Categories
мэдээ нийгэм

Гурван автомашин тутмын нэг нь техникийн шаардлага хангахгүй байна

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийж ажилласан.

Шалгалтыг Нийслэлийн Мэргэжилийн хяналтын газрын Автотээврийн хяналтын байцаагч, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтэн, оношлогч инженерүүдтэй хамтран 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан ба шалгалтад замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их болон дунд багтаамжийн 229 автобус, Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хамрагдлаа.

Нийтийн тээврийн чиглэлээр:

Нийслэлийн Тээврийн газрын тээврийн хэрэгслийн “Бүртгэлийн сан”-гаас үзэхэд нийт 18 аж ахуй нэгж байгууллага /төрийн-2, хувийн өмчийн-16/-ын 1147 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн дундаж насжилт 8.9 жил байна. Ажлын өдөрт 934 автобус үйлчилгээнд ажиллаж, 600.0 мянга /давхардсан тоогоор/ гаруй зорчигч тээвэрлэж байна.

Шалгалтад хамрагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн 229 автобусыг шугам замд нь зогсоож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хяналтын үзлэгийн явуулын төвөөр утааны тортогжилтын хэмжээг “Дизель хөдөлгүүртэй автомашин. Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5014:2009 стандартад заасан шаардлагын дагуу шалгахад 67 автобусны утааны тортогжилтын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, 162 /70.7%/ нь хөдөлгүүрээс ялгарч буй утааны тортогжилтын хэмжээ хэвийн хэмжээнд байсан.

Шалгалтын явцад автобусны утааны тортогжилтын хэмжээ их тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийг хангуулан ажилласан ба Зөрчлийн тухай хуульд заасны дагуу агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг хөдөлгөөнт эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан, тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж ажиллаагүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээг ногдууллаа.

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын чиглэлээр:

Автотээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл зэргийг шалгасан.

Энэ шалгалтаар илт өнгө үзэмж муутай, оврын гэрэл өөр өнгийн гэрэл суурилуулсан, ойрын гэрэл, холын гэрэл асахгүй болсон, тоормосны гэрэл, оврын гэрэл анивчдаг гэрэлтэй, нэмэлтээр гэрэлтүүлэх хэрэгсэл суурилуулсан зэрэг нийт 4492 зөрчлийг илрүүлсэн ба техникийн үзлэгт хамрагдаагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зөрчилтэй тээврийн хэрэгсэл дийлэнх хувийг эзэлж байна.

“Бензин хөдөлгүүртэй автомашин–Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013:2009 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд илт утаа их, стандартын шаардлага хангахгүй 127 тээврийн хэрэгслийг илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Техникийн хяналтын үзлэгийн төвд дахин шалгуулах, автотээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Өөрөөр хэлбэл дээрх шалгалтаар замын хөдөлгөөнд оролцож байгаа 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь бүрэн бус, техникийн шаардлага, стандартыг хангахгүй байна гэж үзэж болно.

Түүчнлэн Шалгалтад хамрагдсан нийт аж ахуйн нэгж, иргэд, инженер техникийн ажилтан, жолооч, ажиллагсдад илэрсэн зөрчлийг бүрэн арилгаж, үйл ажиллагаагаа сайжруулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үр дүнтэй зохион байгууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Т.Баясгалан Нансалмаагийн дүрийг бүтээнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг бүтээхээр болжээ.

Тэрбээр СУИС-д магистрантаар суралцаж байгаа тул тус сургуулийнхаа “Оюутан театр”-т дээрх дуурийг маргааш тоглох юм байна.

Ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ХУС-ийн багш Ё.Сарантуяа, ерөнхий удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найрал дууны удирдаачаар ХУС-ийн багш Д.Оюунхишиг, туслах найруулагчаар гавьяат жүжигчин М.Болд, бүжиг дэглээчээр БУС-ийн багш П.Нармандах, туслах удирдаачаар ХУС-ийн оюутан О.Сэтгэ нар ажиллах аж.

Categories
гадаад мэдээ

Шри Ланкийн халдлагыг Исламын улс бүлэглэл үйлджээ

Шри Ланка улсад ням гаригт террорист халдлага болж, зочид буудал, Христийн сүмүүдэд амиа золиослогчид бөмбөг дэлбэлсний улмаас 321 хүний амь үрэгдэж, 500 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ. Тэгвэл Христийн шашинтнуудыг онилсон энэхүү харгис халдлагыг Исламын улс террорист бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

Тус улсын цагдаагийн байгууллагаас Исламын шашны хэт үзэлтэн хоёр бүлэглэл үйлдсэн байж магадгүй гээд өнгөрсөн сард Шинэ Зеландад болсон 50 хүний аминд хүрсэн халдлагын өшөө авалт гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Шинэ Зеланд улсад болсон зэвсэгт халдлагыг Австрали гаралтай арьс өнгөний үзэлтэн этгээд үйлдсэн бөгөөд Исламын хоёр сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүс рүү гал нээн 50 хүнийг хөнөөж, мөн тооны хүнийг шархдуулсан юм.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун ОХУ-д очоод хамгийн түрүүнд өвөөгийнхөө байшингаар зочилжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Приморийн хязгаарын төмөр замын буудалд лхагва гарагийн өглөө ирсэн байна. Тэрбээр Орос-Солонгосын Найрамдлын ордон буюу “Ким Ир Сений байшин”-д зочлохоор саатсан тухай Хасан өртөөний ажилтан ТАСС агентлагт мэдээлжээ.

“Ким Жөн Уныг үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүд орос заншлаар талх, давс барин, угтан авсан. Тэрбээр Ким Ир Сений байшинд зочилсон” гэж өртөөний ажилтан мэдээлжээ.

Хасан дүүргийн Думын депутат Наталья Карповагийн мэдээлснээр, өртөөн дээр БНАСАУ-ын удирдагчийг Алс Дорнод болон Арктикийн асуудал эрхэлсэн ОХУ-ын сайд Александр Козлов, Приморийн хязгаар дахь БНАСАУ-ын Ерөнхий консул Зо Сек Чор нар угтан авсан байна.

“Ким Ир Сений байшин” гэж нэрлэдэг модон байшинг 1986 онд ОХУ болон БНАСАУ-ын хилийн бүсэд “Хасан” хилийн боомтын ойролцоо барьжээ. Уг байшинг Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен ЗХУ-д хүрэлцэн ирж буйд хүндэтгэл үзүүлэн барьсан аж. Ким Ир Сен мөн галт тэргээр айлчилж байсан юм. Түүний замд унтлагын, ариун цэврийн, зочны болон гал тогооны өрөө бүхий унтаж, амарч болох хэд хэдэн ийм жижиг байшинг барьжээ. Ким Жөн Ир ОХУ-д айлчлах үеэрээ эдгээр байшинд зочилж байсан байна.

Байшинд жижиг музей байгуулсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 12-нд түймэрт бүрэн сүйдэж, жилийн дараа гэхэд сэргээн засжээ.

БНАСАУ-ын удирдагчийн галт тэрэг Хасан өртөөнөөс хөдөлсөн байна. Галт тэрэг “Цоохор ирвэсийн нутаг” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дагуух төмөр замын шугамаар Приморийн хязгаарын өмнөд нутагт оршдог томоохон хот болох Уссурийскийн өртөө рүү явна. Хасанаас Уссурийск хүртэл 260 км зайтай бөгөөд галт тэрэг дунджаар долоон цагийн дотор туулна. Галт тэрэг Уссурийск өртөөн дээр ирснийхээ дараа Транссибирийн төмөр замын салаагаар Владивостокт очно. Энэ хэсэг 70 гаруй км бөгөөд Ким Жөн Уны галт тэрэг ойролцоогоор хоёр цаг явах аж.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулж хэвших ёстой

Онцгой байдлын ерөнхий газар өнөөдөр нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 1990 оноос хойш 29 жилийн дараа хийж байгаа энэ сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв.

Энэ удаагийн иж бүрэн сургууль нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг нь гарахаас нь өмнө урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Гамшиг тохиолдсоны дараа эрсдэлийг бууруулна гэж ярих нь оройтсон хэрэг. Иймд иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн амь нас, эд хөрөнгөө, бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцах шаардлагатай. Хэдийгээр төсөв мөнгөний хүндрэл байгаа ч иргэдийнхээ амь нас, амьдралтай холбоотой энэ асуудлыг шийдэхийн төлөө бүх шатандаа хичээж, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхийн төлөө онцгой анхаарна гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, өнгөрсөн 10 жилд 260 мянган удаа газар хөдөлсөн байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдөлж байсан бол 2013 онд энэ тоо 10 дахин өсчээ. 2019 оны эхний гурван сарын байдлаар 261 удаа газар хөдлөлт болсон нь 2018 оны эхний гурван сартай харьцуулахад 70 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Маргааш буюу 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07 цагаас 09 цаг 30 минутын хооронд Улаанбаатар хотын машин техникийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, 08 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Энэ хугацаанд газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ард иргэдийг аюулгүй цэг, талбайд шилжүүлэх зэрэг дадлага, сургууль хийх юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны баг хуралдлаа

Аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны Монгол-Оросын Ажлын багийн анхдугаар хуралдаан энэ сарын 22-ны өдөр Москва хотноо боллоо.

Хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Х.Наранхүү, Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, Оросын талаас Ажлын багийн Оросын хэсгийн дарга, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов тэргүүтэй төлөөлөгчид оролцож хоёр орны аж үйлдвэр, боловсрол, худалдааны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар санал солилцсон юм.

Тодруулбал, агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэр, гангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг хоёр орны төлөөлөгчид онцлов. Түүнчлэн Монголын боловсролын тогтолцоонд Оросын боловсролын тоон шийдлийг нэвтрүүлэх, ашиглах боломж, Монголын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо нээх эрх зүйн орчны талаар хэлэлцсэн юм.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов, “Хоёр орны аж үйлдвэр, худалдааны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар мэдээлэл солилцсон чухал, ажил хэрэгч, найрсаг хурал болсныг тэмдэглэсэн юм. Тэрбээр ирэх 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохиох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит 22 дугаар хуралдаанд биечлэн оролцохоо илэрхийлэв.

Хуралдааны үеэр, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх саналтай Оросын компаниудын зарим төлөөлөлтэй манай төлөөлөгчид уулзаж, ажил хэргийн холбоо тогтоов.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үед цугларах 111 аюулгүйн талбайн байршил

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Гуравдугаар шат 2019.04.25-нд явагдах бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах юм. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн жагсаалтыг хүргэж байна.

Жич: Хорооны дугаар нь жагсаалтад хороо иргэд өөрт ойр байх аюулгүйн байршилд очно.

Categories
мэдээ улс-төр

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оржээ.

Хууль анх батлагдаж байсан 1999 онд улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсөж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32.100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.

Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсрулсан байна.

Хуулийн төсөлд:

– ачаа, зорчигч тээвэрлэлт, зорчигчийн болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, нийтийн зорчигч тээврийн төлбөрийн цахим систем, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд;

– авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалт;

– авто тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, улсын бүртгэлд бүртгүүлэх, хасуулах, бүртгэлийн дугаарын тэмдгийн үйлдвэрлэл, үйлчилгээ;

– салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;

– мэдээллийн нэгдсэн сан, салбарын удирдлага, зохицуулалт, авто тээврийн харилцаанд оролцогч талууд, төрийн байгууллагуудын эрх, үүрэг;

– авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

– авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;

– авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт зэрэг олон чухал харилцааг шинэчлэн тусгажээ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хуулийн төсөл өргөн барих үеэрээ “Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд автомашины улсын дугаарыг өөрчлөх гэж байна гэдэг яриа бол цуурхал. Бид ачаа, зорчигч тээвэрт тавигдах шаардлагыг сайжруулж, иргэдэд ая тухтай, аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх зэргээр авто тээврийн салбарыг орчин үеийн дэлхий нийтийн жишиг, хандлагад нийцүүлэх зорилгоор энэхүү хуулийн өөрчлөлтийг хийж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс архи, согтууруулах ундаа хориотой

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нийслэлийн хэмжээнд эхэллээ. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захирамжаар энэ зохицуулалтыг хийж буй бөгөөд 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглож байна.

Categories
мэдээ спорт

Ө.Батзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод болж байна. Эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс 97 кг-ийн жинд ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль хүртлээ. Манай бөх шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагдлаа.

Ө.Батзул 2017 онд Азийн аваргад анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байгаа юм байна.