Categories
мэдээ нийгэм

Суулга одтой, хар луу өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 25, Бархасвадь гариг. Билгийн тооллын 21, Суулга одтой, хар луу өдөр. Өдрийн наран 5:46 цагт мандан, 19:55 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 07.00-.09.30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх удаа зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ.

Тодруулбал Өнөөдөр 07.00-.09.30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах ажиллагааг НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахдаа автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлийн зуны хуваарийг мөрдөх аж. Шаардлага гарвал тойргийг тэлэх юм.

Зуны бүсчлэлд Геологийн төв лабораторийн уулзвар, Саппорогийн тойрог, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвар, Долоон буудлын арын цагдаагийн пост, Цайз захын уулзвар, ХСИСургууль, ХААИС-ийн уулзвар, Их тэнгэрийн уулзвар, Яармагийн гүүрээс дотогш хүрээг хамруулдаг. Ингэснээр Саппоро, Их тойруу, 100 айл, Зүүн дөрвөн зам, Тэмээтэй хөшөө орчмоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн үг юм.

Тэгэхээр Таваншард амьдардаг иргэн 22-ын товчоо, Баянхошуу, Нисэх, Сонсголон руу ажилдаа автомашинаараа явж болно. Харин МУИС-т сурдаг оюутан автомашинтай хичээлдээ ирэх боломжгүй. Гэхдээ өглөөний 07.00 цагаас өмнө автомашинаа унаж ажил, хичээлдээ явах эрх хүн бүхэнд бий.

Мөн Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг 07.00-09.30 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрээс Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх – (1990/03/01-03/05-ны өдрийн тэмдэглэл)-ийг уншаарай.

“УИХ-ынгишүүн Д.Эрдэнэбат: С.Зоригийг хөнөөсөн хэргийг “Эрдэнэт”-тэй холбоотой гэж боддог” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт ярилаа.

“УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Алга болсон охины ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө өгүүлсэн” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Америк бол эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг эрх чөлөөгүй газар” хэмээн “Аяны дөрөө мултлахуй” нүүрт бичжээ.

“Дохиогоор нэгдэж, мэдлэгтэй буцсан газар хөдлөлтийн “шалгалт”” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлэв.

“Долоон албан хаагч ХОМ-ээ зөрчилтэй ирүүлсэн нь тогтоогджээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичсэн байна.

“Эв нэгдэлтэй ангийнхан” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“МУИС-ийн ХЗС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (S.J.D), дэд профессор А.Бямбажаргал: Үндсэн хууль өөрчлөгдвөл Монгол Улс тэр чигээрээ хөдлөхөөр харагдаж байна” гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“,Ким нарын уулзалт өндөрлөв” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалангийн “аниа” Хотын орлогч хэвээр үлдлээ

Д.Мөнхжаргал зурган илэрцүүдХолбоотой Зураг

Арваад хоногийн өмнө, амралтын өдрүүдээр зуслангийн байшингууд өдөр дараалан шатаад сүйд хийсэн. Тэр үеэр Гоодойн аманд хэдэн айлын зуслангийн байшин шатаж байх үед Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал гэдэг эмэгтэй сэлфи хийж цахим сүлжээнд тавьсан.

Тэрбээр зурагныхаа тайлбар болгож “Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж эхэлсэн болно” гэж бичсэн байв. Энэ нь олны дургүйцлийг төрүүлж хэдэн хоногийн турш “трэнд” болсон байдаг. НЗДТГ-аас Д.Мөнхжаргалын энэ үйлдэлд хариуцлагын асуудал яригдах байх гэсэн мэдээллийг өгч байлаа.

Гэхдээ тэр Хотын орлогч хэвээрээ үлдэв. Д.Мөнхжаргалыг “иймхэн үндэслэл”-ээр Хотын орлогчоос чөлөөлөх ч боломжгүй юм байна. Учир юу гэвэл Д.Мөнхжаргалыг Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч болгосон хүн нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан юм байна. Энэ хоёр хүн маш нарийн холбоотой аж. Гэхдээ буруугаар ойлгох хэрэггүй. Д.Амарбаясгалан нь Д.Мөнхжаргалаас найман насаар дүү юм. Тэрхүү нарийн холбоо нь Говь-Алтай аймаг ажээ. Д.Амарбаясгалан Тайшир сумынх, Д.Мөнхжаргал нь Халиун сумынх юм байна. Эгч дүү хоёр хоёулаа НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Тиймээс НИТХ-д ч Д.Амарбаясгалан нутгийн “аниа”-гаа нэлээд өргөсөн. Тэрээр Д.Мөнхжаргалыг НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга болгосон гэдэг.

Д.Мөнхжаргал ч нутгийн дүүгийнхээ ачийг яаж хариулахаа мэднэ. НИТХ дээр болдог ямар ч асуудалд Д.Амарбаясгалангийн ард байдаг “асаалттай танк”-нуудын нэг болж иржээ. Д.Амарбаясгалан ирэх 2020 оны сонгуульд Говь-Алтайдаа нэр дэвших гээд тойргоо “услаад” эхэлсэн. Тэр ажилд нь ч Д.Мөнхжаргал ханцуй шамлан орохоор ажиллаж эхэлсэн байна. Ийм учир шалтгаантай учраас Д.Амарбаясгалангийн “аниа” Д.Мөнхжаргал Хотын орлогч хэвээр үлдсэн байгаа юм.

Ө.Бааст

Эх сурвалж: http://unuudur.mn

Categories
мэдээ нийгэм

Маргааш хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөв

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөх гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цуглах дадлага маргааш хийнэ. Энэ хүрээнд 07.00-09.30 цагийн хооронд нийслэлээс орох, гарах болон зарим замын хөдөлгөөнийг хаах юм.

Тодруулбал, Саппоро төвийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэлх буюу Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруугийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Харин дээрх бүсчлэлээс гарах чиглэлийн хөдөлгөөнийг зөвшөөрнө. Тээврийн цагдаагийн албанаас зам нээх үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулж, хянаж ажиллана. Мөн үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ

Хакүход сануулга өгч, багшийнх нь цалинг 10 хувиар хасчээ

Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Хаврын башёд түрүүлж, ярилцлага өгөхдөө Сүмогийн ордонд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл өнөөдөр /2019.04.24/ Сүмо бөхийн холбооноос түүнд сануулга өгч, дэвжээний багш Мияагино ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийтгэл оноосон байна.

Энэхүү шийтгэл нь Сүмо бөхийн холбооны хамгийн хөнгөн шийтгэл бөгөөд уламжлалт ёс заншлаа хадгалахын тулд зүгээр өнгөрөөж боломгүй үйлдэл хэмээн үзсэн учир ийнхүү шийтгэсэн хэмээжээ. Мөн Мияагино ояакатагийн хувьд шавиа сайн хүмүүжүүлээгүй учир илүү шийтгэл оноосноо тайлбарласан байна.

Categories
мэдээ спорт

Ц.Анударь “Токио-2020” олимпын эрх авлаа

БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа буудлага спортын Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрх авлаа.

Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг ийнхүү Ц.Анударь авч байгаа аж. Тэрбээр 1997 онд төрсөн, 22 настай бөгөөд өсвөрийн болон залуучуудын ангилалд олон улсын тэмцээнд оролцож амжилт нь ахисаар 2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болжээ.

Ц.Анударь энэ удаагийн “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд зургадугаар байрт шалгарсан боловч түүний өмнөх нэгээс дөрөвдүгээр байрыг эзэлсэн тамирчид Токиогийн олимпын эрхээ авчихсан учраас Токиог зорих эрхтэй болжээ. “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын иргэн сугалаагаар 768 сая доллар хожжээ

АНУ-ын 44 муж улсад зохион байгуулагддаг Powerball хонжворт сугалааны ээлжит азтан өчигдөр ил гарч, шагналаа авчээ.

Уисконсин мужийн иргэн, 24 настай Мануэл Франко гэгч нь 768 сая ам.доллар хожсон аж. Тэрээр Америкийн сугалааны түүхэнд бичигдэх гурав дахь том азтан болж байна. өмнө 2016 онд Powerball сугалаанаас 1.6 тэрбум долларын хонжворыг Калифорни, Флорида, Теннесийн иргэд хуваан хүртэхээр болсон нь АНУ-ын төдийгүй дэлхийн түүхэнд дээд амжилт болж байв. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Mega Millions сугалаанаас Өмнөд Каролинагийн иргэн 1.5 тэрбум доллар хожиж хоёрт бичигдэх амжилтыг үзүүлсэн юм.

Гуравдугаар сарын 27-ны өдөр хотын захын шатахуун түгээгүүрээс худалдаж авсан тасалбар нь түүнийг саятан болгожээ. Тохирлыг зарлах үед Франко өөрт байсан бүх тасалбарыг тулгаж үзсэн ч аз таараагүй байсан гэнэ.

Харин нэг тасалбар шалгагдалгүй өөр тасалбарын ард наалдаж үлдсэнийг сүүлд олжээ. Тасалбарын эхний хоёр орон таарч, цаашлаад үлдсэн гурван орон таарах үед галзуурсан мэт болж, зүрхний цохилт нь түргэсэн, хашхирч эхэлснээ Франко хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Азтан болсноосоо хоёр өдрийн дараа тэр ажил хийх ямар ч хүсэлгүй болсон тул ажлаасаа гарсан гэнэ.

Одоо Франко мөнгө гуйж ирэх хүмүүст хэрхэн татгалзсан хариу өгөх талаар бэлдэж байгаа хэмээн хошигнон ярьжээ. Гэхдээ тэр хонжвороосоо буяны үйлсэд хандив өргөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Уисконсин мужийн хуулиар сугалаанд хожсон хүн нэрээ нууцлах боломжгүй байдаг аж.

Түүнд азын тасалбар зарсан шатахуун түгээгүүрийн газар журмын дагуу 100,000 долларыг шагнал болгон авах юм байна.

Франкод одоо хоёр сонголт бий. Тэр бүх 768 сая доллараа 29 жилийн хугацаанд тэнцүү хуваан авч болно. Эсвэл нэг дор бөөнд нь авах юм. Нэг дор авбал гар дээр нь 477 сая нь ирэх гэнэ.

Сугалаанд хожсон хүмүүс бараг бүгд нэг дор авахыг илүүд үздэг ажээ. Нэг дор хонжвороо авсан тохиолдолд Франко 38 саяын татвар төлөхийг Уисконсин мужийн татварын алба тооцоолсон байна. Харин цувуулж авбал эхний жилээ 11 саяыг төлж, жил бүр төлсөн татвар нь 2048 онд нийтдээ 47 сая доллар болж хуримтлагдах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Өнөөдөр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос “Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс “Улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцаа чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол Улсын “ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ”-ийг сэргээх талаарх онол практикийн мэдлэгээ солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн тодотгов.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэд ажилладаг 30 шахам төрийн бус байгууллага нэгдэж энэхүү “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг байгуулжээ. Байгуулагдсан даруйдаа Төрийн ордноо анхдугаар хурлаа зохион байгуулж, тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгож томилсон юм. Уг байгууллагын эрхэм зорилгыг “Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэхэд оршино” хэмээн тодорхойлж, нийгэм, ирээдүй хойч үедээ чиглэсэн ажил, үйлчилгээгээ ийнхүү эхлүүлээд байгаа юм. Эх орныхоо дархан хилийн манаанд зогсох хүндтэй үүргийг ухамсарт амьдралынхаа зорилго болгосон ахмад хилчид, харь оронд дайн самууны хүнд нөхцөлд төр улсынхаа даалгаврын биелүүлэн энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэсэн дайчид, хүн ардынхаа амар амгалан амьдралын төлөө амь биеэ үл хайрлан үүргээ үнэнчээр биелүүлсэн онцгой байдал, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын асар их хүчийг ард түмэн болоод ирээдүй хойч, залуу үеийнхэндээ эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхээр “МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ажилласаар байна.

“ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ” хэлэлцүүлгийг Удирдлагын академ, ШУА-ын Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Шинжлэх ухааны сургууль, Монголын дипломатын Академи зэрэг олон байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш 07.00-09.30 дараах автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлана

Улаанбаатар хотод 2019.04.24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш буюу 2019.04.25-ны өдрийн 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд дараах автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнд: Саппоро төвийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэлх буюу Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруугийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах бөгөөд уг бүсчлэлээс гарах чиглэлийн хөдөлгөөнийг зөвшөөрөх юм.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна