Categories
мэдээ нийгэм

Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн өмсгөл ФИБА-гийн музейд тавигдахаар болжээ

Дэлхийн сагсан бөмбөгийн супер одууд, Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/ -ны Алдрын танхимын гишүүдийн хэрэглэж байсан үзмэрүүдтэй хамт Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн өмсгөл ФИБА-гийн музейд тавигдахаар болжээ. ОУСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманн агсны нэрэмжит тэмцээн, хүндэтгэлийн ёслолд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл баасан гарагт /2019.04.26/ оролцсон байна. Швейцарь Улсын Женев хотноо байрлах ФИБА-гийн төв оффист байрлах музейд 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монгол Улсын үндэсний шигшээ багийн өмсгөлийг байрлуулах болсныг уг ёслолын үеэр мэдэгджээ. Энэ оны ДАШТ-д оролцох Монголын шигшээ баг, дасгалжуулагч С.Тулгын хамт зургадугаар сард Женев хотноо ФИБА-гийн төв оффист зочлон, өөрсдийн гарын үсэг бүхий өмсгөлөө музейд өгөх юм.

Categories
мэдээ улс-төр

Казахстантай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээ хийж байна

Монгол Улс болон Бүгд найрамдах Казахстан улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах гуравдугаар шатны хэлэлцээ энэ сарын 24-26-нд тус улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яаманд болж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд 1993 оны аравдугаар 22-нд Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж байжээ. Энэхүү хэлэлцээр нь 2015 оны есдүгээр сарын 18-нд дуусгавар болсон байна. Тиймээс хэлэлцээрийг шинэчлэх ажлын хүрээнд ажлын хэсэг гарч, ийнхүү шат шатны хэлэлцээрийг зохион байгуулж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдөр энэ сарын 30-нд тохионо

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж, бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Бямбажаргал: Үндсэн хууль өөрчлөгдвөл Монгол Улс тэр чигээрээ хөдлөхөөр харагдаж байна

МУИС-ийн ХЗС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (S.J.D), дэд профессор А.Бямбажаргал өчигдөр Монголын эдийн засагчдын клубынханд “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөл, сорилт, шийдэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.


Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэд хэдэн шалтгаантай. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн заалт тусгасан. Энэ бол улс төрийн шалтгаан нь. Сүүлийн гурван парламент дамжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зорилготой ажлын хэсэг тодорхой хэмжээнд ажилласан гэх хоёр дахь шалтгаан бий. Өнөөдөр өрнөж буй процессийг үүний үргэлжлэл гэж харж болохоор юм шиг. Ер нь яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүсчихсэн.

Сүүлд ярьж буй өөрчлөлт ямар хүрээг хамарч байгаа тал даар товч мэдээлэл өгье. Агуулгын хувьд зургаан асуудлыг шууд хамарч байгаа. УИХ-тай холбоотой бараг арав, гүйцэтгэх эрх мэдэлтэй хамаатай дөрөв, шүүх эрх мэдэлд харьяалагдах хоёр, нутгийн удирдлагад хамааруулах дөрвөн зүйл байна. Улс төрийн намтай холбоотой нэг зүйл шинээр орж ирсэн. Сүүлийнх нь Үндсэн хуулийн Цэцтэй хамаатай хоёр зүйл. Одоо яригдаж буй байдлаар бол Үндсэн хуулийн 23 хувьд өөрчлөлт оруулах санал гарсан. 24 хувиас дээш болчихвол өөрчлөлт биш, шинэчилсэн найруулга болно. Ингээд харахаар өөрчлөлт хийх саналуудыг тултал нь гаргасан гэсэн үг.

Үндсэн хуульд зааснаар бол УИХ тодорхой сонгогчдыг төлөөлдөггүй. Нийт улсыг төлөөлдөг чөлөөт мандатын тогтолцоотой. Гэхдээ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж болох үндэслэлийг оруулъя гэсэн зүйл яриад байгаа. Шинжлэх ухааны тайлбаргүйгээр орж ирж буй асуудал бол нас нэмэх. 35 гэсэн нас гаргаж ирсэн. Монгол Улсад 034 насны хоёр сая 39 мянган хүн байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын гуравны хоёр нь энэ насныхан. Ингээд харахаар төлөөллийн хувьд эргэлзээ бий. Шинжлэх ухааны үндэслэлтэй, заавал хийх ёстой гэхээсээ илүү улс төрийн шалтгаантай, нийгмийн хүлээлт гэсэн үүднээс орж ирж буй өөрчлөлт гэвэл багагүй асуудал байгаа. Сонгодог хоёр жишээг нь би сая дурдлаа. УИХ тарах гэсэн зохицуулалт бий. Өмнө нь огт байгаагүй зохицуулалт. Өнөөгийн Үндсэн хуулиар бол УИХ хоёр тохиолдолд тарж байгаа.

Нэгдүгээрт УИХ өөрөө тарах, хоёрдугаарт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг тодорхой хугацаанд томилж чадаагүй бол УИХ тарах нөхцөл үүснэ. Одооны яригдаж буй хувилбараар бол УИХ өөрөө тарж болно. Хоёрдугаарт Ерөнхийлөгч хоёр тохиолдолд УИХыг тарааж болно гэж байгаа. Анхдугаар чуулган хуралдаж эхлээд Ерөнхий сайдыг томилох хугацаа 45 хоног, энэ хугацаанд томилж чадахгүй бол шууд тараана гэсэн заалт бий. Хоёр дахь нь шинэ Ерөнхий сайд томилогдох гэсэн нөхцөл байна. Ерөнхий сайд огцорч шинэ Засгийн газар үүсэх шаардлага бүрдсэн тохиолдолд хэрэглэх заалт. 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгчийн санаачилгааар УИХ тарна. Германы Үндсэн хууль иймэрхүү шахалтуудтай. Засгаа заавал бүрдүүл, эсвэл УИХ тар гэсэн зарчим тэнд үйлчилдэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол асуудал руу оръё. УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж, Засгийн газарт илүү урт хугацаанд ажиллах бололцоог олгоё гэсэн зорилт тавьж байгаа. Нийгмийн хувьд хүлээлттэй асуудлын нэг л дээ. УИХ Засгийн газрын гишүүн нэг бүрээр танхимыг томилдгоос татгалзъя, Ерөнхий сайдыг багаа бүрдүүлдэг эрхтэй болгоё гэдэг зарчим руу орох яриа өрнөж байна.

Ингэвэл намын лидер хүссэн хүсээгүй Ерөнхий сайд руугаа явна. Засгийн газар төсвийн төслөө боловсруулаад ороод ирэхээр гишүүд тойргийнх байх асуудлаас гарна. Өөрөөр хэлбэл Засгийн газар мөнгөө ч, бодлогоо ч мэдэг гэдэг зохицуулалтууд орж ирсэн. Үүнтэй зэрэгцэж гарч ирэх нэг аюул бий. Ерөнхий сайд хэнд ч дийлдэхгүй нөхөр болж гараад ирэх эрсдэлтэй. Яах аргагүй тэгдэг. Хүчтэй Ерөнхий сайд хуульд ч дийлдэггүй, улс төрийн ямар нэг байдалд зохицдоггүй нөхөр болоод хувирчихвал өнөөгийнхөөс ямар ялгаатай юм бэ гэсэн эргэлзээ бий. Үүнийг шийдэх механизм дэлхийд байгаа. Хоёр төрлийн хяналт байдаг. Нэгдүгээрт парламентын, хоёрдугаарт, шүүхийн хяналт. Энэ хоёр хяналт зэрэг хэрэгжихгүй бол юунд ч дийлдэхгүй Ерөнхий сайд гарч ирэх аюултай. Аль нэг фракц, компани, бүлэглэлийн Ерөнхий сайд болчихвол аюул нь өндөр. Ерөнхий сайдыг хянахын тулд Парламентын хянан шалгах хороо гэж байгуулна. Манайд шинэ зүйл. Ийм соёл угаасаа байхгүй. Ажлын хэсэг байгуулчихдаг, байгуулсан ажлын хэсэг нь юу руу ч орж болдог, шүүх дээр яваа маргааныг татаж аваад улстөржүүлдэг соёлтой байгаа өнөөгийн нөхцөлд үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг санаа зовохоос аргагүй асуудал. Гэхдээ парламентын хянан шалгах хороо ажиллаж байж Ерөнхий сайд, Засгийн газрыг хянадаг механизм бүрдэх юм билээ.

УИХ-тай холбоотойгоор сонгуулийн тогтолцоог нь оруулж өгвөл ямар вэ гэсэн асуудал бас байна. Нэг сонирхолтой нь шинэчилсэн найруулгаар хамгийн олон удаа батлагдсан хууль бол Сонгуулийн хууль. Хугацааны хувьд дандаа сонгууль болохын өмнөх жилийн арванхоёрдугаар сарын сүүлээр баталсан байж таардаг. Хамгийн сүүлийн хууль 2016 оны сонгуулийн өмнө батлагдсан. Сонгуулийн тухай хууль нь таалагдахгүй болоод ирэнгүүт Үндсэн хуулийн Цэцийг татаж оруулж ирээд өөрчилчихсөн. Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр тохиолдолд Монгол Улс цаашид холимог болон пропорцианал сонгуулийн тогтолцоог хэрэглэх ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар нэг хэлбэрээр хууль гараад ирлээ гэхэд ҮХЦ агуулгыг нь дахиж сэргээлээ гээд хүчингүй болгочих эрсдэлтэй. Сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд шинэчилсэн найруулга юм уу, өөрчлөлт хийж болохгүй гэдэг заалтыг тусгах гэж байна. Европын комиссоос энэ заалтыг нэлээд зөвлөсөн байдаг юм. Гэхдээ яг энэ чигээрээ батлагдах эсэх нь эргэлзээтэй.

Сая дурдсан асуудлууд өнгөн талдаа УИХ-тай хамаатай мэт боловч маш олон зүйлийг хамарч байгаа. Ингээд харахаар яг үнэндээ Үндсэн хуулийн 70 орчим хувийг хүссэн хүсээгүй өөрчилж байна. Агуулгын хувьд нэлээд өөрчлөлт орж байна гэсэн үг. Косметик хагалгаа гэж ярьж байгаа. Яг нарийндаа тийм биш л дээ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд гурван эрх мэдлийг бүгдийг нь хамарч байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэц, нутгийн удирдлагатай холбоотой асуудал гэхээр Монгол Улс тэр чигээрээ хөдлөх нэмэлт өөрчлөлт харагдаад байгаа юм.

Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоод байгаа бол асуудал бол Ерөнхий сайд танхимаа мэдэх тухай зарчим. Хоёр дахь зүйл бол конструктив механизм. Энэ механизмын гол арга зам бол маш тодорхой. Одоогийн Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа бол дараагийнх нь хэн байх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл дараагийн Ерөнхий сайдын томилгоог одоогийн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлтэй хамт өргөн барих өөрчлөлт хийгдэнэ. Товчхондоо Ерөнхий сайд огцронгуут дараагийнх нь шууд томилогдоно гэсэн үг. Хоёрдугаарт олонхид шийдвэр гаргахад нь туслах хэрэгтэй болж байгаа юм.

Зориуд оруулсан нэг зүйл бий. Тогтоолын төсөл өргөн барьсаны дараа гурав хоноод “Арван хоногийн дотор наадахаа шийд” гэсэн хугацаагаар шахна гэсэн яриа хөөрөө өрнөж байгаа. Улстөрчдийг шахах зорилготой өөрчлөлт. Гурав хоног гэдэг хугацаа нь цаанаа учиртай. Бодох бололцоо олгох хугацаа юм. Улс төрөө хийж хийчихээд “За маргааш юм уу, өнөө орой баталъя” гэхгүйгээр гурав хоног пауз авна гэсэн үг. Германд нэлээд сайн хэрэглэдэг механизм. Өргөн бариад гурав хоносны дараа хэлэлцэж эхэлнэ гэж ойлгож болно. Хэлэлцэж эхэлсэн өдрөөс хойш арван хоногийн дотор хэлэлцэж дуус гэсэн шаардлага тавьдаг. Дөрөвний нэг гэдгийг нь хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл 19 гишүүн огцруулах төсөл санаачилж болно. Өөрөөр хэлбэл олонх дотор цөөнх байна. Цөөнхтэй нийлээд Засгийн газар байгуулах боломжийг олгож байгаа юм. Тодруулж тайлбарлавал сонгуулийн үр дүнд бүрдсэн олонх дотроо цөөнхтэй болчихож болно. Тэр цөөнх нь сонгуулийн үр дүнд бий болсон цөөнхтэй нийлээд ахиад шинэ Засгийн газар байгуулах бололцоо гарч ирнэ. Ерөөсөө олонхын дэмжлэг авч чадаагүй Засгийн газар цаашаа явахгүй гэж шахдаг тогтолцоо.

Дараагийн гол асуудал давхар дээлтэй холбоотой. Давхар дээл гэдэг үг бараг хууль зүйн нэр томьёо болж хувирсан. Үүн дээр дөрвөн гишүүн гэсэн хязгаарлалт тогтоож өгч байгаа. Өөрөөр хэлбэл дөрвөн гишүүнээс бусад нь давхар дээлтэй байхгүй гэдгийг хуульчилна гэсэн үг. 1992 онд Үндсэн хууль баталж байхад хоёр сая 200 мянга орчим хүн байсан шиг байгаа юм. Нэг мандат 28 мянган орчим хүнийг төлөөлж байлаа. Одоо бол эсрэгээрээ, нэг мандат 42 мянган хүн төлөөлдөг. Төлөөлөх чадвар харьцангуй суларч яваа.

Шүүх эрх мэдэлд нийгмийн уур амьсгалтай холбоотойгоор бас нэг асуудал орж байгаа. Зарчмын гол өөрчлөлт гэвэл Ерөнхийлөгч шүүгчийг татгалзах эрхгүйгээр томилох гэж байгаа. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарч ирсэн нэрийг Үндсэн хуульд зааснаас бусад шалтгаанаар татгалзаж болохгүй. Шууд томилно гэсэн үг. Хоёрдугаарт, Дээд шүүхийн шүүгчтэй холбоотойгоор шүүгчийн насыг нэмье гэсэн санаа ажлын хэсгийнхнээс хүчтэй гарч байгаа. Яг бодитой үндэслэл нь юу вэ гэхээр хэлэхэд түвэгтэй. Хүний нөөц, дундаж наслалт яах вэ гэдэг олон зүйлтэй холбоод үзвэл ярих, эргэж харах зүйл бий. Гэхдээ нийгмийн хүлээлт, шүүгчийн хариуцлагын асуудал маш чухал, амьдралаа ч авч явж чадахгүй байж хүний хувь заяаг шийднэ гэж юу байхав гэх мэт талаас нь харсан шүүгчийн насны асуудал УИХ-д ороод ирчихсэн байгаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийг өнөөдрийнхөөс харьцангуй өөрчлөх санал орж ирсэн. Арван гишүүний бүрэлдэхүүнтэй, тал нь парламентаас нэр дэвшинэ. Гэхдээ хэн дуртай нь болохгүй гэсэн санаа бий. Тодорхой шалгууруудтай. Тийм учраас хүссэн иргэн орох боломжгүй. Үлдсэн таван гишүүнийг шүүгчид өөрсдөө сонгоно. Ингэж сонгогдсоны дараа дотроосоо даргаа томилно. Тэгэхээр шүүгчийг сонгох гэдэг бол Шүүхийн ерөнхий зөвлөл рүү 100 хувь шилжчихэж байгаа юм. Ерөнхийлөгчийн тухайд бүрэн эрх олгох зарлиг гаргах байдлаар л оролцоно.

Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэж шинэ институци орж ирж байгаа. Есөн гишүүнтэй. Гурав гурваараа өөр, өөр байдлаар зургаан жилийн хугацаатай томилогдоно. Гол санаа бол одоогоор тодорхойгүй байгаа шүүгчид хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх. Ийм санаанд тулгуурлаж орж ирж байгаа өөрчлөлт.

Орон нутгийн удирдлагатай холбоотой орж буй өөрчлөлтөөс нэг асуудлыг нь онцолъё. Өнгөрсөн гурван парламент дамжин тасралтгүй өргөн баригдсан зүйл бол засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, тэр дундаа Дархан, Эрдэнэтийн асуудал. Хот байх уу, үгүй гэдэг асуудал гурван УИХ дарааллан өргөн баригдсан юм билээ. Яг бодит байдал дээр харахаар засаг захиргааны нэгж гэдэг ойлголтоо бид хэр сайн мэдэж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Одоогийн нөхцөлөөр бол ний нуугүй хэлэхэд шууд нэрлэж заах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт Дархан, Эрдэнэтийн асуудлыг шийдэх гээд бүхэл бүтэн тогтолцоогоо эвдэж болохгүй гэсэн үүднээс дараагийн нэг хувилбарыг санал болгоод байгаа. Хот засаг захиргааны нэгж байж болно, гэхдээ түүнийг нь УИХ шийднэ гэсэн гарц.

Орон нутгийн хувьд бас нэг гол өөрчлөлт бий. Түвэгтэй ч гэлээ хэрэгтэй өөрчлөлт. Орон нутагт улстөржилтийг багасгана гэдэг. Харьцангуй суурин соёлтой улсын тухайд орон нутгийн ашиг сонирхол нь төрийн ашиг сонирхлоос ялгагдчихсан байдаг учраас тийм амархан хувирч хөдөлдөггүй юм байна л даа. Манайд бол түвэгтэй. Энэ удаа сум дүүргийг үндсэн нэгж гэж нэрлэнэ гэсэн өөрчлөлт орж ирж байгаа. Үндсэн нэгж төсвөө мэддэг, өмчтэй байх ёстой, энэ эрхүүдийг нь тодруулаад өгчихье гэсэн санаа яваа. Сонгуулийн тухайд зөвхөн дүүрэг, сумын иргэдийн хурал дээр л явагдана. Дараагийнх нь төлөөллийн зарчмаар гарч ирнэ гэсэн санаа бий. Дараагийн ярих өөрчлөлт сая хэлсэнтэй зөрчилдөнө. Төсөл санаачлагчид Засаг даргыг шууд сонгоё гэж байгаа. Дэлхийд нийтлэг ажиллагддаг нэг төвөгтай асуудал бол “мэр”-ийн асуудал. Энэ хоёр нь зэрэг сонгогдоод аль нь бодлогоо хэрэгжүүлэх вэ гэсэн тулаан өрнөдөг улс байхгүй юм байна л даа. Манай хувилбар бол үүнийг тулгаад байгаа. Энгийнээр хэлбэл Засаг дарга нэг мөрийн хөтөлбөр дэвшүүлээд гараад ирчихсэн. Хурал нэг мөрийн хөтөлбөр дэвшүүлээд гараад ирчихсэн. Энэ хоёр зөрчилдвөл аль нь хэний бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдэг рүү орох асуудал үүсэх эрсдэл байдаг.

Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Алт тушаалт 48 хувиар буурчээ

Төв банк энэ сарын 24-ний байдлаар 1.6 тонн алт худалдан авсан нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буурчээ.Үүнийг Төв банкны зүгээс алтны татвартай холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж , алтны татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор буурсан гэж тайлбарлаж байна.

Монголбанк өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ онд 21 тонн алт худалдан авахаар төлөвлөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар алтны ханш 108,541.54 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

“Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд, залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлажээ. Цаашид энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

“Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /X-XII/ сурагчид оролцох боломжтой.

Эссэнд тавигдах шаардлага

  • Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;
  • Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх;
  • Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх;
  • Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх;
  • Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх.

Хэлбэрийн шаардлага:

  • Хуудасны тоо 2-3 нүүр;
  • Цаасны хэмжээ: А4, цаасны дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15мм;
  • Үсгийн фонт: Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5;
  • Эссэний нүүрэнд овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх.

Уралдааныг дүгнэх, шалгаруулах

Уралдаанд ирүүлсэн эссэг зохион байгуулах Комисс агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шалгаруулах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүнг зарлана. Шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас (www.gia.gov.mn)-аар олон нийтэд сурталчилна.

Шагнал урамшуулал:

I байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

II байр: 700,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

III байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч),

Шагналт байр: Тус бүр 100,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (6 сурагч)

Уралдаанд ирүүлэх эссэг 2019 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 1730 цаг хүртэл хугацаанд essay@gia.gov.mn хаягаар хүлээж авна. Мөн Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээж авах байранд биечлэн ирж, өгөх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Аюушсүрэн: Одоогоор Монголд устаж үгүй болсон, генийн өөрчлөлтөд орсон загас тэмдэглэгдээгүй байна


Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Гидробиологийн загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэнтэй ярилцлаа.


-Загас нь биологийн талаасаа ямар онцлогтой амьтан бэ. Шинжлэх ухааны тодорхойлолт нь юу гэж байдаг юм?

-Загас нь усанд амьдардаг сээр нуруутан амьтан. Тэд заламгайгаар амьсгалдаг. Нуруу, цээжний болон хэвлийн хос сэлүүрүүдтэй. Бие нь хайрсаар хучигдсан. Загас усан орчинд бэлэн болсон органик бодис ургамал болон амьтнаар хооллодог.

-Манай оронд хичнээн төрөл зүйлийн загас байдаг вэ. Тэрэн дундаа ховор ямар ямар загас байдаг юм бол?

-Монгол орон далай тэнгисээс алслагдмал, Ази тивийн төв хэсэгт оршдог. Манай орны нуур, голууд Умард мөсөн далайн, Номхон далайн, төв Азийн гадагш урсгалгүй гэсэн гурван ай савд хамрагддаг. Ай сав бүрт амьдрах усны амьтан, ургамлын зүйлийн бүрдэл өөр хоорондоо ялгаатай. Монгол орны нуур, голуудад найман баг, 15 овгийн 47 төрөлд хамрагдах 79 зүйл загас амьдардаг. Монгол оронд ховор буюу Улаан номонд орсон шивэр хилэм, хар мөрний хилэм, тул, омуль, шаргал үхэрдэй, зантаахай, номхон далайн могор зэрэг зүйлүүд бий.

-Сүүлийн үед ургамал, амьтны генийн бүтцэд өөрчлөлт орж зарим нь устаж үгүй болж байна гэдэг. Үүнтэй адил устаж байгаа загас байгаа юу?

-Өнөөгийн байдлаар Монгол оронд устаж үгүй болсон, генийн өөрчлөлтөд орсон загас тэмдэглэгдээгүй байна. Гэхдээ хилэм загас маш их ховордсон юм.

-Танай хүрээлэнгээс загасны чиглэлд ямар судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа вэ. Сүүлийн үеийн ажлаасаа сонирхуулж болох уу?

-Гидробиологи загас судлалын лаборатори Монгол орны нуур голуудын хөвөгч болон ёроолын амьтан, ургамал, загасны судалгааг хийдэг. Усанд загас, шавьж, элдэв зөөлөн биетэн дун, хорхой, хясаа, усны ургамал түүнчлэн энгийн нүдэнд харагддагүй нэг эст амьтан, замаг зэрэг маш олон төрөл, зүйлийн амьд биес усны гүний ёроолын хурдас, чулуу, элс, хайрга, наанги, лаг шавар болон хөвд, элдэв ургамал, хагдарч унасан мод, усны гүн хэсэг, өнгөн гадаргуугаар тархан амьдардаг. Эдгээрийг салган нэг амьтныг нь судлах боломжгүй, усан орчны биологийг бүхэлд нь судлах шаардлага гардаг. Тухайлбал, манай орны судлаачид, ОХУ-ын загас, гидробиологийн судлаачидтай хамтран сүүлийн жилүүдэд баригдаад байгаа Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын нуур үүсэх гидробиологийн процесс, говийн нууруудын усны хэмжээний хэлбэлзлээс хамаарах загас, усны амьтны биологийн үзүүлэлтүүдийн судалгааг хийж байна. Цаашид Монгол орны нуур голын загас, усны амьтны судалгааг өргөжүүлэн хийх нь тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Иймд манай лаборатори 2019 оноос Өгий нуурын амьтан, ургамал, загасны тархац, нөөцийг тогтоох судалгааг эхлүүлээд байна.

-Саяхан УИХ-ын гишүүн А. Сүхбат Туул голын загаснууд бүгд эм сүвтэй болсон талаар ярьсан нь анхаарал татсан л даа. Энэ үнэн үү. Тийм зүйлийг та бүхэн мэдээгүй өнгөрнө гэж байхгүй байх?

-Голын аль хэсгээс нь загас барьсан юм бол доо. Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Галттай, Хөл, Улиастай, Сэлбэ, Хар бух, Нэргүй, Намъяа зэрэг олон голуудын бэлчрээс эхлэн Орхон голд цутгах хүртлээ 704 км замыг туулдаг. Үүний 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг. Голыг бүхэлд нь хамарсан эм загас тархах үзэгдэл байж болохгүй юм.

Харин голын тодорхой хэсэгт зарим зүйл загас түрс шахалтын үедээ эхлээд эм загаснууд бөөгнөрч усны ургамал, элс, хайрган дээр түрсээ орхиод түүн дээр нь эр загас сүнгээ шахаж үр тогтдог. Мөн байгаль дээр хэлтэг загасны сүрэгт байнга эм загас давамгайлж байдаг онцлогтой. Түрсээ зөвхөн эм загас анхаарч арчилдаг. Түүгээр ч барахгүй сүргийн бүтцэд эр загасны тоо хэмжээ ихсэх нь тэдгээрийн амьдрах нөхцөл муу байгааг илтгэдэг. Тухайлбал, Амар мөрний савд тархсан мөнгөлөг хэлтэг загасны хүйсийн харьцаанд эр бодгаль 2.3 хувийг эзэлдэг бол Монгол орны хамгийн нам дор газар орших Хөх нуурын мөнгөлөг хэлтгийн сүрэгт эр, эм загасны харьцаа 1:11 байх жишээтэй.

-Нэг нуурын загас бүхэлдээ өвчиллөө гэхэд бүгдийг нь устгадаггүй байх. Нийтээр нь эмчлэх, эдгээх зэрэг арга байдаг уу?

-Монгол орны нуур, голууд нь харьцангуй сэрүүн бүс нутагт хамрагддаг, усны сэлгэлт сайтай зэрэг хүчин зүйлүүдээс хамааран байгалийн нууранд загас өвчлөх тохиолдол харьцангуй бага байдаг. Харин цаашид загасны аж ахуй эрхлэх сонирхол бүхий хүмүүс нэмэгдэж буйтай холбогдуулан хэлэхэд аж ахуйн загасны өвчлөл нь гадны олон оронд маш их гардаг болохыг анхаарч байх нь зүйтэй юм. Загасны аж ахуйн найдвартай ажиллагаа явуулж байх үндсэн нөхцөл нь загасаа өвчлүүлэхгүй байх юм билээ.

-Туул голд хэдэн зүйл загас байдаг юм?

-Манай хүрээлэнгийн судлаачид Туул голын загасны судалгаа хийж арван овгийн арван зургаан зүйл загас амьдарч байгааг илрүүлэн, тэдгээр нь орчин зүйн өөр өөр нөхцөлд бүлгэмдэл үүсгэн тархаж байгааг гаргасан байдаг. Загасны бүлгэмдлийн бүтэц нь усны бохирдолтын түвшинээс ихээхэн хамааралтай. Туул голын эх хэсэг загасны зүйлийн бүрэлдэхүүнээр илүү баялаг бөгөөд энд бохирдолт их биш байгааг гэрчилнэ. Туул голын хамгийн их бохирдсон хэсэгт болох Халдвартын эмнэлэг, Үйлдвэр комбинат, Сонгино цэгээс дээш, доошхи хэсэгт зөвхөн дөрвөн зүйлийн загасны жарамгай тархах бөгөөд энэ нь усны биоценозын бохирдолтын сөрөг нөлөөний илрэл юм.

Өөрөөр хэлбэл урсгал усанд элдэв хорт бодис бүхий бохир ус байнга хаяснаас усны бүлгэмдэл, түүний дотор загасны жарамгайн амьдрах орчин доройтолд орж бодгалийн тоо цөөрч, жигд биш тархалттай болдог. Энэ бүлгэмдэлд орчны нөхцөлд мэдрэмтгий үнэт загаснууд ховордож, агнуурын ач холбогдол багатай, тухайн орчны өөрлөлтөд дасан зохицох чадвар сайтай загаснууд тэдгээрийн орон зайг эзэлж зүйлийн бүрэлдэхүүний бүтэц өөрчлөгдөхөд хүргэдэг байна.

Ус чандмань эрдэнэ гэдэг үгийг монгол хүн бүр мэдэх байх. Гэсэн хэдий ч нуур голын ойролцоо амарч, зугаалах явцдаа хогоо хаях нь хүмүүст энгийн үзэгдэл мэт, таны хаясан хог тэр чигээрээ усанд орж усны амьтан, ургамал бүхэнд хор хөнөөл учруулдгийг санах хэрэгтэй.


Б.БЯМБАСҮРЭН: ЗАГАСНЫ ЭР, ЭМИЙГ ЭНГИЙН ХҮН ХАРААД ТАНИХАД ХЭЦҮҮ

“Тунгалаг Буянт” спорт загасчлалын холбоо болон Монгол хадран спорт загасчлалын клубийн тэргүүн Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Та загасчлалын спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

-Миний хувьд загасчлаад их удаж байгаа. Яг спорт загасчлалаар дөрвөн жил болж байна.

-Загасчдыг хараад байхад хоёр төрөл байдаг юм. Нэг нь барьсан загасаа шараад идчихдэг. Нөгөөх нь барьчихаад буцаагаад тавьдаг. Энэ нь ямар учиртай юм?

-Сүүлийн үед хүн бүхэн загасанд явах дуртай болж уурга барьж гол, нуур руу зүглэдэг болсон. Миний хувьд спорт загасчлалаар хичээллэдэг. Спорт загасчлал гэдэг бол байгальд ээлтэй, барьсан загасаа буцааж тавьдаг, хуулийн хугацаанд нь барьдаг юм.

Гэхдээ шөлний ганц хоёрыг л авна. Зөвхөн кайф буюу мэдрэмж авах гэж л загасчилдаг. Ядаж л хогоо хаяхгүй загасчилдаг төрөл л дөө. Нөгөө нэг хэсэг нь загасыг их хэмжээгээр барьдаг, барьсан загасаа том, багагүй авдаг. Тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэр бүү хэл хориотой үед нь барьдаг, тороор барьдаг, эдийн засгийн сонирхлоор барьдаг хүмүүс их бий. Бид аль болох зөв мэдээлэл өгч, спорт загасчлалыг хөгжүүлэхийг эрмэлздэг.

-Та ямар гол, мөрөнд голчлон дэгээ шиддэг вэ?

-Миний хувьд Ховд аймагт амьдардаг болохоор Буянт гол, уулын жижиг голуудад болон Хар-Ус нууранд голдуу загасчилдаг. Загасчлалын чиглэлээр Сэлэнгэ мөрөн, Хэнтий аймгийн Онон Балжийн гол, Баян-Өлгий аймгийн Хотон хурган нуур, Загаст нуур, мөн тус аймгийн сумдыг дайран урсдаг Ховд гол дагуу загасчилж байсан.

-Иддэггүй загас, барих хориотой загас гэж байдаг байх. Загасчлах хориотой гол, нуур гэж байдаг уу?

-Монгол орны хувьд иддэггүй загас ховор. Бараг бүх загасыг идэж болдог.

Монголын Улаан номонд орсон цэнгэг усны хаан Тул загасыг барихыг хориглосон байдаг. Барьсан ч буцааж тавих хэрэгтэй. Манай баруун аймгийн хувьд Тусгай хамгаалалттай газар загасчлахыг хориглодог.

-Энгийн хүмүүс загасыг хараад ямар нэртэй, ямар онцлогтой загас вэ гэдгийг мэдэхгүй. Загасны эр, эмийг яаж ялгах вэ?

-Монгол оронд олон төрөл, зүйлийн загас байдаг. Загасны эр, эмийг ялгахад жаахан түвэгтэй. Загасчин хүмүүс гэхдээ ялгаж чаддаг. Сэлүүр, сэрвээ, өнгөөр нь ялгаж таньдаг.

-Энгийн хүмүүс тэгвэл мэдэх боломжгүй юм байна, тийм үү?

-Тийм ээ. Гаднаас нь харахад ялгаж танихад хэцүү байдаг.

-Загасчид зарим тохиолдолд усан дотор, эрэг дээр олон цагаар сууж байгаа харагддаг. Ингэж удаан суухад хэцүү юу?

-Загасчид бүтэн өдөржингөө гол дагуу алхаж, голын эрэг дээр бараг амьдардаг. Хобби болохоор ядарснаа мэддэггүй.

-Ер нь гол ус, загас жараахайтай ойр байхын давуу тал нь юу вэ. Загасчлалын спортоор хичээллэснээр хүнд бие болоод сэтгэл зүйн ямар чадвар суудаг вэ?

-Загасчлах нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд маш эерэг нөлөө үзүүлдэг. Өдөржин алхаж, ямар нэгэн зүйл бодолгүй анхаарлаа загасанд хандуулдаг. Байгальдаа ойрхон байж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжил төлөвшилтэй болдог. Стресс тайлж, сэтгэл зүйн болон биеийн тамирын дасгал болдог гэж хэлж болно.

-Дөрөвдүгээр сарын 1-нд загасны хорио эхэлсэн. Зургадугаар сарын 15-нд уг хорио нь дуусна. Ингэж хорьдог нь загасны тоо толгой болоод үржилд анхаарсан хэрэг байх. Манайд энэ хориог хэр сайн мөрддөг вэ. Загасчид бол сайн мөрддөг нь ойлгомжтой байх?

-Манай клуб энэ үеэр холбогдох төрийн байгууллагатай хамтран ухуулга сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулж шторк, постер, тараах материал хийж хамтран ажилладаг.

-Та Монгол хадран спорт загасчлалын клубийн тэргүүн юм байна. Чухам яагаад хадран загасыг ийнхүү онцолж байгаа юм?

-Монгол хадран загас нь зөвхөн баруун аймагт их байдаг. Тэр дундаа Ховд, Буянт голд байдаг болохоор Монгол хадранг онцолсон юм. Ховд аймагт Алтайн сугас, Монгол хадран гэсэн хоёр төрөл зүйлийн загас байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Монгол шар тос гэж юу

Шар тос бол цагаан идээнээс гаргаж авдаг, монголчуудын хүнс болон ахуйн хэрэгцээндээ өргөн хэрэглэдэг уламжлалт тос. Монгол орны ихэнх нутагт өрөмнөөс шар тос гаргаж авдаг бол зарим газарт айргийг түүхий сүүгээр исгэж бүлээд айргийн тосыг нь ялган авч тэрийгээ шаргааж шар тос гаргадаг. Сүүлийн үед хүмүүс шар тосыг ихэд сонирхож, юм юманд сайн гэж хошуурах болсон. Кофендоо хүртэл хутгаж уух шинэ хэв маяг ч гарч ирээд байна. Ер нь зөвхөн шар тос ч гэлтгүй тос гэдэг энэ бодисыг хүмүүст огт хэрэггүй, аль болох татгалз гэх болж, зарим хүмүүс өөх, тосыг хүнсний цэснээсээ хасчихсан. Гэтэл тос нь хүний биед дараахь үүргийг гүйцэтгэдэг юм байна. Эсийн бүтцэд оролцоно, хүний биед илч ялгаруулна, бодисын солилцоонд орно, тосонд уусдаг А, Е, D, К зэрэг амин дэмийг уусгаж бодисын солилцоонд оруулж, хэт халуун, хүйтэнд бие махбодын дулааныг зохицуулна. Мөн дотор эрхтэнүүдийг цохилт, доргилтоос хамгаалдаг ач холбогдолтой.

Монгол эмнэлэгт шар тосыг “Идээний дээд охь манлай” гэж үздэг бөгөөд сударт “Шар тосыг тогтмол идвэл зүрхний тамирыг сайжруулж, уушгины хатингарлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлж, царайд өнгө нэмэн, нүдэнд гэрэл цацруулж, хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй болгоод насан хутгийг олгодог” гэжээ. Шар тосыг шинжлэх ухааны талаас нь судалсан олон судалгаа бий. Сарлагийн шар тосонд агуулагдах тосны хүчлийн найрлагыг хроматографийн аргаар судлахад шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8 хувь, хүний биед үл орлуулагдах тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.54 хувь, ханасан хүчил 48.96 хувь, ханаагүй хүчил 51.04 хувь агуулагдаж байжээ. Ялангуяа хүний биед үл орлуулагдах тосны хүчил илүү агуулдгаараа чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ. Шар тос А, Е, К, D аминдэмүүд, антиоксидантаар маш баялаг. Найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлаа сайжруулдаг бол дээрх аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг онцгой тустай. Мөн хлостериний хэмжээг бууруулж, илүүдэл жинг багасган, даралтыг тогтворжуулж хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдгийг тогтоожээ. Шар тосны найрлагад Омега3, Омега9 байдаг болохоор холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи болон ой санамжид сайнаар нөлөөлдөг. 50 наснаас эхлээд өдөрт нэг халбага шар тос идэж хэвшвэл зөнөглөдөггүй аж. Заавал ахимаг насныхан гэлтгүй аль ч насныхан шар тосыг хэрэглэхэд тохиромжтой. Шар тосыг байнга хэрэглэснээр судасны хатуурал, ясны сийрэгжилт, бэлгийн болоод бөөрний булчирхайн гормоны алдагдлаас хамгаалж, элэг өөхлөх, судасны хананд илүүдэл тос хуримтлахаас сэргийлдэг. Өөх тос идэж чаддаггүй хүн өглөөдөө шагайн чинээ шар тосыг аяга халуун бүлээн усанд уусгаад эсвэл цэвэр зөгийн бал, нимбэгийн шүүс нэмээд уухад өдрийнхөө шар тосны хэрэгцээг хангадаг юм байна. Шагайн чинээ гэдэг нь ойролцоогоор амны нэг халбагыг хэлж байгаа юм.

Шар тос хэрэглэх маш олон шалтгаан бий. Шар тос бусад тосноос илүү өндөр 160190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой. Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог. Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Мөн архи болон хар тамхины эсрэг эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Шар тос биеийн жинг бууруулдаг. Шар тосонд байдаг дээр дурдсан линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг юм байна.

Олон жил хадгалсан шар тос арьсны элдэв гөвдрүүг эдгээх онц чадалт эм болдог аж. Харин шар тосны талаар муу мэдээлэл төдийлөн байдаггүй бөгөөд хэмжээнээс нь хэтрүүлсэн тохиолдолд гулигах, бөөлжих зэрэг шинж илэрнэ. Зарим тохиолдолд хийг дарах зорилгоор шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосоор бариа хийлгэхэд гүйлгэх нь бий. Үүнийг хүмүүс буруугаар ойлгож шар тос өөрт нь зохихгүй байна гэж андуурдаг. Энэ нь шар тос таны биеэс хорыг гадагшлуулж байгаагийн илрэл юм байна.


Categories
мэдээ нийгэм

“Мотоциклийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна

“Мотоциклийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Арга хэмжээний хүрээнд мотоциклтой холбоотой зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийн ач холбогдол, тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж, мотоциклийн ил харагдах хэсэгт гэрэл ойлгогч бүхий наалт байрлуулж, даатгалд хамруулан, хамгаалах малгайтай, өдрийн цагт ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байх, 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхгүй байхыг анхааруулан ажиллаж байна.

Мөн Мотоциклийн сэлбэг худалдан борлуулдаг аж ахуй нэгжид урьдчилан сэргийлэх санамж зөвлөмж тараасан бөгөөд мотоциклийн жолооч нарт тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах малгайг байнга өмсөж байхыг санууллаа.

Categories
гадаад мэдээ нийгэм

Прага хотод “Монголын кино фестиваль” болж байна

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, кино сонирхогч монгол, чех иргэд хамтран Прага хотын “Пилот” кино театрт энэ сарын 24-27-нд “Монголын кино фестиваль” зохион байгуулж байна.

Чех Улсад анх удаа болж буй энэхүү фестивалийн үеэр монголын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд болох “Аман хуур”, “Гарын таван хуруу”, “Мартагдашгүй намар” зэрэг уран сайхны киног чех хадмал орчуулгатайгаар нийтийн хүртээл болгож байна. Мөн Бусаны олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсан найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, “Хүсэл шунал” зэрэг 1963-2015 оны хооронд бүтээсэн найман уран сайхны болон баримтат киног толилуулж буй юм.

Ингэснээр чехийн үзэгчид манай улсын түүх, соёл, нийгэм, ахуй амьдралыг таньж мэдэхийн зэрэгцээ 1990 оноос өмнөх болон дараа үеийн монголын кино бүтээлүүдийг харьцуулан үзэх, судлах боломж олгож байгаа юм.