Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана


1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/;
  • “Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн өмнө тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох.

2.Төрийн байгуулалтын байнгын
хорооны хуралдаан 12.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
  • Бусад.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөө савандаж угаадаг та аль иргэншлийнх вэ?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

“Үндэстэн” гэж үг байна. Энэ нь тухайн бүлэг хүмүүсийн тодорхой угсаатанд хамаарч буйг илэрхийлэх тодорхойлолт юм. Монгол үндэстэн, чех үндэстэн гэх мэт. Эндээс тухайн үндэстэнд хамаарах соёл иргэншил, уламжлал зэргийг салаалан нэрлэнэ. Гэвч орчин цагийн монгол хэлэнд үндэстэн нь “үндэс” болон хувирчээ. Энэ нь аман хэллэгээс бичгийн хэлэнд нэвтрэн өдгөө эргүүлээд зөв болгох аргагүй болсон аж. Үндэсний бичиг, үндэсний соёл, үндэсний бахархал гэж бичээд бүр дасчээ. Үндэстний соёл гэж бичвэл бурууд тооцохуйц. Уг нь “үндэс” гэдэг ургамалд хамаарах өөр утгатай үг л дээ. Өвөр Монголд монгол бичгээр “үндэстний соёл” гэж хуучнаар нь бичсээр байгаа юм билээ. Манайд кирилл үсгээр “Нэгдсэн үндэстний байгууллага” л зөв бичлэгээрээ үлдсэн. НЭПКО саяхан Адам Смитийн Wealth of Nations номыг бүрэн эхээр нь орчуулан гаргахдаа Үндэсний баялаг гэх үү, Үндэстний баялаг гэх үү гэж ярилцаж ярилцаж, өдгөө нэгэнт кирилл үсэгт тогтсон учир үндэснийхээр нь явуулъя гэж шийдсэн.

Аман хэллэгт хэт автаж түүнээ бичгийн хэлэнд тусган хэвшүүлсэн эдгээр жишээг буруутгах, муушаах, зөв рүү нь эргүүлэн татах гэсэн санаа алга, зүгээр л ажиглалтаа хэлэх гэсэн юм. Харилцаа, харьцаа хоёр нь шал өмнөө утгатай үгс. Харьцаа бол том жижиг, өргөн нарийныг хооронд нь жишихэд хэрэглэнэ. Гэвч бид харилцааг аман ярианд товчлон харьцаа гэсээр байгаад бичгийн хэлэнд тэр чигээр нь хаджээ. Гэр бүлийн харьцаа, харьцааны соёл, харьцаа тогтоох гэх мэт. За яахав ингээд тогтдог байж, гэтэл “бэлгийн харьцаа” гэхээр шал өөр эвгүй ойлголт гарч ирээд байгаа биз? Өсвөр насны хүүхдүүд л гаргаж ирчихээд харьцуулж хэмжин онгирцгоогоод байгаа юм шиг. Математикчид физикчид л анх болхи орчуулгаар оруулж ирсэн болов уу гэмээр үүнтэй төстэй жишээ бол “дурын цэг”! Дунд сургуулийн тооны хичээлээс бүгдээрээ энэ үгийг тогтоосон доо. “Аль ч цэг”, “ямар ч цэг” гэмээр. Дурын цэг өөр газар байдгийг тэд насанд хүрсэн хойноо л ойлгодог.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд оруут “зах зээл” гэсэн үгийг зарим нь гоё тайлбарладаг байж билээ. Зах дээр очоод зээл авдаг муухай нийгэм гэх мэтээр жигшил зэвүүцлээ илэрхийлнэ. Зээл гэдэг нь захтайгаа яг ижил үг. Хувцас хунар, тархи толгой, мөнгө төгрөг гэх мэтээр ижил утгатай үгийг хослуулан хэлдэг шиг. Уг нь нийтийн зах зээлийн газар очоод бараа үйлчилгээгээ чөлөөтэй борлуулдаг, солилцдог эдийн засгийн чөлөөт худалдааны тогтолцоог аль ч хэлээр ингэж нэрлэдэг. Банкнаас юм уу хүнээс юм хум, мөнгө цаас зээлдэн авахыг зээл биш зээллэг гэдэг байжээ. Бүр саяхан болтол шүү. Өвөр Монголд одоо ч банкнаас зээллэг авах гэнэ, зээл гэвэл мань Сайхансамбуугийн баахан хүн цуглуулсан газрыг гэж ойлгоно. Гэхдээ бид зээллэгийг зээл гэж ярьж бичдэг болсныг шүүмжлэх гээгүй, хэл хөгждөг өөрчлөгддөг хувирдаг “амьд организм” юм.

Зарим буруу болон болхи орчуулга аман болон бичгийн хэлэнд тогтсоноос болоод монголчууд биенээ ойлгохгүй хэмжээнд ч хүрсэн байх шиг. Хятадад эмнэлэгт үзүүлсэн хүн өвөр монгол хэлмэрч дагуулан эмч дээр оржээ. Өвчтөний найлзуурын тухай эмч анхааруултал ар монгол нь ямар эрхтэн яриад байгааг огт ойлгодоггүй. Удтал эргэлзэж шалгаасны эцэст бамбай булчирхай яриад байгааг арай гэж ойлгомор аядав. Мянга мянган жил мал алж (заримдаа хүн?) ирсэн монголчууд энэ булчирхайг мэддэггүй л байв гэж. “Бамбай шиг харагддаг булчирхай” гэсэн орос үгийг л тэр чигээр нь орчуулж хэрэглээд жинхэнэ нэрийг нь мартжээ. Далимд нь сануулахад гадаад хүнд юм тайлбарлаад яваа хүнийг “хэлмэрч”, ном бичиг баримт өөр хэл дээр буулгагчийг “орчуулагч” гэнэ. “Хосыг нь шувтрах” гэсэн заналхийлсэн хэлц бий. Одоо тэрийг орчин цагийн хэлээр “Чамай муугийн арван хоёр нугалаа гэдсийг чинь шахах хуна” гэх үү?

Балжингарам цэцгийг Дамдинсүрэнгийн тольд “хамба шарилж” гээд буруу орчуулчихжээ. Орос хэлээр “ромашка” гэх цэцэг нь өхөөрдөм, энхрий, хайрлам юмыг бэлгэддэг бол монгол хэлээр шарилж нь хог новш, балиар юмны бэлгэдэл. Орчуулгын кинонд “миний хайрт хонгорхон шарилж минь” гэж хэлэхээр ямар сонсогдож байна? Бор шувуу, бялзуухай, болжмор гэсэн гурван өөр шувууг ялгадаггүй. Нэг нь ойн, нөгөө нь талын жиргээч бяцхан шувууд, харин хотоор нэг хөглөрөөд байдаг чинь бор шувуу л даа. Хэрээ, алагтуу, турлиах, жунгааг нэгтгэж ойлгон нэрлэх нь элбэг. Хотод хэрээ амьдардаггүй байх аа. Тэрэнтэй адилаар хөх-цэнхэр хоёрыг, хүрэн-бор хоёрыг, шар-улбар хоёрыг хольж хэлэх, тэрнээсээ болоод буруу ойлгох нь элбэг үзэгдэнэ. Нил гэсэн хичнээн сайхан өнгөний нэрлэсэн үг нэргүй болоод сүүлдээ янз бүрээр нэрлэх гэсэн оролдлогын оройн чимэг нь “чирнээлэн ягаан өнгө” юм. Шахуу-шахам хоёр өөр өөр утгатай. Гаруй-гаран хоёр ч ижил утгатай үг биш. Бас баригдах-баривчлагдах хоёр байна.

Дээр үед талбайд болдог баярын парадын үеэр микрофоноор уриалан дуудагч нэвтрүүлэгч “Октябрийн аа-уу-гаа их социалист хувьсгал мандтугай” хэмээн уянгалуулан дууддаг байж билээ. Аа-уу-гаагаа маш тод уртаар эгшиглүүлэн хэлнэ. Энэ аугаа одоо бичгийн хэлэнд “агуу” болон тогтжээ. Агуу нь том хөндий гэсэн утгатай, эндээс агуй, агуулах гэсэн илэрхийлэл нэр үүссэн. Аугаа нь латин герег хэлний “аура”-д хамаарах ойлголт. Харин мэрэгч төлөгч нар л “таны аураг төдөн төгрөгөөр ариутган эмчилнэ” гэхэд л мөнөөх үг үлдсэн бололтой.

“Хакухо иргэншлээ солив” гэсэн мэдээ нэг талаасаа байж болох ойлголт. Тойнби, Хантинтон нар Японы иргэншил гэдгийг тусад нь ангилсан байдаг. Тэгэхээр манай хүн өөр иргэншилд уусан, үгүйдээ л шинто шашин шүтдэг болсон мэт. Гэтэл сумоч маань ердөө л иргэний харьяаллаа сольсон хэрэг. Учир нь манай хуулиар давхар иргэний харьяалалтай байхыг зөвшөөрдөггүй. Иргэний харьяалал гэдэг нь тусгаар тогтносон 200 орчим улсын алинд нь албан ёсоор харьяалагдаж буйг хэлж буй хэрэг. Нэг үгэндээ паспортыг нь асууж байгаа юм, энэ нь иргэншилтэй (civilization) ямар ч холбоогүй ойлголт. Чукоткийн иргэний харьяалал ч гэж байхгүй, иргэншил ч гэж байхгүй. Курдын иргэний харьяалал гэж байхгүй ч тэд тусгаар тогтнож, тэрийгээ хүлээн зөвшөөрүүлж чадвал Курдын иргэний харьяалал гэсэн ойлголт буй болно, гэтэл үүнээ дагаад курдын иргэншил гэж буй болохгүй, учир нь тэд урьд ч, одоо ч, лалын иргэншилд хамаарсаар ирсэн. Харин манай гаалийн болон хилийн бичвэр дээр “иргэншил?” гэсэн асуулт байдаг нь бараг л албан ёсжжээ. Үнэхээр ингэж асууж байгаа бол үүнд нь лалын, хиндугийн, өрнийн, иудайн гэх мэтээр хариулмаар. Хүний түүхэнд арав гаруй иргэншил буй болсон, өдгөө хагас нь мөхсөн учир цөөхөн үлдсэн нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Ер нь ч манай хил гаалийнханд тухайн хүний аль иргэншилд хамаардаг нь ямар ч хамаатай юм бол? Террорист илрүүлэх гээд байгаа юм болов уу?

МИАТ-ийн удирдлагын хэдэн луйварчид даатгалын баахан мөнгө хулгайлаад гадаадын банкинд өөрсдийн нэрээр хадгалуулсан нь илрэв. Манай шүүх тэднийг мөнгө угаасан хэргээр ялласан. Манай эрүүгийн хуулинд “мөнгө угаах” гэсэн зүйл байдаг юм болов уу, байдаг бол түүнийгээ юу гэж ойлгодог юм бол? Уг нь мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгийг хуулийн зүйл заалтаар тулган үзэхэд хууль ёсны хэлбэртэй болгох гэмт хэрэг юм. Гэхдээ энэ нь бусдын хармаанаас мянган төгрөг суйлчихаад баригдангуутаа газраас олсон гэж гүрийхийг хэлэхгүй байх аа. Овор хэмжээ арга барилын хувьд нэлээд том операцийг нэрлэнэ. Уг гарлаараа мөнгө угаах биш, англиар “лондри мани” буюу хими цэвэрлэгээний мөнгө гэсэн утгатай. Америкт архи худалдаалахыг хориглодог байсан үед сархадын нууц наймаа хийн асар их мөнгөтэй болсон мафийнхан хими цэвэрлэгээний газруудад тараагаад тэндээсээ хувцас угааж цэвэрлэсэн хөлс мөнгө хэмээн бүртгүүлдэг байснаас үүссэн нэршил юм билээ. Орчин үед зэвсэг, хар тамхи зэргээс олсон мөнгөө казиногоор оруулан тэндээс хожсон маягаар албан ёсны болгон бүртгүүлдэг процесс. Мань нисэхийнхэн бол хулгай, луйвар, шамшигдуулал, залилан гэх мэтийн зүйл ангид хамаармаар юм! Түмпэн дотор гэрийн бүрээс угаадаггүйн нэгэн адил Монгол шиг ядарсан жижиг зах зээлийг мөнгө угаах луглагар луйвар тооно гэж үү? Манай их хурлын нэгэн гишүүн банкуудыг мөнгө угааж байна гэж шүүмжлэхдээ нусны алчуур угааж байгаа дүрслэл үзүүлэн хоёр алгаа олон удаа үрчиж мушгиж харуулж билээ. Усанд норгоод савандаад төгрөг долларыг воокдож угаадаг гэсэн ойлголт нэлээд тархмал шүү. Мөнгийг япончууд л шууд утгаар нь угаадаг юм гэнэ лээ. Тэд биендээ бэлэн мөнгө дугтуйлан бэлэглэдэг уламжлалтай тул мөнгөө савандаж угаагаад дараа нь бүр индүүддэг гэсэн шүү.

Тархийг угаадаг, тархиа угаалгадаг хүмүүс сүүлийн үед тун элбэгшжээ. Уул нь “тархи угаах” гэдэг нь туйлын хурц хэллэг, айхавтар хоржоонтой ёгтлол, маш сэцэн зүйрлэл юм. Жоорж Орвэлийн “1984 он” зохиолд анхлан бичигдэж бүх дэлхийгээрээ нэгэн утгаар ойлгон хэрэглэгддэг болсон нэршил. Ноёлогч хэсэг нь мэдээллийн бүх эх сурвалж, сувгийг хаагаад зөвхөн өөрсдийн “үнэнийг” албадан сонсгох ба тэрийг нь үзэж сонсохгүй байтугай үнэмшихгүй эргэлзсэн бүгдийг яллан шийтгэнэ. Ийм хавчлагад орсон ард түмэн эсвэл үнэмшсэн дүр үзүүлнэ, ихэнх нь аяндаа үнэхээр үнэмшээд эхэлнэ. Ард түмэнд өөр үзэл бодол байдаг тухай төсөөлөл ч байхгүй болдог. Нацизм, фашизм, коммунист дэглэмд энэ нь өдөр тутмын явдал. Ерэн он хүртэл монголчууд ч энэхүү тархи албадан угаах тогтолцоонд олон жил амьдарсаар ирсэн. Ийм нийгэм дахин амилахаас шинэ үеэ сэрэмжлүүлэхийн тулд ихэнх ардчилсан оронд “1984 он” зохиолыг дунд сургуулийн хөтөлбөрт заавал оруулдаг. Манай хоёр хөрш ч өнөөдөр иймэрхүү тогтолцоонд амь зуусаар. Хятадад мэдээллийн бүх хэрэгслэл төрийн хатуу хяналтад байдаг. Төрийн болон намын зүтгэлтнүүдийг элдвээр хэлж бичвэл ялд унагадаг хуулийг саяхан Оросын парламент батлан гаргалаа. Тэдэнтэй харьцуулахад манай иргэд хязгааргүй олон эх сурвалжийн дунд хүссэнээ хэлж нийтлэх, дэмжих болон эсэргүүцэх эрхээр хангагдсан. Ийм чөлөөт нийгэмд ажиллаж, амьдарч сурч байгаа чөлөөт иргэд хэн нэгэнд “тархиа угаалгаж байгаа бол” тэр хүний өөрийнх нь оюуны бэрхшээл юм. Гэхдээ бидний ихэнх нь энэ нэршлийг дэлхийн бусад хүмүүсээс шал өөрөөр, тухайлбал “энэ хэлж ярьж байгаа чинь надад таалагдахгүй байна” гэсэн утгаар хэрэглэдэг бололтой. Зарим нь ч тархийг нь сугалж гаргаж ирээд савантай усаар угаахыг хэлнэ гэж ойлгодог ч байж магадгүй.

Хэл бол тухайн хүний ойлголтын илэрхийлэл юм. Тиймээс ч аугаа философич Витгэнштайн “Хэл минь хязгаартаа тулж байгаа бол мэддэг орчлон маань мөн л хязгаартаа туллаа гэсэн үг” гэжээ. Тэрээр мөн “Юм хэлэх гэж байгаа бол ойлгомжтой тодорхой хэл, үнэхээр хэлээрээ илэрхийлэх боломжгүй бол дуугүй байсан нь дээр” гэсэн байх юм. Бид ширээг жишээ нь хүүхэн, уушиг, тэнгэр, вамама, чүчачичо гээд яаж ч нэрлэж болно. Гол нь энэ нэрийг нийтээр “ширээ” гэж ойлгон хүлээн зөвшөөрсөн байж л бид бусадтай ойлголцоно. Нийтэд хүлээн авагдаагүй үг, нэр, нэршлийг дөнгөж хэлд орж буй балчир хүүхэд л хэлдгийг магадгүй эх эцэг нь ойлгож болох ч бусад хүнд ойлгомжгүй. Яагаад гэвэл балчир хүүхдэд туршлага суугаагүй байна, одоохондоо тархины багтаамж мэдрэмж ч нялхаараа байна. Харин насанд хүрсэн хүн бусдад ойлгомжгүй, эсвэл бусдын ойлголтоос шал өөр утгаар, зөвхөн өөрөө л ойлгох үг, нэр, нэршил хэрэглээд байвал түүнийг оюуны өсөлт нь зогсчихож гэх байх аа?

2019.4.22

Categories
мэдээ нийгэм

Халдварт саагийн эсрэг вакцин хийж байна

Халдварт саа өвчнийг устгах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 дүгээр тушаалын дагуу халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакцинаар таван сартай хүүхдийг дархлаажуулах арга хэмжээг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын даргын А/49 дүгээр тушаалын дагуу дүүрэг, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, амаржих газрын дархлаажуулалтын 124 нэгжид дэмжлэгт хяналтыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар, НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 80 гаруй нэгжид хяналт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж буй бүх эрүүл мэндийн байгууллагыг дэмжлэгт хяналтанд хамруулснаар тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн, алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Categories
гадаад мэдээ

Обамаг хөнөөхөөр завдаж байсан бүлгэмийг илрүүлжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо экс Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр “United Constitutional Patriots” бүлгэмийн тэргүүн Ларри Митчелл Хопкинс гэх 61 настай эрэгтэйг саатуулсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Обамаг хөнөөхөөр төлөвлөж, бэлтгэл сургуулилт хийж байжээ.

Тус бүлгэмийн гишүүд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон тэрбумтан Жорж Соросын амь насыг хөнөөхөөр төлөвлөж байснаа хэлжээ.

Холбооныхон өнгөрөгч амралтын өдөр АНУ-Мексикийн хилийн орчмоос тэднийг баривчилсан аж.

Гэхдээ Хопкинсийн өмгөөлөгч Келли О’Коннелл дээрх таамгийг эрс үгүйсгэжээ. Хопкинс болон гишүүдэд ямар шийтгэл ноогдуулах нь тодорхойгүй юм. Хопкинс “АНУ-ын үндсэрхэг үзэлтнүүд Обама, Хилари болон Соросыг хөнөөхөөр төлөвлөж байгаа” гэж хэлсэн байна.

Нью Йорк хотын шүүх Хопкинсийг хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр яллахаар төлөвлөжээ.

Холбооны мөрдөх товчоо хоёр жилийн өмнө л “United Constitutional Patriots” гэх бүлэглэл байдгийг илрүүлсэн аж. Тус бүлэглэлийн бай ихэвчлэн АНУ-ын Ерөнхийлөгч нар болон өндөр албан тушаалтнууд байдаг талаар гэрчүүд өгүүлжээ.

Тусгай албаны ажилтан Дэвид Габриэл “Тус бүлэглэл ойролцоогоор 200 гаруй гишүүнтэй. “АК 47″ болон бусад галт зэвсэгтэй” гэж мэдэгджээ.

Хопкинс өмнө нь 1996 болон 2006 онд галт зэвсэг хадгалсан хэргээр шийтгэл авч байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах сургуулилт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

image

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургуулилт нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулилалтын зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байгаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан цөөнгүй обьект Улаанбаатар хотод байгаа юм. Энэ сургалтын явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгч, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн амь, амьдралтай холбоотой энэ чухал ажлыг шийдвэрлэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж ажиллах учиртай.

Цаашдаа бид гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой юм. Гамшгаас урдчилан сэргийлэх арга хэмжээ цаашдаа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно” гэдгийг онцлов.

image

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс усны үнэ нэмэгдэнэ

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болжээ. Тодруулбал, хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ. Энэ нь ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус, тус нэмэгдэнэ гэсэн үг юм байна.

Усны үнэ өсөхөд нөлөөлсөн гол шалтгааныг инфляц, валютын ханшийн өсөлт, эрчим хүчний үнэ өссөн зэрэгтэй холбон тайлбарлажээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Нэг хүчин дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ёс зүйн хувьд буруу жишиг

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Та Зээлийн хүүг “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бууруулах боломж бий юү?

-Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудал он удаан жил яригдсан зүйл. Зээлийн хүүгийн дарамтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их ачаалал үүрч байгаа. Монголд хамгийн амжилттайгаар бизнес хийж байгаа хүмүүс нь банкны салбарынхан л байгаа юм. Банк ашиг орлоготой ажиллаж байгаад нь атаархаад ч гэдэг юмуу илүү харсандаа энэ асуудал руу орж байгаа юм биш. Намайг энэ хуулийг санаачилсны дараа захиалгатай, захиалгагүйг нь мэдэхгүй юм маш олон эдийн засагч, банкны салбарынхан “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг байж боломгүй асуудал. Зах зээлийн хуулийг зөрчиж байна” гэж эхэлсэн. Гэхдээ миний хувьд энэ байр суурин дээрээ итгэлтэй байгаа. Учир нь дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар бид судалсан юм. 1950-иад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан дариуд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдхаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан юм. Баруун төвийн , зах зээлийн зарчмыг дээдэлсэн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийхгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө л би энэ хуулийг өргөн барьж байгаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудалд луйврын схем хэрэгжсэн байж магадгүй гэх мэдэгдлийг Б.Пүрэвдорж гишүүн хийсэн. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөх бол?

-“Ocean Partners” гэх компани Стандарт банкнаас зээл авахад оролцсон. Зээлийг нь төлөхөд ч оролцлоо. Ашиг сонирхлын зөрчил энд харагдаад байгаа юм. Хоёрдугаарт, тэрхүү өрийг 40 сая ам.доллар хүртэл буулгаж төлөөд дууссан бол сайн байна. Гэхдээ төлбөрийн арга хэрэгсэл нь бол буруу. Эрдэнэт үйлдвэр дээр “Эрсдэлийн сан” гэж байдаггүй. Тэр өрийг дундын сан дээр байдаг хөрөнгөнөөс төлөгдсөн. Тэр чинь татварын мөнгө гэсэн үг. Энэ өрийг төлөх тухай ямар нэгэн эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй. Төсөв мөнгөтэй холбоотой асуудал заавал УИХ-аар орж байх ёстой. Бие дааж шийдэх эрх Засгийг газарт байхгүй. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь хууль бус үйлдэл. Албан тушаалын гэмт хэрэг ч гэж болно. Мөн 40 сая ам.долларын ард маш их луйвар, сүлжээ нуугдаж байх магадлалтай. Албан бус мэдээллээр “Ocean Part­ners” гэх энэ компани буцаад Эрдэнэт үйлдвэрээс 20, эсвэл 40 сая ам.долларын зэсийг баяжмал авахаар гэрээ хэлцэл хийсэн байх магадлалтай байгаа. Өрийг 40 сая ам.доллар болгон хаасан мэт харагдаж байгаа боловч нийгэмд үүсэх шуугианыг дарж, баатарлаг гавьяа байгуулсан мэт пиарыг хийхийн тулд луйврын гэрээ хэлцэл хийсэн байж болзошгүй. Өөр ч өнцгүүд байх магадлалтай. Бид энэ чиглэлээр судлах болно. Нэг зүйлийг онцлоход, 49 хувийн гэм буруутнуудыг барьж дуулиан болсон тэр өдөр 51 хувийн хэрэгт холбогдсон хүмүүсийн шүүх хурал хийгдсэн байдаг. Тэрхүү шүүх хурал хойшилж, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байдаг. Энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулах ямар ч шаардлага байхгүй. Зээл авч, Стандарт банк өгч, мөн гомдол гарган Арбитрын шүүх гурван шатны шийдвэрээ гаргасан нь үнэн. Энэ зээлийг хууль бусаар авсан гэдэг нь нотлогдсон. 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байсныг таван жил болгосон. Энэ асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа энэ оны эцэс гэхэд дуусахаар байгаа. Тиймдээ ч мөрдөн байцаах шатанд буцаах замаар цаг хожиж энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацааг нь дуусган хэрэгт холбогдсдыг гэмт хэргээс мултлах гэж байна уу гэх хардлага байна. Эрх баригчид энэ тал дээр гаршчихсан шүү дээ.

-Энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийн зүгээс Ш.Батхүүгийн эд хөрөнгийг борлуулж нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явуулна гэх зүйлийг ярьж байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Ш.Батхүү гэгч өмч хөрөнгөө хүмүүст тараачихсан л юм билээ шүү дээ. “Алтжин”-ийн Г.Алтанд л гэхэд хэдэн тэрбум төгрөгтэй тэнцэх эд хөрөнгөө шилжүүлчихсэн байсан. Г.Алтан гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүн нь манай Хууль зүй, дотоод хэргийн сайд байх жишээтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд 51 хувийн асуудал ярихгүй хэрнээ 49 хувийн асуудлыг маш эрчимтэйгээр дайрч, шалгуулахын төлөө улайрч байгаа. 49 хувиар халхавч хийж 51 хувийн луйвар булхайг цайруулах гэсэн үйлдэл нуугдаж байгааг харж байна. Миний хувьд 49, 51 хувийн асуудлыг хоёуланг нь шалгах хэрэгтэй гэх байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

-Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Түүнийг нэг шалтгаан нь “Капитал” банкинд Монголбанк хяналтаа тавиагүй гэж үзжээ. Энэ тухайд таны байр суурь?

-Өмнө нь “Хадгаламж”, “Зоос” банк, хадгаламж зээлийн хоршоо зэрэгт хууль бус үйл ажиллагаа үүсч байсан. Тэдгээртэй адил “Капитал” банкийг ч гэсэн самрах гэж байгаа юм биш биз гэсэн хар байна. Ямартаа ч маш өндөр хяналтан дор “Капитал”-д байгаа өмч хөрөнгө, санхүүгийн боломжоор харилцагчдын өр зээлийг дарж, хохирлыг арилгах ёстой. Ер нь бол Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал 2016 онд үүсчихсэн шүү дээ. Тэрээр “Монголбанкинд байгаа гадаад валютын нөөц хасах үзүүлэлттэй байна” гэх мэдэгдлийг ямар ч бодлогогүй хийсэн. Үүнээс үүдэн 1960 төгрөгтэй байсан ам.доллар 2700 төгрөгт хүрсэн. Энэ богино хугацаанд маш их мөнгө угаагдсан. Зохион байгуулалттай гэж хэлж болохоор мөнгө угаах, улс орны эдийн засгийг тогтворгүй байдалд оруулах хариуцлагагүй алхмыг хийснийхээ төлөө тэрээр огцрох ёстой. Энэ тухай би 2016 оны чуулганы хуралдааны үеэр л хэлж байсан.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, 2016 онд манай улс 22.4 тэрбум орчим ам.долларын гадаад өртэй байв. Гэтэл өнөөдөр 28 тэрбум ам.доллар гарчихаад явж байна. Энэ хоёрын зөрүү нь зургаан тэрбум ам.доллар байгаа юм. Энэ мөнгөөр эрх баригчид ямар бүтээн байгуулалт хийсэн юм бэ. Яагаад цалин тэтгэвэр, бүтээн байгуулалт нэмэгдэж, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 36-хан хувьтай гарсан. Энэ оны бүтээн байгуулалтын ажил одоог хүртэл эхлээгүй байна. Гадуур зарлагдаж байгаа тендер алга. ОУВС-ын санхүүжилт орж ирэхгүй байна. Энэ бүх асуултад Засгийн газар, Ерөнхий сайд хариулт өгөх цаг болсон. Монголын төрийг удирдаж байгаа гэх нэрээр попорч, эцэст нь самарч дууслаа.

-Таныг Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Капитал” банкинд төсвийн мөнгийг байршуулсан гэж яриад буй. Ер нь “Капитал” банкинд байх төрийн мөнгийг буцаан авах боломж бий юү?

-“Капитал” дээр үүсээд байгаа төрийн ч бай, хувийн ч бай аливаа өр авлагыг барьцаанд авсан, хураасан хөрөнгөөр нь бүрэн төлөх боломжтой гэсэн мэдэгдлийг ТУЗ-ийнх нь гишүүн хийсэн байна лээ. Хоёрдугаарт, би 2012-2016 оны хооронд Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллахдаа НДС-тай холбоотой нэг ч төгрөгний захиран зарцуулалт хийгээгүй. Надад тийм эрх зүйн боломж байхгүй. Нийгмийн даатгалын сангийг хөрөнгийг захиран зарцуулах эрх нь НДЕГ-ын дарга, санхүүгийн газрын дарга, Сангийн яаманд байдаг юм. Энэ бол бүрэн Сангийн яамны хяналтан дор байдаг сан. Түүнчлэн, намайг сайд байх үед НДЕГ миний эрхлэх асуудлыг хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед НДЕГ-аас арилжааны банкуудтай тэр дундаа “Капитал” банктай хийсэн гэрээний хамгийн сүүлийн хугацаа нь 2018 онд дуусгавар болсон юм билээ. Түүнээс хойш арилжааны банкуудтай хийсэн гэрээг сунгах эсэх, банкин дээр байгаа НДС-ын болон бусад төсвийн мөнгүүдийг татах зэрэг нь холбогдох эрх бүхий хүмүүст бүрэн нээлттэй байсан. Тэр зүйлийг одоо надтай наагаад хэрэггүй. Мөн тэр үепд Монголбанкнаас ямар нэгэн арилжааны банк эрсдэлтэй гэх мэдээллийг ч өгөөгүй, ер нь хэн ч тэр тухай ярьж байгаагүй. Миний санаж байгаагаар өнгөрсөн жил Монголбанкны ерөнхийлөгч гадны аудитын компани авчирч бүх банк санхүүгийн системд аудит хийлгэсэн. Үүний дараа тэрээр УИХ-д “Монголбанк, банкны систем, арилжааны банкуудын үйл ажиллагаа ямар ч эрсдэлгүй байна” гэх мэдээллийг хийж ч байсан. Гэтэл гэнэт банк дампуурангуут тэрийг улс төрийн зорилгоор хэн нэгэн хүнтэй наах гэж оролдож байгаа нь утгагүй. Ийм зүйлтэй намайг холбох гээд хэрэггүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж байна. Ардчилсан намын бүлэг тарж, зөвлөл байгуулагдсан энэ үед Үндсэн хуулийг хэлэлцэх боломжтой юу?

-Улстөрч болоод УИХ-ын гишүүн хүнийхээ хувьд хоёр зүйлийг боломжгүй гэж харж байгаа. Нэгдүгээрт, сөрөг хүчний хяналтгүй төр бий болчихлоо. Сөрөг хүчний хяналтгүй нөхцөлд үнэмлэхүй олонх болсон улс төрийн нэг хүчин дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь ёс зүйн хувьд буруу жишиг. Аль нэг нам парламентад олонх болонгуутаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бусад намууд, олон түмний оролцоогүй дур мэдэн аашлаад байна гэж бодож байгаа бол маш буруу хандлага. Хоёрдугаарт, эрх барьж байгаа нам, 64 гишүүн маань ёс зүйн хувьд ёс зүйн чадавхтай юу. Энэ дотроос 50 гишүүн нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэгдээд байгаа. Ер нь эрх баригчдын өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн үйлдлүүдийг харахаар үнэхээр гомдмоор. 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өнөөдөр хэрэгжүүлсэн нэг ч зүйл заалт алга. Үндсэндээ төрийн эсрэг гэмт хэргийн шинж чанартай маш олон үйлдлүүд хийлээ. ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөгийг зохион байгуулалттайгаар луйвардсан байх магадлалтай, тэр нь шалгагдаж байна. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээ намын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-д байгаа 40 гишүүн нь хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр 60 тэрбумын схемээр Монголын төрийг авсан нь үнэн юм бол түүний үр дүнд гарч ирсэн бүтээгдэхүүн нь УИХ-ын гишүүд. Тэд бүгд хууль бусаар гарч ирсэн хүмүүс. Хууль бусаар гарч ирсэн хүмүүсийн асуудлыг намын дарга, УИХ-ын даргыг огцруулснаар шийдэхгүй. Энэ нам оршин тогтнох уу, үгүй гэдэг асуудал яригдах ёстой юм. Төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг чинь өөрөө гэмт хэрэг. Тиймдээ ч энэ нам татан буугдах ёстой. Энэ намд эрх зүйн чадамж байхгүй. Ийм намд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх бий юү, үгүй юу. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж харж байна.

-С.Зориг агсны хэргийг шалгах “Түр хороо” байгуулагдсан. Энэ түр хороо яг ямар үүрэгтэй юм бэ. Шүүхийн ажлыг хийнэ гэж ойлгож болох уу. Гаргасан шийдвэр дүгнэлт нь хэр үр дүнтэй байж чадах вэ?

-Монгол Улс хууль шүүхтэй улс шүү дээ. Үндсэн хуулиндаа ч “Төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана” гээд заачихсан. Мөн Үндсэн хуулинд “Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна”, “Хэн нэгний гэм буруутай мөн гэм буруугүйг шүүх л тогтооно” гээд тусгачихсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан, гэмт этгээдүүд хариуцлагаа хүлээж байгаа. Хууль шүүхийнхэн ч “Захиалагчийг илрүүлэх гэж байхад дундуур нь самарч байна” гэж хэлсэн байна лээ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг яагаад удаа дараа тараах болов. Бүр таван удаа тараасан байгаа шүү дээ. Мөн гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан, мөн тэр этгээдүүдийн ард байгаа захиалагчийг илрүүлэх процесс явагдаж байхад яагаад гэнэт энэ асуудлыг гаргаж ирэх болов. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө яагаад “Монгол Улсад аймшигтай эрүүдэн шүүлт байна” гэж байгаад л аймшгийн кино үзүүлж байгаа юм шиг бичлэгийг нь гаргаж ирэн, нийгэмд айдас хүүдэс төрүүлэх замаар энэ хэргийг задлах гэж улайрч дайраад байгаа юм. Шүүх өөрөө энэ асуудлыг эргэн авч үзэх хэрэгтэй.

Дээрээс нь УИХ өөрөө мөрдөн шалгадаг газар биш. Хууль тогтоож, хэрэгжилтэд нь л хяналт тавьдаг. Ажлын хэсэг нэрээр өөрсдөө мөрдөн шалгаж, эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс эрээ цээргүй оролцох эрх байхгүй. Өнөөдөр тэр “Түр хороо”-д ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэх Ц.Нямдорж, түүний хамсаатан болох Ж.Батзандан, Лу.Болд нарч багтсан байна. Энэ хэрэг дээр хамгийн их оролцоотой нөхдүүд яагаад энэ ажлын хэсэгт орж байгаа юм. Яагаад бусад гишүүдээр ажлын хэсгийг бүрдүүлж болохгүй гэж. Ер нь ч энэ ажлын хэсгээс ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гаргах боломж байхгүй. Энэ ажлын хэсэг зөвлөмж л гаргана. Гаргасан зөвлөмжийг нь тухайн хууль шүүхийн байгууллагууд авч үзэх эсэх нь тэдний эрхийн л асуудал. С.Зоригийн хэргээр 21 жил улс төр хийлээ. Маш олон хүн энэ асуудлаар ашиг хонжоо олсон. Цөөнгүй улс төрийн намууд энэ хэргээр амьдарч өнөөдрийг хүрлээ. Одоо болоо юм биш үү. Захиалагчийг нь яаралтай олж зарлах цаг болсон.

-Ардчилсан нам Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд мэдээж оролцох байх. Ямар хүнийг нэр дэвшүүлэхээр болсон бэ?

-Ярилцаж байгаа. Одоо-гоор албан ёсны шийдвэр гараагүй байна.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-25-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 26-28-нд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 24-нд болох үйл явдал

10.00 цагт Дэлхийн банкны байранд “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм” тайланг танилцуулна.

10.00 цагт “Туушин” зочид буудалд “Эрдэс баялгийн салбарын ил тод байдал, тайлагналыг хэвшүүлэх нь” уулзалт болно. Утас: 88077077

10.00 цагт АШУҮИС-ийн Цөм лабораторийн байранд Тархи судлалын хүрээлэнгийн нээлт болно. Утас: 99051825

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Удирдахуйн ухааны магистр К.Хана Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

14.00 цагт ЭМЯ-нд Дархлаажуулалтын Үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал болно. Утас: 8081464, 99773800

Төрийн ордонд

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

12.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд


Categories
мэдээ цаг-үе

Худалдааны дайн Монголын коксжих нүүрсний ханшийг өсгөнө

Коксжих нүүрсний үнэ энэ жилдээ өсөлтөө алдахгүй, 2020 онд бага зэрэг буурах ч 150 ам.доллараас доошлохгүй, манайх шиг сайн чанарын коксжих нүүрсний хэрэглээ ойрын ирээдүйд уруудахгүй гэх мэт сайн мэдээ Бээжинд болсон “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” хурлын индрээс дуулджээ. Ес дэх жилдээ болж буй уг хуралд оролцоод ирсэн “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр гурван жил дажгүй байлаа. Энэ жил ч сайн байх нь. Гэхдээ тайвширч болохгүй. Уул уурхайн салбарт нэг онцлог бий. Ашиг олох үедээ үнэ буурах цагт сандрахгүй байхад бэлдэж хөрөнгө оруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ унахад дэд бүтцээ хөгжүүлчихсэн, баяжуулах үйлдвэрээ барьчихсан байх ёстой. Тэгж чадвал үнэ буурах үеийг бага хохиролтой туулна” гэж онцоллоо.

Чуулганы үеэр Хятадын талаас хийсэн танилцуулгын үеэр нэг сонирхолтой тайлбар сонсогджээ. АНУ-тай хийж буй худалдааны дайн Хятадын эдийн засагт өнөөхөндөө муу нөлөө үзүүлж байгаа ч ирээдүйд эерэг нөлөө үзүүлэх нь. Худалдааны дайнаас болж урд хөршийн хүнд үйлдвэрийн салбарт нэлээд өөрчлөлт өрнөж эхэлжээ. Тэд үрэлгэн, том үйлдвэрүүдээсээ татгалзаж цомхон хэрнээ хүчин чадал сайтай, өндөр технологийн, байгальд ээлтэй үйлдвэрүүдэд анхаараад эхэлчихэж. Энэ бодлого 2025 он хүртэл эрчтэй хэрэгжих гэнэ.

Эцсийн дүндээ эдийн засаг нь үр ашигтай болж, эерэг нөлөө нь гангийн үйлдвэрт ирэх аж. Өөрөөр хэлбэл коксжих нүүрсний эрэлт өнөөдрийнхөөс ч өсөх юм байна. Манай улсын хувьд эскпортоос олдог валютынхаа 40 хувийг коксжих нүүрсээ борлуулж худалддаг. Тэр утгаараа Америк, Хятадын худалдааны дайн Монголын коксжих нүүрсний экспортод том боломж авчрах нь.

Хятад улс коксжих нүүрснийхээ хэрэглээний 10 гаруй хувийг Монгол, Австрали, ОХУ, Индонези, Канад, Америкаас импортолдог. Импортын коксжих нүүрснийх нь гол хоёр өрсөлдөгч Австрали, Монгол. Манай улс гэхэд л урд хөршийн коксжих нүүрсний импортын 42 хувийг эзэлж байна.

Үлдсэн цөөхөн хувь дээр өрсөлддөг улсуудаас ОХУ хүчтэй ялгарч эхэлсэн нь “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” их хурлаас анзаарагджээ. Хятадын зах зээл дэх Оросын коксжих нүүрсний экспортын нөлөө зургаан хувийг давжээ. Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Хятад улс коксжих нүүрсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Гэхдээ тодорхой хэсгээ гаднаас импортолдог нь хэд хэдэн шалтгаантай гэж би хувьдаа харж байгаа.

Нэгдүгээрт, коксжих нүүрсний хангамжаа найдвартай байлгах үүднээс тэгдэг болов уу. Хоёрдугаарт, үнийн савлагааг тохируулах нэмэлт эх үүсвэр гэж хардаг байх. Гуравдугаарт, импортын өндөр чанарын коксжих нүүрсийг дотоодынхоо бага чанартай нүүрстэй хольж хэрэглэх замаар уурхайнуудаа дэмжих сонирхол анзаарагддаг. Ер нь ямар ч супер үйлдвэрлэгч улс тодорхой хэмжээний хэрэгцээгээ импортоор хангах бодлого барьдаг. Хятадын коксжих нүүрсний импорт тэр жамаар л явж байгаа” хэмээн бодлоо хуваалцлаа.

Урд хөршийн коксжих нүүрсний импортын зах зээлд ОХУ хүчтэй тоглогч болж орж ирж байгаа тухай өмнө онцолсон. Алсдаа Хятадын коксжих нүүрсний импорт дээр Монгол, Австрали, ОХУ гэсэн гурвал голлож өрсөлдөх таамаг давамгайлж байгаа аж. Хойд хөршийн нүүрс олборлолтын 75 хувь нь Кемерово мужид төвлөрдөг. Тэндээс Восточный, Находка боомт хүртэл 5000 км зайтай. Ийм хол зайд нүүрсээ тээвэрлээд зарна гэдэг бүтэхгүй санаа гэсэн тайлбар дуулддаг. Хойд хөрш ийм шалтгаанаар Якутын коксжих нүүрсний ордыг ашиглаж, эргэлтэд оруулах яриа үүсгээд олон жил болж байна. Якутад нүүрс олборлогчдоос хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай “Колмар” компани эрчтэй яваа аж. Бээжинд болсон хурлын үеэр Оросын тал энэ төслийнхөө явцыг танилцуулжээ.

“Колмар” компани баяжуулах үйлдвэрээ барьчихсан, уурхайгаа нээчихсэн, нүүрс олборлолтоо эхлүүлчихсэн яваа гэнэ. Өнгөрсөн жил 4.6 сая тонн коксжих нүүрс олборлосон статистик гарчээ. Нүүрснийх нь чанарын үзүүлэлтэд энэ салбарынхан “супер” гэсэн үнэлгээ өгөөд байна. Маш сайн дэгдэмхий бодистой, кокстой барьцалдах чанар, уян давхаргын зузаан гэх мэт үзүүлэлтүүдээрээ гойд, байгалиасаа бага үнслэгтэй аж. Үйлдвэрүүд нь өндөр технологи руу шилжиж буй Хятадын хувьд импортын коксжих нүүрсэндээ өндөр шаардлага тавина гэсэн мэдэгдэл хийгээд байгаа. Урд хөршийн энэ шаардлагыг бүрэн хангахуйц нүүрсийг “Колмар” компанийнхан их хэмжээгээр экспортлоход бараг л бэлэн болчихож. “Колмар” хүчин чадлаа хоёр үе шаттайгаар нэмнэ гэж төлөвлөжээ. Эхний ээлжинд 12 сая тонн, дараа нь жилдээ 24 сая тонныг экспортолно гэж дуугарчээ. Сонирхуулж хэлэхэд тус компани далайн эрэг дээр өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар нүүрс ачиж буулгах терминал барьж эхэлснээ Бээжингийн хурлын индрээс зарласан аж.

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас “Оросын компани Хятадын коксжих нүүрсний импортын зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болох нь манайд сөргөөр нөлөөлөх үү” гэж асуухад тэрээр “Хятадын коксжих нүүрсний импортын зах зээл дээрх Монголын орон зайг оросууд эзэлнэ, булааж авна гэсэн ойлголт байхгүй.

Учир нь Монголын үндсэн зах зээл бол Хятадын баруун хойд хэсэг. Оросоос Хятадын баруун хойд хэсэг хүртэл нүүрс тээх боломжгүй. Тээврийн зардал том асуудал болно. Тэгэхээр Оросын тухайд манайтай гэхээс илүү Австрали, Индонезитэй өрсөлдөнө. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрлэлийн төвлөрөл баруун хойш шилжиж байгаа. Шилжилт явагдаж дуусахад далайгаар ирсэн нүүрсийг төв рүүгээ зөөх асуудал гарна. Энэ талаас нь харвал Оросын компаниуд яваандаа Монголын нүүрсний бялуунаас хуваалцана” гэсэн хариу өглөө.

Ж.ЗОЛЖАРГАЛ: МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ БУУРАХГҮЙ

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцсанаа хүргэе.


-Коксжих нүүрсийг онцолсон бээжингийн хурлын онцлог нь юу байв?

-Сонирхолтой нь нүүрсний хурал гэсэн хэдий ч дэлхийн болон Хятадын эдийн засгийн байдлыг эхлээд ярьсан. Үл хөдлөх барилгын салбар, дэд бүтцийн бүтээн байгуулалт, машин механизм, хүнд үйлдвэр, усан онгоцны үйлдвэрлэл ямар байх нь эдийн засгийн өнгөөс хамаардаг. Энэ бүхэн сайн бол гангийн, цементийн хэрэглээ өндөр байна. Ган, цементын тухайд хоёулаа нүүрс ашигладаг. Гангийн хэрэглээнээс коксын хэрэглээ, коксоосоо коксжих нүүрсний хэрэглээ шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл нүүрсний зах зээлд дэлхийн эдийн засгийн байдал нөлөөлдөг. Тэр утгаараа эхлээд эдийн засгийн байдлыг хөндөж ярьсан нь онцлог санагдсан.

-Өнөө жил дэлхийн, тэр дундаа хятадын эдийн засаг ямар байх нь вэ?

-2019 онд дэлхийн эдийн засаг бага хэмжээний боловч тогтвортой өснө гэсэн таамаг гарчээ. Энэ өсөлтийг дагаад Хятадын эдийн засаг 6-6.5 хувийн өсөлттэй байх юм билээ.

-Хятадын гангийн хэрэглээ өсөх буурахаас коксжих нүүрсний импорт өсөх эсэх хамаарна. гангийн хэрэглээ нь өсөх зураг анзаарагдав уу?

-Үл хөдлөх, барилгын салбар нь харьцангуй удаан, бага өсөлттэй гэсэн таамаг голлож байна. Гэхдээ том хэмжээний дэд бүтцийн байгууламжуудын бүтээн байгуулалтууд өрнөхөөр анзаарагдлаа. Жишээ нь төмөр зам, авто замын том төслүүдийг дурдаж болж байна. Зүүн өмнөд хэсгээрээ далайн боомтууд усан тээвэр, цахилгаан станцууд, баруун хойд талаараа нефть хийн шугам хоолойн бүтээн байгуулалт өрнөх юм билээ. Энэ мэт мэдээллээс харахад гангийн хэрэглээ буурахгүй өсөх нь тодорхой харагдлаа. Сая дурддаг дэд бүтцийн төслүүд, Хятадын дотоодынх нь орон нутгийн засгийн хөрөнгө оруулалттай хийх төслүүдийн хэмжээ гэхэд л 2.1 их наяд юаниар хэмжигдэж байна.

-Энэ жил төлөвлөсөн төслүүдийнх нь мөнгөн дүн үү?

-Тийм ээ, энэ онд төлөвлөсөн төслүүдийнх. 2.1 их наяд юанийн дэд бүтцийн төсөл хэрэгжинэ гэдэг чинь ган хэрэглэнэ гэсэн үг. Таны асуусанчлан коксжих нүүрсний хэрэглээ тэр хэрээр өснө. Үүнээс гадна урд хөрш “Бүс ба зам” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хятадын удирдагчид улсынхаа эдийн засгийн өсөлтийн удаашрал, илүүдэл хүчин чадлаа гадагш гаргах зорилгоор ийм санаачилга гаргасан. Өөрөөр хэлбэл “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд хилийн чанадад бүтээн байгуулалтууд өрнөнө. Мэдээж Хятаддаа үйлдвэрлэсэн гангаа хэрэглэнэ. Энэ бол коксжих нүүрсний хэрэглээ өсөх бас нэг том шалтгаан.

-Коксын үйлдвэрүүдээ төв хэсгээсээ баруун хойд бүс рүү шилжүүлж эхэлсэн юм байна. Тэгэхээр манай коксжих нүүрсний экспортод таатай боломж гарч ирэх нь ээ?

-Коксын үйлдвэрүүдийн хувьд Хятадын төв болон зүүн өмнөд хэсгийн үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа зогсоогоод, баруун хойд руугаа шилжих, төвлөрөх хандлага анзаарагдаж эхэлсэн байна. Энэ бол Монголын хувьд урт хугацаандаа эерэг дохио. Монголын коксжих нүүрсийг хэрэглэдэг том үйлдвэрүүд нэмэгдэнэ гэсэн үг. Хятад улс өнгөрсөн жил цөөнгүй коксын үйлдвэрүүдийг хаасан. Хүчин чадлын илүүдэл гэсэн шалтгаанаар хаасан юм. Гэхдээ багасгаж, байхгүй болгосон гэж ойлгож болохгүй. Хооронд нь нэгтгэж том болгоод тоог нь цөөлсөн. Бүр тодруулж хэлбэл байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь багасгаж эдийн засгийн үр ашгийг нь сайжруулж байгаа хэрэг л дээ. Энэ өөрчлөлтийг дагаад түүхий эдэд тавигдах шаардлага нь өсч байна. Хэрэглээ нь өсөх хэрээр өндөр чанарын гангийн хэрэгцээ дагаад өснө. Өндөр чанарын ган хийхийн тулд өндөр технологи ашиглаж таарна. Өндөр технологи ашиглахаар сайн чанарын коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ. Ийм шалтгаанаар гадаадаас авч байгаа коксжих нүүрсэнд тавигдах шаардлага нь улам чангарч байна. Жишээ нь, хуучин худалдааны гэрээнүүд дээр үнслэг нь 10-11 хувь гэж тавьдаг байсан бол одоо 10-аас ихгүй байх ёстой гэж байна. Нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээ 1.1-1.4 гэж байсан бол одоо 0.7-гоос бага байх шаардлага үүссэн. Энэ өнцгөөс харвал Монголын сайн чанарын коксжих нүүрсний хэрэглээ буурахгүй. Хятад коксжих нүүрсний олон уурхайтай. Зарим нь их гүнээс олборлодог, үнслэгийн агуулга өндөртэй гэсэн асуудал бий. Тэгэхээр Монголоос сайн чанарын коксжих нүүрсийг арай бага үнээр аваад хэрэглэх нь ашигтай тусна л даа.

-Тэгвэл нүүрсээ илүү чанаржуулахын тулд баяжуулах шаардлага байгаа гэж ойлголоо…?

-Яг тийм. Нүүрсний чанараа сайжруулахгүй бол үнэ хүргэж өрсөлдөхөд хэцүү. Нүүрсний чанарыг сайжруулахын тулд баяжуулах хэрэгтэй. Өнөөдрийнх шиг сайн нүүрсээ сорчилж гаргаад байвал алсдаа зарагдахгүй нүүрсэндээ дарагдаад үлдэх эрсдэлтэй. Ингээд харахаар нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг хүссэн хүсээгүй барих цаг нь болчихсон.

-Хятад хуучин уурхайнуудаа хааж байгаа. Шинээр уурхай ажиллуулах тал дээр ямар бодлого барьж байгаа бол?

-Сонирхолтой нь Хятадад хуучин уурхайгаа хааж эхэлсэн ч нөгөө талаас шинэ уурхайнууд ашиглалтад орж байна. Үр ашиг муутай хуучны үйлдвэрүүдээ зогсоогоод илүү өндөр технологитой шинэ уурхайнууддаа хөрөнгө оруулж байгаа гэсэн үг.

-“Монгол нүүрс” ассоциацийн хувьд гол зах зээлтэйгээ хэрхэн хамтарч ажиллах зургаа гаргачихсан байх…?

-Ассоциацийн хувьд Хятадын бодлогыг сайн ойлгож хамтарч ажиллах шаардлага байна. Хятадын нүүрсний үндэсний ассоциаци, Нүүрсний тээвэрлэлт түгээлтийн ассоциаци гэх мэт байгууллагуудын удирдах төвшний хүмүүстэй уулзаж мэдээлэл солилцож хамтарч ажиллах талаар ярилцсан.

-Нүүрсээ тээх төмөр замын тухайд таны байр суурийг сонирхъё?

-Төмөр зам барих хэрэгтэй. Өргөн, нарийн, урагшаа, зүүн тийшээ байна уу хамаа алга, ямар ч байсан барих хэрэгтэй. Хийх л шаардлагатай байна. Нүүрсний тээврийн тухайд хүнд даацын бетон замууд байж болно.

-Худалдааны дайн австралиас хятад руу хийх нүүрсний экспортод нөлөөлж байгаа. энэ талаар Хятадын тал тодорхой тайлбар хэлж байна уу?

-Австрали улс жилд 250-иад сая тонн нүүрс экспортолдог. Тодорхой хэмжээг нь Хятад руу гаргадаг. Хятадын зүгээс хил гаалийн шалган энэ тэртэй холбоотой гэсэн тайлбар хэлж байна лээ. Яг үндсэн шалтгаан нь Америктай эхлүүлсэн худалдааны зөрчил гэсэн тайлбар бий ч албан ёсоор тийм тайлбар хэлдэггүй л дээ. Эндээс анзаарахад Хятадын худалдаа улс төрийн нөлөөтэй нь тод харагддаг. Яг нарийндаа ямар ч улсын худалдаа ингэж явдаг. Тэгэхээр улс төрийн харилцаа сайн байж том бизнес явна гэсэн үг. Австралчуудад тийм байх ёстой гэж хичээл зааж байгаа улс жижигхэн Монголд заах нь тодорхой. Мэдээж бид хамаг юмаа хэлүүлээд заалгаад явна гэж юу байхав. Гэхдээ бидэнд экспортын гол орлогыг маань өгдөг хүмүүсийн хүсэл юу болохыг нь судалж, яаж наймаа хийдгийг нь сонирхож, хэрхэн тоглодгийг анзаарч, тэгж ойлгосны үндсэн дээр өөртөө ашигтай шийдэл санал болгож ажиллах талд анхаарах л хэрэгтэй.