Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

11:00-16:00 цагт: 8-р хороо АТҮТ Баянзүрх салбар, Хилчингийн 55, 55/А, 55/Б, 7-р байрууд, Хууль сахиулах их сургууль, 32-р цэцэрлэг, Академи хотхон, СӨХ болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30 цагт: 8, 17-р хороо 016-р Цэргийн ангийн зоорь, Жимобайл, Скайтел, Тайгын булаг, Мосол, Охин хүү, Бэсрэгтрейд, Натуца, Эрхэс трейд, Од мөнх, Энх мөнх трэйд, Амин уул, Трансбус, Манлай, Мод эд, ХАОЕН, Престийж фүүд ХХК-ууд, Орхон түшээ мөрөн БГБХ, Иргэн Мөнхтуяа, Мөнх-Эрдэнэ, Аваасүрэн, Энхсайхан, Баттөгс, Ганбаатар, Энхтайван, Л.Гэрэлмаа, Сэрдамба, Баттөмөр /цайны газар/, Ж.Болдбаатар, Данзан, Хуяг /блок/, Батцэнд, Энхбат, Готовчулуун /гараж/, Болдбаатар, Энхтайван, Ундрахбат, Эрдэнэбилэг, Маналжав /дугуй засвар/, Даваасүрэн, Төмөрхуяг, Түмэндэмбэрэл, Ж.Хүрэлбат, Энхтайван, Баяраа /ХОС/, Ч.Отгонбаяр, Сэргэлэнбат, Бат-Эрдэнэ, Ц.Одхүү, Баянмөнх, Баясгалан, Баасанжав болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

11.00-17:00 цагт: 7, 8-р хороо 11-р хорооллын 7-10-р байрууд, 135-р цэцэрлэг, Дүүргийн ЗДТГ, Урлан урчуудын эвлэл, Газарзүй, гео экологийн хүрээлэн, ОСНААУГ ХҮТ-5, АРТ-79 СӨХ, МУИС-ийн Экологийн сургалтын төв, Их засаг их сургуулийн оюутны 2-р байр, Хөгжим бүжгийн коллеж, Цэнгэлбаяр, Хос Сүлд, Дойчевурст, Гам, Одкон Холдинг, Термотех ХХК-ууд, Сэлбэ плаза, Иргэн Энхбаясгалан, Дэмбэрэл /ТҮЦ/ болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

11:00-17:00 цагт: 12-р хороо Карьер, Блок, Хайрганы үйлдвэрүүд болон ВСММ ХХК-ийн 35 кВ-ын дэд станцуудаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчид,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

11:00-17:00 цагт: 4, 6-р хороо 10-р хорооллын 8/А, 10, 10/Е, 45, 45/1-45/6, 49, 49/7, 51, 51/1, 51/2, 52, 53, К/102-К/107, Сан-50, Элба-48, 101-113, 301-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

11:00-18:00 цагт: 2, 20, 25-р хороо 114-р сургууль, Жимобайлын станц, Эх нялхсын сувилал, Геологийн төв лаборатори, Зуслангууд, Орбит, Одонт, Малчин, Хайрханы гудамжууд, Эж эрдэнэ ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ:

10:00-13:00 цагт: Зуунмод сумын Дэнжийн 6-15-р гудамж

14:00-18:00 цагт: Зуунмод сумын Дэнж.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун: “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна

Эдийн засгийн эрдэмтэн, судлаач доктор, проффесор Л.Оюунтай ярилцлаа.


-Капитал банк дампуурсныг Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт зарласан. энэ зүй ёсных уу. эдийн засагч хүний хувьд та яаж харж байна?

-Хоёр талаас нь харж болно. Өрсөлдөөнт орчин байгаа үед өрсөлдөөний шалгарлаар дампуурлаа зарласан байж болно. Нөгөө талаас харвал банк өөрөө итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг их эмзэг салбар. Харилцагчдын итгэл алдарч төлбөрийн чадваргүй болох үндэстэй. Хүмүүс банкинд хадгалуулсан мөнгөө нэгэн зэрэг буцаан дуудах үед тухайн мөнгө зээлэнд байдаг учраас төлөх “чадваргүй” болж дампуурдаг. Капиталын хувьд дампуурсан нь өрсөлдөөнд ялагдаж гэж харж болох. Нөгөө талаас хариуцлагагүй ажиллажээ гэж дүгнэж болно.

-Арилжааны банкны үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьж ажилладаг вэ. Хяналтын явцад хаана, ямар алдаа гарав?

-Арилжааны банкинд хяналт тавих үүрэг Монголбанкинд байгаа. Санхүүгийн хороо, банкуудад хяналт тавьдаг агентлаг ажиллаж байдаг. Өнөөдрийн нөхцөлд Монголбанк арилжааны банкуудын дотоод хэрэгт орох хориотой. Зохицуулах хянах л үүрэгтэй.

-Дотоод үйл ажиллагаанд нь орох хориотой талаар та яриандаа дурдлаа. Монголбанк арилжааны банкуудын юуг хянаж ажилладаг юм бэ?

-Монголбанк төрийг төлөөлж байгаа. Төр хувийн хэвшлийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Өөрийнх нь бизнесийн орчинд оролцож болохгүй шүү дээ. Монголбанкинд арилжааны банкуудыг хянадаг хэлтэс газар гэж бий. Арилжааны банкуудын балансыг өдөр бүр л хянаж явдаг гэж болно. Арилжааны банкуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг мөрдөж ажилладаг юм. Шалгуур үзүүлэлт доголдоод ирэхэд л анхаарал хандуулах ёстой. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, валютын ханшны эрсдэлийг яаж байна, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ зэрэг төлбөрийн чадварыг хангахад нөлөөлдөг үзүүлэлтүүдийг нь хянаж ажиллана.

-“Капитал”-ыг дампууруулахгүйгээр авч үлдэх боломж байсан уу?

-Төлбөрийн чадваргүй болсон банкинд авч болдог хэдэн арга хэмжээ байдаг л даа. Нийгэмд хэр хэмжээний хор хохирол учруулахыг нь харж байгаад аргаа сонгодог. Манайд өргөн хэрэглэж ирсэн нь аль нэг банк руу шилжүүлж нэгтгэх арга л даа. Мөн “Капитал” банкийг худалдаж болох байсан. Энэ бол хамгийн хохирол багатай арга. Төрийн өмч болгоод авч явах боломж ч байсан. Эдгээр аргуудаас сонгохдоо гол нь тухайн банкны эдийн засагт эзэлж байгаа байр суурь, төлбөрийн чадваргүй болоход гарах хохирол зэргийг нь судлаад сонголт хийх боломж байсан.

-Дампууруулсан л гээд яриад байна. “Капитал” банкийг дампууруулах нь хэн нэгэнд ашигтай гэж үзэх хүмүүс олон байна лээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Банк эзэмшигчид хадгаламж эзэмшигчдийн мөнгийг яг хүссэн цагт хүссэн хэмжээгээр нь гаргаж өгөхийг төлбөрийн чадвар гэж хэлдэг. Нөөцийн данс нь төлбөрийн чадварыг хангаад явж байх ёстой. Үүнд Монголбанк өдөр тутам хяналт тавьж ажилладаг. Чанаргүй зээлийн хэмжээ 4-5 хувь хүрэхэд үйл ажиллагаа доголддог. “Капитал”-ын тухайд чанаргүй зээлийн хэмжээ 80 хувь хүртэл явчихсан байна лээ. Үүнд Монголбанк хяналт тавьж ажиллах үүрэгтэй. “Капитал” банк ч тэгээд гэнэт дампуурчихаж байгаа асуудал биш шүү дээ. Аль дээр 2015 оноос хойш л үйл ажиллагаа нь доголдож байгаа тухай мэдээлэл цацагдаж, ганц нэг салбар нь хаалгаа барьж л байсан. Энэ хооронд хяналт тавьдаг Монголбанк юу хийж байсан нь сонин байна л даа. Монголбанкны удирдлагуудад л тавих асуудал байх. Энэ нь “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна. Арилжааны банкууд улирал тутам тайлангаа олон нийтэд ил болгох үүрэг хүлээдэг. Энэ тайлан дээр санхүүгийн үзүүлэлтүүдийн явж байдаг. Энэ дээр худлаа үзүүлэлтүүд гаргаад байсан байна уу, эсвэл шалгуур үзүүлэлт нь доголдоод байсан уу гэдэг нь тусдаа асуудал гарч ирнэ. Үүнд л Монголбанк хариу өгнө дөө. Хэвлэл мэдээлэл банкуудын хяналтын хэлтсээс ямар хяналт тавьж ирснийг асуух бүрэн эрхтэй.

-Банк дампуурах нь эдийн засагт шууд болон шууд бусаар ямар хор хохиролтой вэ?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Нэг банк доголдоход банк системээрээ доголдох гээд байдаг. Банкинд итгэх итгэл буурна. Эргэлзээд мөнгөө татах магадлал өндөр. Системийн хямрал болох эрсдэлтэй. Эдийн засагт учруулсан хохирол нь харилцагчдаар нь дамжаад нөлөө үзүүлнэ.

-20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэдийн хөрөнгийг хадгаламжийн даатгалаас гаргуулах юм гэсэн. Илүүг нь хаанаас барагдуулах вэ. Эрүүл мэндийн даатгал болон Нийгмийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөг байсан талаар Сангийн сайд мэдэгдсэн шүү дээ?

-Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа манайд 2013 оноос эхэлж хэрэгжсэн. Хадгаламжийн дүнгийн хэмжээгээр хадгаламжийн даатгалын корпорацид төлбөр хураамж төлж ирдэг. Тэр утгаараа хуульд заасны дагуу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж иргэдэд олгогдоно. Үүнээс дээш давсныг цаг хугацааны хүлээлттэйгээр төлөгдөнө. Үүнийг Монголбанктай хамтарч “Капитал” банкнаас өр барагдуулах жагсаалт гаргана. Үүний дагуу л 20-иос дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэд хохирлоо барагдуулна. Цаг хугацааны асуудал бий. “Капитал” дампуурлаа гээд чанаргүй зээлдэгчид баярлах хэрэггүй. Төрийн банкны мөнгө “Капитал”-д байсан талаар Сангийн сайд дурдсан. АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын мөнгө ч “Капитал”-д байсан. Энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгдөнө гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа. “Капитал” банк эцсээ хүртэл хариуцлага хүлээнэ. Энэ хөрөнгийг барагдуулах үүрэгтэй.

-“Капитал”-ын нийт хөрөнгө эдгээр хохирлыг барагдуулахад талд нь хүрэхгүй гэх мэдээлэл байсан?

-АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын өрийг “Капитал” банк төлж чадахгүй бол сонгосон субьектүүд өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Хэн ч тэднийг албадаагүй шүү дээ. Өөрсдөө л сонгосон. Эхний ээлжид иргэдийн хохирлыг барагдуулах ёстой. Даатгалын сангуудын мөнгө эрсдэлтэй байна л даа. Энэ мөнгийг төсвийн мөнгөнөөс гаргаж таарах байх. Гэхдээ буцаан төлөх нөхцөлтэйгөөр гаргах байх. Сангууд яагаад үйл ажиллагаа нь доголдсон байсан “Капитал”-ыг сонгосон талаар сайтар судлах хэрэгтэй. Төрийн мөнгийг “Капитал” банк эргэлдүүлсэн байж таарна. Энэ бүхнийг сайтар судлах биз. Үүний дараа хариуцлага яригдана. Хувьцаа эзэмшигчид төлнө. “Капитал” дампуурсан нь тэдний хариуцлагатай холбоотой.

-“Капитал” банкны хохирогчид хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг битүүмжилж бусдын нэр дээр шилжүүлэхийг хориглохыг шаардсан байсан. Эздийн хөрөнгийг хадгаламж эзэмшигчдийн хохирол барагдуулахад зарцуулах эрх зүйн үндэс бий юу?

-Энэ асуудал хөндөгдөнө. Эрх зүйн үндэслэл байгаа. Хувьцаа эзэмшигч нь 2015 оноос өмнө ямар хөрөнгөтэй байсан, үүнээс хойш ямар хөрөнгөтэй болсныг шалгаж тогтоогоод хураах хэрэгтэй. Болж өгвөл төрийн мөнгөнөөс зарлагадалгүй хохирол барагдуулах хэрэгтэй. Төсвөөс авбал муу жишиг тогтно.


Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай, Дипломат харилцаа тогтоосны ой тэмдэглэх тухай, Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай, Зүүнбаян-Ханги, “Богдхан” төмөр замын талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх боломжтой боллоо

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” ийн хүрээнд Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд зориулсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээ ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой юм.

Хэрвээ иргэн Та өөрийн биеэр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлөх бол Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд, татвар төлөх салбар төвүүдийн татварын албаны байцаагчид хандан банкинд дугаарлахгүйгээр банкны карт уншигч буюу ПОС машин төлбөрөө төлж цаг заваа хэмнэх боломжтой боллоо.

Татвар төлөх ажлыг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдээс гадна дараах салбар төвүүдэд нэвтрүүлэн ажиллаж байна.

  1. Нийслэлийн Татварын Газар
  2. БЗД-ийн авто оншилгооны төв
  3. Авто тээврийн үндэсний төвийн “5 ган” салбар
  4. БГД-ийн авто оншилгооны төв
  5. СХД-ийн авто оншилгооны төв
  6. Авто тээврийн үндэсний төвийн “Цирк” салбар
  7. Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбар
  8. Авто худалдааны цогцолбор 22 товчооны салбаруудаар тус тус татвараа төлөх боломжтой гэж Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Ч.Анхбаяр: Монголбанкны зүгээс “Капитал” банкийг хангалттай дэмжсэн гэж ойлгосон

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Ч.Анхбаяртай ярилцлаа.


-“Капитал” банкны дампуурлыг судлаачийн хувьд юу гэж харж байна вэ?

-Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлд тухайн банк санхүүгийн тайлан бусад мэдээллээ олон нийтэд ил тод байлгах үүрэгтэй гэж заасан. “Капитал” банкны хувьд сайн ажиглавал 2004 оноос хойших санхүүгийн үзүүлэлтүүд веб сайтан дээр нь байршуулагдаагүй. “Капитал” банкны санхүүгийн байдал муудах нь гэсэн ойлголт миний мэдэхийн 2006 оноос эхлэн сонсогдох болсон. Ер нь банкны санхүүгийн хүндрэлийн суурь шалтгааныг харвал актив, пассивын удирдлага, түүний бодлогын алдаанаас үүдэлтэй гэж болно. Тухайлбал, бусдаас татсан нийт эх үүсвэрийн 50 орчим хувь нь Засгийн газар, төрийн байгууллагын харилцах хадгаламжаас бүрдсэн.

Зээлийн багц талаас нь авч үзвэл иргэд, байгууллага руу чиглээгүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчид гэх мэт хямралд өртөмтгий чиглэлийн бизнесүүдэд зээл олгосон дүр зураг харагддаг. Үүнээс үзэхэд актив, пассивын бодлогын алдаа нь харагдсан. Хоёрдугаарт, бодит эдийн засгийн нөхцөл байдлыг зөв тооцоод эрсдэлээ үнэлсэн салбаруудад зээл олгосон үгүй нь эргэлзээтэй. Яагаад гэхээр нийт зээлийн 80 хувь нь чанаргүй болно гэдэг өөрөө осолтой. Миний мэдэхийн 50 хувиас гараагүй банкууд байдаг. 80 хувь дээр ОУВС-гийн активыг үнэлэх үнэлгээний нөлөө орсон байж болох юм.

-Мөнгөө хадгалуулсан иргэдийн хувьд нөхцөл байдал хаашаа эргэх вэ, мөнгөө олж авч чадах уу гэдэгт гол анхаарлаа хандуулаад байна?

-20 сая хүртэлх төгрөгийг Хадгаламжийн корпорациас гаргуулж авах боломжтой. Үүнээс дээш мөнгийг үндсэндээ Монголбанкны эрх хүлээн авагч зээлийн ажиллагаанаас хамаарна. “Капитал” банкны зээлдэгчид зээлээ бүрэн төлнө. Үүнийг хуулийн байгууллагууд бүрэн төлж барагдуулна. Хугацааны хувьд уртасч 2-3 жил болохыг үгүйсгэхгүй. Зээл төлөлтийн хэмжээгээрээ хадгаламж эзэмшигчдийн хохирол барагдана.

-Монголбанкны зүгээс “Капитал” банкинд туслалцаа үзүүлэх биш, эсрэгээрээ эрсдэл рүү түлхсэн гэх яриа байна. Энэ хэр бодитой юм бол?

-Монголбанк санхүү, банкны системийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Энэ тогтвортой байдлыг хэмждэг өөрийн гэсэн үзүүлэлттэй. Үүнийг банкны зохистой харьцааны үзүүлэлт гэж нэрлэдэг. Тухайлбал, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувиас их байх ёстой. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувиас их байх. Зээлийн чанаргүйдэл таван хувиас бага байх ёстой гэсэн заалтууд бий. Монголбанк сар болгон санхүүгийн шалгалт хийгээд албан тоот явуулдаг. Тэдгээр албан тоотуудыг харвал салбарын дундажтай харьцуулахад тухайн банк хаана явааг урьдчилан үнэлдэг. Мэдээж болохгүй зүйлсийг болгох талаас тодорхой хугацаа өгдөг. Түүнчлэн Банкны тухай хуулиараа хүндрэл илэрсэн үед түүнээс гарах тодорхой хугацаатай төлөвлөгөөг гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Монголбанкны зүгээс боломж, хугацаагаар хангалттай дэмжсэн гэж ойлгосон.

-Олон нийтийн дунд “Капитал”-ын дампуурлыг улстөрчид болон нэр бүхий хүмүүстэй холбож ярих болжээ. Үүнийг та юу гэж харж байна. Дампуурлаас хэн хожих вэ?

-Онолын хувьд банкны дампуурлаас зээлдэгчид хожино гэсэн ойлголт бий. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явахаар хүүгээс чөлөөлөгдөх хандлага бий. Ямар тохиолдолд зээлээ төлөхгүй байдал үүсдэг вэ гэхээр хүндрэл бий болох нь гэсэн шуум дэгдэхэд юм. Томоохон улстөрчид гэдэг талаас мэдэх зүйл алга. Тодорхойлох боломжгүй.

-Төрийн сангуудын мөнгийг яаж буцааж авах вэ?

-Монголбанкны эрх хүлээн авагч шийдлийг олж гаргах байх. Эрх хүлээн авагч ямар бодлого гаргасан түүнийхээ дагуу ажлаа хийх байх.

-Монголд хэд хэдэн банк дампуурсан. Тэгэхээр манай банкны тогтолцоо асуудалтай юм биш биз гэсэн хардлага төрж байна?

-Дампуурлуудыг цикл нөлөөгөөр нь авч үзвэл эдийн засгийн циклтэй төстэй. Эдийн засаг хүндэрсэн үед банкны салбар дагаад хүндэрдэг. Яагаад гэвэл зээл олгосон салбарууд нь хүндэрчихдэг. Банкуудын хямралыг аваад үзэхэд түрүүн хэлсэн актив, пассивын бодлоготой холбоотой. Хууль, эрх зүйн орчин харьцангуй сайжирсан. Банкны засаглал харьцангуй сайжирсан. Ялангуяа топ таван банкуудын хувьд. Засаглал сайжирч буйг эдгээр банкууд дээр хийсэн олон улсын үнэлгээний байгууллагын рейтингээр тодорхойлдог. Жижиг банкуудын хувьд харьцангуй эргэлзээтэй. Арилжааны банкууд тогтвортой эх үүсвэрийг татах ёстой. Тэр нь тодорхой хугацаатай. Хугацаандаа нийцүүлж эрсдэлээ тооцож зээлээ олгоно. Аль болох эрсдэл багатай, зээлийн өгөөж өндөртэй байх салбарууд руу чиглэж зээл олгох ёстой. Жишээлбэл, “Капитал” банкны хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь 0.5 хувь. Энэ тоо 25 хувь байх ёстой. 0.5 хувь гэдэг нь анхны шаардлагаар харилцагчийн мөнгийг гаргаж чадахааргүй гэсэн үг. Дээр нь төрийн эх үүсвэр талд оруулсан мөнгө тогтвортой юу гэдэг нь эргэлзээтэй. Жишээлбэл, Хөгжлийн банкны мөнгө гадагшлаад явчихсан. Гэтэл энэ бас л тогтворгүй эх үүсвэрийн бүтэцдээ орно. Эх үүсвэрээ аваад үзвэл хадгаламж эзэмшигчийн топ 20 нь нийт хадгаламжийн хөрөнгийн хэдэн хувийг эзэлж байна вэ гэдэг нь чухал үзүүлэлттээ ордог. Хэрвээ ганц, хоёр хадгаламж эзэмшигчээс тухайн банк хамааралтай байвал эмзэг байдал руу түлхэх хүчин зүйл болдог.

-“Капитал” банкны дампуурал арилжааны банкуудад ямар дохио өгөв?

-Өмнө нь аргалах маягаар явж ирсэн банкуудад хариуцлага ирж байна. Монголбанк санхүүгийн хариуцлага, сахилга батыг тогтоогоод эхэллээ гэсэн мессэж бусад банкуудад очно. Өөрөөр хэлбэл, банкууд өөрсдөдөө стресс тестийн үнэлгээ хийж байх. Энэ нь болзошгүй хамгийн муу тохиолдлуудаар үзүүлэлтүүдээ муутгаж, тэр тохиолдолд Монголбанкны зохистой харьцааны үзүүлэлт яаж доройтож байгааг гаргаж ирнэ. Монголбанкнаас эрх хүлээн авагч төлөөлөгч ирэх үү, үгүй юу гэдгийг шалгадаг юм. Тэгэхээр “Капитал” банкны тоо жишиг үзүүлэлтүүдийг харуулчихлаа. Стресс тестийн үнэлгээг даахгүй бол одооноос эхлэн зээл, эх үүсвэрийн бодлого дээр томоохон өөрчлөлтүүд орж ирэх боломжийг бүрдүүлчихэж байгаа юм. Монголбанкны зүгээс урьдчилан илрүүлэх үзүүлэлтүүд дээрээ сайн ажиллаж байна гэж харж байгаа.

-Санхүүгийн тогтвортой байдал гэхээр иргэд нэг ч банк дампуурахгүй байх ёстой гэж хардаг. Үүн дээр та товчхон тайлбар хийхгүй юу?

-Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь үзүүлэлтүүд тогтвортой өснө гэсэн үг биш. Энэ дотор гэнэтийн болзошгүй хүчин зүйл бий болоход түүнд савлахгүй байхыг хэлнэ. Тэгэхээр банк итгэлцэлийн байгууллага. Гэхдээ жишээлбэл, “Капитал” банкны үйл явц салбарын хэмжээнд нөлөөлж чадахгүй. Яагаад гэвэл салбарын топ банкуудын үзүүлэлтүүд их сайн байгаа. Тэгэхээр топ банкууд руу чиглэсэн Монголбанкны зохистой харьцаа чиглэгдэж буйгаас санхүүгийн салбар тогтвортой байгаа нь харагдаж байгаа юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт зураглаач Ойдовын Уртнасангийн охин Сарантуяа: Аавын минь “Ардын элч”, “Өглөө”, “Их говийн дархан газар” зэрэг кинонууд олон улсын шагнал хүртсэн

“Миний аав” булангийн зочноор Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн охин У.Сарантуяаг урьж ярилцлаа. Тэрээр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирлаар ажилладаг. Нэрт зураглаач О.Уртнасан гуайг бид “Ардын элч”, “Алтан өргөө”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг Монголын алтан үеийн шилдэг кинонууд, мөн “Хангайд”, “Говьд”, “Аргаль угалз”, “Хавтай”, “Хулан” тэргүүт баримтат киноны охь дээжис болсон шилдэг бүтээлүүдээр нь мэдэх юм.


-Танай аавын 90 жилийн ой өнөө жил тохиож байна. Уртнасан гуай саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан Монголын урлагийн алтан үеийнхний нэг. Аавын тань удам судар ус нутгаас яриагаа эхлэх үү?

-Аав минь 1929 оны могой жилийн хавар одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Ж.Ойдовын гурав дахь хүү болон төрсөн. Тогтох, Алтангэрэл гэдэг хоёр ахтай, Сумъяа, Сосорбарам гэдэг хоёр бүсгүй дүүтэй. Аавыг хэдхэн сартай нялх байхад нь арганд хийж тэмээнд ачаад нүүж явжээ. Тэгэхэд яагаад ч юм аав арагнаасаа ойчсон боловч бэртэж гэмтээгүй гэдэг. Нүүдлийн замд нутгийн нэгэн лам тааралдаж “Хийморьтой хүн болно, Уртнасан гэдэг нэр өг” гэсэн юм гэнэ лээ. Нутгийнхаа жаал Гомбо гэж хүний цуут хурдан хүлэг хүзүү борлог гэж морийг аав минь багадаа унаж байжээ. Гучин долоон онд Өмнөговь аймгийн наадамд хүзүү борлогоо унаж түрүүлээд бөөн баяр хөөр болж байсан гэдэг.

Хожим наяад онд хүзүү борлог морины хөшөөг Дэлгэрхангай суманд босгож байсан. Өвөө Ойдовыг нутгийнхан нь Ом гэж авгайлна, үр хүүхэд ач зээ бүгд тэгж дуудна. Аавыг бага сургуулиа онц дүнтэй төгссөн болохоор өвөө баярлаж, үүнийг л эрдэм номтой хүн болгоё гэж хэдэн хонь туугаад, ганц тэмээн хөсөгтэйгээр хүүгээ сургуульд оруулахаар хот руу иржээ. Найм хоног явж байж хотын бараа харсан гэдэг. Ом өөрийн төрсөн дүү Дарамынд аавыг суулгасан байна. Дарма ах уран сайхны хүрээлэнгийн анхны даргаар ажиллаж байхдаа Чойбалсан, Цэдэнбал нартай ам зөрсөнөөс болж нам засгийн даалгавар биелүүлээгүй гэгдэн зургаан сар шоронд суугаад гарсан үе нь байж. ЗХУ-ын КУТВ төгссөн, Өмнөговийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан тухайн үеийн цөөхөн сэхээтнүүдийн нэг. Монгол Улсын төрийн шагналт зохиолч Батбаярын аав шүү дээ. Дарма ах аавыг унадаг дугуйнд сундлан Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр сургуульд хүргэж өгсөн түүхтэй.

-Кино урлагтай холбогдсон түүхийг нь сонирхуулбал?

-Багаасаа л кино урлагт чин зүрхнээсээ сонирхолтой байж. 1945 оны намрын нэгэн өдөр кино үйлдвэрийн хаалгыг онгойлгоод, шат руу олон хүүхэд гүйж байгаагаар кино зураг авч байхыг үдийн туршид харж зогссон гэдэг. Хожим мэдэх нь ээ тэр нь “Цогт тайж” кинонд Цогт хунтайжийн эх хүүхдүүдэд ном заадаг хэсгийг авч байсан юм билээ. Дарма ахын найз цэргийн сурвалжлагч, зохиолч Дэчингунгаа гуайн эхнэр Шархүүхэн “Цогт тайж” киноны монтажчинаар ажилладаг байсан тул аавын сонирхлыг мэдэж кино зураг авдаг хүнтэй танилцуулж өгнө гэж ам гарчээ. Тэр хүн нь “Монгол киноны тэргүүн жанжин” гэгддэг домогт Дэжидийн Жигжид гуай байсан. Жигжид гуай аав хоёрын багш шавийн барилдлага эртнээс эхтэй. “Жигжид багшийн хөдөлмөрч, уран бүтээлч зан чанар намайг түүний туслахаар ажиллах хугацаанд их нөлөө үзүүлсэн” гэж хэлдэг байв. Багш ажилд хариуцлагатай, шаардлагатайгаас гадна нэлээд ууртай дураараа хүн байлаа гэнэ. Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадмын тухай баримтат кинонд дуу оруулахад зохиолч Дашзэвэгийн Сэнгээ гуай тайлбарыг нь бичээд өөрөө уншиж л дээ. Тэр үед соронзон хальс гэж байгаагүй, дууны хальсанд шууд бичдэг байсан гэнэ. Сэнгээ гуай бичлэгийн дундуур буруу үг хэлчихэж . Тэгтэл Жигжид гуай учир зүггүй уурлаж “Чиний Москвагаас радиогоор сүрхий ярьдаг мундаг зохиолч чинь алив” гээд загнаж гарчээ. Сэнгээ гуай дуугүй сонсож байснаа

“Эзэн Чингисийн үед

Эрлэг баймаар Жигжид

Эзгүй хээр газар

Зэрлэг баймаар Жигжид” хэмээн хэлсэнд нь Жигжид гуай инээсэн гэдэг. Кино үйлдвэрийнхээ олон сайхан буурлыг аав минь дурсах дуртай. Ёндонсамбуу гэж жижиг хэрэглэл, хувцас эд зүйлийг хариуцдаг хүнийг аав их хүндэтгэнэ. “Цогт тайж”, “Сүхбаатар” кинонд хэрэглэж байсан хувцас хунар, зэр зэвсгүүдийг төрөл ангиар нь нямбайлан хураадаг байсныг нь ярьдаг юм. Ёндонсамбуу гэж тэр хүн “Сүхбаатар” киноны хилийн харуул гамингийн дүр, “Цогт тайж”-ийн “Саваагүй нохой саранд хуцна” гэж хэлдэг дүр, “Сэрэлт”-ийн хоршоо даргын дүрийг бүтээсэн. Өдгөө бараг л 85 жилийн түүхтэй Монгол кино үйлдвэр аавыг туслахаар орж байхад байгуулагдаад 12 жил болж байсан гэхээр аав минь аргагүй л алтан үеийн хүн болж таарна. Кино үйлдвэрийн лабораторийн эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн С.Эрдэнэ гуайгаас хор найруулах, хальс угаах, буулгахыг асуудаг байжээ. Нэг өдөр Эрдэнэ гуай хорондоо хуруугаа хийгээд амсаж байх юм гэнэ. Хоёрдугаар хорны сайн мууг шалгаж байгаа нь тэр. Аав мөн ялгаагүй, хорондоо хуруугаа хийгээд амсана. Их гашуун бол хор сайн байна гэдэг. Хальсыг харанхуйд 30-35 метрээр жаазлан хоронд дүрж, гараараа угааж дүрс тодорсны дараа хоёрдугаар хоронд бэхжүүлж, усанд сайн угаасны дараа том дугуй дамарт орооно. Ийм маягаар л “Цогт тайж” киног хийжээ. Уг киног ямар аппаратаар авч, хальсыг хэрхэн боловсруулсныг орчин үеийн аппарат хэрэгсэл, технологитой даанч зүйрлэхийн аргагүй дээ гэдэг сэн.

-Оюутан цагийнх нь он жилүүдийн тухай ярихгүй юу?

-Тавин хоёр онд аав төрийн шагналт ардын жүжигчин Ц.Намсрайжав, гавьяат жүжигчин Н.Лхасүрэн, зураач, барималч Л.Махвал нарын хамтаар хойшоо сургуульд явсан байдаг. Жигжид багш нь, Кино үйлдвэрийн дарга Гомбосүрэн гуайн хамт усны гудамжаар дагуулан явж, өргөн чөлөөний хятад гуанзанд люванз хоолоор дайлан гаргаж өгсөн түүхтэй. Москвад очоод Ленинградын кино инженерийн ангид хуваарилагджээ. Орос хэл сурч, зөвхөн киноны тухай үзэхээс гадна дэлхийн соёл шинжлэх ухаан, урлагийн түүхийг судалж, асар их уншсан хүн. Энэ тухайгаа наргиантайгаар хэлдэг. Дүрслэх урлагийн түүхийн лекцийн дараа нэг хөөрхөн орос бүсгүйгээс саяын үзүүлсэн зурагны нэрийг асуутал Рембрандтынх гэхээр нь ийм нэрийг анх удаа сонсож байна гэж үнэнээ хэлжээ. “Бүх холбоотын киноны дээд сургуулийн оюутан байж Рембрандтыг мэдэхгүй байх даа яадаг юм” гэж өнөө бүсгүй нь гайхан асууж л дээ. Үүнээс улбаалаад дэлхийн соёл, түүхийг их уншсан байдаг. Юм мэдэхгүй байна гэдэг шившиг шүү гэнэ. 1953 оны гуравдугаар сарын гурванд манай том ах төрсөн. “Хүү төрлөө” гэх цахилгаан очиход аав бөөн баяр болно биз дээ. Яг тэр мөчид оюутнууд нь нэг зүйлийг хоорондоо нууцлан шивнэлдээд байсан нь Сталин нас барсан байжээ. Зөвлөлүүдийн баганат ордонд Сталинтай салах ёс гүйцэтгэсэн байна. Гудамж талбай хаасан машины доогуур мөлхөхдөө мөлхөж, давахдаа давж, цагдаа нарт бороохойдуулсаар оройн долоон цагт баганат танхимд орсон гэдэг. Бүдэг гэрлийн дор Сталины шарилыг байрлуулж, хүндэт харуул зогсчээ. Энэ танхимд мөн Маршал Чойбалсанг эцсийн замд үдсэн байдаг юм. Ингэж аав минь анхны хүүгээ төрсөн баярт цахилгаан хүлээн авсан өдрөө Сталинтай салах ёс гүйцэтгэсэн байдаг. “Орос найзууд минь мэдээж гунигт автсан. Надад бол хүү төрсөн гэдэг хамгийн баярт мөч байлаа” хэмээн дурсдаг. Хамт сурдаг чех залуус нь оргилуун дарс задалж баяр хүргэжээ.

-Уртнасан гуайн амьдрал Монголын хангай, говьд өнгөрсөн шиг санагддаг юм. Ёстой нөгөө “хээрээр гэр, хэцээр дэр хийж” явж байж Монголын онгон дагшин байгаль, ховор ан амьтдын зураг хөргийг авч алтан сан хөмрөгт үлдээсэн ийм л түүхэн гавьяатай хүн. Тэр бүгдийг нэгд нэгэнгүй ярина гэдэг боломжгүй. Мазаалайн зургийг авсан тухайд нь асуумаар байна?

-1965 онд Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба аавыг дуудаж “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тус биш ус”, “Цэнгэлийн дуун” зэрэг бүтээлүүдийг нь үнэлж буйгаа дурдаад “Бидний бүтээж буй гоёчилсон, үзэл сурталжсан киног дэлхийн үзэгчид хэрхэн хүлээж авч байгааг би мэдэхгүй. Сайн хүлээж авахгүй л болов уу. Харин манай орны байгаль, ан амьтны тухай баримтат киног ихэд таашаах нь мэдээж. Ихэнх улс орон ан амьтан, онгон байгалиа цөлмөсөн, муухан уран сайхны киноноос Монголын байгаль ан амьтны тухай кино хийх нь дээр” гэж хэлсэн байдаг. Лодойдамба гуай өөрөө хөөцөлдөж байж франц, герман дуран авчруулж, унаа тэргээр хангасан. Аргагүй холыг хардаг, төрийн ноён нуруу болсон, соёлын нэрт зүтгэлтэн байжээ. Аавын минь Монголын баримтат киноны түүхэнд алтан үсгээр бичигдэх энэ их өндөр гавьяа Лодойдамба гуайтай холбоотой гэж хэлэх байна. Мазаалайн тухайд гэвэл, 1960 онд “Манай орон” кино хийх үеэр Сэгс цагаан Богд уулын ард орших Эхийн голын баян бүрдэд сууж байсан Бадарч гэдэг өвгөн “Мазаалай энэ нутагт бий, газарчилж өгч болох л юм” гэж хэлсэн байдаг. Түүнээс таван жилийн дараа “Эртний нутгийн солонго” киног бүтээхээр говиор явж Говь-Алтайн Цогт сумын нутаг Захуйн говь, Ээж хайрхан ууланд зураг авч байх үед Бумдарь гэдэг хөгшин “Энэ худгийн уснаас мазаалай хааяа ундаалаад явдаг юм” гэж ярьсан гэдэг. Тэр хөгшин хоёр гурван илжиг, хэдэн хар ямаатай, нэг насаараа ганц бие амьдарчээ. “Та нарын асуугаад, эрж сураад байгаа майга хүрэн чинь надаас ерөөсөө айдаггүй. Харин манай хэдэн ямаа ишиг л учиргүй үргэдэг юм” гэж хэлчихээд илжгээ услахаар явсан тухай дурсдаг. Аав минь мазаалайн зургийг кино хальсанд буулгах хүсэлдээ автаж “говийн мазаалайг хангайн анч нохой хааш нь гаргах вэ” гээд Хэнтий аймгийн Биндэр сумын хашир анчин Лувсанг хоёр нохойтой нь аваад явж байсан. Кино үйлдвэрээс “ГАЗ-69”, “ГАЗ-53” машин гаргаж өгч байсан. “Уртнасан гуай, миний зургийг ав гээд мазаалай зогсож байх юм уу, тийм илүүдээ гарсан мөнгө хөрөнгө байхгүй шүү” гэх зэргээр зарим хүмүүс дургүй л байж. Мазаалайн зураг авах гэж Эдрэнгийн нуруу, Майхан усаар дайрч, Хар хайрхныг хөндлөн гарч Аж Богд хүрч байжээ. Тэндээс Атас Чингэс уулсыг чиглэн эрлээ үргэлжлүүлж Сэгс цагаан Богд орсон нь бий. Шувуу ч үзэгдэхгүй Алтайн цаадах говь цөлд олон хонохдоо уух усаа хэмнэж нүүр гараа ч угаахгүй, бөөстөхөд хүрч байсан удаатай. Хоол хийсэн тогоогоо нохойгоороо долоолгон цэвэрлүүлж цайгаа чанаж байсан гэдэг. Усаа тэгж л гамнаж байжээ. Жаран зургаан онд бүтээсэн “Говьд” гэдэг кинонд нь мазаалайн дүрс 40 секунд хэртэй харагддаг юм. Наян таван онд Баянхонгорын нутаг Шархулстын баян бүрдээс хориод километр зайтай орших Цагаан чулуут гэдэг газар мазаалайн явсан зам мөр дээр хулан агнаж идэж тавин зураг авсан байдаг. Тэрхүү мазаалайн дүрсийг найруулагч Навааны “Эрэлчин” мөн өөрийнхөө бүтээсэн “Ээж хайрхан” кинондоо оруулсан. Энэ мэт “Хавтгай”, “Хулан”, “Аргаль угалз” зэрэг олон баримтат киноны зургийг аав минь Монголынхоо 33 говийг туулж халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явж авсан.

-Аавыгаа хөдөө гадаа олон сар хоногоор явахад нь их санана биз?

-Аавын минь хэлдгээр манай гэр бүлд амьдралын туршид бие биеэ хүлээсэн он жилүүд олонтаа үргэлжилсэн. Үндсэндээ хүлээлтийн он жилүүд аавыг тухайн үеийн ЗХУ-д сургуульд явахаас эхэлсэн нь мэдээж. Ээж минь аавыг сургуулиа төгсөөд ирэхэд хүү, охин хоёрыг нь төрүүлж өсгөөд мөн гэдсэндээ намайг тээгээд угтсан гэдэг. Карловы Варын кино наадамд оролцоод ирэхэд нь би төрж байсан. Үндсэндээ аавыгаа дэлхийд нэртэй киноны тэр мундаг сургуулийг төгсөөд ирэхэд нь би мэндэлсэн. Ингэж монгол урлагтай амин жишмээр холбогдсон гэж бахархалтайгаар боддог. Монголын урлагийн алтан үеийн бурхдын дэргэд бидний бага нас өнгөрч дээ. Дамбадаржаагийн тэнд “Өглөө” киноны зургийг авахад Сүхбаатарын дүрийг бүтээсэн Цэвэлийн Дашнамжил гуай, мөн Янжмаагийн дүрийг бүтээсэн Нямаа нарыг дэргэдээс нь хараад зогсож байлаа. Ер нь биднийг нэг нэгээр нь дагуулж киноны зургийн талбайд очдог байсан. “Алтан өргөө” киноны захын үйл явдал харуулсан хэсгийн зургийг Сонгинын булан хавьд авч байхдаа Уламбаяр ахыг дагуулж явсан. Тэр өдөр их халуун, олон хүн оролцсон зургийн үед ахын нүдэнд өт цацчихсан байна. Зураг авч байхдаа ахыг уйлаад байхаар нь хүмүүс зөвлөсний дагуу гаансны бохь нүдэнд нь хийлгэчихэв. Хүүгийнхээ нүдэнд бохь хийж сохлох нь уу гэж ээжид загнуулсан удаатай. Бас нэг удаа ахын шүд өвдөхөөр нь аав дагуулаад явж л дээ. Тэгтэл эрүүл шүдийг нь авахуулчихаад гэртээ ирж байсан.

Аавыг томилолтоос ирэхэд содон сонин үйл явдал дүүрэн угтана. Нэгэн удаа хөдөө сар гаруй яваад ирэхэд жигтэйхэн баяр хөөртэй угтсан. Том ах маань өөрийн зохион бүтээсэн онгоцоо хөөргөж нисгээд уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн, дипломоор шагнагдсан, Унгарт пионерийн зусланд амрах болсон юм. Мөн нэг удаа ирэхэд нь миний бичсэн өгүүллэгүүд зурагтайгаа “Соёл, утга зохиол” сонинд гарчихсан байсан. Бас нэг инээдэмтэй дурсамж байдаг юм. Аавыг хөдөөнөөс ирэхэд нь бид тойрч зогсоод бүх хувцсыг нь нэг дор бөөгнүүлэн тавиад усанд оруулдаг. Түүний дараа л аав гал тогооны өрөө рүү орно. Нэг удаа шувууны зураг аваад буцаж ирэхэд хувцас хунарт нь шувууны жижиг хар бөөс үсрээд биеэр нь бөөсөнд хазуулсан гувруу дүүрэн туурчихсан байж билээ. Ээж маань “Хүний ажил амьдрал сонин юм шүү. Олонх нь хот суурин газар киногоо авч цөөн хоногоор хөдөө явж байхад та л гэж ингэж жилийн ихэнх хугацаанд халууцаж, өвдөж, зовж явах ч гэж дээ” хэмээн эхэн үедээ хэлдэг байжээ. Цөхөрсөн ч юм уу сүүлдээ тэр тухай ярихаа больсон. Энэ дашрамд ээж С.Ямаахайн тухай цөөн үг хэлье. Монголын эрүүлийг хамгаалах салбарт нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, анагаах ухааны хүрээлэн, нэгдүгээр төрөх зэрэг байгууллагад 30 гаруй жил ажилласны зэрэгцээ 1969 онд анагаах ухааны дэд докторын зэрэг одоогийн Санкт Петербург хотноо хамгаалсан эрдэмтэн юм. Монголд зүрхний мэс заслын профессор Шагдарсүрэнгийн удирдлага дор эхлэн ажилласан анхны эмч нарын нэг. Эмнэлгийн оношлогоонд асар их үүрэг гүйцэтгэдэг биохимийн нарийн шинжилгээг Монголд нэвтрүүлсэн эмч гэдгийг тус салбарынхан андахгүй. Ээж минь “Үер” киноны Молом зангийн эхнэр Нямаагийн дүрийг бүтээж залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн. Миний дүү Сарангэрэл Молом зангийн охины дүрд мөн тоглосон юм.

-“Ардын элч”, “Өглөө” уран сайхны кинонууд мөн “Их говийн дархан газар, “Говьд”, “Хангайд” бүтээлүүд нь олон улсын шагнал хүртсэн байдаг?

-Хамгийн анх “Наадам” гэдэг кино нь тавин долоон онд олон улсын оюутан залуучуудын кино наадмаас тэргүүн байр эзэлж байсан. Таны нэр дурдсан кинонуудаас гадна “Манай оронд” бүтээл нь Ази Африкийн орнуудын кино наадмын Патрис Лулумбын нэрэмжит “Мөнгөн хүүхэн” шагнал, “Хар хөрсний булга” бүтээл нь Ташкентад болсон олон улсын наадмын хүндэт шагнал хүртэж байсан. Аав минь уран сайхны кино, баримтат кино тэр дундаа төр засгийн болон байгаль ан амьтан, спорт гээд олон сэдвээр XX зууны Монголыг дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн гавьяатай. Кино зураглаачийн хувьд энэ ертөнцийн олон орноор явсан. Бал дарга, Самбуу нарыг гадны арав гаруй оронд айлчлахад аав хамт явж баримтат кино бүтээж байсан. Г.Маленков, Н.Хрущёв, К.Ворошилов, Л.Брежнев нарын тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч, хүндтэй эрхмүүд мөн Ардчилсан Германы В.Пик, Унгарын Я.Кадар, Вьетнамын Хо Ши Мин, Энэтхэгийн Ж.Неру, Индира Ганди гээд олон орны төр засгийн тэргүүн улс төрийн зүтгэлтнүүдтэй нүүр тулан уулзаж явсан. Жараад оны дундуур “Хангайд”, “Говьд”, “Ан” гэсэн баримтат кинонуудыг бүтээсний төлөө Ч.Лодойдамба гуай баяр хүргэж “Хөдөө хээр говьд ядарч, өлсөж цангаж, зүдэрч бүтээсэн бүтээлийн шан болгож шаахайг чинь гурван удаа сольж өгнө” гэсэн юм билээ. Гурван удаа гадаад явуулахаа хэлсэн нь тэр байж. Тэгээд Мексик улсын Мехико хотноо болсон зуны XIX олимпийн тоглолтыг сурвалжлах өөрийнх нь хэлснээр азтай томилолтыг гардсан түүхтэй. Монголын тамирчдаас Жигжидийн Мөнхбат аварга мөнгөн медаль анх хүртсэн тэр олимпийг аав минь сурвалжилсан. Дараа нь далан зургаан онд Канадын Монреалийн олимпийг мөн сурвалжилсан. Зэвэгийн Ойдов гуай мөнгөн медаль хүртсэн олимп.

Сонирхуулахад, “Наадам” киноны анхны эх тайлбарыг тэр үед Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сурч байсан Бэгзийн Явуухулан гуай бичсэн байдаг. Ер нь аав Монголын соёл урлагийн үе үеийн авьяас билэтнүүдтэй ойр дотно явсан. Чимид, Ванган гуай хоёрыг ихэд дурсаж ярьдаг байлаа. Өөрийн дараа үеийн уран бүтээлчдээс төрийн шагналт Бэгзийн Балжинням гуайг үнэлдэг байлаа. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонууд бол уран сайхны болон техникийн талаар кино хөгжсөн орнуудын зиндаанд хүрсэн гэж хэлдэг байсан. Олон ч хүнийг кино урлагт татаж оруулсан байдаг. Тэдний нэг нь урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Халтарын Дамдин гуай юм. Мөн төрийн шагналт зураглаач Л.Шаравдорж гуайг таньдаг хүн нь дагалдангаар аваач гэхэд нь “Танай дүү чинь маанаг юм уу, дуугарч өгөхгүй хаашаа юм” гэж хэлж байсан гэдэг. Тэр үгэндээ хожим ихэд гэмшиж байсан сан. Тангадын Галсан гуайн аавын минь тухай бичсэн “Эрлийн эзэн” гэж мундаг бүтээл бий. Ийм л сайхан аавын үр хүүхэд болж төрсөн дөө, бид. Ерэн насных нь ойг өргөн дэлгэр тэмдэглэхсэн гэж дор бүрнээ хичээж байна. Өсч төрсөн өлзийт нутаг Дэлгэрхангайд нь очиж баяр хийнэ. Мөн ирэх сарын нэгэнд театрын музейд аавынхаа үзэсгэлэнг гаргахаар зорьж байна. Нэгэн насны ухамсарт амьдралаа зориулсан бүтээлүүдийг нь Монголын ард түмэн үзэн баясаж, аавыг минь дахин халуун дотноор дурсаг ээ.


Categories
мэдээ нийгэм

Харцага одтой, хөх бич өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 13, Харцага одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6:00 цагт мандан, 19:44 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Баабарын “Анхаар, хүүхдээс хол байлга!” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг Өдрийн сонин”ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Анхаар, хүүхдээс хол байлга!” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүр байна.

Улс төрийн хоёр болон тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нартай хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэндээ нийгэм даяар олны анхаарлыг татаж буй асуудлын талаар хөндсөн нийтлэл сурвалжлагыг нийтлэн билээ. Тэгвэл энэ удаад УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн судлаач багш хяналтын прокурор Ph.D П.Эрдэнэбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Бээжинд болсон “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт хурлын үеэр манай улсын сайн чанарын коксжих нүүрсний үнэ буурахгүй гэсэн сайн мэдээ дуулджээ. Энэ талаар 13 дугаар нүүрнээс дэлгэрэнгүй уншаарай.

Мөн “Хэлэх эрхийн индэр”, “Сав шимийн ертөнц” зэрэг булангууд маань уншигчдынхаа гарт очиж байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг Өдрийн сонин”ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

ӨДРИЙН СОНИНӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Хакухо ​М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч байгаа бололтой.

даваажаргал зурган илэрцүүд

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч байгаа тухай зарим эх сурвалжид мэдээлэл гарлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт иргэншлээс татгалзах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Японы мэргэжлийн сумод 41 түрүү хүртэн, үнэмлэхүй амжилтын эзэн болсон их аварга Хакухо ийн Япон улсын иргэн болохоор шийдвэр гаргасан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн 4 ажилтан лаганд унаж амиа алджээ

Төв цэвэрлэх зурган илэрцүүд

Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр /2019.04.16/ ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алджээ. 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Холбогдох албаныхан шуурхай ажиллаж, 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна. Дээрх асуудлаар ЦЕГ-аас тодруулахад шалгаж байна гэсэн мэдээллийг өгсөн бол НОБГ-аас “Хэргийн газар аврах ангийн хоёр бүлэг ажиллаж байна. Урьдчилсан байдлаар лаг руу унасан” гэсэн мэдээлэл өгсөн байна.