Categories
мэдээ нийгэм

ҮАБЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн биелэлт, хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд өнөөдөр /2019.04.22/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Уг үйл ажиллагааны үеэр Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагдаж буй техник хэрэгсэл болон “Сургалт мэдээллийн тэнхим”-ийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагыг чадвхжуулах, алба хаагчдыг мэргэшүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Үлийн цагаан оготно устгах ажлыг эрчимжүүллээ

Манай орны ихэнх нутгаар үлийн цагаан оготно тархсан. Тиймээс үлийн цагаан огтоно устгах ажлыг хавар хийдэг аж.

Төв аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 орчим хувьд нь үлийн цагаан оготно тархсан байна.Хөнөөлт мэрэгч амьтны тархалт, тандалтын судалгааг хийхэд бэлчээрийн талбайд нь үлийн цагаан оготны хэт олшрох болсон гэлээ.

Нийт бэлчээрийн ургамлын 40-60 хувь нь хөнөөгдсөн амьтан учраас холбогдох газраас жил бүр устгалын ажлыг хийдэг. Харин Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч орон нутгийн төсвийн 207,6 сая төгрөгийн санхүүжилтээр 16 суманд 30,0 мянган га тэмцэх ажлыг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар зургаан сумын ажил бүрэн дуусч, 10 суманд тэмцэх ажил хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Шилмэл үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа боллоо

Сэлэнгэ аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зарлаж, аймгийн төвдөө “Нутагтаа сайхан амьдаръя” өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. 17 сумын баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүн, шилмэл үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа аймгийн төв Партизаны талбайд гарлаа. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төсөл сонгон шалгаруулалтын дагуу шалгарсан аж ахуйн нэгж иргэдэд батламж, Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбоотой хамтран 20 иргэнд өрхийн ногооны үр, олон улсын байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн хүрээнд 11 сумын 31 хоршоонд багаж тоног төхөөрөмж, Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр, Орхонтуул сумдын бичил уурхай эрхлэгч нөхөрлөлд тарьц суулгацыг тус бүр өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. “Нутагтаа сайхан амьдаръя” өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд хөрш зэргэлдээ Буриад улсын Хиагтын районы удирдлагууд, талх нарийн боов жигнэмэг үйлдвэрлэгчдийнхээ хамт хүрэлцэн ирж оролцлоо. Орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд худалдан авалтын дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийлээ.

Categories
мэдээ улс-төр

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАХН оролцох шийдвэрийг гаргажээ

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус нам энэ сарын 20-ны өдөр бага чуулганаа хийсэн байна. Энэ чуулганаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар хэлэлцэж, оролцох шийдвэрийг гаргажээ.

Энэ тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Шударга ёс тогтоохын тулд манай нам нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан” гэдгийг хэллээ. Мөн тэрбээр “Бид Монголд тулгамдсан засаглалын асуудлыг шийдэж, монголчуудын эрх ашгийг хамгаалах ажилдаа тууштай орох зорилготойгоор энэ сонгуульд оролцоно” гэсэн тайлбарыг өглөө.

Тус намын дэд дарга С.Ганбаатар “МАХН Хэнтий нутгийн ард иргэдийг төлөөлж УИХ-д ялалт байгуулахын тулд сонгуульд оролцохоор боллоо. Биднийг 2017-нд Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр тэрбумтантай өрсөлдөж байхад Монгол орон даяар шударга үнэний төлөө оролцсон. Бид ялсан. Тэд луйвардсан байж болно” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Харин МАХН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд хэн өрсөлдөх нь тодорхойгүй байна. Тус нэр дэвшигчээ Хэнтий аймгийн сонгогчдоос асууж тодруулах аж.

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль 06 дугаар сарын 30-нд явагдана.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцжээ

Related image

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Засгийн газраас 2016-2018 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтээ 3-р сарын 28-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. МАН-ын бүлгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтэд дүгнэлт хийх, 2019-2020 онд анхаарах ажлуудын талаар чиглэл боловсруулах ажлын баг гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Засгийн газраас мөрийн хөтөлбөрөө 50.5 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тодорхойлохдоо ажил нь эхэлсэн ч бүрэн дуусаагүй л бол хэрэгжилтийг тэг хувиар дүгнэсэн. Цаашдаа нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, томоохон төслүүдийг эхлүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг олон асуудалд анхаарах шаардлагатай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг цэргүүд барьж байна

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд баригдаж буй авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд 1 километр төмөр замын барилгын ажилд 3.2 сая ам.долларын өртөг санал болгож байсан бол Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан үндэсний их бүтээн байгуулалтыг хийж, 1 километр төмөр замыг 800-900 мянган ам.доллараар буюу дээрх үнээс даруй 3 дахин бага өртгөөр бүтээн босгож байна. Төмөр замын барилгын ажлыг УБТЗ ХНН өөрсдийн хүчээр гүйцэтгэж, зөвлөх инженерээр монгол хүн ажиллаж байгаа бол авто замын барилгын ажлыг цэргүүд бүтээн байгуулж байгаа юм. Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 189 цэргийн алба хаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.

Уг замаар газрын тос тээвэрлэхээс гадна, хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа онцлог юм. Б.Энх-Амгалан сайд Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг дотоод нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэж байгаагийн давуу тал нь хөрөнгө оруулалтын өгөөж дотооддоо үлдэхээс гадна цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа ажил амьдралын гараагаа эхлэх тодорхой хэмжээний мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн орон нутагтаа очих нь сайшаалтай хэрэг гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Дөл” тэмцээнд 65 дугаар сургуулийн Соёмбо тасаг тэргүүллээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/178 дугаар захирамжаар цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн энэ сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний 2 дугаар шатанд Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг, Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн “Соёмбо” тасаг, Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Соёмбо” тасаг, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Алтан-Од” тасаг, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн “Сүлд” тасаг, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “ Хар сүлд” тасаг,Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг ,Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн “Чандмань” тасаг, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн “Жигүүр” тасаг тус тус оролцон хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр “ТЭРГҮҮН БАЙР” Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Соёмбо” тасаг шалгарч цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ДЭД БАЙР” Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн “ Харсүлд” тасаг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ГУТГААР БАЙР” Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; “ТУСГАЙ БАЙР” 29,04 оноогоор Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн үнэмлэх хуурамчаар үйлдэн залилан хийсэн этгээдүүдийг саатуулжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж, иргэдийг хууран мэхэлж байсан “А” гэгч этгээдийг саатуулан шалгаж байна. Сэжигтэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад гурван найзын хамт уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй ихэвчлэн шөнийн цагаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч бусад этгээдүүд 2017 оноос хойш цагдаагийн алба хаагчийн хувцас хэрэглэлийн ашиглан гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Төв аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын танилцуулга зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Трамп Украины шинэ ерөнхийлөгчид утсаар баяр хүргэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Володимир Зеленськийд баяр хүргэж, утсаар ярьсан тухай АНУ-ын Төрийн департаментын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Курт Волкер твиттер хуудсандаа мэдээлжээ.

Түүний жиргээнд “Ерөнхийлөгч Дональд Трамп Зеленськийд баяр хүргэж утсаар ярилаа. Мөн Украин улсын ард түмэнд ардчилсан сонгууль явуулсанд баяр хүргэсэн” хэмээгээд өнгөрсөн хүнд хэцүү цаг хугацаанд Украин улсыг удирдаж байсан Петро Порошенкод талархаж буйгаа илэрхийлжээ.