, эхийн сүү шиг ариуны бэлгэдэл хэмээн үзэх нь бий.


Categories
гадаад мэдээ

Ромын Пап лам энхтайвныг хүсэж Суданы удирдагчдын хөлийг үнсчээ

Ромын Католик шашны тэргүүн Францис Ватиканы дотоод дүрмийг зөрчин, Өмнөд Суданы удирдагчдийн өмнө сөгдөн сууж, хөлийг нь үнсчээ. 82 настай Пап лам Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кир Маярдит төдийгүй Риек Мачар, Рэбэка Няндэн де Мабиор нарын хөлийг мөн үнссэн бөгөөд түүний гол зорилго нь энх тайвныг сахиулахыг хүссэн явдал юм. Тэрбээр “Би та бүхнээс зүрх сэтгэлээсээ энх тайвныг сахиулан, ах дүүс шиг эвтэй найртай байгаасай гэж хүсэж байна ” хэмээжээ. Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кир Маярдит босогчдын тэргүүн асан Риек Мачар нар 2013 оны төрийн эргэлтийг зохион байгуулах үеэр 400 мянган хүн амиа алдсан байна. Харин тэд 2018 онд энхийн гэрээ байгуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд Ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Дархан цаазат Богдхан ууланд түймэр гарсан дуудлага Нйслэлийн Онцгой байдлын газарт 11:17 цагт ирсэн бөгөөд Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, шуурхай ажилласны үр дүнд богино хугацаанд бүрэн унтрааж чадлаа.

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх эмнэлгүүд

Эрүүл мэндийн сайдын баталсан Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамжид зааснаар 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.

Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг энэ удаагийн сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах боллоо.

Үнэ төлбөргүй үйлчлэх шүдний эмнэлгийн жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.


Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч хэврэгшсэн байна

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.