Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй сурагчдад зориулсан брайль газрын зургийг хүлээлгэн өглөө

Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дөрвөн төрлийн брайль газрын зургийг нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд өнөөдөр хүлээлгэн өгөв. БХБЯ, ГЗБГЗЗГ-аас санаачлан Монгол улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан дөрвөн төрлийн брайль газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд 116-р сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхэгийг хүлээлгэн өгч байна. Үүнд:

1. Дэлхийн газрын зураг,
2. Монгол орны засаг, захиргааны зураг,
3. 116 дугаар сургууль орчмын тойм зураг,
4. 116 дугаар сургуулийн хашаан доторх тойм зураг.

Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн онцлог, тэдний мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн бөгөөд хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичиж, харин харааны тодорхой хувийн алдагдалтай сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн юм.

Эдгээр брайль газрын зургаар дамжуулан сургуулийн ойр орчмын газар орны байдал, өөрийн улсын болон аймгуудын байршил, хэлбэр, хэмжээ, дэлхийн улс орнууд, тив, далай тэнгис хаана байрлаж байгааг мэдэж авч, газар зүйн мэдлэгээ нэмэх боломжтой ажээ. Тухайлбал, харааны бэрхшээлтэй сурагчид маань 116-р сургууль орчмын брайль газрын зураг”-ийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртлээ ирж, 166-р сургуулийн хашаан доторх брайль газрын зураг ашиглан сургуулийн хашаан дотор ганцаараа ч явах боломжтой боллоо.

Цаашид аймаг, сум, Улаанбаатар хоттой илүү их ойр танилцах боломж олгохоор БХБЯ, ГЗБГЗЗГ-аас “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохиож, хэвлүүлэхээр 2019 онд төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу иргэдийн энтрепренёршип уралдаан зарлагджээ

ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийн боловсрол дахь Даян дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Залуу иргэдийн энтрепренёршип уралдаан нь зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү уралдаан нь залуучуудын шинэ санаачилгыг ашиглан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилго бүхий даян дэлхийн хөтөлбөр юм. Түүнчлэн, энэхүү уралдаан нь залуучуудын дунд хувиараа бизнес эрхлэх соёлыг дэлгэрүүлж, залуучуудын ажилгүйдлийг багасгахад хувь нэмэр оруулахыг зорьж байгаа ажээ.
Уралдаанд 15-35 насны залуу бизнес эрхлэгчид оролцож Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын нэг ба түүнээс дээш зорилтыг хэрэгжүүлж, нийгэмд эерэгээр нөлөөлөх шинэлэг санаачилга, төслийн саналыг ирүүлэх боломжтой.
Залуу иргэдийн энтрепренёршип уралдаан нь “Шилдэг санаа” болон “Шилдэг төсөл” ангилалд явагдах бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон “Хүмүүсийн сонголт” байрыг шалгаруулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Бүс нутгийн парламентын чуулганыг Улаанбаатарт хамтран зохион байгуулах санал дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж, УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Тэрбээр 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн (тэрбээр 1956, 1988 онд хоёр удаа айлчилжээ) гэх мэт хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой жил болсныг тэмдэглээд, “БНАСАУ, Монгол Улсын хооронд тогтсон найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувиршгүй, тууштай бодлого юм. Манай улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэхүү харилцаанд ач холбогдол өгч, онцгой анхаарлаа хандуулдаг” гэлээ.

Элчин сайд О Сын Хо парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг онцлоод, БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойд (2018.09.09) УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан, энэ онд төр, засгийн түвшний төлөөлөгчдийн хэд хэдэн айлчлал болох гэж байгааг дурдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урив.

УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэнд нь Элчин сайд болон Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд талархал илэрхийлж, миний талархал мэндчилгээг ноён Ким Ен Намд уламжилж өгнө үү хэмээн хүсэв.

Тэрбээр хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд парламентын зүгээс болон хувиасаа онцгой анхаарал тавих болно гэдгээ илэрхийлээд, “Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн даргын хувиар танай улсад айлчилж байсан. Дараа нь Гадаад харилцааны сайдын хувиар бас очиж, хоёр орны бүх талын найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцож байснаараа бахархдаг. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ирийн гарын үсэгтэй, хувийн талархлын захидлыг Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам надад гардуулж байсан. Захидалд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын амжилтыг онцлон дурдсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа” хэмээн дурсав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал, БНАСАУ-ын Ардын Дээд Хурал хамтран бүс нутгийн улс орнуудын парламентын чуулганыг Зүүн хойд Азийн бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох, асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх зэрэг тодорхой сэдвийн хүрээнд, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжих чиглэлээр Монгол Улсын нийслэлд зохион байгуулах саналтай байна гэлээ. Энэ үйл ажиллагаанд БНСУ-тай хамтарч ажиллах боломж бийг мөн онцлов. Түүнчлэн 2018 онд Сингапурт, 2019 онд Вьетнамд болсон Дээд хэмжээний уулзалтыг ирэх онуудад Улаанбаатарт зохион байгуулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн юм.

Тэрбээр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлалын үеэр замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр, засаг, ард түмэн талархах болно гэв.

Ноён Элчин сайд О Сын Хо “Таны тавьсан саналууд нь хоёр улсын найрамдалт, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжааж, энхтайван тогтооход Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн хүчин чармайлтын илэрхийлэл гэж үзэж, гүнээ талархаж байна. Саналыг төр, засгийн байгууллага, удирдлагууддаа уламжлах болно” хэмээв.

Тэрбээр Өвөрхангай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг, Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг маш сайн ажиллаж, тэнд хүмүүжих хүсэлтэй хүүхдүүд олширсноос ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа тул өргөтгөл бариулах хөрөнгийг төсөвт тусган шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж өгөхөө амлалаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ өдрүүдэд Дархан-Уул аймгийн 44-р тойрогийнхоо иргэдтэй уулзаж, 2019 онд тус аймагт хийгдэж бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Тэрбээр, гуравдугаар сарын 29-өөс эхлэн тойргийн хороодын иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсох, их хурлаар батлагдсан шинэ хуулиудыг таниулах уулзалт хийсэн юм. Мөн Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хэд хэдэн чухал бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Орон сууцны нэг давхарт багийн хөгжлийн төвүүд байрлан иргэддээ төрийн үйлчилгээг хүргэдэг.

Гэвч зарим тохиолдолд иргэд багийн төвөө олохгүй байх, хурал цуглаан зохион байгуулахад өрөө танхим хүрэлцдэггүй гээд бэрхшээлүүд олон байдаг учраас өнгөрсөн 2018 онд улсын төсөвт Дархан сумын 11,12,15 дугаар багийн төвийн барилга угсралтын ажлын төсвийг суулгаж, барилгын ажлыг эхлүүлжээ. “СБМ” ХХК-ийн гүйцэтгэж байгаа багийн төвийн барилгын ажлууд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ сардаа багтаан уг төвүүд ашиглалтад орж иргэд тохилог, ая тухтай газраас төрийн үйлчилгээг авах боломжтой болох юм. Мөн 2019-2020 онд шинээр нийт найман байршилд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад оруулах аж.

2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд:

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төв (Дархан сумын 11, 12 дугаар баг)
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төв (Дархан сумын 15 дугаар баг)
  • Дархан-Уул аймгийн Төрөх эмнэлэгийн өргөтгөл (50 ортой эмнэлэг)
  • 16 давхарын барилгын лифт шинэчлэл
  • Спорт комплекс (2200 хүний суудалтай цогцолбор)

Дарханчууд төдийгүй Монголчуудын дунд хүлээлт үүсгээд буй “Спорт цогцолбор”-ын барилгын ажлын эхний ээлжийг арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан зохион байгуулах спортын заал, цогцолбор дутмаг асуудал аймагт бүрт бий. Тэгвэл Дархандаа төдийгүй улсдаа жишиг болохуйц энэхүү цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд олон улсын дотоод тэмцээн зохион байгуулах, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм. Тэгвэл энэхүү барилгын ажлын явцтай УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аврагч, гал сөнөөгчдийн олон төрөлт тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

ОХУ-д Галын байгууллага үүсэж хөгжсөний 370 жилийн ойд зориулсан аврагч, гал сөнөөгчдийн олон төрөлт тэмцээн Горный-Алтайск хотод 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоод ирлээ.

Тэмцээнд ОХУ-ын бүх районы Гал унтраах, аврах ангиудын 13 баг оролцсоноос Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Нурмухамет “Шилдэг тамирчин“-аар шалгарсан бол манай баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэд боллоо гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багшийн ур чадварыг 100 сая төгрөгөөр үнэлнэ

Монголын багш нарын VII их хурлын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, урамшуулах, сурагч, эцэг, эхчүүдэд ерөнхий боловсролын мэдлэг өгөх, залуу багш нарт туршлага хуримтлуулах зорилгоор дээрх байгууллагууд хамтран багш нарын дунд ур чадвар, заах аргын уралдаант контент бэлтгэх болсноо зарлав. Санамж бичиг зурах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, “Боловсрол” телевизийн захирал Н.Мэндбаяр болон холбогдох албаны хүмүүс, уран бүтээлчид байлцлаа.

Нийслэл болон хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 10 мянга гаруй багшийн төлөөллийг хамруулахын тулд уралдаант контентийн нэгдүгээр шатыг Монгол Улсын бүх сум, дүүргийн сургуулиудын 1-5 дугаар ангид хичээл заадаг багш нарын дунд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сүүлийн шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн шилдэг багш нараас Үндэсний ялагчийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнах юм. Энэ нь багшийн ур чадварыг анх удаа өндрөөр үнэлж буй тохиолдол болж байна.

Нэвтрүүлгийн явцад мэргэжлийн багш нарын ур чадварыг шүүгчид төрөл бүрээр сорих бөгөөд сурагчдадаа ямар арга хэлбэрээр мэдлэг өгч, шинэ техник, технологи, хэрэглэгдэхүүн ашиглаж буйг нь шоу нэвтрүүлгийн элементтэй хослуулан сонирхолтой байдлаар үзүүлэхийн тулд энэ төрлийн контентод туршлагажсан мэргэжлийн баг буюу “Боловсрол” телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Архины үйлдвэрийн зөвшөөрлийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар зарим компаний согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Зөвшөөрлийн тухай”, “Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүдийн тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм/

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

3.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай

Н.ЦЭРЭНБАТ

4.

Монгол Улс, Беларусь Улс хоорондын гэрээний төслийн тухай

Д.ЦОГТБААТАР

5.

Хөрөнгө гаргах тухай

Д.ЦОГТБААТАР

6.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

7.

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Ц.НЯМДОРЖ

8.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай

С.ЧИНЗОРИГ

9.

Хөрөнгө гаргах тухай*

Ё.БААТАРБИЛЭГ

10.

Журамд нэмэлт оруулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

11.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай*

Д.СУМЪЯАБАЗАР

12.

Зарим компаний согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох тухай*

Ч.УЛААН

13.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

14.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

15.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

16.

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

17.

Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар

С.ЧИНЗОРИГ

18.

2019 оны улсын төсөвт хөрөнгө нь батлагдаагүй, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төсөл, арга хэмжээний талаар

Ё.БААТАРБИЛЭГ

19.

“Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар*

Б.ЭНХ-АМГАЛАН

20.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар*

Б.ЭНХ-АМГАЛАН,

Д.СУМЪЯАБАЗАР

21.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар*

Д.СУМЪЯАБАЗАР

Categories
мэдээ нийгэм

Ачааны галт тэргэнд мөргүүлж амиа алджээ

Image result for төмөр зам

Өнөөдөр /2019.04.02/ өглөөний 10.30 цагийн орчимд Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын хоёр дахь километрт зам засварчнаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлэн амь насаа алджээ. Уг хэрэг дээр Төмөр замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог

Гал түймэрт 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээ, гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарчээ. 2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд. Объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Объектын гал түймрийн 55 хувь нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуухны гэмтэл, яндангийн цонолтоос шалтгаалсан байна. Тиймээс иргэд хуурайшилт ихтэй энэ улиралд анхаарал, болгоомжтой байж, үнс нурам, тамхины иш зэрэг гал түймэр гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно

Image result for Тээврийн хэрэгсэл

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.

Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд зохион байгуулагдана. Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж хэр байна вэ гэдгээ тодорхойлох юм. Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.