Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Зориг агсны хэргийн захиалагчийг мэдэж байгаа бол зарла

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөлийн хурлаас энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2018 онд нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гол анхаарлаа хандуулсан гэж хэлж болно.

Хоёрдугаарт, С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулах гэж байгаа. Энэ Түр хороонд санал дүгнэлт гаргаж хүргүүлэх нь зүйтэй гэж үзээд байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд ямар байр суурь баримтлах нь зүйтэй вэ гэдэг дээр ярилцлаа.

Эхний асуудалд АН-ын зөвлөл ерөнхий дүгнэлтээ гаргасан. 2018 онд нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан нийт 136 арга хэмжээний биелэлт 32.3 хувьтай байна. Гэтэл энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар дутуу байгаа.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын хийсэн гол ажил нь сандал суудлын маргаан байсан. Цаана нь иргэдийн амьдрал, эдийн засгийн чухал асуудлууд зогсонги байдалд орсон.

Эрх баригчид инфляцын түвшинг найман хувиар илүү гаргахгүй гэж байсан бол өнөөдөр инфляцын түвшин 9.8 хувьтай болчихоод байна.

Ер нь бид хаврын чуулганаар эдийн засгийн асуудлыг голчлон ярина. Банк дампууруулдаг, төсвийн мөнгийг гувчуулдаг, улсын үйлдвэрийн газруудыг завшдаг явдлаа зогсоо гэж шаардаж байна.

Өнгөрсөн онд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээг баталсан. Хэрэгжилтийг нь 2018 онд багтаан УИХ-д танилцуулна гэж байсан ч өнөөдрийг хүртэл энэ ажил явсангүй. IPO босгоно гэж мэдээлж байсан. Харамсалтай нь энэ ажил нэг ч алхам урагшилсангүй. Дээр нь төмөр замын бодлого нь өөрөө маргаантай асуудал болж хувирсан. Үүнд эрх баригчид хариулт өгөх хэрэгтэй.

Дараагийн асуудал нь С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас Түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Эрүүдэн шүүсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал мөн. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг будилуулах асуудал бий болчих вий гэсэн болгоомжлол бидэнд байна. Энэ түр хороо хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Захиалагчийг нь олж авах хэрэгтэй.

МАН-ын тактик бол Эрдэнэт үйлдвэр, С.Зориг агсны хэргүүд дээр дуулин үүсгэчихээд, ардуур нь хулгайлдаг, завшдаг үйлдлээ дарж өнгөрөөдөг. Тиймээс ч бид С.Зориг агсны хэргийн захиалагчийг мэдэж байгаа бол зарла гэж Ц.Нямдорж сайдаас шаардаж байгаа. Харин эрүү шүүлт гэдгээр дадимдуулан захиалагчийг нь замхруулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Үндсэн хууль тойрсон асуудал хүчтэй яригдаж байна. Өнөөдөр Их хурал ганцхан бүлэгтэй. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчингүй болсон эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан.

Их хуралд суудалтай болон суудалгүй намуудын нэгдмэл санал болон Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Трамп сонгуулийн кампанит ажилдаа 30 сая ам.доллар цуглуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхний улиралд 30 гаруй сая ам.долларын хандивыг 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилдаа цуглуулсан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр ийнхүү цуглуулсан хандивынхаа хэмжээгээрээ бусад өрсөлдөгчдөө хол хаяад байгаа ажээ. Түүний араас Ардчилсан намын нэр дэвшигчид болох сенатч Берни Сандерс 18 гаруй сая ам.доллар, сенатч Камала Харрис 12 сая орчим ам.долларын хандив цуглуулснаар удаалж байгаа юм байна.

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-ний өдөр болно. Харин сонгуулийн кампанит ажил 2020 оны хоёрдугаар сард албан ёсоор эхлэх юм.

Одоогийн байдлаар Трампын сонгуулийн штаб дээрх хандивыг оруулаад нийтдээ 40 гаруй сая ам.доллар төвлөрүүлжээ. Үүнээс харахад, нэг хандивын дундаж хэмжээ 34 орчим ам.доллар болж байгаа аж. Ардчилсан намын их хурал 2020 оны долдугаар сарын 13-16-нд Висконсин муж улсын Милуоки хотод болж, Ерөнхийлөгчийн суудлын төлөө Дональд Трамптай өрсөлдөх хүний нэрийг зарлах бол Бүгд Найрамдахчууд 2020 оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хойд Каролина муж улсын Шарлотт хотод их хурлаа хийх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж 12 хүн гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 13-14-ны хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 473 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 330 дуудлагыг хүлээн авч шалгалаа. Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч 12 хүн гэмтэж бэртсэн байна.

ТУХАЙЛБАЛ:

  • Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Баруун бэлх гэх газар өчигдөр 16.00 цагийн орчимд lexus RX маркийн автомашин нь улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 58 настай Э-гийн амь нас хохирчээ.
  • Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 21-р хорооллын уулзварт Тоёота марк-2 маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Suzuki Wagon, Приус маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн гэх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ажээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга нарыг шинээр томилно

Байнгын хорооны дарга нарын ажиллах бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан байна. Иймээс Байнгын хороодын дарга нарыг удахгүй солино

Гэвч намрын чуулганаар гишүүд ажил хаяж, чуулган хуралдаж чадахгүй байсан учраас Байнгын хорооны дарга нарыг шинээр томилж чадаагүй аж. Тиймээс ойрын хугацаанд Байнгын хорооны дарга нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Их хурлын тухай хуулинд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэх заалттай бөгөөд хороодын удирдлагын асуудлыг УИХ дээр тус бүрээр нь хэлэлцэх аж. Мөн хуульд улируулан сонгож болох заалттай тул сайн ажилласан гэж хороодын гишүүд үзвэл байнгын хороодын одоо байгаа дарга нар үргэлжлүүлэн нэг жил ажиллах боломжтой болох юм.

Categories
гадаад мэдээ

Израйльчууд саран дээр газардах хоёр дахь хөлгөө бүтээж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт Израйлийн бизнесмэнүүдийн санхүүжүүлсэн “Beresheet” хөлөг сарны гадарга дээр буух гэж байгаад осолдсон билээ.

Гол хөдөлгүүр нь эвдэрснээс “Beresheet” хөлөг сарны татах хүчийг сааруулж дийлэлгүй унаж сүйрсэн юм.

Ингэснээр Израйль улс саранд хүрсэн дөрөв дэх үндэстэн болох боломжоо алдсан. Мөн амжилттай болсон бол саранд хүрсэн анхны хувийн санхүүжилттэй хөлөг гэсэн алдрыг хүртэх байв.

“Beresheet” хөлгийг бүтээхэд зарцуулсан $90 сая орчмын хөрөнгийн ердөө $2 саяыг Израйлийн засгийн газар гаргаж, бусдыг нь израйль гаралтай тэрбумтнууд гаргажээ.

Тэгвэл Ням гарагт “Beresheet” хөлгийг бүтээсэн SpaceIL төслийг санаачлагч, тэрбумтан Моррис Кан хоёр дахь хөлгийг бүтээхээр шийдсэнээ зарласан байна.

Тэрээр “Beresheet 2.0” хөлгийг өмнөх алдаан дээрээсээ суралцах замаар шинэчлэн бүтээж, зорилгоо гүйцээхээр болсныг мэдэгджээ. Хөлгийг зохион бүтээх багийнхан Даваа гарагт цуглаж эхний ажилдаа орно гэж Кан хэлсэн юм.

Одоо 89 настай Моррис Кан нь Өмнөд Африкт төрсөн, ӨАБНУ-ын иргэн, жүүд гаралтай тэрбумтан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Капитал банкны харилцагчид 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргах эрхтэй

Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийжээ.

Монголбанк Капитал банкны үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж Монгол банкны хяналт, шалгалтын газрын дарга Н.Батсайхан хэллээ.

Капитал банкны өр төлбөр нь активаасаа хэтэрсэн ба тус банканд тусгай төлөөлөгч томилох боломжгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс мэдэгдэл хийж, харилцагчид 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргах эрхтэйг хэллээ. Түрүүлж нэхэмжлэлээ гаргах нь хохирлоо эхэнд барагдуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй. Холбогдох хуулийн дагуу тогтоосон дарааллаар хохирлыг барагдуулна.

Тус банк нь төлбөрийн үйл ажиллагаагүй болсон тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Капитал банкийг татан буулгаснаар банкны салбарт нөлөөлөхгүй. Мөн сүүлийн үед зээл олгогдоогүй гэдгийг Монголбанкнаас хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багш нарыг бэлтгэж байна

Улсын Их Хурлын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багшийн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтыг удирдан чиглүүлэх онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Хоёр өдөр болох уг сургалт өнөөдөр /2019.04.15/ эхэллээ. УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх, зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, УИХ-ын Тамгын газрын хэмжээнд анх удаагаа сургагч багш бэлтгэж байгааг онцлов.

Сургалтад оролцогчдод УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан “Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох эрх мэдэл” сэдвээр эхний хичээлийг орлоо.

Хоёр өдрийн хугацаанд мэргэжлийн багш, илтгэгчид хууль тогтоох байгууллагын ажилтны ажил мэргэжлийн онцлог, баримтлах зарчим, ёс зүй, хуулийн төсөл боловсруулах үйл явц, хууль зүйн техник, насанд хүрэгчдийн сургалтын онцлог зэрэг сэдвүүдээр хичээл орж, оролцогчдыг сургагч багш болоход бэлтгэнэ.

Түүнчлэн, сургалтын төгсгөлд сургалтад оролцогчдоор сургалтын төлөвлөлтийг дасгал ажлаар хийлгүүлснээр заах арга зүйн чадварыг нь үнэлэх юм.

Төрийн албан хаагчийн сургалтад багшлах сургагч багш бэлтгэх энэхүү сургалтыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн баталсан хөтөлбөрийн дагуу УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын төлөөллийн байгууллагыг дэмжих нь төсөлтэй хамтран зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​”Капитал” банкны асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ

Image result for Капитал банк

“Капитал” банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Монголбанкны зүгээс “Капитал” банкны үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, мөн тус банкны өр төлбөр нь активаасаа хэтэрсэн ба тус банканд тусгай төлөөлөгч томилох боломжгүй гэж хэмээн үзсэн гэж шалгалтын газрын дарга Н.Батсайхан хэлсэн байна. Мөн “Капитал” банкны эрх хүлээн авагчийн зүгээс мэдэгдэл хийж, харилцагчид 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргах эрхтэйг хэлжээ. Түрүүлж нэхэмжлэлээ гаргах нь хохирлоо эхэнд барагдуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй бөгөөд холбогдох хуулийн дагуу тогтоосон дарааллаар хохирлыг барагдуулах аж. “Капитал” банкийг татан буулгаснаар банкны салбарт нөлөө үзүүлэхгүй. Мөн сүүлийн үед зээл олгогдоогүй гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ким Ир Сений мэндэлсний 107 жилийн ойг тэмдэглэж байна

Image result for kim il sung

БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сены мэндэлсний 107 жилийн ойг тус улсад тэмдэглэж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд “Мөнхийн ерөнхийлөгч” Ким Ир Сений дурсгалд зориулж, “Нарны өдөр” баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг. БНАСАУ-ын нийслэл Пхеньян болон бусад хотод байх дурсгалын цогцолборуудад уг баярын арга хэмжээг тэмдэглэж байна. Нийслэл хотод гол арга хэмжээг Мансудэ гэх өндөрлөгт зохион байгуулах аж. Энэ өндөрлөгт Ким Ир Сен, Ким Чен Ир нарын аварга том хүрэл хөшөө байдаг бөгөөд хоёр удирдагчийн шарилыг шилэн хоргонд хадгалж буй Кымсусан цогцолборын Нарны ордонд бас нэгэн том арга хэмжээ болно. Нийслэл Пхеньян хотод баярын олон арга хэмжээг өнөөдөр бүтэн өдрийн турш зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

МАН бүлэг: М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжжээ

Image result for МАН туг

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн прокурорын орлогчид нэр дэвшигчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг бүлгийн гишүүдийн олонх дэмжжээ.

Максимын Чинбат нь:

  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Содонгийн Алиманцэцэг нь:

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.