Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдлийг хүргүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүүрэг, хороодын Засаг дарга, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд хавар, намрын хуурайшилттай үеийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хяналт, шалгалтаар нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилт, дүүрэг, хороодын Засаг дарга нарын хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд ажил зохион байгуулсан байдалд шалгалт хийгдэх тул Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжууд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгасан байна.

Дүүрэг, хороодын Засаг дарга нарт:

-Түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд татан оролцуулах, хамтран ажиллах, сургалт сурталчилгааг эрчимжүүлж, гудамж талбай, ногоон бүсэд байгаа самбарыг сурталчилгааг ашиглах, алба хаагчдад сургалт зохион байгуулах,

-Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт III зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд хүрсэн тул нийслэл, дүүргийн хэмжээнд хэсэгчилсэн байдлаар ойд явуулж буй ойн аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хязгаарлах, хяналтыг сайжруулахыг үүрэг болгоод,

Холбогдох хууль тогтоомжоор заагдсан эрх, үүргийнхээ хэрэгжилтийг хангаагүй, түүнчлэн хуурайшилтын үед ой, хээрийн түймэр тавьсан, гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар мэдэгдэлд тусгаад байна.

Categories
мэдээ нийгэм

50 сая төгрөгийн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр өчигдөр явагдлаа. Тохиролд 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав.

Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 23,507
  • 100 мянган төгрөгийн азтан 2,326
  • 1.0 сая төгрөгийн азтан 206
  • 5.0 сая төгрөгийн азтан 25
  • 10.0 сая төгрөгийн азтан 1
  • 50 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.

Харин супер шагнал буюу 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга С.Эрдэнэ БНСУ-ын Күүкмин их сургуульд зочилжээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ БНСУ-ын Күүкмин их сургуулийн Улс төрийн сургуульд зочилжээ.Энэ үеэр тус сургуулийн удирдлагуудтай уулзаж, улс төр, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Ардчилсан намын шинэчлэл, ззэл баримтлалын талаар лекц уншсан байна. Тус сургуулийн улс төрийн болон хууль эрх зүйн сургуульд манай улсаас 50 гаруй оюутан суралцаж байгаагийн 30 нь Ардчилсан намын анхан, дунд болон удирдах түвшний залуу боловсон хүчин юм. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн дунд “3х3” сагсан бөмбөгийн тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. Харин АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор тарж, Зөвлөл байгуулан ажиллах болсон юм. Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай, Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нотариатын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид тэргүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа албанд хандах, бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор “Жагсаалын үзүүлэх тоглолт”-ыг хоёр үе шаттайгаар нийслэлийн Аврах анги-105-ын жагсаалын талбайд зохион байгууллаа.

Жагсаалын үзүүлэх тоглолтод нийслэлийн хүрээний анги, байгууллагын 10 багийн 150 алба хаагч оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний дүнгээр гутгаар байрт Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, дэд байрт БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид, тэргүүн байрт нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид тус тус шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт зуны хуваарьт шилжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу өнөөдөрөөс дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн билээ.

Зуны бүсчлэлд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг. Өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна. Тухайлбал, өвлийн бүсчлэлд таван шараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бол зуны хуваарьт шилжихээр энэ замд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх ажээ. Тогтоолын дагуу аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжинэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй өөр юугаар гаргах юм бэ?

Үндэсний Аудитын газар сонин захиалсан, мөн хэвлэл мэдээллийн чиглэлээр сонины редакци болон хэвлэлийн газруудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан төрийн байгууллага, агентлагуудад торгууль тавих болсон. Энэ байдал өнөө жил ялгаагүй үргэлжилж байгаад олон нийт эсэргүүцэж байна. Монгол Улсын төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй, төрийн бодлого шийдвэр, хууль тогтоол, гадаад дотоод харилцаа тэр бүхнээ сониноор сурталчлахгүй өөр юугаар гаргах юм бэ. Мэргэжлийн редакцитай хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулахгүй тэгээд хэнтэйгээ гэрээ байгуулж төрийн бодлого шийдвэрээ хүргэх болж байна вэ. Фэйсбүүк, жиргээчидтэй гэрээ байгуулах хэрэг үү. Цахим ертөнцийн нөхдүүдтэй төрийн өмчит компани, яам, агентлагууд гэрээ байгууллаа гэж бодоход жиргээчдийн бичсэн зүйлд хэн үнэмшиж, хэн итгэх юм. Бүхэл бүтэн улс орны төр засгийн шийдвэрийг захын нэг хүн өөрийнхөө хувийн орон зайгаар дамжуулж, хувийн бодол маазралтайгаа хольж хутган олон нийтэд хүргэх болж байна уу.

Сүүлд хийсэн судалгаагаар Монгол Улсын гурван сая хоёр зуун мянган хүн амын ихэнх нь буюу хоёр сая есөн зуун мянга нь фэйсбүүкийн хэрэглэгч юм гэсэн. Тэднээс 18-35 насныхан дийлэнх нь гэж байгаа. Тэгэхээр учир мэдэхгүй бацаануудтай төрийн байгууллагууд гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлах хэрэг үү. Сонин хэвлэлтэй гэрээ байгуулсан газруудад Аудитын газраас акт тавьж торгоод байгааг ингэж л ойлгохоос өөрөөр яаж ойлгох билээ. Эсвэл төрийн байгууллагууд үйл ажиллагаа гаргасан шийдвэрээ хэнд ч дуулгахгүй, ард түмэндээ огтхон ч үзүүлж болохгүй хаалттай, нууц байлгах ёстой юм уу. Ямар эрхтэн дархтан нь ийм амьдралаас хөндий тэнэг шийдвэр гаргаж, түүнийг нь Үндэсний Аудитын газар нь хэрэгжүүлээд байгаа юм бэ. Ном ёсоороо бол төр засаг гэдэг олон нийтээс сонгогддог, ард иргэддээ үйлчлэх хуультай баймаар. Улс орны хууль журам, үйл ажиллагаа, тогтоол шийдвэр зарлиг гээд ард иргэд өрх бүрт хамаарал бүхий зүйлээ олон нийтэд сурталчлан таниулах нь засаг төрийн үндсэн үүрэг мөн.

Дэлхийн бүх улс орнуудын төр засаг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээлэлтэйгээ нарийн нягт хамтарч ажилладаг. “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Asahi Shim­bun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, Францын “Le Monde” гэхчлэн дэлхийн энэ олон сонин хэвлэлийг тухайн улс орон нь албан ёсны эх сурвалжаа болгож төрийн тогтоол шийдвэрээ сонин хэвлэлээрээ гаргаж ард түмэндээ түгээн албан ёсоор баталгаажуулдаг. Мэдээж дэлхийн улс орнуудын төр засаг сонин хэвлэлдээ төлбөр тооцоог нь төлж өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлуулдаг. Зөвхөн төлбөр өгөөд зогсохгүй зарим орнууд хэвлэл мэдээллийн салбартаа мөнгө төсөвлөх нь бий. Ойрын жишээ гэхэд Солонгос улс байна. Жараад оноос хойш жил бүр улсын төсөвтөө хэвлэл мэдээллийн зардал болгож мөнгө төсөвлөсөөр иржээ. Өнгөрөгч онд 30 сая ам.доллар төсөвлөснөө Монголын сэтгүүлчдэд сонирхуулж байсан.

Тэгвэл Монгол Улс дэлхийн улс орнуудын тогтсон ийм жишгийн эсрэг явдаг нь харамсмаар. Монголын төр аль ч засгийн үед чөлөөт хэвлэлийг устгах гэсэн бодлого явуулсаар ирсэн. Их хурлаар эрхтэн дархтнууд ямар л хууль хэлэлцэнэ, түүнд хэвлэл мэдээллийг хяхан хавчсан, амыг нь барих гэсэн аль болохоор мөнгө төгрөг хялайлгахгүй, ханасан танасан харгис заалтууд чимээгүйхэн шургуулчихдаг. Тэгээд зогсохгүй сэтгүүлчийг яллана, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаана, лицензийг нь цуцална, төчнөөн саяар торгоно гэсэн тодорхой заалтуудыг бах таваа хангах адил ёс мэт тусгадаг жамтай. Авлигын хуулинд хүртэл “Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулна” гээд л заачих жишээний. Мөн Сонгуулийн тухай хуулинд “Радио, телевиз, цахим вэб сайтаар сонгуулийн сурталчилгааг явуулна” гэж заасныг манай сонин “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна” хэмээн эсэргүүцэж байж сониноор явуулахаар болж байсан.

2013 оны гуравдугаар сард Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойгоор эрх баригчид “Монсинема”, “VIP home shop­ping”, “ITV”, “MBO”, “Music­box”, “Шонхор”, “Соёмбо” гэсэн есөн телевизийг хааж 300 гаруй сэтгүүлчийг гудманд хөөж гарган “бэлэг” барьж байсан удаатай. Ингэж л эрх баригчид улс орны амин сүнс болсон хэвлэл мэдээллийн байгууллага руугаа дайрдаг. Хэвлэлийг ийн дэмжихгүй, үргэлжид боомилон, хяхан хавчаад байвал хэвлэл мэдээллийн байгууллага хүссэн хүсээгүй улс орныхоо эсрэг ажиллаж эхэлдэг. Үндсэндээ хөрөнгө мөнгөтэй улс орон, хувь хүнд үйлчилж эхэлнэ. Өөрсдийн байр сууцтай, хэдэн сэтгүүлчдийнхээ цалин хөлсийг бусдын гар харахгүйгээр тавьчихдаг, улсдаа татвар төлөөс төлөөд явдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдий өндөр үнэ амлаж байсан ч улс орныхоо эсрэг мэдээ материалыг “за болих уу даа” гээд өнгөрөөнө.

Харин эдийн засгийн эрх чөлөөгүй, ходоод нь хонхолзож байгаа хэвлэлийн газрууд мөнгө олж л байвал Монгол Улсын эрх ашиг дүүрч, тэртэй тэргүй биднийг төр засаг дарлан гадуурхаж байгаа юм чинь гээд улс орны аюулгүй байдалд ноцтойгоор халдсан, тусгаар тогтнолын дархлаанд сэв суухаар, Монголын нэр хүндэд сөрөг муугаар нөлөөлөх материалыг өстэй юм шиг тавина даа. Ингээд нэг л мэдэхэд Монголын амин сүнс болсон чөлөөт хэвлэл улсынхаа эсрэг гадныхны гар хөл болох аюултай. Үүнд хөрөнгөтэй томоохон компани болон эрх мэдэлтэй дарга сайд нарын хувийн хэвлэлийн газрууд хамаарахгүй. Тэд бол ардаа тэжээгчтэй, тэднийхээ эрх ашигт үйлчилдэг. Хоолыг нь эзэд нь өгчихдөг болохоор хэвлэл мэдээллийг төр засгаас дэмжинэ үү, хавчина уу тэдэнд падлий ч байхгүй.

“Монгол Улсын төрийн байгууллагууд хэвлэлээр мэдээллээ гаргахгүй яаж ажиллах, хэвлэлийн байгууллагууд төрийн бодлого шийдвэрийг сурталчлахгүй хэрхэн ажиллахыг Үндэсний Аудитын газар зааж өг” гэж “шилэн” Цогоо олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн бол “Иргэдийн баталгаат мэдээллээ хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагаас авдаг байдлыг төр засгаас бодлогоор дэмжих байтал үүний эсрэг байгаа нь харамсалтай. Дэлхийн ихэнх орнууд ерэн хэдэн хувь нь баталгаат мэдээллийг өдөр тутмын сонин болон зурагт радиогоос авдаг гэсэн судалгаа бий. Харин манайд эсрэгээрээ сошиал медиагаас авч байна. Цахим ертөнцийн эзэнгүй, баталгаагүй мэдээлэл улс орныг юунд ч хүргэж болно. Хор хөнөөл нь тухайн орны оршин тогтнох эсэхтэй ч холбоотой” гэж сэтгүүл зүйн доктор Ж.Батбаатар хэлж байна.

Үндэсний Аудитын газраас хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулсан, хамтарч ажилласан төрийн аж ахуй нэгждүүдийг торгож, хууль журмын дагуу шийтгэнэ гэдэг өнөө л эрх баригчдын чөлөөт хэвлэлийг устгах гэсэн ээлжит бодлого. Бат-Үүл баатрын ерэн найман онд санаачилж УИХ-аар батлуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд хэвлэл мэдээллийн эсрэг хууль гаргахыг хориглоно гэсэн хатуу заалт бий. Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль гэгддэг дөрөвхөн заалт бүхий хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд тодорхой заачихсан байдаг. Тэгэхээр Үндэсний Аудитын газраас хэвлэлтэй гэрээ байгуулсан газруудад шийтгэл оногдуулах энэ журам заалт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгааг Монголын төр анхаарах цаг нь болжээ. Төгсгөлд нь дахин хэлэхэд төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй өөр юугаар гаргах юм бэ?


Categories
мэдээ цаг-үе

Манлай малчин Б.Улаанхүүгийнх 300-гаад төл хүлээж аваад байна

Төв аймгийн Сэргэлэн сумын III багийн малчин Б.Улаанхүүгийнх Өгөөмөр гэх газарт ганц гэрээр хаваржиж байна. Нутгийн улс “Улаанхүүгийнх энүүхэнд төв замаас баруун гар тал руу салахад бий. Харваас олон хоньтой айл байгаа. Андашгүй. Бараг 2000 хоньтой байх шүү” гэж зам заалаа. Тал дүүрэн хонь салхи сөрөн наашилна. Хөтөл давуут хонины хашаа, нэг гэр, ачааны тэрэг харагдлаа. Хоёр банхар бүдүүн дуугаар угтаж гадсаа тойрно. Гэрээс гурван хөвгүүн гарч ирж “Том хүн байгаа” хэмээн үүдээ нээлээ.

Мэнд ус мэдэлцэж хэрэг зоригоо танилцууллаа. Гэрийн эзэн “Намайг Улаанхүү гэдэг” хэмээхэд зуухныхаа дэргэд хоол хийж суусан эхнэр З.Отгонцэцэг нь “Паспортныхоо нэрийг хэлээч ээ” гэж сануулбал “Уг нь паспортны нэрийг минь Балбарын Ганбаатар гэдэг шүү дээ. Би ч мартчихаад Улаанхүү гэж өөрийгөө танилцуулчихаад байдаг юм. Намайг бага байхаас аав, ээж маань Улаанхүү гэж дуудаад, тэр нь ингээд миний жинхэнэ нэр шиг болчихсон. Ганбаатарынх хаана вэ гэвэл хүмүүс мэддэггүй. Улаанхүүгийнх хаагуур нутаглаж байна гэж асуувал мэдэхгүй хүн байхгүй шүү, хэлээд л өгнө” гэлээ. Тэгснээ “Сонин дээр аль нэрээр минь бичихээ өөрөө л мэд. Малчин Ганбаатарынх гэвэл хүмүүс эргэлзэнэ шүү” гээд инээлээ.

Эднийх 1500-гаад хонь, ямаатай. Төл хүлээж авч байгаа болохоор үнээгээ саах зав гарахгүй байгаа гэнэ. Адуу нь харин Баянцагаанд отроор явж байгаа аж. Гэрийн эзэгтэй саяхан хийсэн шинэ боорцгоор дайллаа. Гал дээр тогоонд шөл пор порхийн буцална. Энэ хавар эдний 600 гаруй хонь төллөх юм байна. Одоогоор 300-гаад төл хүлээж аваад байгаа аж. Хургатай хонь, сувай хонио ялгаад тус тусад нь бэлчээрт гаргажээ. З.Отгонцэцэг гурил элдэж хэрчих зуураа “Хургатай хонь энүүхэнд бий. Хэдүүлээ хоолоо идчихээд хамтдаа тийшээ явж хонио жишье” гэлээ.

Б.Улаанхүү “Хавар цаг хамгийн сайхан цаг. Юм болгон өсч үржиж, өвс ногоо ургадаг сайхан цаг. Хүн, малын сэтгэл дандаа нааштай, гоё юм бодож байдаг” хэмээгээд “Манайх өдөрт 30-гаад төл хүлээж авч байна. Манай малчин хүү Сэлэнгийн Зүүнхараагийнх. Залуу хүүхэд бий” гэвэл З.Отгонцэцэг “Мотоцикл нь дуугарч байна. Ирж байх шиг байна” гэж ярингаа гурил хэрчлээ.

Б.Улаанхүү, З.Отгонцэцэг нар 1990 онд төлчин болж мал дээр гарч Сэргэлэнгийн 800 үнээний “Баянбулаг” фермд ажиллажээ. Гэрийн эзэн Нэгдэл дундын үйлдвэрт тээврийн тэрэг барьж байсан бол гэргий нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй юм байна. Б.Улаанхүү “Одоо үед цаг агаарын мэдээ яг таардаг болсон. Дээр үед зөрдөг байсан шүү. Бид чинь тэнгэрээ л харж амьдарна. Тэнгэр муухайрахад нүүхэд бэлэн байдалтай л байдаг. Тавилга хогшил гэж юм бараг үгүй. Отрын айл шиг л байдаг.

Залуу байхад бид хоёр ч нүүхийг үзүүлж өгдөг байлаа. Жилдээ хэд ч нүүдэг байсан юм. Хоёулхнаа л жижиг дөрвөн ханатаа буулгаад ачаа бараагаа боогоод нүүчихдэг байлаа. Одоо бид чинь жар хүрлээ, залуу цагийнх шиг бяр чадалгүй болж байна. Том таван ханатай гэр барьчихвал нүүдэл суудал хийхэд хэцүү. Хаваржаандаа буугаад долоо л хонож байна” гэлээ.

Зээ хүү Б.Энхболд нь өвөө эмээ дээрээ ирж хонь эргүүлэхээс эхлүүлээд ажилд нь тусална. Бэрийнх нь хоёр эрэгтэй дүү мотоцикль дөхүүлэх ажилтай ирсэн ч Б.Энхболдыг ирсэн болохоор хань татаад тоглоод сүйд. Гэвч эмээгийнхээ үгэнд орж гаднаас аргал тэврээд оруулж ирээд дөрвөлж рүү хийлээ. Б.Улаанхүүгийнх дөрвөн хүүхэдтэй. Том хүүхэд нь Багийн засаг дарга, удаах нь хуульч, дараагийнх нь Хаан банкинд теллерээр ажилладаг бол отгон хүүхэд нь МУИС-д эдийн засагч, нягтлангаар сурч байгаа юм байна. Одоо гуравдугаар курс. Хагас, бүтэн сайны амралтаар хүүхдүүд нь байнга ирж, аав ээждээ тусална. Гэрийн эзэн “Хүүхдүүдийн тус их ээ. Амьдралд их нэмэр болох юм аа. Нэг хэсэг манайх гурван оюутан зэрэг сургалаа. Таван малын буянд хүүхдүүдээ бүгдийг нь дээд боловсролтой, өөрийн гэсэн мэргэжилтэй, ажил төрөлтэй болгочихлоо. Одоо багынхаа чигийг л харчихвал гэсэн бодолтой сууна. Бид хоёр хэдэн малаасаа холдож үзээгүй. Холдох шалтаг ч гардаггүй юм. Эмнэлэг, эмч гэж сүйд болохгүй. Өдий наслахдаа эмнэлэг бараадаж үзээгүй. Өвдөх, өвчтэй байх нөхцөл алга шив. Өглөө эрт босоод л бид хоёр чинь хэдэн малынхаа араас гүйгээд гимнастик хийчихнэ. Хөдөлгөөнтэй, эрүүл агаарт аж төрнө гэдэг чинь эрүүл саруул байх үндэс юм байна. Би өнөө өвөл лав хот руу ороогүй байх шүү” гэхэд З.Отгонцэцэг “Манай хоёр эгч хотод бий. Би тэдэн дээрээ очдог юм. Хотын утаа ч хэцүү байна лээ шүү. Манай энд Майдар сити байгуулагдана, Зуунмодыг дагуул хот болгоно гээд хөл хөдөлгөөн нэмэгдэх шинжтэй болсон шүү” гэлээ.

Гэрийн зүүн урдах хонины хашаанд гурван хонийг хургатай нь уяжээ. Эх нь голсон болохоор өглөө сүргээс нь үлдээгээд эхэд нь хургыг нь авахуулах гээд ингэж уясан байна. Бүхэл өдрийн турш ингээд уячихад эх нь хургаа авчихдаг аж. Бүр авахгүй хоёр гурав хоновол эзэгтэй З.Отгонцэцэг тойглоно. Уяатай хонь хургаа хөхүүлж, цадсан хурга тавтай гэгч нь унтана. Б.Улаанхүү “Энэ хэд ч учраа олчихжээ. Эх мал хургаа голох олон шалтгаан бий. Ялангуяа анх хургалсан хонь хургаа голох нь их. Олон хонины дунд орохоор хурганых нь үнэр өөрчлөгдөхөөр таньдаггүй бололтой. Эд нар өнөөдөр ингэж уяулсны хүчинд хургаа авчихаж байгаа юм. Маргааш хургатай хонинуудтай нь нийлүүлээд бэлчээрт гаргачихна даа” хэмээлээ. Цөөн хоньтой айлууд шинэ гарсан хургаа гэртээ оруулах юмуу, эсвэл дулаан саравчинд бөөцийлдөг. Харин эдний хонь мал их учир тийм энхрий аргаар өсгөх нь тохиромжгүй учир эхийг нь дагуулаад явуулдаг юм байна. Хөрвүү аргаар өсгөсөн төл мал болох нь амар гэдгийг Б.Улаанхүү малчин хэлж байлаа. Б.Улаанхүү гуай 2010 онд “Мянгат малчин” болж байжээ. Мөн аймгийн Алдарт уяач, “Манлай малчин” цолтой сумандаа төдийгүй, аймгийнхандаа нэр усаа гаргасан малчин хүн.

Мал нь цөөн байхад айлуудтай айлсаж, хотолдог байж. Хамтаараа хөдөлмөрлөж хишиг өдөртэй ч байсан гэнэ. Гэвч мал нь өсөөд ирэхээр хажуу дахь цөөн малтай айлд нь ажлын дарамт нэмэгдэж, бас их малтай айлын дэргэдэх айлын мал тарга тэвээрэг авч чадахгүй ширвэгдээд байдгаас эхлүүлээд мал нь нийлбэл ялгахаас өгсүүлээд ажил ундарна. Ер нь олон малтай айлууд ганц гэрээрээ байдаг нь тийм учиртай юм байна. Мянгат малчин Б.Улаанхүү “Уг нь олуулаа байх нь гоё л доо. Хүүхдүүд хоорондоо тоглоно. Бид ч гэсэн бие биенийхээ гэрт орж дэмий ярина гэдэг сайхан” гэж ярилаа.

Гэрээс урагшаа нэлээд зайтай газарт мануухайн шон босгожээ. Хажууд нь хоёр шонгоос өлгөсөн олсноос баахан төмөр лааз дүүжилжээ. Тэр нь салхинд хөдөлж чимээлнэ. “Энүүгээр боохой харагдаад байх юм” гэж гэрийн эзэн дотогш оронгоо ярив.

Энд гар утасны сүлжээ бий, DDISH-тэй болохоор мэдээллээс хоцрохгүй. Б.Улаанхүү “Зурагтыг хараад байхад янз бүрийн л юм болж байгаа харагдах юм. Яваандаа сайхан болох байх аа. Ямарваа нэг юм зөв замаа олохын тулд будилдаг шүү дээ. Тийм л юм болж байгаа биз. Тэгж байгаад сайхан болчих байх аа” гэлээ. Түүнээс “Танд фэйсбүүк хаяг байгаа юу” гэвэл “Үгүй ээ, надад байхгүй ээ. Хөгшин л харин утсаа бариад доошоо хараад тонгойгоод суугаад байдаг юм” гэв. “Өнөө өвөл сайхан өвөл болсоон. Ойрын хорин жил ийм өвөл болоогүй байх аа. Манай энэ хавьд их сайхан өвөл болчихов уу гэж бодлоо. Манайх Өгөөмөрийн амандаа л энүүхэнд өвөлжөөндөө өвөлжсөн” гэж өрхийн тэргүүн хоймортоо суун намуухан ярилаа. Г.Отгонцэцэг “Төл хүлээж авах үеэр бүр зорьж ирдэг хүмүүс хаа нэг бий шүү. Ээж хад орчихоод ирлээ, хүүхдээ салхилуулж байгаа юм гэсэн хүмүүс орж ирдэг юм” гэхэд Б.Улаанхүү “Манайх уг нь Ээж хайрхны наагуур, наад бэлчээрээр л нутагладаг байсан. Урдуур оготно идчихээд идэш муутай болохоор наашилсан юм” гэв.

Цас зуд, цаг агаарын эрс тэс хүнд байдал учирчих вий л гэж эмээдэг юм. Түүнээс бусад үед мал маллах чинь гайгүй ажил шүү дээ. Гэнэтийн л салхи шуурга гэхгүй бол гайгүй ажил байдаг юм гэж Б.Улаанхүү гуай хэллээ. Тэнгэр муухайраад ирэхээр л дагаад сэтгэл нь муухайраад ирнэ. Цаг агаар төдний өдөр муудна шүү гэсэн мэдээ дуулбал малаа жаахан ойртуулж бэлчээрлүүлэх юм уу, салхиныхаа дээр гаргадаг ч юм уу анхаарал сэрэмжээ нэмэхэд л болоод явчихна гэж Мянгат малчин маань хэллээ. З.Отгонцэцэг гаднаас хөвгүүдийг дуудаад малчин хүүгээ сурвал “Ичээд зугтчихсан” гэлээ. Б.Энхболд “Сурвалжлагч ирсэн. Зурагтаар яриарай” гэж цаашлуулж л дээ. Тэгтэл мотоциклио унаад буцаад хонь руугаа явчихсан байна. З.Отгонцэцэг “Манай малчин хүү чинь жаахан, 21-хэн настай хүүхэд. Бага юм болохоор та нараас ичиж байхгүй юу. Ааш зан сайтай их сайн хүү л дээ. Оройны ажлаас өмнө хоолоо идчихгүй дээ. За яахав. Бидэнтэй зөрж орж ирж магад” хэмээлээ. Ингээд бөөнөөрөө хургатай хонь руу явцгаалаа. Урдаас тууж авч ирээд хөндийд хашлаа. Найман талаас нь хашиж хонь хургаа жишиж эхэллээ. Хөндийг дагасан салхи хүчтэй үлээж хонь хурганы майлаан нэмэгдэж тэр хавиар л бөөн дуу шуугиан боллоо. Энэ өдөр найман хонь хургалж, нэг ямаа ишиглэжээ. Шинэ төллөсөн хонь, ямаа сүргээсээ үлджээ. Хонь хургыг жиших гэж бараг цаг гарны ажил болов. Аргагүй шүү дээ. 600 гаруй хонь, хурга гэхээр. Жишсээр нэг халзан хурга үлдлээ. Түрүүнээс л хойш эх хонь болгоныг дагаж майлаад, хөл дээрээ арайчүү тэнцсэн халзан хургыг Б.Энхболд хөөж байгаад бариад авлаа. З.Отгонцэцэг “Эх нь голж дээ. Голоод л сувай хонь руу орчихож. Орой эхийг нь олоод маргааш хамтад нь уяна даа” гэснээ “За эгч нь үлдсэн хонь, ямаа руугаа явлаа. Хээр төллөсөн болохоор мөд ирэхгүй. Хотонд аваачих гэж хэдэн цаг ноцолдоно шүү дээ. Харанхуй болохоос өмнө л лав очих байх. Миний дүү наад халзан хургаа хашаанд аваачаад тавьчихаарай” гэлээ. Б.Улаанхүү гуай “За хонь жишихийг харав уу. Ах нь хонь руугаа явлаа. Сайн яваад хүрээрэй” гэлээ. Мянгат малчин Б.Улаанхүүгийнхэн сувай хонь, хургатай хонь, хээр төллөсөн хонь, ямаа руугаа тэгээд зүг бүр тийш мотоциклио унах нь унаад явган нь явганаар хонио туугаад үлдлээ. Халзан хургыг тэврээд хотонд хүргээд саяхан төрсөн ишиг, хургануудтай нийлүүлэв. Ишигнүүд цоройж, гар үнэрлэнэ. Сувай хоньд хотондоо дөхөж байлаа. Хоёр банхар өдрийнх шигээ чанга хуцсангүй. Хаа нэг чимээ өгч хуцаж байгаад чимээгүй болов. Салхины үзүүрт Манлай малчин Б.Улаанхүү зээ хүүгээ дагуулан хонио туусаар наашилж байгаа нь харагдлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Дубайн гэрээний эргэн тойронд

Үндэсний өдөр тутмын сонинууд 2015 оны тавдугаар сарын 20-ны дугаарынхаа нэгдүгээр нүүрэндээ Дубайн гэрээ батлагдсан үйл явдлыг онцолж байв. “Оюу толгой дэлхийд үнэд орж Монголын эдийн засаг сэргэх зам нээгдэв”, “Оюу толгой урагш хөдөллөө”, “Засгийн газар Рио тинто зөвшилцөж чадлаа”, “Зургаан зуун хоног гацсан Оюу толгой шинэ гараанд гарлаа” гэсэн гарчигтай сурвалжлага, нийтлэлийг тэр өдрийн сонинуудаас харж болно. Одоогоос дөрвөн жилийн өмнө Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Монголын Засгийн газар, “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компанийн төлөөлөл гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурсан газар нь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот учраас “Дубайн гэрээ” гэсэн нэршил гараад ирчихсэн хэрэг.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь гүндээ бий гэсэн тайлбарыг төслийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч байж энэ ордын өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртэнэ гэсэн үг. Оюу толгойг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Дубайн гэрээг цуцлах ёстой” гэсэн агуулгатай заалт багтсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ мэдээллийн дараахан “Оюу толгой” компанийн зүгээс ойрын хугацаанд төлөвлөсөн зарим арга хэмжээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Монгол Улс хэрэгжиж буй ганц мега төслөө гацаачих вий гэсэн эргэлзээ хөрөнгө оруулагчдад төрсөн энэ үед Дубайн гэрээ тойрсон асуудлыг багцлан хүргэе.


ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ЭДИЙН ЗАСАГ ЯМАР БАЙВ?

Эхлээд Дубайн гэрээ батлагдахын өмнө буюу далд уурхайн бүтээн байгуулалт зогссон хоёр жил эдийн засагт яаж нөлөөлсөн, тухайн үед эдийн засаг ямар байсныг эргэж саная. Далд уурхайн төлөвлөгөө зурагдахаас өмнө Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гурвалсан хямралд орох эрсдэл өндөр болсон, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2009 оны хямралтай ижил чиглэлд хөдөлж эхэлсэн тэр үед Засгийн газрын хамгийн хурдан хийх ганц зүйл нь далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх байсан гэж эдийн засагчид онцолдог. Ч.Сайханбилэгийг Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахын өмнөх хоёр жил эдийн засагт яаж нөлөөлснийг инфографикаар харуулъя.

ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯАГААДЗОГСОВ?

Оюу толгойн далд уурхайн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтын ажил түр зогссон өдөр нь 2013 оны наймдугаар сарын 12. “Рио тинто” тэр жилийн долдугаар сарын 29-нд “Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Оюу толгойн хувь эзэмшигчид далд уурхайн санхүүжилтийн хэмжээг харилцан тохирч чадахгүй байсан нь далд уурхайн санхүүжилт зогсох шалтгаан болсон гэсэн албан тайлбар бий. “Рио тинто” далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсоосон шийдвэр хэд хэдэн шалтгаантай байсан нь тухайн үед өрнөсөн үйл явдлуудаас тод харагддаг. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байсан Ц.Сэдваанчиг “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал болоод удаагүй үедээ буюу 2013 оны долдугаар сарын 19-нд“Рио тинто”-д “Гүний уурхайн санхүүжилтийн хэмжээг УИХ-тай зөвшилцөнө” гэсэн утгатай захиа илгээж байв. Хөрөнгө оруулагч тал “Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээгээр бол Оюу толгой төслийн хувьцаа эзэмшигчдийн л шийдэх асуудал шүү дээ. Засгийн газар, хөрөнгө оруулагч компанийн асуудал гэж бид ойлгож байна. Таны энэ байр суурь үнэхээр Засгийн газрынх мөн үү” гэсэн утгатай асуулт явуулахад Ц.Сэдваанчиг “Засгийн газрын байр суурь мөн” гэж хариулснаас үл ойлголцол эхэлж байлаа. Харин тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр хийдэг байсан хэвлэлийнхээ хурлын үеэр “Ц.Сэдваанчиг захирлаас “Рио Тинто” руу явуулсан захидалд, Засгийн газар тухайн асуудлыг УИХ-аар оруулж шийдэх байх гэсэн алдаатай тайлбар хийсэн байна лээ. Ямар ч захирал УИХ, Засгийн газрын байр суурийг илэрхийлэх ёсгүй. Энэ талаар Д.Ганхуяг сайд залруулга бичиг явуулсан” хэмээн мэдэгдэж байв. Ямартаа ч Ц.Сэдваанчиг дуулиан тарьсан захидал бичсэнээсээ хойш нэг их удалгүй ажлаасаа халагдаж байсан юм. Тухайн үед засгийн зүгээс хөрөнгө оруулагч талтай зардлын хэтрэлтийн талаар яриа хөөрөө өрнүүлж байсан тал бас бий. Мөн Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын ахалсан Оюу толгойг шалгах ажлын хэсэг ажиллаж байсныг дурдах учиртай. “Архангайн гурвал”-ын 2013 оны төсвийн хуульд Оюу толгойтой хамаатай өөрчлөлт оруулсан нь ч хоёр жил гаруй үргэлжилсэн үл ойлголцолд ташуур өгсөн юм. “Архангайн гурвал” гэдэг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бридж Д.Ганхуяг, Фортун Н.Батбаяр нар. Нутгийн гурав “Хангайнхан” гэсэн клуб ажиллуулж байсныг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Тэдний лоббигоор 2013 оны төсөвт Оюу толгойгоос Эрдэнэттэй адил хэмжээний рояалти авна гэсэн заалт тусч том мөнгө бичигдсэн нь даарин дээр давс нэмсэн шийдвэр болж байв. “Эрдэнэт” үйлдвэр зэсийн үнээс хамаарч өсөн нэмэгдэх рояалти төлдөг. Тухайн үед Эрдэнэт жилдээ нэг их наяд төгрөгийг рояалтид төлсөн гэх статистик дуулддаг. Оюу толгойн гэрээнд рояалтиг таван хувь гэж тогтворжуулж тусгасан байхад Монголын тал гэрээгээ зөрчиж илүү их мөнгө авна гэсэн заалт төсөвтөө оруулаад баталчихаар ямар ч хөрөнгө оруулагч гайхна. Бүх бизнес гэрээгээр зохицуулагддаг барууны хөрөнгө оруулагчдын хувьд ойлгошгүй зүйл. Тэр утгаараа энэ шийдвэр далд уурхайн бүтээн байгуулалт зогсоход дам нөлөө үзүүлсэн гээд дүгнэчихэд үнэнээс зөрөхгүй. “Рио тинто”-гийн “Бүтээн байгуулалтаа түр хугацаанд зогсоолоо” гэсэн шийдвэрт шууд бус ч гэлээ нөлөөлсөн гадаад шалтгаан бас бий. Тэр нь зэсийн үнэ. Тухайн үед зэсийн үнэ дэлхийн зах зээлд сайнгүй байсан юм.

ДУБАЙН ГЭРЭЭГЭЭР ЮУ ШИЙДЭВ?

Дубайн гэрээгээр хоёр талын шийдэлд хүрсэн гол асуудал бол зээлийн хязгаар. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар гэж тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой гэсэн тохироог хийж байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд жил бүр дор хаяж нэг тэрбум ам.долларын урсгал орж ирнэ, далд уурхайн үйлдвэрлэл 2020 оноос эхэлнэ, уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.1 сая тонноор нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрч байлаа. Дубайн гэрээний дараахан “Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид зэсээс ургац хураах дараачийн цикл эхлэхэд бүх юмаа жигдрүүлчихсэн байх болно. Тэгэхийн төлөө хичээнэ. Зэсээс ургац хураах дараагийн цикл бол 2020 он” гэж онцолсон удаатай. Менежмэнтийн төлбөрийг бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон өөрчлөлт Дубайд шийдэгдсэн юм. Төслийн менежмэнтийн зардлыг энэ хэмжээнээс ч буулгах боломж бий гэсэн байр суурийг эдийн засагчид хэлдэг. Төслийн менежмэнтийг “Рио тинто” хийж байгаа. Энгийнээр хэлбэл энэ төслийг удирдаж, менежмэнт хийж байгаагийнхөө төлөө “Рио”-гийн авч байгаа ажлын хөлс төслийн бүх зардлын гурван хувь гэсэн үг. Менежмэнтийн хөлсийг зардлаас биш ашгаас тооцох ёстой гэсэн гаргалгаа эдийн засагчдын дунд яригддаг.

Дараагийн шийдсэн асуудал бол “BHP”-тэй хамаатай. “BHP Billiton” компани анх “Айвенхоу майнз”-д лицензээ шилжүүлэхдээ “Наад газраас чинь юм олдвол бүх орлогоос чинь хоёр хувийг авна” гэсэн тохироо бүхий гэрээ байгуулж байв. Энэ тохироог хүчингүй болгуулсан нь Дубайн гэрээний онцолж хэлэхээр заалтын нэг. Хөрөнгө оруулагч тал рояалтиг цэвэршүүлсэн зэс, алтнаас тооцож өгөх талд зогсч байсан ч Монголын засгийг төлөөлж хэлэлцээ хийсэн эрхмүүд энэ байр сууринаас нь ухрааж чадсан юм. Бүр тодруулж хэлбэл Монголын Засгийн газар Оюу толгойгоос рояалти авахдаа цэвэршүүлсэн зэсээс биш, баяжуулснаар нь тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл Монголын тал ахиу рояалти авах байр сууриа Дубайн гэрээнд тусгаж чадсан гэсэн үг. За тэгээд дээжээ геологийн төв лабораториар заавал давхар шинжлүүлэх, хамгийн өндөр үнэтэй гэгддэг Лондоны металлын биржийн ханшийг жишиг үнэ болгох гэх мэт тохироонуудыг Монголын Засгийн газар, “Туркойз хилл”, “Рио тинто“ компаниуд хийж байлаа.

ДУБАЙН ГЭРЭЭНЭЭС ХОЙШ “ОЮУ ТОЛГОЙ” ЭДИЙН ЗАСАГТ ЮУ ӨГӨВ?

Оюу толгой ХХК-ийн 2010-2018 оны хооронд төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж нь 1.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Татварын орлогоор сүүлийн арван жилд улсад тэргүүлж байсан “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 оноос хойш давах болсныг стастистикаас харчихаж болно. Төсөвт үзүүлэх нөлөөллийнхөө хувьд ч “Эрдэнэт”-ээс хавьгүй өндөр байх зураг таамаг гарчихаж. Оюу толгойн 2016 онд төсвийн орлогод эзлэх хувь нь 7 байж. 2025 онд хоёр дахин нэмэгдэж 13 хувийг эзэлнэ гэсэн таамаг байна. Оюу толгойн 2017 оны гүйцэтгэлийн статистикуудыг сонирхъё. Ил уурхай нь үндэсний компаниудаас 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол бүтээн байгуулалт нь өрнөж буй гүний уурхай Монголын бизнес эрхлэгчдээс 1.2 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. 2015-2018 онд “Оюу толгой”-н Монголд бий болгосон эдийн засгийн өгөөжийг сонирхож үзлээ. Шууд өгөөж нь 1.8 их наяд төгрөг. Шууд өгөөж гэдэг нь компаниас Засгийн газарт төлсөн татвар хураамж бусад төлбөрүүд. Төслийнхөн шууд өгөөжөө “50 мянган багшийн дөрвөн жил хоёр сарын цалин” гэж энгийнчилж тайлбарласан байна лээ.

Мега төслийн шууд бус өгөөж шууд өгөөжөөсөө ч том тоотой гардаг. Оюу толгой төсөлд шатахуун, тоног төхөөрөмж, үзэг бал гээд бүх төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудын ашиг, улсад төлдөг татвар хураамж, ажилчдадаа өгдөг цалинг нь шууд бус өгөөж гэж тодотгодог. Тоног төхөөрөмж, элдэв бүтээгдэхүүнээс гадна нийтийн хоол гэх мэт үйлчилгээ нийлүүлдэг компаниуд ч өчнөөнөөрөө бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л “MCS”-ээс эхлээд хэд хэдэн үндэсний компани оролцож байгаа. “Оюу толгой”-н энэ мэт шууд бус өгөөж 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ хэмжээний мөнгөөр 50 мянган багшийн зургаан жил дөрвөн сарын цалинг тавина. Эсвэл 202 мянга 573 ахмад настны дөрвөн жил зургаан сарын тэтгэврийг олгоно. Бүр цаашлуулж төсөөлбөл 300 ортой төрөх эмнэлэг 90-ийг барьчих мөнгө.


Categories
мэдээ цаг-үе

Уран барилгын тухай товчхон


Чин ван Ханддоржийн өргөө

Хүний амьдрахуйд нэн тэргүүнд хэрэг болдог зүйлсийн нэг бол яалтгүй орох орон байж таарна. Эртний хүмүүс агуйгаар орон байраа хийж байсан бол хөгжлийн явцад өвсөн овоохойноос эхлээд өнөөгийн барилга хүртэл олон үе шатыг дамжсан нь мэдээжийн асуудал. Хөгжлийнхөө явцад амьдардаг оромжоо “За энийг нэг ингээд авбал араатнаас айх аюулгүй болох нь дээ” гэж ахиулсаар дээд зэрэглэлийн тансаг сууцыг хүртэл бий болгож дөнгөжээ. Хүн төрөлхтөн хөгжин дэвшихийн хэрээр хүний тал талын хэрэгцээг бүрэн хангахуйц байр байх хэрэгтэй болж ирж. Уран барилгын түүх ч гэсэн агуйгаас гарч оромж барьж эхэлсэн үеэс эхлэх нь дамжиггүй. Эртний Энэтхэг, Ром, Маяа, Хятад, Египет гээд суурин иргэншил бүхий газар орон бүрт өөр өөрсдийн хэв шинжийг агуулсан үй олон төрлийн хийц загвартай байшин барилга баригдан, бүр урлагийн түвшинд хүртлээ хөгжиж байв.

Ромын эзэнт гүрний үеэс эхлэн хөгжиж ирсэн сонгодог хэлбэрээс орчин үеийн хэв маяг хүртэл гайхалтай сайн хөгжиж ирсэн Ромын архитектурын тухай дурдахгүй өнгөрч огт болохгүй. XI-XIII зууны үеийн сонгодог загварын барилгын төв болон цэцэглэн хөгжиж байсан Ром нь бөмбөгөр орой, нуман хаалга зэргийг анхлан санаачилж, хөгжүүлжээ. Харин сэргэн мандлын үед хээнцэр дэгжин, ганган чамин барилгын хэв загварын ч төв болж байсан аж. Эртний Ромын үеийн барилгууд тоосго болон бетоноор баригдаж байгаад НТӨ 100 орчим оноос гантиг зэргийг чимэглэл болгон ашиглаж байжээ. Чимэглэлд мөн Афины сонгодог үеийнхтэй адилаар тагт тулан зогсох эмэгтэй, хөгжимчний дүр бүхий хөшөө босгон чимэглэж байлаа. Ромын сүм дугана харин өргөн шат, үүдний хэсэгт нь гурвалжин орой бүхий асар босгодог байсан ба коринтиан болон дорик гэх мэт хэв шинжийг хуулбарлан ашигласан байдаг аж. Явцдаа тэдгээрийн холимог чанарыг агуулдаг болжээ.


Бөмбөгөр ногоон театр

Ромын архитектурын хувьд чухалд тооцогдох хэв маяг нь овор хэмжээний хувьд багашаархан сүм дугана, бунханы загвар юм. Та бидний сайн мэдэх Колизей бол эртний Ромын архитектурын хамгийн алдартай тод жишээ хэмээн тэмдэглэгджээ. Мөн Константины хаалга, Тэнгэрийн элчийн цайз, Пантеон зэрэг алдар цуутай хөшөө дурсгалууд олон бий. 1870 онд Ром нь Италийн нийслэл боллоо. Энэ үе нь Ромын уран барилгын хөгжилд томоохон нөлөө үзүүлжээ. Тухайн үеийн барилгууд нь өнөөгийн Ромын сонгодог хэв загварын жишээ болсон гайхамшигт бүтээлүүд ажээ.

Сэргэн мандалтын үеийн Флоренц хотын дараа орохуйц хамгийн соёлжсон, уран барилгын сод бүтээлүүдээрээ алдартай хот бол Ром байв. Орд харш, үзэсгэлэн галерей гээд нүдэнд өртөх барилгууд нь чулуугаар үүдэн хэсгээ чимэглэж байлаа. Чулуугаар ийн гоёх болсон нь тухайн барилгыг чамин тансаг харагдуулахаас гадна сүр жавхлантай, бишрэм болгож харагдуулах шидтэй. Сүм хийдүүд ханаа халхалсан хөшигийг ч ихээр ашигладаг байв. Эдгээр нь хэн бүхэнд ер бусын мэдрэмж төрүүлж, айж бишрэх, хүндэтгэн дээдлэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлдэг байсан нь лавтай. Дэлхийд алдартай уран барилгын жишээнд Италийн ерөнхийлөгчийн байр, ерөнхий сайдын байр зэрэг ордог.


Италийн ерөнхийлөгчийн өргөө

Ромын уран баригын бас нэгэн онцлог гэж болохуйц зүйл нь хэт тансаг хээнцэр байдал билээ. Сэргэн мандлын үеийн хийц загвар дээр үндэслэн өмнөх үеийн нэг хэвийн баригдмал загварчлалыг зоримог өөрчлөн ганган хээнцэр хэрнээ нягт нямбай хийц бүхий барилгуудыг энд дурдаж болох юм. Эдгээр ганган барилгуудын хананд амраглалын сахиусан тэнгэрүүд ихээр дүрслэгдсэн байдаг байна. XVII зууны үеийн Италийн хотууд сүрлэг бөгөөд томоохон талбайгаараа алдартай. Тэрхүү том талбайн голд сүрлэг хөшөө сүндэрлэн байдаг. Томоохонд тооцогдох талбайнуудад Пиазза Навона, Пиазза дел Минерва зэрэг орно. Тансаг хэв маяг буюу барокка маягаар баригдсан Палаззо Мадам гэх барилгыг одоо италичууд сенатын ордон болгон ашигладаг байна.

Тэгвэл Ромын уран барилгын том соёлоос гадна монголчууд бид ч энэ талаар багагүй өвтэй. Анхны төрт улс болох Хүннүгийн үеэс эхлэн шаньюдаа орд харш барьж байгуулах болсон. Түүхийн зарим сурвалжид өвлийн болон зуны ордонтой бөгөөд өвлийнхдөө бага хуралдай, зуныхдаа их хуралдай хийдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий. Ихэс дээдэстээ орд харш барих уламжлал явсаар XI, XII зууны үед ирсэн бөгөөд Хайду хааны ордон, Ван хааны ордон зэрэг арав гаруй тансаг байгууламжуудыг нэрлэж болох аж. XIII зуунд Монголын их эзэнт гүрний үед ерөнхий уран барилгач гэх албан тушаал байсан нь монголчуудын барилгын хөгжил хэр түвшинд байсныг гэрчлэх биз. Плано Карпиний ч гэсэн Монголын уран барилгын тухай “Алтан ялтсаар ороон, алтан хадаасаар хадсан баганатай… ” гэж бичсэн нь бий. Мөн Хархориныг нийслэл байхад Өгөдэй хаан маш том орд харш ч бариулсан. Тэрхүү их ордон нь хотын голд байсан бөгөөд “Түмэн амгалан” хэмээн нэрийдэж байжээ. “Хархоринд мөн асар том мөнгөн мод байх бөгөөд ёроолд нь дотроо цорготой дөрвөн арслантай. Мөнөөх модны голд суулгасан дөрвөн хоолойг оройгоор нь гаргаад үзүүрийг нь доош тахийлган могойн дүрс болгон алтдаад, сүүлээр нь модныхоо голыг ороолгожээ. Эдгээр дөрвөн цоргоны нэгээр нь дарс, хоёр дахиар нь айраг, гурав дахиар нь балаар хийсэн умдаан, сүүлийнхээр нь цагаан будаан архи гоожин гардаг. Модны орой дээр бишгүүр барьсан ангел буй” хэмээн тэмдэглэснийг бид мэднэ. Тэгэхээр Монголд уран барилга өндөр хөгжиж байсан нь тодорхой юм.

Монголын уран барилгын бас нэг томоохон төлөөлөл бол Цогтын цагаан байшин юм. 1601-1617 оны хооронд барьсан энэхүү ордны хана болон шатны хэсэг одоо ч бий. Манайхан хөдөө гадаа явахдаа очиж үзсэн байх. Тухайн барилгын шат нь хоёр талаараа хашлаган бариултай, гол хаалганы шатыг хөх тоосгоор өрсөн байдаг юм байна. Цогтын цагаан байшингийн бүх байгууламжийг хоёр метр орчим өндөр суурин дээр багтаан ерөнхий нэг хэрмээр хүрээлэгдсэн ба дотроо хэд хэдэн барилгуудыг багтааж байжээ. Эдгээрт багтсан барилгууд нь бүгдийг хооронд холбосон байх бөгөөд Цогтын ээжид зориулсан дугана бас байдаг. Энэ цогцолбор барилгын ойрмогхон чулуун дээр барьсан урчуудын нэрийг ч мөн мөнхлөн үлдээсэн байдаг аж. Бид энэ талаар бас мэдээд авахад илүүдэх юун. Монголд бурханы шашин дэлгэрэхийн хэрээр сүм дугана ихээр баригдаж эхэлсэн бөгөөд Манзуширийн хийд, нийслэл хүрээн дэх Богд хааны өвлийн ордон, Гандан хийд гээд олныг энд дурдаж болно. Богдын өвлийн сууц буюу Ногоон ордон нь хоёр давхар бөгөөд, харьцангуй европ маягийн хийцтэйг та бүгд мэдэх байх. Харин уг ордныг тойрон хэд хэдэн сүм дугана байсан юм. 1921 онд Ардын хувьсгал ялж, Оросын нөлөө харьцангуй ихэссэнээр шинэ хэлбэр хийц бүхий барилгууд ихээр баригдаж эхэллээ. Тэдгээрийн нэг нь 1926 онд баригдсан “Ардын цэнгэлдэх хүрээлэн” бөгөөд уламжлалт хийцтэй уялдаа бүхий гэр хэлбэрийн барилга байж. Энэ барилгыг “Бөмбөгөр ногоон” гэж нийтээрээ нэрлэж байсан бөгөөд дээвэр нь банз, төмрөөр хийгдсэн, дотроо саруул уужим талбайтай. Жүжигчдийн өрөө, хоолны заал гэх мэттэй байжээ. Одоо ч хотын төвд байсаар байгаа, Монголын уран барилгын төлөөлөл бол Чин ван Ханддоржийн өргөө билээ. Чин ван Ханддорж энэхүү байшинд 1913-1915 онуудад амьдарч байсан бөгөөд дараа нь хүү Жамбалцэрэн нь эзэмшиж байжээ. Бас хичээнгүй сайд Цэрэндорж ч уг байшинд амьдарч байсан юм. 1923 онд байшинг Судар бичгийн хүрээлэнд өгч байсан байх юм. Чин вангийн энэ өргөө нь Монголын барилгын томоохон дурсгал бөгөөд 7,5мх16м харьцаатай, ханыг тоосго болон модоор барьсан, нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулсан, дээд давхар нь эргэн тойрон цонхтой зун амьдрахад зориулсан байшин юм.

Энэ мэт уран барилгын талаар тоочиж эс барах тул ингэсгээд өндөрлөе. Өөр олон соёл иргэншлүүд бүгд л өөрсдийн барилгын өв соёлтой. Мөн уран барилгын тухай олон ном хэвлэл байгаа учраас та бүхэнд тэдгээрээс дэлгэрүүлж уншвал энэ талаар бүр ихийг мэдэж авах нь дамжиггүй билээ.