Categories
мэдээ нийгэм

МУГЖ О.Анужин Соёлын элчээр томилогдлоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гавьяат жүжигчин, балетчин Отгонтөгсийн Анужин, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консул Евгений Алексеевич Кузьмин нарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгөв.

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр тэмцээний Гран при, 2015 онд Токио Сити балет тэмцээний 3 дугаар байрыг эзэлж байсан залуу уран бүтээлч юм.

Өргөмжит консул Е.А.Кузьмин нь “Монгол-Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармаг, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хоёр орны хүмүүнлэг, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх чармайлттай ажиллаж ирсэн билээ.

МУГЖ О.Анужин, Өргөмжит консул Е.А.Кузьмин нар нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллана.

Categories
мэдээ нийгэм

70 сая төгрөгийн азтан тодрох боломжтой

НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол өнөө орой буюу дөрөвдүгээр сарын 14 -нд “Боловсрол” телевизээр шууд явагдана.

Иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлсэн байх ёстой.

Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 70 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхэлж Налайх чиглэлийн замыг хаана

Маргааш буюу энэ сарын 15-наас Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон билээ.

Үүнтэй холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо. Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдварын 55 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Хачгийн идэвхжлийн үе эхлээд удаагүй байгаа ч ЗӨСҮТ-д энэ сарын 10-ны байдлаар хачигт хазуулж, эрсдэлд өртсөн 55 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

2005-2018 онд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдвараар 1952 өвчлөл бүртгэгдэн, 20 нь нас барсан. Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

Иймд ЗӨСҮТ-өөс ард иргэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах.
Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэхийг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том нисэх онгоц анхны нислэгээ үйлджээ

“Stratolaunch Systems” компани дэлхийн хамгийн том нисэх онгоцны нислэгийн зуны туршилтыг АНУ-ын баруун нутагт бямба гарагт явуулсан байна. Үүнийг нотлох дүрс бичлэг болон зургийг гэрэл зургийн сэтгүүлчид болох Мэтт Хартман, Жек Бейер нар нийтэлжээ.

“”Stratolaunch” нисэх онгоц анхны нислэгээ амжилттай үйлдэж чадлаа” гэж Хартман “Twitter” хуудсандаа жиргэжээ. Түүний бичсэнээр, уг онгоц Калифорни муж улсын Мохава цөлийн дээгүүр ниссэн байна.

Дэлхийн хамгийн том нисэх онгоцыг эзэмшигч “Stratolaunch Systems” компани туршилтын нислэгийг үзүүлээгүй аж. Нислэгийн хурд, өндөр зэрэг нислэгийн талаарх мэдээлэл тус компанийн “Twitter” дэх цахим хуудсанд одоогоор гараагүй байна.

“Stratolaunch” нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метртэй хоёр их биеэс бүрддэг бөгөөд “Pratt&Whitney” компанийн зургаан хөдөлгүүр суурилуулжээ. “Pratt&Whitney” нь цэргийн болон иргэний зориулалттай нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Америкийн компани юм.

“Stratolaunch Systems” компанийг “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг болох АНУ-ын тэрбумтан Пол Аллен 2011 онд байгуулжээ. Аллен өнгөрсөн онд 65 насандаа хорт хавдраар нас барсан билээ.

“Stratolaunch” нисэх онгоцыг “Pegasus XL” зөөгч пуужинг гарааны талбайд хүргэх зориулалтаар бүтээсэн байна. Уг зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулдаг. Эхний ээлжинд “Stratolaunch” нисэх онгоц нэг пуужин тээх бол цаашдаа их биеийн доод хэсэгтээ гурав хүртэл пуужин тээвэрлэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Мотоцикл” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Мотоциклоос үүдэлтэй зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна. Тус аймгийн хэмжээнд он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж, нэг иргэн амь насаа алджээ. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Тиймээс хөдөө орон нутгийн замд үйлдэгдэж буй ослыг бууруулах, мотоциклийн эздийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “Мотоцикл” нэгдсэн арга хэмжээг зарлалаа.

Энэ арга хэмжээний хүрээнд 13 сумын мотоцикл эзэмшигчдийг бүртгэхээс гадна зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт мэдээллийг өгч, хамгаалах малгай бусад хэрэгслийг зөв ашиглахад сургах юм. Ер нь ихэнх мотоциклийн осол хөдөө орон нутагт гардаг. Шалтгаан нь хамгаалах малгай өмсөөгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьснаас болдог. Мөн бичиг баримтны зөрчил орон нутагт маш их гардаг. Энэ бүх зөрчлийг бууруулах, арилгах тал дээр сумдын ЗДТГ, хэсгийн төлөөлөгч, цагдаа нартайгаа хамтран ажиллах болно гэж Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Б.Ууганбаяр хэллээ.

04 дүгээр сарын 05-наас эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд мотоциклийн бүртгэл нэгдсэн арга хэмжээ явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн санаачилгаар дээрх арга хэмжээг зарласан бөгөөд Авто тээвийн төвтэй хамтран хэрэгжүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.5 саяар нэмэгджээ

2019 оны эхний 29.7 сая эх малын 35.7 хувь буюу 10 сая 605.4 мянган хээлтэгч төллөж 10 сая 415.5 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.5 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 322.6 мянга болж оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж байна.

Цаг агаарын байдал: Дөрөвдүгээр сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-5.0 мм, Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн зарим, Ховд, Дундговийн ганц нэг сумдад 5.1-10.0мм, Ховдын Ховд, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Говь-Алтайн Баян-Уул, Тонхил, Баянхонгорын Бууцагаан, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Улаан-Уул, Архангайн Булган, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Түвшрүүлэх, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин сумдад 10.1-20.5 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон байна.

Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орсон. Өнөө өглөөний 08 цагийн байдлаар Говь-Алтай, Булганы хойд, Баянхонгорын төв хэсэг, Сэлэнгийн Төв аймгийн залгаа нутгаар 1-5 см зузаан цастай байна.

4 сарын 1418ны цаг агаарын урьдчилсан мэдээ: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батбаяр: Монгол авлигын хямралд орчихоод байна. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, иргэд л татаж гаргана

Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.


-Авлигын нөхцөл байдал өнөөдөр манайд ямар байна вэ?

-Манай төрийн бус байгууллага, сэхээтнүүд уулзаж авлигын нөхцөл байдал хүндэрсэн талаар хэлэлцэж байна л даа. Өнөөдөр манайд авлига газар авсан нь ажилгүйдэл, иргэдийн амьжиргааны түвшин зэргээс харж болохоор байна. Монгол Улс өнөөдөр авлигын хямралд орчихсон. Авлигын хямрал гэдэг маань авлигаас үүдэлтэйгээр эдийн засаг, улс төрийн хямралд орж улс орон үймээд байгааг хэлж байгаа юм. Өнөөдрийн манай нийгэм яг л ийм болоод байна.

-Таны ярьж багаа авлигын хямралаас гарах арга зам юу байна. Олон улсын жишиг нь ямар байдаг юм бол?

-Бид улстөрчид, улс төрийн намуудад найдаад олон жилийг үзэж байна. Улстөрчид, улс төрийн намууд аварна гэж бид итгэж ирсэн. Харамсалтай нь, эд маань өөрсдөө авлигын хямралд орчихсон учраас татаж гаргахаасаа өнгөрөөд байна л даа. Энэ тохиолдолд иргэний нийгэм, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл манлайллыг авдаг олон улсын жишиг бий. Иргэний, нийгэм иргэд, хэвлэл мэдээлэл хамтарч ажиллаж дуу хоолойгоо хүргэж авлигын хямралаас гарна. Бид Ардчиллын институци гэж ярьдаг. Ардчиллын институци хэн юм гэхлээр нэг нь хэвлэл мэдээлэл. Нөгөө нь иргэний нийгэм, улс төрийн намууд, сонгуулийн ерөнхий хороо, аудитын газар, шүүх засаглал, төрийн байгууллагууд гээд энэ бүхэн ардчиллын институци. Энэ бүхнээс шүүх, аудитын байгууллага, засгийн газар, улстөрчид бүгд хараат болчихсон. Тиймээс авлигаас гарах гол ачаа нь иргэний нийгэм, иргэд, хэвлэл мэдээлэл дээр ирж байна. Авлигын хямралаас улстөрчид, улс төрийн намууд биш иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд өөрсдөө гаргана.

-Авлига хаана, аль салбарт гаарч байна вэ?

-Өнөөдөр өндөр түвшний авлига гол асуудал болж байна. Авлигын хямралд оруулсан гол буруутнууд нь улс төр, бизнесийн бүлэглэлүүд байна шүү дээ. Авлига өндөр байгаа орны жишээг харахад улс төр бизнесийнхэн оройд гараад суучихсан байдаг байхгүй юу. Монгол ийм болчихоод байна. Үүнийг авлигын индекстэй холбох ёстой. Транспэрэнси Интернэшнл байгууллага авлигын индексийг энэ оны нэгдүгээр сарын 29-нд танилцуулсан. Энэ үеэр манайхыг “Монгол Улс авлигын индексээр 37 оноо авлаа. Танай бүсийн дундаж оноо 44 байдаг” гэж зарласан. Ер нь 40 –өөс доош оноо авсан улс оронд эрсдэл байна гэдгийг Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан.

-Ямар эрсдэл?

-Энэ улсуудад популизм газар авсан байна гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл, улстөрчид нь популист гэсэн үг. Байх ёстой засаглал ардчиллын институци нь сул байгаа юм. Шүүх, АТГ, Сонгуулийн ерөнхий хороо гэх байгууллагуудын үйл ажиллагаа нь сул байна л даа. Оронд нь хэдэн популист нөхөд төрийн толгойд гарчихаад л цээжээ дэлдээд хашхираад байдаг. Ийм улсууд дарангуйллын ардчилал руу шилжих магдалал өндөр гэж Транспэрэнси Интернэшнл байгууллагаас анхааруулсан. Ганц манайд ч биш 40-өөс доош оноо авсан улсуудад хандаж хэлж байгаа юм л даа. Өнөөдөр дээр гарсан хэд маань биднийг ардчиллын дарангуйлал руу чирээд байна. Шүүх засаглал, прокурор, АТГ гээд бүх байгууллагуудад халдаж байна шүү дээ.

-Ардчиллын дарангуйллаас сэргийлэхийн тулд хийх ёстой эхний алхам нь юу вэ?

-Монгол Улсын авлигын индексийн оноо 40-өөс дээш гарахгүй олон жил болж байна. Нөгөө ардчиллын институциэ бэхжүүлэхгүй байгаа болохоор л тэр шүү дээ. Шүүх засаглалаа хараат бус болгож, АТГ-аа улам бэхжүүлж, төр нь өөрөө хүсэл эрмэлзэлтэй байж, бизнесийн орчноо бэхжүүлж энэ бүх салбарт авлигалыг арилгахгүй бол ахихгүй уруудаад л байна. Ардчиллын индексээ бэхжүүлэхгүйгээр авлигын индекс өсөхгүй. Ирэх жил бол авлигын индекс унах нь тодорхой болчихлоо. Хамгийн чухал институцийг нь нулимаад хаячихлаа. Шүүгчийн эрх зүйн байдлын хууль, дагалдах хууль болох Прокурорын хууль, Авлигын эсрэг хуулиндаа өөрчлөлт оруулсан нь өөрөө Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон. Энэ заалтын 11 болон 13-т нь “Конвенцид элссэн улсууд шүүх засаглал ба авлигатай тэмцэх байгууллагуудынхаа хараат бус байдлыг бэхжүүлнэ” гэж үүрэг хүлээсэн. Одоо манай улсад НҮБ хүний эрхийн байгууллагын хараат бус шүүхийн шинжээчид ирж ажиллана. Шаардлагатай бол НҮБ-ын ерөнхий ассамблейд танилцуулах гэж байна.

-Популимз гээд л яриад байдаг. Мөн чанарыг нь иргэд тэр бүр мэддэггүй. Мэдэхгүй учраас их хурал ийм төрлийн хүмүүсээр дүүрчихээд байна шүү дээ?

-Популизм гэдэг өөрөө том үзэгдэл. Өнөөдөр олон орны улстөрчид популист болоод байна. Өөрийгөө ардчилагч гээд зарлаад байдаг. Гаргаж байгаа үйлдэл нь ардчиллын эсрэг байна. Ард түмэнд таалагдсан зүйл хийхийг оролддог. Тэр жинхэнэ ардчиллын суурь зүйлийг үнэгүйдүүлдэг. Авлигын индексээр 40-өөс доош оноо авсан улс орны удирдагч нар бүгд авлигын гэмт хэрэгт холбогдсон, холбогдож байсан хүмүүс байдаг. Манай удирдагчид ч гэсэн бүгд л АТГ-т дуудагдаж шалгуулж байсан хүмүүс байна шүү дээ. Худлаа ярьж, иргэдийн тархийг угааж байгаад л гараад ирдэг. Популист улстөрчид бүгд л авлигачид байдаг. АТГ, Шүүх гэх зэрэг ардчиллын институцийг сулруураад популизм гээд байж байх нь тэдний оршин тогтнох цор ганц арга нь.

-Иргэд популистуудыг энгийнээр яаж таних вэ. Сонголтоо яаж хийх вэ?

-Одоо хууль эрх зүйн орчингоо л сайжруулах хэрэгтэй байна. Үүний тулд сонгуулиа зөв өгөх ёстой. Худлаа амлаж, хийрхсэн, хашхирсан хүнээс татгалзаж шударга ёсны төлөө зүтгэж буй хүнд сонгож эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Уул нь хэдхэн хуулийг өөрчлөөд л болох асуудал. Улстөрчдөд хүсэл эрмэлзэл алга. Улстөрчдийн хүсэл эрмэлзэл байгаад богино хугацаанд үр дүн гаргасан улс ч байна. Гүрж, Латви, Эстони гэх зэрэг улсууд богино хугацаанд үүнийг амжуулсан. Манайд ч боломж бий.


Categories
мэдээ нийгэм

Хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна

Өмнөговь аймагт өнгөрсөн 2018 онд авто зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, байшин барилга салбар бүрийг хамарсан бүтээн байгуулалтыг хийсэн бөгөөд он дамжсан бүтээн байгуулалтын ажлууд урин дулаан цаг ирж буйтай холбоотой эхэллээ.

Тухайлбал, аймгийн төв Даланзадгад сумын Гурвансайхан, Их уул, Хан уул гэр хороололд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай 7,3 км хатуу хучилттай авто замыг байгуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Уг бүтээн байгуулалтыг “Дардан говь” ХХК гүйцэтгэж байгаа ба 2019 оны долоодугаар сард ашиглалтад оруулна. Энэхүү зам ашиглалтад орсноор иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, аймгийн өнгө үзэмж, дэд бүтэц сайжрах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа шүүхүүдийн үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.


-Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2018 онд 1128 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч цаашид өсөх хандлагатай байна. Энэ нь иргэдийн эрхээ хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдсэн, ихэвчлэн гэр бүлийн гишүүдээс гомдол гаргадаг байсан бол хөндлөнгийн этгээдээс тухайн гэр бүл дэх хүчирхийллийг мэдээлэх хандлага нэмэгдсэнтэй холбож үзэж болно. Хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд байдаг. Хүүхдийн халдашгүй эрх нь насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас олон талаар зөрчигдсөөр байна. Ихэвчлэн зам тээврийн осолд өртөх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хуучнаар танхай, зодооны хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, зарим тохиолдолд хулгай, дээрэм, залилан, хүчиндэх гэмт хэргүүдэд өртөж байна. Иргэн бүхэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байна уу гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай.Бүртгэгдсэн хэргүүдийг судлахад хүчирхийлэгч нь ихэвчлэн тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, гэр бүл, хамаатан садны холбоотой шалтгаанаар хохирогчийг буруутгах, төрсөн эх нь хүртэл гомдолгүй гэж мэдүүлэг өгөхийг ятгах зэргээр хүүхдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Үүнд тухайн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл бүр урт удаан хугацаанд хаалттай хаалганы цаана үргэлжилсэн байдгийг санаж байх ёстой.Насанд хүрсэн эрүүл хүний толгойд багтамгүй амиа хорлох аймшигт бодлыг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тээж явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ. Ямар үр дүн гарсан гэж бодож байна?

Энэ оны хоёр, гуравдугаар сард Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх чиглэлээр “Цахим тоглоом”, “Илрүүлэлт-2019” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд 78 удаагийн нэгдсэн шалгалтыг зохион байгуулж, 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгосон. Зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 газрын үйл ажиллагааг түр зогсоож, зургаан газрын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа.Хараа хяналтгүй байж болзошгүй нийт 192 хүүхдийг олж тогтоон хүүхдэдээ анхаарал хандуулаагүй эцэг, эхэд Зөрчлийн тухай хуулиар 940 мянган төгрөгийн торгууль ногдуулах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагатай хамтран зорилтот бүлгүүдэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

-Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр засгаас болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үндсэн бодлого чиглэл юу вэ?

-Төрөөс хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, шаардлагатай зарим санхүүжилтийг шийдвэрлэж өгч байгаа нь үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн гуравдугаар тогтоолоор хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримтыг баталж өгсөн. Үүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр эцэг, эхийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, бүх талаар дэмжин ажиллах ёстой талаар тодорхой дурдсан байгаа. Энэ нь тухайн байгууллагын алба хаагчдын гэр бүлийн тогтвортой байдал, цаашлаад боловсон хүчний бодлогод ч эерэгээр нөлөөлнө. Яагаад гэвэл гэр бүлийн амар тайван тогтвортой байдал ямар ч байгууллагын ажлын үр дүнг дээшлүүлнэ гэдэг талаар тэр бүр бодохгүй байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлж, бусад хууль тогтоомжоо хэрэгжүүлээд явбал бид хүүхдээ хамгаалах бүхий л боломжууд байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

– Хууль бол хэрэгжүүлэх ёстой эрх зүйн баримт бичиг. Хууль хяналтын байгууллагууд чиг үүргээрээ тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгаа ч зарим газар хангалттай биш байна. Тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа тоон үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хүн амын тоо, бүртгэгдэж байгаа дуудлага, мэдээлэл ойролцоо түвшинд байгаа ч хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн асуудлыг шийдвэрлэхдээ яагаад ийм зөрүүтэй байгааг сэтгүүлчид та бүхэн тодруулна биз ээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан хүний тоо Баянзүрх дүүрэгт 347 хүрсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт 54 байгаа юм. Хүчирхийлэл бол өдөр харгалзахгүй бүртгэгдэж, хүүхдийн айсан, уйлсан, шаналсан, аврал нэхсэн дуу сонсогдсоор байхад дүүргийн шүүх гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ажлын 1-2 өдөрт зааж, бусад өдөр хүлээн авахгүй дотоод ажилтай гэдэг. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт олон хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байгааг анхаарах хэрэгтэй. Шүүх ажлын өдөр бүр ажиллаж хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэж байх ёстой. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэл үйлдэгч этгээдэд тохирсон хариуцлага хүлээлгэх саналыг тухай бүр прокурор, шүүхэд хүргүүлж байх бодлого баримталж байгаа.

-Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулах вэ?

-Гэмт хэрэгт өртөж хохирч, холбогдож байгаа хүүхдийн дийлэнх нь гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүл салалтын улмаас хараа хяналтгүй болж, зарим нь гудамж талбай олон нийтийн газарт хоног төөрүүлж, гуйлга гуйж яваа нь харамсалтай. Иймд энэ хүүхдүүд рүү чиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх ажил нэн чухал учраас Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран улирал бүр энэ ажлыг эрчимжүүлж ажиллана. Бидний зорилго нэг ч хүүхэд гудамжинд гуйлга гуйгаад хоног төөрүүлж суулгахгүй тусламж үйлчилгээнд хамруулах юм. Урт хугацааны туршид хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах нэгэн том боломж нь хүүхэд, залуучуудад гэр бүлийн зөв боловсрол олгох явдал. Бие биенээ бүрэн гүйцэд таньж мэдрээгүй, удам судар, ар гэрийн хүмүүжлийг судлаагүй байж сэтгэлийн хөөрлөөр дөнгөж танилцаад удаагүй байхдаа хүүхэдтэй болчихдог, удалгүй бие биенийхээ үнэн мөн чанарыг таньж мэдрээд ирэхээрээ нөгөө хүчирхийлэлтэй тамын амьдрал нь эхэлдэг. Үүнээс болж хүүхэд хохирч, цаашлаад энэ хүүхэд Монгол Улсад зөв төлөвшилтэй, зөв хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд асуудал тулгараад байна. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдэд гэр бүлийн боловсролыг хэрхэн үр дүнтэй өгч байна вэ гэдэг асуулт, хүүхдэд боловсрол олгох багш нарын мэдлэг ур чадвар, өөрсдийнх нь үлгэр дуурайл ямар байна вэ гэдэг асуулт гарна.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас сургууль бүрт, хороо бүрт охидын үзлэгийг сэргээн бэлгийн хүчирхийллийг эрт илрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Цаашид сургууль руу чиглэсэн хүүхдүүдэд гэмт халдлагаас өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэх ёстой гэх мэт эрх зүйн мэдлэг олгох сургалт мэдээллийг үргэлжлүүлэн явуулна. “Сургуулийн эргүүл буюу School police” загвар, бусад орны туршлагад тулгуурлан “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэх, хүүхдүүдийг үе тэнгийн хүүхдүүдээр нь төлөвшүүлэх, эх оронч зөв төлөвшил олгох зорилготой “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм гэх мэт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Э.БААТАР