Categories
мэдээ спорт

Ази, номхон далайн бүсийн аваргаас долоон медаль хүртээд байна

Арабын нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо 2019 оны жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тивийн 39 орны 295 тамирчин оролцож байгаа энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол өчигдөр 2 алт 1 мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж тивийн аварга боллоо. Мөн 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны Ш.Болтабоевыг ялж, аваргын алтан медаль хүртсэн торгоны мөчийн дүрс бичлэгийг хүргэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хаврын хахирган жаврыг хамтын хүч, халуун сэтгэлээр туулагсад

Монголын Спорт Аяллын Холбооноос жил болгон уламжлал болгон зохион явуулдаг оюутны спорт аяллын улсын аварга шалгаруулах “Туриад-2019” тэмцээн энэ сарын 8-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнийг улс орны эдийн засгийн ололт амжилт, бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд жагсдаг “Монголын Алт” МАК ХХК үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 25 жилийн ойн хүрээнд ивээн тэтгэж явуулснаараа илүү сонирхолтой, өргөн цар хүрээтэй болсон юм. Шороо, цас холилдон хуйсагнаж хүйтэн салхи хавирга нэвт үлээсэн хаврын жихүүн өдөр тэмцээний нээлт тохиосон ч өглөөний 9:00 цагт өнгө өнгийн уриа лоозон, туг далбаагаар чимэглэсэн аялагч оюутнуудын цуваа замд гарахаар жигдрэн жагссан байгаа нь цоглог агаад сүр жавхаатай харагдана.

Тэмцээний нээлтэд оролцож буй баг тамирчид “Эрүүл амьдралын эх үндэс спорт аялал мандтугай, “Спортын итгэлт түнш Монголын Алт ХХК-нд баярлалаа”, “Залуусд итгэл сэтгэлийн урам хайрласан МАК компанийн 25 жилийн ой мандтугай, “Эрүүл байгаль-Саруул орчин, идэвхтэй хөдөлгөөн спорт аялал”, “Байгаль ээжээ баярлуулж болзошгүй аюул ослоос хамгаалъя” гэх мэтчилэн аяллын спорт, ивээн тэтгэгч байгууллагаа сурталчилж баяр, талархал илэрхийлсэн утга агуулга бүхий олон төрлийн уриа, лоозон, плакатуудыг дэлгэн барьсан байгаа нь зохион байгуулагчдын зүгээс энэ арга хэмжээнд багагүй ач холбогдол өгч бэлтгэл хангасан болох нь харагдаж байлаа.

Монголын спорт аяллын холбоо нь аливаа арга хэмжээг сахилга зохион байгуулалтын өндөр хэмжээнд хэрэгжүүлж цалгарал назгайралтыг тэвчдэггүй, цаг хугацааг чанд баримталдаг гэж яригддагийн нотолгоо болж хот, хөдөөгийн их дээд сургууль, коллежийг төлөөлсөн 24 багийн 150 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч нар аялагчийн амьдрал багтсан аяны үүргэвчээ үүрэн нээлтийн ёслолд нэг ч хүн хоцролгүй баг багаараа жигдрэн жагсаж, сургууль багийнхаа нэрийг дурдан аяны замд гарахад бэлэн” гэж цовоо цолгиунаар рапорт өгч байгаа нь бахархмаар, басхүү тэднээс суралцаж, сургамж авмаар байлаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд ирсэн МҮОХ-ы гишүүн, МАЯСАХ-ны ерөнхийлөгч МУСГД. ОУХМ. Б.Жияандорж, “Монголын Алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нарт аяллын удирдагч ОУХМ Ш.Дүүриймаа рапорт өгөв. Ийнхүү “Туриад-2019” тэмцээн албан ёсоор эхэлж аялагчид 15 км-ийн зам туулахаар аяны цуваагаар замдаа гарлаа.

Адал явдалт спорт аялал нь тэмцээн уралдааны үеэр тодорхой эрсдэл гарах магадлалтай тул цэргийн сахилга зохион байгуулалт, дэг журмыг чандлан мөрдөж аюулгүй техникийн арга ажиллагааны заавар зөвлөмжийг ягштал даган биелүүлдгээрээ бусад багийн спортоос онцгойрдог. Шүүгчдийн шүглийн дуунаар хоромхон хугацаанд нэг хүн мэт нэгдэн жагсах тамирчид эгээ л тусгай сургуулилт хийсэн тусгай албаны дайчид мэт цовоо цолгиун, басхүү ялан дийлэхийн урам зоригоор жигүүрлэсэн жавхаа төгөлдөр, эрч хүчтэй харагдах ажгуу. Сүүлийн өдрүүдэд орсон цасны хүйтэн жавар шилбүүрдэн шороогоор шуурах салхи сөрөн аяны маршаар дуу хуур цуурайтуулан алхах аялагчдын урт цуваа төд удалгүй хотын төвийг ардаа орхиж Туул голыг дагаж Баянзүрх уулын ар оройг хярлан хөвөрнө. Их, дээд сургуулиудын туг, далбаа хүчтэй салхины эрчинд давлагаалан намирч харагдах нь залуусын баяр бахдал, хүсэл зоригийг алсын өндөр уулсын оргилд уриалан дуудаж байгаа гэлтэй.

Аялагч тамирчид 15 км замыг 3 цагийн дотор ардаа эвхэж Баян зүрх уулын ард “Гачуурт-Хар усан тохой”-д ирж голын хөвөөнд үдлэв. Аяллын цуваа уул, ус, мод, зүлэг, ногоо нь жигдэрч байгалийн сайхан бүхэн цогцлон бүрдсэн хатуу хучилттай спорт тоглоомын талбай бүхий спорт аяллын түшиж бааз болох “Хар усан тохой”-н, ойн чөлөөнд майханд хотхоноо байгуулан суурьшив. Аяллын байгаль хамгаалагч, галын шүүгчийн удирдлага, командаар аяны майхнууд өнгө алаглан шил шилээ харан эгнэн жигдэрч , тугийн талбай, галын, ариун цэврийн, хог хаягдлын цэг, буухиа тэмцээн, гол гатлах тэмцээний гараа, барианы шугам бусад уралдаан явагдах полигон зэргийг нэгд нэгэнгүй бэлтгэсэн нь томоохон баяр наадам болж байгаа юм шиг харагдана. Хахир хүйтэнд хөдөлгөөн багасвал хөрч даарах нь илүүтэй тул шүүгчид тамирчдыг аль болох завгүй, байнгын хөдөлгөөнтэй байлгах зорилгоор өдөртөө багтааж дахин гурван тэмцээн явуулахаар төлөвлөжээ. Эхний тэмцээн эрэг захаараа нимгэрч сэмэрсэн мөс нь хайлж дуусаагүй голыг багаараа гатлах тэмцээнд цус зарцам мөстөй хүйтэн усанд зөвхөн богино өмд шорт, майктайгаар орж унаж, тусан зарим нэг нь хөл алдан бүтэн биеэрээ хөвсөөр хором мөчтэй уралдан гарч ирж буй залуусыг хараад өмнөөс нь бие жихүүцэн эрүү дагжих шиг болж өрөвдөн халширна. Мөс цөмрөн, мөлгөр чулуунд халтирч унавч хамт олныхоо амжилтаас хойш татаж, доош чангаахгүй гэсэн сэтгэлээр хар хурдаараа гүйж голыг нааш, цааш туучин гатлахуйд эхэн үед бүх эд эрхтэн цус, чөмөг хөлдчихөв үү гэмээр хөлийн улнаас зулайн яс хүртэл янгинан чимчгэнэж эрүү, ам дагжин тагшина. Уснаас гарч ирүүтээ биеэ хорстол арчаад хуурай дулаан хувцас өмсөхөд бүх биеэр халуу түүгэж бие хөнгөрөн ухаан саруулсах шиг болно. Дараагийн учраа нь бас л хурд хүч, эв нэгдэл сорих уулын оргил эзлэх тэмцээн хүлээж байлаа. Тэсвэр, тэвчээр муутай сул дорой нэгэн бол гараа өргөж хэлээ гаргаад хэвтээд өгмөөр… Гэлээ ч аяллын спортын тоглоомын дүрэм болох “Нэг нь нийтийн төлөө – Нийт нь нэгийн төлөө” гэсэн хуулийг зөрчих эрхгүй байдгаараа онцлог юм.

Үдээс хойш салхи шороон шуурга тогтож уулын хормой голын шугуй, ой модны нөмөр нөөлөг ивээж илч муутай нар бүлээцүүлж эхэлсэн нь даарч, ядарч сульдсан тамирчдад эрч хүч нэмэх шиг боллоо. Зогсоо, сэгээгүй тэмцэлдэн өрсөлдсөн уралдаан үдшийн бүрийтэй зэрэгцэн завсарлаж галын цэгт багуудын хээрийн цай, борц ханхалсан амтат халуун хоол бэлэн болж тамирчид амсхийн алжаалаа тайлж энэ өдрийн алдаа оноо, хөгтэй явдал, паагт баримтаа ам булаалдан ярьж хөгжилдөнө.

Энэ тэмцээнд “Их засаг ОУИС-ийн “Найман замын даяанч” баг, Аварга ДС-ийн “Аялалд нэгдэгсэд”, Дархан-уул аймгийн “Уран байгаль -1” багууд магнайлав. Мөн “Хөгжилтэй буухиа” Газрын зураг зэрэг тамирчдын цөсийг хөөргөж, баяр гунигийг авчирдаг тэмцээнүүд шил шилээн даран явагдаж залуус маань цас, хялам хаялсан байгалийн хүйтнийг сэтгэлийн халуун итгэлийн хүч, бие биенээ дэмжсэн уухайн түрлэгээр үргээсэн хурд хүч, оюун ухааны өрсөлдөөн дээд хэмжээнд хүрч байлаа. Ирээдүйн биеийн тамирын мэргэжилтнүүдийг чанартайгаар бэлтгэж байгаа гэдгээ Мон-Алтиус, Аварга ДС, мөн ХААИС, Их засаг их сургуулийн багийн тамирчид энэ тэмцээнүүдэд авхаалж самбаа, онолын мэдлэг, ур чадвараараа ялгарч байлаа. Аялагч залуус маань амаргүй хүнд сорилтуудыг амжилт ялалт, алдаа, оноо, харамсал ухаарал бүхнээр чимэглэн өдрийн турш өрсөлдсөөр бас нэгэн өдрийг үдэж, үдшийн бүрийтэй золгон амсхийв. Аяллын сүүлчийн өдөр нар ээж ангир шувууд ганганасан сайхан өглөөтэй золгож шийдвэрлэх тэмцээн болох багийн лидерүүдийн “Би чадна” тэмцээнд “ХААИС-ийн 1дүгээр багийн ахлагч Э.Төмөрсүх хурд, хугацаа, хүч чадлаараа тасархай түрүүлж жинхэнэ шилдэг тамирчин гэдгээ харуулан баг хамт олныхоо амжилтыг эрс ахиулж тэргүүлэх эгнээнд магнайлж явсан Мон-Алтиусийн “Тэсрэлт” багийн ахлагчийн тарга тэвээрэг нь хэтэрсний улмаас агаарын олсон замыг туулах даалгаврыг гүйцэтгэж чадалгүй тамираа барж, хугацаа алдсаны улмаас хамт олныхоо амжилтыг нуга даран, суга хойшлуулан гуниг харуусалд автуулж, өрсөлдөгчдийнхөө баяр хөөрийг дэвэргэсэн нь “ТУРИАД” тэмцээний бас нэгэн гашуун сургамж, шударга өрсөлдөөний дүр зураг байлаа. Ийнхүү 3 өдөр олон төрлөөр өрсөлдсөн “Туриад-2019” тэмцээн өндөрлөж тамирчид хаалтын ёслолын жагсаалд жигдрэх үеэр залуусын эрч хүч, баяр хөөр, цог золбоонд уярсан хаврын хартай тэнгэр цэлмэн бүлээн нар ээж, энэ жилийн анхны борооны зөөлөн дусал шивэрч сэтгэл сүлэв. Тэмцээний нийлбэр дүн, дээд оноогоор тэргүүлсэн “Их засаг” ОУИС-ийн А.Сүхбат ахлагчтай “Найман даяанч” багт “Монголын Алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгч доктор Б.Энхмандах ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал цом, алтан медаль, мөнгөн шагналыг гардуулж хэлсэн үгэндээ: “Тус компани спорт аяллыг хөгжүүлэх, нэн ялангуяа оюутан залуучуудын бие бялдрын соёлыг дээшлүүлэх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж амжилт хүсч баяр хүргэсэн нь зохион байгуулагчид болон оюутан залууст урам зориг өглөө.

Амжилтын буухиаг шил даран нэхсэн ХААИС-ын 1 дүгээр баг, Өмнөговь аймгийн “Ажнай” баг, Мон-Алтиус БТДС-ийн “Тэсрэлт” баг, ҮБХИС-ийн “Үндэсний соёмбо”, “Соёмбо” багууд эрэмбэлсэн бол шилдэг зохион байгуулалттай, хамгийн олон таван баг тамирчид бэлтгэн оролцуулсан сургуулиар ШУТИС шалгарсан юм. Шилдэг дасгалжуулагчаар “Аварга” ДС-ийн дасгалжуулагч багш Г.Гантулга, Идэр ДС-ийн багш Ц.Энхсан, шилдэг аялагч тамирчнаар Улаанбаатар -ДС-ийн Г.Баттөмөр, МҮИС-ийн Б.Паахүү, БХИС-ийн Б.Даваадулам, мөн сургуулийн “Сомбо багийн Т.Мөнхзул нар тодрон Хүндэт өргөмжлөл, алтан медалийн эзэд боллоо. Зохион байгуулагчид тэмцээний хаалтын ёслолын арга хэмжээнд 35 жилийн тэртээ оюутны спорт аяллын “ТУРИАД” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн ахмад аялагч доктор, профессор СМ Ж.Гэрэлхүү, ахмад аялагч доктор Т.Энхтүвшин, доктор, СМ. Я.Жаргалсайхан, Гавьяат багш доктор Чулуун, ШУТИС-ийн проектор академич, доктор Энхжаргал нарыг урин ирүүлж тэдний спортын түүхэн дурсамж, аяллын арга туршлагыг сурталчилж залуучуудад ахмад үеэрээ бахархах тэдний залгамж халааг үргэлжлүүлэх итгэл сэтгэлийн галыг бадраасан нь ТУРИАДЫН түүхэнд мөнхрөх бас нэгэн дурсамж болон үлдлээ Төр засгаас Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлж буй зорилтыг хэрэгжүүлж залуусын спортыг дэмжин тэтгэж буй “Монголын алт” ХХК, 25 жилийн ойд нь оюутан залуус талархлаа дэвшүүлж, дараа жил бүр олуулаа дахин уулзахын ерөөл дэвшүүлэн нутаг нутгийн зүг аяны дөрөө залав.

Б.ЖИЯАНДОРЖ



Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр /2019.04.23/ 14.00 цагт хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудал зэрэг багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Сүхбаатарын талбайн газар эзэмших эрхийг цуцлав

Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн газар эзэмшигчийн эрхийг цуцалж байна. Тэрбээр “2006 онд төсөл сонгон шалгаруулалтаар “Ю Би констракшн” ХХК газар доорх байгууламжтай усан оргилуурын зориулалтаар Сүхбаатарын талбайн 2.5 га газар эзэмших эрх авсан юм билээ. Уг нь хуулиндаа зөвшөөрөл авснаас хойш хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулах ёстой боловч 2006 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын бусаар ашиглаж байгаад, машины зогсоол барьсан байна. Автомашины зогсоол барьчихаад орлогынхоо 30 хувийг Нийслэлд төвлөрүүлэхээр гэрээнд тусгасан ч өдийг хүртэл нэг ч төгрөгийн орлого төлөөгүй. Та бүхний харж байгаачлан зогсоолд одоо ч машин зогсож байна.

Мөн 2017 онд уг 2.5 га газрыг 9.5 сая ам.доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьсан байсан. Иймд тус аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шилийн Богд уулын 10 гаруй мянган мод түймэрт өртжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т орших Шилийн богд ууланд өнгөрсөн Даваа гаригийн 17.20 минутын үед ой хээрийн түймэр гарчээ. Түймэр гарсан газарт ойролцоох жуулчны баазын ажилчид, Шилийн богдын ойролцоох Хилийн цэргийн 0184 дугаар заставын бие бүрэлдэхүүн түймрийг унтрааж цурамд оруулсан байна. Галын улмаас 10 гаруй мянган мод бүрэн шатжээ.

Гал гарахаас өмнөхөн суудлын цагаан өнгийн автомашинтай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уул руу гарсан байна.

Эдгээр иргэд гал алдсныхаа дараа түймрийн голомтоос зугтсан боловч замдаа автомашиных нь дугуй хагарснаар цагдаагийн алба хаагчдад баригджээ.

Түймэрт Шилийн богд уулаас гадна ууланд тарьсан байсан 10 мянга гаруй мод өртөж шатсан. Модны үнэлгээг зах зээлийн ханшаар үнэлбэл гурван тэрбум төгрөгийн үнэтэй байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Стратегийн түншлэлийг батлан хамгаалах салбарт бэхжүүлэх талаар санал солилцоно

Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллагуудын V зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд Токио хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар ахалж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн зарим асуудлаар мэдээлэл, санал солилцоно.

Хоёр улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт (PM-politico-military talks) 2013 оны нэгдүгээр сард Токио, II уулзалтыг 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар, III уулзалтыг 2016 оны нэгдүгээр сард Токио, IV уулзалтыг 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж байв.

Categories
мэдээ нийгэм

Танилц:17600 төрийн албан хаагчийн ХОМ

Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарлалаа.

Энэ удаад Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 41 байгууллагын 17,600 гаруй мэдүүлэг гаргагчдын 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд энэ сарын 19-нд байршуулжээ.

АТГ-аас авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэн, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангаж байгаа юм.

Цаашид нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах ажээ.

Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийн ХОМ-ийг нийтэд мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна

Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 10, 12-р хороо 20-р цэцэрлэг, Жанжины 12-21-р гудамж, 69 айл, Мобиком, Жаргалант, Сайрын харгана, Бодь зул сан, Си Пи Эм Си ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Махаяан Дарь эх сүм, Дүүргийн НҮГ, Ботаникийн хүрээлэн тал болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 18-р хороо 38, 39, 39/А, 39/Б, 39/В, 39/Г, 40, 41, 41/Б, Эрэлийн 40, 41, 45, 63, 63/А, 66, 72, 73, 74, Ургац өгөөжийн 145, 163, 67-р байрууд, Донг Фанг, Сансар кабель, Та бид гэр бүл, Аж констракшн, Гангар орд ХХК-ууд, Иргэн Болд, С.Эрдэнэ, Тогтохбаяр, 111-р сургууль, Шинэ Монгол сургууль, Эрэл эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р цэцэрлэг, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Холбооны 32-р салбар, Өлзийт гэр хороолол болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10:30-17:00 цагт: 10, 11, 12,13, 14, 22-р хороо 5/А, 5/Б, 7/3, 16, 17, 19, 20, 20/3, 21, 23/А, 26, 27/А, 27/Б, 27/В, 27, 28, 30, 31, 32, 36, ХД/34-р байрууд, Тунгалаг АОС болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: Аржанчивлан рашаан сувилал

ТӨВ АЙМАГ

09:00-17:00 цагт: Баянцагаан сумын Минералплас, Шохой чулууны үйлдвэр дэд станцуудаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчид

10:00-18:00 цагт: Өлзийт зуслан, Өвөржанчивлан рашаан сувилал, Тамган өндөр радио реле, Алтны уурхайнууд

10:00-13:00 цагт: Зуунмод сумын УБЦТС ТӨХК-ийн Зуунмод ТТ, Од кабелийн телевиз, Түмэн эх зах, УЗ хороо, ТЭХ кафе, 15, 27-р байр, Угсаатны музей болон эдгээрийн ойр орчмоор

14:00-18:00 цагт: Зуунмод сумын Спорт цогцолбор

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ.

Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулах юм.

“Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүний танхимын команд штабын дадлага, сургуулиар үргэлжилнэ.

Харин энэ сарын 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Энэ хугацаанд Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хаах ба 10:00 цагт ажил эхэлнэ.

Харин дадлага сургууль газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дууриалган үзүүлэх дадлага сургуулиар үргэлжлэх юм.

Энэ сарын 26-нд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
– Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/;
– Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2019.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
– Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД:

– Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах аюултай хог хаягдлын улмаас байгаль орчин бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас танилцана;
– Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд 13.00 цагаас танилцана;
– Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд 16.00 цагаас танилцана.