Categories
мэдээ нийгэм

Их морь одтой, хар морь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 15, Сумъяа гариг. Билгийн тооллын 11, Их морь одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6:04 цагт мандан, 19:41 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг Өдрийн сонин”ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа” нийтлэл хэвлэгдлээ.

Энэ удаагийн “Танайд өнжье” буланд маань бүх насаараа Монгол орны усыг судалсаг гидрогеологич Н.Жадамбааг урьж оролцууллаа.

УИХ баасан гаригийн хуралдаанаараа С.Зориг агсны амиа алдсан хэргийг шалгах түр хороо байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Мөн өөр ямар ямар чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар зургадугаар нүүрээс уншаарай.

“Зүүн баян рейфанери” компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Энэ талаар баримт үйл явдлын долдугаар нүүрнээс унших боломжтой бол 15 дугаар нүүрнээс МУАЖ, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

ӨДРИЙН СОНИНӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.

Тухайлбал энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол өнөөдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 10 айлын байшин шатаад байна.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл дэх рекламны самбаруудыг цэгцэлнэ


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламж байдаггэсэн тооллогын дүн мэдээ байдаг байна. Энэ сарын наймны өдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Хотын захирагч С.Амарсайхан рекламны самбаруудыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон.

Энэхүү үүрэг даалгаварын хэрэгжилтийг Хотын захирагч шалган өнөөдөр нийслэлд байрлах зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа самбар, мэдээллийн байгууламжийг нэн даруй буулгах, өнгө үзэмжийг нь сайжруулахыг даалгав.

Энхтайваны гүүрийн хоёр талаар цуваа байрлуулсан самбарууд нь хотын өнгө үзэмж, жолоочийн хараанд сөргөөр нөлөөлж, гадна зар сурталчилгааны байгууламжийн тухай НИТХ-ын 2013 оны 3/32 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул буулгах, мөн Чингэлтэй дүүрэг 32-ын тойрогт байрлах рекламны самбар нь урагдаж, төмөр нь салхинд хийсч ойр орчинд нь ажиллаж амьдарч, зорчиж буй иргэдэд осол аюул учруулах нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа тул холбогдох байгууллагуудад нь нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов гэжнийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн улмаас 10 айлын зуслангийн байшин шатжээ

БЗД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 13:55 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10 дугаар ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн улмаас 10 айлын байшин шатсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ил харагдах, үл харагдах хоёр”

Францын 1800-гаад оны үеийн эдийн засагч, улс төрч, нийтлэлч Фредерик Бастиагийн “Ил харагдах, үл харагдах хоёр” номын тухай өгүүлсү. Уг номд өгүүлэхдээ Эдийн засгийн үзэгдлүүд дэх аливаа үйл ажиллагаа, зан заншил, тогтоол, хууль дүрмүүд ганц нэг ч биш, бүр бүхэл бүтэн, цуврал үр дагавруудыг төрүүлж байдаг агаад эдгээрээс хамгийн эхнийх нь буюу үйл ажиллагаа нь л түүнийг төрүүлсэн шалтгаантайгаа нэгэн дор, нэгэн зэрэг ажиглагдаж байдаг болохоор түүнийг “ил” гэж нэрлэж болно. Харин бусад нь ар араасаа цувран гарч ирэх тул тэдгээрийг анзаарахгүй байж болох учраас “үл харагдах” хэмээн нэрлэх нь зүйн хэрэг, гагцхүү түүнийг урьдчилан олж харж чадах нь чухал юм гэжээ.Тэгээд үл харагдах, ил харагдах олон жишээн дээр үүнийгээ тайлбарласан байдаг.

Хүүгээ цонх хагалсныг сонссон ч огт уурлаагүй, түүгээр ч үл барам “Үйлдвэрлэл гэдэг чинь ийм л замаар тогтнож байдаг юм. Хэн ч шил хагалдаггүй бол шилчид чинь яаж амьдрах болж байна” гэх мэтээр тайвшруулдаг эцгийн талаар эхлээд өгүүлнэ. Үүнд өөрийн гэсэн онол агуулагдаж байдаг. Шилийг зургаан франкаар шиллэнэ. Тэр нь шилний үйлдвэрт урамшуулал болон орно гэж энэ онол хэлээд байгаа. Энэ бол нөгөө ил харагдаж байгаа зүйл юм.Гэвч сайтар бодоод үзвэл энэ бол худал зүйл бөгөөд “Нүд харавч үл үзэх”-ийн онол юм. Шилэнд зарсан зургаан франкаа хүүгийн аав өөр юманд зарцуулж болох байсанд хамаг учир байгаа юм. Ханзархай гутлаа солих ч юм уу, шинэ ном ч авах гэх мэт. Гэтэл тэр мөнгийг одоо юунд ч зарах хөг нь өнгөрчээ. Шилний үйлдвэрийн тухайд гэвэл шил хагарсан, зургаан франкаар баяжсан уу, баяжсан. Энэ бол ил харагдаж байгаа зүйл. Хэрэв шил хагараагүй бол тэр зургаан франк гутлын ч юм уу, өөр ямар нэгэн гар урлалын салбарт ашиг болон очих байлаа. Энэ бол бидний олж харахгүй байгаа зүйл. Олж харахгүй байгаагаа эсрэг нотолгоо гэж үзээд харин ил харагдсаныг нь эерэг нотолгоо гэж үзээд дүгнэлт хийх юм бол ер нь үйлдвэрлэлд, бүр тодруулбал үндэсний хөдөлмөрт шил хагарах эсэхээс ямар ч ашиг гарахгүй.

Одоо шилний үнийг төлсөн эцгийн өмнөөс тооцоо хийж үзэцгээе. Шил хагарсан болохоор зургаан франк үрэхэд хүрсэн. Яг өмнөх шигээ шилэн цонхтой үлдсэн. Хоёр дахь тооцоогоор шил хагараагүй бол зургаан франкаараа шинэ шаахай ч юм уу худалдаж аваад шинэ хос шаахай нэмэгдэж шилэн цонх нь бүтэн хэвээрээ л байх байлаа. Бүхий л нийгмээ цогцоор нь аваад бас дээр нь нийтийн хөдөлмөрийн баялгийг, түүнээс гарах сэтгэл ханамжийг тооцох юм бол нийгэм маань бүхэлдээ уг шилний үнэ цэнийг алдаж орхисон байна. Цаашдаа нийгэм маань ямар ч ашиггүй устгагдсан хэрэгслийн үнээр хохирол амсчээ гэсэн үг. Эцэст нь базаад үзэхэд хагарсан шилний харгайгаар нэг биш, хоёр хохирол амсахад хүрсэн хүүгийн эцгийг хэрэглэгч гэж тооцъё. Мөн хагарсан шилний ачаар хөлстэй ажил олсон шилчинг үйлдвэрлэгч гэж үзье. Тэгвэл хамгийн гол хохирогч хэн байх вэ. Энэ бол хагарсан шилний гайгаар бага ч гэсэн ашиг олж чадах байсан ч юу ч олоогүй гуталчин ч юм уу хэн нэг үйлдвэрлэгч юм. Чухамхүү энэ гурав дахь үйлдвэрлэгч л хэзээний бүх юмны сүүдэрт үлдэх агаад огтоос үл харагдахын учирт л үл харагдах ил харагдахын гогцоо байх юм гэжээ.

Мөн татварын ил харагдах, үл харагдах зүйл гэж юу вэ.Татвар төр аваад түүнээ тараах, түүнээс татаас авч байгаа байгууллагууд, татвар төлж байгаа хүн, эд нар бол ил харагдах зүйл. Харин татвар төлөгчийн үүрч байгаа алдагдал бол үл харагдах зүйл.

Төсвийн байгууллага зуун су мөнгө өөртөө илүү зарцуулна гэдэг нь татвар төлөгч өөртөө зуун су мөнгө дутуу зарцуулна л гэсэн үг. Энэ бол үл харагдах зүйл юм. Түшмэдэд зуун су өгөөд түүндээ таарсан үйлчилгээ авч байвал энэ нь гуталчинд зуун су мөнгө өгсөнтэй яг адил, харин зуун су өгөөд дээрээс нь дарамтлуулаад таарвал тэр мөнгийг хулгайд алдсанаас юуны ялгаа хэмээн өгүүлсэн байдаг.

Уг номыг Ж.Нэргүй орчуулжээ. Харин “Алтан тариа” компанийн эзэн П.Цэнгүүн ивээн тэтгэсэн байна. Та бүхэн олж аваад уншихад сонирхолтойгоос гадна маш сургамжтай, юмыг өөр нүдээр харсан нь гайхалтай санагддаг юм билээ.


Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихэснэ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хуурайшилт ихэсч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 13-ны 20 цагаас 04 дүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Халх голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 8-13 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас дугаарын хязгаарлалт зуны хуваарьт шилжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.

Энэ дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Даваа гариг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн билээ.

Зуны бүсчлэлд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг. Өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна.

Тухайлбал, өвлийн бүсчлэлд таван шараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бол зуны хуваарьт шилжихээр энэ замд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх ажээ. Тогтоолын дагуу аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжинэ.

Categories
мэдээ нийгэм

Түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага 11:17 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг анхааруулж байна

Сунгалттай паспортаар орж ирсэн Монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсөддөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү.

2018 оны 1 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.

Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу. Иргэн Та гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг хүсье.