Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр хог хаягдлыг худалдаж авна

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм байна. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдлагууд мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч нарыг ажиллуулж цэвэрлэгээний үеийн хяналт шалгалтыг хийнэ. Нийслэлийн нийслэлийн харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагууд гээд 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадууд хуваарийн дагуу ногдсон талбайгаа цэвэрлэцгээнэ. Иргэд ААН, байгууллагууд ойр орчимын хог хаягдал, гудамж талбайгаа цэвэрлэх ёстой” хэмээлээ.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холлбооны гүйцэтгэх захирал н.Зэндмаа “Өнгөрсөн 2018 онд зохион байгуулсан их цэвэрлэгээний үеэр манай холбооны гишүүд нийслэлийн хэмжээнд 10 байршилд нийт 8 тонн дахин боловсруулах хог хаягдлыг худалдаж авсан. Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авна. Бид нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

“Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгуулах болгонд ТҮК-ийн Зам талбайн үйлчлэгч нар маань цэвэрлэдэг. Иргэд, ААН-үүдэд уриалга хүргүүлдэг боловч оролцоо хангалтгүй байдаг. Өнгөрсөн 2018 оноос иргэд ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Их цэвэрлэгээний 90 минут” уриалгыг дэвшүүлсэн. Иргэд ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.

Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах тул нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого хангалтгүй гэж шүүмжлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, хуулийн хийдэл, зөрчлийг арилгахын зэрэгцээ салбарын хүрээнд нэн тулгамдаад буй шороон ордын ашиглалтыг хязгаарлах, үндсэн ордыг дэмжих, нэн ховор элемент, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг олгох зохицуулалт гэх зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд цэгцлэх шаардлага бий гэдгийг Я.Содбаатар гишүүн хэлж байв. Алтны жижиг уурхайнуудын учруулж буй хор уршиг, үүнийг холбогдох байгууллагууд нь үл хайхарч арга хэмжээ авахгүй, зарим тохиолдолдолд хуйвалдсан байж болохуйц хуурамч баримт бүрдүүлэн зөвшөөрөл олгож байгаа зэрэг асуудлыг Д.Эрдэнэбат гишүүн хөндөж “Төслүүдийн хүрээнд тариалан эрхлэлтийн талбайн асуудал хөндөгдөж буй учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал нь бүтээн байгуулалтын ажлуудтай шууд холбоотой Барилга, хот байгуулалтын яам, ойн болон гол нуурын сав газар, байгаль орчны асуудлаа тооцох үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох төсөв хөрөнгийг тооцож шийдэх Сангийн яамны төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцох шаардлагатай. Зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал гэж харж болохгүй” гэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого хангалтгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд хайгуулын үйл ажиллагаанд төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар тодорхой жишээ дурдав.

Үүний дараа төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүйн улмаас байнгын хорооны хуралдаан хойшиллоо

УИХ-ын Тамгын газраас гаргасан товын дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхлэх ёстой. Товлосон цагаас 1 цаг 20 минут өнгөрөөд буюу 15.20 минут болоод байгаа ч ирц бүрдээгүй байна. Байнгын хорооны 19 гишүүний 8 нь ирээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Ц.Оюунхорол, А.Ундраа, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, Т.Ганболд нарын найман гишүүн ирээд байна.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/;
  • “Хорт хавдарын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох асуудлыг тус тус хэлэлцэх товтой.

Нэмэлт:

14.00 цагаас эхлэх товтой байнгын хорооны хурал 16.00 цагт ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, С.Эрдэнэ нар гадаадад томилолттой. Харин Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал, Л.Энх-Амгалан нар тодорхой шалтгаангүйгээр ирц бүрдүүлээгүй тул байнгын хорооны хуралдаан хойшилсныг НБСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэллээ. Тэрбээр, гишүүдийг хариуцлагатай байж хуралдааны ирц бүрдүүлэхийг хүссэн юм.

Categories
гадаад мэдээ

Хятадад “Game of thrones” цувралын эхний ангиас 6 минут хасч үзүүлжээ

Даваа гарагт дэлхийн олон орны иргэд HBO компанийн “Game of Thrones” цувралын сүүлчийн бүлгийг үзэж эхэлсэн билээ.

Цуст тулаан, ил задгай үзэгдлүүдээрээ алдартай энэхүү уран зөгнөлт бүтээлийг Хятадын эрх баригчид үзэл суртлын шалгуураар танаж үзүүлсэн нь тус улсын фэнүүдийг бухимдуулсан байна.

Tencent компанийн стриминг сувгаар үзүүлсэн хувилбар HBO сувгийн эх хувилбараас 6 минутаар богино байгааг иргэд гомдоллон хэлэлцэж эхэлжээ.

Хятадад үзүүлсэн хувилбар 48 минутын урттай байсан бол оригиналь хувилбар нь 54 минутын урттай байгааг тэд сошиал сүлжээнд бичиж байна.

HBO компанийн вэбсайт Хятадын интернэт ертөнцөд хаалттай байдаг. Гэхдээ зарим иргэд нь улсынхаа интернэтийн хаалт хязгаарлалтыг янз бүрийн аргаар нэвтэлж үзсэнээ бусадтайгаа хуваалцжээ.

Categories
гадаад мэдээ

Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо

Америкийн сэтгүүлзүйн болон урлагийн бүтээлүүдэд олгодог Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо. Өнгөрөгч 2018 онд Америкийн нэгэн сургуульд гарсан галт зэвсгийн халдлагын мэдээллийг ил болгосон эрэн сурвалжилгаараа Шагналын олон нийтийн үйлчилгээний төрөлд Америкийн “Соуф Флорида Санн Сентинел” гэдэг сонин шалгарч Пулицер хүртсэн байна.

17 хүн үрэгдсэн галт зэвсгийн халдлагын өмнө болон дараа сургууль цагдаагийнхны аль аль нь алдаа гаргасныг сонинд ил болгон нийтэлсэн байна. Тодруулбал, халдлага үйлдсэн этгээд хэрхэн сургуульруу хууль бусаар нэвтрэх боломжтой байсан, хэрхэн 1 цаг орчмын туршид сургууль дотор чөлөөтэй явж байсан зэргийг нарийн эрэн сурвалжилж мэдээлжээ.

Мөн 2019 оны Пулицерийн шагналын тайлбар мэдээллийн төрөлд Нью-Йорк Таймс сонин, Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын санхүүгийн үйл ажиллагааг эрэн сурвалжилсан бүтээлээрээ авсан байна.

Тэгвэл Үндэсний мэдээллийн төрөлд, Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өөртэй нь холбоотой байсан гэх 2 эмэгтэйд мөнгө төлсөн гэх мэдээллийг ил болгосноороо өдөр тутмын “Волл Стреет жоурнал” сонин Пулицерийншагналын эзэн болжээ.


Categories
мэдээ нийгэм

Он гарснаар үйлдвэрлэлийн ослоос болж долоон хүн нас баржээ

Энэ оны эхний улиралд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 66 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 65 нь үйлдвэрлэлийн осол, нэг нь хурц хордлого байжээ. Нийт осолдогчдын 22 нь эмэгтэйчүүд байжээ. Тэгвэл үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгаан нь унасан, бүдэрсэн, халтирсан болон эд зүйлд хавчуулагдсан байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 23 нь хөнгөн хэлбэрээр, 36 нь хүнд хэлбэрээр гэмтэж, долоо нь нас нарсан байна. Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 27.3 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бол цахилгаан, хий, уур, агааржуулалт, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, үйлчилгээний бусад салбарт тус бүр 9.1 хувь байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 31.8 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 18.2 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 15.2 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 13.6 хувь нь мэргэжилтэн, 12.1 хувь нь бусад мэргэжилтэй, 9.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Байгалиа хамгаалъя” аян эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар энэ сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд “Байгалиа хамгаалъя” аян явагдаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд ажиллаж эхэлсэнбайна. Өнгөрөгч 2018 онд гэхэд Хүрээлэн буй орчны эсрэг 268 зөрчил бүртгэгдэж, 233 иргэнээр гарсан зөрчлийг арилгуулсан гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тавдугаар сарын 15-ныг дуустал зохион байгуулах “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна. Энэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 аймгийн БОАЖГ, хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлж, орон нутгийн иргэддээ мэдээлэл өгөхийг даалгаж, орон нутгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллахыг үүрэг болгосон аж. ЦЕГ-аас Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах сэргийлэх хэлтсийнхнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, гол ус аа хайрлан хамгаалах, хулгайн мод, хулгайн ан, ховор ургамлыг түүхээс татгалзах, хариуцлагагүй уул уурхай эрхлэхгүй байхыг уриалсан мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэн ажиллаж байна. Дашрамд дурдахад цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг байгаль орчныг бохирдуулах, ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, хууль бус ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг 5 төрлөөр шалгаж байгаа аж. Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс иргэн бүрийг байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм. Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаарх бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлсноос гадна:

-кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх;
-үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эергээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих;
-кино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах;
-үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлийн сонгон шалгаруулалт явуулах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох;
-Монгол киноны чанарыг сайжруулах, техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын шилдэг чиг хандлага, арга барилд суралцуулах, киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах зэргээр уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих;
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч нар зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлууд туссан байна.

Categories
мэдээ улс-төр

I, II зэргийн одонтой эхчүүдэд 30 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов.

Салбарын сайд гадаадад томилолтоор ажиллаж буй учир, мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийв. 2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж (жилд 1 удаа 100-200 мянган төгрөг)-ийг олгосон. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна. Энэхүү одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар одон олгож, одонг дагалдах мөнгөн шагнал (20-40 мянган төгрөг)-ыг мөн халамжийн сангаас өгч байна.

Одоогийн энэхүү тогтолцооны дагуу 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, насан туршид нь олгон хэрэгжүүлж байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна.
Тус яамнаас нийгмийн халамжийг шинэчлэх бодлогын хүрээнд нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү тэтгэмжийг авч буй эсэх талаар тодрууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өгсөн тайлбартаа, 1957 оны хуулийн зорилгын хүрээнд хүн амыг өсгөх бодлого өнөөг хүртэл хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 78 мянган эх төрж байгаа бөгөөд 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх тэтгэмж авч байгаа. Одоогийн хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлал нь хүн амын өсөлтөд бодитойгоор хүрч чадахгүй байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг тусгахаар ажиллаж байна гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Үүнд, нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй. Түүнчлэн, бага хүүхэд нь нэг нас хүрэх хүгацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох талаар гэсэн санал хэлж байв. Учир нь энэ тохиолдол амьдралд харьцангүй цөөн учир сайтар судалгаа, тооцоо хийх нь зүйтэй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гоодойн аманд гал алдсан гагнуурчид хохирол барагдуулна

Өнгөрсөн бямба гарагт Гоодойн аманд гал түймэр гарч 16 айлын зуслангийн байшин гурван гэр шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гал юунаас болж гарсныг холбогдох байгууллагуудаас шалгахад хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас гал гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Гал түймрийн улмаас 15 га газар бүхэлдээ шатсан. Санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж бусдад болон байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг холбогдох хуулийн дагуу шалгаж байгаа. Дээрх гал алдсан хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, учирсан хохирлыг төлүүлэх ажээ.