Categories
мэдээ нийгэм

Хашаандаа тоглож байсан нэг настай хүүг дайрч амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.20-21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэний 3 нь хүүхэд байна.

2019.04.21-ний өдөр БЗД-ийн нутаг Улиастай зам, … тоот хашаан дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь хашаан дотроо тоглож байсан 1 нас 7 сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ.

2019.04.20-ны өдөр 11.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон байна.

Нийт ослын тав нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол бүртгэгджээ.

Амралтын хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэн залилан хийдэг байжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж иргэдийг хууран мэхэлж байсан А гэгч этгээдийг саатуулан шалгаж байна.

Иргэн А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад тэрээр 3 найзын хамт уг хэргийг хийсэн бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй явдаг, өдрийн цагаар идэвхитэй үйлдэл хийдэггүй ихэвчлэн шөнийн цагаар үйлдэлээ хийдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч 3 этгээд нь 2017 оноос хойш хуурамч цагдаагийн алба хаагчийн дүрд тоглож эхэлсэн нь тогтоогджээ. Эдгээр этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, тусгай дуут дохио, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагчаас огтхон ч ялгарахааргүй болж иргэдийг залилан мэхэлж байсан нь илрэн шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.

Цагдаагийн алба хаагч иргэн танд цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна. Мөн сэжигтэй тохиолдол ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандаж хамтран ажиллана уу…

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг урд хөршийг зорив

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын Шиань хотыг зорив. Эрэгтэйчүүдийн жингийн барилдаан энэ сарын 23-нд буюу мягмар гаригт эхлэх бөгөөд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д ОУХМ Ц.Цогбадрах, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 74 кг-д спортын мастер Б.Отгонбаяр, 79 кг-д спортын мастер Д.Төгс-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзнэ. Эрэгтэй бөхчүүдээс гурав нь хоёр дахиа, долоо нь анх удаа тивийн аваргад зодоглохоор болжээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, Э.Гантуяа, З.Болортунгалаг, Ц.Намуунцэцэг, Б.Энхцэцэг, Б.Дөлгөөн, спортын мастер Г.Ариунжаргал, Н.Загардулам нарын бүрэлдэхүүнтэй бүсгүйчүүд нөгөөдөр эх орноосоо мордох бол сонгомол бөхийн хоёр тамирчин (М.Даваабанди, Г.Ханбүргэд) маань 25-нд Хөх хотоос Шиань шууд очих юм.

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 1989 онд Японы Оараи хотод болсон Азийн АШТ-ээс, эмэгтэй бөхчүүд 2000 оны БНСУ-ын Сөүлийн Азийн аваргад анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож, 23 алт, 61 мөнгө, 84 хүрэл, нийт 168 медаль хүртээд байна.

Categories
гадаад мэдээ

Шри-Ланк улсад найман удаагийн халдлага болж 262 хүн амиа алдаад байна

Шри-Ланк улсад Улаан өндөгний баяраар цуврал дэлбэрэлт гарч, хамгийн сүүлчийн мэдээллээр 262 хүн амиа алдаад байна. Эхний зургаан дэлбэрэлт гурван сүм, гурван зочид буудалд гарсан бол долоо дахь нь арлын баруун хэсэгт, найм дахь нь Коломбо хотын орон сууцны хороололд гарчээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд Дани, Япон, Пакистан, Марокко, Энэтхэг, Бангладеш, Хятад, Нидерланд, АНУ, Турк, Их Британийн иргэд байжээ. Мөн 450 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Шри-Ланкийн засаг захиргаа 13 хүнийг сэжиглэн саатуулаад байна. Цагдаагийн ажилтнууд түүнчлэн халдлагад ашиглах гэж байсан ачааны машиныг илрүүлжээ.

Хамгийн эхний дэлбэрэлт ням гарагийн 12:00 цагийн үед гарсан байна. Халдлага Коломбо, Негомбо, Баттикалоа хотын гурван сүм, түүнчлэн Шангри-Ла, Синнамон Гранд, Кингсбюри зочид буудлуудад гарчээ. Харин долоо дахь дэлбэрэлт хэдэн цагийн дараа гарсан юм. Үүний дараахан Шри-Ланкийн засаг захиргаанаас олон нийтийн сүлжээ, мессенжерүүдийг хааж, орой 18:00 цагаас 22-ны өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. Мөн 22, 23-ны өдрийг амралтын өдөр болгон зарласан байна.

Коломбо хотын олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүйн арга хэмжээг чангатгажээ. Халдлагын гол бай нь христийн шашинтнууд бөгөөд амиа золиослогч алан хядагчид дэлбэрэлт үйлдсэн байж болзошгүй гэж “Дэйли мэйл”-д мэдээлжээ. Халдлага үйлдэгчид зочид буудалд “Си-4” хэмээх тэсрэх бодис ашигласан гэж шинжээчид таамаглаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван аймагт ой, хээрийн түймэр гарчээ

Он гарсаар 33 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган, Сэлэнгэ, Дорнод аймагт ой хээрийн түймэр гарч, онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар энэ сарын 15-нд ой хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Орхон аймгийн Онцгой байдлын газрынхан нийт 149 хүн, 16 автомашин, 4 мотоциклтой ажиллажээ. Уг түймрийг энэ сарын 18-нд цурманд оруулж, 2 бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бол Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Баруун нарийн” гэдэг газарт энэ сарын 19-нд гарсан түймрийг 20-нд цурманд оруулжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазайн даваа” гэдэг газар энэ сарын 20-нд түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрынхан ажиллан мөн өдрийн 21:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатжээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Өвөр хонхор” гэдэг газарт 19-нд хээрийн түймэр гарч, 20-нд цагт бүрэн унтрааж тус сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунд хүлээлгэн өгсөн байна. Уг түймэрт нийт 6000 га талбай шатжээ.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Нэвсийн-Ухаа” гэдэг газарт 19-нд ассан хээрийн хээрийн түймрийг 20-нд бүрэн унтраасан бөгөөд уг түймэрт нийт 1100 га талбай шатсан байна.

Categories
мэдээ нийгэм

Биелэлтийн шалгалт зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/122 тоот тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Онцгой байдлын газарт биелэлтийн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, шалган зааварлах зорилгоор Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газруудад иж бүрэн шалгалтыг зохион байгуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулган болно

Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд болно.

Чуулганаар Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж, Засгийн газраас баримталж буй бодлого, одоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүд, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвүүдээр төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудын хүрээнд хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрнэ. Уг үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдож байгаа юм.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нар Ази тивийн аварга болов

Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж Азийн аварга болсон бол 81 кг-д О.Ууганбаатар Узбекистаны жүдоч Ш.Болтабоевыг ялснаар энэ удаагийн тивийн АШТ-ээс манай багаас хошой алтан медальт тамирчид төрлөө. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч мөнгөн медаль хүртэж өмнөх өдрийн мөнгөн медалийг ихэрлүүлсэн юм.

Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд 2019 оны Ази тивийн АШТ-д хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Мөн Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд болно. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд хуралдах юм.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийвдэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/-ийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа

Улс төрийн попрол хүн төрөлхтний түүхэнд гай болж байснаас тус болсон удаа байхгүй. Улс үндэстний хөгжил дэвшлээс хойш нь яхийтал чангаадаг хамгийн хор хөнөөлтэй зүйл нь улстөрчдийн хийрхэл, попрол юм. Гэвч поп улстөрчид хүн төрөлхтөнд гамшгаа дэлгэсээр байна. Дэлхий нийтээрээ попрол ямар аюултайг мэддэг болсон. Тэдний эрин үе дуусч, төгсгөл болж байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Хүн төрөлхтөн ухаалаг хэрсүү болж байна. Хэн нэгний нэр хүнд олж, ардын баатар болохын тулд юу ч хамаагүй ярьж байгааг гадарладаг болж. Хэн тухайн улс үндэстэнд хортой, буруу зүйл ярьж, хийгээд байгааг ч ойлгодог, ялгадаг болсон байна. Гэтэл манай хэдэн залуус дэлхий нийтийн чиг хандлагыг сөрөөд л, бүр хол хадуураад байх нь сонин. Ард иргэдийг өөрсдийнх нь попролыг ойлгож, ялгаж салгахгүй, нэг ийм юм яриад явбал алдар хүндэд хүрч болно, улс төрийн попрол Монголд цоо шинэ зүйл, дөнгөж эхэлж байна гэж ойлгоод байгаа бололтой. Нийгэмд таалагдах нэг сэдэв олж аваад хэн хэр сайн хийрхэж, попорч чадна, төдий чинээгээрээ ашиг хонжоо авчирна гээд бат итгэчихсэн хүн ч цөөнгүй байх шиг. Бүр попорсон дүрдээ эргэлт буцалтгүй ороихон, уйлж дуулж, хашгирч, шүлсээ үсчүүлж байна. “Поп”-чдын барьж авч байгаа бараг ганц сэдэв нь уул уурхай. Тэр тусмаа манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч томоохон төслүүдийн нэг болох Оюу толгой, Таван толгой гэх мэт орд газруудыг онилчихсон. Олонх нь “Оюу толгойг хаая, хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөж гаргана. Таван толгойн нүүрсийг зарж болохгүй. Монголд ямар ч ашиг байхгүй” гэж хашгирдаг. Уул уурхайн үйл ажиллагааг зогсоох нь Монголд ямар ч ашиггүй, цаг хугацаа алдсан дэмий зүйл гэдгийг монголчууд мэддэг болсон. Уул уурхай Монголын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа. Уул уурхай поп улстөрчдийн хэлээд байгаа шиг муухай зүйл биш. Зөв зүйтэй ашиглаж чадвал тухайн улс оронд олон төрлөөр үр ашгаа өгнө.

Харин ч байгаа уурхайгаа хаана гэж байхаар байхгүйг нь шинээр бий болгож, илрүүлмээр байна. Геологийн нэгдсэн хайгуул эхлүүлмээр байна. Монгол орны хаана ямар баялаг нуугдаж байгаа вэ гэдгийг цоо шинээр нээж илрүүлэх цаг нь болсон. Оюу толгой, Таван толгой, Цагаансуварга, Эрдэнэт, Дорнод аймгийн Матад сумын газрын тосны орд шиг өөр дэлхийд гайхагдсан шинэ орд Монголд дахиад хэчнээн байгааг таамгаар хэлэх боломжгүй. Харин судалж, олж, нээж илрүүлээд уул уурхайн салбарт хөгжил дэвшил бий болгох хэрэгтэй юм. Геологчид сүүлийн үед Алтайн цаад говь, Хэнтий нуруу, Дорнод аймгийн зүүн хэсэг хилийн ойролцоо бүсүүдэд алтны томоохон орд байгаа гэх мэдээлэл өгөх болсон. Мөн Дорноговь аймагт сайн чанарын нүүрсний хэд хэдэн томоохон судал байгаа, Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт стратегийн ач холбогдолтой нүүрсний орд ч бий гэгдэж буй. Эдгээр газарт ашигт малмалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нь нөөцийг нь дутуу тогтоосон асуудал байгаа гэсэн. Дээрх хоёр нүүрсний орд Таван толгойтой дүйцэх хэмжээний нөөцтэй гэх судлаач, эрдэмтэд ч бий. Жишээ татахад, Баянхонгор аймагт “Алтан нар” гэж орд бий. Тус ордод өрөмдлөг хийхэд 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр ч том алтны нөөц илэрсэн. Хармагтайн ордын нөөцийг дахин шинээр тогтоох ажил хийгдэж, Оюу толгойгоос их ашиг хүртэх боломж байгаа гэдгийг геологичид онцолж байсан. Үүнээс гадна Хэнтий нуруу Сэлэнгэ аймгийн гурван сумын нутаг дамнасан газар нутагт алтны маш их нөөц бүхий орд байгаа. Нинжа нар зөвхөн өнгөн хэсгийнх нь алтыг ухсан нь тогтоогдсон гэдэг. Мөн дэлхийд хаана ч байхгүй ган үйлдвэрлэх боломж Монголд байгаа гэж буй. Хамгийн сайн чанарын ган үйлдвэрлэхэд 20 гаруй нэр төрлийн байгалийн баялаг ордог байна. Ган үйлдвэрлэхэд шаардлагатай бүх химийн элментүүдийн нөөц манайд байгаа нь тогтоогдсон аж. Иймд эрдэмтэд ган үйлдвэрлэх нарийвчилсан судалгаа хийж эхэлсэн бөгөөд монголчууд ган үйлдвэрлээд хэдэн зуун жил ашиг хүртэх боломж байгаа хэмээн албаны эх сурвалжууд онцолж байна лээ. Энэ мэтээр нээж илрүүлээгүй хэдэн арван Оюу толгой, Таван толгой Монголд байгааг бид мэдэхгүй.

Монгол Улс газрын доорх баялгаа зөв зүйтэй ашиглах ёстой гэж хүн бүр ярьдаг. Гэвч яаж хэрхэн зөв ашиглах ёстой талаар олигтой шийдэлд хүрчихээр зүйл өнөөдрийг хүртэл ярьдаггүй. Жишээ нь, уул уурхайн баялгийг худалдан борлуулаад олсон ашгаараа сан бий болгож болно. Уул уурхайг түшиглэсэн сангийн мөнгийг улстөрчид захиран зарцуулдаг бус, луйварчин улстөрч, бизнемэнүүдийн бүлэглэлийн тавьсан өр зээлийг төлдөггүй, ард түмний эрүүл мэнд, боловсролыг сайжруулж, дэмжихэд зарцуулах хэрэгтэй. Одооны уул уурхайгаас олж байгаа ашгийг ард түмэн дөнгөж амсаад л өнгөрч байгаа. Тэгвэл үүнээс шал өөрөөр ул суурьтай, иргэн рүүгээ чиглэсэн бодлоготойгоор сангийн мөнгийг зарцуулж яагаад болохгүй гэж.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл байлгахын төлөө бүхнийг хийдэг. Манайхан шиг ганц эмнэлэг барьчихаад асуудлыг нь шийдсэн гэх ойлголт ард иргэдэд өгөхийг оролддогоос тэс ондоо. Эрүүл мэндийн салбар нь цогц бодлоготой байдаг. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулдаг. Мөн суурь өвчний эх үүсвэр болох шүдний өвчлөлөөс эхлээд бусад өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлж, цаг тухайн үед нь чадварлаг эмч нараар эмчилгээ хийлгэдэг. Иргэнээ бага нас, өсвөр үе, нас биед хүрсэн гээд л ангилан ялгаж байгаад эрүүл мэндийн салбар нь бодит үйлчилгээ үзүүлдэг. Үүнд нь тохирох санхүүжилтийг улсынх нь удирдлагууд зүй зохистой хуваарилаад өгчихдөг жишээ олон. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийг эрүүл чийрэг иргэн болгохын тулд спортын маш олон дугуйлан секц ажиллуулж байна. Үгүй ядахдаа,хөлбөмбөгийн талбай, усан сэлэлт бассейныг хэдэн зуугаар нь бий болгочихдог. Ингэж төр засгаас анхаарч байж иргэд нь өвчин зовлонгүй эрүүл, саруул байдаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбар бидэнд ямар дампуурсан үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Хамгийн наад захын жишээ нь, монголчууд хорт хавдар гэх аюулт өвчнөөр хэдэн мянгаараа хиарч байна. Бусад төрлийн цөөнгүй өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Ямар нэгэн өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүн бараг байхгүй болж, өнөө үед. Эрүүл мэндийн асуудлаас гадна боловсролд онцгой анхаарал хандуулах цаг нэгэнт ирсэн. Мөнгөтэй хүмүүс нь өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ явуулдаг. Үлдсэн нь улсын цэцэрлэгт сугалаагаар хүүхдээ өгч, нэг ангид 50-60-улаа шахалдан сууж байна. Тэднийг буруутгах аргагүй юм. Хувийн сургуулийн багш 15 хүүхдэд хичээл зааж байхад улсын сургуулийн багш 45-50 хүүхдэд хичээл орж байна. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ байхгүй байна. Нийслэлд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй хороо хэд хэд байдаг. Багш нарын авч байгаа цалин амьдралынх нь хаана ч хүрэхгүй гээд олон асуудал боловсролын салбарт бий. Тэгвэл уул уурхайн сангийн мөнгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл чийрэг биетэй, өндөр боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрхэн хуваарилж байгааг анхаарч, түүнээс дутахааргүй зарцуулах нь хамгийн зөв шийдэл. Уул уурхайгаас олох ашгийг жирийн иргэн бидэнд тэгш хүртээж байна гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй хэдхэн төгрөг тараасан болж байхаар эрүүл мэнд, боловсролын салбарт нэгдсэн бодлоготойгоор зарцуулаад үр ашгаа өгчихвөл олон томоохон асуудал давхар шийдэгдэнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэд бий болсон цагт уул уурхайн баялаг дууссан ч хамаагүй. Ард түмний амьдралд нөлөөлөхгүй хэмжээнд хүрнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хүмүүжилтэй иргэнтэй болчихсон байхад юун уул уурхай. Түүнээс хэд дахин их хэмжээний мөнгө олох боломж бүрдэнэ. Энэ хоёр салбарыг манай улс цогцоор нь дэлхийн жишигт нийцүүлж чадвал оюуны асар их баялагтай болно гэсэн үг. Монгол Улс уул уурхайн баялгаа оюуны баялаг бий болгоход зарцуулж байж хамгийн зөв, их үр ашиг хүртэнэ. Хүн төрөлхтний түүх, туулж өнгөрүүлсэн амьдралаас харахад иргэд нь эрүүл, өндөр боловсролтой улс орон л дэлхийг удирдаж байна. Үгүй ядахдаа, эрүүл, боловсролтой аав, ээжээс хулгайч хүүхэд төрөхгүй. Хүмүүсийн хүсдэг диваажин гэдэг чинь иргэд нь эрүүл чийрэг, боловсролтой, шороон түмэн биш, цөөхөн хүн амтай улс орнуудыг хэлдэг байж мэдэх юм. Норвеги, АНУ, Швед, Швейцарь, Финланд гээд орны иргэдийн амьдрал, амьжиргаа, аз жаргалын индексийг та бүхэн бод доо. Тус орны удирдагчид дээрх замналаар ард иргэдээ анхаарсан түүхтэй. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын иргэд рүүгээ чиглэсэн эрүүл мэнд, боловсролын бодлого, цогц үйлчилгээг уул уурхайгаас олсон ашгаараа Монголд бий болгоё. Тэгж чадвал хэдхэн жилийн дараа талын Монгол диваажин болчихно шүү дээ.