Categories
мэдээ нийгэм

“Вензөү” хятад рестораны үйл ажиллагааг зогсоолоо

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Монгол цзэн тай ХХК-ийн “Вензөү” рестораны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй, хоол үйлдвэрлэлийн байрны тааз ховхорч нурсан, дам бохирдол үүсэх нөхцөлд хоолны соус, жан хадгалсан, хоол үйлдвэрлэлийн хэсэгт их хэмжээний хог хаягдалтай, хоолны үлдэгдлийг их хэмжээгээр хадгалснаас иссэн, ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй, хоолны дээж авч бүртгэл хөтлөөгүй, баталгаажилтгүй бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэл явуулсан зөрчлийг илрүүлэн, 1906001639 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил арилгуулах хүртэл тус хоолны газрын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр түр зогсоов.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Төв аймагт ажиллав

Хаваржилтын байдалтай танилцах, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажилтай танилцах зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал аж ахуйн бодлогын газрын дарга Д.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй баг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.

ХХААХҮ-ийн сайд тус аймгийн Сэргэлэн сумын бэлчээрт аймаг орон нутгийн төсвийн 207 сая төгрөгөөр бактержуулсан бэлдмэл худалдан авч үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажил зохион байгуулж байгаатай танилцлаа. Тус сумын бэлчээрийн 215 мянган га талбайд үлийн цагаан оготно тархан хөнөөл учруулж байгаагаас 2019 оны орон нутгийн төсвөөс 20 мянган га талбайд буюу 9.3 хувьд тэмцэх ажил зохион байгуулж байгаа нь энэ байлаа. Орон нутгийн мэргэжилтнүүд тэмцэх ажлын үр дүнд сэтгэл хангуулан байлаа. Тэд хаврын улиралд бэлчээрийн ногоо ургахаас өмнө бактержуулсан будаа ашиглан тэмцэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

Энэ үеэр салбарын сайд улсын төсвийн хөрөнгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хөрөнгийг шийдвэрлэж байгаа тухай болон цаашид тэмцэх ажлыг хэрхэн явуулах талаар чиглэл өгөв. Төв аймгийн бэлчээрийн 42 мянган га талбайд тэмцэх ажил зохион байгуулахаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж байгаа тухай мэдээллийг орон нутгийн мэргэжилтнүүд, малчид, иргэдэд танилцууллаа.

Үүний дараагаар ХХААХҮ-ийн сайд Төв аймгийн Сэргэлэн сумын улсын аварга малчин Бундагын хотонд зочилж мал төлөлт, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцлаа. Аварга малчин Бундагынх бэлчээр сэлгэн нүүдэл хийгээд дөнгөж төвхнөж байсан юм. Тэднийх энэ жил нийт 500 гаруй бог мал төллүүлэхээс өнөөдрийн байдлаар 90 гаруй хувь нь төллөлж төл бойжилт мөн 95 гаруй хувьтай байгаа тухай ярьж, энэ жил ноолуурын ханш 130 мянган төгрөгт хүрч байгаад талархалтай байгаа тухайгаа илэрхийлэв.

Малчны хотонд зочлох үеэр бэлчээрийн тухай хуулийн төсөл, малчдын залгамж халгааг бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг цаг үеийн болоод бусад асуудлаар санал солилцож яриа өрнүүллээ. Малчид бэлчээрийн газраа хашихгүй байх, бэлчээрт гаргасан худгийн ашиглалтыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үнэтэй байлгах, малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулдаг байлгах зэрэгт анхаарч ажиллахыг хэлж байлаа.

Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бэлчээрийн газрыг хашихгүй, зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглаж бүтээмжийг сайжруулахад бэлчээрийн тухай хуулийн төсөл чиглэж байгааг хэлээд бэлчээр дэх худаг, уст цэгийг өөриймсөг сэтгэлээр хандаж ашиглах, малчид хэсэг бүлгээрээ нэгдэн усгүй бэлчээрт гар худаг гарган түүнийгээ дундаа хэрэглэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэтэй байлгаж түүнээс олох орлогыг нэмэгдүүлэх нь залуучуудыг мал аж ахуйд сонирхолтой болгох эдийн засгийн хөшүүрэг байж болох тухай танилцуулав.

Төв аймаг 2019 онд төлийн хорогдол тун бага /0.04 хувь/, төл бойжилт бараг 100 хувьтай, ихэрлэлт ихтэй хэвийн хаваржилттай байлаа. Тэд бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах чиглэлээр тодорхой ажлыг хийж, цаашид улам сайжруулахаар ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын сансрын хөлөг туршилтын үеэр дэлбэрчээ

Өнгөрсөн Бямба гарагт SpaceX компанийн сансрын хөлгийг Флоридагийн Канавералын хошуунд турших үеэр гэмтэл гарч, дэлбэрсэн байна.

Уг хөлгөөр АНУ-ын сансрын нисгэгчдийг энэ онд багтаан тойрог замд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Тус компанийн Crew Dragon хөлгийн хөдөлгүүрт хэд хэдэн янзын туршилтыг газар дээр зохион байгуулсан байна. Эхний туршилтууд амжилттай болсон ч сүүлчийн туршилтын үеэр тодорхойгүй шалтгаантай гажуудал үүссэн гэнэ.

Зарим эх сурвалжууд гэмтлийн улмаас дэлбэрэлт болж, их хэмжээний утаа гарсныг мэдээлж байна. Харин SpaceX болон NASA аль нь ч дэлбэрэлт болсон талаар ярилгүй, зөвхөн хөдөлгүүрийн ажиллагаанд алдаа гажуудал үүссэн гэж мэдээлжээ.

NASA-гийн захирал Жим Бриденстин “Бид алдааг илрүүлэх гэж л туршдаг. Алдаанаасаа суралцаж, шаардлагатай өөрчлөлтийг хийгээд цааш ажиллах болно” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Crew Dragon хөлөг өнгөрсөн сарын эхээр анх удаа тойрог замд нисгэгчгүйгээр хүрч, Олон Улсын Сансрын Станцад залгагдан тав хоноод буцаж ирсэн билээ.

Хэрвээ туршилтууд амжилттай болсон бол энэ онд багтаан Америкчууд анх удаа өөрсдийн хөлгөөр сансарт нисэх байв. АНУ 2011 оноос хойш төлбөр төлж, Оросын пуужингаар сансарт нисэж байгаа.

Тиймээс Америкчуудын өөрийн пуужингаар тойрог замд хүрэх хугацаа хойшилж магадгүй боллоо.

Ням гарагт сошиал сүлжээнд Crew Dragon хөлөг туршилтын үеэр дэлбэрч байгааг харуулсан гэх дүрс бичлэг тарсан байна. SpaceX уг бичлэгийг бодитой эсэхийг батлаагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд хотын ажил, амьдралын өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Нийслэл бодлогогүй, эмх замбараагүй тэлсэн нь үнэн, агаар хөрсний бохирдол асуудалтай байгаа, газар зохион байгуулалт зохион байгуулалтгүй явсан нь үнэн учраас цаашид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажилласан байна. Өөрөөр хэлбэл албан хаагч, алба хэлтэс, газар гээд хэн ямар ажил хариуцаж ажиллахаас эхэлсэн. Үүнд багагүй хугацаа орсон. Маш олон ажлыг хийх шаардлага байдаг ч дотоод зохион байгуулалт, процессийн уялдаа холбоогүйгээс ажил эзэнгүйдэж үлдэх тохиолдол гарсан. Цаашилбал бусад хүмүүст ажил, амиа даатгаснаас хот хот биш болсон байна. Ёс зүй, хариуцлага алдагдсан, асуудал хуулийн хүрээнд бус хувь хүний сонирхлоор хийж ирсэн тул эдгээрийг цэгцэнд нь оруулж байна” гэв.

С.МӨНХЧУЛУУН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН ҮҮДНЭЭС ТИЙМ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хотын дарга С.Амарсайхан нийслэлийн нутаг дэвсгэрээс 50 га газрыг Хятадын Тяньжин Фүүдс компанид хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх мэдээллийг өгсөн билээ. Харин энэ мэдээллийг хотын дарга С.Амарсайхан үгүйсгэж, гүтгэлэг хэмээн мэдэгдлээ.

Монгол-Хятадын харилцааг өргөжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болсон аж. Энэ дагуу Засгийн газрын тэргүүн дэд дарга 03 дугаар сарын 27-нд хотын даргад Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг судлах чиглэл өгсөн байна. Хариуд нь хотын дарга Тяньжин хотын захиргаатай хамтран 10 бодит ажлыг судалж, хэрэгжүүлэх нийслэлийн 100 хувийн өмчит компанийн нэрийг хүргүүлжээ. Харин 50 га газар олголт огт явагдаагүй, шийдвэр гараагүй гэдгийг хотын дарга тайлбарлалаа.

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун өөрийн хувийн эрх ашгийн үүднээс ийм мэдээлэл тараасан гэдгийг мөн дуулгалаа.

ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ ХХК НАДТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ

Туулын бургасыг хядаж барилга барьсан гэх “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн дарга хэмээн мэдээлэл хийгээд буй О.Сайнбаяр нь Засаг даргын ХОМ-тээ дурдсан “Оюуны ундраа” ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажилладаг талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар түүнээс тодруулахад “Оюуны ундраа групп 1700-1800 гаруй ажилтантай. Би НИТХ-ын дарга болсноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцолгүй хоёр жил болж байна. Олон мянган хүнтэй компанийн ажилтнуудыг бүртгэх боломж байхгүй учраас би одоо мэдээлэл өгөх боломжгүй. О.Сайнбаяр гэж нөхөр үйл ажиллагаа нь зогссон гэдгийг хэвлэлийн хурал хийж зарлаж байна лээ. Энэ компани надад хамаагүй. Хамааралгүй зүйлийг хамаатуулах гэж байна. “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, барилгыг нурааж, нөхөн сэргээх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэлээ.

НЭГ АЖИЛ ХИЙХ ГЭЭД НӨГӨӨГӨӨ СҮЙТГЭЖ БАЙГААД БИ ХАРАМСЧ БАЙНА

Баянгол дүүргийн 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд барилга барьж буй асуудлаар тэрбээр “Хоёр сургуулийн өргөтлийн ажил хийж байгаа юм. Нэг ажил хийх гээд нөгөөх нь сүйтгэж байгаад би ч бас эмзэглэж байна. Өөр газар хийх гэсэн боловч Баянгол дүүргийн АН-ын намын үүр байгаа учраас хөлбөмбөгийн талбайд өргөтгөл барьж байгаа юм билээ” гэв.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСЛИЙН 3 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОМИЛОЛТОД ЯВСАН БАЙНА

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд олон жил туслах нь зуучлагч болсон аж ахуйн нэгжүүдийг дуудаж ирж дарамталдаг байдал үргэлжилсэн. Таван жилийн өмнө эхэлсэн тусгай замын автобусны 270 сая америк долларын төсөл зогссон, тендер зарлахаар дарга нар өөрсдийн компанийг оруулах гэж зүтгэсээр ямар ч үр дүнгүй 3 сая америк долларыг нь зарцуулчихсан байна. Үүнийг дарга нарын томилолт, тавилга аваад дууссан байна. Энэ асуудлыг дэлгэнэ, хариуцлалагагүй ажилласан хүмүүсийг хална гэсэн учраас асуудал гаргаж ирж байна. 45 мянган төгрөгийн үнэтэй тэмдгийг 115 мянга болгон өсгөж авсан гээд маш олон зөрчил байна.

Баянзүрх дүүрэгт хоёр удаа төрийн аудитын хязгаарлалттай дүгнэлт авсан. Энэ дүүрэгт ажил хийж байгаа хүн байхгүй. 360 гаруй мянган иргэд, оршин суугчдын хувь заяагаар сүүлийн гурван жил тоглож байна. Санхүүжилтээ ил болго гэхээр энд тэнд жагсаал цуглаан хийж, гурван долоо хоног төрийн байранд хооллож ундалж, унтаж, зодолдож байна. Хуульгүй юм шиг аашилж байна.

Газар чөлөөлөх нэрээр 3 тэрбум төгрөгөөр газар худалдан авсан байна. Ямар ч шаардлага хангахгүй, ажил хийх боломжгүй газар худалдан авсан байна. 200 сая төгрөгийн газрыг 500 саяар зардаг гэх мэтчилэн олон хууль бус зүйл байгааг ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Дохио зангаагаар нь ажилладаг дарга нар байхгүй болсон, хууль бус үйлдэл нь таслагдсан, ах дүү амраг садангаараа дамжуулан хахууль авдаг байсныг нь бул хар чулуу шиг С.Амарсайхан ирсэн учраас ямар ч аргаар хамаагүй зайлуулах гэсэн компанит ажил явж байна.

ТӨВ ЦЭВЭРЛЭХЭД 8.1 ТЭРБУМААР ХИЙСЭН ЗАСВАР НЬ ЧАНАРГҮЙ БАЙСНААС ОСОЛ ГАРСАН

Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдсан. 2016-2017 онд яг осол болсон газарт 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн ч чанаргүй хийснээс болж энэ удаагийн осол гарсан. Үүнийг нуун дарагдуулахын тулд хүмүүс асуудал гаргаж ирж байна. Шүд эрүү нүүрний төвийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан. 1000 метр квадрат газрыг ийм үнийн дүнгээр авснаас 3000 метр квадрат байрыг авсан нь дээр гэж би НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байхдаа буцааж байсан ч худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй гэдгийг би хотын дарга болсноосоо хойш хэлсэн” гэсэн юм. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан талаар мэдээллээ.

Мөн эдгээр ажилтнуудын хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дээд болон мэргэжлийн сургуульд сурах насны хүүхдүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү: Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан, эдийн засагч, дэд профессор Ш.Гоохүүтэй ярилцлаа.


-Капиталын үйл явдал олны анхааралд байна. Монголбанкинд албадан татан буулгахаас гадна хуулиараа бүтцийн өөрчлөлт хийх болон бүрэн эрхт төлөөлөгч томилох гэсэн гарц бас байсан. Төв банкнаас тийм арга гарц эрэлхийлсэн үү. Одоогоор олон нийтэд татан буулгахаас өөр ямар ч гарц үлдээгүй гэсэн мэдээлэл л байна?

-Монголбанкнаас банкны ажлыг сайжруулах үүрэгтэй хянагч ажилласан. Зээлдэгчид цаг хугацаанд нь зээлээ төлөөгүйгээс хүндрэл үүссэн юм. Тодорхой хугацаанд зээлээ төлөх чадваргүй болсон аж, ахуйн нэгжүүдийн хувьд ч Монголбанк, банкны ажилтнуудын хэн нь ч шаардлага тавьсан хугацаа хэрэгтэй байсан л даа. Мэдээж Капитал банкны зүгээс зээл төлүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Тэгж ажилласан учраас зээлүүд бага хэмжээгээр төлөгдөж байсан. Гэхдээ татаад аваад явчихсан 400 гаруй тэрбумын хэмжээнд хүртэл зээлийн төлөлт хийгдэж чадаагүй.

-Тэгвэл Монголбанк бүтцийн өөрчлөлт хийх болон бүрэн эрхт төлөөлөгч томилох гэсэн үе шаттай хувилбаруудыг ашиглаагүй гэж ойлголоо…?

-Энэ хувилбаруудыг ашиглаагүй. Шууд л эцсийн хувилбарыг сонгосон.

-Таны түрүүн хэлсэн татаад аваад явсан гэх 400 гаруй тэрбум төгрөгийн учрыг тодруулахын өмнө нэг асуулт байна. Капитал банкны тухайд банкир хүнийхээ хувьд ямар үнэлэлт, дүгнэлттэй явдгаа хуваалцаач?

-Тавь гаруй жил банкны системд ажилласан хүний хувьд хэлэхэд нэлээд онцлогтой банк. Монгол Улсын хамгийн анхны арилжааны банк шүү дээ. 1990 оны гуравдугаар сард байгуулагдсан түүхтэй. Сүүлийн 30 гаруй жил банк санхүүгийн олон хямрал гарч байсан ч даваад гарч чадсан. Ерээд онд байгуулагдсан банкуудаас үлдсэн ганц нь. Хоёр дахь онцлог нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний банк. Гадаадын хөрөнгө оруулалттай банкны хувьд Монголоос босгосон орлого ашгийн зарим хэсэг нь гадагшилдаг. Үндэсний банкны тухайд орлого, ашиг нь ингэж гадагшлахгүй, эдийн засагтаа эргэлддэг давуу талтай.

-Капиталын бусад банкнаас ялгарах онцлог тал гэвэл та юуг онцлох вэ?

-Монголд үндэсний ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, импортыг орлох хаалга, цонх зэрэг үйлдвэрлэлийг дэмжиж ажилласан. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд үндэсний хөрөнгө оруулалттай банк тэргүүлэх учиртай гэсэн бодлого барьж ажилласан нь Капиталын онцлог тал. Жижиг дунд үйлдвэрийн болон бизнесийн зээлийг их хэмжээгээр олгож, 100 мянга орчим хүнийг ажил, орлоготой болгосон банк. 2007, 2008 оноос эхлэн актив нь өссөөр ирсэн.

-Таны сая хэлсэн үеэс 2012 оны сүүл хүртэл эдийн засаг өндөр өсөлттэй байсан ч дараахнаас нь гадаадын хөрөнгө оруулалт тасарч, улсаараа эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. Жижиг дунд, үйлдвэрийнхэнд анхаарсан жижиг банк байтугай том банкууд ч хэцүүдсэн. Капитал банкинд эдийн засгийн хямрал яаж нөлөөлсөн бол?

-Төр засгийн бодлого савласан үеүд банкуудад нөлөөлсөөр ирсэн. Ялангуяа эдийн засгийн өсөлт эрчимтэй буурсан 2014, 2015 онд нөхцөл байдал амар байгаагүй. Эдийн засаг эрчимтэй буурчихаар үйлдвэр эрхлэгчид цохилтод ордог. Үйлдвэр эрхлэгчдээс хамгийн түрүүнд эдийн засгийн хямралд өртдөг нь жижиг, дунд үйлдвэрлэгчид. Энэ бол аль ч улс оронд практикаар нотлогдсон үнэн. Банкны зүгээс ийм хүнд үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, зээлийн эргэн төлөх хугацааг нь багассан орлоготой нь уялдуулж сунгах гэсэн боловч Монголбанкны зүгээс манай энэ эрхийг зогсоож үйлдвэрлэл эрхлэгчид болон банкийг улам хүндрүүлсэн. Ийм шалтгаанаар тэр үед жижиг дунд үйлдвэрлэгчид зээлээ төлж чадахгүйд хүрсэн л дээ. Зээл төлөгдөхгүй зогсонги байдалд орсноор банкны төлбөрийн чадвар муудах хандлага анзаарагдсан.

Хэдий ийм ч банкны үйл ажиллагаа хүндэрсэн үндсэн гол шалтгаан нь банкны зээлдэгчид зээлээ цаг хугацаандаа гэрээнийхээ дагуу төлөөгүй, санхүүгийн сахилга батгүй байсан явдал нь гарцаагүй өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн.

-Эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь санхүүгийн салбарт, тэр дундаа жижиг банкуудад хүнд туссан. Гэхдээ Капиталын хувьд зөвхөн эдийн засгийн хямрал нөлөөлсөн үү, эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Миний хувьд Капиталыг ийм байдалд хүрэхэд зарим нэг гэнэтийн шийдвэр нөлөөлсөн гэж үзэж байна. Капитал банкинд байршуулсан төрийн банк санхүүгийн байгууллагуудын их хэмжээний мөнгийг 2015 оны сүүлийн хагас жилээс гэнэт татаж эхэлсэн. Үүний цаана зарим нэг сонирхол байсан гэж хардаг. Банк зохих хэмжээний хүүтэйгээр хадгаламж авч, тэр мөнгөнөөсөө зээл олгож, хүүнийх нь зөрүүгээр амьдардаг бизнесийн байгууллага. Энэ утгаараа нэр бүхий нэг байгууллагын 160-аад тэрбум төгрөгийг тодорхой хүүтэй, хугацаатайгаар байршуулсан байсан юм. Тэр эх үүсвэрийг хугацаа нь болоогүй байхад манай банкнаас татсан.

-Хугацаа нь болоогүй мөнгийг татсан гэхээр зээл болгоод гаргачихсан байхад нь мөнгө татах гэнэтийн шийдвэр гаргасан гэсэн үг үү?

-Та зөв анзаарсан байна. Банк хугацаа нь болоогүй мөнгийг зээл болгоод гаргачихсан байх нь тодорхой. Ийм нөхцөлд их хэмжээний мөнгө татсан нь банкны төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн.

-Та ярилцлагынхаа эхэнд 400 гаруй тэрбумыг татаж авсан тухай ярьсан. Энд дурдсан 160 тэрбум энэ тоонд багтах уу?

-Багтана.

-Үлдсэн нь ямар мөнгө байсан юм бол?

-Түрүүчийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснийг бүгд мэднэ. Мөн жижиг дунд төслийн олон хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөрийн хүрээнд үнэ тогтворжуулах төслийн зээлдэгчийг Монгол банк сонгон шалгаруулан санхүүжүүлж, манай банк дамжуулан зээлийг нь олгосон юм. 2015 оны эдийн засгийн бууралтаас шалтгаалж зээл авсан компаниуд хугацаандаа зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл энэ хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлтэй тэнцэх мөнгийг төв банк шууд арилжааны банкнаас аваад байсан.

-Компаниуд зээлээ төлөөгүй байхад арилжааны банкнаас шууд татаж аваад байсан хэрэг үү?

-Тэгсэн.

-Ийм аргыг банкны системд хэрэглэдэггүй санагдах юм…?

-Тийм ээ, Капитал банк ийм шалтгаанаар зээлдэгчдийнхээ өмнөөс 130 гаруй тэрбум төгрөгийг Монголбанк болон бусад төсөл хэрэгжүүлэгчдэд төлсөн.

-Үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагыг удаа дараа өгсөн гэсэн тайлбарыг төв банкнаас хэлдэг. Банкны зүгээс Монголбанкны шаардлагыг биелүүлэх чиглэлд ямар ажлууд хийсэн бэ?

-Шаардлага өгсөн гэдэг нь үнэн. Банкны зүгээс ч хичээсэн. Гэхдээ гадны яалт ч үгүй шалтгаан бас байсан. Капитал банк 130 хорооны 240 гаруй мянган хүний тэтгэвэр олгодог байсан юм. Үүнийг нь системтэйгээр өөр банкууд руу шилжүүлж эхэлсэн. Ингээд хэсэгчилж төрөл бүрийн хаалт тавьж зээл олгох эрхүүдийг ч хаасан. Зээлийн хүүгээр орж ирдэг орлого тэр хэрээр хумигдсан гэсэн үг. Алдагдалд орох болсон өөр нэг шалтгаан нь энэ л дээ. Банкны тухай хуулиар төлбөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь доголдсон банкуудад янз бүрийн арга хэмжээ авах хуультай. Хуулийн дагуу арга хэмжээ авах мөртлөө дэндүү хатуу хандсан.

-Яг яасан тухай дэлгэрүүлж яриач?

-Банкны үйл ажиллагаа доголдсон үед манай банкнаас зээлээ төлүүл гэсэн ганцхан шаардлагыг тавьж байснаас бус Банкны тухай хуулийн дагуу хийх шат дараалсан арга хэмжээнүүд болох банкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авалгүйгээр шууд эцсийн шатны арга хэмжээ болох банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилж байгаа асуудал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

-Капитал банкны хадгаламж эзэмшигчид хохирохгүй, мөнгөө ямар ч асуудалгүйгээр буцааж авна гэж ойлгож болох уу?

-Тэгнэ. Гэхдээ Монголбанкны эрх хүлээн авагч нь хуулийн дагуу хир үнэн зөв, шударга, ёс зүйтэй ажиллах вэ гэдгээс шалтгаалан хадгаламж эзэмшигчид хохирохгүй үлдэх бололцоотой. Мөнгөө буцааж авна. Хадгаламжийн даатгалын корпорацид бүх арилжааны банк хадгаламжаа даатгачихсан. Капитал банк ч даатгалд хамрагдаж даатгалын хураамжаа төлж ирсэн. Хуулийн дагуу хадгаламжийн даатгалд хамрагдсан банкны хадгаламж эзэмшигчийн 20 хүртэлх сая төгрөгийг шууд нөхөн олгоно. Нэг үгээр хэлбэл 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн хувьд ямар ч асуудалгүйгээр мөнгөө буцааж авна. Капитал банкны харилцагчдын данс ХААН банк руу шилжсэн. Хадгаламж эзэмшигчдийн хувьд мөнгөө буцааж авч болно, ХААН банкинд хадгаламжаа үргэлжлүүлэхэд ч асуудалгүй.

-Хориос дээш сая төгрөгийн хадгаламжтай, дансандаа мөнгөтэй байсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хувьд тэгвэл эрсдэл байна уу?

-Цаг хугацааны хувьд л бага зэргийн хүлээлт бий. Нэг өдөр өгөх боломжгүй ч гэлээ өгөгдөх мөнгө. Зээлдэгчид зээлээ төлөх хэрээр, хураагдсан хөрөнгийг нь борлуулах хэрээр харилцагчдынхаа мөнгийг өгнө. Капитал банк төлөх тухайд эргэлзэх шаардлага байхгүй. Яаралтай хугацаанд мөнгөө авах гэсэн хүмүүст л хүндрэл үүсэхээс өөр асуудал гарахгүй. Өнөөг хүртэл авч чадаагүй яваа зээл, хүүгийн төлбөр бүрэн хийгдчихвэл Капиталын харилцагчид мөнгөөрөө хохирохгүй. 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигч, харилцагчид Монголбанк, Капитал банк руу дайрах биш хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Учир нь зээлээ төлөөгүй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн банкинд тавьсан барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрээр л хурааж авах эрх нээгдэнэ.

-Капитал банк дампуурахаа мэдэж байсан хэрнээ өдий хүртэл таг чиг явж байгаад харилцагчдаа хохироолоо гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ?

-Дампуурах шийдвэр гэнэтийнх байсан. Бид гадаадын маш олон хөрөнгө оруулагчтай ярьж, өчнөөн гэрээ хэлцэл хийсэн. Хамгийн сүүлд гэхэд л гадаадын хоёр ч компанитай гэрээ байгуулсан. Багахан хугацаа л хэрэгтэй байсан. Капитал 2018 оны сүүл, 2019 оны эхээр дүрмийн сангаа 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Одоо Капитал банкны дүрмийн сан 83 тэрбум төгрөг болчихсон. Хэрвээ дампуурна гэдгээ мэдэж байсан бол, өөрсдөө мөнгийг нь аваад идчихсэн бол хувьцаа эзэмшигчид 83 тэрбум төгрөгөөрөө хохироод суухгүй шүү дээ. Идье гэсэн бодол байсан бол мөнгө нэмж хийх нь битгий хэл орж ирсэн болгоноо хамаад суух байсан. Ямар ч бизнес эрхлэгчид 29 жил болсон банкаа дампууруулах сонирхол байхгүй. Хэнд ч ойлгомжтой тодорхой зүйл.

-ОУВС-гийн шалгалтаас болоод татан буулгахаас өөр гарц үлдээгүй байж мэдэх юм. Ийм гарцаагүй шалтгаан байсан уу?

-Таны хэлээд байгаа үнэлгээ 2018 оны эхээр дууссан юм. Тухайн үед Монголын арилжааны банкуудын төлбөрийн чадвар хэвийн байна гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Арилжааны банкуудад тодорхой хэмжээний эрсдлийн сан байгуулах үүрэг өгсөн юм. Капитал банкинд 48 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулах үүрэг ирсэн. Тэр дагуу нь эрсдэлийн сан байгуулсан. Гэтэл дараахан нь Монголбанкнаас 200-гаад тэрбум төгрөгийн сан нэмж байгуул гэсэн шаардлага тавьсан. Эрсдэлийн санг тухайн банк зардлаараа байгуулдаг. Зардал нэмэгдэх тусам алдагдал өснө. Зээл төлөгдөх хэрээр эрсдлийн сангийн мөнгөн дүн буурдаг. Өөрөөр хэлбэл орлого орж ирэх тусам банкны алдагдал буураад явчихдаг. Энэ бол бизнесийн ямар ч байгууллагад байдаггүй онцлог. Банкнаас өөр ямар ч байгууллага эрсдэлийн санг зардлаасаа биш ашгаасаа байгуулдаг юм.

-Капитал банкны эдийн засгийн чадамж хэр байгаа вэ?

-Капитал банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, иргэдээс авах зээл хүүний авлага 350-аад тэрбум төгрөг, тухайн зээлийн барьцаа хөрөнгө зах зээлийн үнэлгээгээрээ 500 орчим тэрбум төгрөг болж байгаа. Энэ зээлүүдийг нийтэд нь зохиомлоор муу гэж үзэж болохгүй. Тухайн банк мөнгөө авч идээд алдагдалд орсон гэсэн ойлголт байдаггүйг баланс тайлангаас нь харж болно. Банкинд алдагдал үүсдэг хоёрхон шалтгаан байгаа. Нэгдүгээрт, үйл ажиллагааны алдагдал. Хоёрдугаарт, эрсдлийн сангийн алдагдлыг зардлаар байгуулдаг явдал нөлөөлдөг.

-Өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн даалгаврыг хэрхэн биелүүлж байсан бэ?

-Нэмэгдүүлсээр ирсэн. Зургаахан сарын дотор 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үүний тод жишээ. Банкны дүрмийн сан доод тал нь 50 тэрбум төгрөг байсан л даа. Түүнийгээ аль эрт биелүүлсэн. Сүүлд банкны дүрмийн санг 83 тэрбум төгрөгт хүргэсэн. 2021 он хүртэл хэрэгжүүлэх ёстой байсан ч 2019 оны хоёрдугаар сард 83 тэрбум болгочихсон. Хоёрдугаарт, энэ банкны үндсэн хөрөнгө болох 21 аймагт байрлах өөрийн байр, 76 салбарт ажиллаж байсан 470 гаруй хүний оффисын бүх хэрэгсэл бий. Ихэнх салбарын байр, оффис банкны өөрийнх нь өмч. Гуравдугаарт, банкны зээлийн өрөнд хураагаад авчихсан 90 гаруй тэрбум төгрөгийн олон үл хөдлөх хөрөнгө байгаа. Улаанбаатар хот тойрсон, хот доторх өмчлөлийн болоод эзэмшлийн их хэмжээний газрууд бий. Эдгээрийг зарж борлуулаад иргэдийн хадгаламж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хадгаламжийг төлөх бүрэн боломжтой. Мөн барьцаа хөрөнгө нь хангалттай ч Монголбанкны зүгээс 100 хувь эрсдэлийн сан байгуулсан олон зээлдэгчид байгаа.

-Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс анзаарахад сангуудын мөнгө зөвхөн Капитал дээр байршсан юм шиг ойлголт төрөөд байна л даа. Энэ тал дээр таны тайлбарыг сонсмоор байна…?

-Бүх арилжааны банкинд байршуулдаг юм. Капитал банкинд 2003 оноос эхлэн сангуудын мөнгө байршиж эхэлсэн. Маш сайн ажиллаж байсан учраас байршсан гэж ойлгож болно. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих бодлоготой ажиллаж ирсэн нь мэдээж нөлөөлсөн. Бас нэг шалтгаан нь үндэсний хөрөнгө оруулалттай ганц банк гэсэн тодотгол гэдгийг онцолмоор байна. Үндэсний хөрөнгө оруулалттай банк сангийн мөнгийг зөв эргүүлээд ашиг оллоо гэхэд олсон ашиг нь 100 хувь Монголд үлдэж, дотоодын үйлдвэрлэгч, харилцагчдаа дэмждэг онцлогтой. Наад захын нэг жишээ хэлье. Зөвхөн нийгмийн даатгалд гэхэд хүүнд нь 100 орчим тэрбум төгрөг төлсөн байдаг.

-Төсөл, хөтөлбөрүүдийн зээл дээр давуу эрх эдэлсэн гэсэн хар бас сонсогдоод байгаа. Банкуудын тухайд энэ төрлийн зээл дээр нэр нөлөөгөө ашиглаж давуу эрх эдэлнэ гэж байх уу?

-Төсөл хөтөлбөрүүдийн зээлийг банкаар дамжуулахдаа тендер зарладаг. Ялсан банкуудаар дамжуулж жижиг дунд үйлдвэрийн сангийн мөнгө, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлийн зээлүүдийг олгодог байсан юм. Олон удаа төсөл хөтөлбөрт шалгарсан учраас төрийн байгууллагууд буюу нийгмийн даатгалын сан, ажлын байр нэмэгдүүлэх сангууд эх үүсвэрээ байршуулсан. Мөн төслийн байгууллагууд өөрсдөө зээлдэгчээ сонгон шалгаруулж хүү хугацааг нь тогтоон банкинд ирүүлдэг.Тэгэхээр гадуур яриад байгаачлан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг манай банк авч ашигласан зүйл байхгүй. Тэдний шалгаруулсан төсөл хэрэгжүүлэгчидэд нь зээлийг дамжуулж олгодог байсан. Бид дунд нь хүү нэмэх, хугацаа өөрчлөх, зээлдэгчийг өөрчлөх ямар ч боломжгүй. Учир нь Монголбанк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр жил бүр тогтмол шалгалт хийдэг байсан.

-Төгсгөлд нь дахиад тодруулъя. Хадгаламж эзэмшигчид хохирох вий гэсэн эмзэглэл нийгэмд байна. Хадгаламж эзэмшигчдэд хохирох ямар нэгэн эрсдэл бий юу?

-Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа. Хадгаламж эзэмшигчид хохирох ямар ч эрсдэл байхгүй. Хохирсон түүх байхгүй. Монголд 1990 оноос хойш 37 банк байгуулагдаж байсан. Одоо 13 банк ажиллаж байна. Үлдсэн 20 гаруй нь янз бүрийн хэлбэрээр татан буугдсан гэсэн үг. Эдгээр банкны хадгаламж эзэмшигчид хохироогүй.

– “Анод” банкны хадгаламж эзэмшигчид хохирсон гэдэг шүү дээ?

-Хадгаламж эзэмшигчид нь хохироогүй. Таны асуусан банкны хувьд хувьцаа гаргасан юм. Монголд хувьцаат банк ганцхан байсан нь “Анод”. Бусад нь дандаа ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай банкууд. “Анод” банк хувьцаат компани болсон ч дампуурсан. Хувьцаа эзэмшигчид нь мөнгөөрөө хохирсон асуудал байдаг. Түүнээс биш хадгаламж эзэмшигчид хохироогүй.


Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Avengers” киноны дөрөвдүгээр ангийг Лос Анжелост гаргаж эхэлжээ

Ах дүү найруулагч Жое Руссо, Антони Руссо нарын бүтээл, бүх цаг үеийн хамгийн их хүлээлт үүсгэсэн “Avengers” киноны дөрөвдүгээр анги Тус бүтээл энэ сарын 24-нөөс БНХАУ, Австрали болон Ази, Европын зарим улсад, 25-нд Англид гарах бөгөөд албан ёсны нээлтээ энэ сарын 26-нд АНУ-д хийнэ.

Түүнчлэн “Avengers: Endgame” бүтээл нээлтээ хийхээсээ өмнө хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Тухайлбал, тус киноны анхны трейлэр цацагдсан даруйдаа 289 сая хандалт авч рекорд тогтоосон бол, өнгөрсөн сарын 14-нд олон нийтэд хүрсэн дараагийн трейлэр 268 сая хандалт цуглуулжээ. Мөн урьдчилсан тасалбар борлуулалтаараа “Star wars: The Force Awakens” киноны 2015 онд тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.

Үүнээс гадна дээрх бүтээл (MCU)-ээс гаргасан бусад ангитай харьцуулахад хамгийн урт кино болсон. Тус киноны өмнөх анги “Avengers: Infinity War” буюу “Цаглашгүй дайн” бүтээл хоёр цаг 40 минут үргэлжилж байсан бол “Эцсийн тулаан” 181 минут үргэлжлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дайсагнасан үйлдлээ зогсоохыг БНАСАУ-д уриаллаа

Монгол Улс БНАСАУ-д хандаж, цаашид дайсагнасан үйлдлээ зогсоож, АНУ, Японтой хэлэлцээрийн ширээнд суухыг уриалжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ дахь айлчлалаа дуусгаад буцахдаа бямба гаригт NHK телевизтэй холбогдож дээрх мэдээллийг өгсөн байна.

Д.Цогтбаатар сайд Японы телевизэд өгсөн мэдээлэлдээ Монгол Улс, БНАСАУ нөхөрсөг харилцаатай болохыг тодотгоод, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын төлөөлөгчид одоо ч БНАСАУ-д байгааг онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн хоёрдугаар сард Ханой хотноо уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй. Дэлхий нийт хоёр удирдагчийн гурав дахь уулзалт болно хэмээн хүлээж байх үед БНАСАУ шинэ төрлийн зэвсэг туршин нөхцөл байдлыг эгзэгтэй болгосон үед Монгол Улс ийнхүү байр сууриа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн номын баярын хүрээнд дараахь арга хэмжээнүүд болно

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ.

Манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулах гэж байна.

Энэ жил “Дэлхийн номын өдөр”-ийг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэхээр болсон бөгөөд дараах байгууллага хүмүүс хамтран зохион байгуулж байна. Үүнд:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар
  • Үндэсний номын сан,
  • Хүүхдийн төв номын сан,
  • Улаанбаатар хотын нийтийн төв номын сан,
  • Монголын Зохиолчдын эвлэл,
  • Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар,
  • Төв номын сангууд,
  • Хэвлэн нийтлэгчид,
  • Зохиолчид,
  • Уншигчид

Энэ жил “Дэлхийн номын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд:

– Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд 23-ны өдөр хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурталчилж борлуулна

– “Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”, Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

– Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлага зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан, уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.



Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн гүүрэн гарц 11 дүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Баасан гарагт Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажилласан юм.

Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулгадаа дурьдав.


Хотын захирагч С.Амарсайхан

“Гүүрэн гарцын ажил хугацаандаа ашиглалтад орох ёстой. Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долоодугаар сарын 1-ний дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээх асуудлыг гүйцэтгэгч компани анхаарч ажилла” гэв.

Хотын захирагчийн зүгээс гүүрэн замын ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажил зогсоосон, гацаасан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.

Тэрбээр “Замын ажил ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд ороод зураг төсөл нь батлагдаад ажил эхлэхийг мэдсээр байж өөрсдөө дундуур нь орж барилгаа уралдаж барьчихаад, замын ажил хийлгэхгүй, гүйцэтгэгч компаний шаардлагыг биелүүлэхгүй, нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтны үгийг үл тоох байдлаар зургаан сарын турш зарим ажлыг гацаасан компани байна. Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгаа аж ахуйн нэгжтэй эвлэрэх ёсгүй. Өнөөдрөөс эхлээд тоног төхөөрөмжөө хөдөлгөж, ажлаа эхлүүл. Үүнээс гарах ямар нэгэн хохирол, элдэв янзын асуудлыг хувийн компани өөрөө хариуцах ёстой. Хэн нэгэн хүн, аль нэг компаний дур зоргоор бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн замын хөдөлгөөнтэй холбоотой энэ том төсөл зогсдог, ирээдүйд биелэгдэх ёстой эрх ашиг нь зөрчигддөг, нийтийн эрх ашгийг хохироодог ийм ААН-үүд байж болохгүй” гэдгийг хатуу хэллээ.

Төслийн ажлыг хурдтай гүйцэтгэх, дулааны улиралтай зэрэгцэн хоёр ээлжээр ажиллуулах боломжтой эсэхийг гүйцэтгэгч компани болон холбогдох удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэнэ. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16,5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм.

Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Беларусь улсаас 15 нэр төрлийн 72 ширхэг автомашин, техник нийлүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Бүгд наймрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн орлогч сайд Огородников Александр Сергеевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэх Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн гал түймэр унтраах, аврах ажиллагааны зориулалтын автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн талаар хэлэлцлээ.

Төслийн хүрээнд 15 нэр төрлийн 72 ширхэг автомашин, техник тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ