Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэсэн 10 гаруй иргэнийг баривчилжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг саатууллаа. Хэргийг тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн 10 гаруй иргэнийг саатууллаа. Хэргийн газраас их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис илрүүлжээ. Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт энэ оны эхний улирлын байдлаар 67 гэмт хэрэгт 130 хүн шалгагджээ. Үүнийг насны байдлаар авч үзвэл 18-35 хүртэлх насныхан дийлэнх нь байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч Мяралзаа ХХК, ДЮЦ ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн-Огоо ХХК, Эрдэм транс ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэдэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтыг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад таван мянга орчим гадаад иргэн ажиллаж, байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2019 оны эхний улирлын дүнг өнөөдөр /2019.4.15/ танилцууллаа. Энэ оны эхний улиралд 18 мянга гаруй эх амаржиж, 18325 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өсчээ. Харин нас баралт 0.9 хувиар буурчээ. Харин 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Ховд аймагт улсын дунджаас 0.3-1.2 пунктээр дээгүүр, Говь-Алтай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-3.0 пунктээр доогуур байна.

Мөн 1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Булган, Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.2 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баянхонгор, Орхон, Дундговь, Төв, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 пунктээр доогуур байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон, Дорнод, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-3.0 пунктээр доогуур байгааг дурдлаа.

10 МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ Ч ӨӨР АЖИЛ ХАЙЖ БҮРТГҮҮЛЖЭЭ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад гуравдугаар сарын эцэст 31.8 мянга хүн ажил хайж бүртгүүлсэн байна. Үүний 68.3 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 10 мянга нь буюу 31.7 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 хүн буюу 5.9 хувиар, өмнөх сараас 2271 хүнээр буюу 9.5 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 мянга буюу 52.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 мянга буюу 33 хувь нь Улаанбаатарт, 5.2 мянга буюу 24 хувь нь хангайн бүсэд, 3.5 мянга буюу 16.4 хувь нь төвийн бүсэд, 3.6 мянга буюу 16.3 хувь нь баруун бүсэд, 2.2 мянга буюу 10 хувь нь зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 нь буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж.

ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ БОЛОН ХОРДЛОГО 66 БҮРТГЭГДЖЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оныэхний улиралд 66 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс есөөр буюу 15.8 хувиар өссөн байна. Эдгээр тохиолдлын 65 нь буюу 98.5 хувь нь үйлдвэрлэлийн осол, нэг нь хурц хордлого байсан аж. Нийт осолдогчдын 22 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгааныг авч үзэхэд ихэвчлэн унасан, бүдэрсэн, халтирсан болон эд зүйлд хавчуулагдсан гэх осол эзэлж байгаа аж.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 23 нь хөнгөн хэлбэрээр, 36 нь хүнд хэлбэрээр гэмтэж, долоон хүн нас нарсан байна. Осолдсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл, 31.8 хувийг 25-34 насны, 27.3 хувийг 45-59 насны, 25.8 хувийг 35-44 насны хүмүүс эзэлж байна. Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 27.3 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бол цахилгаан, хий, уур, агааржуулалт, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, үйлчилгээний бусад салбарт тус бүр 9.1 хувь байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 31.8 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 18.2 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 15.2 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 13.6 хувь нь мэргэжилтэн, 12.1 хувь нь бусад мэргэжилтэй, 9.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байна.

МОНГОЛД 4.9 МЯНГАН ГАДААД ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Манай улсад 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 91 улсын 4.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 (83.7%) мянга нь эрэгтэй, 0.8 (16.3%) мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь Австрали улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын, 5.0 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк улсын, 3.5 хувь нь Канад улсын, 3.5 хувь нь Филиппин улсын, 3.2 хувь нь Их британи улсын, 15.7 хувь нь бусад улсын харьяат байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байна.

БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ӨНГӨРСӨН ОНЫХООС 214-ӨӨР НЭМЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 9.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 848-аар буюу 7.9 хувиар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад залилах гэмт хэрэг 266, мал хулгайлах гэмт хэрэг 247, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 214, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 53-аар өссөн байна. Харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 961, хулгайлах гэмт хэрэг 1522, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 329-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

НООЛУУР 94-130 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай, Дундговь аймагт хамгийн их буюу 42 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 19 мянган төгрөг, бусад аймагт 30-40 мянган төгрөг байна. Харин ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 132 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90 мянган төгрөг, бусад аймагт 94-130 мянган төгрөг байна.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ 0.1-82 ХУВИАР ӨСЧЭЭ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс 82.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь,Чингэлтэй дүүрэгт 0.2 хувиар өсөж, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор Монголын “Монгол Шевро”, “Мон Ирээдүй” компани болон Японы “Ямагүчи Сангёо” компани энэ сарын 18-нд “Рассети” идээлэх технологи нэвтрүүлэх хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ямагүчи Сангёо” компани Монгол улсад шилдэг технологи нэвтрүүлэх, арьс ширэн бренд хөгжүүлэх суурь судалгааг энэ оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж байна. Ямагүчи Сангёо компанийг 1938 онд Токио хотын Сүмида дүүрэгт үүсгэн байгуулснаас хойш 3 үе дамжин тасралтгүй үйл ажиллагаа явуулж 1990 онд Рассети идээлэх шинэ технологи боловсруулан хөгжүүлсэн байна. Энэхүү технологи нь russet буюу унасан навч гэсэн утгатай үг бөгөөд Мимоза модны мөчрөөр хийсэн ургамлын идээлгийг ашигладаг тул үйлдвэрлэлийн болон хэрэглээний явцад байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм. Энэхүү технологиор боловсруулсан арьс ширийг нярай хүүхэд болон эмзэг арьстай хүн хэрэглэж болдог ба боловсруулах явцад гарсан хаягдал ус нь хромын агууламжгүй байдаг онцлогтой технологи аж. Технологийг нэвтрүүлснээр монгол малын хишиг болох арьс ширийг дэлхийн стандартаар боловсруулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ ажиллуулж байжээ

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 34 дүгээр байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-т хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар, газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон байна.

Улмаар дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн гэв.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас Б.Амгаланбаатарын ЖДҮХСангаас зээл авсан хэргийг хаах санал прокурорт хүргүүлжээ

Иргэдэд очих ёстой байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авдаг талаар баримтууд дэлгэгдэж, АТГ-т шалгагдаад дуусав. Нэр бүхий хүмүүсийн дотор Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын 100 хувийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан байгаа юм. Тэрбээр түүний “Цаст согоот” ХХК 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалтын 95 дугаарт, 2018 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын 112 дугаарт байсан юм. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар хамгийн сүүлд гаргасан ХОМ-тээ “Цаст согоот” компанийг 100 хувь эзэмшдэг аж. Тэгвэл энэхүү зээл авсан компанийнх нь хэргийг хаах саналтайгаар АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Categories
гадаад мэдээ

“Ертөнцийн мисс” тэмцээнд өрсөлдөх Оросын гоо бүсгүй тодорлоо

ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр “Оросын гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөж, титмийн эзнээ ёслол төгөлдөр тодруулсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

Алина Санко гэх 20 настай гоо бүсгүй бусад өрсөлдөгчдөө ялж, уг нэр хүндтэй шагналын эзэн болсон аж. Интернэт санал асуулгаар тэрбээр ялагч болох хамгийн өндөо магадлалтай таван гоо бүсгүйн нэгээр нэрлэгдэж байв. Тэрбээр Ростов мужийн жижигхэн боомт хот Азов хотыг төлөөлөн оролцжээ. Титмийн эзэн болсноор гоо бүсгүй энэ оны эцсээр АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдах Ертөнцийн гоо бүсгүй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Алина Санко чадварлаг уран зураачаас гадна томоохон уран зургийн цуглуулагатай гэнэ.

Оросын гоо бүсгүй тэмцээнд 50 мужийн гоо бүсгүй оролцдог юм.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгуудын ажлыг хянаж, шахаж ажиллахыг үүрэг болгов

Монголын багш нарын VII их хурлын үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Нийслэл болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай шуурхай хуралдаан зохион байгуулж, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөвхөн яам төдийгүй харьяа байгууллага, орон нутгийн оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэв.

Сайд Ё.Баатарбилэг 2019 оныг БСШУС-ын яам “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, гурван зорилт дэвшүүлснээ танилцуулж, бодлого зорилтоо бодитой ажил хэрэг болгохын тулд шуурхай ажиллана, яамны зүгээс орон нутагт удаа дараа очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцана гэлээ.

Дэд сайд Г.Ганбаяр “Салбарын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх” зорилтын хүрээнд аймаг, дүүрэг бүрт ажлын явц хэдэн хувьтай байгааг нэгбүрчлэн танилцуулж, сургууль, цэцэрлэг, соёлын барилгуудын ажил аль шатандаа явж, зарим нь юунаас болоод удаашралтай байгааг өдөр бүр анхаарч, гарц гаргаж, хянаж, шахаж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд ХИС-ийн оюутнуудтай уулзалт ярилцлага хийлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн баасан гарагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн 120 гаруй оюутантай уулзалт ярилцлага хийлээ. Тэрбээр “Монгол Улсын гадаад бодлогын тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд оюутнуудтай ярилцсан бөгөөд аливаа улс орон хүчтэй байхын гол шинж нь зэр зэвсэг биш, харин орлоготой, эдийн засгийн бүрэн чадамжтай ард иргэдтэй байх нь чухал гэдгийг онцолж байв. Уулзалтын төгсгөлд сайд Д.Цогтбаатар оюутнуудын тавьсан асуултад хариулж, “Олон улсын харилцаа гэдэг өөрөө судалгаа, мэдлэг, баримтад тулгуурладаг ойлголт. Тиймээс баримтад суурилж дүгнэлт хийх ёстой” хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг өнөөдрөөс хаана

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг энэ сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс ирэх 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо.

-Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

-Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.