Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймэр хил дамжин Монгол руу орж ирэх магадлалтай

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе 16-18 м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурах төлөвтэй байна. Өчигдөр /2019.04.16/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 24 м/с хүрч шуурсан нь хамгийн хүчтэй салхилсан тохиолдол болжээ. Гэхдээ байшин барилга, айлуудын гэр нурсан гэх мэдээлэл ирээгүй байна. Салхины хүч 28 м/с-ээс илүү нөхцөлд эд хөрөнгөд хохирол учруулах аюултай байдаг гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн хэлэв. Цаг уурчдын мэдээлснээр дөрөвдүгээр сард хур тунадас багатай, салхи шуурга их, цаг уур тогтворгүй байх аж. Тодруулбал, энэ сарын 18-н хүртэл ихэнх нутгаар агаар тогтуун байх бол 19-нөөс хойш нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай, хур тунадасгүй байх төлөв ажиглагджээ. Ийм нөхцөлд гал түймрийн аюул дэгдэж болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймагт гал түймэртэй байгааг тус газраас мэдээлэв. Мөн урд болон хойд хөршид ч бас хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюултай түвшинд байгаа учраас хил дамжин түймэр орж ирэх магадлалтай байгаа аж. Хэдийгээр цаг уурт зориудаар нөлөөлөх ажлыг орон нутагт эхлүүлсэн ч ихэнх нутагт хур тунадас орох магадлал бага, хэзээ орох нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэжил сонголт-аялал” төсөл эхэллээ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 103-р тогтоол “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхэд өсвөр үеийнхэнд ажил мэргэжлийн ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр сургалт, нөлөөллийн “Мэргэжил сонголт –Аялал” төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Энэхүү үйл ажиллагаанд алслагдсан дүүрэг хороодын ерөнхий боловсролын сургуулийн 1000 сурагч хамрагдах бөгөөд 2019 оны 04-р сарын 16- 09 сарын 16 хооронд зохион байгуулагдана: Төслийн хүрээнд сурагчдад мэргэжил сонголт болон амьдрах ухааны мэдлэг чадвар олгох сургалт зохион байгуулна. Сургалтаас авсан мэдлэгийн дагуу томоохон аж ахуй нэгж, үйлдвэр болон онцлогт байгууллагуудаар мэргэжил сурталчлах аялалд оролцох юм. Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгож Нийслэлийн 142 дугаар сургуулийн 150 сурагчийг хамрууллаа. Төслийн үйл ажиллагаа хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Ассанжид Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгожээ

“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид Европын парламентын нэр хүндтэй шагнал болох Мальта улсын сэтгүүлч Дафне Каруана Галициягийн нэрэмжит хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгожээ. Тэрбээр өөрөө баривчлагдаад байгаа учир түүнийг төлөөлж шагналыг нь Нобелийн шагналтан Мейрид Корриган гардан авсан байна. Энэхүү шагнал нь Европын парламентын нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд Ассанжийг Европын парламентын зүүний намын төлөөлөгчид уг шагналд нэр дэвшүүлжээ.

Дафне Каруана Галиция бол “Панамын баримт” нийтлэлийг бичсэнээрээ алдартай, төрийн өндөр албан тушаалтнуудын хүрээнд авлига цэцэглэж байгаа тухай үргэлж хурцаар шүүмжилдэг байсан эрэн сурвалжлах сэтгүүлч байсан юм. Түүнийг 2017 онд машинтай нь дэлбэлж хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Энэ хэрэгтэй холбогдуулан Жулиан Ассанж мэдээлэл өгсөн гэрчид 20 мянган евро өгнө хэмээн амлаж байжээ. Мальта улс энэ хэргийн эзнийг олж хэрэгтнийг шийтгэнэ гэж мэдэгдээд байсан ч одоог болтол ганц ч хүн уг хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байна. Европын парламент сэтгүүлч эмэгтэйн дурсгалд зориулж, сэтгүүлчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олгоог нэр хүндтэй шагналаа түүний нэрэмжит болгожээ. Дафне Каруана Галицияд уг шагналыг 2018 оны 10 дугаар сарын 23-нд нэхэн олгосон байдаг.

АНУ тэргүүтэй хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан “WikiLeaks” сайтыг Жулиан Ассанж 2006 онд үүсгэн байгуулсан. Швед улсад түүнд хүчингийн хэргээр эрүү үүсгэсний улмаас тэрбээр 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнох эрх хүссэн юм. Үүнээс хойш тэрбээр бараг долоон жил тус улсын ЭСЯ-нд нуугдсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2019.04.11/ Эквадорын ЭСЯ цаашид орогнуулахаас татгалзсаны дараа түүнийг баривчилсан юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Загдсүрэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшжээ

Өнөөдрийн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз/МҮОНРТ/-ийн Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 20 нэр дэвшигч байгаагаас гурвыг нь өнөөдрийн хурлаар баталж, маргааш УИХ-ын чуулганаар оруулах юм. Уг нэр дэвшигч дунд Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн багтжээ. Түүний хувьд шүүхийн маргаантай байгаа ч Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлсэн байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцдэг байна. Спортын салбараас Монголын үндэсний олимпийн хороог олон жил удирдаж яваа ч шүүхийн асуудалтай байгаа Д.Загдсүрэн нэрээ дэвшүүлсэн нь анхаарал татлаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 25-ны өглөө замын хөдөлгөөнийг бүрэн хаана

Дөрөвдүгээр сарын 25-нд зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм.

Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ.

Албан бичгийг Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “2017 онд баталсан Эрүүгийн хуулийг шүүмжлэх хүн олон байдаг ч энэ хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэргийн гаралт 40 хувиар буурч, хохирлын эргэн төлөлт сайжирсан зэргээс эхлээд олон давуу тал бий болсон” хэмээв. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл байгаа эсэхийг тодруулав.

Нэр дэвшигч С.Алиманцэцэг, “Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэрхшээл тулгарч байсан. Авлигал, хүрээлэн буй орчин, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зэргээр хуулийн гол үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Хууль, хяналтын байгууллагад үүссэн шударга бус байдлыг таслан зогсоох, ажлыг сайжруулах чиглэлд ямар бодлого баримтлахыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшигчдээс тодруулав. Мөн уул уурхайн гэрээ, хэлцэлтэй холбоотой эдийн засгийн томоохон хэргүүдийг шийдвэрлэхийн тулд ямар ажил өрнүүлэхийг асуулаа.

Нэр дэвшигч М.Чинбат, “Хуулийн байгууллагын шинэчлэлийг прокурорын байгууллага зөв мэдэрч ажиллах ёстой. Өмнө нь гажуудаж байсан тогтолцоог шинэчлэх цаг болсон байна. Эдийн засгийн гэмт хэрэг бол хууль, хяналтын байгууллагын өмнө тулгамдсан том асуудал. Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхийн тулд прокуроруудаа сургах, хуулийн зөрчлийг арилгах чиглэлд хууль тогтоох дээд байгууллагатай хамтран ажиллах ёстой” хэмээв.

Нэр дэвшигч С.Алминцэцэг, “Авлигал, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс эхлээд олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх ёстой. Прокурорын байгууллагад эдийн засгийн болон авлигалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд залуу прокуроруудаа мэргэшүүлэхэд анхаарах цаг болсон” гэв.

Прокурорууд сэжигтнийг яллах бус хүний эрхийг хамгаалах, хэргийг үнэн зөв шийдвэрлэдэг байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дурдлаа. Түүнчлэн сэжигтнийг яллахаас гадна цагаатгах боломжийг эрэлхийлж, хүний эрхийг хамгаалахад идэвх зүтгэл гарган ажиллахыг нэр дэвшигчдэд захив.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо.



Максимын Чинбат нь:

1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор

1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч

2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор

2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор

2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор

2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор

2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.


Содонгийн Алиманцэцэг нь:

1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор

2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор

2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор

2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга

2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор

2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор

2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор

2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор

2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Эрдэнэбат: Хөрөнгө орлогоо иргэний хувиар шалгуулахаар прокурорын ажлаа өгч байгаа юм

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, багш, хяналтын прокурор, Доктор Ph.D П.Эрдэнэбат хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтэй холбоотой асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, АТГ-т шалгуулах хүсэлтээ гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та яагаад ажлаа өгч байж шалгуулах болов. Ажлаа хийнгээ шалгуулж болоогүй юм уу?

-2018 оны тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд АТГ-т Макс компанийн захирал Д.Ганбаатар гэх хүний гаргасан гомдлын дагуу намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ бүх хугацаанд АТГ-аас намайг нэг удаа гэрчээр дуудаж байцаалт авсан. АТГ миний асуудлаас гадна маш олон хэрэг материал шалгадаг газар. Прокурор хүний хувьд үүнийг би сайн мэдэж байна. Би өөрөө Улсын ерөнхий прокурорын газар ажилладаг. Прокурорын байгууллагын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм. Товчхондоо прокурор хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Гэтэл би дотор нь ажиллаж байгаад өөрт холбоотой асуудлаар шалгуулъя гэж бодъё. Шалгаад нэг шийдвэр гарна. Үнэн зөв нь тогтоогдоод хэрэг маргаан хаагдлаа гэж бодоход иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс нөгөө нөхөр дотор нь ажиллаж байгаад нөлөөлөл үзүүлж хаалгасан гэх хардлага гарах магадлал өндөр юм. Иймд энэ асуудлыг үүрэгт ажлаа өгч байгаад иргэнийхээ хувиар шалгуулах нь зүйтэй юм байна гэж бодоод Улсын ерөнхий прокурорт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч шалгуулъя гэж шийдвэр гаргасан. Тэгээд ч энэ цаг үед хуулийн байгууллагын албан хаагч нар луу хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш их хар пиар явуулж байгаа үед прокурорын хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаад нэг мөр шалгуулаад авъя гэж бодсон миний өөрийн шийдвэр л дээ. Төрийн албанд ажиллаж байгаа бусад хүмүүст, хөрөнгө орлого нь өндөр байна гэж хардагдаад байгаа албан тушаалтан, албан хаагчдыг ч мөн над шиг ингээд шалгуулчих гэж хэлмээр байна. Ер нь төрийн албанд ажиллаж байгаа хүн ахуйгаа шийдэж байж л сая төрд ажиллах нь зөв юм болов уу гэж боддог. Төрийн албан хаагч заавал ядуу байх ёсгүй л дээ. Энэ бол бие хүн миний бодол шүү.

-Их л хэнхэг сонсогдож байна. Хүмүүс ажлаа хийгээд явж байх зууртаа шалгуулаад болоод л байдаг. Буруутай бол шийтгэлээ хүлээгээд, буруугүй бол ажлаа үргэлжлүүлээд хийдэг…

-Надад нууж хаагаад байх зүйл байхгүй ээ. Тодорхой хэмжээний хөрөнгө орлого бий. Прокурорын байгууллагад орохоосоо өмнө олон жил бизнес хийсэн. Тиймээс хөрөнгө орлогынхоо үндэслэлийг баримтаар нотолж чадах учраас шалгуулчихъя гэж бодлоо. Энэ улсын ганц прокурор нь Эрдэнэбат биш шүү дээ. Монгол Улсын 500 гаруй прокурорын нэр хүндийн асуудал ч яригдана. 90 жилийн түүхтэй энэ байгууллагын нэр хүнд гэж байна. Миний хувьд прокурорын ёс зүйн дүрэмд заасны дагуу хүний эрх,эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж хамгаалах зарчим, хэм хэмжээ, хуульд нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байх нь прокурорын нэр төрийг цэвэр байлгах үүрэгтэй ажилладаг. Миний хувьд ч гэлтгүй нийт прокурорууд ийм үүрэгтэй.Үндсэндээ надтай холбоотой буюу прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдал, нэр хүндэд халдсан мэдээ мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох хэвлэл, сайтууд , фэйсбүүк, твиттерээр сүүлийн нэг жил гаруй цацагдсаар ирлээ. Дээрх мэдээ мэдээлэл нь иргэд олон нийтэд, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах, сөрөг үр дагавар үүсгэх нөхцөл байдал болоод байгаа юм аа. Прокурор хүн чинь ёс зүйн дүрэмтэй тэрэндээ захирагдаж нийгмийн харилцаанд оролцож амьдардаг юм шүү дээ. Ийм учраас прокурор гэдэг ажил албаа өгч байгаад иргэнийхээ хувиар танай сонинд анх удаа ярилцлага өгч байгаа юмаа. Үндсэндээ прокурор хүн хэлэх үг, хийх үйлдэл нь хүртэл цензуртэй байдаг юм шүү дээ. Тэгээд л ажлаа өгөөд иргэнийхээ хувьд шалгуулах нь зөв юм байна гэж бодож ийм шийдэлд хүрсэн. Буруугүйг минь тогтоочихоор буцаад ажлаа хийхэд татгалзах зүйлгүй.

-Та ингэхэд аль 2008 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой яг ийм асуудлаар ёс зүйн хороогоор орж байсан юм билээ шүү дээ….

-Тийм. Тэр үед ч бас шалгаж байсан. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг баримтаар нотолж, прокурорын ёс зүйн дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гарч байсан. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар орж, ийм дүгнэлт гарсан. Нэг ёсондоо би хөрөнгө орлогынхоо асуудлаар аль хэдийнэ шалгуулчихсан хүн л дээ.

-Иргэн Д. Ганбаатар ер нь яагаад таныг шалгуулахаар өгсөн юм.

-Би тэр хүнтэй хувийн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй ээ. Энэ хүний хувьд бизнесмэн гэдгийг хүмүүс мэднэ. Миний хувьд жирийн төрийн тусгай албан хаагч. Иргэнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу гэр бүлийн хэрэгцээний 0.6 га газар авсан. Бүх хууль журмынхаа дагуу л авсан. Гэтэл энэ газар нь “МАКС”-ын Ганбаатарын морин тойруулгын хажууд байж таарахгүй юу. Ганбаатар миний авсан 0.6 га газрыг авахын төлөө л энэ бүх асуудлыг үүсгэсэн дээ. Хүнийхээ хувьд уулзаж надтай ойлголцсон бол яахав. Гэтэл ажил албыг нь дайруулж байгаад, намайг айлгаад авчих санаатай байсан биз. Д.Ганбаатар нь өөрийнхөө нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 541400 метр квадрат газрыг эзэмших эрх 2017 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар гаргуулж авсан мөртлөө 2016 онд авсан иргэдийн 600 метр квадрат газрыг авахаар Төрийн албанд нөлөөлж хүчингүй болгосон шийдвэр гаргуулсан. Тэгээд би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд шүүхээс “Нэр бүхий иргэдийн газар хууль ёсны дагуу олгогдсон байна. Д.Ганбаатар гэдэг иргэний газартай давхцаагүй байна” гэсэн шүүхийн шийдвэр гарсан.

-Та яагаад ийм их хөрөнгөтэй болчихов. Төрийн албанд, тэр тусмаа хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бизнес эрхлэгчдээс илүү хөрөнгөжсөн байгааг хэн ч харсан хардана шүү дээ….

-Би прокурорын байгууллагад ажиллахаасаа өмнө олон жил бизнес эрхэлж ирсэн хүн. Бүр 1990 оноос ганзагын наймаанд явсан. Монголчууд ямар наймаа хийдэг байсан адилхан л хийж эхэлсэн. 1990-2000 оны хооронд гэсэн үг шүү дээ. Энэ үедээ би өөрийнхөө ахуйг шийдсэн, тодорхой хэмжээний орлого ашиг олсон, ийм л хүн. 2000 оноос хойш төрийн байгууллагад ажилласан. Энэ цагаас хойш мэдээж энэ гэр бүлийн бизнесийг гэр бүлийн хүн маань хариуцаад явдаг байсан.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад нэг их олон байр, үл хөдлөх хөрөнгөтэй байх юм.

-2008-2019 оны хооронд хөрөнгө орлогоо би тогтвортой мэдүүлсэн. Энэ хооронд өссөн дүнгээрээ явдаг. Одоо миний өөрийн амьдарч байгаа орон сууц, тэрнээс гадна хоёр орон сууц байгаа. Одоо амьдарч байгаагаас бусад хоёр орон сууц маань хотын төвийн болон цирк, бага тойрог хавьд байгаа хорин хэдэн кв метр талбайтай хуучны байрнууд. Би эхнэр, гурван хүүхэдтэй. Гурван хүүхдийнхээ боловсрол, нийгмийн асуудлыг шийдэх үүрэгтэй. Үр хүүхдэдээ мэдлэг боловсролоос гадна ганц, ганц байртай байлгая гэж бэлдээд явсан юм. Тэр байрууд байгаа. Зарж үрээгүй. Болж өгвөл бүх л аавууд үр хүүхдийнхээ боловсролоос гадна орон байрыг бэлдчих юмсан гэдэг шүү дээ. Та бүхэн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал гурван орон сууц гарч ирнэ. Үйлчилгээний зориулалт бүхий 4 талбай бий. Гэр хороололд учраас борлогдохгүй болохоор нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр дурдахгүй болохоор нуусан гэдэг асуудал үүсэх учраас ХОМ-т мэдүүлж, үнийг нь ирээдүйд буй болох хотын төвийн зах зээлийн ханшаар үнэлж л мэдүүлсэн нь их олон мөнгөн дүнтэй болж харагдаад байгаа юм байна лээ. Яг үнэндээ босгосон зардлыг нь тооцож үзвэл хамаагүй бага зардлаар бүтсэн л дээ. Цаашид үнэлгээг нь бодолцож тавих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Эндээс харахад цаашид төрийн албан хаагч нар ч ийм байдлаар хөрөнгө орлогоо үнэн зөвөөр мэдүүлсний төлөө тэднийг харлуулж харагдуулаад байвал энэ бүхэн чинь далд байдалд орчих вий дээ гэсэн бодол төрөөд байгаа.

-За яахав ээ, үр хүүхдэдээ хуучин амьдарч байсан хоёр өрөө байр сууцаа үлдээх гэдгийг ойлгож байна. Харин тэр их олон тэрбумын авлага нь ямар учиртай юм?

-Олон жил хийсэн бизнес, өөрт байсан эд зүйлсээ зарж үрээд гэр хороололд барилга барьсан. 24 айлын орон сууц. Заримыг нь урт хугацаатай зээлээр өгсөн. Заримыг нь бизнесийн хөрөнгө оруулалтад ч өгсөн асуудал байгаа. Тэр авлагыг л би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн. Энэ талаар холбогдох байгууллагад нь нотлох баримттай нь гаргаж өгнө.

-Та одоо хувийн компанитай юу?

-Худалдаа үйлчилгээний чиглэлээр “Хатан ирээдүй” гэж компани байсан. Тэр нь гэр бүлийн хүний маань нэр дээр байдаг. Үндсэндээ бид гэр бүл болоод гучин жил болж байна. Тэр хугацаанд төрд ажиллахаас өмнө хувиараа олон жил бизнес хийсэн. Манай гэр бүлийн гишүүдийн бизнес төрд ажилласнаас хойших цалин хөлс,цалин хөлснөөс гадна бизнесийн үйл ажиллагаа явуулсан орлого, зарлага, бүгд банкны хуулгаар гарч ирнэ. Хүнээс авсан өр зээл, авлига байхгүй. Зөвхөн өөрт байсан эд хөрөнгөө борлуулж, гэр хороололд байшин барьсан нь тэр. Ахуйгаа шийдчихсэн хүн хуулийн байгууллагад ажиллаж байвал харин ч авлига хээл хахуулиас ангид байна гэж боддог.

-Та чинь доктор хамгаалсан гэл үү?

-Удирдахуйн ухааны докторын зэргийг 2015 онд хамгаалсан. “Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ” гэсэн сэдвээр хамгаалсан. Прокурорын байгууллагад хорь дахь жилдээ ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа докторын зэргээ хамгаалсан. Эцэс т нь хэлэхэд Прокурор гэдэг нэрний цаана хүн л байгаа. Тэр хүн гэр бүл ах дүү, үр хүүхэдтэй тэднийхээ төлөө л амьдарч яваа гэдгийг Монголын ард түмэнд хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улс ОУВС-гийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

Монгол Улс Олон Улсын Валютын Сан (ОУВС)-аас боловсруулан гаргасан статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг загвар болж буй “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шилжлээ.

ОУВС нь өөрийн гишүүн орнуудын статистик мэдээлэл тархаах стандартыг тодорхойлж, түүнийг тогтмол сайжруулдаг. Гишүүн орнууд нь статистик мэдээллээ нийтэд тархаах эхний алхмаа “Мэдээлэл тархаалтын ерөнхий систем” (GDDS)-ээр эхлүүлж, улмаар “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” (SDDS)-д шилжсээр байна. “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” нь статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг тавьдаг байна. Ингэснээр статистикийн чанар сайжирч, тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, улс орнуудын олон улс дахь нэр хүндэд эергээр нөлөөлөх, тухайн улсын тоон мэдээллийг хөгжлийн түвшин ойролцоо эсвэл тухайн бүсийн бусад орнуудтай харьцуулах боломж нэмэгдэж, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу байдлыг бий болгодог.

Монгол Улс 2000 оноос эхлэн “Мэдээлэл тархаах ерөнхий систем”-ийн дагуу статистик мэдээллээ гаргаж, 2017 онд ОУВС-ийн сайжруулсан, мэдээлэл тархаалтын ерөнхий систем /e-GDDS/-д шилжсэн юм.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-д Монголбанк мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”–ын дагуу олон нийтэд түгээх бэлтгэл ажлыг хангах зорилт тавьж ажилласан бөгөөд Монгол Улсын гадаад өр, гадаад валютын албан нөөцийн статистик мэдээллийг холбогдох стандартын дагуу зарлаж эхэлсэн.

ОУВС-гийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээг https://www.imf.org/en/News/Articles/2019/04/02/pr19100-mongolia-subscribes-to-the-imfs-special-data-dissemination-standard холбоосоор үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

МУСГЗ С.Оюуны нэрэмжит яруу найргийн наадам боллоо

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны нэрэмжит яруу найргийн наадам өчигдөр орой АШУҮИС-д болов. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн утга зохиолын дугуйлангаас санаачлан энэхүү яруу найргийн наадам зохиосон байна. Яруу найргийн наадамд анагаахын чиглэлээр сургалт явуулдаг бусад сургууль болон Этүгэн, Их Засаг их сургуулийн яруу найраг сонирхогч оюутнууд оролцлоо. 40 жил анагаахын утга зохиолын дугуйлан удирдсан гавьяат багш Дагданбазар, гавьяат эмч С.Бадамжав, яруу найрагч, багш Г. Пүрэвдорж нар шүүв. Тэргүүн байрыг АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Б.Сувд-Эрдэнэ, хоёрдугаар байрт АШУҮИС-ийн анагаах ухааны сургуулийн 4-р курсийн оюутан Б.Хүсэлтүвшин, гуравдугаар байрт АШУҮИС-ийн анагаах суурь боловсрkлын дамжааны сонсогч М.Энхбуян эзэлсэн байна. Мөн үеэр Анагаахын утга зохиолын дугуйлангийн эрхлэгчээр АШУҮИС-ийн анатомын тэнхимийн багш, доктор Б.Журамтыг сонгожээ. Тамга тэмдгийг гардуулахад, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн С. Минжинсайхан байлцлаа.

Categories
мэдээ улс-төр

С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулах анхны хэлэлцүүлэг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Болд нарын 6 гишүүний санаачилсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй” хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, тус хорооны ажиллах хүрээ, хугацаа, төлөвлөгөө нь ОУПХ-ны дүгнэлтэд тодорхой байгаа эсэхийг тодруулав.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд, ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хүргүүлсэн дүгнэлтэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлыг судлаж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тодорхой тусгасан. Эргэлзээтэй асуудал байхгүйг хэллээ.

Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Түр хорооны гишүүнээс нэрээ татлаа. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин түр хороонд орох санал ирүүлснийг олонх дэмжсэнээр байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.