Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Танхимын команд штабын дадлагаар үргэлжилж байна

Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсон. Харин одоо Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д үргэлжилж байна.

Танхимын команд штабын дадлага сургуульд УИХ-ын Тамгын газар, ОБЕГ, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна НҮБ-ын байгууллагын суурин төлөөлөгч тэргүүтэй гамшгийн эрсдэл тохиолдсон үед онцгой нөхцөлд ажиллах иргэний нийгмийн байгууллагуудаас хүндэт зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Танхимын команд штабын дадлага сургуулийг нээж хэлсэн үгэндээ, “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн томоохон голомтууд идэвхжиж, их, бага хэмжээний чичирхийлэл байнга мэдрэгдэх болсон. Тиймээс бүх нийтээрээ гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл, дадалтай болж, бэлэн байдлыг хангаж хэвших нь нэн чухал болоод байна. Бүх шатны төрийн захиргааны байгууллага болон ААН-үүд, цэргийн албан хаагчид өнөөдрийн команд штабын сургуульд оролцож байна. Газар хөдлөлтийн үед нүүлгэн шилжүүлэх, хээрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, гамшгийн аюулд бэлэн байх зэрэг ажлыг энэ өдрүүдэд өндөр зохион байгуулалтын дор явуулна. Төгсгөлд нь төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа дүгнэх, үр дүнг нэгтгэх юм. Монгол Улс хэлтэй, хилтэй, хуультай. Тиймээс хүн бүр иргэнийхээ үүргийг биелүүлж гамшгаас хамгаалах сургуульд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Сүүлийн сар гаруйн хугацаанд бид энэ сургуулийг зохион байгуулахад ач холбогдол өгч, үр дүнтэй байлгахын тулд ихээхэн анхаарч ажиллалаа. Мөн иргэд, олон нийтийг өргөнөөр татан оролцуулахын тулд нийслэлийн хэмжээнд 116 байгууллага, ААН-үүдийн бэлтгэл ажлыг хангалаа. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах мэргэжлийн ангийн хүч бололцоог бодит нөхцөл байдалд хэрхэн зөв төлөвлөж, хуваарилж, зохион байгуулж, харилцан уялдаа холбоотой ажиллуулах тухай болон гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлыг дээшлүүлэхэд энэ сургуулийн гол зорилго оршиж байна. Энэ хүрээнд олон ажлыг гурав хоногийн хугацаанд хийнэ. Бид цаашдаа энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, гамшгаас хамгаалах чиглэлээр тодорхой төсөв мөнгийг нийслэлийн төсөвт суулгадаг болно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, өглөө Сүхбаатарын талбайд нийт бие бүрэлдэхүүн бүрэн жагслаа. Одоо Танхимын команд штабын дадлага сургуульд Улаанбаатар хотод дайчилгаатай бүх байгууллага, дээрээс нь нийслэлийн бүх удирдлагууд, тусгай бие бүрэлдэхүүн хамрагдаж байна. Энэ мөчөөс эхлээд хэдэн ч цаг минутад ямар ч цаг үеийн байдал зарлагдсан даван туулахад бэлэн байх зэрэглэлтэйгээр ажиллаж байна” гэв.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль яг одоо ерөнхий цагийн байдлын I чиглэлийн хүрээнд дадлага сургуульд оролцогч байгууллагууд цагийн байдлыг илтгэхэд бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Каратегийн аварга Н.Нэмүнийг “Шилдэг хүүхэд” медалиар шагналаа

Япон улсын нийслэл Токио хотноо болсон “Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн”-д долоон настай бяцхан тамирчин Н.Нэмүн аваргалсан билээ.

Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх Н.Нэмүнийг хүлээн авч уулзаж, “Шилдэг хүүхэд” медалиар шагнасан байна.

О.Алтансүх “Н.Нэмүн хүү шиг хүүхэд олон байгаасай. Сүүлийн үед монгол хүүхдүүдийн амжилт маш их сайжирч байгаа нь бахархалтай байна. Каратегийн спортоор хичээллэдэг хүүхдүүд даруухан, зөв төлөвшилтэй хүүхэд болж хүмүүждэг. Энэ жил гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс “Найрамдал” зуслангийн нэг ээлжинд дан гоц авьяастай, үе тэнгийн найзуудаа манлайлдаг хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн. Н.Нэмүн хүү бас яваарай” гэлээ.


Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай төсөл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

Өнгөрсөн долоо хоногт мөн л тус байнгын хорооны ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаан хойшилсон юм.

Categories
мэдээ спорт

Монгол охидын шигшээ баг олон улсын тэмцээнээс хожил авлаа

Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны охидын шигшээ баг Тажикстаны шигшээ багтай /2019.04.23/ тоглож 3:0-ээр илүүрхэн хожлоо. Охидын шигшээ багийн ахлагч Т.Ундрал тоглолт эхлээд ердѳѳ 13 минут өнгөрч байхад Т.Лорагийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг гоол болгож, багтаа тэргүүллийг авч ирсэн. Дараагийн оноог Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ болон 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Э.Энхмаргад авж, тооны харьцааг 2:0 болгон холдуулжээ.

Охидын шигшээ баг япон дасгалжуулагч Рио Наоко Кавамотогийн удирдлага дор Бангладеш улсад “Bangamata U19 Womens International Gold Cup 2019” тэмцээнд анх удаа оролцож ийнхүү амжилт үзүүллээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Каннын кино наадамд дараахь бүтээлүүд өрсөлдөнө

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөрт тооцогддог Каннын кино наадам энэ жил тавдугаар сарын 14-25-ны хооронд зохион байгуулагдана. 72 дахь удаагийн Каннын кино наадамд дэлхийн шилдэг арт найруулагчид чуулж буй нь кино сонирхогчдын анхаарлыг татаад байгаа. Энэ жилийн нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн “Үхдэлүүд үхдэггүй” (The Dead Don’t Die) кино шалгарчээ.

Наадмын өрсөлдөөнт хэсгийн ерөнхий шүүгчээр Мексикийн алдарт кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту ажиллах юм байна. Энэ төрөлд олон орны нийт 18 кино сонгогдсон. Найруулагч Бон Жүн О- “Шимэгч” (Parasite), Терренс Малик- Нуугдмал амьдрал (A Hidden Life), Педро Альмодовар- Өвдөлт ба бахдал (Pain & Glory), Жим Жармуш- Үхдэлүүд үхдэггүй (The Dead Don’t Die) зэрэг кинонууд сонгогджээ.

Энэ жилийн тухайд найруулагч Бон Жүн О үзэгч, өрсөлдөгчдийн анхаарлын төвд байгаа юм. Тэр бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай триллер киноны мастер билээ. Түүний “Эх” (Mother), “Аллагын дурсамж” (Memories of Murder) кинонууд хамгийн алдартайд тооцогддог.

Мөн сонирхуулахад, Францын шинэ давалгааны үеийн гол найруулагч, дэлхийн кино урлагийн нэгэн тод эмэгтэй найруулагч Аньес Варда таалал төгсөөд удаагүй байгаа билээ. Эрхэм найруулагч эмэгтэйд хүндэтгэл үзүүлэн 27 насандаа түүний хийсэн “La Pointe-Courte” киноны зураг авалтын үеийн гэрэл зургийг 2019 оны Каннын наадмын постер зургаа болгон сонгожээ.

Categories
мэдээ улс-төр

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслөө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлан, мөрдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг хүртэж чадахгүй, төрөөс оюуны өмчийг дэмжих нэгдсэн зохицуулалтгүй, оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийгтодорхойлсон хууль байхгүй. Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөж байгаа хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй аж. Тухайлбал, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм. Тиймээс Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөлд:

-оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг;

-оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүрэг;

-оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;

-оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл баталснаар:

– Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болно;

– Оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болно;

– Оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ;

– Төрөөс үзүүлэх дэмжлэг илүү тодорхой болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ спорт

Маргааш найман боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна.

Уг тэмцээнд Монголын тамирчдаас хүрэл медалийн болзол хангаад маргааш буюу 25-нд мөнгөн медалийн төлөө өрсөлдөхөөр найман боксчин шалгараад байна.

Ийнхүү уншигч танаа дараах тамирчдын оноолтыг танилцуулья.

Эмэгтэй

48 кг Б.Мөнгөнсаран- GABUCO Josie /PHI/
54 кг М.Нандинцэцэг- Shi QIAN /CHN/
60 кг М.Намуун- WU Shih-Yi /TPE/
+81 кг Э.Ундрам- NGVYEN Thi Phvong /VIE/

Эрэгтэй

56 кг Х.Энхамар- BISHI Kavinder Sinh /IND/
60 кг Э.Цэндбаатар- RAHIMIV Shakurjon
/UZB/
64 кг Б.Чинзориг- ALKASBEH Obada Muhammed Mustafa /JOR /
81 кг Н.Шинэбаяр- MARVIN John Nobel
/PHI/

Categories
мэдээ нийгэм

Л.Элдэв-Очир:Ирэх онд ноолуурын ханшийг буулгахгүй байх бодлого барих хэрэгтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, С.Жавхлан, А.Сүхбат нар өчигдөр ХХААХҮЯ-нд ажиллаж, газар, хэлтсийн дарга нартай уулзан, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэсэн ажлуудын тайлан мэдээтэй танилцав.

Сүүлийн таван жилд малын тоо толгой тогтмол нэмэгдсэн бөгөөд үүнийг дагаад малын гаралтай бүтээгдэхүүн төрөл бүрээр өсжээ. Тухайлбал, 2018 онд 93 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Газар тариалангийн бүтээгдэхүүн ч мөн өсөлттэй байгаагийн дотор улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаж буй талаар газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулгадаа онцолсон.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилогдсоноосоо хойш авч хэрэгжүүлж байгаа зарим ажлынхаа тухай мэдээлэл өгөхдөө “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2019 онд хийх эрх зүйн шинэчлэлд нэн түрүүнд Бэлчээрийн тухай хууль хүлээгдэж байна. 20 гаруй жил ярьж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас бэлчээр цөлжиж, үлийн цагаан оготно огцом нэмэгдэж, бэлчээрийн доройтол эмзэг асуудал боллоо. Харин тариалангийн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг энэ парламент хэлэлцэн батална гэдэгт итгэж байна” гэв.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Бэлчээрийн тухай хуулийг батлах цаг болсон. Энэ асуудлаар байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ажиллана” гэлээ. Мөн “Энэ жил ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Тиймээс ирэх онд ноолуурын ханшийг буулгахгүй байх бодлого барих хэрэгтэй” хэмээн сануулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Шилийн богд ууланд бөө нар гал алджээ

Төрийн тахилгат Шилийн богд ууланд энэ сарын 22-нд бөө нар гал алдсаны улмаас түймэр гарч тус ууланд суулгасан таримал сакура зэрэг мод, өвс шатсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 60 км зайд орших эл ууланд гарсан түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авхуулалгүй унтраасан байна. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Улаанбаатар хотоос очсон, нэг машинтай таван хүн бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан гэнэ. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Дарьганга сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800, өргөн нь 400 м талбайг хамарсан түймэр гарсныг унтраан шалгаж байна. Гал тавьсан байж болзошгүй хэмээн таван хүнийг саатууллаа” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн ДАШТ-ээс Б.Эрдэнэбаяр, Г.Отгонбаатар нар мөнгөн медаль хүртлээ

Жюү жицүгийн Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас есөн тамирчин барилдсанаас хоёр тамирчин мөнгөн медалийн эзэд болов.

АНЭУ-ын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн ДАШТ-ий мастерс гурван ангиллын хөх бүсний 94 кг-д Гаруда академийн Барбаатарын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ.