Categories
мэдээ эдийн-засаг

Талийгаачийн үхэлд найз залууг нь холбогдуулан шалгаж байна

Image result for цагдаа

Өнгөрсөн баасан гаригт 22 настай эмэгтэй 13 давхраас унаж амиа алдсан талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 01.25 цагт цагдаагийн байгууллагад хэргийн талаарх дуудлага мэдээлэл иржээ. Хэргийн газарт харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид прокурорын хяналт дор хэргийн газарт үзлэг, шалгалт хийсэн байна. Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй 22 настай Ц гэгч байсан бөгөөд талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор түүний найз залуу Б-г холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч анхны айлчлалаа хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлийн 10 хоногт БНХАУ-д албан ёсны төрийн айлчлал хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч болсноос хойших төрийн анхны айлчлал болж байгаа юм байна. Тэрбээр айлчлалын үеэр “Бүс ба зам” уулзалтад оролцох аж.

Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатар өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой байсан аж. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба зам” уулзалтын тов хараахан гараагүй байгаа бөгөөд энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөд хөршид хийх төрийн айлчлалыг хамтатгах, давхардахаар хоёр тал ярилцсан аж.

Categories
мэдээ нийгэм

Төлбөр хураадаг постын дээврийг мөргөсөн осол гарчээ

Өчигдөр 17.00 цагийн орчимд товчооны замд “North benz” маркийн автомашин нь Зам тээвэр хөгжлийн төвийн харьяа Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөсөн осол гарчээ. Ослыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Одоогоор ослын үнэлгээ нь гараагүй байгаа бөгөөд төлбөрийг осол гаргасан жолооч барагдуулах юм байна. Учир нь уг пост нь дээрээ өндрийн заалттай учраас жолооч харахгүй санаатайгаар эсвэл санамсаргүйгээр мөргөсөн гэж үзэж байгаа. Албаны хүний хэлж буйгаар хот дотор зөвшөөрсөн маршрутаар уг тээврийн хэрэгсэл зорчиж болно гэхдээ өндрийн хязгаарлалттай замаар бол болохгүй гэв. Тухайлбал, Энхтайвны гүүрний доод зам, Нарны зам, Яармагийн гүүр гэх мэт өндрийн хязгаарлалттай хэсгүүдээр дээрх шиг тээврийн хэрэгсэл зорчиж болохгүй юм байна. Албаныхан одоо Рашаантын постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Шадивланд гал гарч байна

Шадивлан зусланд яг одоо гал гарч байгаа мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн өгүүлснээр гурван байшин шатсан гэнэ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 18 352 хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 18 235 эх амаржиж, 18 352 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 321-ээр, төрсөн хүүхэд 319-өөр, нас баралт 4 304 болж, өмнөх оны мөн үеэс 38 -аар тус тус буурчээ.
Энэ оны эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.6, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 4.3 байна. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна.
1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Ховд аймагт улсын дунджаас 0.3-1.2 пунктээр дээгүүр, Говь-Алтай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-3.0 пунктээр доогуур байна.
1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Булган, Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.2 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баянхонгор, Орхон, Дундговь, Төв, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 пунктээр доогуур байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон, Дорнод, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-3.0 пунктээр доогуур байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна

Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн онлайн бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр /2019.04.15/ 18:00 цагт дуусах гэж байна. Нэмэлт бүртгэл хийгдэхгүй тул заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхийг БҮТ-ээс анхаарууллаа.

Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна гэж Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/-ын журамд заажээ.

ЭЕШ-ЫН ШАЛГАЛТ

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2019 оны 5 дугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас авна.

Шалгалтын хугацаа дуусмагц анхны дүнг шууд мэдээлнэ. Харин шалгалтын хэмжээст оноог шалгалтыг зохион байгуулсанаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн буланд байрлуулах юм байна.

Шалгуулагчдын Монгол хэл бичгийн шалгалтын хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 6-наас, Элсэлтийн Ерөнхий Шалгалтын батламж хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлэн тараах ажээ.


ЭЕШ-2019 ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өвлийн спортын ордны шав тавих ёслолд оролцож, үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй өвлийн спортын “Мөсөн ордон”-ы шав тавих ёслолын арга хэмжээнд хүрэлцэн очлоо.

Шав тавих ёслолын эхэнд бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллана гэсэн бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.

Тухайлбал, энэхүү ордонг:

  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,
  • 2600 хүртэлх үзэгчийн суудалтай,
  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
  • Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.

Энэхүү төлөвлөгөө, барилгын зураг төслийг дотоодын “Анаграм” ХХК, Канадын HDR/CEI, болон VDA компаниудтай хамтран Олон улсын хоккейн холбооны заавар, зөвлөмжийг баримтлан боловсруулсан байна.

Өвлийн спортын ордны танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүтээн байгуулалтыг цаг, хугацаанд нь багтаан дуусгах ёстойг онцлон хэлээд шав тавих ёслолын арга хэмжээнд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдөд хандан үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хоккейн спорт өндөр хөгжсөн улс, орнуудын Элчин сайд нар, дотоодын компаниудын төлөөлөл болон олон иргэн мөсөн ордны шав тавих ёслолд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд баярлалаа.

Монголчууд бид эвлэн нэгдэх аваас хүссэн зорьсноо биелүүлдэг ард түмэн гэдгээ олон зүйлээр батлан харуулдаг нэгэн жишээ, үлгэр авахуйц ажил бол энэхүү “Мөсөн өргөө”-г бүтээн байгуулахаар хөрөнгө мөнгө, хүч чадлаа нэгтгэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн шийдвэр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болно. Мөн 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Эдгээр спортын наадмуудад зориулсан бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг нь энэхүү “Мөсөн өргөө” юм.

Мөн 50 метрын урттай усан бассейн, 10 мянган хүний суудалтай стандарт хангасан хөлбөмбөгийн талбай баригдана. Энд мөн та бүхний мэдэж байгаачлан “Буянт-Ухаа” спорт цогцолбор бий. Тиймээс гадна, дотноос ирсэн тамирчдыг байрлуулах зочид буудал хэлбэрийн орон сууцыг ч гэсэн шийдсэн гэдгийг давхар хэлье. Үе, үеийн хүүхэд залуус, тамирчдын хүсэл мөрөөдлийг өөртөө шингээж байгаа цогцолборууд, ялангуяа “Мөсөн өргөө” цаг хугацаандаа баригдаасай гэж дахин хүсэж байна.

Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэх юм байна. Тиймээс Засгийн газар өсвөр үе, хүүхэд залуусынхаа ирээдүйд онцгой анхаарч тодорхой шийдвэр гаргана байх гэдэгт итгэж байна.

Задгай талбайд бэлтгэл хийж Азийн цомын тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн хоккейчиддоо мөн энэ өдөр баяр хүргэмээр байна. Бид зориулалтын битүү дээвэртэй ордонтой болсны дараа Азийн болон бусад том тэмцээнийг эх орондоо хүлээн авах боломжтой болно. Мөн энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Хоккейн шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн, уран гулгалтын шинэ үеийн төлөөлөл болох Г.Марал-Эрдэнэ нар энэхүү мөсөн ордон нь урам зориг өгч байгаа талаар сэтгэгдлээ хуваалцаж, хоккейн спорт, уран гулгалтаар хичээллэж байгаа сурагчид үзүүлэх тоглолт үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“Капитал банк” ХХК-д авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Капитал банк” ХХК банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтээ хангахгүй болсон үеэс эхлэн тус банкийг албадан татан буулгасан үе буюу 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 4-р сар хүртэлх хугацаанд Монголбанкнаас зөрчил дутагдлыг арилгах, банкны засаглалыг сайжруулах талаар холбогдох хууль, журмын дагуу шат дараатай, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тухай бүр авч байв. Үүнд:

  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг өгөх;
  • Tоргууль ногдуулах;
  • Эрсдэлийн сан нэмж байгуулах;
  • Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэх;
  • Банкны эрхлэх үйл ажиллагааны зарим зөвшөөрлийг зогсоож, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг өгөх;
  • Банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
  • ТУЗ болон Гүйцэтгэх захирлын цалин, урамшууллыг зогсоох;
  • Зээл төлүүлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байлгах;
  • Зарим хөрөнгийг худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;
  • Монголбанкны хянагч, тусгай төлөөлөгч томилох;
  • Шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.

Үүний зэрэгцээ ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тус банкинд олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэн, өөрийн хөрөнгийн дутагдлыг тогтоож, дутагдлыг арилгах хугацааг зааж өгч байв. Капитал банк болон бусад бүх арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг 2017 оны 8-р сараас эхлүүлж, 2018 оны 2 дугаар сард үр дүнгийн талаар мэдээлсэн бөгөөд тус үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанарыг үнэлэхээс гадна тэдгээрийн үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлэх ажиллагаа хийгдсэн болно. Түүнчлэн, банкууд өөрийн хөрөнгийн түвшинг 2021 он хүртэлх хугацаанд хангах талаар бизнес төлөвлөгөөг боловсруулан Монголбанкинд ирүүлэх нийтлэг шаардлагыг тавьж, санхүүгийн үзүүлэлтэд эрсдэлийн сорилын шинжилгээг хийх замаар өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдлыг тодорхойлсон болно. Капитал банк тус үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан тул 9 сарын хугацаатай үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгч, 2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагыг тавьсан болно.

Капитал банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг хуганцаанд нь биелүүлж чадаагүйгээс гадна, Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу авсан арга хэмжээний биелэлт хангагдаагүй, Банкны тухай хуулийн дагуу Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах үндэслэлгүй байв. Тус банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсноор хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болж, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрч, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул дараагийн арга хэмжээг авах шаардлага үүссэн болно.

Иймд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, албадлагын арга хэмжээ авах”; 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “Монголбанкны Ерөнхийлөгч Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах”; Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гаргасан үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно” гэснийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар ажиллаж байгаа бөгөөд харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэнэ. 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ба даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна. Харин 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхлэх бөгөөд мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ.

Капитал банк нь банкны системийн 1.1 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд системийн нөлөө бүхий банк биш тул эдийн засаг дахь санхүүгийн зуучлалд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Монголбанк үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.

[1] Банкны тухай хуулийн 48.1.Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна:

48.1.1.зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх;

48.1.2.зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

48.1.3.тогтворжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах;

48.1.4.банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох;

48.1.5.банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;

48.1.6.банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах;

48.1.7.тодорхой үйл ажиллагаа явуулах, хэлцэл гүйлгээ хийхэд Монголбанкаас урьдчилан зөвшөөрөл авахаар тогтоох;

48.1.8.тухайн банкны нэг улирлын нийт активын дундаж хэмжээ нь өмнөх улирлын нийт активын дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, эсхүл активыг төрөлжүүлэхийг даалгах;

48.1.9.хөрөнгө худалдан авах, банкны нэгж байгуулахыг хориглох;

48.1.10.банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх;

48.1.11.хөрөнгө худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;

48.1.12.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх;

48.1.13.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, чөлөөлөх;

48.1.14.энэ хуулийн 48.1.1-48.1.13-т заасан арга хэмжээг банк биелүүлээгүй бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх;

48.1.15.нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах;

48.1.16.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.

Монголбанк

2019 оны 4-р сарын 13

Categories
гадаад мэдээ

ОХУ, БНАСУ-ын төрийн тэргүүнүүд анх удаагаа уулзаж магадгүй байна

ОХУ-ын ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагч нар ирэх долоо хоногт анх удаа уулзаж болзошгүй байгааг ойрын эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Владимир Путин Хятадын нийслэлд дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болох “Нэг Бүс, Нэг Зам” төслийн олон улсын хуралд оролцох юм байна. Үүний дараа тэр Умард Солонгостой хиллэдэг Оросын алс дорнодын бүс нутагт саатах төлөвтэй байгаа ажээ.

Энэ үеэр Владимир Путин, Ким Жон Ун нарын анхны уулзалт болох магадлал өндөр байгааг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Уулзалт Бээжингийн хурлын өмнө, эсвэл дараа нь болно гэсэн хувилбарууд яригдаж байгаа ажээ.

Энэ сарын эхээр ОХУ-ын дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Умард Солонгосын нийслэл Пёньянд гэнэтийн айлчлал хийсэн юм. Мөн Ким Жон Уны шадар туслах Ким Чан Сон гуравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд ОХУ-ын Москва, Владивосток хотуудад зочилсон нь уулзалт ойртож байгааг харуулсан хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Ким Жон Ун сүүлийн жил орчим хугацаанд Хятадад дөрвөн удаа айлчилж, Ши Жиньпинтэй уулзаад байгаа. Харин 2011 онд төрийн эрхийг авснаасаа хойш ОХУ-д ганц ч удаа айлчлаагүй аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үед цугларах 111 аюулгүйн талбай

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Гуравдугаар шат 2019.04.25-нд явагдах бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах юм. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн жагсаалтыг хүргэж байна.