Categories
мэдээ нийгэм

Танилц: ЕБС-ийн сурагчдын шалгалтын хуваарь

Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтын хуваарийг гаргажээ.

Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм.

Улсын шалгалтыг 2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс авна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгав

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/221 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Чингэлтэй дүүрэгт зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 100 байгууллагын 1000 гаруй ажилтан, алба хаагч оролцсон юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилготой тус бэлэн байдлын үзлэгийн үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяабазар: Засгийн газрын зүгээс Оюу толгой төслийг зогсоож, гэрээг цуцлахгүй


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдсэн Дубайн хэлэлцээрийг цуцлах шаардлагатай гэсэн санал дүгнэлтийг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн Ажлын хэсгийн зүгээс гаргаад буй. Тэгвэл Дубайн хэлэлцээрийг цуцлахгүй гэсэн байр суурийг салбарын сайд Д.Сумъяабазар Америкийн худалдааны танхим буюу Ам Чамын уулзалтад оролцохдоо илэрхийлсэн юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Оюу толгойн далд уурхайн талаар ярихгүй юу?

-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн суурь болсон салбар. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах итгэл зүтгэлтэй байгаа. Эдгээр хөрөнгө оруулагчидтай олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулалт хийж ажиллаж байгаа. Мэдээж Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ, контрактаа ягштал барьж, олон улсын дүрмийн дагуу ажиллах чадвартай байх ёстой. Дэлхийн хэмжээнд яригдаж байгаа томоохон төсөл бол Оюу толгой.

Засгийн газрын зүгээс “Оюу толгой” төслийг зогсоож, гэрээг цуцлахгүй. Цаашдаа гэрээг сайжруулж, хийж хэрэгжүүлэх зүйлст илүү анхаарах хэрэгтэй. Цахилгаан станцаа хугацаандаа барьж, гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлэх ёстой. Эрчим хүчний эх үүсвэр рүү цахилгаан станцыг барих ажлыг энэ онд эхлүүлнэ. Энэ ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2021 онд эхлүүлж товлосон хугацаандаа дуусгаж, ард иргэдийн хүсэн хүлээж буй ногдол ашгийг тодорхой хугацаанд наашлуулах гэх мэт ажлууд байна. Бид урагшаа харж ярих ёстой. Оюу толгой дээр хангалттай улс төр хийж, хангалттай зовоож байгаа. Одоо Оюу толгойгоор улс төр хийхээ болих хэрэгтэй.

-Оюу толгой компанийн гэрээг сайжруулах талаар хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суусан уу?

-Засгийн газар анх байгуулагдсан цагаасаа л “Оюу толгой” компанийн удирдлагуудтай ширээний ард суугаад л байна. Тэдний үзэл бодлыг сонсож, эргээд бид зовлонгоо давхар ярилцаж, гаргалгаа гаргах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэж, сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй, ухаантай хандах ёстой. Гэрээг төгс гэж хэлэхгүй. Засах хэрэгтэй. Ширээний ард суугаад, хэлэлцээд, ухаалгаар ярих ёстой. Хар муйхраар явж болохгүй. Мэдээж дотоод үйл ажиллагаа, болж байгаа процесс, өдөр тутмын саад бэрхшээлүүдийг салбарыг удирдаж байгаа сайд хүний хувьд зөв зохистой байдлаар нь харилцан ярилцаж байж шийдэх ёстой. Үүнийг нэг далайлтаар зогсоож шийднэ гэдэг бол байж болохгүй асуудал. Олон улсын түвшинд ярилцаж байж шийднэ шүү дээ. Мэдээж ахиц гарна. Урагшлах ёстой. Оюу толгойн гэрээг зогсоох юм уу, хүсэлтийг цуцална гэдэг асуудал байхгүй. Дахиад хэд хэдэн “Оюу толгой” байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хайгуулаа урагшлуулах хэрэгтэй.

Эрдэнэс Таван толгойн IPO-г би хийнэ гэж та мэдэгдсэн. Хэзээ вэ. Бэлтгэл ажлын хүрээнд нэлээн хийх ажил байх шиг байна?

-Таван толгой компанийг шинэчилсэн бүтэц зохион байгуулалтад яаралтай оруулах ёстой. Энэ асуудлыг Засгийн газарт өргөн барьчихсан байгаа. Ер нь олон улсын стандартад нийцсэн бүтцээр явах ёстой. Би түрүүнд хэлсэн. Дээшээ гарах, доошоо гарах гэж. Дээшээ гэдэг нь толгой компаниасаа дээшээ гараад явчихна гэсэн үг. Доошоо гэдэг нь охин компани хэлбэрээр биржийн шалгуурт нийцсэн бүтэц зохион байгуулалтад орж ажиллахыг хэлж байгаа юм. Аль ч бирж ялгаа байхгүй. Биржүүдийн шалгуур стандарт нэг л байдаг. IPO-гийн бэлтгэл ажлыг энэ онд багтааж хийж дуусгахаар ажиллаж байгаа. Мэдээж хөрөнгө босгох ажил бий. Энэ жил коксжих нүүрсний үнэ ханш хорин хувийн өсөлттэй байх нь байна. Харьцангуй дэлхийн эдийн засаг Монголд ээлтэй байна. Монголын цаг иржээ гэж харж байгаа. Энэ боломжтой цагийг алдаж болохгүй. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоодын хөрөнгийн биржээр гаргая. Дотоодын хөрөнгийн биржээр гаргаад Лондонгийн хөрөнгийн бирж рүү VR хэлбэрээр гаргах нь илүү зөв юм байна гэж үзэж байсан. Нөгөө талдаа 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргахаар ажиллаж байна. Таван толгой бол Оюу толгойгоос дутахгүй mining star төсөл. Энэ том ордод бид бүгдээрээ л хувь эзэмшиж байгаа шүү дээ.

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам тавих Засгийн газрын шийдвэр өнгөрсөн лхагва гаригт буюу дөрөвдүгээр сарын 10-нд гарсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн үр ашгийн хувьд Зүүнбаянгийнхаас илүү өгөөжтэй ч Засгийн газар буруу шийдвэр гаргалаа гэх байр суурийг олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлээд байна?

-Өнгөрсөн онд нүүрсний үнэ өссөнөөс төсөвт орж ирсэн мөнгөөр энэ төмөр замыг барина. Зүүнбаянгийн төмөр зам “Эрдэнэс Таван толгой”-н IPO хийхэд хурдасгуур болно гэж харж байгаа. Мөн эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай.

Энэ хөндлөн төмөр замыг манай Засгийн газар, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод шийдсэн зүйл огт биш. Социализмын үед “Уул уурхайн бүтээн байгуулалтын зам” гээд зургийг нь гаргачихсан байдаг. Цаашдаа энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Цаашдаа хөндлөн замыг аль болох тавих хэрэгтэй, Дорнодоос Говь-Алтайн чиглэлд ч юм уу. Цус ойртолт ихэсч байна гээд буй. Тэгвэл үүнд ч нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам. Гашуунсухайтын төмөр замыг ч мөн барина. Энэ замыг барихад дотоодын аж ахуйн нэгжүүдээ уриалаад ч хөрөнгө босгох боломжтой. Улстөржихгүй л бол энэ хоёр замыг Монгол Улс нөөцөө шавхаад ч болов барих бүрэн боломжтой.

-Алтны татварын хувьд?

-Би 2.5 гэж харж байна. Яагаад гэвэл өмнө нь 68 хувийн татвар гэж аймшигтай зүйл болж салбарыг бүхэлд нь унагаагаад хаячихсан. Алт тушаалт бүр хоёр тонн хүрэхээ ч больсон. Дараа нь таван хувь болгоод алт тушаалт арван тонноос илүү авдаг байсан. Татварыг 2.5 болгоод алтны тушаалт нэмэгдэж 22 тонн хүрсэн шүү дээ. Үүнийг төв банкны зүгээс судалгаа хийгээд олон жил болж байна. 1990 оноос хойш тушаагдсан алтны нөөцтэй холбоод 29 жилийн хугацааны судалгааг харж тооцож байж Монголбанкнаас оруулж ирсэн тооцоо. Тэрнээс Уул уурхайн яам аль нэг аж ахуйн нэгжийн лоббид орчихсон байна. Алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн лоббид сайд нь орчихсон байна гэх мэт дэмий юм ярьж болохгүй. Би ямар нэг компанийн лоббид ордог хүн биш. Өөрийнхөө үзэл бодлын дагуу хийнэ гэсэн зүйлээ хийгээд л явна. Тиймээс төв банкнаас оруулж ирсэн 2.5 хувийн татвар зөв байсан юм гэдэг хатуу байр суурьтай байсан. Дундажлаад таван хувь гэдэг шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргасан. Миний нэг болгоомжлол бол 21 тонноос 11 нь техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болон ирэх жилийн төлөвлөгөөнүүдийг батлуулаад гарч байгаа. Энэ алтыг бид нар барина аа. Цаана нь хувиараа болон нөхөрлөлөөр алт олборлож байгаа хүмүүсийн алтны тушаалтыг бид хянаж чадахгүй болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл Төв банкинд тушаах эсэх нь тодорхойгүй байна гэсэн үг. Одоо ард иргэддээ эх орноосоо алт олборлосон бол эх орондоо тушаагаач ээ гэж уриалмаар байна.

-Вагнер Ази Групп Лимитэдийн болон Монгол Улс дахь компанийн 100 хувь болох бүх хувьцааг худалдан шилжүүлэхээр боллоо. Энэ талаар ярихгүй юу?

-Вагнер ази Монгол Улс дахь үйл ажиллагаагаа цаашдаа явуулаасай гэж бодож байна. Олон улсын нэр хүндтэй компани, техник тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг, ер нь Монголын уул уурхайтай зайлшгүй холбоотой шүү дээ. Монголын уул уурхайг өндийсөн цагаас нь л оролцож эхэлсэн. Хөрөнгө оруулаад ажиллаж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад илүү олон бий болоосой гэж салбарын сайдын хувьд хүсч явдаг. Тэгэхээр сахилга сул улстөрчид болих хэрэгтэй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг муу муухайгаар нь хэлээд л, тэнд нь үндэсний нэртэй боловч ямар ч техник, эдийн засгийн үндэслэлгүй, судалгаа тооцоо байхгүй, нөхөн сэргээлтээ хийдэггүй нөхдүүд нь үндэсний баатар болоод байдагаа болих хэрэгтэй. Ер нь бид нар бага ч гэсэн зарчимтай, аливаа зүйлд бодит нөхцөл байдлаа харж чаддаг, хөгжлийн төлөвлөгөөгөө харж чаддаг, юунд хүрэх гээд байгаа гэдгээ ойлгодог байх хэрэгтэй. Уул уурхайн салбар руу дайрдаг нь хэрээс хэтэрч байна. Энэ салбарыг муухай харагдуулж, бүгдээрээ эсэргүүцэж байвал бол оо гэж боддог. Уул уурхайн салбар зогсох юм бол Монгол Улсад юу болох вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Бид нар тэтгэвэр, тэтгэмж, цалингаа яах юм. Боловсрол, эрүүл мэндийн салбараа яах юм. Бүх зүйл энэ салбараас болоод унана шүү дээ. Ер нь уул уурхайн салбар цаашдын хорин жил баталгаатай улсын тэргүүлэх салбар байна. Үүний дараа уул уурхайн салбар босч ирж байж, араас нь бусад салбарууд өөрсдөө хөгжих ёстой. Ийм л хувилбар байгаа. Бидэнд өөр сонголт байхгүй.

Categories
мэдээ улс-төр

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудал;
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;
  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгаар тогтнолын “нөхөр дайсан”

Б.Цэнддоо Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын хэсгээс толилуулж байна.

Хэрвээ, айлын сайхан эхнэрт санаатай болчихоод элдэв санаа сэдэж, зүүдэлж явлаа гэж бодъё. Гэтэл өнөөх хүүхэн чинь өөрөө гүйж ирээд “Нөхрөөсөө салмаар байна, туслаач” гэвэл юу болох вэ?

ХХ зууны арваад онд Хаант Орост яг ийм юм тохиолдов. Манжаас салгаж авах гээд мөрөөсч байсан монголчууд нь “Биднийг Манжаас салгаад өгөөч” гээд өөрсдөө гүйгээд иржээ. (Харамсалтай нь: хүүхэн нь муу нөхрөөсөө салж чадсан ч үгүй, харин ч суумал, ирмэл хоёр хар хүнтэй болж дууссан бөлгөө)

Үнэндээ бол, 1858 онд Амаар мөрний сав газрыг ганц ч сумын гарзгүйгээр Манжаас салган авсандаа нэн урамшсан Хаант Орос Манжийн эзэнт гүрэн унах үед энэ бүс нутагт, Гадаад Монголыг манай эзэмшлийн газар болгож хувиргахад оршино хэмээн энэ бүс нутгийн бодлогоо тодорхойлчихоодi харзнаж суусан юм. Хүлээж суусан гэж болохгүй, зөндөө юм хийсэн. Энэ үзэл санаагаа сурталчлах, үзэл суртал буюу Пиар талын ажлыг загалмай зүүсэн буриад П.Бадмаевт хариуцуулж, 2 сая рубль төсөвлөж, сонин хүртэл гаргаж байсан. Тэр нь сонин нь монгол хэлээр гарсан анхны сонин болж таарч, энэ тэр. Н.Пржевальский, П.Козловын экспедиц, Төвдөд нэвтэрсэн лам-тагнуул Агваан Доржиев, Цэвгийн Гомбожав гээд бишгүй олон тагнан судлах анги, тандан мэдээлэх зорилготон бишгүй олныг явуулжээ.

Улмаар, 1907 онд Японтой нууц гэрээ хийж, Манжийг унасны дараа Гадаад Монголыг Оросын протекрат болгоно хэмээн тохирчихоод хүлээж суув.

Яг ийм санаархал, төлөвлөгөөн дундуур “нөхрөөсөө салахыг хүссэн сайхан хүүхэн” өөрөө дэгдэж ирээд хамаг юмыг будлиантуулж орхив. Энэ нь эргүүтсэн хонийг чоно идэж чаддаггүй шиг сонин паник үүсгэсэн бололтой. Чоно байгалийн зөнгөөрөө, зугтаасан айсан амьтныг барьж идэж сурсан тул өөдөөс нь зүгээр гүйгээд очиж байгаа эргүү хонь түүнийг эргэлзээнд оруулж орхидог.

ХХ зуун хүн төрөлхтөнд олон гай гамшиг авчирсан боловч, түүнээсээ дутахгүй сахилга, тоглоомын дүрэм бий болгоод байв. XIX зуунд Крымын дайнаар холбоотнууд Оросын өрнө зүг хийсэн түрэлтийг зогсоосноор зүгээр л бусдын газар нутгийг эзэлж аваад байдаг цаг өнгөрснийг мэдэж авчээ. Ялах, ялагдахаас илүүтэйгээр худлаа үнэн яриа хэлцээр, тохироо олон улсын хил хязгаарыг тогтоож байх болов.

Ингээд Богдоор удирдуулсан Монгол хэмээх “нөхрөөсөө салах санаатай хүүхэн”-ийг яахаа мэдэхгүй болов. Гэтэл өнөө монгол хүүхэн чинь манж нөхрөөсөө салах төдийгүй, оросын хөнжилд ч гүйгээд орчих санаагүй аж. Өөрөөр хэлбэл, хэрээ мэдэхгүй бас өрх толгойлсон эмэгтэй байх санаархалтай гэж байгаа.

Монголыг Хятадаас шууд салгаад хаячих гэхээр, айлын авгай салгасан хэрэгт унаад, олон улсын тавцан дээр ганцаардана. Салгахгүй гэхээр, монголчууд тэдэнд үүрд гомдож хэзээ ч эргэж харахгүй болох ба аягүйтвэл хятадуудтайгаа учраа олчихож болно. Төлөвлөсөн ёсоор Оросын протекрат болохын үес нэгэнт сэтгэл хөрсөн хүүхэн өвөрт орох болно. Хажуугаар нь Оросын дотоодод нийлүүлэхээр болчихсон Урианхайн хязгаарыг өөрийн хэсэг гэж даварсан төдийгүй, Японд ногдох учиртай Өвөр Монголыг бас өөртэйгөө нийлүүлнэ гээд яриад, тэднийгээ төлүүлэн Хайсан, Удай энэ тэрийг дагуулаад ирдэг нь ч юу билээ.

Оросуудын өмнө Монголыг гомдоохгүйгээр, бас тусгаар тогтнуулахгүйгээр, Өвөр Монголтой нь нийлүүлэхгүйгээр, бас одоохондоо Хятадаас салгахгүйгээр, улмаар өөртөө ашиглах асуудлыг зохицуулах зорилт тулгарлаа.

Ингээд “Хаант Оросын хоёр нүүрт тоглоом” гэгдэх их бодлого эхэлсэн бөлгөө. Тэд монголчуудад болохлоор тусгаар тогтноход нь туслах юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлээд Хятадуудад танай бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж ойлгуулав. Ойлгуулахын сацуу, хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол монголчуудыг дэмжихгүй гэх газаргүй хэмээн сүрдүүлэх санаа олжээ.

Монголчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараахан, 1912 онд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орост илгээв. Тэдний зорилго бол монголчуудын төсөөлснөөр “Хоёр дахь Долнуурын гэрээ” маягийн аятай сайхан тохиролцоог Петербургтай хийх явдал байлаа.

Алтан ургийн сүнс Занабазарын найм дахь дүр Богдын тэргүүлсэн гэнэн хонгор нүүдэлчид Хаант Оросоос зөвшөөрөхын аргагүй баахан зүйл гуйжээ. Юуны өмнө Петербург ба Өргөөд харилцан Элчин сайд суулгахыг хүсчээ. (Яаж дээ, чингэвэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, сүүлд нь өөртөө ч нэгтгэх аргагүй болгохно биз дээ)

Өвөр Монголыг Хятадаас чөлөөлөхөд туслахыг гуйсан байна. (Чингэвэл Орос-Японы нууц тохиролцоог зөрчихөд хүрэх ба Өвөр Монголыг чөлөөлдөг юм гэхэд тэднийг авахаараа япончууд л очино биз дээ)

Улмаар төлөөлөгчид, Хаант Оросын нийслэлд байгаа Англи, Франц зэрэг гуравдагч ертөнцтэй холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн дэмжүүлэх гарц хайх гэж яваагаа ч нуусангүй (Одоо байчихаад, бүүр Хятадын байтугай, Оросын хяналтаас ч гарах нь байна шүү дээ.)

Япончуудтай нууц тохиролцоо хийчихсэн, хятадтай шинэ гэрээнд орох бэлтгэлээ хийж байгаа (удахгүй Урианхайн хязгаарыг Танну Тува болгоод Оросын протекратаар 1914 онд зарлана) үед ийм амбиц гаргасан нь “битгий давар”ii гэхээс өөрөөр хариулах аргагүй байлаа.

Оросууд эхлээд 1912 онд монголчуудтай хэлэлцээр байгуулав. Энэ нь монголчуудад горьдлого төрүүлсэн, хамгийн гол нь 1913 онд хийгдэх Орос-Хятадын тунхаглал, 1915 онд байгуулагдах гурван этгээдийн гэрээний бэлтгэл байв.

Энэ гэрээгээр, монголчууд шууд тусгаар тогтнохгүй атлаа

1912 оны Монгол оросын хэлэлцээний нэгдүгээр зүйлд, Их орос улсын хаан эзний засгийн газар…өөрийн (Монголын) газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэнийг оруулахгүй, өөрийн улсын цэрэг байгуулах эрхийг алдагдахгүй сахихад тусална

гэсэн заалт орсон ба газар нутгийн хил хязгаарыг тодорхойлоогүй, бас “Монгол” гэдэг ойлголтод монголчуудын нутагладаг бүх аймгууд багтаж болохiii ч гэмээр утга заасан байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах үед Коростовец нь “Эзэн хааны засгийн газар нь Орос-Монголын засгийн газруудын хооронд өнөөдөр гарын үсэг зурагдсан хэлэлцээр, протоколд “Гадаад монгол” гэдэг үгийг “Монгол Улс” гэдэг үгээр солихыг зөвшөөрөхийн хамт Монголд олгосон автономит засгийн эрхийг Халхаас гадна мужууд дээр дэлгэрүүлэн хэрэглэхийг заах эрхээ өөртөө үлдээсэн болохыг илэрхийлнэ” гэсэн мэдэгдэл хийсэнiv нь монголчуудыг баясгахаас гадна Бээжинг дарамтлах зорилготой ажгуу.

Улмаар, Монгол нутагт гаалийн татваргүй ажиллах 1881 онд авсан эрхээ хадгалсан ба улмаар Хаант Орос нь Монголд газар өмчлөх, өөрийн хөрөнгөөр байгуулсан зам гүүрэндээ татвар тогтоох, уул уурхай байгуулж ашиглах эрхтэй болов. Гэрээний гуравдугаар зүйлд

Монгол Улс хэрэв Дундад улс ба жич бусад улсуудтай өөр гэрээ бичиг тогтоох бол ..Орос улстай урьд нь зөвлөлдсөн нь бус бол хэрхэвч халж эвдэж үл болохv үүрэг хүлээсэн байна.

Ингээд монгол газар уурхай нээж, газар өмчлөх гэсний учир Манж-хятадаас салсан монголчууд Орост уурхай нээх, газар өмчлүүлэх эрх олгосон төдийгүй, хятадтай аливаа тохироо хийхийн өмнө Оросоос асуух үүрэг хүлээв.

Хаант Орос энэ талаараа Бээжинд мэдэгдсэн ба монголчууд одоо зөвхөн Оросын саналаар л та нарт хандах болно гэж айлгалаа. Бээжингээр барахгүй бусад орнуудад ч дуулгажээ.

Монголын засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн бичвэрийг Франц, Англи, Японы Элчин сайдад гардуулаад, энэ хэлэлцээр нь Монголын засгийн газар Хятадын захиргааг байгуулахгүй, цэргийг байрлуулахгүй, хятад иргэдийг суурьшуулахгүй. Орост мэдэгдэхгүйгээр ямар ч гэрээ хэлэлцээрийг гадаад гүрэн тэр ч байтугай хятадтай ч байгуулахгүй. Уг хэлэлцээрийн хавсралт протоколд заасан тусгай эрх эдлэхийг (үнэн хэрэгтээ Монголын эдийн засаг, дэд бүтцийг орос хянах) Оросын харьяатуудад олгох үүрэг авсныг дурдсанvi байна.

Ингээд 1913 онд “Орос-Хятадын тунхаглал” гарлаа. Хөөрхий, мэдээлэл муутай, Орос-Хятад ба Орос-Японы элдэв тохироонуудын талаар ойлголтгүй монголчууд өөрсдөдөө болон хувь заяандаа итгэсэн хэвээр. Орос-Хятадын тунхаглал бол 1915 оны Гурван этгээдийн гэрээний үндсийн үндэс болсон бөгөөд улс төрийн хувьд Бээжингээс хараат, эдийн засаг, газар зүйн утгаараа Хаант Оросын мэдлийн “Дундын Монгол” байгуулах зарчмыг тунхагласан юм. Дэлхий дахин ч оросууд газар нутгаа урагш тэлэхгүй, Хятадын бүрэн бүтэн байдал ч алдагдахгүй утгаар хүлээн авчээ.

Энэ зуур Бээжинд Хаан төр солигдож Бүгд найрамдахчуудын хятад улс байгуулагдав. Ширээнээс буусан эзэн хааныг алаагүй, шоронд хориогүй бөгөөд, төрийн хэргээс хөндийрүүлсэн боловч хэргэм зэрэг бусад эх ямбыг өөртөө хэвээр үлдээж, жил бүр 4 сая доллар олгох болсон байна. Харин үүнээс хэдэн жилийн дараа төрийн эрхийг авсан Оросын большевикууд Эзэн хаан Николайг гэр бүлээр нь буудан хороосон билээ.

Эндээс өрнө, дорнын улс төр дэх аллагын талаарх зарчмын өөр байр суурь тодрон гардаг. Хятадууд улс төрийн аллагаас аль болох зайлсхийдэг бөгөөд 1945 онд Манж Го хэмээх тоглоомын улсын хаан болчихоод байсан Пу И-г Зөвлөлтүүд баривчлан хүргэж өгсөн юм. Гэвч хятадууд Пу-г Манжийн сүүлчийн хаан байсных нь төлөө, япончуудад урван Манж Го улс байгуулсных нь ч төлөө цаазаар аваагүй бөгөөд хэсэг хорьж байгаад сулласан байдаг.

Улмаар БНМАУ-д дүрвэн ирээд Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэх, тусгаар тогтнуулах үйлсийг санаачлан зүтгэж явсан Дэ ван хэмээх Дэмчигдонровыг ч цаазлан хороогоогүй бөгөөд гэрийн хорионд байлгаж байв. Харин түүнийг Улаанбаатарт урьж ирүүлснийхээ дараа хүү Дугаржавыг нь БНМАУ-д цаазлан хороож, гэр бүлийг нь нутаг заан цөлж байжээ.

Бас, 1971 онд БНМАУ-ын нутагт онгоцтойгоо сүйрсэн генерал Лин Бяог оргон гарахыг нь Мао Зэдун мэдэж байсан боловч “Хэрвээ түүнийг баривчлан хороовол ардын баатар болж үлдэнэ, харин эх орноосоо зугтвал урвагч болж хувирна” гээд зугтаан гарах боломж олгосон байдаг. Улс төрийн дайсны талаарх Өрнө дорнын хандлагын зөрөөг эндээс харж болно. За, энэ ч яахав.

1912 оны гуравдугаар сарын 10-нд Бүгд найрамдах Хятад улсын үндэсний хурлаас “БНХУ-ын Түр үндсэн хууль”-ийг батласан ба түүнд Гадаад Монголыг Өвөр Монголын нэгэн адил БНХУ-ын нутагт дэвсгэр багтаасан…мөн Гадаад монголоос Хятадын парламентын төлөөлөгчдийн танхимд хэд хэдэн депутат суулгах мандатын эрхтэй байхаар тогтоосон аж.

Монголчууд энэ саналыг найрсгаар няцаан,

…гэтэл монгол хятад хүмүүсийн зан суртахуун , шашин шүтлэг, хэл бичиг харилцан өөр, нэн ялангуяа бидний монголчууд хоёр зуу илүү жил Чин улсад талхидуулан оюун мэдэл ба суртал нь эдүгээ хүртэл нэвтрэн нээгдээгүй. Хэрэв хуучныг сахих хүдэх монгол хүмүүс маш утга гэгээн хятад иргэдтэй нэгэн гэрт суувал үнэхээр харилцан өө сэв өдөгдөж, ухасхийн гарахад хүрүүлэх болуузай гэнэ….иймд харилцан найртай сэтгэлт айл улс бололцож…

гээд газар нутаг бусад асуудлын талаар Оросын оролцуулан шийдэх хүсэлт тавьжvii байв. “Хүдэх монгол”, “утга гэгээн хятад”, “ ухасхийн гарахад хүрүүзэй” энээ тэрээ бол яахав, харин Оросыг оролцуул гэдэг нь бол 1912 оны Орос-Монголын гэрээнд гэнэн хонгороор итгэн хамаг найдлагаа тавьсных биз ээ.

Оросууд Гурван этгээдийн гэрээнд бэлтгэх зуур монголчуудыг “ухааруулах”, өвөр монголчуудыг тэднээс салган холдуулах ажлыг дэс дараатай хийж байв. Хоорондоо эвдрэх дуртай монголчуудыг хатган хагаралдуулах нь харин ч амархан байсан бололтой. Рамстедт, Котвич нарын архиваас үзэхэд, Халхчуудын ойлгож байгаагаас үзвэл тэрээр (Хайсан нь) гадны хүн бөгөөд зүй бусаар гарч ирсэн хүн, Хойд монголчууд нь Өмнөд монголчуудыг хагас хятад гэж басамжилдаг бэлэн сайхан хагарлын хөрс байжviii л байж.

Халхыг Өвөр Монголоос холдуулах буюу 1907 оны гэрээгээр япончуудын өмнө хүлээсэн үүргийг Хаант Оросын өмнөөс гүйцэлдүүлэх амаргүй ажилд консул Любагаас эхлээд Элчин Коростович гээд бүгдээр эрвийх дэрвийхээрээ хөдөлжээ.

…Өөрөөр хэлбэл Люба нь Өвөр монголчуудыг оролцуулахгүй, Халх-ын монголчуудын Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэж тайлбарласан гэж үзэж болно. Улмаар Гадаад Яамны сайдын нэр дээр явуулсан илтгэлдээ, Ван гүн гэсэн шаардлага нэмж бичигдсэн байна. Энэ хоёр материалаас үзэхэд Оросын талын бүрдүүлэх гэсэн Монголын Засгийн газар нь Халх-ын талын ван гүн-гээс бүрдэх ёстой байсан гэж ойлгож болно. Энэхүү бодлогоос үзэхэд Өвөр монгол гаралтай Хайсан болон лам Цэрэнчимидийг Монголын Засгийн газраас зайлуулах санаа явагдаж байна гэж үзэх боломжтойix

Монголын тусгаар тогтнолын хэргийг анхлан санаачилж, зоригжуулан зүтгэгчийн нэг Хайсан гүнг төрийн хэргээс зайлуулан Ховдын хязгаарт томилон явууллаа.

Хайсан гүн Ховдын хязгаараас хаа тэртээ Финланд руу илгээсэн захидалдаа

Мунхаг миний бие цэрэг дайчилж Ховдод мордсон учир болбоос: Люба, Ханд ван хоёр учир сүлбээлдэн ховлож үүрд Хүрээнд буцаахгүйгээр зохиож явуулсан бөлгөө…Санахад манай Монгол Улс тулгар төр байгуулснаар нэг жил илүү болтол нэг ч хэрэг бүтээсэнгүй. Энэ цөм Любагийн хорыг амсаж байхаас ийм болсон. Люба Өвөр Монголыг Халх Монгол лугаа нийлүүлэхгүй хэмээсний учир сайд Да ламын бие зүүнш мориловx

хэмээн харамсан өгүүлсэн байна.

Харин Өвөр Монголыг нэгтгэхийн төлөөний үзэлтэн Да лам Цэрэнчимэд гурван улсын гэрээ байгуулахад түвэг учруулахгүйн төлөө гэх шиг 1914 онд баруун хязгаарт эв эрүүлээрээ нас барав. Ер нь бол яг нас барахдаа бие нь муудсан байж таарна л даа.

1913 онд Орос-Хятадын тунхаглал гардаг жил Монголчууд Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээ орост одуулжээ. Зорилго нь мөнөөх л үл тасалдах найдвар. Оросууд учир байдлыг элдэв янзаар ухааруулах гээд сүүлдээ цөхөрсөн бололтой, шууд ойлгуулах гээд үзжээ.

Хаант Оросын Гадаад хэргийн сайд Сазановоос консул Мюллерт бичихдээ, Японы ашиг сонирхол нэвтэрсэн Өвөр Монгол буюу Англи улсын онцгой сонирхож байгаа Түвдтэй хил нийлсэн Хөх нуур, Цайдам зэрэг газрыг Хятад улсаас салгах гэсэн монголчуудын оролдлогыг дэмжиж чадахгүй гэж Сайн ноён ханд бид тайлбарласан”-аа дуулгажээxi.

Гэтэл Сайн ноён хан бодлогоо тайлбарлан хамгаалсаар байсан тул Гадаад явдлын Яамны Алс дорнодын хэлтсийн дарга Казаков түүнийг ингээд байвал Монголд зэвсэг олгохыг татгалзах төдийгүй, гурван улсын гэрээ хүртэл ямар ч тусламж үзүүлэхгүй гэж айлгахдаа тулжээ.

Гэнэн хонгор гэхэд хаашаа, мятаршгүй тууштай гэхэд ч амаргүй, ямар ч байсан тусгаар тогтнолдоо туйлын үнэнч Сайн ноён хан сүүлдээ Японтой хэлэлцээр хийхийг зуучилж өгөхийг хүртэл гуйжээ. Орос-Японы нууц тохиролцоонд засвар хийх нь л дээ.

Т.Намнансүрэн бээр өнөөгийн гадаад Монголд оросуудын эдэлж байгаа онц эрхтэй төстэй, худалдааны тийм боломжийг Японд олгоё гэжээ. Монгол нь нэгдсэн нэг улс боловч дотроо Оросын болон Японы протекрат болсон хоёр хэсэгтэй байх хувилбар гаргаж ирсэн байна. Үл мятрах Сайн ноён Гурван улсын гэрээ байгуулан байгуултал энэ санаагаа хамгаалж консул Мюллерт Өвөр Монголыг Япон ба Орос улсын хамгаалалтын дор нэгтгэх төлөвлөгөөгөө байн байн тайлбарласаар байсан гэдэг. Энэ нь Намнансүрэнгийн нүдээр харахад боломжийн мэт боловч Хаант Орост ч, Японд ч, Хятадад ч хүлээн зөвшөөрөх аргагүй романтик санаа байлаа…

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихаар болсноо Засгийн газар мэдэгдлээ. Уг төмөр зам ашиглалтад орсноороо ямар ач холбогдолтой вэ?

-2010 онд УИХ Төмөр замын талаар төрөөс баримтлах баримт бичгийг баталсан. Энэ бодлогын баримт бичгийн хэрэгжилт янз бүрийн шалтгаанаас үүдэн удаашралтай байгаа. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал биднийг хүссэн ч, эс хүссэн ч дөрвөн чиглэлийн замаа яаралтай барих эдийн засаг, цаг хугацааны шахалтад оруулж байна. Миний хувьд эхний ээлжинд дөрвөн чиглэлийн замаа яаралтай барих ёстой гэж хардаг. Нэн тэргүүнд Зүүнбаян Хангийн чиглэлийн замыг баримаар байна. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Гашуун сухайт-Зүүнбаян чиглэлийг барих хэрэгтэй. 46 км ч гэсэн Шивээ хүрэн-Нарийн сухайтын чиглэлийг замыг баримаар байгаа юм. Энэ чиглэлүүдийн замын ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх асуудлаар Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж шийдэл гаргалаа гэж үзэж байна. Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийг олон жил ярьсан. Дотогшоо чиглэсэн урсгал учраас гадныхан хөрөнгө оруулах сонирхол харьцангуй бага. Гэхдээ энэ чиглэлийн замыг барих үндсэн гурван шалтгаан бий гэж миний хувьд хардаг.

-Ямар шалтгаан бий гэж харж байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний гол бүс нутгаас төвийн бүс рүүгээ түүхий эдээ авчрах хэрэгтэй. Түүнийгээ дагуулаад өнгөт металлын үйлдвэр байгуулах нөхцөл боломж, дэд бүтэц нь бүрдэнэ гэж харж байгаа. Дархан, Сэлэнгийн районоос Хятад руу явж байгаа төмрийн хүдрийг Өмнөговийн кокс нүүрстэйгээ нийлүүлээд гангийн үйлдвэр барьж болно. Мөн Өмнөговиос зэсийн баяжмалаа устай газар луугаа татан улмаар төв транс дээрээ авчирч зэс хайлуулах үйлдвэр байгуулах ч гэдэг юм уу. Нэг ёсондоо бид Өмнөговьд байгаа түүхий эдээ ганц гарцтай байлгах бус үндэсний үйлдвэрлэл рүүгээ, дотоод руугаа оруулж ирэх, төв транстайгаа холбох урсгал нь зөв юм гэж харж байгаа. Энэ бол эхний шалтгаан. Хоёрдугаарт, өнөөдөр Өмнөговьд байгаа түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнүүд нэг гарцтай байгаа. Ганцхан Хятадыг чиглэсэн гарцтай байгаа гэсэн үг. Бид бусад гарцыг нээхийн тулд зайлшгүй төв транс руугаа шугам татах хэрэгтэй байгаа юм. Чадвал цаашлаад Дорнодоор дамжуулаад алс дорнодын боомтууд руу хүргэх нь чухал. Бид ОХУ-тай олон жил ярьсны эцэст Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд 40 жилийн хугацаанд 70-аад хувийн тээврийн тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнийг ашигласнаар бид алс дорнод дээр өмнөхөө бодвол арай хямд өртгөөр түүхий эдээ хүргэх боломж бүрдэнэ. Ингэснээр Хятад, Хятад дотроо ганцхан Баяннуур аймаг руу чиглэх бус бусад гарцаа нээх боломжтой болно.

Гуравдугаарт, энэ удаагийн Засгийн газрын шийдвэр бол үндэсний бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд чиглэж байгаа. Бид өнгөрсөн жил туршиж үзсэн. Сайншандаас Алтанширээ буюу газрын тосны үйлдвэр хүртэл нийтдээ 20 км-т барилгын цэргийн анги, үндэсний компаниудыг ашиглаад төмөр зам тавьж үзсэн. Нэг км төмөр зам ойролцоогоор нэг сая гаруй ам.доллараар босч байгаа. Гэтэл гадны компаниуд нэг км төмөр замыг хамгийн багадаа 2-3 сая ам.доллараар барьдаг.

-Тэгэхээр цэргүүдээр бариулж буй гол шалтгаан нь хямд өртгөөр төмөр замаа барих явдал гэж ойлгож болох уу?

-Цэргүүдээр бариулж, дотоодын эх үүсвэрээ ашиглаж байгаа учраас үндсэндээ 2-3 дахин хямд өртгөөр төмөр зам босох боломж байгаа юм. Энэ нь үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих, иргэдээ ажлын байраар хангах, цэргээр дамжуулж мэргэжлийн чиг баримжаа олгох, цэрэгт алба хаах үедээ тодорхой хөрөнгийн хуримтлалтай болох зэрэг олон давуу талтай.

Тиймдээ ч дотогшоогоо чиглэсэн төмөр замыг дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлж, эхлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Цариг нь өөр гэх асуудал яригдаж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Ер нь бол төв транстайгаа холбогдож байгаа шугамууд бүгд өргөн царигаар, харин экспорт луу чиглэж байгаа шугамуудын нарийн, өргөн царигтай байх эсэхийг тухайн үед нь УИХ шийдээд явах ёстой.

-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг нэг мөсөн дуусгачихаж болоогүй юм уу гэх шүүмжлэл байна?

-Гашуунсухайтыг барих ёстой. Би бол ажил зэрэг явах ёстой гэж бодож байна. Учир нь өнөөдөр эдийн засгийн хувьд хамгийн ашигтай шугам бол Таван толгой-Гашуунсухайт юм. Энэ шугамын нийт өртөг нь техник эдийн засгийн үндэслэлээрээ 1.1 тэрбум ам.доллар. Түүнээс 280 гаруй сая ам.долларын ажлыг хийчихсэн. Нийтдээ газар шорооны ажил нь 204 км-т очоод дууссан. Одоо 70 км-ийн газар шорооны ажил бий. Дараа нь холбоо дохиолол, өртөө зөрлөг, зам дэвсэх зэрэг ажлууд үргэлжилнэ. Энэ ажлуудад 800-аад сая ам.доллар хэрэгтэй. Гэхдээ миний хувьд энэ шугамыг хамт эхлүүлээсэй гэж хүсч байгаа. Эхлэх байх ч гэж бодож байна. Учир нь энэ шугамыг барихад Засгийн газрын шийдвэрийн дагуу 49 хувь дээр нь гадны хөрөнгө оруулагчид орж ирэх юм. Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулаад тодорхой хугацаанд ашигласныхаа дараа эргээд улсад хүлээлгэж өгөх ийм ашигтай шугам юм. Тийм учраас дотоодын эх үүсвэр гэхээсээ илүү гадаад эх үүсвэрээ татан төвлөрүүлж ажиллах нь зүйтэй. Энэ шугамыг ашигласнаараа манай улсын экспортод гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний өртөг буурах, ашиг нэмэгдэх боломжтой. Энэхүү бүтээн байгуулалтыг энэ хаврын улирлыг алдахгүй хийх ёстой. Миний хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байх үедээ төслийн компанийг нь байгуулчихсан. Эрдэнэс Таван толгой, Монголын төмөр зам компаниудын 51 хувийн эзэмшлийг нь тодорхой болгочихсон. Одоо 49 хувь дээр гадны ямар компани орох эсэхийг шийдээд энэ бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэж харж байгаа.

-Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын ажлыг хэдийгээр эхлүүлэх бол?

-Дараагийн чухал зам бол Зүүнбаян-Хангийн чиглэлийн зам юм. Энэхүү замын ажлыг мөн энэ хавар эхлүүлэх ёстой гэж харж байгаа. Учир нь өнөөдөр Улаанбаатар төмөр зам, төв трансын хамгийн их ачаалал авч байгаа цэг бол Сайншандаас Замын-Үүд чиглэл. Гэтэл Замын-Үүд дээр ачаа хязгаарлагдмал байдлаар бууж байгаа. Цаашдаа нурмаг ачаа буюу уул уурхайн чиглэлийн ачаанууд тэнд улам хязгаарлалтад орно. Учир нь БНХАУ-д өвлийн олимп болно. Үүнтэй холбоотойгоор Эрээний бүс нутаг экологийн бүсд орсон. Тиймдээ ч уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх нь улам хүндрэлтэй болох юм. Манай ачаа Сайншандаас Замын-Үүд рүү, Замын-Үүдээсээ Бугат руу ирж байгаа. Хятад дотроо нэлээн тээвэрлэлт хийж байгаа гэсэн үг. Тэгэхгүйгээр Зүүнбаянгаас Ханги руу, Хангиасаа Бугат орвол 300-400 км товчилно, Хятадын тавьж буй экологийн бүсд ч хамрагдахгүй. Энэ утгаараа ойрын үед босгох ашигтай шугам нь Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр зам юм. Энэ нь Улаанбаатар төмөр замын цаашдын хөгжилд ч том түлхэц болохуйц салбарын хувьд хүлээлт үүсгээд буй төмөр зам юм.

-Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгох Засгийн газрын шийдвэр гарсан. Шийдвэрээр бол энэ сард багтаан ажил эхлэх ёстой байх аа?

-Дарханы чиглэлийн замын ажлыг эхлүүлэхээр тендер нь зарлагдаад явж байгаа. МАН 2000 оны эхээр Засгийн эрх барьж байх үедээ Мянганы зам гэсэн том хөтөлбөр хэ-рэгжүүлсэн. Мянганы замаар Улаанбаатар хотыг 21 аймгийнхаа төвтэй хоёр эгнээ авто засмал замаар холбох зорилго дэвшүүлсэн. Тэрхүү зорилго өнөөдөр үндсэндээ биелж байна. Одоо Говь-Алтай, Баянхонгорын дунд байгаа 100 гаруй км, Завхан аймгийн Улиастай хотын хойгуур нь явж буй шугамтай 67 км замыг холбох ажил явж байна. Энэ хоёр зам ашиглалтад орчих юм бол 21 аймаг Улаанбаатар хоттойгоо хоёр эгнээ авто засмал замаар холбогдох боломж бүрдэнэ. Харин энэ салбарын хөгжлийн хоёр дахь шат бол хамгийн сүүлийн үеийн техник технологи бүхий дөрвөн эгнээ замаар 21 аймгаа холбох зорилт тавих явдал юм. Үүний эхлэл нь Улаанбаатар-Налайхын чиглэл юм. Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээгээр хоттой холбох ёстой. Дараа нь Лүн, Дундговь гээд 10-аад жилийн дараа гэхэд бүх суурин газруудаа дөрвөн эгнээ хагас хурдны олон улсын зэрэглэлийн замаар нийслэлтэйгээ холбочих боломжтой гэж харж байгаа. Энэ бол бодлогын чанартай эхлүүлж байгаа ажил. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны 84 сая ам.доллараар одоо байгаа хоёр шугамаа янзлах ёстой. Европын сэргээн босголтын банкны 144 сая ам.доллараар шинээр хоёр шугам тавих хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар тус банктай гэрээгээ хийсэн. Одоо санхүүжилт нь шийдэгдээд явах ёстой. Ингэж чадвал бид гол суурьшлын төдийгүй үйлдвэржилт, эдийн засгийн гол цикль болж байгаа Дархан, Сэлэнгийн районоо Улаанбаатар хоттой хамгийн сүүлийн үеийн хагас хурдны замаар холбох боломжтой.

-Энэ хаврын чуулганд багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохдоо МАН ард түмэндээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийнэ гэж амласан. Энэ бол сонгуулийн мөрийн хөтөлбөрт байгаа зүйл. Тиймдээ ч МАН-ын ард түмнээс итгэл аван сонгогдсон 64 гишүүн дэмжих учиртай. Ер нь манай улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн давтамж нь 20, 30 жилийн хугацаатай байдаг. Нийгэм эдийн засгийн байдлаа дүгнэж үзээд нэмэлт, өөрчлөлт оруулаад явдаг жишиг байдаг гэж хэлж болно. Энэ жишгээр аваад үзэх юм бол 1992 оны Үндсэн хуульд тодорхой хэмжээний засвар хийх цаг үеийн шаардлага гарч байгаа. 1992 оны Үндсэн хууль муу хууль биш. Тиймдээ ч Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг 20 гаруй жил зохицуулаад явж байна. Цаашдаа ч зохицуулах учраас бид нэмэлт, өөрчлөлтийн түвшинд ярьж байгаа юм.

2016 оны арванхоёрдугаар сард Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Засгийн газар дээр эрдэмтдээр ахлуулсан ажлын хэсэг гараад ажилласан. Түүнээс хойш бид багагүй ажил хийлээ. Зөвлөлдөх санал асуулгын хууль баталж, зөвлөлдөх санал асуулга явууллаа. Иргэдээс санал авах ажлын хэсэг гарч, нийтдээ 354 мянган иргэнээс урьдчилсан байдлаар санал авсан. Таван сая нэгж санал ирснийг нэгтгээд дууссан. ШУА, бусад мэргэжлийн байгууллага, эрдэмтдийг оролцуулсан маш олон хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ бүгдийг нэгтгэж үзээд дөрвөн багц асуудлаар, нарийвчилбал 20 гаруй зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болох юм гэдэг дээр гишүүдийн олонх санал нэгдэж байгаа. МАН-ын бүлэг дээр танилцуулагдсан. Цаашдаа хаврын чуулганаар хэлэлцэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Яг ямар өөрчлөлтүүд орох вэ?

-Дөрвөн өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, парламентын засаг-лалаа төгөлдөржүүлэх асуудал. Бид засаглалын хэлбэр пар-ламентаараа байх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас сонгодог парламент руугаа ахин нэг алхъя гэж байгаа юм. Иймд парламентын эрх мэдлийг тодорхой болгох, дордохын долоон өөрчлөлтийн нэг заалтаас бусдыг нь үндсэндээ дахиж авч үзэх юм. Тухайлбал, хуралдаанд ирсэн гишүүдийн олонхоор хууль баталдаг. Одоо 40 гишүүн хуралдаанд байлаа гэхэд 20 гаруй нь дэмжихэд л хууль баталж байна. Шинэ төсөлд гишүүдийн олонхоор хууль батална. Гэх мэтчилэн парламентын эрх үүргийг хариуцлагажуулж, тодорхой болгосон заалтууд яригдана. Хоёрдугаарт, гүйцэтгэх эрх мэдлийн эрх үүргийг нэмэгдүүлж, Ерөнхий сайд төвтэй тогтолцоо руу оръё гэж байгаа. Ерөнхийлөгчийн зарим эрх үүргийг хязгаарлах, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, мөн хариуцлагаа ч үүрдэг болгох юм. Нэг ёсондоо хариуцлагыг тодорхой болгож, буух эзэн буцах хаягтай болгож байгаа хэрэг. Энэ чиглэлээр хэд хэдэн заалтууд орно. Мөн сая Төрийн албаны тухай хууль орсонтой холбоотойгоор төрийн албаны шатлан дэвших зарчмыг Үндсэн хуулийн хэмжээнд томьёолж оруулж ирэх асуудал ч байгаа.

Гуравдугаарт, шүүх эрх мэдлийн томилгоотой холбоотой олон жил ужгирсан зүйлүүд ил болж ард түмнээс шүүмжлэл хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор шүүхийн хараат бус байх боломжийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн албан тушаалтан, улс төрийн томилгоогоор бус шүүх байгууллага өөрөө, өөрийгөө томилдог байдлыг бий болгохыг зорьсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх мэдлийг тодорхой болгож, үе үеийн Ерөнхийлөгчийн институт энэ томилгоонд түлхүү ордгийг хязгаарлаж өгнө. Дөрөвдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг хуваарилалтыг дахин авч үзэх юм. Төсөлд Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг томилдог, сум, дүүргийнхийг ард иргэд нь сонгож, сонгогдсон сум, дүүргийн Засаг дарга нь багийн даргаа томилдог байх, хотын статусыг тодорхой болгох гэх мэтчилэн зохицуулалтууд орсон. Нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний эрх мэдлийн хуваарилалтыг ингэж авч үзэхгүй бол хэтэрхий их улстөржилт явагдаад байгаа юм. Сум, дүүрэг анхан шатны нэгж дээр улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж өгч байгаа хэрэг. Үндсэн хуулийн Цэц, улс төрийн намуудтай холбоотой ганц, хоёр заалтууд нэмэгдэж байгаа. Ерөнхийдөө ийм хүрээнд гишүүдийн олонх дэмжиж эхэлж байна. Хэлэлцүүлгийн явцад нэмэгдэж, хасагдаад явна байх. Ард түмэн итгэл хүлээлгэн дийлэнх олонхын суудал өгсөн энэ үед зориглоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зүйтэй.

-Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сан-аас төлсөн талаар Засгийн газраас мэдэгдсэн. Эрдэнэт үйлдвэрт Эрсдэлийн сан байсан эсэхт эргэлзэж байгаа хүмүүс цөөнгүй байна л даа. Ер нь энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа бол?

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор ард нь санхүү эдийн засгийн маш том схем явсан. Энэ нь өөрөө хуулийн зөрчилтэй, шалгаж тогтоох зүйлүүдтэй үйл явц өрнөсөн. Үүнийг дагасан улс төр ч өрнөсөн. 49 хувьд хамрагдсан АН-ын гаралтай улстөрчид тэргүүлээд Бид 49 хувийг идэж уусан. Харин 51 хувийг МАН авчихжээ гэдэг тархи угаалт хийх гэж хоёр жил шахам ноцолдлоо. 51 юм уу, 49 хувиараа хуваагдаад авчихсан юм байхгүй. Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллаж байсан аж ахуйн нэгж нь буюу Жаст компани нэрийг нь барьж гадаадаас их хэмжээний зээл авсан. Зээлийнхээ үлдэгдэл 51 сая ам.долларыг төлж чадахгүйээс шалтгаалж олон улсын Арбитрын шүүхэд очсон. Арбитрын шийдвэр нь 2017 оны есдүгээр сард эцэслэгдэн гарч, Монгол Улс тэр өрийг төлөхөөр болсон. Энэ асуудлын үед Жаст компанийн удирдлагууд шалгагдаж, барьж хоригдсон. Энэ өрийн хүү нь өдрөөс өдөрт гүйж байсан л даа. 100 гаруй сая ам.долларыг авахаар шийдвэртэй байв. Үүнийг Засгийн газар хэлэлцэж үзээд дундын зуучлагч оруулаад 40 сая ам.доллар дээр тохирохоор болсон. Улсын ч бай, хувийн ч бай манай улсаас гарч байгаа ам.доллар учраас эхний удаадаа хаачихъя гэж үзсэн.

-Хэн нэгний буруутай үйлдлээс болж тавьсан өрийг улс төлчихөж болох уу. Энэхүү 40 сая ам.долларыг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг хэрхэн шийдэх вэ. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэсэн үү?

-Мэдээж энэ 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээр нь төлүүлэх ёстой. Жаст компани, иргэн Г.Батхүүтэй холбогдох хөрөнгө их байгаа. Тэр хүн бүх аймагт сүлжээ махны үйлдвэр, нефть түгээх станцтай байсан. Банкны хувьцаа, цөөнгүй алтны ордууд эзэмшиж байсан. Тэр бүгд буруу, зөв гараар явчихсан. Заримыг нь банкинд хууль хүчний байгууллагаас битүүмжилчихсэн байна. Хууль хүчний шийдвэр гараад гэм буруутай этгээдүүд нь тодроод ирэхээр дотооддоо энэ асуудлаа ярина. Дээрх зүйлүүдийг борлуулаад нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явагдана гэж бодож байгаа. Ингэж явагдах ч ёстой. Тэгэхгүйгээр Монголын ард түмний хөрөнгийг хэсэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанд зориулж болохгүй. Үүн дээр парламент ч анхааралтай ажиллаж байна. Ажлын хэсэг гарчихсан. Миний бие ч тэрхүү ажлын хэсэгт ажиллаж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засагт өгөөжөө өгөх ордууд


Одоохондоо доллар олох боломжтой ганц салбар бол геологи, уул уурхай. Эдгээр салбараас олсон валютаараа бусад салбараа хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах боломж бий гэж шинжээчид онцолдог. Валют олох боломжтой ордуудын нэлээд нь төр засгийнхны хойрго хандлага, хүнд суртал, авлигад автсан байдал, иргэний нийгэм, орон нутгийнхны эсэргүүцлээс болоод эдийн засгийн эргэлтэд ордоггүй гэсэн нийтлэг шалтгаан бий. Монголын эдийн засагт ирээдүйд өгөөжөө өгөх ордуудын тухай мэдээллийг багцлан хүргэе.


ЗАНАР СУДЛААЧИЙГ ДУУ АЛДУУЛСАН ӨВӨРЖАРГАЛАНТЫН ХӨНДИЙ

Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумдын дунд орших Өвөржаргалантын хөндийд дэлхийн хамгийн чанартай занар бий. Дэлхийг хөндлөн гулд туулж занарыг 30 гаруй жил судалсан Харольд Винегар гэгч эрхэм “Би дэлхийн бүх занарыг судалсан. Монголын занар шиг ийм сайныг нь харсангүй. Чанараараа дэлхийд гайхагддаг Израиль, Йорданы занараас хоёр дахин их хэмжээний тос гарна гээд бод доо” гэж толгой сэгсэрсэн удаатай. Өвөржаргалантын занар хүхэргүй, боловсруулахад элдэв хорт хий ялгарахгүй, органикийн өндөр агууламжтай учраас хамгийн сайн чанарын тос гарна гэдгийг АНУ-ын “Жени ойл шейл” компанийнхан тогтоочихсон. Америкийн хувьд занарын технологиороо дэлхийд гэж яригддаг, энэ аварга зах зээл нефтийн импортоо хумьж чадсан шалтгаан нь ерөөсөө л занар. Тэд Өвөржаргалантын хөндийн занарын хувьд нэрэх үйлдвэр байгуулаад элдэв зардал гаргахгүйгээр газрын тос гаргаж авч, зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн ч нутгийн иргэд, иргэний нийгмийнхний эсэргүүцэл, Засгийн газраас болж олборлолт явуулж чадаагүй юм. Олборлолтын асуудал шийдэгдэхгүй сунжрах хугацаанд газрын тосны үнэ буцаж өссөн учраас “Жени ойл шэйл” Монголыг орхин гарсан юм. Занараас газрын тос гаргаж авах яриа хөөрөө ид өрнөж байсан үед “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-д “Занарыг дотооддоо боловсруулахгүй” гэсэн өгүүлбэр орж ирснийг тод санаж байна. Төрөөс занарын төслүүдийг гацаах энэ мэт алхам цөөнгүй хийгдэж байсныг онцолъё.

Ариэль Шароны Засгийн газарт сайдаар ажиллаж явсан Израилийн бригадын генерал Эффие Эйтамыг Монголд ирэх үеэр нь уулзаж байлаа. Тухайн үед тэрээр “Жени ойл энд газ” компанийн ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм. Террористуудад барьцаалагдсан иргэдээ Угандагаас авч гарах тусгай ажиллагааг удирдсан генерал тэр үед “Танай улс эрчим хүчний салбараа орчин үеийн түвшинд хөгжүүлье гэвэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг татахын тулд төрийн бодлого нь тодорхой байх ёстой. Засгийн газар нь УИХ руугаа, УИХ нь Засгийн газар руугаа зангаад асуудлыг шийдэхгүй удах нь сайн хэрэг биш. Дөрвөн жил яг ийм байлаа. Бид энэ асуудлыг хөрөнгөө оруулчихаад сарын дараа биш, бүтэн дөрвөн жилийн турш мөнгө зарцуулсны дараа хөндөж байгаа гэдгийг ойлгоорой.Монголын хууль тогтоомж хамгийн хэцүү тусгай ажиллагаа болоод байна” хэмээн хэлж байв.

“Жейни ойл Шейл Монголиа” компанийн хувьд, Монголд занарын иж бүрэн хайгуул судалгаа явуулж, шатдаг занараас бензин, дизель түлш гаргаж үйлдвэр барих төлөвлөгөөтэй ажиллаж байсан юм. Тухайн үед үйлдвэрт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн мэдээлэл цацагдаж байв. Манай улс 700 гаруй тэрбум тонн занарын нөөцтэй гэсэн таамаг тооцоо дуулддаг. Нөөцийг нь бүрэн тогтоовол зэс, нүүрсний ордуудаас гадна занараараа дэлхийд тэргүүлэх боломжтой гэж геологичид онцолдог. Улсын хэмжээнд шатдаг занарын 60 орчим орд, илэрц бий. Гол хэсэг нь Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар болон Хэнтий, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нутаг дэвсгэрт хамрагддаг. Түүнчлэн шатдаг занарын төслийг “Жейни ойл Шейл Монголиа” компаниас гадна болон Монголын “МАК”, “Нарантуул” зэрэг компани сонирхож байсан юм. Одоогоор занарын чиглэлээр хайгуул, олборлолтын шатны идэвхтэй төсөл байхгүй.

ДЭЛХИЙН АНХААРАЛД ОРСОН УРАНЫ ОРДУУД

Монголыг ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсахад нөлөөлсөн орд бол Дорноговийн нутаг дэвсгэрт орших Дулаан-Уул, Зөөвч-Овоо. Францын “Арева” компани манай улсад арваад жил хайгуул хийсний үр дүнд эдгээр ордын нөөц тодорхой болж байв. “Арева”-гийн охин компани “Кожи говь”-ийн хайгуул хийсэн Зөөвч-Овоод гэхэд л дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар асар их нөөц илэрчихээд байгаа. “Арева”-гийн хувьд Францын Засгийн газрын 90 хувийн оролцоотой, ураны чиглэлээр дагнаж ажилладаг гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэгч компани. Гэвч энэ компанийн хайгуулын ажил ураны олборлолтыг эсэргүүцэгч иргэний хөдөлгөөнийхнөөс болж таг зогсоод удаж байна. Засгийн газрын зүгээс ч хүчтэй нөлөө оролцоо дэмжлэг үзүүлэхгүй байгаа төслүүдийн нэг. Дулаан уул, Зөөвч овоогийн ордын ураныг олборлож шар нунтаг хэлбэрээр экспортолно гэж “Арева” мэдэгдэж байв. Шар нунтагийн хувьд байгаль дээр алт, зэс шиг байдаг л зүйл. Боловсруулахаараа л өндөр хамгаалалт аюулгүй байдал шаарддаг юм. Боловсруулалтыг нь Монголд биш, өөр улсад хийхээр байсан ч энэ төсөл өнөөг хүртэл гацсан төслүүдийн нэг хэвээр байна. “Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. Англи, Америк, Орос, Хятад, Франц улсууд энэ зөвлөлийн байнгын гишүүд. Бид баялгийнхаа салбарт бусад дөрөвтэй нь харилцаж байгаа. Энэ утгаараа, тодруулж хэлбэл геополитик талаас харсан ч Франц түншлэхгүй байх аргагүй, хэрвээ”Арева”-г явуулчихвал орон зайг нь Орос, Хятад, Энэтхэгийн аль нэг жижиг компани эзэлнэ” гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлдэг.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТЭЭС МУШГИА ХУДАГ ХАМГИЙН ИХ НӨӨЦТЭЙ НЬ

Дэлхийд хамгийн эрэлттэй баялаг бол газрын ховор элемент. Цахилгаан машин ирээдүйд хүн төрөлхтний гол хэрэглээ болно гэж байгаа энэ үед өндөр хөгжилтэй улс орнууд газрын ховор элементийг онцгой сонирхож байна. Дулаан цахилгааны төгс дамжуулагч болж чаддаг нь энэ элементүүдийн давуу тал. АНУ-ын Геологийн судалгааны газар дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөц байгааг тогтоосны дөчөөд хувь нь Хятадад, бүр тодруулж хэлбэл Өмнөд Монголд байгаа аж. Үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголын хөрсөн дор бий гэсэн тооцоог тэд гаргажээ. Өмнөд Монгол их хэмжээний нөөцтэй учраас Монголд анхаарал татахаар хэмжээний нөөц байх нь гарцаагүй гэсэн судлаачдын таамаглал ч бий. Манай улсын нутаг дэвсгэрийн жар орчим газарт газрын ховор элементүүдийн орд илэрсэн гэсэн албан бус статистик сонсогддог. Гэхдээ нийт нөөц нь хараахан тогтоогдоогүй. Хайгуулын түвшний ажлууд л хийгдэж буй. Хамгийн их нөөцтэй гэгдэх Өмнөговийн Мушгиа худаг ордыг Өмнөд Монголын том ордтой дүйцэхүйц гэсэн мэдээлэл бий. Мушгиа худагийн ордод ЗХУ, БНМАУ-ын ШУА-ийн геологийн хамтарсан экспедици 1983-1984 онд эрэл хайгуулын ажил хийж байж. Товчхондоо манайд хайгуул хийгдсэн хамгийн том орд газар. Өмнөговь аймгийн Мандалговь сумын нутагт орших энэ ордын тойм нөөцийг 398 сая тонн хүдэрт агуулагдсан газрын ховор элементийн нийлбэр исэл нь 6.1 сая тонн гэж үнэлсэн байдаг.

ТОСОН УУЛААС 40 САЯ ТОНН ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОНО

Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 33 талбайг ялгаж, 27 талбайд 28 бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас Буйрын XII гэх талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусчээ. Онцолж хэлэхээр орд нь “Петрочайна дачин тамсаг” компанийн Тосон-Уул-19, Тамсаг-21, Буйр-22 талбай. Эдгээр талбайд 2,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тосон уулын газрын тосны ордын ашиглалтын хугацаанд нийт 1638 цооногоор 20 сая тонн газрын тосыг 2039 он хүртэл, 2041 он хүртэл нийтдээ 40 сая гаруй тонн газрын тос олборлохоор төлвлөөд байна.

КОКСЖИХ НҮҮРСЭЭРЭЭ ТАВАН ТОЛГОЙТОЙ ХОРШИХ ОВООТ

“Аспайр майнинг” компанийн эзэмшдэг Овоотын орд дэлхийн зах зээл дээр Таван толгойн коксжих нүүрстэй хоршино. Өөрөөр хэлбэл Таван толгойн нүүрстэй өрсөлдөхгүй, олон улсын зах зээл дээр биенээ нөхнө гэсэн давуу талтай. Коксжих нүүрсээр ган хайлдаг, тэгэхдээ гурваас таван төрлийн нүүрс хольдог, Таван толгойнх шиг чанарын коксжих нүүрс ихэнх хувийг нь, Овоотынх шиг төрлийн коксжих нүүрс 15-25 хувийг нь эзэлдэг гэсэн шалтгаан бий. Энэ ордын нөөцийг ЖОРК стандартаар тогтоосон юм. Овоотын нүүрсний нөөц 230-250 сая тонн. Орос, Хятадад Овоотынх шиг чанарын коксжих нүүрсний орууд бий ч олборлолт нь гүн рүүгээ орж, нүүрс гаргаж авах зардал нь ихсээд байгаа. Энэ шалтгаан “Аспайр майнинг”-ийн эзэмшдэг ордыг олон улсын зах зээл дээр үнэ цэнэтэй болгож буй. Тэгэхээр Овоотоос нүүрс экспортолж эхэлбэл дэлхийн зах зээлээс доллар татах том боломж байгаа гэсэн үг. “Аспайр майнинг” компани төмөр замын бүтээн байгуулалт хийхээсээ өмнө авто зам барьж нүүрсээ тээвэрлэх шийдэлд хүрээд байна. Хүнд даацын 560 км авто замын төсөл нь орон нутаг, иргэний хөдөлгөөний элдэв эсэргүүцэлгүй хэрэгжвэл Монгол Улс хориод жил ашиглах коксжих нүүрсний шинэ уурхайтай болно.

ХҮРЭН НҮҮРСЭЭ ДОЛЛАР БОЛГОХ ОЙРЫН БОЛОМЖ НЬ БАГАНУУР

Коксжих нүүрсээ доллар болгочихдог Монголын хувьд хүрэн нүүрс өнөөхөндөө үнэ цэнэ багатай ашигт малтмал хэвээр байна. Манай улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37.4 тэрбум тонн. Энэ нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс. Өдгөө бид 7-8 сая тонн орчим хүрэн нүүрс олборлож ашигладаг. Яг энэ янзаараа хэрэглэвэл 3700 орчим жил ашиглах нөөц гэсэн тооцоо дуулддаг. Хүрэн нүүрсний хувьд эрчим хүч гаргаж авах, ахуйн хэрэглээнд түлэх гэсэн хоёр төрлийн хэрэглээтэй. Хүрэн нүүрсээ ам.доллар болгох нэг том гарц бол эрчим хүч. Бүр тодруулж хэлбэл томоохон уурхайнуудынг түшиглэж цахилгаан станц бариад эрчим хүч үйлдвэрлэж экспортлох. Хамгийн боломжтой орд газрын нэг нь Багануур. Өмнө нь энэ орд дээр иймэрхүү төсөл хэрэгжүүлэх яриа хөөрнөө өрнөж байсан удаатай. Багануурын ордыг түшиглэж энэ мэт том төсөл хэрэгжүүлэх гэхээр төр, засгийн эрх мэдэлтнүүдээс улбаатай лицензийн маргаан тээг болдог. Дийлэнх хувийг нь төр эзэмшдэг уул уурхайн компанитай шүүх дээр лицензийн асуудлаар маргаж буй хувийн хэвшлийн “Алтайн гянт”-ын тусгай зөвшөөрлийн түүхийг харахаар эхлэл үүтгэл нь төрөөс угшилтай анзаарагддаг. Маргаан тарьсан лицензийг анх өгсөн хүн нь тухайн үеийн АМГ-ын дарга Лу.Болд, зөвшөөрөл авсан нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани, эрхэм гишүүн лицензээ зарахдаа элдэв “но”-г нь хэлээгүйгээс болж асуудал шүүхдээ тулсан, эцэстээ тусгай зөвшөөрөл худалдаж авсан компани нь залилуулсан гэх гомдлоор АТГ, цагдаад хандахаа мэдэгдсэн тухай мэдээлэл хөвөрч буй. Ийм шалтгаантай асуудал Багануурын хүрэн нүүрсийг доллар болгох боломжийг хойшлуулсаар байна. Хүрэн нүүрснээс эрчим хүч гаргаж экспортлох өндөр боломжтой уурхай гэгддэг энэ ордын нөөц 812 сая тонноор хэмжигддэг.


Categories
мэдээ цаг-үе

Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү Л.Энхцогт: Өвөө минь Төрийн дуулал, “Учиртай гурван толгой”, “Хэнтийн өндөр ууланд”-ыг бичсэн хөгжмийн суутан


Б.Дамдинсүрэн зээ хүү Л.Энхцогтын хамт. 1960-аад он

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Монголын соёл урлагийн алтан үеийн нэрт төлөөлөгч, хөгжмийн театрыг үндэслэгч, төрийн дууллын зохиогч, дуурийн урлагийг үндэслэгч Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү, Б.Дамдинсүрэн сан-гийн тэргүүн Лхаасүрэнгийн Энхцогттой уулзаж хөөрөлдлөө.

-Өвөөг тань Монголын шинэ үеийн хөгжмийн их суутан гэдгийг ард түмэн мэднэ. Аль нутгийн хүн байв?

-Миний өвөө Билэгийн Дамдинсүрэн 1919 онд хуучнаар Дархан чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Үнэгтий хэмээх газар мэндэлсэн. Богд хаант Монгол Улсын үед төрсөн хүн шүү дээ. Яг нарийн яривал өвөөгийн маань аав Өмнөговь зүгийн харьяат хүн байсан юм билээ.

-Билэг гэж овоглодог хүн нь үү?

-Үгүй ээ. Билэг гэдэг хүн бол өвөөгийн ээж нь байгаа юм. Ээжээрээ овоглосон хүн. Учир юу гэвээс эцэг нь өвөөг их бага байхад өөд болсон байдаг. Манай ээж тэгж ярьдаг байсан. Тав зургаан настайдаа Нийслэл хүрээнд шилжин ирж, 1924-1928 онд Гандан хийдэд шавилан суусан юм билээ. Төв гандангийн Жанрайсиг шүтээний зүүн урдхан талд хурууны хээтэй дуганын багана байдаг шүү дээ.

-Хурууны хээний аяар нэл тос болчихсон нэг модон багана байдаг, байдаг…

-Ээ дээ, тэр чинь өвөөгийн шавилан сууж байсан дуганын багана байгаа юм. Өөрөө тэгж ярьдаг байсан. Тэр багананд амьд сэрүүн ахуйдаа цагаан сарын битүүн, шинийн нэгэнд заавал ч үгүй очиж тойрдог байлаа. Битүүний урд өдрөөс цагаан сарын шинийн нэгний өглөө хүртэл зэтэр хурахад очиж сууна. Бодвол өөрийнхөө бага насыг дурсдаг байсан биз дээ.

-Түвдээр ном унших уу?

-Түвдээр, худам монголоор уншиж, бичнэ ээ. Хийдээсээ гараад гурван жил бага сургуульд суралцсан байдаг. Өвөө 1931-1934 онд “Монгол тээх”-эд жолоочийн дагалдангаар ажиллаж байгаад Улсын төв театрт шалгуулан дагалдан хөгжимчнөөр орж алдарт хуурч Д.Түдэв, С.Түвдэн, лимбэчин Л.Маам, шанзчин Д.Ишдулам, О.Дашдэлэг нараар хөгжимдөх арга ухаан заалган суралцаж эхэлсэн байдаг. Өвөө багадаа нэг лимбэ олоод тэрийгээ засч додомдон янзлаад тэрэн дээрээ ганц нэг хөөрхөн аялгуу оруулаад сурчихсан байсан гэдэг. Тэгээд айлын найран дээр лимбэдэж байхыг нь Түдэв гуай олж хараад шалгуулахыг хүссэн юм билээ.

-Дамдинсүрэн гуай ах дүү олуул уу?

-Өөрийнх нь төрсөн дүү Лувсандорж гэж хүн байсан. Дундговь аймгийн Адаацаг суманд мал маллаж байгаад өөд болсон. Хамт авахуулсан зураг энэ тэрээс харахад их төстэй шүү. Дуурийн театрын жижиг хэрэгслийн нярваар ажиллаж байсан Цэрэндорж ах бол өргөмөл дүү нь. Өвөөгийн ээж хүрдэн дээрээс олсон ч гэдэг билүү, сонин түүх яригддаг л байсан.

-Таны эмээтэй хэдийгээр гэр бүл болсон бол?

-Манай эмээ Цэрэндулам гэж Бөмбөгөр ногоон театрын хөгжимчин хүн байсан юм билээ. Хийл, хуучир зэрэг утсан хөгжим тоглодог байж. Эмээ цэл залуухан бурхан болсон. Миний ээж Д.Дамдиндулам айлын ганц охин. Долоо наймхан настай өнчирч хоцорсон гэдэг. Ээж маань 1939 онд төрсөн хүн. Түүнээс хойш өвөө гэр бүлийн хүнтэй болоогүй юм гэсэн.

-Ганц охиноо хойдох урдахын гар харуулахгүй л гэсэн байх даа, зайлуул?

-Эр хүний дотор янз бүрийн л бодол байсан биз. Ахиж гэр бүл зохиолгүй ганцаар явсаар 1992 онд бурхан болсон доо. Ээж нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргээд Хятадын Бээжингийн их сургуулийг 1966 онд төгсөж ирээд “МОНЦАМЭ” агентлагид хятад хэлний орчуулагчаар ажилласан. Тэндээсээ цэргийн хүн болж хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яаманд тэтгэвэртээ гартлаа ажиллаад гадаад хэлний “Цог” дээд сургуульд профессор болтлоо багшилсан даа. Би айлын ууган нь. Энхмаа, Сувдаа гээд хоёр охин дүүтэй дээ. Ээжийг урд сурах үед өвөө хэлний бэлтгэлд нэг ангид суралцаж байсан сонин тохиолдол байдаг юм. (инээв. Л.Б)

-Б.Дамдинсүрэн гуайн анхны уран бүтээл хэдэн онд төрөө бол?

-Халхын голын дайны үед 1939 онд Ж.Дорждагвын шүлгээр “Халх голын бургас” хэмээх анхны дуугаа зохиож өөрөө дуулсан нь баримтат кинонд орсон байдаг. Түүнээс хойш “Малчид”, “Шинэ жил”, “Сүхбаатарын туг”, “Монгол нутаг”, “Энх тайвны төлөө эхийн дуу” зэрэг дөч гаруй нийтийн дуу бичсэн юм билээ. Тавин нэгэн онд ардын жүжигчин Л.Мөрдорж гуайтай хамтран Төрийн дууллыг бичиж тухайн үеийн Чойбалсангийн шагнал буюу төрийн шагнал авсан. Нөгөө төрийн шагналаа “Ийм нэгэн хаан байжээ” жүжгийн хөгжмөөр авсан шүү дээ.

-Олон ч жүжгийн хөгжим туурвисан байх шүү?

-Өвөө 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаачаар ажиллаж байхдаа “Шарай голын гурван хаан”, “Хатанбаатар Магсаржав”, “Мандухай сэцэн хатан”, “Талын баатар”, “Амарсанаа”, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Зам”, “Далан худалч” зэрэг хөгжимт жүжгийн аялгууг зохиосон хөгжмийн театрын үндэслэгч хүн л дээ. Хамгийн сүүлд “Чингүнжав” дуурь бичиж байгаад гүйцээж чадаагүй. Монголын үндэсний анхны дуурь болох “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг 1942 онд зохиосон. Шинэ цагийн хөгжмийн манлай болсон эл бүтээлийг судлаачид “Ардын дуунаас ургасан цэцэг” хэмээн өндрөөр үнэлсэн байдаг юм. Өвөө 1954-1956 онд ЗХУ-ын Ленинград хотноо Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн ангид О.С.Чишко багшийнхаа удирдлага дор суралцсан. Өвөөгийн намтар их адал явдалтай баян түүхтэй. 1955-1956 онд шоронд суусан байгаа юм. 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1957-1958 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд БНХАУ-ын Бээжин хотноо Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид багш Жан Дэн Шаны удирдлага дор суралцан төгссөн. Төгсөж ирээд Улсын дуурь бүжгийн театрт наян нэгэн он хүртэл хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдагчаар ажилласан.


-Киноны хөгжим ч нэлээд бичсэн байх?

-“Цогт тайж” киноны хөгжмийг дөчин таван онд Л.Мөрдорж гуайтай хамтран бичсэнээс хойш “Нөмрөг хадны цуурай”, “Ичээнд нь”, “Солонгын таван өнгө”, “Хүний сайхан сэтгэл”, “Өнөр бүл”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Сахиул уу, сахиус уу”, “Фронтод явах өргөдөл”, “Ацаг шүдний зөрөө”, “Хөх өвсний нуур хөлгүй”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Аянгат цагийн дууль”, “Эцгийн голомт” зэрэг олон киноны хөгжмийг бичсэн байдаг. Өвөө наян хоёр оноос хойш арван жил “Монгол кино” үйлдвэрт хөгжмийн ерөнхий редактороор ажилласан даа. Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн даргаар ч ажиллаж байсан. Өвөө “Жаргалын зам”, “Тэмцэл”, “Амарсанаа”, “Мартагдашгүй 42 хоног” дууриуд, “Шуурга”, “Нуурын домог” бүжгэн жүжиг, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлол, төгөлдөр хуурын аяз, “Хасбаатар” симфони найраглал, “Миний эх орон” симфони удиртгал зэрэг олон шилдэг бүтээл туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцагчдын нэг байж дээ. (санаа алдав. Л.Б)

Б.Дамдинсүрэн сан-гаас тэгш ойн жил нь юу хийхээр төлөвлөв?

-Манай сан Монголын урлагийн ажилтны холбоо, УДБЭТ, УДЭТ, Монгол Улсын консерватори, “Монгол кино” нэгтгэл, Төв аймгийн Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театртай хамтран уран бүтээлийг нь сэргээн тавих, тоглолт хийх, баримтат кино бүтээх, ном гаргах, уран бүтээлийн ноотоор нь цомог хэвлэх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

“Монгол туургатан” театрын өмнө талд Төрийн дууллын хөшөөг босгохоор ярьж байгаа. Хамгийн эхэнд Б.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлыг энэ сарын 11-нд хийнэ дээ.


Categories
мэдээ нийгэм

Тугчин одтой, хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 14, Тугчин одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5:58 цагт мандан, 19:45 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хагалгаа хийлгэх, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижина.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Тусгаар тогтнолын “нөхөр дайсан”” хэмээн өгүүлжээ.

“Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг” хэмээн “Нийгэм” нүүрт бичсэн байна.

“Улс төр” нүүрээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрсэн зам – бодит түүх – (1990/02/26-02/28-ны өдрийн тэмдэглэл)-ийг уншаарай.

“УИХ-ын гишүүн Л.Энхболд: Уул уурхайгаас үүдэн ус хомсдвол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн төсөл өргөн барьсан” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Дэлхийн дулаарлыг зогсооход 12 жилийн хугацаа үлджээ” хэмээн“Нийгэм” нүүрт өгүүлжээ.

“Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав” хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрдэнэт үйлдвэрт луйврын схем хэрэгжсэн байж магадгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Уул уурхай” нүүрт “Танилц, төмөр замын эдийн засаг” хэмээх нийтэлжээ.

“Багш” нүүрт “Худал гүжирдлэг ба бодит үнэн” хэмээн өгүүлэв.

“Дэлхий мэдээ” нүүрт “Индонезид ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болов” хэмээн бичлээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Талийгаачийн нэг нь “Ажлын залуу маань химийн бодист хордоод хараагүй болчихлоо” хэмээн өмнө нь ярьж байжээ” хэмээн бичсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ