Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн Азийн АШТ: Ө.Батзул алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шиан хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж байна. Манай бөхчүүд хэрхэн барилдаж байгааг жин тус бүрээр танилцуулъя. 57 кг. Н.Насанбуян хоёрдугаар тойрогт Узбекистаны Махомуджон Шавкатовтой барилдаж,

7:2-оор хожигдлоо. Узбек бөх дараа нь хожигдсон тул манай бөхөд дагах боломж гарсангүй.

65 кг. ОУХМ Т.Тулга эхний даваанд Японы бөх Коки Шимизүд 4:4 сүүлийн оногоор хожигдлоо. Япон бөх дараа нь Узбекийн бөхөд ялагдсан тул манай бөхийн тэмцээн дууссан.

70 кг. Э.Тэмүүлэн эхний даваанд олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр хожсон. Хоёрдугаар тойрогт ирантай барилдаж 12:2 оноогоор цэвэр хожигдлоо. Иран дараа нь Японы бөхөд мөн 12:2 хожигдсон тул манай бөхийн тэмээн дуусав.

79 кг. Д.Төгс-Эрдэнэ эхний тойрогт Энэтхэгийн Парвен Ранад 2:6 хожигдсон.

97 кг. ОУХМ Ө.Батзул хагас шигшээд БНХАУ-ын Гао Хаобиныг 10:0 оноогоор цэвэр хожиж, алтан медалийн төлөө барилдахаар болов. Өрсөлдөгч нь Ираны бөх Реза Али Яздани.

Categories
мэдээ улс-төр

Б.Дэлгэрмааг Элчин сайдаас эгүүлэн татахыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлоын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Уг танилцуулгад холбогдох хуульд заасны дагуу улс төрийн аливаа нам, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн байхыг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хориглосныг зөрчиж, АН-ын дэд даргаар сонгогдсон. Тиймээс Ерөнхийлөгч Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг гаргасан” гэлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.23) хуралдаан 13.07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төрийн адуитын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал, дүгнэлтээ гаргажээ. Төсвийн байнгын хорооноос Төрийн аудитын байгууллагыг 2018 онд 38 аудит хийж, гүйцэтгэх сэдэв баталж өгсөн боловч, өмнөх оноос 1 аудит шилжүүлж, төлөвлөгөөнд тусгагдаагүй 5 сэдэв нэмж, нийт 44 аудит хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн аудитуудаас 7 тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд ирүүлээгүй байна. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж дуусаагүй барилгуудад”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”, “Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”, “2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт явц”, “Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, хувьцааны хуваарьлалт, ногдол ашиг, олголт”, “Төрийн сангийн үйл ажиллагааны тогтолцоо, үр дүн” зэрэг аудитын тайланг Улсын Их Хуралд ирүүлэх нь зүйтэйг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.


Төсвийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Төрийн аудитын байгууллагыг 2019 онд хуулийн дагуу гүйцэтгэх 18, нийгмийн захиалгаар гүйцэтгэх 8, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 6, нийт 32 аудит гүйцэтгүүлэхээр сэдэв баталсан. Дээрх 32 сэдвээс аудитын зардал тусгагдаагүй болон боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй шалтгаанаар 8 аудитын сэдвийг хасах, 5 сэдэв шинээр нэмэх, 4 аудитын тайлангийн хамрах хүрээг багасгаж, сэдвийн нэрийг өөрчлөх, 3 аудитыг нарийвчилж, аудитын сэдвийг тодоррой болгох, 1 аудитын сэдвийн гүйцэтгэх хугацааг өөчрлүүлэхээр саналуудыг ирүүлсэн. Үүний дагуу “Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл”, “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шижлүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт”, “Газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээрүйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт” гэсэн гурван аудитын сэдвийг хасах боломжгүй гэж үзэн, нэг аудитын сэдвийн нэрийг өөрчиллөө. Засгийн газар болон яамдын дотоод аудит, хяналт шалгалтгаар гүйцэтгэх, боломжтой есөн аудитын сэдвийг хасч, найман аудитын сэдвийг нэмж тусгасан талаар О.Батнасан гишүүн танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн Төрийн аудитын тухай, Төсвийн тухай, Шилэн дансны тухай, Сонгуулийн тухай хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын хэмжээнд 2020 онд нийт 31 аудит хийж гүйцэтгэхээр Үндэсний аудитын газраас санал ирүүлсэн байна.


Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх адитор, С.Бүрэнбат, С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлах Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн. Дараа нь Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлах Байнгын хорооны тогтоолын төслийгхэлэлцэхэд асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив хэмээн УИХ-ын эвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Бүртгэлгүй дугаар байхгүй болсноор иргэд сошиал орчинд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны дөрөвдүгээр дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Эрдэнэбат нараас зарим томьёоллыг сайжруулах, зарчмын болон найруулгын саналыг тусад нь салгах санал гаргасны дагуу Байнгын хорооны даргаас өгсөн чиглэлийн хүрээнд ажлын хэсэг дахин ажилласныг танилцуулгын эхэнд дурдсан.

Ингэхдээ өмнөх хуралдаан дээр санал хураалгүй үлдээсэн хоёр томьёоллыг засаж найруулсан байна. Төслийн 19.1 дэх хэсгийн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг тодорхойлсон хэсгийг өөрчлөн найруулж, төсөлд 19.2.4 дэх заалт шинээр нэмэх 22 дугаар саналын томьёоллын “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагыг томилох” гэснийг“хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох”гэж өөрчилжээ.

Хуулийн төсөлд Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл гэсэн 23 дугаар зүйл шинээр нэмэх томьёолол олонхийн дэмжлэг аваагүйтэй холбогдуулан төслийн 22 дугаар зүйлд хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд зөвхөн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хэмжих хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт шинээр нэмэх томьёолол бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд зарчмын болон найруулгаар ялган томьёолсон санал тус бүрээр санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөл тус бүрээр бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар бэлтгэжээ.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэйнийт 28 саналыг боловсруулсан байна.

Ингэхдээ нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.

Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлоготөлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна.

Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгож, өөрчлөн найруулахаар тусгажээ.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах зэрэг үйл ажиллагаатай холбоотой тодорхой эрхийг тусгасан байна.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн байгууллагуудын эрх, үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг цөөлөх зохицуулалтыг сайжруулж, шуудангийн нэгдсэн код, үндсэн сүлжээ, шуудангийн тэмдэгтийн талаарх нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр тусгажээ.

Түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг илүү тодорхой болгосон аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэдийд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх талаар тодруулсан. Олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудал олон оронд хөндөгдөж зарим орон нийгмийн сүлжээний хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалтыг хийсэн байна. Энэ асуудлыг хуульд тусгасан эсэхийг тодруулж байлаа. Нийгмийн сүлжээгээр хуурамч нэртэй хаягнаас бусдыг гүтгэж доромжлох явдал хэрээс хэтрээд байгааг гишүүд дурдаад үүнд тавих хяналт, доромжлуулсан хүмүүсийн эрхийг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаагүй байгааг дурдаж байсан.

Ажлын хэсгийн зүгээс Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад, яамдаас санал авах шатанд яваа гэсэн мэдээллийг өгсөн. Тэрхүү хуулийн төсөлд цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах талаар тусгасан гэлээ. Тэрхүү төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажил сайжирна гэж үзэж байгаа аж. Нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг холбогдох үүрэн холбооны компаниудтай хамтран хийж эхэлсэн байна.

2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурсан гэлээ. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болно гэв. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлалаа.

Ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирсон гэлээ. Олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг ирлүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан бөгөөд тэдгээр асуудлыг Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэсэн мэдээллийг өгсөн.

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын хяналт хийж байна

Халдварт саа өвчнийг дэлхий нийтэд устгах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 дүгээр тушаалын дагуу халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакцинаар 05 сартай хүүхдийг дархлаажуулах арга хэмжээг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын даргын А/49 дүгээр тушаалын дагуу дүүрэг, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, амаржих газрын дархлаажуулалтын 124 нэгжид дэмжлэгт хяналтыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар, НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 80 гаруй нэгжид хяналт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхий Азийн аварга: Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж байна

Image result for Чөлөөт бөхийн азийн аварга 2019

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шиан хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж байна.

57 кг. Н.Насанбуян хоёрдугаар тойрогт Узбекистаны Махомуджон Шавкатовтой барилдаж, 7:2-оор хожигдлоо. 65 кг-д ОУХМ Т.Тулга эхний даваанд Японы бөх Коки Шимизүд 4:4 сүүлийн оноогоор хожигджээ. 70 кг-н жинд Э.Тэмүүлэн эхний даваанд олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр хожиж, хоёрдугаар тойрогт ирантай барилдаж 12:2 оноогоор цэвэр хожигдлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

56 дугаар сургуулийн захирал З.Байгалмаа:Сургуулийн урд ч өргөтгөл барих зай хангалттай байгаа. Миний саналыг хүлээж аваагүй

Хөлбөмбөгийн спорт манайд нэг үеэ бодвол хөгжиж байна. 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазаалай” лигийн тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж, “Жи Мобайл”, “Магнай трейд”, “ТЭЦ 4” гээд томоохон компаниуд ч дээд лигт багтай болж тамирчдыг цалинжуулаад явж буй нь үүний баталгаа. Өөрөөр хэлбэл Монголд хөлбөмбөг тоглоод амьдралаа аваад явах, монгол тамирчид ур чадвараа үнэлүүлж Азийн хэмжээнд үнэлүүлж өрсөлдөх цаг дөхөж л байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт стандарт хөлбөмбөгийн талбайтай болсон. Улаанбаатарын ихэнх сургуулиуд ч хөлбөмбөгийн талбайтай болж, тэр хэмжээгээр ур чадвартай тамирчид төрөн гарч байгаа. Харамсалтай нь чамгүй хөрөнгө зарж барьж байгуулсан хөлбөмбөгийн талбайгаа эхнээс нь хуу татаж, барилга барихаар ухаад эхэлжээ. Нийслэлийн 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай бол улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулах стандартыг хангасан цөөхөн талбайнуудын нэг нь. Нас насны ангиллын УАШТ-үүд ч X хороололд байрлах 56 дугаар дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд явагддаг. Гэсэн ч энэ сарын 15-ны өдөр сургуулийн өргөтгөл барих нэрийдлээр том шар экскаватор хөлбөмбөмбөгийн талбайг ухаж эхэлсэн байна. Бид энэ асуудлыг сурвалжлахаар Баянгол дүүргийн Х хороололд байрлах “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийг зорьсон юм. Хүүхэд шуугилдаж, хөгшид нарлаж суудаг байсан хөлбөмбөгийн ногоон талбайн талыг нь сэндийлээд хаячихжээ.

Зузаан ногоон зүлгийг хуулаад талбайн хажуу тал руу чулуудчихсан битүү тоос шороо бужигнаж байсан юм. Ойртоод харахад зарим газар нь метр гаруй ухаад хаячихсан байв. Талбайн баруун захад гинжээр тоноглосон том шар экскаваторыг тавьчихсан харагдлаа. Тоос бужигнасан бохир орчинд том цүнх үүрсэн жаахан хүүхдүүд хичээлдээ ирж байгаа бололтой гүйлдэж байв.
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Солид констракшн” ХХК 56 дугаар сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг барихаар ажлаа эхлүүлсэн нь энэ ажээ. Дөрөвдүгээр сарын 15-нд барилгын ажлаа эхлүүлсэн тус компани 56 дугаар сургуулийн ойр орчмын иргэдийн эсэргүүцэлтэй тулж одоогийн байдлаар барилгын ажлаа зогсоогоод байгаа юм байна.
Бид хөлбөмбөгийн талбайгаа сүйтгүүлсэн 56 дугаар сургуулийн захирал З.Байгальмаатай ярилцсан юм.
-Нийслэлд улсын чанартай тэмцээн зохион байгуулах стандартын шаардлага хангасан цөөхөн хөлбөмбөгийн талбайн нэг 56 дугаар сургуулийн талбайг ухаад, сэндийчээд хаячихаж. Яагаад ийм явдал болов?
-2018 оны улсын төсөвт манай сургуулийн өргөтгөл барихад зориулж 3.8 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн юм билээ. 56 дугаар сургуулийн 101 бүлэгт 4300 гаруй хүүхэд суралцдаг. Ачаалал ихтэй, гурван ээлжээр хичээллэдэг юм. Гуравдугаар ээлжинд 400 орчим хүүхэд суралцаж байгаа. Ирэх жил энэ тоо 900 болж өснө. Өдрийн 15:00 цагийн үед албан хаагчдын ажил дуусах тийшээ хандаж байхад манай хүүхдүүдийн хичээл эхэлж байдаг. Орой 21:00 цаг хүртэл хичээллээд харанхуй болчихсон байхад хичээл тарна. Энэ нь өөрөө хүүхдийн сурах эрхийг зөрчиж байгаа хэрэг л дээ. Засгийн газраас сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан. Хэрэгжиж байгаа нь энэ гэж ойлгож байна.
-Танай сургуулийн хөлбөмбөгийн талбай хэдэн онд баригдсан бэ. Өргөтгөлөө өөр газар барьж болоогүй юм уу?
-Одоогоос 11 жилийн өмнө улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах стандартын шаардлага хангасан шинэхэн талбайг хүлээн авч байлаа. Өнгөрсөн хугацаанд цэвэрхэн, гамтай хадгалж ирэхэд сургуулийн биеийн тамирын багш нарын хичээл зүтгэл орсон юм шүү. Хөлбөмбөг тоглох албан байгууллагуудад түрээслээд хөөрхөн хэдэн төгрөг олчихно. Үүнийгээ сургуулийнхаа дотоод засал, тохижилтод зарцуулчихдаг байсан. Сургуулийн хоёр байрыг холбоод өргөтгөлөө барьчих боломжтой л доо. Санал болгоход “Сургуулийн захирлын мэдэж шийддэг асуудал энэ биш” гэж байна лээ. Хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн захирагчийн албанаас гаргасан шийдвэрээр хайран талбайг балгас шиг болгочихлоо. Сургуулийн урд ч өргөтгөл барих хэмжээтэй зай хангалттай байгаа. Тус газрыг санал болгоход “Өндөр барилгын хажууд орчин нь шаардлага хангахгүй” гэж байна лээ.
-Гурван ээлжээр хичээллэхэд хүндрэлтэй байгаа нь мэдээж. Гэхдээ нэг ажил хийхдээ нөгөө бүтээн байгуулалтыг устгаж байна шүү дээ. Та үүнийг яаж хүлээж авсан бэ?
-Өргөтгөл барина гэсэн сураг яваад л байсан. Харин нийслэлд ховор хөлбөмбөгийн талбайгаа сүйтгүүлнэ гэхээс эрс татгалзсан. Яагаад өөр газар өргөтгөл барьж болохгүй юм бэ гэж бүх газруудад л хандсан. Ажлын хэсэг нь хуралдахад сургуулийн байр суурийг огт сонсдоггүй. Ирээд л шууд газар хатгаад эхэлсэн. Очоод уулзахад газрын албаны байцаагчид сургуулийнхаа хашаанд зад загнуулаад л хоцорсон доо. Зөвшөөрөлгүй баригдсан гарааш талбайн хажууд байж л байна. Үүнийг нурааж газар чөлөөлөөд барьж болно шүү дээ. Энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа юм билээ. Хөлбөмбөгийн талбайг ухах шийдвэр гарахад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан ч тоогоогүй. Ухаад эхлэхэд нь л бүгд ирж сурвалжилж байна.
-Нийслэлийн засаг даргын шийдвэрээр компьютер тоглоомын газруудыг хаасан. Одоо хөлөмбөмбөг, тоглоомын талбайнуудыг нураах захирамж гаргаад эхэллээ. Хүүхдүүд хаана чөлөөт цагаа өнгөрүүлэх вэ. Хаана тоглож наадах вэ?
-Компьютер тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргаад оронд нь хүүхдийг соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Одоогоор соён гэгээрүүлэх ямар ажил хийснийг нь мэдэхгүй юм. Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хөлбөмбөгийн талбайг бүх дүүрэгт байгуулна гэсэн санамж бичигт гарын үсэг зураад сууж байхыг нь би хоёр нүдээрээ харсан. Хаана нь гарын үсэг зураад, хаана нь зөрчигдөөд холион бантан болоод байгааг би ойлгохгүй байна.
-Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа сургуультай ирж танилцсан уу?
-Танилцсан. Дээрээс гаргасан шийдвэрийг одоо яалтай билээ гэж хэлсэн.
Тэрбээр “Хөлбөмбөгийн талбайгаа аваад үлдчих гэж өөрийнхөө хэмжээнд л үзлээ. Чадсангүй ээ. Одоогоор бол нэн тэргүүнд шаардлагатай асуудал нь сургуулийн өргөтгөл болоод байна. Эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн төлөө ямар аргаар ч хамаагүй өргөтгөлтэй л болж байвал дүүрч ээ” гэж хэлж байсан юм.
Сургуулийн биеийн тамирын багш И.Бат-Очир “Сургуулийнхаа талбайг ухаад эхлэхэд гол харлаад л явчихсан. Гэхдээ өргөтгөл гэдэг илүү чухал асуудал болоод байна.Биеийн тамирын хичээл ороход өвлийн хүйтэнд хүүхдүүдээ дагуулаад өөр сургуулийн заал руу явна. Жижигхэн зааланд нэг ээлжинд л гурван анги тамирын хичээл орно. Багталцахгүй хачин юм болно шүү дээ” гэж ярилаа.
“Солид констракшн” ХХК-ийн экскаваторын жолооч н.Төмөр “Манайх наймдугаар сарын 31-нд 640 хүүхдийн багтаамжтай, доороо зоорийн давхартай, дээрээ хоёр давхар барилга хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан. Ажил эхлэхэд энэ хавийн иргэд эсэргүүцээд ажил зогсчихоод байна. Ингээд уяад байхад барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгч чадахгүйд хүрнэ. Нэгэнт зураг төсөл батлагдчихсан байхад бидний ажилд садаа хиймээргүй байна” гэж хэлсэн юм.
Барилгын компанийн ажлын групп талбайн талыг нь ухаад цементийг ил гаргачихсан байсан юм. Цементэн дээр цагаан шугам татчихаж. Тэр шугамын дагуу өргөтгөлийн барилга босох юм байна. Хөлбөмбөгийн талбайн талд нь жижиг талбай байгуулахаар төлөвлөсөн талаар тус компанийн ажилтнууд ярилцаж байлаа.
56 дугаар сургуулийн хажуугийн байрны оршин сууч иргэн М.Мөнхтуул “Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас барилгын ажил эхэлж тоос шороо бужигнаж эхэлсэн. Сургуулийн өргөтгөл барьж байгаа сураг дуулдсан. Энд чинь өглөөдөө ахмадууд гарч дасгал хийдэг ганц талбай нь байсан юм. Нялх хүүхдээ дагуулсан эхчүүд алхаж байгаа харагддаг. Хүүхдүүд ч машин тэрэгнээс хол аюулгүй орчинд тоглох боломжтой ганц газар нь хөлбөмбөгийн талбай байсан. Миний мэдэхийн сүүлийн сүүлийн сар эндэхийн ойр орчимд хэд хэдэн орон сууцны барилгын ажил эхэлсэн байгаа харагдсан. Тэр хувийн орон сууц барьж байгаа талбайдаа яагаад сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барьж болдоггүйг гайхах юм. Өргөтгөл барихад иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайг сүйтгэж байгаа хот төлөвлөлтийн ажил муу байгаагийн илрэл юм. Энэ хавьд дасгал сургуулилт хийх газар нэг ч байхгүй” гэж ярилаа.
Энэ талаар нийслэл хотын засаг дарга С.Амарсайхан “ 10 дугаар хорооллын ойр орчимд 56 дугаар сургуулиас өөр Ерөнхий боловсролын сургууль байхгүй. Энэ хавийн бүх л хүүхдүүд тус сургуулийг зорьдог. Өргөтгөлийг хөлбөмбөгийн талбайд барихаас өөр арга алга. Нэг бүтээн байгуулалтын төлөө нөгөөг нь үгүйсгэж байгаа нь харамсалтай байна” хэмээн хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шилийн богдод гал тавьсан Улаанбаатар хотын харьяат 5 иргэнийг олж тогтоожээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт тал хээрийн 2, обьектын 1, нийт 3 гал түймрийн хэрэг өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол амссан уг түймрийг сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна. Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, 5 иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж байгаа аж. Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 нийт 28 саналыг боловсруулсан байна. Тухалбал, нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээг авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож өрсөлдөөний тэгш нөхцөл байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авсан юм.

Я.Содбаатар: Сошиал орчныг гаднын бүх оронд аюулгүй байдалтай холбоотойгоор тодорхой хязгаарлалтыг хуульдаа тусгасан. Олон орны улс төрийн сонгууль нийгмийн сүлжээтэй холбоотойгоор маргаан, мэтгэлцээн гарч байна. Манай улсад цаашдаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Хүн амын тоотойгоо харьцуулахад манайх хамгийн их фэйсбүүк хэрэглэгчтэй гэж ярьдаг. Энэ нь нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалд хэр харшилж байна вэ. Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой. Тухайн хүн өөрийнхөө регистр, овог, нэрээрээ фэйсбүүк рүү нэвтэрч ордог байх нь зөв. Германы энэ зохицуулалтыг хийхгүй бол манай улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх магадлалтай.

Ажлын хэсэг: Одоогоор яамдаас санал авч байгаа Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах заалт орж байна. Тус төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлын түвшин дээшилнэ гэж үзэж байгаа. Одоо бол ТЕГ, Батлан хамгаалахын яам холбогдох газруудад тус тусдаа байгаа ч нэгдсэн бодлого төлөвлөлт, гадаад харилцаа байхгүй. Мөн утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газраас тогтоол гарч гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх үүрэг өгсөн. Энэ зургаан сард хэрэгжилтийг танилцуулна. 2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй утасны дугаар байсан бол одоо 42 мянга болж буурсан. Цахим орчинд домайн хаягийн асуудлыг энэ хуулиар зохицуулна. Сошиал орчин хяналтгүй байгаатай холбоотой хүний эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирсон. Олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг ирлүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан. Тиймээс Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгаж өгч байгаа юм.

Д.Эрдэнэбат: Хууль байгууллага, иргэний эрхийг хамгаалахад чиглэдэг. Аливаа төрийн захиргааны байгууллага хуулийн хүрээнд журам боловсруулж ажилладаг. Гэтэл журмаар зохицуулах боломжтой зүйлийг яагаад хуульд өөрчлөлт оруулж байгаа юм бэ. Шуудангийн маркийг хувийн компани үйлдвэрлэж байгаа асуудлаас болоод Засгийн газартай холбохоор хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Радио долгионы тухай хуульд оруулах өөрчлөлт нь өөртөө эрх авах гэсэн л зүйл. Гэтэл бусдыг гүтгэдэг доромжилдог зүйлд хийх хяналттай холбоотой өөрчлөлт оруулж ирэхгүй байна. Бид орчлонгоос тасарчихаад байна. Тулгамдсан асуудлаа хэлэлцэхгүй байж ерөнхий зүйлд цагаа зарж байгаа нь харамсалтай.

Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: Орж ирж байгаа хууль болгон төрийн байгууллагууд эрх мэдлээ нэмэгдүүлэхэд чиглэж байна. Үүний нөлөөгөөр хүнд суртал нэмэгдэж байгаа нь үнэн.

Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан: Хүний эрх ноцтойгоор хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ одоо бид технологийн өөрчлөлтүүдийг хийнэ. Хүний эрхийн асуудал салбар хуулиудаар зохицуулагдана. Харин эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар технологийн хувьд зохицуулах боломжтой болно. Технологийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Бид хоцрохгүйн тулд төрийн хяналт тавих процессийг мөн хурдтай өөрчлөх шаардлагатай. Тэгэхээр хяналтыг ерөнхий байдлаар орхигдуулбал хоцрогдох аюултай. Гэмт хэргийг хязгаарлах, мэдээллийн нууцлалын аюулгүй байдал зэрэг нь салбар хуулиар зохицуулагдана. Харин суурь хуулиар гэмт хэргийг хязгаарлах техникийн боломжуудыг зааж өгөх юм.

Х.Болорчулуун: Улсын хэмжээнд хэчнээн телевиз байна вэ. Стандартын шаардлага хангахгүй телевиз олон байна. Олдвол өлдөнө гэдэг. Энэ олон телевизээр худал мэдээлэл цацдаг. Тоог нь багасгах хэрэгтэй.

Ажлын хэсэг: Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 20, кабелын 62, орон нутаг кабелын 65 телевиз байна. Ажлын хэсэг бүх телевизэд мониторинг хийж эхэлсэн. Удахгүй шалгалтын дүн гарна. Шаардлага хангахгүй зөвхөн сонгуулийн үед ашигладаг кабелын суваг ч байна. Техник технологийн хувьд стандартын шаардлага хангахгүй нь ч бий.

Л.Энх-Амгалан: Харилцаа холбоог зохицуулах гол хуулиуд орж ирж байна. Цахим бодлогын хороогоор энэ асуудал орсон уу. Дэд хорооны дүгнэлт гарах ёстой.

Цахим бодлогын дэд хорооны дарга Н.Учрал: Энэ хуулийн төслийг манайд өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх саналыг УИХ-ын даргад гаргасан ч шууд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Санал дүгнэлтээ гаргах боломж олгоогүй. Үүнээс гадна салбарын гурван хууль нэмж орж ирнэ. Энэ гурван хуулийг цахим бодлогын хороонд шилжүүлж өгвөл бид хэлэлцүүлэг хиймээр байна. Мэдээллийн аюулгүй байдал манайд эмзэг.

Дашрамд, Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлах журмуудыг тодорхой болгож өөрчлөн найруулах. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн талаарх зохицуулалтуудыг төсөлд тусгасан нь зарим талаар Төрийн аудитын тухай хуульд давхардсан байсныг уг давхардлыг арилгах зорилгоор холбогдох саналыг боловсруулжээ.

Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субъект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын бэлчээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн талаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар өнөөдөр (2019.04.23) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах “Монгол Улсын бэлчээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Уг хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд зэрэг нийт 800 гаруй төлөөлөгч оролцож, Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, бэлчээр ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Мөн орон нутгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтран зохион байгуулалт хийж, гэрээ байгуулан бэлчээрийг зүй зохистойгоор ашиглаж байгаа сайн жишиг, туршлагуудыг ярилцах юм байна.

Бэлчээрийн тухай хуулийн төслийг ирэх сарын 01-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, “Орон нутгийн иргэдэд бэлчээр ашигласны төлбөр гэж өндөр хураамж аваад, бэлчээрийг хашиж хашаалаад мал бэлчих газаргүй болгочих вий гэсэн хоёр болгоомжлол байна. Бэлчээрийн тухай хуулиар орон нутгийн өөрсдийн санал санаачилгыг дэмжих, сайн туршлагыг нэвтрүүлэх, орон нутагт эрх мэдлийг нь төвлөрүүлэх зорилготой. Үүнийг иргэдэд зөвөөр таниулах, тулгамдсан асуудлаа хамтаар хэлэлцэх, олон улсын болон орон нутгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд энэхүү үндэсний хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой” гэв.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Э.Түвшинжаргал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Мал аж ахуйн мэргэжилтэн Мартин Хаилман болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.