Categories
мэдээ нийгэм

“Монгол улсын үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” эрдэм шинжилгээний хурал боллоо

Үндэсний тагнуулын академиас “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний ээлжит 9 дэх хурлыг аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр суралцаж буй сонсогч, оюутны дунд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулсан байна.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль сахиулах их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Аюулгүй байдлын сургууль, Их засаг олон улсын их сургуулийн “Чингис Соосэ” Олон улсын харилцааны сургууль, Монголын үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Үндэсний тагнуулын академийн нийт 65 оюутан, сонсогч илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгарч, хэлэлцүүлсэн.

ҮАБЗ-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах референт Ч.Баттөмөр, ШУА-ийн ОУХХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Нямдолжин, ҮАБЗ-ийн ССХ-ийн ахлах судлаач Н.Соёлгэрэл нарын шүүгчид илтгэх ур чадвар, шинжлэх ухааны үндэслэлтэй илтгэл бичсэн байдлаар илтгэгч оюутан, сонсогчдыг шалгаруулж, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутан Г.Уянга Нэгдүгээр байр, ИЗОУИС-ийн “Чингис Соосэ” Олон улсын харилцааны сургуулийн оюутан Г.Анужин Хоёрдугаар байр, Үндэсний Тагнуулын Академийн сонсогч Гуравдугаар байр эзэллээ.

Монгол Улсын аюулгүй байдал ба гадаад бодлого, түүний хэрэгжилт, цаашдын хандлагын талаар оюутан, сонсогчид санал бодлоо солилцох нь аюулгүй байдал ба олон улсын харилцаа судлалыг хөгжүүлэх чиглэлээр оюутан, сонсогчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулахад оюутны эл эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр орууллаа гэж хуралд оролцогчид дүгнэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Яг түүн шиг” шоуны шилдгүүд өрсөлдөнө

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группийн “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо хийж эхэлсэн. Анхны шоу нэвтрүүлэг хүрсэн даруйдаа үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон билээ.

Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирал тавдугаар сар гараад эхлэх гэнэ. Энэ удаа өмнөх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн ялагчид хоорондоо өрсөлдөж, шилдгийн шилдэг ялагчийг тодруулах юм байна. Энэ жилийн шоу нэвтрүүлгийн талаар “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн продюсер Б.Энхжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жилийн “Яг түүн шиг” тавдугаар сарын дундуур эхэлнэ. Одоогоор шоуны найман оролцогчоо сонгочихсон байгаа. Энэ удаа шилдэг оролцогчид хоорондоо өрсөлдөнө. Оролцогчдын хувьд хэн хэн оролцох нь одоохондоо нууц байгаа. Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч гэсэн өөрчлөлт орсон” гэсэн юм.

“Яг түүн шиг” шоуны эхний улиралд олны танил урлаг, соёлын найман эрхэм буюу “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдон өрсөлдөж, дуучин П.Баярцэнгэл ялагч болж, 20 сая төгрөгөөр шагнуулсан байдаг.

Үүний дараагаар “Яг түүн шиг-2017” шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, шүүгч Г.Ганхүү нар оролцсон. Авьяаслаг уран бүтээлчдээс дуучин С.Гантогоо авьяасаараа ялгарч чадсан бол “Яг түүн шиг 2018” шоуны дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцсон. Авьяаслаг оролцогчдоос ая зохиогч, дуучин Б.Нацагдорж авьяас, оноогоороо тэргүүлэн 20 сая төгрөгийн эзэн болсон.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Монгол Улсын батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндэс”-ийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/113 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдаар цэргийн тангараг өргүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо.

Тангараг өргөх ажиллагаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийн үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилогдсон болон шинээр офицерийн бүрэлдэхүүнд орж байгаа 30 гаруй алба хаагч оролцсон юм.

Алба хаагчид ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, Онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох сургалтад хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг архитекторуудтай уулзлаа

Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн их театрын шинээр барих барилга байгууламжийн зураг, төсвийг гаргахтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Монголын архитекторчдын эвлэл болон Барилгын зураг, төсөв зохиогчдын холбооны төлөөллүүдтэй нэг дор уулзав.

БСШУС-ын сайд дээрх барилгууд автомашины зогсоолоос эхлээд орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер, эко шийдэлтэй байх ёстойг онцлоод ийм зураг төсвийг гаргахад манай үндэсний холбоодын хүний нөөц, туршлага, консерциум хэлбэрээр хамтран ажиллах боломж ямар байгааг тодруулав. Мөн барих газрын сонголтыг ойрын үед хийж, зургийн ажлын даалгаврыг захиалагч талаас бэлэн болгоно гэлээ.

Холбоодын гишүүд санал хэлж, БСШУС-ын сайдаас зарим зүйлийг тодруулсны дараа нэгдсэн санал боловсруулж, ойрын хугацаанд эргэн уулзахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Нэг настай охиноо гудманд нүцгэн хаяад зугтжээ

Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 00:54 цагт Цагдаагийн 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод, нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид 13 минутын дараа хэргийн газарт очиж шалгахад Ө.Эрдэнэбаатар гэгч нь гурван сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Мөн Ө.Эрдэнэбаатар нь гэрээсээ гарахдаа нэг настай өөрийн төрсөн охиноо гадуур хувцсандаа нүцгэнээр нь ороогоод гарсан аж. Улмаар охиноо гудамжинд орхин өөрөө зугтаж алга болжээ. Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Ө.Эрдэнэбаатар гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй гэх мэдээллийг өгч байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өргөдлийн байнгын хороо хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авч чадаагүй үлдсэн ээжүүдэд нөхөн олгох талаар ямар бодлого гаргах вэ. Нийгмийн халамжийг хавтгайруулан олгох нь тохиромжтой зүйл биш. Хүүхдийг насанд хүртэл нь төрөөс дэмжлэг үзүүлэх нь бусад улс орнуудад нийтлэг хэрэгждэг. Гэхдээ үүнийг нийгмийн халамж гэж хэт хавтгайруулах нь зүйтэй юу гэж асуумаар байна.

АЖЛЫН ХЭСЭГ:
218.6 мянган одонтой эхчүүдэд жилд дунджаар 30 тэрбум орчим төгрөгийн тэтгэмж олгодог. Мөн дээр нь Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад одонгийн тэтгэмж олгодог. Энэ нь улсын хэмжээнд 114 сая орчим төгрөг.

Одонгоо авч чадаагүй үлдсэн ээжүүдийн тухайд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах” тухай хуульд дөрвөн хүүхэд төрүүлж, сүүлийн төрүүлсэн хүүхэд нь нэг нас хүрсний дараа нь одон авах эрх үүсдэг.

Тиймээс зарим эхчүүдийн тавьж байгаа асуудал бол хүүхэд нь нэг нас хүрэхээсээ өмнө эндсэн золгүй явдал гардаг. Ингэснээр одон авах эрх нь үүсдэггүй учир хуулийн заалтаар хасагддаг. Энэ талаар маш их санал гомдол ирдэг. Анх уг хууль батлагдахаа зөвхөн 18 хүртэлх насны ээжүүдэд хамаарч байсныг хоёрдох удаагийн шинэчлэлтээр ахмад настай ээжүүдийг нэмж хамруулсан.

Харин одоо бол дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн бүх ээж хамрагдах эрх нь үүссэн учраас улсын төсөвт дарамт үүсч байгаа. Тухайн ээжид насан туршид нь тэтгэмж олгодог жишиг манайхаас бусад улсад байхгүй. Тиймээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар хүүхэд нь 18 нас хүрсний дараа тухайн ээж одонгийн мөнгө авах болзлоос хасагддаг байх эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгээс гарсан шийдвэрээс хамаарч УИХ-д хуулийн төслөө өргөн барина.

УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:

Ц.Гарамжав гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Нийгмийн халамжийг хавтгайруулж бус зорилтот хэсэгт нь олгох ёстой. Биднийг бага байхад жилдээ нэг удаа ээж маань хүүхдийн баяраар одонгийн тэтгэмжээ авдаг байлаа. Тухайн үед хүүхдүүд нь 0-16 настай тохиолдолд олгодог байсан. Дөрвөн хүүхдийн нэг нь 18 нас хүрэхэд гурван хүүхэд гэдэг утгаараа хасагддаг байсан. Жилдээ нэг хүүхдэд 20-40 мянган төгрөг ноогдохоор олгож байгаа гэж үзвэл насан туршид нь бус зөвхөн 0-16 насны хүүхдүүдтэй ээжүүдэд одонгийн мөнгө олгодог болгоод нэг хүүхдэд оногдох мөнгийг нь нэмэгдүүлбэл ямар тоо гарах вэ?АЖЛЫН ХЭСЭГ:

Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд жилд 100 мянган төгрөг олгодог. М.Билэгт гишүүний хэлсэн 20-40 мянган төгрөгийн тухайд Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа одонгийн зэрэглэлээс хамаарч 20-40 мянган төгрөг нэг удаа дагалддаг. Анх уг хуулийг гаргахдаа төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор мөнгөн дүн нь нэмэгдэж байсан. Одоо бол зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн бол 200 мянган төгрөг, 4-6 хүүхэд төрүүлсэн бол 100 мянган төгрөг олгодог. Цаашид ХНХ-ын яамны зүгээс Нийгмийн халамжийн тухай багц хуулийг шинэчлэх хүрээнд мөнгөн дүнг 100, 200 мянган төгрөг гэж хязгаарлахгүйгээр хүүхдийнх нь тооноос хамаараад олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ өөр өөр байх нь зөв гэж үзэж байгаа. Хүүхдийг 16,18 нас гэж хязгаарлах нь нийгмийн халамжийг хавтгайруулахгүй гэдэгт санал нийлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД:

Нэг нас хүртэл нь өсгөөд хүүхэд эндсэн ч одонгийн тэтгэмжид хамруулах ёстой гэдэгтэй бусад гишүүдийн адил санал нийлж байна. Шинээр оруулж ирж байгаа хуульд эрсдэлийг тооцож хуульчилж оруулж ирж байгаа нь хуучирсан арга барил. Шинэ хуульдаа үүнийг анхаарч тоо, бүртгэлийг нь сайтар хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ангилж оруулж ирж болох байх. Нэг нас хүртэл биш сар, хугацаагаар нь ч юм уу яаж ангилж болох уу гэдэг талаар судалгаа хийгээд үзээрэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 509 сая төгрөгийн хохирол учирчээ

ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, ховор ургамал, зэрлэг ан амьтны эд эрхтний хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны ажил явагдах аж.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас Байгаль орчны хяналт гэсэн сарын аяныг зохион байгуулж буй аж. Тус аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль журам таниулах ажлыг хийж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд ойн хуулийн хүрээнд 268 зөрчил илрүүлж, 233-ыг арилгуулсан байна. Энэ хүрээнд 231 метр куб мод хурааж, 25 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Мөн 27 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.

Харин цагдаагийн байгууллага 2019 оны нэгдүгээр улиралд хүрээлэн буй орчны эсрэг 140 хэргийг шалгажээ. Үүнээс 76 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн улмаас 509.6 сая төгрөгийн хохирол учирснаас 59.3 хувийг нь нөхөн төлүүлж, 263 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэдгийг Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэллээ.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын дэд дарга чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

2015 онд АТГ-ын дэд даргаар томилогдсон Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.

Ц.Нямдорж нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978-1988 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн. 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байв. 2015 оны хоёрдугаар сарын 11-ний Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ҮАБЗ-өөс АТГ, шүүх, прокурорын дарга нарыг томилж, чөлөөлөх саналыг УИХ-д оруулах эрхтэй болсон билээ. Энэ дагуу түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байж болзошгүй гэх мэдэлээл байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын зарим гишүүд намаасаа гарлаа

1990 оны ардчилсан тогтолцоог бий болгох үйл хэрэгт оролцож явсан Монголын Ардчилсан Холбооны ахмад гишүүд өнөөдөр мэдээлэл хийж, АН-аас гарах болсноо мэдэгдлээ.

Тэдний төлөөлөл Д.Жаргалсайхан “1990 онд ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явахдаа эх орондоо хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, дэлхийн түвшинд хүрсэн хөгжлийн бий болгоно гэж хүсч мөрөөдөж, үүний төлөө 30 жил тэмцэж, зүтгэуж явсан. Өнөөдөр эргээд харахад АН-ыг удирдаж ирсэн дарга нар эгэл жирийн гишүүдийн итгэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж байна. Бидний хүсэл мөрөөдлийг өөрсдийнхөө баяжих хэрэг болгосон байна. Энэ улс орныг авлигажсан, хамжлагат феодалын тогтолцоог бий болгосон байна. АН-ын үе үеийн удирдлагууд нийтийн өмчийг хулгайлах, хувьчилж авах ажилд манлайлж оролцсон” гэдгийг хэлж, энэ шалтгааны улмаас АН-аас гарч буйгаа ярилаа.

1989 оноос Монголын ардчилсан холбооны үйл хэрэгт оролцож явсан Х.Лхагвасүрэн “Ардчиллын үр шимийг цөөн хэдэн олигархи хүртэж, өнөөгийн байдлыг бий болголоо. АН-ын өнөөгийн удирдлага С.Эрдэнэ тэргүүтэй МАНАН мафийн гар хөл болсон хүмүүстэй хамтран ажиллах итгэл үнэмшил байхгүй болсон” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ спорт

Боксын Үндэсний шигшээ баг Тайландыг зорилоо

Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулахаар болжээ.

Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор Тайланд улсыг зорилоо.

Азийн аварга шалгаруулах тэмцээний

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ,

52 кг-ын жинд Х.Энхмандах,

57 кг-ын жинд Х.Энх-Амар,

60 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар,

63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,

69 кг-ын жинд Г.Баярхүү,

75-кг-ын жинд Д.Давааням,

81 кг-ын жинд Н.Шинэбаяр,

91 кг-ын С.Эрдэнэбаяр

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран,

51 кг-ын жинд Л.Алтанцэцэг,

54 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг,

57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул,

60 кг-ын жинд М.Намуун,

64 кг-ын жинд У.Шинэцэцэг,

69 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа,

75 кг-ын жинд М.Мягмаржаргал,

+81 кг-ын жинд Э.Ундрам нар хурд хүч авхаалж самбаагаа сорино. Мөн багийн бүрэлдхүүнд Э.Энхбаяр, Ш.Өсөхбаяр нар эмчээр, Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллана