Categories
мэдээ нийгэм

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй прокурорыг чөлөөллөө

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, Авлигатай тэмцэх газраас “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” үндэслэлээр шалгаж байгаа Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Прокурор П.Эрдэнэбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү шийдвэрлэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг бүрэн дэмжиж байна

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.

Энэ хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын төлөөлөгч Дайна Тайтус, Стив Коэн, Дэвид Прайс, Жэймс Макговерн, Сюзи Ли болон Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгч Брайн Фитцпатрик, Ральф Норман, Дон Яанг нар дэмжиж байгаа юм.

Үүнээс хойш АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсонтой холбогдуулан дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн барив.

Энэхүү хуулийн төслийг мөн Сенат дахь Бүгд Найрамдах намын гишүүн Дэвид Пердью, Дан Салливан, Кори Гарднер болон Сенат дахь Ардчилсан намын гишүүн Шелдон Уайтхаус, Патрик Лихи нар дэмжиж байна.

АНУ-ын Конгрессын танхимд хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажил эхэллээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам засварын ажил өнөөөдөр эхэллээ. Налайх-Чойрын уулзвараас Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай ажиллаж байгаа юм. Тус зам нь олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай тавигдах юм.

Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон билээ.

Тухайлбал, бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нотре Дам сүмд нурах аюул нүүрлэж магадгүй байна


858 жилийн түүхтэй, Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүм түймэрт автаж, дээврийн хэсэг нь бүхэлдээ сүйдээд байна. Түймэр орон нутгийн цагаар Даваа гарагийн оройн 18:50 цагт эхэлсэн бөгөөд сэргээн засварлах ажил явагдаж байсан дээврийн хөндийгөөс гал гарч эхэлжээ.

НУРАХ АЮУЛ НҮҮРЛЭЖ МАГАДГҮЙ БАЙНА

Одоогоор галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатжээ. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна.

Сүм бүхэлдээ шатаагүй нь сайн хэрэг боловч галыг унтраахад их хэмжээний ус ашигласан учир олон зуун жилийн настай чулуун байгууламжид ус шингэж хэтэрхий хүндэрснээс нурах аюул нүүрлэж магадгүй байгаа аж. Тиймээс аврагчид сүмийн үзмэрүүдийг аврах ажиллагааг явуулж байгаа гэв. Мөн сүмийн ойр орчимд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж, замуудыг түр хугацаагаар хаагаад байна.

СҮМИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ КАМПАНИТ АЖИЛ ӨРНҮҮЛНЭ

Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, сүм дээр ирж нөхцөл байдалтай танилцсан байна.

notre dame makron зурган илэрцүүд

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

ХАНДИВ ЦУГЛАРЧ ЭХЭЛЖЭЭ

Тэгвэл энэ харамсалтай үйл явдлын дараа Францын тэрбумтан Франсуа-Хенри Пино сүмийг сэргээн засварлах ажилд гэр бүлийнхээ зүгээс 100 сая евро хандивлана гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ “Миний бие болон эцэг минь Артемисын хөрөнгөөс 100 сая еврог гаргаж Нотр Дамыг бүрэн завсарлах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдлээ” гэсэн байна.

Франсуа-Хенри Пино нь “Kering” олон улсын группийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, Францын тэргүүлэгч группуудын нэг болох “Artémis”-ийн Ерөнхийлөгчийн албыг хашдаг хүн юм. Тус групп нь Gucci, Yves Saint Laurent зэрэг олон тансаг брэндүүдийг эзэмшдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна. Холбоо барих утас: 70116004

Categories
мэдээ нийгэм

IV сарын 16-нд болох үйл явдлын тойм

07.40 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд БСШУС-ын сайд, БХБ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нар Үндэсний урлагийн их театр барих газрыг сонгоно. Утас:88008781

08.30 цагт “Новотел” зочид буудалд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар хувийн хэвшил, олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох “1.5°C – Бидэнд хугацаа байна уу!” сургалт болно. 88054040

10.00 цагт НҮБ-ын байранд “Монголын хүйн радио холбоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Яармагт барьж буй Хотын захиргааны шинэ цогцолборын барилыг ажлын явцтай танилцана.

11.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд үйл ажиллагаа буй “Боржин зам”, “ЭСТО”, “Очирням” компанийн ажилтай танилцана.

11.40 цагт Ерөнхий боловсролын I сургуульд “Эх түүхийн эзэд” төслийн нээлт болно. Утас: 99089369

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон “Байгалиа хамгаалъя” хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 96323230

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Баялаг бүтээгчдийн холбооноос ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлт болон Капитал банкны талаар мэдээлнэ.

12.00 цагт АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлнэ.

13.00 цагт “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах” холбооноос “Зэс эрдэнийн хувь” компанийн хууль буй үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Инфляци буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өнөө жилийн эхний улиралд 18.235 эх амаржиж, 18.352 хүүхэд төрүүлжээ.Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурчээ.1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Ховд аймагт улсын дунджаас 0.3-1.2 пунктээр дээгүүр, Говь-Алтай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-3.0 пунктээр доогуур байгаа аж. 1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Булган,Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.2 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баянхонгор, Орхон, Дундговь, Төв, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 пунктээр доогуур байна.Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон, Дорнод,Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-3.0 пунктээр доогуур байна.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТАЛ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн хувьд өнгөрсөн сарын эцэст 31.8 мянгаар тоологдож байна. Үүнээс 21.7 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 мянга буюу талаас илүү хувь нь эмэгтэйчүүд гэсэн тоо гарчээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бол 190 нь эмэгтэйчүүд юм байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь Австрали улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын, 5.0 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк улсын, 3.5 хувь нь Канад улсын, 3.5 хувь нь Филиппин улсын, 3.2 хувь нь Их Британи улсын, 15.7 хувь нь бусад улсын харьяат гэсэн статистик гарчээ. Манай улсад 2019 оны нэгдүгээр улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 972 нь боловсролын, 837 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 317 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 232 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 166 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 161 нь барилгын, 0.5 мянга нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨСӨВ

Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны гуравдугаар сарын эцэст 17.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 223.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр өссөн байна.Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны гуравдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 633.4 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн байна.

ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГО ӨСЛӨӨ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2163.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1969.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.Татварын нийт орлого 2019 оны эхний улиралд 1971.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 125.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 94.6 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 56.6 тэрбум төгрөг, онцгой албан татвар 48.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 29.7 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 0.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 3.1 ТЭРБУМАМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ

Монгол Улс 2019 оны эхний улиралд дэлхийн 120 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.8тэрбум америк доллар, импорт 1.3 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2019 оны гуравдугаар сард экспорт 678 сая америк долларт, импорт 448.2 саяамерик долларт хүрч, өмнөх сараас экспорт 191.7 сая америк доллараар, импорт 114.7 сая америк доллараар тус тус өсөөд байна.

МАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭРЭЭ ӨВӨРХАНГАЙ ТЭРГҮҮЛЛЭЭ

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны гуравдугаар сард ат Өвөрхангай аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 762.5 мянган төгрөг, соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 991.7 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 576.3 мянган төгрөг, хязаалан шар Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 566.7 мянган төгрөгийн үнэтэй байна.Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 117.5 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Дундговь аймагт хамгийн их буюу 130.0 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байв.

НООЛУУР 90-132 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай, Дундговь аймагт хамгийн их буюу 42.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 19.0 мянган төгрөг, бусад аймагт 30.0-40.0 мянган төгрөг байна.Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 132 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90 мянган төгрөг, бусад аймагт 94-130 мянган төгрөг байгаа аж.

ҮРИЙН БУУДАЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭ 760 МЯНГА

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны гуравдугаар сард нэг тонн үрийн буудайн дундаж үнэ Орхон аймагт хамгийн их буюу 760 мянган төгрөг, Завхан аймагт хамгийн бага буюу 500 мянган төгрөг, нэг тонн таваарын буудайн дундаж үнэ Завхан аймагт хамгийн их буюу 600 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 450 мянган төгрөг байна. Боодолтой өвсний (20кг) дундаж үнэ Өмнөговь аймагт хамгийн их буюу 10 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 2.7 мянган төгрөг, нэг тонн задгай өвсний дундаж үнэ Завхан аймагт хамгийн их буюу 300 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 85 мянган төгрөг гэсэн статистик гарчээ.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс 82.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар тус тус өсчээ. Орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь,Чингэлтэй дүүрэгт 0.2 хувиар өсч, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байна.2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Баянгол дүүрэгт өөрчлөлтгүй, Сонгинохайрхан дүүрэгт 0.2 хувь, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 0.7 хувь, Хан-Уул дүүрэгт 1.0 хувиар өсч, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувиар буурчээ. Өмнөх улиралтай харьцуулахад 2019 оны нэгдүгээр улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ зургаан дүүрэгт өөрчлөлтгүй, 1970-2001 оны орон сууцных Баянгол, Хан-Уул дүүрэгт 0.1-0.3 хувиар буурч, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт 0.1-0.8 хувиар өссөн дүнтэй гарсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 0.1-0.4 хувиар буурч, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 0.3 хувиар өсөөд байна.


Г.Ганзориг: БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨСӨН НЬ ИНФЛЯЦИ БУУРАХАД НӨЛӨӨЛСӨН

Үндэсний статистикийн хорооны сар тутам хийдэг мэдээллээс зарим үзүүлэлтийг нь онцолж эдийн засагчийн байр суурь, тайлбарыг хүргэж байхаар боллоо. Энэ удаагийн өнцөг инфляци, гадаад худалдааны тэнцэлд чиглэж байна. Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Статистикийн хорооноос гаргасан эдийн засаг, нийгмийн гуравдугаар сарын үзүүлэлтүүдээс юуг нь онцолмоор санагдаж байна вэ?

-Эндээс хоёр үзүүлэлт анхаарал татаж байна. Нэгдүгээрт, инфляци харьцангуй буурсан байна. Хоёрдугаарт, гадаад худалдааны тэнцэл сайжирсаар байгаа төлөв ажиглагдлаа.

-Инфляци бол мэдээж хүн бүрт хамааралтай үзүүлэлт. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг олон нийт хүлээж байгаа байх. яагаад буурав аа?

– 2018 оны арваннэгдүгээр сард бодлогын хүүг ээлжит бус хурлаар өсгөсөн. Үүний цаад шалтгаан нь тухайн үед ам.долларын ханш эрчимтэй чангарч байсантай холбоотой. Мөнгөний бодлогын энэ шийдвэр инфляци буурахад нөлөөлсөн болов уу гэж харж байна. Мөн сүүлийн саруудад ам.долларын ханш тогтвортой байсан нь импортын гаралтай үнийн дарамт бага байсанд нөлөөлсөн болов уу.

-Худалдааны тэнцэл сайжирч буй нь бидэнд ямар нөлөөтэй вэ?

-Хамгийн гол өөрчлөлт нь экспортын өсөлт импортын өсөлтөөс илүү байна. Үр дүнд нь тэнцэл нь нэмэгдсээр байгаа юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэнцэл 38 хувиар сайжирсан байна. Мэдээж энэ нь Монгол Улсад орж ирж буй ам.долларын урсгалыг сайжруулна. Улмаар ам.долларын ханш тогтворжих суурь нөхцөлүүдийн нэг болно.

Ц.БИЛИГ

Categories
гадаад мэдээ

Парисын эх дагины сүм галд автлаа

Image result for парисын дарь эхийн сүмийн түүх

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг Нотре Дам буюу Парисын эх дагины сүм түймэрт автаж, маш их хохирол амслаа. 850 гаруй жилийн настай готик маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бөгөөд харин гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн гэнэ. Гал сөнөөгчид сүмийн дотор байсан түүхэн эд өлгийн зүйлсийг аврахаар ажиллаж байна. Түймэр бүс нутгийн цагаар Даваа гарагийн оройн 6:50 цагт эхэлжээ. Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гарамжав: Рио Тинто хөгжиж буй орны эрх ашгийг харгалзан үзэж, гэрээ хэлэлцээрийнхээ нөхцөлийг сайжруулаасай

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд өргөн барьсан. Уг хуулиар ямар гол зохицуулалтууд орж байгаа вэ?

-1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор маш олон үйлдвэр, зовад, фермүүд хаагдсан. Үүнээс үүдэж олон мянган иргэд ажлын байргүй болсон байдаг. Төр засгаас иргэдээ орлоготой байлгах үүднээс нас, ажилласан жил, хүүхдийн тоог харгалзан үзэж тэтгэвэрт гаргаж эхэлсэн юм. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан. Уг хуультай холбоотойгоор 288 мянган иргэн тэтгэвэрт гарсан байдаг. Тэд өөрөөс үл хамаарч ажил, хөдөлмөр эрхлэх боломж, эрхээ хасуулснаас гадна тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдсон. Хууль боловсруулахтай холбоотойгоор 2018 онд судалгаа хийхэд тэдгээр иргэдийн тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй байсан. Энэхүү хууль батлагдснаар наснаасаа эрт тэтгэвэрт гаргасан 17.1 мянган иргэдийн тэтгэврийг нь нэмэх боломжтой болно. Гишүүдийн зүгээс 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлбэл боломжтой гэх саналыг гаргаж, хуульдаа нэмэлт оруулсан.

-Засгийн газраас Стандарт банкны өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төллөө гэсэн сүржин мэдэгдлийг хийж байна. Ер нь татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болох уу?

-Эрдэнэт үйлдвэрийн энэ асуудал тодорхой эзэдтэй, хийсэн үйлдэл нь тодорхой. “Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэттэй ямар нэгэн аргаар холбогдож, баталгаа гаргуулаад авчихсан байна шүү дээ. Тэгэхээр Эрдэнэт улсын үйлдвэр өнөөдөр энэ өрийг төлсөн нь зөв гэж бодож байгаа юм. Яагаад гэхээр энэхүү өрийн хүү нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байсан. Эрдэнэт энэ жил 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна лээ. Энэ нь хэр том үйлдвэр вэ гэдгийг нь харуулж байгаа байх. Тэр утгаараа Эрдэнэт үйлдвэр Эрсдэлийн сантай байх ёстой. Тэрхүү сангаасаа өдрөөс өдөрт хүү нь нэмэгдэж байгаа өрөө дариу төлсөн нь зөв юм. Харин хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдэг нь хуулийн байгууллагаар тогтоогдоно л доо.

-Эрүүгийн хуулиар уг хэрэгтэй холбоотой хүмүүсийг шалгах хуулийн хугацаа нь дуусчихсан юм билээ. Тиймдээ ч татвар төлөгчид хохироод үлдэх нь гэдгийг олон нийт ярьж байна. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Үйлдвэрлэлийн салбарт 30, 40 жил ажилласан хүний хувьд татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж байгаа үйлдлийг ойлгохгүй байна. Мөнгө угаах үйл ажиллагааг хийж чаддаг бүлэглэлүүд бий болчихсон, хөгжчихсөн байна гэхээр үнэхээр гайхаж байна. Ийм зүйлсийг таслан зогсоож, нийгмээ эрүүлжүүлэх цаг болжээ. Эрдэнэт шиг хичнээн хэрэг байдаг юм, тэр бүхнийг гаргаж ирэх хэрэгтэй. Мөн бүх сангуудын зарцуулалтыг ил болгох ёстой. Гаршчихсан, мэргэшчихсэн гэмт хэрэгтнүүдээр төрийг удирдуулж, бүрдүүлж явж болохгүй. Төртэй, удирдлагатай байна гэж бодоод л байдаг. Гэтэл хулгайн бүлэглэл үүсчихсэн ард түмний мөнгийг идээд л байдаг. Ингэж байж таарахгүй.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Ямар өөрчлөлтүүд тусгагдаасай гэж хүсч байгаа вэ?

-Үндсэн хууль дээр дэмжмээр өөрчлөлтүүд байна. Зарим нэг бодож үзэхээр асуудлууд ч харагдаж байна. Д.Лүндээжанцан гишүүн энэ өөрчлөлт дээр маш их ажиллаж байгаа. Үндсэндээ гурван жилийн турш маш олон иргэдтэй уулзаж, саналыг нь авлаа. Монгол Улс парламентын тогтолцоотой. Тиймдээ ч Үндсэн хуульд парламтентын дэг журам, эрх мэдлийн хуваарилалт, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарыг сонгох асуудал гээд томоосоо эхлээд нарийн зүйлүүдийг ч өөрчлөхөөр тусгасан байна лээ. Энэ бүхнийг цаашид улам тодорхой болгоно гэж бодож байна. Ер нь тийм ч олон зүйлсийг засах шаардлагатай юу, үгүй юу гэдгээсээ авахуулаад бодох хэрэгтэй байх. Тиймдээ ч саналаа хэлэхэд арай эрт байна.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр С.Зоригийн хэрэгт холбогдогсдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг та бүхэнд үзүүлсэн. Та тэр бүхнээс ямар дүгнэлт хийсэн бэ?

-Шүүх, прокурорын байгууллагад гажуудал үүссэн болохыг тэрхүү эрүүдэн шүүсэн үйл явцаар нотолсон гэж бодож байна. Нотолгоогүй зүйлийг хоосон ярих нь нэг ондоо. Тэнд юу болдог талаар нотолгоо баримттай ярьж байж л цааш явж байна шүү дээ. Тэрхүү эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэхэд маш хүнд байсан. Дараа нь хямарсан. Хүний эрхэнд ёс бусаар халдаж, хатуу ширүүнээр зодож нүдэж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байгааг хараад цочирдсон. Тийм байдлаар мөрдөн байцаалт явуулж байгаа нь хүний эрхэнд ноцтой халдаж буй хэрэг. Энэ байдлаасаа үүдэн бид олон улсад хасах оноо л авч байна.

Энэ бүхний нэг сайн тал нь бид бүхэн ийм зүйл байдгийг мэдсэн явдал. Мэдсэнээрээ бид прокурор, шүүх засаглал, мөрдөн байцаах газарт ямар том сүлжээ байна вэ гэдгийг харлаа. Мөн эрх дархаа хэрхэн муу муухайд зориулж чиглүүлсэн байна вэ гэдгийг ч үзлээ. Тиймдээ ч энэ бүхнийг яаралтайгаар засч залруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай болсон.

-Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргаж, ҮАБЗ-д хүргүүлсэн байсан. Энэ хэр зөв шийдвэр вэ?

-Миний хувьд тэр дүгнэлтийг олж үзээгүй. Ер нь бол Оюу толгойн үйлдвэрлэл Монголд явж байвал зүгээр юм байгаа юм. Оюу толгой, Рио Тинто компанитай Монгол Улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх гэрээ хэлэлцээрийг л сайжруулж хийх хэрэгтэй гэж боддог юм. Түүнээс энэ бол дэлхийн хэмжээний том үйлдвэр. Олон мянган монголчууд ажиллаж байна. Маш том алдагдалтай, хохиролтой хийгдсэн гэрээ гэдэг нь үнэн. Гэхдээ үүнийгээ засах нь л чухал. Тэр дундаа Рио Тинтогийн зүгээс хөгжиж буй орны эрх ашгийг харгалзан үзэж, манай улсын хөгжлийг дэмжиж гэрээ хэлэлцээрийнхээ нөхцөлийг сайжруулаасай гэж хүсдэг юм.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: С вирусийн эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо хангалтгүй байна

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Та арван жилийн өмнөөс С вирусийн эсрэг эмийг Монголд таниулж, энэхүү өвчнөөр шаналж байсан олон хүнд итгэл найдвар өгсөн. Эмийн талаар хэрхэн олж мэдэж байв?

-Би өөрөө элэгний эмч хүн л дээ. Гадна, дотны олон улсын хурлуудад их сууна, шинэ судалгааны дүнгүүдтэй байнга танилцаж явдаг. Тиймдээ ч хаана, ямар эм шинээр гарахаар яригдаж байгаа, үр дүн нь хэр байх эсэх тухай мэдээллийг байнга авдаг. Тухайн үед ч тэр, олон улсын хуралд оролцож явахдаа С вирусийн эсрэг 14 төрлийн эм яригдаж байгаа талаар олж мэдсэн юм. Судалгааны түвшинд байгаа тэдгээр эмнүүд зах зээлд гарсан тохиолдолд С вирус бүрэн устах нь гэж ойлгож авсан. Удлаа гэхэд Монголд таван жилийн дараа ороод ирэх юм байна гэх төсөөлөлтэйгөөр энэ талаарх мэдээллээ сонин дээр нийтэлж байсан.

-С вирусийн эсрэг эмийн талаар ярьж эхлэхэд хүмүүс юу гэж хүлээж авч байсан бол?

-“Таван жилийн дараа Монгол Улс С вирусаас айхаа болино” гэх утгатай нийтлэл гарсан даруйдаа шуугиан тарьж байсан юмдаг. Хүмүүс янз бүрийн л байр суурь илэрхийлж байсан. Тухайн үед С вирусийг арилашгүй, үхлийн вирус гэж үздэг байлаа. С вирусийн эсрэг ганцхан тариа байсан нь хүний биед хор нөлөөтэй, өндөр үнэтэй байлаа. Өндөр үнэтэй учир хүмүүс тэр бүр эмчилгээ хийлгэж чаддаггүй байв. Нийтлэл гарсны дараа хүмүүс “Энэ үнэхээр үнэн юм уу. Ямар сайхан мэдээ вэ”, “Үнэхээр бүрэн арилах уу” гэж байлаа. Зарим нь “Битгий худлаа яриад бай”, “Хэрвээ С вирусийг арилгачих юм бол чамд алтан хөшөө босгож өгье. Төрийн соёрхолтод тодорхойлъё” гэх мэтээр ч ярьж байсан. Тэр бүү хэл манай эрүүл мэндийн салбарынхан ч итгэж чадахгүй “Үнэн юм уу. Гоё сайхан зүйлүүд яригддаг ч худлаа байдаг шүү дээ” гэж ч байсан юм. Миний ярьж байсан үнэн гэдэгтэй өнөөдөр маргах хүн байхгүй болов уу. Одоо бол С вирусээс айдаг хүн байхгүй болчихсон. Зарим тохиолдолд ханиаднаас ч амархан эмчлэгддэг.

-Тэр эмийг хамгийн анх та оруулж ирж байсан уу?

-C вирусийн эсрэг эмийн талаар ярьж эхэлснээс хойш гурван жилийн дараа би Эрүүл мэндийн дэд сайдаар очсон юм. Яаман дээр очсон даруйдаа л өнөөх эмийг хэрхэн Монголд оруулж ирэх талаар судалж, Гадаад харилцааны яам руу албан бичиг бичиж ч байлаа. Дэлхийн зах зээлд зарагддаг үнээр нь монголчууд худалдан авах боломжгүй байсан л даа. Гурван сарын хэрэглээ нь л гэхэд 90 гаруй мянган ам.доллартай тэнцэхүйц байсан. Тиймээс манай улсад зориулсан үнийн тариф гаргаж өгөөч ээ гэдэг саналыг тавьж байсан юм.

-Тэгээд таны саналыг хүлээж авсан уу?

-Яг тийм. Өнөөдрийн байдлаар 40 орчим мянган хүн эмчилгээнд орчихсон явж байна. C вирусийн эсрэг эмийн талаар ярьж эхлээд хэдийнэ 10 жил болчихжээ.Үнэнийг хэлэхэд энэ хугацаанд их л юм боллоо доо. Эрүүл мэндийн яамныхандаа элдвээр хардагдаж, сэрдэгдэж ч байсан. Н.Удвал сайд маань миний эсрэг үйл ажиллагаа явуулсан. Тэр хэрээрээ С вирусийн эсрэг эмийн бүртгэл удааширч ч байсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр “…Эмийг бүртгэх эсэхийг яам хэлэлцээд сайн судлах шаардлагатай гэж үзэн буцаасан байгаа. Эмийг 900 ам.доллараар оруулна гэснийг дэд сайд Ж.Амарсанаа 1800 ам.доллараар оруулж ирнэ гэсэн… Дэд сайд элэгний С вирустай хүмүүсийг өрөөндөө бүртгээд суудаг болсон” гэж ярьсан байдаг юм. Үүнээс үүдэн ард түмний дунд ч дутуу туршигдсан эм юм биш үү гэх эргэлзээ төрж эхэлсэн юм. Монгол Улсад оруулж ирэх хамгийн хямд үнэ нь тэр байсан л даа. Миний хувьд сайдыг шүүхэд өгч, гурван шатны шүүхээр бүтэн жилийн турш явсан.

Харин дээд шүүхээс “Амарсанаа ямар нэгэн худал мэдээлэл өгөөгүй. Ямар нэгэн ашиг сонирхол хайгаагүй” гэсэн байдаг. Гэсэн ч би Н.Удвал сайдад жаахан гомдоод л байдаг юм. Одоог хүртэл надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй. Гэхдээ уучлал гуйсан ч, гуйгаагүй ч ард түмэн тэрхүү эмийн үр дүнг хүртээд явж байгаа нь сайхан юм. Нэг ч болтугай хүн С вирусээсээ салахад надад баярлах сэтгэл төрж байдаг. Миний өдөр бүхэн баяр хөөрөөр дүүрэн өнгөрч байгаа.

-Нийгмийн даатгалаар вирусээ тоолуулах, эмчилгээ хийлгэх зардал нь хөнгөлөгддөг. Тэр хэрээрээ эмчилгээнд хамрагдах иргэдийн идэвх сайн байдаг болов уу.

-Эмчилгээнд орох, вирусээ тоолуулах эрх нь үнэ төлбөргүй байгаа. Харамсалтай нь С вирусийн эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо хангалтгүй байна. Улсын хэмжээнд 210 мянган хүн идэвхтэй С вирус тээж явна. Түүнээс 40 орчим мянган хүн л эмчилгээнд хамрагджээ. Бусад хэсэг нь хэнэггүй байдал гаргаж эмчлүүлэхээс цааргалаад л явна гэсэн үг. Тэр хүмүүст С вирусийг устгах энэ эм, эмчилгээ тийм ч амар замаар орж ирээгүй юм шүү, тэр олон хүний хичээл зүтгэлийг үнэлээд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө багахан цагийг гаргаарай гэж хэлэх байна. Тоохгүй яваад байвал нэг л өдөр элэгний өвчин чинь даамжирч хатуурал, хавдар болно. Тэр үед та бүхэн хэдэн мянга дахин өндөр үнээр элэг солиулах хагалгаа, хавдрын эмчилгээнд орно. Энэ бүхэн та бүхний болоод Монгол Улсын эдийн засагт хохиролтой юм шүү, аминдаа хайртай байгаа ч ээ гэж хэлэх байна.

-В вирусийг бүрэн дарах эм, эмчилгээ яригдаж байгаа болов уу?

-В вирус дээр 30-аад төрлийн эм яригдаж байна. Гэхдээ үүн дотор В вирусийг үндсээр нь устгаж чадах эм алга. Үр дүнтэй эм гарсан тохиолдолд энэ талаарх мэдээллийг ард түмэндээ өгнө л дөө. В, С нь газар тэнгэр шиг ялгаатай вирусүүд юм. В вирусийн ген элэгний эсийн гентэй холилдчихдог. Хичнээн В вирусийг устгалаа ч вирусийн ген нь хүний гентэй холилдчихсон учраас тэндээс нь дахиад л вирус гараад ирдэг. Хүний ген дотор байгаа вирусийн генийг салгаж авдаг эмчилгээг анагаахын шинжлэх ухаан одоогоор олоогүй байна. Мөн В вирус элэгний эсэнд орохоороо CCСДНК-г бүтээдэг. Үүнийг устгах боломж бүрдлээ ч хүний өөрийн ДНК-г устгах аюултай. Учир нь хүний болоод вирусийн ДНК нь маш ижил бүтэцтэй юм. Хүний ДНК-г устгаад байх юм бол элэгний эс нь хавдар болох, эсвэл элэгний эс үхэх аюултай байдаг.

-Манай улс элэгний өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг гэгддэг. Энэхүү өвчлөл их байгаа нь юутай холбоотой юм бэ. Мэдээж В, С вирус орж таарах байх?

-Элэгний өвчлөл дөрвөн их үүсвэртэй байна. Элэгний В, С вирус, архи, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, элэгний өөхжилтөөс үүдсэн өвчлөл их байна. Манай улсын элэгний өвчлөлийн 98 хувь нь В, С вирус болон архины хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэлтэй байгаа юм. Харин цаашлаад элэгний өөхжилтийн гаралтай хавдар, хатуурал ихсэх хандлагатай байгаа. Хөгжингүй орнуудад тэр дундаа Японд В, С вирусийг цурманд оруулчихсан. Гэтэл өнөөдөр Японд элэгний өөхжилтийн гаралтай хорт хавдар нэмэгдчихлээ. 30 жилийн дараа ч манай улсын иргэдийн элэгний өвчлөлийн тал, талаас илүү хувийг өөхжилтийн гаралтай хорт хавдар эзэлж магадгүй байна. Эдгээрээс гадна архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн элэгний өвчлөл их байгааг дурдах нь зүйтэй. Архи элэгний хорт хавдар үүсгэх чадалтай эд шүү дээ. Мөн элэгний өөхжилт, хатуурал, үрэвслийг ч нэмэгдүүлэх аюултай.

-Монгол хүний нас баралтын гол шалтгаан болж буй өвчин нь юу вэ?

-Зүрх, судасны өвчин. Зүрх, судасны өвчлөлийг бууруулахын тулд мацаг барих болон транс тос, давсны хэрэглээг багасгахаас өөр аргагүй. Энгийн иргэд транс тосыг хэрэглэсэн хэвээрээ л байна. Энэ нь төрийн бодлого муу байгаагийн л гол жишээ шүү дээ. Мөн бид цус харвалтын гаралтаараа дэлхийд хоёрт орчихсон. Буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, агаарын бохирдол ямар ноцтой хэмжээнд хүрчихсэн байна вэ гэдгийг дээрх судалгааны дүнгээс харж болохоор байгаа юм. Мөн ходоодны хорт хавдар маш их нэмэгдэж байна. “Ходоодны хорт хавдарын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулаад сууж байгаа минь ийм шалтгаантай. Ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь хеликобактер. Монголчуудын 82 хүртэлх хувь нь хеликобактертай. Мөн монгол хүний нас баралтын нэг шалтгаан нь гадны шалтгаант нас баралт байна. Тодруулбал, амиа хорлолт, осол гэмтэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй зэргээс үүдэлтэй холбоотой нас баралт байгаа юм.