Categories
мэдээ улс-төр

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлэв

Related image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.

ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хонины ястай махыг 6000, ямааны махыг 5500 төгрөгөөр худалдаалж эхэллээ

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2019.04.15/ бэлтгэсэн махны худалдаа эхэлж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4,0 мян.тн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр Нийслэлийн 6 дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна.Үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус доогуур үнээр борлуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ан амьтны гаралтай зүйлсээр хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдаалах зөрчлүүд илэрчээ

НМХГ, НЦГ, НПГ, НБОГ хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр агнасан, гарал үүслийн гэрчилгээ, тодорхойлолтгүйгээр зэрлэг амьтны арьс үс, эд эрхтэн тэдгээрээр хийсэн бэлэг дурсгалын зүйл худалдан борлуулж буй худалдааны төв дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар БЗД-ийн 14 дүгээр хороо “Баялаг ундраа” худалдааны төвд гарал үүслийн тодорхойлтгүй чонын шагай гэж үзэхүйц 13ш, соёо 13ш, гөрөөсний гэж үзэхүйц 2ш эвэр, туурай 1ш зэргийг шинжилгээнд хамруулахаар түр хурааж авлаа. Шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

​“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр өнөөдөр /2019.04.15/ Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, өөрсдийн хийсэн судалгааг танилцуулж байв.


Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар салбар яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Салбар яамны вэб сайт болон Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн вэб сайтаар журмын төслийг тавьж, олон нийтэд хэлэлцүүлсэн. Уг хэлэлцүүлгийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусч, ирсэн саналуудыг төсөлд нэгтгэхээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны жижиг дунд үйлдвэрийн дэд хорооны хурлаар оруулж, хэлэлцүүлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолд сангуудыг нэгтгэх, ил тод нээлттэй болгох, олон нийтэд хүртээмжтэй болгох арга хэмжээ авах тухай тусгасан. Бид тогтоолд заагдсан үүргүүдийг энэ журамд тусгаж өгсөн. Ингэснээр төслөө хүлээж аваад, бичиг баримтын бүрдэлтийг үзнэ. Хэрвээ бичиг баримт дутуу байвал хасагдах зарчмаар дараагийн шалгаруулалтад оруулна. Мөн шалгарсан аж ахуйн нэгжүүд маань олон нийтэд хэрэгжүүлэх төслөө танилцуулж, төсөл хэрэгжүүлэгчээ ил тод танилцуулах үүрэг хүлээнэ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар дээд хэмжээг нь нэг тэрбум төгрөгөөр, доод тал нь 20 сая төгрөг байна. Ингэхдээ 20-300 сая төгрөг хүртэлх зээл авах бол сангийн шугамаар шалгаруулна. Харин 300 сая төгрөгөөс дээш зээл авбал арилжааны банкаар авч болно. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтэй зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгаа. Үлдсэн таван хувийн зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шүүх байгууллагаар шийдээд явна” гэв. “Бизнесийн ажил эхлээд хоёрдугаар улиралд явж байхад салбар салбарын жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл авч чадахгүй байна. Тэд өнөөдөр банкны зээлээ төлж чадахгүй, үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй байна. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэг хийж байна. Энэ жилийн төсвөөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг хуваарилсан байгаа. Үүний 21 тэрбум төгрөгийг 21 аймаг руу шилжүүлсэн бол 26 тэрбумыг нийслэл хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төсөвлөсөн. Гэтэл өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа эхлээгүй байна. Иргэдийн дунд олон асуулт үүсч байна. Тиймээс салбар яамны зүгээс уг сангийн үйл ажиллагааг ил тод болгож, явцыг нь мэдээлж баймаар байна. Өмнө 2018 онд өргөдөл хүлээж авах өдрөө гуравхан өдөр бус хоёр долоо хоногт зохион байгуулах хэрэгтэй байна” гэдгийг МУИС-ийн шинжлэх ухааны багш, доктор, профессор Б.Отгонтөгс ярилаа.

Харин “Төгс оюун ухаан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Бузмаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн үр өгөөжийн талаар сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлаасаа танилцууллаа. Тэрбээр “Монгол орон даяар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг, ер нь энэ зээлийн үр өгөөж ямар байгаа талаар сүүлийн таван жил судалсан. Манай улсын хувьд энэ сангийн үйл ажиллагаанд анхаарч байгаа ч үр өгөөж нь тун бага байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хэтэрхий томоор харснаас болж ямар ч үр өгөөжгүй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны салбарт ажиллах хуульчдын сургалт боллоо

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт ажиллах мэргэжлийн оролцогчид, хуульч, аудитор, үнэлгээчдэд зориулсан сургалтын чанар, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор өнгөрсөн оноос мэргэжлийн холбоод болон институтуудтай хамтран ажиллаж байна. Монголын хуульчдын холбоотой байгуулсан “Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэх хуульчдад зориулсан сургалт зохион байгуулах” гэрээний дагуу хуульчдад зориулсан сургалтыг өнгөрөгч долоон хоногт зохион байгууллаа. Сургалтын зохион байгуулалтыг Монголын хуульчдын холбоо гүйцэтгэж, Хороо агуулгыг тодорхойлон, хяналт тавьж ажиллав.Сургалтаар үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр ажиллах хуульчдад тус зах зээлийн онцлогийн талаар ерөнхий мэдээлэл, ойлголтыг өгч, өнөөгийн нөхцөл байдал, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт болоод хууль зүйн дүгнэлт гаргах зэрэг сэдвээр нарийвчилсан хичээлүүдийг орлоо. Сургалтад нийт 70 гаруй хуульчид хамрагдсан нь өмнөх онуудаас хэд дахин өссөн дүн бөгөөд энэ нь нөгөө талаараа хуульчдын үнэт цаасны зах зээлд орж ажиллах сонирхол төдий чинээ нэмэгдэж буйг илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Аллергимед” эмнэлгээс хугацаа нь дууссан эм, хэрэгсэл илрүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэхь заалтын дагуу арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Түймрийг унтраахаар 50 гаруй алба хаагч ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 мянга нь Улаанбаатарт байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 хүнээр, өмнөх сараас 2271 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.0%) мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь Хангайн бүсэд, 3.5 мянга нь Төвийн бүсэд, 3.6 мянга нь Баруун бүсэд, 2.2 мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 190 нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний улиралд ажилгүй 16.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.9 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 0.7 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 0.3 мянган хүнээр тус тус буурсан байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 3 дугаар сард 5355 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.8 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
2019 оны 3 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47.9 хувийг бүрэн дунд, 30.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаа өгөхөөр болжээ

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон. Ингэснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Улсын Ерөнхий прокурор нарыг ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Ерөнхий прокурор Баярмагнай өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэгвэл АТГ-ын дэд Ц.Нямдорж өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр болжээ.

Ц.Нямдорж нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны хоёрдугаар сарын 11-нд УИХ-ын 30 дугаар тогтоолоор АТГ-ын дэд даргаар томилогдсон юм.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр “Азийн шилдэг дуучин”-аар шалгарчээ

Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авсан талаар өмнө нь мэдээлсэн. БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа дуучин Becky шилдэг дуучны төрөлд нэр дэвшин, шилдгээр шалгарчээ.

Тэрбээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Солонгос улсын “Korea’s Best Brand Awards Association” болон “LBMA Star Awards” -ын хамтарсан шалгаруулалтаар “Азийн шилдэг дуучин”-аар шалгарлаа. Сэтгэл үнэхээр их баяртай байна. Анх удаа Монгол Улсаа төлөөлөн “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөөд авч чадлаа. Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт “Т-ARA” хамтлагийн гишүүдээс болон “G.O.D” хамтлаг, “The One” гээд маш олон “K-Pop” одод хүртэж байсан шагнал гэдгийг зохион байгуулагчид нь онцгойлон хэлсэн юм. Харин энэ удаад Монгол Улсаас авч чадлаа. Гайхалтай нэр төрийн хэрэг. Би финал дээр “Greatest Showman” киноны “Never Enough” дуугаар оролцлоо. Цаашид олон улсад гарч улам илүү хүчтэй өрсөлдөөрэй гэсэн үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Дэмжсэн та бүхэндээ, найз нар, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа” гэжээ.