Categories
мэдээ нийгэм

Капитал банкаар тэтгэвэр авагчдын анхааралд

Капитал банкны үйлчлүүлэгч өндөр настнуудад цаашид ХААН банкаар дамжуулан тэтгэвэр олгох болсныг НДЕГ-аас мэдээллээ.

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД

Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье.

Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

О.Есүгэн боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

МУГТ, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит 2019 оны “Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээн” энэ сарын 09-14-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 28 байгууллагын 170 орчим тамирчин оролцсон бөгөөд тус тэмцээний 57кг-ийн жинд ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин О.Есүгэн алтан медаль хүртсэн юм.

Ингэснээр ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсад зохиогдох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа.

Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг үүрэг болгов.

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замыг засч, тэмдэг, тэмдэглэгээг нь хоёрдугаар улиралд багтаан сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгав. Мөн хоёрдугаар улиралд багтаан “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд авто замын засвар, арчлалтын нэгж байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахаар боллоо. Тавантолгой-Гашуунсухайт авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулж, шаардагдах зардлыг нь гаргахыг сайд Д.Сарангэрэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энэржи ресурс” компанийн удирдлагуудад даалгав.

Жолооч нарын хоол, хүнсний хангалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж, архи, согтууруулах ундааг зөвшөөрөлгүй худалдаж, үйлчилж байгааг таслан зогсоохыг холбогдох байгуулагын удирдлага, аймгийн Засаг даргад даалгав. Авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо. Уурхайн гадна болон хилийн боомт, авто замд тээврийн хэрэгслийн урт дараалал үүсгэхгүйн тулд уурхайн ачилт, зөвшөөрлийн бичиг олголт, гаалийн бүрдүүлэлтийг Хятадын талаас нэг өдөрт хүлээн авах нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулахыг холбогдох дарга нарт даалгав. Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбарыг Ганцмод боомтод байгуулах шаардлага, боломжийг судалж, зургаадугаар сарын нэгний дотор танилцуулахыг сайд Д.Цогтбаатарт даалгав.

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолоооч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг болох талаар судалж танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав.

Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олголтыг ил тод болгох, тээвэр зохион байгуулалтыг сайжруулахаас гадна мэргэшсэн жолооч бэлтгэх, шалгалт авах зэргийг чанаржуулахыг сайд Б.Энх-Амгалан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нарт даалгав. Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг дамлан худалддаг тухай асуудлыг шалгаж, таслан зогсоохыг тагнуул, цагдаагийн байгууллагын дарга нарт даалгалаа.

Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав

Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна.

Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихэд түлхэц үзүүлнэ гэж тооцоолж байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17,3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5,3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болно гэж үзжээ.

2017 оны байдлаар бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд 900 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.

Сум бүрт “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулна

Улаанбаатар хот болон орон нутагт байх “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгохоор шийдвэрлэв. Бүх суманд ийм төв байгуулж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Төвийн мэдээллийг системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох юм байна.

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна

“Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор улсын үзлэг явуулах болов. Үзлэгийн үр дүнг долоодугаар сарын нэгний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

2018 оны эцсийн байдлаар 38 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж өссөн дүнгээр 187 тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээл авчээ. Үүний дүнд 34 790 ажлын байр шинээр бий болж, 20 373 ажлын байр хадгалагджээ. Сан 89 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байна.

Товч мэдээ

-2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов.

-“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний Монголын талын төслийг дэмжиж, Хятадын талтай эцэслэн тохирч гэрээ байгуулахыг сайд Д.Цогтбаатарт зөвшөөрөв.

-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, байгуулах гэрээний үндсэн зарчим болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд Оюутолгойн салбар төмөр замыг холбох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулахаар болов.

-Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан, хэрэгжилт удаашралтай байгаа төсөл, арга хэмжээг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

-БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт бүсэд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Б.Энх-Амгаланд даалгав. Энэ нь Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээ бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулах, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны бүсийн хөнгөлөлттэй бодлогод аж ахуйн нэгжүүдээ хамруулах зорилготой юм.

-Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-“Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Бодлогыг 2019-2027 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

-Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь батлав. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх зүй, нийгмийн ухааны зэрэг сургуулийн хөтөлбөрүүд хууль сахиулах үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд төгсөгчид нь хууль сахиулагчаар ажилладаггүй байна.

-Энэ онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, урлаг, утга зохиол, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүүхэд, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбарт 70 арга хэмжээ зохиох юм.

Categories
гадаад мэдээ

Конгод усан онгоц живж, 150 гаруй хүн сураггүй алга болжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хэсгийн нууранд усан онгоц живсний улмаас 150 орчим хүн сураггүй алга болсон талаар өнгөрсөн мягмар гаригт тус улсын Ерөнхийлөгч Феликс Чисекеди мэдэгджээ.

Тэрбээр албаны твиттер хуудастаа “Киву нууранд дөрөвдүгээр сарын 15-ны даваа гаригт усан онгоц живсний улмаас 150 орчим хүн сураггүй алга болсонд ихэд харамсаж байна” хэмээн жиргэсэн байна.

Өмнөд Киву мужийн орон нутгийн идэвхтэн Дельфин Мулуйби “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа ”Хойд Киву мужаас ирсэн усан онгоц Кешегийн ойролцоох нуурын эрэг дээр сүйрсэн” гэжээ. Мөн тэрбээр гурван цогцос олдож, 33 хүнийг аварсан бөгөөд 150 зорчигч сураагүй алга болсон хэмээн мэдээлсэн байна.

Чисекеди “Энэ хэрэгт холбоотой хүмүүст хариуцлага тооцуулахын тулд нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно” гэж хэлжээ.

Конго улсад усан онгоц, завь осолдох тохиолдол их аж. Өргөн уудам газар нутаг, ой модтой энэ улсын гол хот тосгодоос гадуур цөөн хэдэн усан зам байдаг бөгөөд түгээр усан онгоц, завиуд даацаасаа хэтэрсэн ачаатай явдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталжээ

Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд Засгийн газрын хуралдаанаас даалгажээ. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна. Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихэд түлхэц үзүүлнэ гэж тооцоолж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17,3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5,3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болно гэж үзжээ. 2017 оны байдлаар бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд 900 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Махны экспортыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд БНХАУ-аас хянан магадлагаа явуулахад тавигдах шаардлагыг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор МХЕГ-аас төрийн болон ТББ-ийн төлөөлөл, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн удирдлагуудыг оролцуулан энэ сарын 18-ны өдөр уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэв.

Уулзалт, хэлэлцүүлэгт 58 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд импортлогч талаас тавигдсан нөхцөл, шаардлага, тухайн үйлдвэрт хянан магадлагаа хийхэд бүрдүүлэх материал, тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж зөвлөгөө, зөвлөмж өглөө. Түүнчлэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, хяналт шалгалтын дүн, Мал амьтны эрүүл мэндийн хууль шинээр мөрдөгдөж байгаатай холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн байгууллага хоорондын уялдааг хангах, махны үйлдвэрлэл, экспортыг дэмжих, хяналт шалгалтын давхардлыг арилгах зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн байна. Мөн холбогдох журмыг шинэчлэхэд аж ахуйн нэгжүүдээс санал авч, тусгахаар болов.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас гадаад орны хил хорио цээрийн байгууллагуудтай хамтран ажиллах хэлэлцээр, протокол байгуулсны үр дүнд Монгол Улсаас 2018 онд БНХАУ-д гэхэд 70 гаруй мянган тонн мах экспортолжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт түймрийн эрсдэл өндөр байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнүүн-Уул гэдэг газарт ойн түймэр гарч 8 га талбай шатжээ. Ойн түймэр сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т гарсан бөгөөд орон нутгийн 26 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой ажиллаж өчигдөр өдрийн 15:30 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд салхи шуургатай байгаагаас хуурайшилт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган гэсэн 3 сум хуурайшилтын IV зэрэгт буюу түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд, Мөрөн, Рашаант, Түнэл сум хуурайшилтын III зэрэгт түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрчээ. Цаашид ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг уншиж сонордуулав.

Мөн зарлигийг:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг,
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Хүүхэд хамгааллын чиглэлээр:

  • 2018 оны наймдугаар сарын 30 – /унших/
  • 2018 оны аравдугаар сарын 08 /унших/ -ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцсан бөгөөд өнөөдрийн уулзалт гурав дахь удаагийнх юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх уулзалтын талаар товч дурдаад:

“…Бид энэ бүрэлдэхүүнээрээ гурав дахь удаагаа уулзаж байна. Өнгөрсөн жилийн олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгүүдийн дүнд дээрх зарлиг гарч, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж байна. Зарлигт өнгөрсөн жил хэлэлцүүлж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бүхий л асуудлыг тусгасан. Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв нэмэгдэж найман тэрбум төгрөг болсон.

Энэ бүхний дүнд өнгөрсөн жил чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж бодож байна. Гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхэд эрсдэх, бэртэж гэмтэх, ямар нэг сөрөг нөлөөлөлд өртөх нь эрс буурах ёстой. Өнгөрсөн жилийнх шиг хүүхэд хамгааллын мөнгөөр ширээ сандал, тавилга худалдаж аваад, үйл ажиллагааны зардал болгоод дуусч болохгүйг бүгд анхаарна биз. Ер нь хүүхэд хамгаалахтай холбоотой зардлыг жил бүр нэмэгдүүлж төсөвт суулгаж батлуулахад сайд нар онцгой анхаарах ёстой. Миний зүгээс ч мөн анхаарч ажиллана” гээд холбогдох байгууллагынхнаас асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

үүхэд хамгаалалд зориулсан найман тэрбум төгрөгийг ямар ямар үйл ажиллагаанд зарцуулах гэж байгаа талаар хэн хариулах вэ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх:

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталсан.

  • 4 тэрбум төгрөг орон нутаг, сум, аймаг дүүрэгт хуваарилагдаж байгаа. Хүүхдийн тооноос хамааралтайгаар 47.5-120 сая төгрөг орон нутаг тус бүрд оногдож байгаа.
  • Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарилагдсан.
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөвт 1 тэрбум төгрөг,
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /харьяа байгууллагууд ороод/ зардалд 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

өлөвлөлт үр дүнд хүрч, зарцуулалт хяналтад байна гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жил 5 тэрбум төгрөг байсан төсвийг 8 тэрбум болгосон тул цаашид илүү анхааралтай ажиллаарай.

Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр хоёр төсөл эхлүүлсэн талаар Цагдаагийн газраас тодруулж асууя. Гадаа дулаан болж хүүхэд хичээл сургуульдаа явах, чөлөөт цагаа гадаа өнгөрүүлж байна. Зам тээврийн ослоос сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна.

Нөгөө талдаа тэтгэвэрт гарсан ахмадууд болон иргэдийг хүүхэд хамгааллын ажилд татан оролцуулах “Хүүхэд хамгаалал” төслийн үр дүнд ямар байгаа вэ. Цаашид ямар байдлаар үргэлжлүүлэх вэ?

ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг:

-ЦЕГ сургалт, хүмүүжлийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн орчинд хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Бид 2017 онд сургуулийн орчимд 400 орчим өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулсан. Энэ жил 200 гаруйг нэмж, 650 өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулагдан ажиллаж байна.

Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл боловсруулж, зардал нь шийдэгдсэн. Хууль сахиулахын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудыг сурагчдын сургууль-гэр-сургууль гэсэн маршрутаар зорчих замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулах, ажиллах хүмүүсийг судалж байгаа. Энэ төслийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ гэж тооцож байгаа.

-Судалгааны явцыг танилцуулж өгнө үү.

-Танаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын 153 хорооны хүүхдийн ирэх, буцах замын аюулгүй байдал гэж үзээд 700 орчим цэг бүртгэсэн. Эдгээр замд иргэд олон нийтийн дэмжлэгээр, хуулийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан ахмад ажилчид буюу 6000 хүний судалгааг гаргасан. Тэдгээрээс 800 орчим хүнийг аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллуулна. Тэдгээр хүмүүс 350 мянган төгрөгөөр гэрээ хийж дээрх ажлыг хийх эсэхийг мөн судалж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

үүхэд хамгааллын орчны стандарт, өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулах заавар стандартаа баталж, үүний мөрөөр хяналт шалгалт зохион байгуулах талаар олон уулзалтаар яригдсан. Үр дүнгийн талаар хэн хариулах вэ?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү:

-Хүүхдийн эрхийн аюулгүй байдлын талаар боловсруулсан эрхзүйн бичиг баримтуудад санал тусгуулахаар саналаа Төрийн захиргааны төв байгууллага, УИХ-д хүргүүлсэн. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад боловсрол, соёлын хяналтын чиглэлээр ЕБС-ын сургалтын орчны стандарт, сурагчдын дотуур байрын стандарт, хүүхдийн зуслангийн стандартуудыг боловсруулахад тодорхой саналууд өгсөн. Эдгээр саналууд нь сүүлийн хоёр, гурван жил мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүн юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлд 46 санал өгсөн. Цахим тоглоомын газарт мөрдөх журам зэрэгт мөн бид санал, дүгнэлтээ хүргүүлж байгаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

-Өнгөрөгч онд Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын тухайд БСШУСЯ үндэсний хэмжээнд стандарт боловсруулах суурь ажил болох эрсдэлийн үнэлгээг улс орон даяар, ЕБС, дотуур байруудад хийж Стандартчилал, хэмжил зүйн газарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүлээлгэж өгсөн. Энэ байгууллага стандартаа гаргаад батлах ёстой.

Эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд их эрсдэлтэй 13 хувь, дунд эрсдэлтэй 74 хувь буюу эрсдэлгүй сургууль гэж байхгүй байна гэсэн үр дүн гарсан. Өнөөдрийг хүртэл бид аймаг нийслэлийн боловсролын газраар дамжуулан сургуулиудад аль болох өөрсдөө эрсдэлээ арилгах тал дээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна” зэргээр ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“…Олон удаагийн уулзалтаас тодорхой үр дүн гарсан. Хэлэлцүүлэг, уулзалтаас гаргасан санал, зөвлөмжийн дагуу ЦЕГ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг сэргээн байгуулсан байна. Харин одоо тоог нь нэмэх талаар тал талдаа хүчин чармайлт гаргаж ажиллаж хэрэгтэй. ЦЕГ-ын дарга С.Баатаржав төсөвт санал оруулсан хэдий ч төсөв хасагдсан байна. Энэ бол бид хүүхдийнхээ ирээдүйгээс мөнгө харамлаж байгаа хэрэг. Ирэх жилийн төсөв анхаарч ажиллах хэрэгтэй.

Хүүхдэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, үүссэн асуудлыг шийдэх гарц арга замыг эрэлхийлж, зарим асуудал шийдэгдтэл дахин дахин уулзаж, ярилцах, тодорхой үүрэг чиглэл өгч, өөрийн биеэр хяналт тавих зэргээр ажиллаж ирсэн. Бид энэ хамтын ажиллагааны эрчмээ алдахгүй ажлаа үргэлжлүүлцгээе” гэсэн юм.

Мөн Монгол Улсад Ерөнхийлөгчид хаягласан 13 мянга гаруй хүүхдээс ирүүлсэн захидал, гар зургийг эмхтгэл болгосноо уулзалтад оролцсон төрийн байгууллагын удирдлагуудад өгч, хүүхдүүд ирээдүйгээ мөрөөдөхөөс илүү ирээдүйдээ санаа зовж буйг олж харах, ширээний номоо болгож, ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг захив.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай:
  • 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах;
  • Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх;
  • Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах;
  • Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх;
  • Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжих;
  • Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон бусад шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлж хэвших;
  • Хүүхдийг цахим орчны халдлагаас хамгаалах тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлж, хэрэгжилтийг сайжруулах, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • Хар тамхи, мансууруулах бодисоор өсвөр, залуу үеийг хордуулж байгаа нөхцөл байдлыг судлан, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
  • Хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах, үндэсний хэмжээнд гарч байгаа хүүхдийн хөгжил, хамгааллын бүх төрлийн хөтөлбөр /контент/-ийн агуулга, чанарыг сайжруулах;
  • Нийгмийн ажилтны (гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага зэрэг бүх салбарт ажиллаж байгаа) албан тушаалын тодорхойлолтыг хүүхэд хамгааллын чиглэлээр хүлээх үүрэгтэй нь уялдуулан шинэчилж, нэгдсэн арга зүй, хариуцлагын зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг дэмжих, импортын хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах.
  1. Зарлигийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүрэг, тухайн жилийн төсвийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтийн талаар дараа жилийн II улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлж байхыг Засгийн газар (У.Хүрэлсүх)-т даалгасугай.
  2. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэддээ уриалсугай.
  3. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэддээ уриалсугай.
Categories
мэдээ улс-төр

Орон тооны бус Бодлогын зөвлөлийн хуралдаан болов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ.

Тус зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр (2019.04.17) болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Бодлогын зөвлөл байгуулсан зорилго, үйл ажиллагааны чиглэл, ойрын үед хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

Хурлаар Орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг батлах, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэн, санал өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Бодлогын зөвлөлийн гишүүд Зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Зөвлөл нь:

  • УИХ-ын даргын үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх;
  • УИХ-аар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах ажилд УИХ-ын даргаас үүрэг болгосон асуудлаар судалгаа, мэдээллийн дэмжлэг үзүүлэх;
  • УИХ-ын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, санал дүгнэлт боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар журмын төсөлд тусгажээ.

Бодлогын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их хурлын гишүүний Ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хувилбартай танилцаж, санал бодлоо илэрхийллээ.

Хуралдаанаар тэдгээр саналыг нэгтгэн, дүгнэлт зөвлөмж боловсруулж дараагийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзээд, энэ асуудлыг хариуцах ажлын багийг Зөвлөлийн гишүүдийг оролцуулан байгуулав.

Categories
мэдээ нийгэм

Прокуророос Капитал банкны удирдлагуудыг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Капитал банк татан буугдаж байгааг зарласан. Тэгвэл Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас хяналтавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлхээр болсон байна.